Categories
мэдээ нийгэм

Шадивлангийн замд өнгө хучилт хийж бүрэн ашиглалтад оруулна

Нийслэлээс өнгөрсөн онд Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх нийт 16,35 километр автозамыг өргөтгөн шинэчилсэн. Энэ зам нь 12 метрийн өргөнтэй, 4 эгнээ зорчих хэсэгтэй. Мөн дугуйн зам болон явган зорчигчийн зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах сувгийг хамт хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жил Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6 км замын өргөтгөл шинэчлэлийг “Төгс зам” ХХК гүйцэтгэж, суурь хучилт хийн хөдөлгөөний нээсэн бөгөөд өнгөрсөн долоо хонгоос эхлээд өнгө хучилт хийж эхлээд байна. Өнгө хучилтыг энэ долоо хоногт дуусгаж, зургаан сард тус замыг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Гэр хорооллын дахин төлөвлөлт саадгүй үргэлжилнэ гэв

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус наймдугаар чуулган 05 дугаар сарын 12-ны өдөр болж, нийслэлийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулсан. Улаанбаатар хотын энэ оны төсвийн нэмэлт өөрчлөлтүүдийн дотроос Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд зориулан 20 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар баталсан юм. Энэ талаар иийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулж гэр хорооллын дахин төлөвлөлтөнд зориулан 20 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар баталсан нь төсөлд оролцогч компаниуд, иргэдийн хүлээж байсан, анхаарал татсан шийдвэр боллоо” гэдгийг онцлоод гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй үргэлжлэх бүрэн боломжтой болж байгааг хэллээ. Гэр хорооллоо дахин төлөвлөх ажилд зориулахаар нэмж баталсан хөрөнгийг 2015 оны төсвийн давж биелсэн орлого, ашиглаагүй үлдэгдэл, энэ оны урсгал зардлын хэмнэлтээс бүрдүүлжээ. Тухайлбал, 2015 оны төсвийн орлого давж биелсэнээс 11 тэрбум 159,9 сая, ашиглаагүй үлдэгдлээс 2 тэрбум 570 сая, энэ оны урсгал зардлын хэмнэлтээс 4 тэрбум 580 сая төгрөг зэргээс бүрдүүлсэн байна.

Нийслэлийн Орон сууцны корпорацийг хувьцаат компани болгон өөрчилж, Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хэрэгтэй мөнгө босгох, үнэт цаас гарган зах зээлээс хүү багатай, хугацаа урттай хөрөнгө санхүү татах эрхтэй, шинэлэг менежменттэй болгохоор бэлтгэж байгаа гэдгийг дуулгалаа.

Нийслэлийн төсвийн 20 тэрбум төгрөг болон банкууд НОСК-ийн үнэт цаас худалдан авсанаар бүрдэх эх үүсвэр илүү хямд бөгөөд Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол зэрэг хур асуудал бэрхшээл, хүн амын талаас илүү хувийн ая тухтай аж төрөх хүлээлт ихтэй хүсэл сонирхлыг дэмжих гарц шийдлүүдийн нэг болно.

Гурван жилийн өмнө эхэлж, хотын хүн хүн амын 9 хувь, нутаг дэвсгэрийн 14 хувийг хамарч, өнөөдрийн байдлаар 22 байршилд ид хэрэгжиж буй Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд нэмж зориулах хөрөнгө санхүүг ийнхүү шийдвэрлэлээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлт 22 байршлын 58 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж, айл өрхүүд өөрсдөө төсөл хэрэгжүүлэх компаниа олонхийн саналаараа сонгон шалгаруулж, дараа нь гэрээ байгуулан газраа чөлөөлж байна. Гурван жилийн өмнөөс 38 компани 8 дүүргийн 37 хорооны нутаг дэвсгэрийн 1500 га газарт 7374 айлын орон сууц барьж эхэлсэн юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 2014 онд, 588, өнгөрсөн жил 1069 айлын шинэ орон сууц ашиглаланд оржээ. Өнөөгийн байдлаар 500 өрхийн 2100 иргэн хашаагаа байраар солиод байна. Энэ ондоо багтан гэр хорооллын хашаа байсан газарт 4044 айлын орон сууц ашиглалтанд орно. 2016 оны эхний хагаст буюу ойрын өдрүүдэд 1104 айлын орон сууц бэлэн болж, 4000 орчим иргэн шинэ байр руугаа нүүнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Есөн сая мод тарьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гариг бүр бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай. Тэгвэл “Мод тарих үндэсний өдөр”-тэй болсноос хойш Монгол орны хэмжээнд нийт 9 сая орчим мод тарьсан байна. Үүний 70 хувь нь ургажээ.

Энэ жилээс тарьсан мододыг цахим бүртгэлжүүлж, тарьсан мод бүрт QR код бүхий чип зүүж, холбогдох мэдээллийг цахим санд байршуулах шинэ үйлчилгээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нэвтрүүлжээ. Ингэснээр тухайн модны чип дэх кодыг гар утас болон цахим төхөөрөмжөөр уншуулахад хэн, хэзээ тарьсан талаар болон тухайн модны талаар холбогдох бүхий л мэдээллийг авах боломжтой аж.

Categories
мэдээ цаг-үе

“Дүгэрээ Нуга”-ын нуруун дээрээс Сэлэнгэ мөрнийг тольдохуй

Нуугин нүргэлэх галт тэрэгний чимээ сэтгэл догдлом сонсогдоно. Цонхны цаана жирэлзэн өнгөрөх их хотоос сугаран буруун зүгийн салхи зүсэн довтолгож эхлэв.

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Бороохойн Батхүү болоод миний бие Булган аймгийн Ханган сумын нутаг, Хялганат тосгоныг зорин яваа нь энэ билээ. Б.Батхүү эрхэм энэ сарын сүүлээр “Бороо” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр зэхэж буй тул хөдөө хээрийн салхинд гарч малгайн утаагаа сэргээе хэмээсэн хэрэг ээ.

Эсрэг талын суудал дээр мань хүн арагшаа налан суугаад нэг их ажил амжуулсан хүн шиг уужран нүдний шилээ арчих зуураа, “За хө, вагонд явахад нэг бол хөзөр тоглох, нөгөө бол хууч хөөрөх л сайхан байдаг юм даа. Хоёулаа ч хууч хөөрөх нь л зөв байх аа даа” гэв. Б.Батхүү бол Монголын зохиолч, яруу найрагчдын 1980-аад оны нэг төлөөлөл билээ. Юм мэдэх хүнээс хууч сонсох болсондоо олзуурхсан би тэдний үеийнхний тухай нэг бүрчлэн яриулж гарав.

“Энэ О.Содномпилийг та нар даруухан сайхан хүн гэж бодож байна уу, мань эр ч бас л түйвээнэ шүү дээ, миний шилийг хамгийн олон удаа хагалсан хүн юм шүү дээ. Бид хоёр үй зайгүй нөхөрлөнө. Гэвч халамцсан үедээ уран зохиолын тухай үзэл бодол таарахгүй толхилцож байгаад дандаа л зодолцоно. Зодолцох ч юу байхав мань хүн миний шилийг хагалчихаад арилаад өгнө. Маргааш нь би утасдаад “За хө өвгөн чинь ёстой юу ч хардаггүй ээ. Шилтэйгээ л болмоор байна” гэхээр хөөрхий минь гүйж ирээд шинэ шил тааруулуулж өгнө. Тэгснээ хэд хоноод л дахиад хага цохичхоно. Яаж нүд амаа гэмтээчихдэггүй байсан юм бүү мэд” гэнэ. “Маналжавын Баттөмөр ахыг та хэр мэдэх вэ?” гэхэд “Мэдэхээр барах уу, эртнээс бие биенээ мэдэх хоёр шүү дээ. Тэр жил намайг сэтгүүлч байхад анх танилцаж билээ. Манай хадмынхаар орж гардаг байсан юм билээ. Тэгснээ миний номыг харчихаад манай хадам ээжээс намайг сураглаж, танилцах юмсан гэсэн гэдэг. Дараа нь санаандгүй нэг таарлаа. Бакал жийчихсэн хөдөөний байрын нөхөр байсан. Тэр үеэс хойш нөхөрлөсөн дөө. Уг нь бид хоёр М.Горькийн сургуульд явах дөрвөн эрх дээр хоёулаа үзэж байлаа. Би орос хэлэндээ тааруухан болохоор тэгс гээд больчихсон юм. Мань хүн харин уйгагүй үзэж байж яваад ирсэн дээ. Монгол ахуйг зурсан юм шиг сайхан шүлэглэнэ. Сайн ч хүртэнэ. Одоо харин хүртэхээрээ ауп… ауп… ауп… гээд (Монголын Радиогийн ахмад сэтгүүлч М.Баттөмөр яруу найрагчийн ааш аягийг яг дуурайн элэглэв) хэлгүй, хөлгүй болчихдог болсон байна лээ.” хэмээн хоёул баахан инээлдэв. Мань хүн ер нь их шооч, аливаа юмны голыг нь олоод хэлчихдэг, бас жаахан шорвогдуу зантай нэгэн аж. Ийн хуучилсаар галт тэрэгний зөөлөн нүргээнд бүүвэйлэгджээ.

Үүрийн цагаан гэгээ шингэрэн шингэрсээр цонх нэвт гэрэлтэх нь нойрон дунд там тум мэдрэгдэнэ. Манай хүн цонхоор алсын бараа ширтэж явна. “Дараагийн зогсоол Эрдэнэт шүү “гэв.

Эрдэнэтээс нүүснээс хойш 15 жилийн дараа дахин хөл тавилаа. Өглөөний цэнгэг агаар лазагнасан нойрыг хормын дотор сэргээж, өссөн нутгийн өнгө төрх дурсамж дүүрэн нүдээр цоо ширтэн угтав. Вагоны толгой эгнэсэн төмөр зам, вокзал, Хавь ойрын уул толгод яг л хүүхэд ахуй цагийнх шиг минь хэвээрээ аж. Тоглож өссөн гудамж, “Баян Өндөр” хайрхны бэл дэх булаг руугаа л явмаар байсан ч бидний явах зам эсрэг тийш байв. Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон Эрдэнэтийн вокзалаас 60-аадхан км зайтай бөгөөд байнгын унаа тэрэг явдаг аж.

Газрын өнгө ногоон туяа татаад шар усны үерээр төмөр замын далан дагуух булан тохойд цөөрөм тогтжээ. Тэнгэрийн байдал тогтуун цэлмэг, наран хурц атал цөөрмийн захаар цас мөстэй үзэгдэх нь соньхон. Уул давааны орой дээрээс харахад дахиад л уудам тал хөндий тосон үргэлжилнэ. Булган аймгийн Хангал сум гэж багашаархан сууринг өнгөрөөд цааш газрын өөд барин явав. Хангал сумаас Хялганат тосгон 20 орчим км зайтай аж. Сонсох нь ээ, манай улсын шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хийдэг “Олимп” амралтын бааз, “Эрдэнэт” үйлдвэрийн “Сэлэнгэ” амралтын бааз, “Найрамдлын эрдэнэс” хүүхдийн зуслан, Бөөрний сувилал зэрэг амралт сувиллын газрууд Сэлэнгэ мөрний сав газрын үзэмжит байгалийг түшиглэн оршдог гэнэ. Салхивчаар усны сэрүүн үнэртэй зөөлөн салхи сэвэлзэж эхлэх үед “Цул хар” хэмээх уулын гол ой модны хөлөөр урсана. Тэр уулын хамар давангуут Сэлэнгэ мөрөн тэртээ холоос саваа дүүрэн мэлтэлзэж үзэгдэв. Б.Батхүү найрагч “Бидний очих газар тэр шүү дээ. Дүгэрээ нуга гэдэг юм” гээд заасан зүгт нь харвал Сэлэнгэ мөрний цатгалан бие рүү түрэн орсон хадан хясаа бүхий модтой уул харагдав. Хадан хясаат уулын эсрэг талд “Сэлэнгэ” амралтын бааз байрлах уулын модот бэл мөн л гол уруу түрэн оржээ.

Өргөн Сэлэнгийн дээгүүр хөндөлсөх урт гүүрээр гаруут голын хөндийн модон дунд мөнөөх Хялганат тосгон байх ажээ. Биднийг тосгоны дарга Б.Ууганбаяр угтав. Б.Батхүү найрагч тэр хоёр эртний танилууд бололтой. “Дүгэрээ нуга”-ын нуруун дээрээс Сэлэнгэ мөрнийг тольдон, байгалийн сайхнаас эрч хүч, энерги авахаар ирсэн тухай хэрэг зоригоо хэлэхэд тосгоны захирагч Б.Ууганбаяр уриалгахан хүлээж аваад “Манай нутаг, ялангуяа энэ “Дүгэрээ нуга”-ийн орой чинь хангайдаа л “Хамарын хийд” юм шүү дээ” гээд бахдангуй инээмсэглэв.

Цулхарын гол Сэлэнгэ мөрөнд цутгана. Эрт үед Сэлэнгийн хөндийд хятад тариачид далан шуудуу татаж тэр голоос тариа, ногоогоо усалдаг байснаас үүдэн “Цулхарын гол” хэмээсэн түүхтэй гэнэ. Харин “Дүгэрээ нуга” нь эртний олон түүх домогтой холбоотойг мэр сэр нутгийн хөгшдөөс өөр олон хүн мэддэггүй аж.

3000 гаруй хүн амтай Хялганат тосгон, тосгоны статусаасаа томдсон газар гэдэг нь илт. Эрт үеэс модны үйлдвэр хөгжсөн, эдүгээ ч амьжиргаа залгах ажлын байр, арга чарга бусад сум тосгодыг бодвол элбэг бололтой юм. Тосгонд 1.4 тэрбум төгрөгийн төсвөөр спорт заалын барилгыг нутгийн иргэд барьж байгаа нь ч бас л олзуурхууштай.

Тосгоны зүүн урд дүнхийх Дүгэрээ нугын модон дундуур хэдийнэ машин зам гаргажээ. Бид хэд ойн замаар сүлжин явсаар саруулхан дүгрэг талбайд машинаа тавиад цааш явган өгсөв. Ганц нэгхэн мод бургасыг эс тооцвол оройдоо бараг модгүй шахам юм. Оройд нь байх овоог тойруулан хайс татжээ. Уулын салхи хацар нүүрийг илбэсэн Дүгэрээ нугын орой дээрээс Сэлэнгэ мөрөн уулсын хөлөөр цатгалан могой шиг гулилзан мушгирч үзэгдэх нь гайхамшигтай сайхан харагдана.

Цаад уулын бэлийг ороон мушгирч урсах голын тохой наад эрэгтээ цэлийсэн том дүгрэг нуга хөндий үүсгэжээ. Үүнээс үүдээд голын тохойн энэ хэсэг газар, хадан хясааг бүхэлд нь “Дүгэрээ нуга” хэмээсэн аж. “Дүгэрээ нуга” оройдоо мөн л уужуухан талбайтай аж. Тахилгатай овооны чанх урд нэгэн хөгшин модны унанги хожуул хэвтэх ба түүнд могой үүрлэдэг гэнэ. Овоог тахих үеэр могой цогнолзон гарч ирдгийг Б.Ууганбаяр тэргүүт хүмүүс шагшин ярьж байлаа. “Могой үүрлэсэн газар зоригтойгоор байшин барь. Учир нь могой хэзээ ч муу энергитэй газар үүрлэдэггүй” гэх үг бий. Тахилгатай овооны урд руу нэгэн хиргэсүүр байх. Нутгийн хөгшид Дүгэрээ нугын оройд байх энэхүү хиргэсүүрийн тухай маш сонин домог ярьдаг байна. Зарим нь энэхүү хясааны оройд могойн чуулгантай таарсан тухай домог ярьдаг бол зарим нь нэн эртний баатар эрийн домогтой хиргэсүүрийг холбон тайлбарладаг байна. Мөн Дүгэрээ нугын хясааны ирмэгт ганц нарс ургасан байх нь бас л хачирхалтай. Ер нь нутгийн хөгшид, номтой лам нар энэ газрыг лусын тахилгатай, өвөрмөц эрчим энергитэй газар хэмээн үздэг юм байна. Тиймээс Б.Батхүү найрагч “Бороо” уран бүтээлийн тайлан тоглолтынхоо өмнө Дүгэрээ нугыг ийнхүү зорьж ирээд уул ус, лус хангайд залбирсан нь учиртай. Орой дээрээс Алдар цуут Түвдэн аваргын өлгий нутаг Сэлэнгийн хөндий, Дух нарс, Сүүл нарс, Булган нутгийн гол шүтээн Эргэн хайрхан ч алсад дүнхийн харагдаж байлаа.

Дүгэрээ нугын оройд бид хэсэг саатан Сэлэнгэ мөрнийхөө амгалан урсгаланг харж, сэтгэлээ амар амгалангаар дүүргэж аваад цааш хөдөллөө. Уул хясаанаас буухад баруун доод хэсэгт нь мөнөөх дүгрэг нуга ногоорон цэлийж угтав. Нутгийн иргэд тэрхүү нуга хөндийд гахайн ферм, зөгий үржүүлгийн аж ахуй эрхэлдэг аж. Тосгоны захирагч Б.Ууганбаяр Хялганат тосгоноо аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилготой ажиллаж буйгаа ч ярилаа. Зам харилцаа сайтайн дээр байгалийн өвөрмөц содон тогтоц, эргэн тойрны амралт сувиллын баазууд зэрэг аялал жуулчлал хөгжиж болохуйц орчин нөхцөл бүрдээд буйг мөн тоочин өгүүлсэн билээ.

Бидний яриа зөгийн үржүүлгийн сэдэв рүү орж элдвийг хуучлан явтал нэгэн хөгжилтэй яриаг Б.Батхүү найрагч өдөөв. Монголчууд зөгийн аж ахуйг анх нутагшуулж эхлэх үеэр Говь-Алтай аймагт цөөн тооны бүл зөгий аваачиж л дээ. Тэгтэл сониучирхсан нэг нутгийн малчин “Зөгий зөгий л гээд байсан чинь шар эрээн ялаа л байна ш дээ” гээд чамлангуй барьж үзэх гэж байгаад хатгуулж хөгөө чирээд баахан зөгийний өрд орж гэнэ. Учир нь зөгий хүнийг нэг хатгаад л үхдэг амьтан аж. Сайхь малчин заримыг нь цохиж, заримд нь хатгуулж цааш харуулсан хэрэгт унаж нэгдлийн даргаасаа банга хүртсэн гэдэг.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Хэт их анхаарч, бөөцийлөх нь хүүхдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг

2016 оны эхний дөрвөн сарын байдлаар өсвөр насныхан дунд амиа хорлох үзэгдэл улсын хэмжээнд 11, үүнээс нийслэлд тав, орон нутагт зургаа ногдож байна” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, хошууч Т.Ариунтуяа мэдээлсэн юм. “Туушин” зочид буудалд болсон “Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь” зөвлөгөөний үеэр өсвөр насныхны дундах амиа хорлох үзэгдлийн тухай ихээхэн яригдсан. Эрүүл мэнд спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнд орон нутгийн Эрүүл мэндийн газрын төлөөлөл, нийгмийн ажилтнууд, сурагчдын төлөөлөл оролцов.

Эрэгтэй хүүхдүүд стресс бухимдлаа тайлж чаддаггүй

“Өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэгт өртөж буй байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах байцаагч Т.Ариунтуяагаас энэ талаар тодрууллаа.

-Та илтгэлдээ малчин хүүхдийн сэтгэл гутрал, амиа хорлолтын тухай дурдсан. Малчдыг хөдөө эрүүл агаарт, стрессгүй байдаг гэж хүмүүс боддог. Гэтэл малчин хүүхдүүд амиа егүүтгэх нь их байгаа тухай яригдлаа?

-Гэмт хэргийн судалгаанаас ингэж харагдсан. Амиа егүүтгэх гэмт хэрэгт өртөж байгаа хүүхдүүд маань ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байдаг. Орон нутгийн тухайд малчин хүүхдүүд их байдаг юм байна. Хүйсийн хувьд аваад үзэхээр эрэгтэй хүүхдүүд амиа егүүтгэж байна . Эрэгтэй хүүхдүүд стресс бухимдлаа тайлж чаддаггүй. Эцэг, эхтэйгээ төдийлөн сэтгэлээ нээж харьцахгүй байх нь түгээмэл. Охид бол ямар нэгэн байдлаар асуудлаа ярьдаг болохоор стресст орох нь харьцангуй бага юм болов уу гэж бодогдсон. Мал малладаг хүүхэд амиа егүүтгэж байна гэдэг тухайн гэр бүл, орчинд ямар нэг дарамт хүчирхийлэл түлхүү байна гэсэн үг. Яагаад гэвэл мал маллаж байгаа хүүхэд гэдэг сургууль завсардсан, мал маллах үндсэн ажилтай. Гэтэл тухайн гэр бүлд хойд эцэг, эх гэр бүл салалт, эдийн засгийн асуудал, ганцаардал гэх мэтээр хүүхдэд янз бүрийн асуудал тулгарсан байж болно.

-Хэт их анхаарч халамжлан, бөөцийлөх нь бас сөрөг үр дагавартай байгаа тухай та дурдсан. Хүмүүс ихэвчлэн эмзэг, ядуу өрхүүдийг илүү асуудалтай гэж боддог?

-Хүүхдийг мөнгө төгрөг эд зүйлсээр хэт их хангалуун байлгах нь сөрөг нөлөөтэй. Хүүхдийг амьдрах ухаанд сургахгүй, зөвхөн мөнгө төгрөг, эд зүйлсээр хангаад орхих нь амьдрах утга учир, зорилгогүй болгоход хүргэдэг. Нөгөөтэйгүүр хүүхдийг мөнгө төгрөгөөр дутаахгүй мөртлөө хайраар дутаадаг, хүүхдэдээ цаг гаргадаггүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалгүй байх нь хүүхдийг ганцаардахад хүргэдэг. Ийм нөхцөлд орсон хүүхэд асуудлаа шийдэж чадахгүй учраас амиа егүүтгэх асуудал гардаг.

-Таны дурдсан тоо баримтыг харахад өсвөр насныхны дундах амиа хорлох үзэгдэл их байгаа юм биш үү?

-Цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлага, мэдээллүүдэд ажиглалт хийхэд насанд хүрсэн хүн амиа егүүтгэх үзэгдэл хоногт нэгээс хоёр, энэ дунд хүүхдийн тоо харьцангуй бага. Гэхдээ бага гэж болохгүй. Хүүхэд амь насаа егүүтгэх учиргүй шүү дээ. Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах учиртай байгууллага, эцэг эхчүүд, иргэд хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, энэ талаар ойлгуулж мэдрүүлж байх учиртай. Өсвөр насны хүүхдийг өнөөдөр тоормосгүй машинтай зүйрлэж байна. Хүүхэд, эцэг эхийн харилцаа муу болчихжээ. Энэ нь хүүхдийн хүмүүжилд маш их нөлөөлж байна. Эцэг эхчүүд, хүүхэд рүүгээ чиглэсэн харилцааны, сэтгэл зүйн сургалтууд үгүйлэгдэж байна. Цэцэрлэг, сургуульд хүүхдийг монгол ёс заншил, стрессээ зөв тайлах, бусадтай харилцах амьдрах аргад сургах хэрэгтэй байна.

-Сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллах ёстой гэсэн таны дүгнэлт дэмжүүштэй санал байна лээ?

-Мэргэжлийн сэтгэл зүйч маш их хэрэгтэй байна. Хэн ч байсан сэтгэл зүйчид хандаж, стресс бухимдлаа тайлах арга ухаанд суралцах шаардлага бий. Нийслэлийн хэмжээнд дөрвөн сургуульд сэтгэл зүйч ажиллуулж туршиж байгаа юм билээ гэв.

Хүүхэд, өсвөр үеийн клиниктэй болжээ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Б.Баярмаа өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн талаар хийж байгаа ажлаа танилцуулсан. Тус эмнэлэг Хүүхэд өсвөр үеийн клиниктэй болсон гэнэ. Тэнд нь гурван эмч, зургаан сувилагч ажиллаж буй. Түүнээс тодруулах зүйл цөөнгүй байлаа.

-Хөдөө орон нутагт амиа хорлох тохиолдол илүү байсан бол хотод амиа хорлох оролдлого их байсан гэж та хэллээ. Энэ тухай тодруулж яриач?

-Амиа егүүтгэх нь эрэгтэй хүйснийхэнд илүү тохиолдож байгаа. Амиа хорлож байгаа арга нь ихэвчлэн өөрийгөө боомилдог, судсаа ханадаг, өндрөөс үсэрдэг. Хөдөө өндрөөс үсэрье гэхээр өндөр байшин байхгүй, эм тариа олноор нь уух гэхээр эмийн хүрэлцээ бага, тэгэхээр гэр орондоо боомилсон тохиолдол их байсан. Ихэвчлэн эрэгтэйчүүд, сэтгэлээ чангалах зорилгоор архийг бага тунгаар уугаад, амиа хорлосон тохиолдол олон. Хотод болохоор захын эмийн сангаас эм авчихна. Хэчнээн ч ширхгээр авч болно. Өндөр байшин олон. Айлын эрх танхил хүүхдүүдэд аав ээж, үе тэнгийнхэн нь дарамт үзүүлэхээр хариу урвал үзүүлж, амиа хорлох аргыг сонгож байгаа юм. Гэхдээ амиа хорлох хариу урвал уу, амиа хорлохоор оролдох зан үйлийн эмгэгтэй болчихоод байна уу гэдэг ялгаатай. Судалгаанаас харахад харьцангуй эрүүл хүүхдүүд ийм оролдлого хийж байгаа. Харьцангуй эрүүл хүүхэд өөрт нь нийгэм сэтгэл зүйн таагүй орчин нөлөөлөхөд хариу урвал үзүүлдэг. Тэр хүүхдүүд эцэг, эхтэйгээ муудалцах, үе тэнгийн найз нөхөд нь үерхэхгүй ч гэдэг юм уу, дарамт үзүүлэхэд ингэж амьдарч байхаар амиа хорлож үхье, амьдрах ямар ч сонирхол алга. Эргэн тойрны бүх юм харанхуй бүүдгэр харагдаж байна, ингээд үхье гэсэн бодол сэтгэхүйгээр ийм үйлдэл хийгээд байгаа юм.

-Ямар гэр бүлд ийм асуудал тохиолдож байна вэ?

-Гэр бүлийн өв тэгш бус харилцаатай гэж бид хэлдэг юм. Өөрөөр хэлбэл аав ээж нь хараа хяналт султай, аавгүй, эсвэл хойд аав ээжтэй, аав ээжийнх нь аль нэг нь салаад явчихсан байдаг. Салж сарних нь ядуу, баян гэр бүлд аль алинд нь байна. Тухайн хүүхдийн хувьд юу үнэтэй байна. Үнэт зүйлд нь хүрсэн тохиолдолд стресс үүсгэдэг. Үе тэнгийн найз нөхөд нь хамгийн их нөлөөлдөг учраас найз нөхдийн дарамт шахалт амиа хорлоход хүргэдэг. Эцэг эх нь салах, байнгын хэрүүл шуугиантай амьдрал, архи уудаг байдал нь тэр хүүхдийг амьдралаас залхахад хүргэж болно.

-Эцэг, эхчүүд хүүхэд нь асуудалтай байна гэдгийг яаж ажиглах вэ. Түрүүн та багш нар хүүхдийг бодитой тодорхойлдог, эцэг эхчүүд доогуур үнэлж байсан гэж хэлсэн?

-Бид Өсвөр үеийн сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх судалгааг 2013-2014 оныг дамнуулаад нийтдээ 2200 хүүхдээс авсан. Сургуульд суурилсан судалгаа байсан юм. Олон улсын аргачлалаар хийгдсэн. Мэдээж монгол хүний сэтгэл зүйн онцлог хөрсөнд буулгахын тулд зөвхөн асуулган дээр гэхэд л хоёр жил ажилласан. Судалгаагаа аваад үр дүнгээ боловсруулаад харахад эцэг эхээс авсан асуулгыг багшийнхтай харьцуулахад багшийн мэдээлэл илүү ач холбогдолтой байсан. Эцэг эхчүүд дарангуйлагч маягаар хүүхэдтэйгээ харьцдаг юм уу гэж ажиглагдсан. Манай хүүхэд уйлаад аз жаргалгүй байна, гутранги байна, юм хийж чадахгүй байна гэх мэтээр хүүхдээ байгаа бодит байдлаас нь доогуур үнэлэх хандлага ажиглагдсан л даа.

-Өсвөр үеийнхний сэтгэцэд нийгмийн байдал нөлөөлөх үү?

-Мэдээж. Нийгэм гэдэгт өрхийн орлого, ажил эрхлэлт, боловсрол, ам бүлийн тоо, бүх хүчин зүйл нөлөөлдөг. Нийгмийн тогтворгүй байдал ч нөлөөлнө. Баахан дуулиан шуугиан, мэдээллийг хүүхэд оюун санаандаа хэр тусгаж авч байгаагаас шалтгаалдаг. Сайн талаас нь хүлээж авч байна уу, сөрөг талаас нь хүлээж авч байна уу, шууд дуурайж байна уу гэдгээрээ ялгаатай. Даган дуурайх хандлага дээрээ тулгуурлаад анализ хийхгүйгээр шууд хүлээж аваад байгаа. Интернэт рүү ороход янз бүрийн дүрс, зураг үзэж болж байна. Амиа хорлох оролдлого хийх шалтгаан юу байсан гэхээр бүтээгүй үерхэл, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн харьцаа ч нөлөөлдөг.

-Сэтгэцийн тулгамдсан асуудал гэдэгт юу илүү жин дарж байна вэ?

-Стресстэй холбоотой бүхэн жин дарж байгаа. Хүүхдийн архи тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх гэх мэт бүхий л эмгэгүүд сэтгэл зүйн тулгамдсан асуудал болж гарч ирдэг гэв.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Т.Хулан хүүхдийн 108 утсанд ямар дуудлага зонхилж байгааг дурдсан юм. “Бэлгийн харьцаанд орохтой холбоотой асуудлууд, бэлгийн замаар дамжих халдвар, сэтгэл зүйн зөвлөгөө авахыг хүссэн хүүхэд их ханддаг. Бас нэг санаа зовоож байгаа асуудал нь утсаар залгачихаад 20-иод хувь нь юу ч ярихгүй чимээгүй байгаад байдаг. Магадгүй ямар нэг хүчирхийлэлд автчихаад хэлж чадахгүй айгаад байж магадгүй гэж таамаглаж байгаа. Хүүхдэд ганц нээлттэй байгаа утас 108. 2013 онд 100-гаад мянган хүүхэд хандаж байсан бол 2015 онд бараг 1,5 дахин нэмэгдсэн. Гэхдээ хангалттай биш. Илүү олон хүүхдэд тусалмаар байна. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх кабинетууд ажиллаж байгаа гэдгийг өсвөр үеийнхэн маань мэдэхгүй байна” гэж тэр ярьж байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Японтой байгуулсан стратегийн гэрээ машины гаалийн татварыг хөнгөлснөөр хэрэгжиж эхэлнэ

Монгол Улс анх удаа гаднын оронтой стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. Дэлхийн хамгийн хатуу стандарттай Япон улстай гэрээ байгуулах нь улс төрийн аюулгүй байдлаас гадна эдийн засгийн асар их өгөөжтэй. Гэрээ ирэх сарын 7-ноос хэрэгжиж эхэлнэ. Хэлэлцээрийн хүрээнд талууд худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын, гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар арван жилийн хугацаанд чөлөөлнө. Гэрээний хүрээнд Монголын тал зургаан мянга, Японы тал арван мянга шахам төрлийн барааны импортын гаалийн тарифыг шууд чөлөөлөх буюу үе шаттайгаар бууруулна. Үндсэндээ арван жилийн дараа манай улсуудын дунд гаалийн татвар устах боломж бүрдэнэ. Бусад орны компаниудад хэзээ ч олдохгүй байж мэдэх энэ боломж манай улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийх сонирхлыг барууны өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгөтнүүдэд төрүүлнэ.

Эхний удаад монголчуудын амьжиргааны хэрэгсэл болсон автомашины гаалийн татварт хэрхэн өөрчлөлт орсныг танилцуулж байна. Ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн Япон улсаас оруулж ирэх 1-3 жил ашигласан машины гаалийн татвар тэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл өмнө нь нэг жил ашигласан машинаас гаалийн таван хувийн татварыг чөлөөлдөг байсан бол удахгүй гурван жил ашигласан машиныг нийт үнийн дүнгээс авдаг таван хувийн гаалийн татвараас чөлөөлнө. “Тоёота” компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр 2016 оны зарим шинэ загварууд 17000-40000 ам.долларын үнэтэй байна. Гаалийн татварыг тэглэснээр машин тус бүрээс 650-2000 ам.долларын гаалийн татварын хөнгөлөлт иргэд эдэлнэ. Жилд импортолж байгаа 1-3 жил ашигласан мянган машинаас хоёр сая ам.долларыг монголчууд хэмнэнэ. Энэ бол стратегийн гэрээнээс монголчууд хүртэх жаахан ашиг. Түүнээс дутуугүй ашиг нь япон машиныг дагаж орж ирэх менежмэнт, технологи, үйлчилгээний соёл.

ОХУ-д 1985 оноос анх япон хуучин машины үйлчилгээ орж ирж байсан. Харин өнөөдөр тус үйлчилгээ нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, хямд, шуурхай үйлчилгээнд тооцогдож байна. Япон машины авто сервисүүд машиныг худалдан авахаас эхлээд урсгал үйлчилгээ, оношлогоо, ашиглах заавар зэргийг нялх хүүхэд арчлахаас дутуугүй боловсруулж өгч байна. Япон машин ихтэй бүсүүдэд засварын газар, сэлбэгийн дэлгүүр, шатахуун түгээх станцууд ч олноор байгуулагджээ.

Үүнтэй адил манайд япон машин олшрох тусам япон авто сервис нутагшина. Мөн бид Японы авто зах зээлд нэвтрэх тусам удахгүй дэлхий нийтийг хамрах цахилгаан, хийн, нарны зайн авто машины технологид шилжихэд хялбар болно. Өнөөгийн байдлаар Японд автомашины цахилгаан цэнэглэгч станцын тоо 40 мянга хол давсан бол энэ хэрээр нефтин шатахуун түгээгч станцын тоо буурч 30 мянга гаруй тоологдож байна.

Мэдээж япон машин хямдхан авах нь монголчуудын туйлын зорилго биш. Тэр хэрээр Японы машины үйлдвэрүүдийг тэтгэж байгаа хэрэг бүр биш гэнэ. Япон улс дэлхийд технологийг тэргүүлж байгаагийн хувьд тэд бас биднээс худалдан авах зүйл маш их бий. Жишээлбэл, өнөөдөр гар утаснаас эхлээд удахгүй дэлхийг бүрхэх магадлалтай нарны зайн түүхий эд, бусад шинэ технологид ашиглах газрын ховор элемент манайд багагүй байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Цаашид ч нэмэгдэх магадлал өндөр. Япончууд энэ бүхэнд хөрөнгө оруулах сонирхол бий. Мөн авто салбарын түүхий эд болох зэс, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, цайрын томоохон ордууд бидэнд байгаа нь хамгийн өндөр технологи орж ирэх нөхцөл болж байна. Тэр өндөр технологи нь япончуудад байдаг. Зөвхөн авто салбарын түншлэлээс монголчуудад ийм хэмжээний ашиг унана.

Гэхдээ өнөөдөр манайд Японы баруун талдаа жолоотой машин ашиглах хууль зүйн орчин байхгүйг авто замын цагдаа сануулж байна. Монголын автомашины зах зээлийн 47 хувийг эзэлж байгаа баруун талдаа жолоотой автомашинууд хууль эрх зүй, дэд бүтцээр зохицуулагдаагүй байна. Зарим мэргэжилтний санаачилж буйгаар бол 20-30 жилийн хугацаанд бодлогоо тодорхойлоод баруун эсвэл зүүн талын жолооны дүрэмтэй болох шаардлагатай. Баруун, зүүн хосолсон автын хөдөлгөөний зохицуулсан тохиолдол одоохондоо байхгүй гэнэ. Мөн нэгэнт арван жилийн дотор худалдааны татварыг тэглэх бодлого хэрэгжих нь тодорхой тул өнөөдрөөс эхлэн онцгой албан татварын асуудлыг нэг мөр шийдэх нь зөв гэнэ. Япончууд гэрээгээ хугацаандаа хэрэгжүүлэх нь мэдээж. Харин төрийн хашин бодлогоос болж иргэдэд очих ашгийг бүү хойшлуулаасай.

Япон улсын “Toyota” корпорацийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны эрхтэй “Мөнх хада” компанийн борлуулж байгаа машины үнэ

LC200 VX VX High (бензин автомат) 167,000,000¥

LC200 VX VX High (дизель автомат) 167,000,000¥

LC200 VX VX медиум (бензин автомат) 147,000,000¥

LC200 VX VX медиум (дизель автомат) 147,000,000¥

LC200 GX GX (дизель автомат) 135,000,000¥

LC200 GX GX (дизель механик) 136,000,000¥

LC200 GX GX High ( бензин механик) 119,000,000¥

“Toyota” корпорацийн албан ёсны цахим хуудасны 2016 оны зарим загварын үнийн мэдээлэл

Yaris $17,370

Prius $32,100

Corolla $19,365

RAV4 $29,265

Prius c $24,495

Prius v $34,270

Camry $33,820

Camry Hybrid $27,995

Tacoma $34,090

Hybrid $35,045

Sienna $39,930

Х.БАТТӨГС

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Юмжаагийн Цэдэнбал

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

“Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын хүрээнд “Юмжаагийн Цэдэнбал” гэсэн номоо бичиж дуусгалаа. Урьд нь хэвлүүлсэн “Хорлоогийн Чойбалсан” номд ХХ зууны эхний хагасын Монголын түүхийг Чойбалсангаар төлөөлүүлэн өгүүлэх гэж оролдсон бол, энэ удаа хоёрдугаар хагасын түүхийг нь Цэдэнбалаар төлөөлүүлэн харуулах гэж чармайв. Эл номын “Төгсгөлийн үг”ийг уншигч танд сонирхуулж байна.

Ю.Цэдэнбал 1988 онд эхнэрийн хамтаар Улаанбаатарт ирж нэг сар хэртэй болсон юм. 1984 онд зөвлөлтүүд түүнийг огцруулан Монголын төрийн удирдлагаас зайлуулахдаа Москвад гэрийн хорионд байлгаж байсан нь үнэн. Цэдэнбалыг Монгол руу буцаавал төлөвлөсөн бүх ажиллагаа нь нурж, тэрээр эргээд төрийн эрхэнд гараад ирнэ гэдгээс болгоомжилж ийм арга хэмжээ авсан бололтой. Жил хэртэй өнгөрсний дараа нэгэнт ийм аюул үгүй болсон тул КГБ Цэдэнбалыг зөнд нь хаяжээ. Тэрээр Монголдоо эргэж ирэх нь чөлөөтэй байсан, 1988 онд ирээд буцахгүй эндээ үлдэж ч болох байсан. Гэвч буцсан нь эхнэрийнх нь сонголт байсан бололтой.

Монголын шинээр бүрэлдсэн төр, Засгийн газраас Цэдэнбалыг хавчиж, элдвээр муу хэлж, гадуурхсан явдал байгаагүй. Эхнэрийнх нь шаардлагаар Монголын банкинд хадгалагдаж байсан нэг сая 300 мянган төгрөгийг нь өөр рүү нь бүгдийг нь шилжүүлсэн байдаг. Тэр хоёрыг Улаанбаатарт ирэхэд нь сууж байсан байрыг нь лацдаад бүрэн бүтнээр нь хадгалж байжээ. Тэд эндээс өөрсдөдөө хэрэгтэй гэснийгээ ачаад Москва руу явуулсан. Москва дахь бариулж дууссан барилгыг нь хураагаагүй, угаасаа тэр нь төрийн өмч байсан учир зарж борлуулсан. Тэгээд ч тэднийх уг байшинд орж сууж амжаагүй байсан юм билээ.

1991 онд Цэдэнбалыг нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч Монгол Улсын цэргийн том зүтгэлтнийх нь хувьд АлтанӨлгийд нэр хүндтэйгээр оршуулсан. Цэдэнбал нь асар олон жил Монголын нийгмийг удирдаж байсан хүний хувьд ард түмний дунд нэр хүндтэй, маш их нөлөөтэй нэгэн байлаа. Түүний оршуулгад үй олон хүн оролцож, хүмүүс үнэн сэтгэлээсээ гашуудан уйлж байсан нь үүний баталгаа юм.

1986 оноос Зөвлөлтийн перестройкагийн нөлөөгөөр Монголын ард түмэн сэрж эхэлсэн. Социализмыг өөрчлөн байгуулж улам төгөлдөршүүлэх, урьд өнгөрсөн түүхэндээ алдсан оносноо эргэж харан шүүмжлэх өнгө аяс цухалзаад эхэлсэн юм. Ялангуяа 1930-аад оны хядлага аллага, үндэсний уламжлал түүхийг гуйвуулсан, хориглосон талаар сэхээтнүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандах боллоо. Олон жил дарагдуулж нууж ирсэн энэ учир битүүлэг явдлын үнэнийг мэдэхийг хүмүүс хүсэх, улмаар шаардах болжээ. Түүхээ эргэж сөхөн шүүмжлэх болоход юун түрүүн Цэдэнбалын нэр холбогдох нь мэдээж хэрэг юм. Энэ талаар тодорхой хүрээлэлд хагас нууц маягаар шүүмжлэн ярьдаг байсан болохоос илээр илэрхийлэхиийг тухайн цагийн дэглэм зөвшөөрдөггүй байлаа.

Ингэж аажмаар бэлтгэгдсэн нийгмийн сэтгэлгээ 1988 оны сүүлчээс зад тавин ил гарч эхэлсэн билээ. Дэлхий дээр 70 гаруй жил оршин тогтносон коммунист систем задран унах нь 1989 он гэхэд бүхэнд тодорхой болсон. Дарангуйлал үгүйгээр орших бололцоогүй нийгмийн байгууламж болох нь түүхийн шалгуураар батлагдаж буй нь энэ. Нийгмийн ийм тогтолцоонд хамгийн түрүүн эгнээнд багтсан Монгол орон, Монголын нүүдэлчин ард түмэн нэг талаас соёл иргэншлийн хувьд асар их амжилт олсон боловч үүнийхээ төлөөсөнд мундахгүй их гамшиг туулсан билээ.

1990 оны хувьсгал нь Монголын нийт ард түмний дэмжлэгтэйгээр ялалтад хүрсэн юм. Энэ нь дан ганц шинээр үүссэн нам, хөдөлгөөнийхний үйл хэрэг биш, Монголын төрийн удирдлага болон, төрийн эрх дангаараа барьж байсан МАХНын удирдлагын оролцоо, дэмжлэгтэйгээр явагдсан. Хэдийгээр хожим нь янз бүрийн цуу, мушгин гуйвуулалт, зохиомол яриа бишгүй нэг гарсан авч, үнэндээ шинээр гарч ирсэн нам, хөдөлгөөнийхнийг хүчээр дарах тухай ямар ч яриа, санаа оноо хэнээс ч гараагүй. Харин ч хамтарч ажиллаж, биенээ ойлголцож байсан юм шүү. Үүнд тухайлбал Ж.Батмөнх, П.Очирбат, Ц.Намсрай, А.Жамсранжав, Д.Бямбасүрэн, Б.Чимэд, К.Зардыхан, П.Жасрай, Б.ДашЁндон, Л.Моломжамц, Ц.Гомбосүрэн гээд нам, төрийн удирдлагад байсан олон хүнийг нэрлэж болно. Ардчилсан хувьсгал бол Монголын нийт ард түмний бүтээл, түүний дотор шинэ, хуучин улс төрийн бүх хүчнүүдийн оролцоотой хийгдсэн нийгмийн шинэчлэл байлаа. Тийм ч учраас Улс төрийн товчоо бүрэлдэхүүнээрээ огцорч, хуучин Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулж, бүх нам, хүчний хооронд зөвшилцөлд амархан хүрч, Монголын түүхэнд анх удаа чөлөөт ардчилсан сонгууль болж, мөн л Монголын түүхэнд анх удаа ард түмэн өөрсдийн удирдлагыг чөлөөт сонгуулиар буй болгосон. Сүүлийн 300 гаруй жилийн түүхэнд анх удаа монголчууд өөрийн төрийг өөрийн үнэлэмжээр байгуулж, өөрийн үзэмжээр бодлогоо явуулах болсон юм.

Нэгэнт хуучин нийгэм халагдаж цоо шинэ үзэл санаа, нийгэмэдийн засгийн шал өөр тогтолцоо буй болж эхлэхэд хуучин удирдлагыг шүүмжлэх, заримдаа хэтрүүлэн хорсол занал илэрхийлэх явдал аль ч хувьсгалын үед гардаг. Ийм хувь заяа Цэдэнбал төдийгүй түүнийг хүрээлж байсан удирдлага, улам цаашлаад эрт галавын Чойбалсан нарыг дайрсан. Гэхдээ монголчуудын 1990 оны хувьсгал оготнын хамраас цус гаргаагүй, ганц цонх хагалаагүй. Чаушеску цаазаар авахуулж, Хоннекер гадаад руу зугтаж, Живков баривчлагдаж, СССР-ийн сүүлчийн удирдлага болох путчийнхэн шоронд орж, зарим нь амиа хорлож байлаа. Харин Монгол Ардын Хувьсгалт намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга асан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын маршал Юмжаагийн Цэдэнбалыг 1991 онд харь газар нас барахад нь эх орон нь тосон авч маш өндөр хэмжээнд хүндэтгэл үзүүлэн оршуулсан. Үүнд нь үй олон хүн үнэн сэтгэлээсээ гашуудан оролцсон юм.

1990 оны хувьсгалын үеэр МАХНаас Цэдэнбалыг буруушаасан тогтоол гаргаж, намаас нь хөөсөн төдийгүй тухайн үед мөн л тус намын гарт байсан төрөөс бүхий л одон медалийг нь хүчингүй болгожээ. Үүгээр тогтохгүй “тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэдгийг үүсгэн прокуроор шалгуулж эхэлсэн билээ. Цаг үетэй нь уялдуулан үүнийг ойлгож болох юм. Энэ нь цаг зуурын хийрхэл төдий юм биш. Орчлон хорвоо орвонгоороо өөрчлөгдөж, 70 жил замнасан нийгмийн байгууламж үндсээрээ шинэчлэгдэж байхад төрийн эрхийг дангаараа барьж байсан улс төрийн нам өөрийн бодлого, зарчмын шугамаа яаралтай өөрчлөх шаардлага гарсан. Тухайн үед хэдийгээр хувьсгал болж нийгмийн баримжаа солигдож байсан ч гэсэн МАХН маш нөлөөтэй, тэр хэрээрээ нийгмийн өмнө асар том хариуцлага хүлээж байлаа. Анхны чөлөөт сонгуульд энэ нам АИХын нийт суудлын 80 хувийг, УБХын суудлын 60 хувийг авч байснаас үзэхэд түүний нийгмийн өмнө хүлээх хариуцлага асар их байлаа. Ийм нөхцөлд хуучин тогтолцоог төдийгүй түүнийг удирдаж байсан хүчин болон хувь хүмүүстэй хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг билээ.

Цэдэнбал гадны хүчний тавиул байсан, олон гэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн, улс орны хөрөнгө мөнгийг зүй бусаар зарцуулсан, ард түмний үндэсний уламжлал бахархлыг дэвсэлсэн гэх мэтээр энэ хүнийг олон янзаар буруутгаж болно. Гэвч Цэдэнбал бол тухайн нийгмийнхээ л бүтээгдэхүүн байсан. Чойбалсан байгаагүй бол түүний үүргийг хэн нэг нь гүйцэтгэх л байсан. Цэдэнбал ч яг ийм хувь заяатай байлаа. Энэ хүн тухайн үед нь хажуугаас нь хөөргөгч нарын магтаж байсан шиг “гарамгай удирдагч”, “суут гүүш” байгаагүй нь мэдээж. Гэхдээ тэр өөрийн гунигтай, харамсалтай, шоглоомтой хувь заяаг туулсан жирийн монгол хүн байлаа. Юутай ч тэр хүний адаг биш нь ойлгомжтой.

Алсын бүдүүлэг хоцрогдсон хязгаараас эрдэм сурахаар ирсэн дөнгөж 15-16 настай жаахан хүүхдийг НКВД олзлон авчээ. Тухайн үед хамтралжуулалтаас болж СССРт сая сая хүн өлсгөлөнгөөр үхэж байлаа. Усанд чанасан байцаанаас өөр хоолгүй монгол сурагчид өлсөхийн эрхэнд “мах, мах” гэж орилолдож байсныг Цэдэнбал хожим нэг бус удаа дурссан байдаг. Чухам “мах”-наас болж хойно сурахаар очсон хүүхдүүдийн дийлэнх нь гэр рүүгээ буцсан. Цэдэнбал үүнийг тэсэн давж гарч чадсан. Ингэхэд нь цаадуул нь ч тусалсан. Хүнийг нэг уургалаад авчихвал насан туршид нь тавьдаггүй тийм л нийгмийн тогтолцоо байсан шүү дээ.

Тийм ч учраас тэрээр бүх насаараа бусдын дуулгавартай гүйцэтгэгч болсон. Энэ бол үнэндээ эмгэнэлт хувь заяа. Түүнд амьдралынхаа ханийг ч өөрөө сонгох эрх байгаагүй. Сонгосон болгоныг нь НКВД-ийн төлөөлөгчид голсоор, эцэст нь өөрсдийн бэлдсэн хүүхэнтэй суулгажээ. Тэрээр гэр орны хувийн жаргал үзээгүй. Эхнэрээсээ айдаг, түүнийгээ өөрийг нь хянаж байдаг байнгын дагуул гэж үздэг, хэлсэн ярьснаас нь зөрвөл цаанаа эзэнтэй гэж сүрддэг байжээ. Тиймээс ч гэр орноосоо аль болох дайждаг, шөнө дөл болтол ажил дээрээ суудаг байж.

НКВДийн төлөөлөгч Иванов, Важнов нар түүнийг архинд оруулсан. Энэ тухай маш үнэмшилтэй баримт цөөнгүй бий. Архинаас хэдий их хамааралтай болох тусам, архинаас холдуулах гэж тэмцэх эхнэртээ талархсаар улам бүр гарт нь оржээ. Үүн дээр нь мартах, орчноо үл ойлгох өвчин тусч, энэ нь тэр хэрээрээ гүнзгийрэх тутам төрийн эрхийг үнэн хэрэгтээ эхнэртээ алджээ. Оросын хөдөө тосгоны тариачин гаралтай бүдүүлэг, боловсролгүй, тэнэг хүүхэн “алтан загасны эмгэн” шиг улам давшлан, жижиг буурай орны төрийг эзэгнэхэд тэр ч, түүнийг тойрон хүрээлэгчид ч саад болж чадаагүй юм.

Кремлийн тогооч нарын дурсамжид өгүүлснээр гадаадын хүндэт зочдод захиалгаар нь тэд хоол бэлтгэдэг байж. Цэдэнбал ирэхээрээ хонины бүхэл мах, гол төлөв шаант чөмөг, хавирга захидаг гэнэ. Тэрээр махаа гараараа барин шүдээрээ зулгааж амтархан иддэг байсан тухай дурссан байна. Мах идэж өссөн монгол хүн шүү дээ. Гэтэл ямар ч боловсролгүй мөртөө орос авгай нь хэн нэгнээс “холестерин” хэмээх хорны тухай дуулсан бололтой, мах хорьдог, холестеринд сайн хэмээн байцаа голдуу идүүлдэг байжээ. Бүх насаараа идэж уухаараа хүртэл хориулсан хүн жаргалтай байх уу? Москвад гэрийн хорионд байхад нь жолоочоор нь ажиллаж байсан хүний яриагаар эхнэр нь гадаа салхинд гаргадаггүй, хувцсыг нь нуучихдаг байсан гэнэ. Уужим тал хээрийнхээ эрүүл агаар салхинд өсч өндийсөн монгол хүн шүү дээ. Насаараа ажил хийж үзээгүй тэнэг авгай халамжилж, арчилдаггүй байсан учир насны эцэст усанд оруулах хүн байхгүйгээс бие нь загатнан хөөрхий болж байж. Мөнөөх жолооч эхнэрээс нь нууж хааяа усанд оруулж, хумсыг нь авч өгдөг байжээ. Насны эцэст тэнэгрэх өвчин тусан орчноо огт ойлгохоо больж, гэртээ төөрдөг болсон байна. Хоёр хүүхэд нь ч, эхнэр нь ч хөөрхийг зөнд нь орхисон бололтой.

Цэдэнбалыг 1984 онд зөвлөлтүүд төрийн эрх мэдлээс нь зайлуулсан. Үүнд нь ямар ч монгол хүний оролцоо байгаагүй нь цагийн явцад тодорхой болов. Бүх операци явагдаж, эцсийн шатандаа орсон үед л эрэмбээрээ түүний дараа орох Батмөнх, Моломжамц нарт дуулгажээ. Дуулгасан төдийгүй шахаж шаардсан юм. Өнөө хоёр нь үнхэлцгээ хагартал айсан байдаг. Цэдэнбалыг зайлуулах талаар Монголын удирдлагаас хэн нь ч ядахнаа бодож ч байгаагүй. Түүнд сайндаа ч биш, ерөөсөө ийм юм толгойд нь орж ирэхээс ч эмээдэг байв. Бараг бодлыг нь тагнаж мэддэг байсан тогтолцооноос айдастай хүмүүс. Бүгдээрээ л тийм байсан. 19371938 оны аймшигт хядлага хүн бүрийн зүрхэнд гүн суусан байлаа. Дарга даамал болох нь нэг талаас сайхан хэрэг ч, нөгөө талаас асар эрсдэлтэй, нэг л хазгай гишгэвэл амь нас, хувь заяагаараа дэнчин тавьсан аймшигтай шоглоом, тийм л тогтолцоо байсан юм шүү дээ.

Үнэндээ Цэдэнбалыг улс орноо удирдаж чадахаа болилоо, авгай нь галзуураад байна, өөрөө мартдаг өвчтэй боллоо гэж зөвлөлтүүд зайлуулсан юм биш. Ийм шалтгаан бий боловч энэ нь хоёр, гуравдугаар зэргийн асуудал. Афганы дайн, Польшийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэл, ХятадАНУын ойртолт, Рейганы улс төрийн шинэ бодлого, Зөвлөлтийн зөнөсөн удирдагчдын дараалсан үхэл, Хятадын Вьетнамд хийсэн халдлага, АНУын Өрнөд Европт байрлуулсан “Пэршин” пуужин, “Оддын дайн” программ, Дэн Сяопиний “нээлттэй хаалганы” бодлого, Зөвлөлт маягийн коммунист үзлээс татгалзсан Европын коммунист намуудын “Еврокоммунизм” хэмээх шинэ үзэл, Арабын ертөнц дэх Зөвлөлтийн гол тулгуур Египт Ерөнхийлөгч Садат “урвасан” явдал, Европын орнуудад нэг хэсэг идэвхжсэн хэт зүүний террорист байгууллагууд нэг мөсөн дарагдсан гээд маш олон үйл явдал зэрэгцсэн юм. Ийм нөхцөлд хүчирхэг СССР ганцаардах болсон. Брежневийг үхсэний дараа, ерөөс СССР геополитикоо өөрчлөхгүй бол цаашид тэсэн гарах нөхцөл улам хаагдах нь маш тодорхой боллоо.

Онолын маргаанаас эхэлсэн ч гучин жил үргэлжилсээр зэвсэгт мөргөлдөөн хүртлээ хурцадсан Хятад улстай харилцах “хүйтэн дайны” уур амьсгалаа өөрчилж, яаралтай эвлэрэх шаардлага СССР-ийн хувьд гарлаа. Дэлхийн хоёр дахь хүчирхэг гүрэн геополитикийн гүнзгий өөрчлөлтөд орохоор зэхэв. Тэд хамгийн түрүүн Хятадтай харилцаагаа сайжруулах нь зөв гэж шийджээ. НАТО-гийн эсрэг Европт байрлуулсан зэвсэгт хүчнээс нь хавьгүй их хүчин Хятадыг бүслээд байрлачихсан байв. СССР-ийн Хятадтай харилцах харилцааны гол барометр нь Афганистан, Вьетнам, Монгол байжээ. Үүн дотор хамгийн том үзүүлэлттэй нь нутагтаа 100 мянган цэргийг нь байрлуулсан БНМАУ улс байлаа. Хятадын эсрэг хийж буй Монголын хөдөлгөөн болгоныг Бээжин Кремлийн явуулга гэж хардаг, тэр нь ч үнэн байсан юм. Гүнзгий склероз туссан, архинд донтсон, зөнөсөн, өвчтэй Цэдэнбал СССРийн шинэ геополитикийг ойлгохгүй, ойлгосон ч маргааш нь мартчихна. Даварсан эхнэр нь хүн болгоныг “Хятадын тагнуул”-аар нь дуудан халж солино. Яг ийм үед зөнөсөн эхнэр, нөхөр хоёрын Хятадын эсрэг өдөөн хатгалга, явуурга улам идэвхжиж байв. Чухам ийм шалтгаанаар л зөвлөлтүүд Цэдэнбалыг зайлуулахаар шийдсэн юм. Түүнийг цагтаа НКВД тавьсан, хэрэггүй болохоор нь КГБ зайлуулсан.

1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэдэнбалыг цагаатгаж, урьд нь хурааж авсан бүхий л одон медаль, цол хэргэмийг нь буцааж олгосон юм. Эндээс эхлээд Цэдэнбал нь улс төрийн болоод хөрөнгө мөнгөний ашиг завшаан хөөцөлдөгчдийн тоглоом болж эхэллээ. Монголын цэргийн нэрт зүтгэлтэн, жанжин Д.Сүхбаатарыг нас барснаас нь олон жилийн хойно гэнэт “мандуулан” улс төрийн хөзөр болгож, ашиг завшаан, нэр төр хөөцөлдөгчдийн тоглоом болгосон гунигт сургамж бий. Мандуулахаа ч хат, хэлээгүйг нь илтгэсэн, бодоогүйг нь үйлдсэн болгож, нэгэнт тэнгэрт хальсан сайн хүнийг гутаан доромжилсон, ясыг нь өндөлзүүлсэн явдал болсон юм. Гашуун сургамж байсаар атал ийм явдал давтагдаж болох уу?.

Цэдэнбалын нэрэмжит сан, сургууль, академи, нийгэмлэг олноор байгуулагдаж хоорондоо өрсөлдөн, эд мөнгө булаацалдаж, зарга заальхай үүсгэх нь жигшмээр. Яг л Филатовагийн “Хүүхдийн төлөө фонд”-ын үлгэрээр санхүүжилт босгон худал хуурмагаар дүүрсэн кино, товхимол, нэвтрүүлэг, сонин, сэтгүүл олноор нь үйлдвэрлэх болжээ. Ард түмний тодорхой хэсэг, ялангуяа түүний төрсөн нутаг усныхны хувьд Цэдэнбал нь гэгээлэг ариунаар үлдэж, маш ихээр хүндэтгэн дурсдаг. Энэ нь ч нээлттэй нийгмийн хувьд байх, зүй ёсны үзэгдэл. Харин үүн дээр дөрөөлөн улс төрийн сонгуульд ашиглах, эсрэг хүчнээ намнахад зэвсэг болгон хэрэглэх, хэрүүл уруул, хардлага сэрдлэгийн бай болгох явдал улам гаарах болов. Улмаар монгол хэл мэдэхгүй хүүг нь авчирч төрийн сонгуулд өрсөлдүүлэх, өнөөх нь малчин ардын өмнө хэлмэрчтэй оччихсон “дорогие араты” гээд зогсож байхыг харах нь тоглоомоосоо халиад шоглоом руугаа гүнзгий орсон эмгэнэл мэт.

Улаанбаатарын төвд Цэдэнбалын хөшөө босгожээ. Цэдэнбалын санаачилга, хүсэлтээр энд олон жил гозойж байсан Сталины хөшөөг 1990 онд буулгаж, оронд нь Цэдэнбалтай хамгийн их шөргөөцөлдөж асан нэрт эрдэмтэн, үндэсний үзэлтэн Б.Ринчингийн хөшөөг сүндэрлүүлсэн юм. Ном сугавчлан номхон зогсох Ринчинг сандал дээр хөлөө ачин суугаа Цэдэнбал байгалийн зүгээр биш, тэс хөндлөн чигтэй эгц урдаас нь ширтэх аж.

Түүхийг буцааж болдоггүй юм. Түүхийг “тэгсэн бол тэгэх байсан, тэгээгүйгээс болоод тэгсэн” гэх мэтээр тайлбарлаж болдоггүй юм. Түүх болсноороо болоод л өнгөрдөг. Түүх түүхээрээ л үлддэг. Түүх гэдэг бол угтах ирээдүйг зөв тольдох сургамж, бахархал, эмгэнэл. Энэ сургамжийг авч, цаашдын зам мөрөө зөв залахын тулд түүх үнэнээрээ үлдэж, дараа үеийнхний нүдийг нээж байх ёстой. “Түүхээ мэдэхгүй бол чамд түүх зохиож өгөх хүн олдоно” гэж хоёр мянганы өмнө суут Цэцэрон захиж байжээ. Үнэнээс гажсан түүх цээжилсэн хүн угтах ирээдүйгээ зөвөөр төсөөлж чадахгүй. Түүхийн ач холбогдол чухамдаа энэ буюу.

Өөрийн үндэстний өмнө байгуулсан Цэдэнбалын хамгийн том гавьяа бол түүний санаачилж, удирдан зохион байгуулж хийлгэсэн Соёлын их хувьсгал юм. Дундад зууны хоцрогдлоос морио унаж модоо тохсоор ХХ зуунд давхиж орж ирсэн нүүдэлчин монголчуудын мянган жилийн хэвшмэл амьдрал Цэдэнбалыг хүртэл онцын өөрчлөлтөд ороогүй байлаа. Усанд ордог, бичиг үсэгтэй, цагаан даавуун дээр унтдаг, дотуур хувцастай, бөөснөөсөө салсан, арьс өнгөний өвчингүй, зөв боловсон хооллодог, гадаад хэлээр ойлголцдог, иргэншиж соёлжсон өнөөгийн дундаж монгол иргэн бол чухамдаа Цэдэнбалын “бүтээл” юм. Хоцрогдсон алс хязгаарын жаахан банди СССРт явж эрдэм ном сурсан төдийгүй, иргэншиж соёлжин, юм үзэж нүд тайлснаар барахгүй өөрийнхөө араас шинэ үеийн зуу зуун мянган эх орон нэгтнээ үлгэрлэн дагуулсан. Магадгүй Цэдэнбалаас өөр хүн улс орныг толгойлж байсан бол ийм аугаа хувьсгалыг хийж чадаагүй ч байж болох. Боловсрол мэдлэгтэй, иргэшсэн, тэр хэрээрээ хүчирхэг шинэ Монголын шинэ үеийнхэн Цэдэнбалын биечлэн хийсэн энэ том хувьсгалыг үргэлжлүүлэн, улс орноо улам мандуулан цэцэглүүлэх нь мэдээж билээ.

2016.5.8

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос нийтлэлч П.Хашчулууны “Солонгос, Япон, Америкийн эрх ашгийг том ордууддаа оруулж, иргэдээ визгүй зорчуулъя” нийлтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Танайд өнжье булангаас “Барселон 1992”-ын хүэл медальт боксчин Н.Баярсайханы тэр бүр хүмүүсийн мэддэггүй мэдээлэл болон хувийн амьдралын тухай унших боломжтой. Энэ талаарх дэлгэрэнгүйг XII, XIII нүүрнээс уншаарай.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын Хууль зөрчсөн шийдвэрүүдийг гаргуулахгүйн тулд Их хурал үйл ажиллагаагаа зогсоох ёстой ярилцлага хэвлэгджээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг II, IV нүүрнээс уншаарай. Мөн Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Цэрэндулам “МХЕГ-ын дарга Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтад дэндүү их дарамт учруулж байна” ярилцлагыг уншаарай. Энэ талаарх дэлгэрэнгүйг та VII нүүрнээс унших боломжтой.

Улс төр нүүрнээс Улстөрд танигдсан залуусаа АН арай жийхгүй байлгүй дээ нийлэл болон Тойргын мандат нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Солонгос, Япон, Америкийн эрх ашгийг том ордууддаа оруулж, иргэдээ визгүй зорчуулъя” нийлтлэл хэвлэгджээ.

Эдийн засаг нүүрнээс “Эрдэнэс метан” компанийн гүйцэтгэх захирал Г.Ёндонгомбын “Монголын нүүрсний давхаргын метан хийн нөөцөөрөө Хятадын өмнө гишгэж магадгүй” гэх гэгээтэй ярилцлагыг уншаарай.

Хуульч, өмгөөлөгч Б.Уранцэцэгийн оффшор дансны тухай “Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг зөрчиж буй улстөрчдийн оффшор данс, компанийг хууль хяналтынхан шалгах хэрэгтэй” ярилцлага хэвлэгджээ.

Түүхийн жим булангаас “Хархорум” төслийн удирдан ажиллаж буй Германы Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Кристина Франкен “Малтлагаар газар дээр нь үзүүлснээрээ хүмүүст төсөөлөл бий болно” ярилцлага болон “Брос рекордс”-ын продюсер М.Болдын ““Байгаль” цомог маань гарсан цагаасаа борлуулалтаараа тэргүүлж байна” ярилцлага нийтлэгдсэн байна. Цаг үе булангаас Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Г.Батбаярын “Хэвлэл мэдээлэл ил тод чөлөөтэй байж хүмүүс үнэнийг дэнсэлж, сонголтоо хийнэ. Сонголт хийх боломж сонгогчдод олдохгүй байна” ярилцлагыг уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Булган хайрханы их тахилга болж байна

Архангай аймийн Булган хайрханы их тахилга өнөөдөр болж байна. Энэхүү их
тахилгыг 100 жилийн дараа уламжлалт дэг ёсоор нь хийж байгаагаараа
онцлог юм. Үеэс үед уламжлан хадгалж ирсэн тахилга шүтээний багц
судруудыг 1992 оноос ахмад лам хуврагууд далдаас гаргаж шавь нартаа зааж
эхэлжээ. Эдгээр ном судрыг 25 жил нухацтай судалсаар ирсэн Архангай
аймгийн бурхан шашны төв “Төгс баясгалант буян дэлгэрүүлэх” хийдийн лам
хуврагууд Булган Хайрхан уулын их тахилгыг үйлдэж, ном хурж, өргөл
өргөн, хишиг даллага авч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Аж үйлдвэрийн сайд үүрэг өгөв

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өчигдөр
Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Дулаан ханы дөрвөн уулзвараас
Хүдэр сум хүртэл тавьж байгаа хатуу хучилттай авто замын ажил байдалтай
танилцаж үүрэг өглөө. Тодруулбал, ирэх зургадугаар сарын 22-н гэхэд
дээрх чиглэлд тавьж буй авто замын эхний 30 км замыг барьж дуусган
ашиглалтад оруулахыг үүрэг болгосон юм. Уг зам ашиглалтад орсон нөхцөлд
Ерөө сумтай хатуу хучилттай авто замаар холбогдох юм байна.

Дулаан ханы дөрвөн уулзвараас Хүдэр сум хүртэл нийт 104.5 км авто зам баригдах аж.

Уг замыг барих ажил концессын гэрээний
дагуу хийгдэж байна. Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд
концессоор гүйцэтгэх ажил багтдаг юм.

Зам барих ажлын гүйцэтгэгчээр нь “Пик
девелопменть” компани ажиллаж байгаа бол хөрөнгө оруулагч нь “Кью эф си”
аж. Гэрээнд зааснаар авто замыг барьж ашиглалтад оруулах хугацаа ирэх
аравдугаар сарын 22-ний өдөр юм байна. Ажил одоогоор хэвийн үргэлжилж
байгаа, нийтдээ 500 гаруй хүн ажиллаж байна гэсэн мэдээллийг гүйцэтгэгч
компанийн инженер Аж үйлдвэрийн сайдад уламжиллаа. Мөн Хүдэр хүртэл авто
замыг барихад ирэх өдрүүдэд зам хаах шаардлага үүсэж байгааг онцолсон.
Энэ асуудалд сайд Д.Эрдэнэбат орон нутгийн удирдлагуудтайгаа урьдчилан
ярьж, ойлголцохыг анхааруулсан юм.