Categories
мэдээ нийгэм

Автозамын төслийн нээлт боллоо

Дархан-Алтанбулагийн автозамаас Сэлэнгэ аймгийн Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн 118,85 километр хатуу хучилттай автозамын төслийн зам барилгын ажлын нээлтийн ёслолын ажиллагаа Зүүнбүрэн суманд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар оролцлоо.

Сэлэнгэ аймагт сүүлийн жилүүдэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэмэгдэж, сумдыг холбосон хатуу хучилттай автозамууд болон төмөр бетон гүүрүүд ашиглалтад орж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга онцлоод, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн 118,85 километр хатуу хучилттай автозам нь газар тариалангийн гол бүс нутгийг холбож байгаагаараа ач холбогдолтой гэлээ. Улсын хэмжээний нийт үр тариа, төмс, хүнсний ногооны 30 хувь нь энэ замаар тээвэрлэгдэж, хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн гарт очих юм. Автозамын төслийн гүйцэтгэгчээр “Монгол ЛЗ зам гүүр” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн номын төрөлжсөн худалдаа болно

Хүүхдэд ном бэлэглэх нь эрдэм бэлэглэхтэй ижил. Удахгүй болох хүүхдийн баярыг угтан “Мир” номын их дэлгүүрээс санаачлан хүүхдийн номын төрөлжсөн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулахаар болжээ.

Хүүхдийн номын худалдаа тавдугаар сарын 20-нд эхэлж, зургадугаар сарын 02-ныг дуустал үргэлжилнэ.

Монгол хэл дээр анх удаа хэвлэгдсэн 3D нүдний шилтэй танин мэдэхүйн цуврал, адал явдалт зурагт зохиол, хүүхдэд зориулсан дэлхийн атлас, сонгодог үлгэрүүд, Анна Франкийн комик түүх зэрэг багачуудын хамгийн их сонирхдог номыг худалдах аж.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт олон улсын худалдааны төвтэй боллоо

Сэлэнгэ аймагт Олон улсын худалдааны төвийг барьж ашиглалтад орууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оролцлоо. Олон улсын худалдааны төв ашиглалтанд орсноор 300 гаруй иргэн тохилог ажлын байраар хангагдаж, хүнсний 100, барааны 140 орчим, гоо сайхан, бэлэг дурсгал, соёлын үйлчилгээний 20-иод лангуу ажиллана. Сэлэнгэ аймгийн иргэд олон жил дулаахан, тохилог, соёлтой, орчин бүрдүүлсэн сайхан худалдааны төвтэй болъё гэдэг хүсэлт тавьж байсны мөрөөр 2010 оны төсөвт анх удаа төсвийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар худалдааны төвийн байгуулах ажил Сэлэнгэ аймагт хэрэгжиж эхэлсэн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэллээ.

Олон улсын худалдааны төвийн байранд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүллээ. Өнөөдөр зөвхөн Олон улсын худалдааны төв ашиглалтад ороод зогсохгүй Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдэж байгаа нь иргэд төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүйгээр хүлээн авах боломжийг бүрдүүлж байна. Бүх аймгийн төвүүдэд төрийн үйлчилгээг иргэд нэг дороос шууд авдаг ийм боломжийг нээж байгаа. 21 аймагт энэ оны 6 дугаар сарын 1-ний дотор Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэллээ. Энэ төв иргэдэд 70 гаруй үйлчилгээ үзүүлэх бөгөөд даатгал, автотээвэр, эрх зүйн туслалцаа, нотариат, нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, татвар, газрын харилцаа, барилга, хот байгуулалт, улсын бүртгэл, статистикийн чиглэлээр төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байрлан ажиллах юм. Сэлэнгэ аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн анхны үйлчлүүлэгч нь шинээр мэндэлсэн Д.Хүслэн хүү болж, төрсний гэрчилгээг эцэг, эхэд нь гардууллаа. Мөн 16 нас хүрч байгаа залуучуудын төлөөлөлд иргэний үнэмлэхийг нь гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын асуудлуудыг шийдвэрлэхээр болжээ

Зам, тээврийн сайдын шуурхай өнөө өглөө /2016.05.16/ 07:30 цагт УБТЗ ХНН-ийн “Улаанбаатар” өртөөнд болж, төмөр замтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

“УБТЗ” ХНН-ийн тухайд, -Хөшгийн хөндийн шинэ нисэх буудал хүртэл “Аэро экспресс” төмөр замын төслийг Улаанбаатар хотын удирдлагатай хамтран “Богдхан” төмөр замын суурь бүтэц барих төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр тогтлоо. Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Монгол-Хятадын хилийн Ханги боомт хүртэлх 280 орчим км төмөр замын шинэ замналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлж, маршрут батлуулах, тогтоол гаргуулахаар ажиллахаар боллоо. Маршрут баталсан нөхцөлд Монгол-Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Хятадын Засгийн газар хоорондын гэрээнд ойрын хугацаанд өөрчлөлт оруулах юм байна.

Харин “МТЗ” ТӨХК-ийн тухайд, “Дойче бан”, “Ниппон кой” болон “Шинэ төмөр зам” төслийн гүйцэтгэсэн ажлын хуримтлагдсан төлбөрийн асуудлыг Сангийн яаманд танилцуулж шийдвэрлүүлэх, “МТЗ” ТӨХК-ийг гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч байгууллага болгох асуудлыг Гааль, татварын ерөнхий газартай зөвшилцөн шийдвэрлүүлэхээр боллоо. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй 300 сая ам.долларын зээлийн хүрээнд худалдан авсан зам засварын машин механизмыг Сангийн яамтай зөвшилцөн “МТЗ” ТӨХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх замаар балансад шилжүүлэхийг Сайдын шуурхай хуралдаанаас дэмжлээ. Харин хөрөнгийн зээлийн эргэн төлөлтийг цаашид ЗТЯ хариуцаж, улсын төсөвт жил бүр суулгах юм байна.

Төмөр замын хувийн хэвшлийн байгууллага болох “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн тухайд, “Ерөө” өртөөнөөс Сэлэнгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Баянголын төмрийн орд газар хүртэл 83,4 км төмөр замын суурь бүтцийн зурвас газрын эзэмшлийн асуудлыг Засгийн газрын хурлаар батлуулах, энэ төмөр замын өртөө зөрлөгийг олон улсын тээвэрт зарлуулж, төмөр замын суурь бүтцийн ашиглалтын болон тээврийн тарифуудыг хянаж, санал дүгнэлт гаргахаар тогтлоо. Мөн Зам тээврийн яаманд бүртгэлтэй байгаа төмөр замын зам засварын машин техникийн хадгалалтын зардлын асуудлыг ойрын хугацаанд холбогдох газруудад тавьж шийдвэрлэх юм байна. Ингэхдээ УБТЗ, МТЗ, БТЕГ хооронд харилцан тооцоо хийхээр зохицуулах ажээ. Түүнчлэн Монгол Улсын заавал хэрэгжүүлэх MNS 2014-6466 стандартын дагуу ачааны Е серийн вагоны засварыг гүйлтээр тооцож, төмөр замын тээвэрлэлтэд ашиглах асуудлыг хөдөлгөөний аюулгүй байдлыг саадгүй байхаар зохион байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн настай хүү буу алдаж эндлээ

Энэ сарын 13-ны өдөр дөрвөн настай хүү буу алдаж эндсэн байна. Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул багийн нутагт дөрвөн настай хүү “Тоз-8” маркийн буу алдаж амиа алджээ. Хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн газраас галт зэвсгийг хүүхэдтэй ойр, ил байрлуулж, замгийг цоожлохгүй, сумтай орхих зэрэг ноцтой алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Халдлагаар 31 цагдаа амиа алджээ

Йеменийн хойд хэсэгт хэт даврагчид халдлага үйлдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагаар 31 хүн амиа алджээ. Цагдаагийн газраас “Амиа алдагсад бүгдээрээ цагдаагийн албан хаагчид байсан” гэсэн байна.

Мукалла боомтод амиа золиослогч этгээд өөрийгөө егүүтгэжээ. Уг халдлагаас 22 цагийн дараа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл твиттер хуудсаараа дамжуулан дээрх халдлагыг захиалсан болохоо мэдэгдсэн байна. Тус бүлэглэлээс гадна “Хоути” гэх бүлэглэл Йеменд эрхээ тогтоохыг санаархдаг. 2011 оноос “Хоути” бүлэглэлийн алан хядах ажиллагаанаас зугтааж, хоёр сая хүн эх орноосоо дүрвэжээ. Өнөөг хүртэл Саудын Араб тэргүүтэй арабын эвсэл Йеменд цохилт өгч байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Москвад олныг хамарсан зодоон болж буудалцжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын Хованы оршуулгын газар угсасатнуудын гэмт хэргийн бүлэглэлүүд өөр хоорондоо зодолдож буудалцсан хэрэг гарчээ. Нүдээр үзсэн хүмүүсийн гэричлснээр бол энэ зодоонд бороохой, арматурын төмөр, бусад зүйлсээр зэвсэглэсэн дор хаяж 500 гаруй хүн оролцсон гэнэ. Энэ үеэр буун дуу олон удаа сонсогдсон гэж хэргийн гэрч болсон хүмүүс хууль сахиулагчдад хэлсэн байна. Зодоонд оролцсон гурван ч хүн хүнд гэмтэл авсан ч энгийн иргэдэд аюул нүүрлээгүй байна.
Буудалцааны үеэр цагдаагийн хоёр ч ажилтан амь алдсан гэж хотын шуурхай албаны эх сурвалж “Интерфакс” агентлагт мэдээлжээ. РИА Новости агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж амь үрэгдсэн цагдаагийн ажилтныг зодоонд оролцгсдын дунд байсан гэсэн боловч Дотоод хэргийн яам үүнийг няцаасан байна. “Цагдаагийн ажилтнуудаас алагдаж, шархадсан хүн байхгүй” гэж ДХЯ-ны эх сурвалж хэлснийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Зодоонд 200 хүн оролцсоноос 50 хүнийг нь саатуулсан гэж ДХЯ-ны нийслэлийн албаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Хэргийн газарт хууль сахиулагчид ажиллаж, хүний амь үрэгдсэний төлөө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.


Categories
мэдээ улс-төр

АТГ-ын даргын томилгоог хэлэлцэх байсан ч хойшлуулжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.00 цагт ээлжит хуралдаанаа зарласан байсан ч хойшилжээ. Үдээс хойшдоо уг хурлыг дахин зарлах юм байна.

Бүлгээр Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус газрын даргаар хурандаа Ц.Энхжаргалыг томилуулах тухай саналыг УИХ-д хүргүүлснээс хойш 10 хоногийн хугацаа өнгөрөөд байгаа. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлгээр асуудлыг хэлэлцэж амжаагүй байна гэсэн үндэслэлээр завсарлага авсан юм.

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа 12.00 цагт зарласан байна.

Categories
мэдээ нийгэм

Америкт алга болсон Монгол эмэгтэйн цогцсыг олжээ

АНУ-д ажиллаж амьдардаг монгол эмэгтэй Чикаго хотын захын Дес Плейн хэмээх жижиг хотод сураггүй алга болсон билээ. Тус эмэгтэйг Г.Зулцэцэг гэдэг бөгөөд түүний цогцсыг олсон гэх мэдээлэл байна. Түүний унаж явсан машиныг хогийн цэгээс олсон гэж мэдээлж байсан. Тэгвэл тус хогийн цэг дээрх машины арын тээшнээс олсон байна. Гэхдээ цоцгсыг таних үйл ажиллагаа явагдаж байгаа аж.

Г.Зулцэцэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд өглөө 10 цагт Des Plaines гэдэг хотод байдаг байрнаасаа гараад сураг алдраад байсан. Түүнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байсан юм. Тэрээр Г.Зулцэцэг 2015 оны арваннэгдүгээр сард сувилагчийн сургалтад суухаар оюутны визээр тус улсад очсон байдаг.

Categories
мэдээ нийгэм

136741 хүн вакциндаа хамрагдаад байна

Энэ сарын 12-наас 25-ныг хүртэл 18-30 насныхныг вакцинд хамруулах аяныг орон даяар эхлүүлсэн байгаа.

Тодруулбал, Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын байдал, өчигдрийн байдлаар 136741 хүн вакцинд хамрагдсан судалгаа байна.

Энэ сарын 25 хүртэл нийт 600 мянган хүн вакцинд хамрагдах ёстой юм. Тиймээс 18-30 насныханг вакциндаа идэвхтэй хамрагдаарай гэдгийг холбогдох газруудаас сануулж байна.