Categories
гадаад мэдээ

“Powerball” сугалааны азтан 429 сая ам.долларын эзэн болжээ

АНУ даяар явагддаг “Powerball” сугалааны супер хонжвор болох 429.6 сая ам.долларын хонжворыг тус улсын Нью Жерси мужийн гэр бүл хожсон болохыг мужийн сугалааны албанаас мэдээлсэн байна. Насанд хүрсэн 7 хүүхэдтэй, өдгөө 70 настай Перли Смит Нью Жерси мужийн Трентон хотоос 6 ам.доллараар 2 ширхэг сугалаа худалдаж авсны нэг нь түүнийг ийнхүү саятан болгосон байна. Тэрээр хонжворын 10 хувийг сүмд хандивлана хэмээн мэдэгдсэн бөгөөд үлдсэн мөнгийг 7 хүүхэдтэйгээ тэнцүү хувааж авна гэсэн байна. Бүхий л татварын дараагаар тэдэнд 284 сая ам.доллар очих юм.Тэрээр 292 саяд нэг тохиолдох боломжит хожлоор сугалааны ялагч болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд ногоон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг шалгаруулж, урамшуулдаг болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ногоон төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, урамшуулах журам батлах тухай” А/389 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, урамшуулах журмыг баталлаа. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Зөвлөлийг байгуулж, ногоон төсөл хэрэгжүүлэгчид олгох гэрчилгээний загварыг баталлаа. Зөвлөлийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Тус журмыг хэрэгжүүлэхэд холбогдох зардлыг тооцож, жил бүрийн төсөвт тусгуулан зарцуулж байхыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НОГООН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН
ШАЛГАРУУЛАХ, УРАМШУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд халгүй, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй цэвэр технологи нэвтрүүлсэн, эдийн засгийн өсөлт болон олон нийтийн оролцоог хангаж ногоон хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, урамшуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2.Энэхүү баримт бичигт хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно.
1.2.1.“ногоон төсөл хэрэгжүүлэгч” гэж байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, хог хаягдалгүй, орчны бохирдлыг бууруулсан, төслийн төлөвлөлтийн болон хэрэгжилтийн явцад олон нийтийн оролцоог хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төсөл санаачлан хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
1.2.2.“зөвлөл” гэж нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Засаг даргын байгуулсан багийг.

Хоёр. Шалгуур үзүүлэлт

2.1. Ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалахад дараах үзүүлэлтийг шалгуур болгоно. Үүнд:
2.1.1. байгалийн нөөц баялгийн иж бүрэн, хэмнэлттэй ашиглалт;
2.1.2.хүрээлэн буй орчин /агаар, хөрс, ус/-ны бохирдлыг бууруулах, багасгах, арилгах чиглэлийн технологи;
2.1.3.байгалийн гаралтай түүхий эдийг орлуулах бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлсэн байдал;
2.1.4.хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах болон эргүүлэн ашиглах, дахин боловсруулах технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдал;
2.1.5.сэргээгдэх эрчим хүч ашигласан байдал;
2.1.6.орон нутгийн үйлдвэрлэл, бараа материалын хэрэглээг дэмжиж буй байдал;
2.1.7.тухайн төсөл нь нийслэлийн иргэдийн “ногоон” амьдралын хэв маягт шилжихэд үзүүлэх нөлөөлөл;
2.1.8. “ногоон” ажлын байр бий болгосон байдал;
2.1.9. тухайн төслийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч экологи, байгаль хамгааллын чиглэлийн олон улсын болон үндэсний стандартуудын шаардлагыг хангасан байх.
2.2. Энэхүү журмын 2.1-д заасан шалгуураар ногоон төсөл хэрэгжүүлсний үр дүнг тооцохдоо экологи, нийгэм-эдийн засгийн ач холбогдол, цар хүрээ, өгөөж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт зэрэг нэмэлт үзүүлэлтүүдийг ашиглана.
2.3. Тухайн төслийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч журмын 2.1-д заасан шалгуур үзүүлэлтүүд нь өөр өөр байж болно.

Гурав.Урамшууллын хэлбэр

3.1. Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан төслийг шалгаруулж, дор дурдсанаар урамшуулна. Үүнд:
a.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон төсөл хэрэгжүүлэгч” гэрчилгээ олгох;
b.гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгжүүлж буй төсөл, нэвтрүүлсэн арга, технологи, туршлагыг олон нийтэд сурталчлан алдаршуулах;
c.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргавал гадаад, дотоодоос хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь дэмжлэг үзүүлэх /хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл хэрэгжүүлэгчид шаардлагатай итгэмжлэл, тодорхойлолт гаргах г.м/
3.2.Энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг байгаль орчны салбарын улсын шагналд нийслэлийн Засаг дарга нэр дэвшүүлж болно.

Дөрөв. Урамшуулах ажлын зохион байгуулалт

4.1.Энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан төсөл хэрэгжүүлэгч холбогдох баримт бичгийг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хүргүүлнэ. “Ногоон төсөл хэрэгжүүлэгч” гэрчилгээ олгох шийдвэрийг сонгон шалгаруулах Зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга гаргана.
4.2.Зөвлөлөөс хүргүүлсэн санал, дүгнэлтэд шаардлагатай гэж үзвэл Засаг дарга мэргэжлийн байгууллагаар магадлан шинжилгээ хийлгэж болно.
4.3.Сонгон шалгаруулалтад нийслэлд хэрэгжиж эхэлсэн болон туршилт хийгдэж, үр дүн нь батлагдсан төслийн баримт бичгийг хүлээн авна.
4.4. Сонгон шалгаруулалтад орох материал нь дараах баримт бичгээс бүрдэнэ:

a. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл буюу албан хүсэлт;
b. иргэний үнэмлэх болон аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
c. төслийн танилцуулга /технологийн нарийвчилсан тодорхойлолт, хүрсэн үр дүн, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчны менежентийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайлан/;
d. харьяа дүүрэг болон холбогдох мэргэжлийн байгууллага, лабораторийн санал, дүгнэлт;

Тав. Талуудын эрх, үүрэг

5.1.Зөвлөлийн эрх
5.1.1.Тухайн төслийн онцлогоос хамааран шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдад хандан дүгнэлт гаргуулах;
5.1.2.Зөвлөл нь 7 /долоо/ гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуудлыг олонхийн саналын дагуу шийдвэрлэх;
5.1.3.Төсөл хэрэгжүүлэгчээс шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, баримт гаргуулах, тайлбар авах;

5.2.Зөвлөлийн үүрэг
5.2.1. Зөвлөлийн гишүүд тухайн төслийн нууцад хамаарах мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх;
5.2.2. Төслийн сонгон шалгаруулалтыг шударгаар үнэлэн, төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэй мэдээллээр хангах;
5.2.3 Зөвлөл улиралд нэг удаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн баримт бичигт хяналт, шинжилгээ хийж санал, дүгнэлтээ Засаг даргад хүргүүлнэ.

5.4. Төсөл хэрэгжүүлэгчийн эрх
5.4.1.Төслийн талаар шаардлагатай тохиолдолд нэмэлт тайлбар мэдээлэл өгөх.
5.4.2. Байнгын зөвлөлийн үйл ажиллагаа болон сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах.

5.5.Төсөл хэрэгжүүлэгчийн үүрэг

5.5.1.Төслийн талаар мэдээллийн үнэн бодит байдлыг хариуцах.
5.5.2.Ногоон төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь цаашид уг төслийг тогтвортой хөгжүүлэх, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлж ажиллах;
5.5.3. Тухайн төслөөр дамжуулан Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдад ногоон амьдралын хэв маягийн талаар ухуулан сурталчлах;

Зургаа. Хариуцлага

6.1. Байгаль орчны чиглэлийн хууль, журам, стандартыг зөрчсөн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон эсвэл шалгагдаж буй төсөл хэрэгжүүлэгчийн материалыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
6.2. Энэхүү журмын дагуу шалгарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь холбогдох байгаль орчны чиглэлийн хууль, журам, стандартыг зөрчсөн нь тогтоогдвол “Ногоон төсөл хэрэгжүүлэгч” гэрчилгээг хүчингүй болгоно.

Categories
мэдээ цаг-үе

А.Бадарчин: Хог ургамалтай үр таривал өвчтэй тариа хурааж авна гэсэн үг

Анхны атарчин, гавьяат агрономич А.Бадарчинтай үрийн будаа тойрсон асуудлаар ярилцлаа.

-Хойд хөршөөс орж ирсэн үрийн будаанаас татаар сагаг, чөдөр тарна гэх мэт хориотой хог ургамал орсон, иймэрхүү хольц 30 хувь хүрсэн учраас тариалалтад огт тэнцэхгүй гэсэн тайлбар байна. Яам, МХЕГ-аас болохоор хог ургамлыг нь цэвэрлээд тарьж болно гээд байгаа…?

-Газар тариаланд хохирол учруулдаг муу талын л хог ургамал. Зарим оронд бүр хорьсон байдаг. Хэрвээ ийм хог ургамалтай үр таривал намар ургац хураахад өвчтэй тариа авна гэсэн үг. Ургацын хэмжээ, чанарт нөлөөлөх сөрөг талтай. Ийм хог ургамалтай бол олон дахин цэвэрлэж байж тарихгүй бол горьгүй.

-Тариалалт эхлэх цаг болчихоод байхад хогтой үрийн будааг цэвэрлэж амжихгүй гэж тариаланчид ярьж байна. Цэвэрлэж амжихаар хугацаа үлдсэн үү?

-Тариалалт аль хэдийнэ эхэлчихсэн. Үрийг тарилтад бэлдэхийн тулд дэс дараатай ажлуудыг маш нарийн хийх ёстой. Цэвэрлэнэ, нарлуулна гээд өчнөөн процесс бий. Цэвэрлэхэд их цаг авна. Цэвэрлэлээ гэж бодоход тийм амархан цэвэрлэгдэхгүй. Ер нь ийм хольцтой бол тарьж болохгүй л дээ.

-Тэгэхээр 30 хувийн хогт хольцтой учраас үрийнх биш гээд байгаа нь үнэн болж таарах нь ээ?

-Ийм хогт хольцтой бол үрэнд огт таарахгүй.

-Таныг ид ажиллаж байсан хуучин нийгмийн үед улаанбуудайн үрэнд нэлээд өндөр стандарт тавьдаг байсан биз?

-Үрийн стандарт гэж том юм бий. Одоо ч бий. Тэр үед чинь үрийн соёололт нь хэдэн хувь байна вэ гэдгийг нарийвчилж гаргадаг байлаа. Өөрөөр хэлбэл тарих үрийн хэдэн хувь нь ургах вэ гэдгийг тандаж байгаа хэрэг. Хоёрдугаарт нь хольцыг тоолно. Тодруулж хэлбэл, өөр үр тарианы хольц хэдэн хувь байгааг гаргана гэсэн үг. Хольц дотор сая хэлсэн шиг аюултай хог ургамлын үр байгаа эсэхийг шалгана. Гэх мэтээр стандарт гэж нарийн юм бий л дээ. Стандартын шаардлага хангасан үрээр л тарих ёстой.

-Социализмын үед энэ бүх стандартыг яг таг барьдаг байсан уу?

-Барилгүй яахав. Бидний үед тариаланчид, төр засаг, шинжлэх ухааны байгууллагууд хамтарч нэг баг болж ажилладаг байлаа. Шинжлэх ухааны байгууллага үрийг шинжлээд болох, болохгүйг нь хэлээд өгнө. Тэрнийх нь дагуу тарихаа тариад, тарихгүйгээ болиод явдаг байсан.

-Таныг ажиллаж байхад хогт ургамлын хольц 30 хувиас давсан үрийн будааг цэвэрлэж тарьсан тохиолдол бий юу?

-Яалаа гэж тарихав. Тариулах ч үгүй.

-Шууд тарихад боломжтой сайн чанарын үрээр л тарьдаг байв уу?

-Тэгэлгүй яахав. Стандартын шаардлага хангасан үрээр тарьдаг байсан юм.

-Хойд хөршөөс “Алтайская жница” гэдэг эрлийзжүүлж гаргаж авсан үрийн будааг оруулж ирсэн нь маргаан дэгдэх шалтгааны нэг болоод байна. Албаныхан манайд нутагшсан Алтайн бүлэг сортынх учраас асуудалгүй гээд, тариаланчид болохоор эрлийзжүүлж гаргаж авсан шинэ сортыг Монголд гурваас дөрвөн жил нутагшуулж байж тариалах эсэхээ шийдэх учиртай гэх юм…?

-Тариаланчдын хэлээд байгаа яг зөв. Дээр үед бүх бүсэд сорт сорилтын станцууд гэж байсан юм. Гаднаас орж ирсэн шинэ сортын үрүүд тэр станцуудад олон жил туршигдаж байж тариалалтад ашиглагддаг байсан. Бүр цаашлуулж яривал баруун, зүүн бүсийн алинд нь сайн ургац гарахаар байна гэдгийг хүртэл нарийвчилж туршдаг байсан. Нутагшуулсан үр боллоо гэсэн нөхцөлд тарьдаг байлаа. Өмнө нь үүнийг эрдэм шинжилгээний байгууллагууд хийж өгдөг байсан. Тэр байгууллагууд нь алга болсон учраас компаниуд өөрсдөө л туршиж сорьж байгаа болов уу.

-Жилийн жилд л тариалалт дөхсөн хойно үрийн будаа оруулж ирснээс болж маргаан дэгдээд байх шиг санагддаг. Өмнө нь шийдэх боломжтой юу, хуучин нийгмийн үед үрийн будаагаа хэзээ бэлддэг байсан бэ?

-Тариалалт эхлэхийн өмнө үрийн будаа импортолж оруулж ирдэг нь хамгийн зохисгүй, буруу хэрэг. Бидний үед үрийн будааг ургац хураасны дараа бүгдийг нь сортлоод бэлдчихдэг байсан. Урьд намар нь бэлдчихдэг байсан гэсэн үг. Одоо тэгэхээ больсон учраас сандраад юу ч хамаагүй тарихдаа хүрээд байна л даа. Ийм маягаар газар тариалан эрхэлбэл буудайн тариалан тун амархан мөхнө дөө.

-Та нарын үед урьд жил нь бэлдээд хадгалчихдаг байсан байх нь. Одоо ингэх боломж бий юу?

-Бидний үед үрийн талбай гэж тусдаа талбай байсан юм. Сайн чанарын үрийг үрийн талбайдаа үржүүлээд дараа жилийн хавар нь тарьдаг байлаа. Нэг, хоёр, гуравдугаар үржүүлгийн үр гээд ёстой л алт шиг үр тарьдаг байсан даа. Алтан дотор шижир алт энэ тэр гээд зэрэг дугаар байдаг шиг шилэгдсэн, сайн үр тарьж арвин ургац авдаг байлаа. Бодлогоо алдчихаад байгаад нь харамсдаг.

-Бодлого алдсан гэдгээ тодруулаач?

-Өмнөх жил нь үрээ бэлдээгүй учраас дээр дооргүй сандраад хөгийн юм болж байна л даа. Энэ янзаараа удаж боломгүй санагддаг. Үрийн бодлого байхгүйн үр дагавар.

-Үрийн бодлоготой байхын тулд яах ёстой вэ?

-Үрийн аж ахуй гэж тусдаа шинжлэх ухаан байна. Эхлээд сорт гаргана. Дараа нь сортоо үржүүлнэ. Элит үр үржүүлнэ гэж бий. Тэрийгээ талбайд үржүүлээд сортын үр гаргана. Сортоо хэдэн жил туршина. Тэгж байж тариална шүү дээ.

-Таны үед байсан үрийн аж ахуй тэр чигтээ алга болсон гэсэн үг үү?

-Үндсээрээ байхгүй болчихсон. Бидний үед эрдэм шинжилгээний байгууллага, туршилтын станцуудтай, аж ахуй бүр үрийн аж ахуй, үрийн талбайтай, үр үржүүлдэг бригадууд хүртэл байсан. Монголын үрийн аж ахуйн хамгийн сүүлийн голомт нь Дарханы Хонгор. Үр үржүүлдэг ганц аж ахуй байлаа. Үрэн таран хийгээд алга болгочихсон. Бид чинь шинжлэх ухаанаас маш хол, хөндий яваад байгаа улс.

-Гаднаас үрийн будааныхаа багагүй хэсгийг оруулж ирж байна гэдэг хэр зөв хандлага вэ?

-Хатуухан хэлбэл бараг гэмт хэрэг шахуу зүйл.

-Тариалалтыг хэдийгээр эхэлбэл оновчтой байдаг вэ?

-Одоо ид тарьдаг цаг нь болчихоод байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээс тарьж эхэлдэг.

-Тариалалт оройтсоноор ургацад яг ямар нөлөө үзүүлдэг бол?

-Хаврын тариалалт оройтно гэдэг чинь намрын ургац хураах хугацаа оройтно гэсэн үг. Тариаланчид “Хавар алдсан нэг өдөр намрын арван хоногтой тэнцэнэ” гэлцдэг нь зүгээр ч нэг үг биш. Хавар нэг хоногоор хожуу тарихад л тариа намар арван хоногоор оройтож болно гэсэн үг. Намар тариа ногооноороо байна, авах уу болих уу гэдэг нь үүнээс болдог.

-Тариаланчид Оросоос оруулж ирсэн 30 хувийн хогт хольцтой үрийг цэвэрлэж авахаар болоод байна. Цэвэрлэхийн тулд хэр хугацаа шаардах бол, та багцаа хэлээч?

-Би наадахыг чинь цэвэрлэнэ гэж огт хэлэмгүй байна. Үнэхээр таны өмнө асуудаг шиг хогт хольцтой бол огт тарьж болохгүй.

-Албаны хүмүүс ариутгаад цэвэрлээд тарьж болно гэсэн тайлбар хэлээд байгаа шүү дээ?

-Нэлээд зүрхтэй л хүний хэлдэг үг байна даа. Би бол тэгж хэлж хэрхэвч чадахгүй. Ер нь буудайн тариаланд хэлмээр үг их байх юм. Би буудайн тариаланг Монголд эхлүүлэхэд атрын анхны сангийн аж ахуйг даргалж явсан тариачин хүн. Газар тариалантай амьдралаа холбоод 57 жил болж байна. Бид хоёр том үеийг өнгөрөөлөө. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе өнөөгийн зах зээлийн цаг чинь тэмээ ямаа хоёр шиг тэс өөр юм боллоо л доо. Гэхдээ тариа тариагаараа байгаа. Тариалан эрхлэгчийн хувьд харахад эрс тэс ялгаа байна. Бидний үед төр засаг, эрдэм шинжилгээний байгууллага, тариаланчид гурав нэг баг болж, нэг бодлого нэг дохиогоор ажилладаг байсан юм. Эрдэмтэд нь яах ийхийг нь зааж өгдөг. Төр засаг нь техник, бусад санхүүгийн зүйлээр дэмжлэг үзүүлдэг. Тариаланчид нь тарьдаг. Тодруулж хэлбэл, жинхэнэ номоороо ажиллаж байсан. Зах зээлд шилжингүүт энэ гурав өөр өөр тийшээ хараад салаад явчихсан. Эрдэм шинжилгээний байгууллагынхаа ихэнхийг нь устгасан. Байгаа хэдэн эрдэмтнийхээ үгийг тоодог улс ч гэж алга. Дур дураараа энд тэндээс юм оруулж ирээд номгүй тариалан эрхлээд байна. Төр засаг, тариаланчид хоорондоо бүр таарахаа байсан. Нэг баг болж ажиллах учиртай улс гурван тийшээ харчихаар хортой үр дагавар үзүүлээд байгаа юм. Учрыг нь ойлгохыг хүсэхгүй, биесээсээ улам л холдоод байна. Та бид хоёрын яриад байгаа энэ сэдэв гэхэд л хамгийн ноцтой, хамгийн тод баримт нь.

Categories
мэдээ цаг-үе

“Ээж бид хоёрыг мангас дандаа айлгадаг”

Ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн бага насны охины хэлсэн үг ийм.

Монголын эмэгтэйчүүдийн сангийн байранд хүндхэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөлөө. “Ураг төрлийн хүчин”. Сонсоход хүртэл хэцүү сэдэв ч ёс бусын ийм хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ээж, аавууд энэ талын мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Итгэдэг хүмүүсийн зүгээс, санаанд оромгүй талаас цохилт ирсэн түүхүүдийг мэргэжилтнүүд ярьж байна. “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-аас тавдугаар сарыг “Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сар” болгон зарлажээ. Мэргэжлийн хүмүүсийн яриаг хүргэе.

“Хүүхэд хамгааллын төвийн тэргүүн” Л.Бадамцэцэг энэ чиглэлээр хорь гаруй жил ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтэн юм. Тэрбээр хэлэлцүүлгийг нээж ийн ярив.

-Ураг төрлийн хүчин гэдэг цусан төрлийн, хамаатан садангийн холбоотой хэн нэгэн этгээд хүүхдийг эрхшээлдээ оруулах зорилгоор эрх мэдэл, давуу талаа ашиглаж, гэр бүлийн ариун ёс журам, хайр, хүндэтгэл, итгэлийг эвддэг, хүний эрхийн зөрчил бөгөөд уучлашгүй гэмт хэрэг. Ураг төрлийн хүчингийн гэмт хэрэг үйлдэгч нь хэн ч байж болно. Хойд эцэг нь дагавар охиноо хүчиндэх тохиолдол гардаг. Өвөө нь ач, зээ охиноо бэлгийн зорилгоор оролдсон, мөн төрөл садангийн ах нар бага насны охиныг хүчиндсэн тохиолдол олон гардаг. Ураг төрлийн хүчирхийлэл гарсан гэр бүлд хүүхдээ хамгаалах ёстой ээж хаана байсан бэ гэдэг асуулт тавигддаг. Гэтэл тэр хүн өөрөө хүчирхийллийн хохирогч байх нь олонтаа. Өөрийгөө хамгаалж чадахгүй хүн үр хүүхдээ хамгаалах боломжгүй. Оюутан болж хөдөөнөөс ирсэн ах дүүсийн хүүхдүүдийг цугт нь байлгах тохиолдол гардаг. Нэг гэрт байгаагүй хүүхдүүд хамт амьдрахад бэлгийн дарамт үзүүлэх явдал гарч байлаа. Тийм учраас өртөгч нь хэн ч байж болзошгүй. Үйлдэгч нь бас хэн ч байж болно гэдгийг онцлох байна гэлээ.

Энэхүү хэлэлцүүлэг интернэтээр өрнөсөн учраас асуулт орж ирж байв. Хүчирхийлэгчид ногдуулах ял шийтгэлийг чангаруулах ёстой гэсэн санал үзэгчээс ирсэн.

“Эрч хүчтэй хүүхэд” төрийн бус байгууллагын тэргүүн, өмгөөлөгч С.Цэмпилмаа “Өнөөдөр бид шилжилтийн гэж болохоор эрх зүйн нөхцөлд ажиллаж байна. Есдүгээр сараас эхлээд Эрүүгийн шинэ хууль мөрдөгдөж эхэлнэ. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын шинэ хуулиудтай болчихлоо. Эрх зүйн орчинд нэлээд шинэчлэлт хийгдсэн. Өмнөх тодорхойгүй заалтуудыг шинэ хуулиар тодорхой болгосон. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол арваас дээш жилийн хорих ялтай болж байгаа. Гэхдээ эрүүгийн хариуцлагыг хэт чангаруулахад хүчингийн хэргийн хохирогчид ноцтой үр дагавар бий болдгийг бодолцох учиртай. Гэмт хэргээ нуухын тулд бүхнийг хийдэг, хохирогчийн амь насанд аюул учрах тохиолдол ажиглагдаж байсан” гэв.

Л.Бадамцэцэг ч мөн “Ураг төрлийн хүчингийн хувьд цусан төрлийн болон эдийн засгийн хамааралтай учраас яг энэ төрлийн хэрэг гарсан гэр бүлүүдийн хувьд хүүхдээ бодоод ялыг нь эдлүүлэх үү, эсвэл энэ хүн чинь гэр бүлээ тэжээж байгаа гээд чимээгүйхэн нуугаад үлдэх үү гэдэг ацан шалаанд ордог. Нэг ийм түүх бий. Дагавар охиноо долдугаар ангиас нь эхлээд хүчирхийлээд, арваннэгдүгээр ангид орох үед нь хоёр хүүхэдтэй болгочихсон тохиолдол байсан. Ээж нь хамт амьдарч л байдаг. Охины зуны амралтаар төрөх хугацаа нь таардаг. “Хүүхдийг нь өргөөд авчихъя” гэж эхнэртэйгээ яриад хүүхдийг нь өөрсдийнхөө нэр дээр авчихдаг. Эхнэр нь хэдийгээр таамаглаж байсан ч чимээгүй явжээ. Хохирогч бидэнд хандаж “Цаашдаа энэ хэвээр олон жил үргэлжлэх нь. Ийм байдлаас л гармаар байна” гэсэн. Хүчирхийлэгчийг цагдаагийн байгууллагад өгч, шоронд хийлгэсэн юм. Энэ гэр бүл хашаа байшин худалдаж авч, үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Эцэг нь шоронд орж, арав гаруйхан хоногийн дараа банкны өр нэхэгдсэн. Тэр хүнийг ялгүй үлдээх тухай яриагүй. Гэхдээ хохирогч эрсдэлүүдийг яаж даван туулахыг эрүүл саруулаар бодож шийдвэр гаргах хүртэл нь хүлээх хэрэгтэй юм болов уу” гэлээ. Гудамжинд гардаг зодоон, дээрэм, хүчин нэг л удаа тохиолддог бол нэг гэрт амьдардаг этгээдийн хүчирхийлэл давтагдаж, даамжирч байдаг. Эцэстээ амьд явах уу, үгүй юу гэдэгтээ хүрдэг гэлээ.

С.Цэмбэлмаа “Тохиолдол бүр өөр. Хэрэв цаг хугацаа алдвал тухайн хэрэгтэн хариуцлага хүлээхгүй үлдэх магадлал бий. Нөхцөл байдал амаргүй шүү. Хүүхдийн хувьд тухайн хүчирхийлэл үйлдэгчтэй хариуцлага тооцуулмаар байдаг ч дунд нь ээж аав, хууль ёсоор төлөөлж байгаа этгээдийн дарамтад орж, худал мэдүүлэг өгөх, мэдүүлгээсээ буцах асуудал гардаг. Хүчирхийлэл үйлдэгчид заавал хуулийн хариуцлага ногдуулах ёстой” гэлээ.

Л.Бадамцэцэг “Ийм юм болжээ, саяхан мэдлээ” гээд хүүхдээ дагуулаад ирдэг. “Чи яагаад одоо хэлж байгаа юм” гээд хүүхдээ буруутгадаг. Гэтэл хүүхдийн дотор юу бодогдож байдаг вэ. Би хохирогч хүүхдээр зурган засал хийлгэсэн. “Аав чинь чамайг оролдож байх үед юу бодогдож байсан бэ” гэхэд хоёрдугаар ангийн охин “Үхлийн туулай” гэж бичсэн. Өөрт нь бодогддог юм дандаа аймшиг. Энэ цаасны дөрвөн буланд аймшиг гээд биччихсэн. Бас “Цус сорогч” гэж бичсэн байдаг. “Ээж бид хоёрыг мангас дандаа айлгадаг” гэж хэлсэн хүүхдийн эцэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч байсан. Бага насны хүүхэд надад ийм юм тохиолдож байна гэж шууд хэлж чадахгүй ч үг хэллэг, гадаад байдал нь хүртэл энгийн биш болдог. Хохирогч хүүхэд юмыг эсрэг өнцгөөс харж, уурлаж уцаарладаг. Ийм үед тухайн гэр бүлийнхэн хүүхдэдээ санаа тавих учиртай. Өөр нэг хохирогч долдугаар ангийн хүүхэд “Би хэрвээ хүч чадалтай байсан бол энэ бүгдийг таслан зогсоож чадна. Хурдан том болбол хэн ч намайг дээрэлхэж чадахгүй” гэсэн. Хүүхэд өөрт тохиолдсон бүхнээ ярих боломжгүй үе байдаг. Хүүхдийг дарамталж дуугүй болгох нь их. “Хэрэв хүнд хэлэх юм бол чамайг ээжгүй болгоно”, “Охин дүүг чинь бас чам шиг болгоно” гэх юм уу өөрийгөө илчлүүлэхгүйн тулд хахуульддаг. Гудамжинд хүчирхийлэл үйлдэгчээс ураг төрлийн хүчирхийлэл үйлдэгчийн ялгаатай тал нь тухайн хүүхдийн сул талыг сайн мэддэг. Мөнгө өгдөг, хувцас хунар авч өгдөг. Чихэр өгдөг. “Би өгсөн юмыг нь авчихсан юм чинь намайг хүлээн зөвшөөрсөн гэж бодно” гээд дуугүй явдаг тохиолдол бий. Гэхдээ л хүүхдийн гадаад байдал, үг хэллэг, сурлагад олон өөрчлөлт гардаг. Зөвхөн хойд эцэг нь хүчирхийлэл үйлддэг гэж ойлгож болохгүй. Төрсөн эцэг нь хүртэл охиноо хүчирхийлсэн тохиолдол байдаг” гэж ярилаа.

Ураг төрлийн хүчингээс яаж урьдчилан сэргийлж болох вэ. Ямар зуршил, зан төлөвтэй хүн хүчирхийлэл үйлдэгч байдаг гэх мэтээр тодорхойлох боломж байдаг уу, хүүхдэдээ өөрийгөө хамгаалах ямар мэдлэг олгох вэ гэсэн асуултад мэргэжилтнүүд хариулсныг хүргэж байна.

“Хөөрхөн зүрхний аян” төрийн бус байгууллагын сэтгэл зүйч Т.Энхчимэг

-Итгэл хүлээлгэсэн хүмүүс хүчирхийлэл үйлдэгч байж болно гэдгийг бодоорой. Хүүхдэд чинь хэн үнэтэй гоё бэлэг авч өгч байна, хэн хаашаа явахыг санал болгож байгааг анзаарч байгаарай. Ураг төрлийн хүчирхийлэл гэдэг гэнэт болдог үйл явц биш. Хүүхдэдээ илүү анхаарах ёстой. Хохирогч хүүхэд бүрт ижил шинж тэмдэг илрэхгүй. Хүүхдийн амьдралын хэв маяг, даван туулах чадвараас шалтгаалаад зарим хүүхдэд шинж тэмдэг маш хурдан илэрдэг бол заримд нь хэсэг хугацааны дараа илэрч болно. Хүүхэд хар дарж зүүдлэх, орондоо шээх, хичээл завсардах, хэн нэг хүнтэй ганцаараа үлдэхээс зайлсхийдэг. Яагаад тэр хүнтэй үлдэхгүй гэдгээ илэрхийлж байгаа үгийг анхаарах хэрэгтэй. Хүүхдийнхээ нүд рүү харж байгаарай. Биен дээр байгаа жижиг гэлтгүй сорви, хөхрөлтийг анзаарч байх хэрэгтэй. Хүүхдийн яриаг нухацтай сонс. Хүүхэд зүгээр нэг тоглоом ч юм шиг үлгэр ч юм шиг юм яриад байгаа ч тэрэн дундаа өөрийгөө илэрхийлж байдаг. Эцэг, эхчүүд үүнийг маш хаалттай сэдэв гэж ойлгодог. Уг нь бид ярьж байх ёстой. Хэн чамайг усанд оруулах юм. Хэнтэй унтаж болох вэ. Аав биеийн чинь аль хэсэгт хүрч болох вэ, энэ хайр мөн үү. Ээж нь аль хэсгийг нь угаахыг анхнаасаа хүүхдэд хэлж өгвөл хүүхэд энэ талаар ойлголттой болдог. Болохгүй хэсэгт хүн хүрэхэд мэдээлэл өгөх хэмжээний мэдлэгийг хүүхэд олж авсан байх учиртай. Бэлгийн боловсрол, хүчирхийлэл гэж юу болох талаар эцэг, эхчүүд мэдээлэлтэй байх ёстой гэж зөвлөлөө.

Л.Бадамцэцэг “Ураг төрлийн хүчинг дандаа насанд хүрсэн хүмүүс үйлддэг гэж ойлгож болохгүй. Хүүхэд хүүхдээ “оролдсон” тохиолдол бий. Ийм явдал тохиолдоно гэж дандаа бодож явж болохгүй. Гэхдээ цаг үе ямар билээ. Хүүхэд маань хэнтэй байгаа билээ гэдгийг бодолцох учиртай. Зун бүх сургууль, цэцэрлэг амардаг. Манайхан зун хүүхдээ цагаан идээн дээр, эрүүл агаарт амраах гээд ах дүү, хамаатан садны хүүхдүүдийг бүгдийг нь нийлүүлээд, эмээ өвөөгийнд нь хүргээд өгчихдөг. Уржнан гэхэд дөрвөн настай охиныг аав, ээж нь авчирсан. Зуслан дээр ах дүүгийн таван хүүхэд очжээ. Тэнд охиноо дөрөв хонуулаад аваад ирсэн юм билээ. Ирээд аав нь усанд оруулж байсан чинь охин нь ахынх нь хүүхдийн нэрийг хэлээд .. миний бойжгойгоор оролдсон гэжээ. Сандраад юу болж байна вэ гээд бидэнд хандсан. Энэ тухай ахдаа хэлсэн чинь “Юу ярьж байгаа юм бэ. Миний хүү ч гэсэн жаахан хүүхэд шүү дээ. Танай охин худлаа ярьдаг насан дээрээ хэлсэн зүйлийг нь их юм болголоо” гээд муудалцаад, сүүлдээ цагдаа сэргийлэхээр явсан. Охины хэлсэн зүйл нотлогдсон. Гэвч хүчирхийлэл үйлдсэн хүүхэд хэрэг хариуцах чадваргүй гэж үзсэн юм. 13 настай, бэлгийн бойжилтын үедээ яваа хүүхэд байсан. Ийм байдлаас сэргийлэх учиртай. Хол зайтай төрүүлсэн хүүхдүүдээ төрсөн ах, дүү хоёрын хооронд юу болдог юм бэ гээд цуг унтуулдаг. Гэтэл бэлгийн бойжилтын насандаа яваа хүүхдэд хүссэн хүсээгүй бэлгийн дур хүсэл, сэрэл төрдөг. Нойтон зүүдээ мэдэрсэн хүүхэд амьдрал дээр бодитойгоор яадаг юм бол гэж мэдрэхийг хүсч болно. Үеийнхээ охинд хэлбэл зөвшөөрөхгүй. Гар дор байгаа эмэгтэй дүүгээ оролдох гэх мэтчилэн асуудал гардаг. Тухайн гэр бүлийн соёл, хүүхдийн хүмүүжил, хараа хяналт, хүүхэдтэйгээ харьцдаг харилцаа энэ бүгд нөлөөлнө. Аав ээжүүд үүнд анхаарах хэрэгтэй” гэв.

Хүчирхийллийн хохирогч “Хүүхдийн тусламжийн утас” 108 дугаарт хандаж хамгаалалт хүсэх боломжтой. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд нотлох баримтыг устгахгүйн тулд хэрэг гарах үед өмсч байсан хувцастайгаа, биеэ угааж цэвэрлэлгүйгээр Шүүх эмнэлгийн магадланд орох хэрэгтэй гэсэн хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч биелүүлэхэд хэцүү зөвлөгөө ч сонсогдлоо.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан утаснаас гал гарчээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Корпорайт” зочид буудалд гал гарлаа гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн очиж шуурхай ажиллан галыг унтраасан.

Онцгой Байдлын Ерөнхий Газраас “Зочид буудлын суурийн давхарт байрладаг цахилгаан хуваарилах самбарын цахилгааны утаснаас гал гарч, цахилгааны утсаа даган долоон давхар хүртэл шатаад байсан.

“Корпорайт” зочид буудлынхан тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй байсан гэж мэдэгдээд байгаа хэдий ч гал түймрийн улмаас хоёр иргэн угаартсан байдалтай байсныг эмнэлэгт хүргэсэн.

Categories
мэдээ цаг-үе

Т.Сосорбарам: Амьтай, амьгүй нь мэдэгдэхгүй хөлдсөн хүүхдийг амь оруулж, машинтайгаа шатсан хүмүүсийг аварч л байлаа

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, сувилагч Түвшинжаргалын Сосорбарамтай уулзаж ярилцлаа.

-Та сувилагчаар ажиллаад хэдэн жил болов?

-Эгч нь улсад дөчин хоёр жил ажиллаж байна. Улаанбаатарын Анагаахын дунд сургуулийг 1980 онд төгсөөд сувилагчаар ажилласнаас хойш гучаад жил болжээ. Өмнө нь хүүхдийн яслид хүмүүжүүлэгчээр арваад жил ажиллаж байгаад шагналаар хуваарь авч сургуульд орсон юм.

-Сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхлэв?

-Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул хүн л дээ. Анагаахын дундаа төгсөөд л аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт очиж сувилагчийн ажил хийсэн. Манай сувилагчийн ангиас Улсын мэргэжлийн хяналтын албаны мэргэжилтэн Ганчимэг, Госпитальд их эмчээр ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан Цэцгээ, Батсүх, уушгины эмч Сүхээ, Ховд аймгийн их эмч Шинэбаяр нарын олон арван эмч нар төрсөн.

-Сувилагч гэдэг өвчтөнүүдтэй эмчээс ч ойрхон харилцдаг хүмүүс шиг санагддаг?

-Ер нь эмнэлгийн салбарын бүхий л хар бор ажлыг бүгдийг гардаж хийнэ. Сувилагч шаардлагатай үед л эмч нарт хандахаас ямар ч ажлыг хийх мэдлэг, чадвартай байх ёстой. Өвчтөнөө нарийн ажиглаж, асаргаа, сувилгааг хийхээс өгсүүлээд их ажилтай байдаг даа. Угаалга хийх, тариа хийх, өвчтөнөө үзэх, эм тариаг нь цагаар өгөх гээд тоочиж барахгүй ажилтай. Өвчтөнд халдвар дамжуулахгүйн тулд халдвар хамгааллын дэглэмийг сайтар барина.

-Дөчөөд жил ажиллахад өвчтөн нас барах тохиолдол олон л гарч таараа. Мэргэжлээсээ бэрхшээх үе гарч байв уу?

-Өвчтөний ар гэрийнхнээс эмээх, хэлж чадахгүй халгах үе л их хэцүү. Хагацлын гуниг зовлон гэдэг мөн ч хэцүү шүү дээ. Арван гартай бурхан байгаад чиг хүний амь насыг аварч амжихгүй хэцүү явдал тохиолдоно. Аваар осолд орсон хүн ирнэ. Энгийн жирийн үед айлд хүн хутгалчихсан байхтай таарахад л туслахаас аргагүй үе гарна. Өргөсөн тангаргаа бодсон ч, мэргэжлээ бодсон ч туслахаас өөрцгүй үе зөндөө л таарч байлаа. Тэр бүхэнд эмнэлгийн тусламж үзүүлж, хүний амь аварч явсан ч удаа бий. Дуудлага дуудаад эмч иртэл хүнд өвчтөний амийг торгоох явдал олонтаа тулгардаг.

-Хүний амь нас, эрүүл мэнд гэдэг юунаас ч чухал шүү?

-Би нэг удаа Манхан суманд амарч яваад дуудлага өгсөн эмч ирж амжаагүй үед хүндрэлтэй эх төрөхөд эх барьж авч байсан. Би эх барих сувилагч биш болохоор олон хүүхэд эх барьж аваагүй ээ. Тэгэхэд надаар эх бариулсан хүү одоо жигтэйхэн сайхан өсөж томроод намайг “Хүйн ээж” гэж хүндэлж явдагт баярладаг даа. Бүр эзгүй хээр төрсөн хүүхэд л дээ. Эмч нартайгаа хамт дуудлагаар явж хөлдсөн хүүхдийг хүртэл амь оруулж л явлаа.

-Хөлдөөд бүр ухаан алдчихсан байв уу?

-Амьтай, амьгүй нь мэдэгдэхгүй, зүрхний цохилт байхгүй болтлоо хөлдчихсөн хүүхдийг олон өдөр, цагаар ноцолдсоор босгоод л авсан. Гуравдугаар эмнэлэгт ажиллаж байгаа Монгол Улсын гавьяат эмч Отгоншарын багт ажиллаж байсан тохиолдол юм байна.

-Та хэдэн хүүхдийн ээж билээ?

-Би таван хүүхэдтэй. Хотод хоёр нь, Ховдод гурав нь аж төрж байгаа. Миний хүү Гантөмөрийн Гантулга Ховд аймгийн сэхээн амьдруулахад сувилагчаар ажиллаж, хүний алтан амь аврахын төлөө зүтгэж яваад баяртай байдаг.

-Ямар тасгийн сувилагч хийх их хэцүү байдаг бол?

-Мэс заслын тасагт л хамгийн хүнд хүмүүс ирдэг. Аваар ослын үед олуулаа гэмтэж бэртсэн хүмүүс ирэхэд яг л дайны үе шиг санагддаг. Гал түймэрт шатсан хүмүүс олноороо ирнэ. Энэ бүхэн зүрх үхмээр хэцүү. Гэвч, энэ бүхнээс халширч ухарч байсан удаа байсангүй дээ.

-Онгоцны ч юм уу, машин тэрэгний хүнд осолд олноор өртсөн хүмүүс ирж байв уу?

-Гай гэдэг хэлж биш хийсч ирдэг болохоор тийм тохиолдол их гарна. Ерээд оны эхээр спирт хууль бусаар ачиж явж байгаад “УАЗ-469” машинтайгаа шатсан олон хүн ирж байсан. Тэгэхэд бид чадлынхаа хэрээр тусламж үзүүлж, бүгдийнх нь амь насыг авран эдгээсэн дээ. Манай тасгийн эмч Даваахүү гавьяат гэж биднийг багаар нь удирдаж чаддаг мундаг эмчийн л гавьяа л даа.

-“Сувилагч тандаа баярлалаа” гэсэн сайхан дуу байдаг. Гэхдээ амьдрал гэдэг дууны хийсвэр үг биш. Эмч болчих юмсан гэж бодож мөрөөддөг байв уу?

-Сувилагчийн ангийнхан маань Анагаахын дээдэд ороод, эмч болох тэр үед тийм бодол төрдөг л байсан. Гэхдээ сувилагч гэдэг эмчээс дутуугүй хүний төлөө зүтгэдэг алба болохоор энэ сайхан мэргэжилдээ би хайртай. Тийм ч учраас Ховд аймгийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад тэтгэвэрт гарснаасаа хойш хотод шилжин ирж “Жинст” хувийн эмнэлэгт ажиллаад арав гаруй жил боллоо доо.

-Өнгөрсөн хавар бил үү дээ, эмч нар цалингаа голоод ажил хаях юм болоод байсан. Таны хувьд цалин цуух ямаршуухан байна?

-Ерээд онд далан мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Одооны ханшаар бол долоон зуун мянган төгрөг юм аа даа. Энэ цалин цуухаа голж явсангүй. Боломжоороо амьдралаа болгож бүтээж явлаа.

-Сувилагч гэдэг хүнд баяр баясгалан бэлэглэдэг сайхан мэргэжил. Та төр засгаасаа олон л гавьяа шагнал хүртээ байлгүй?

-Ховд аймгийн хагалгааны сувилагч Бямбажав, Бадамхорол нарын олон сайхан сувилагч нараараа бахархдаг. Тэд маань бүгд л “Алтан гадас” одонгоо авсан. Миний хувьд Ардын хувьсгалын ойнуудын медалиуд, яамны жуух бүгдийг нь авсан. Эмнэлгийнхээ тэргүүний сувилагчаар ч хэд хэдэн удаа шалгарсан. “Алтан гадас”-аа харин авч амжаагүй л байна. Аймгийн Эрүүлийг хамгаалах газрын хүндэт самбарт зургаа байнга л тавиулдаг байлаа даа.

-Тэгвэл сувилагч хүний жаргал юунд байдаг бол?

-Сэхээний тасгаас өвчтөнийг дээшээ тасагт шилжүүлэх л хамгийн их аз жаргалтай мөч байдаг. Аав, ээжид нь үрийг нь, үр хүүхдэд нь аав, ээжийг нь эрүүл энх болгоод хүлээлгэж өгөх шиг буянтай сайхан ажил өөр хаа ч байхгүй. Хүнд өвчнөөс хагацсан хүмүүсийн чин сэтгэлийн баярыг хүлээж авах л хамгийн сайхан. Талархлын дэвтэрт эдгэрч илааршсан хүний бичсэн талархал магтаалын үгэнд сувилагч бид чинь сэтгэл ханаж баярладаг улс даа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс чингэлтэйн замыг хаана

Өнөөдрөөс Чингэлтэйн гудамж буюу Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Camel дэлгүүрээс Чингэлтэй, Хайлаастын уулзвар хүртэл 800 метр замыг өнөөдрийн 22:00 цагаас 22-ны 22:00 цаг хүртэл бүрэн хааж суурь хучилтын ажил хийхээр болжээ. Тиймээс энэ хугацаанд эдгээр замыг сонгохгүй байх нь жолооч нарт цаг, зав, шатахуунаа хэмнэсэн үйлдэл болно гэж албаныхан анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Миний офшоор амьдрал

-ФЕЛЬЕТОН-

Анхны офшоорыг илрүүлсэн гавьяа хүүхнүүдэд ногдоно. Нөхрийнхөө цамцыг индүүдэж байгаад хармайнаас нь 100 цаас илрүүлсэн эхнэр нь “яадаг шаар вэ, овоо муу шаар вэ” хэмээн бархирсаар гарч ирсэн гэдэг. Эхнэрийн хараал он цагийн эрхээр “Овоо шаар” болтлоо товчлогдсон агаад латинаар галиглагдахдаа “оф шоор” гэгдэж эхэлжээ. Офшоор үүссэн ёс тэр бөлгөө.

Мянга мянган жилийн турш, оёдолчид эр хүний госчоомны нууцгай хэсэгт офшоор халаас гаргасаар… хүн төрөлхтөн офшоор хоёр хүйн холбоотойг гэрчилсээр… Харин имж бол байгалиас заяасан офшоор халаастай амьтан гэдгийг зоологичид нэгэн дуугаар зөвшөөрдөг.

Орчин үеийн офшоорын жишээ болсон Панама гэдэг нэр нь сийрсэн малгайныхаа хүрээнд 100 доллар хавчуулаад жил тойрон баригдалгүй пяавдаж чадсан латин эрийн баатарлаг түүхтэй холбогдоно. Мөнгөө амжилттай офшоордож байсан панама хэмээх сийрсэн бүрхнийх нь нэр ийнхүү мөнхөрсөн бөлгөө.

Хүн төрөлхтний түүх офшоороор баялаг. Монгол нутгаас эртний офшоорын үнэлж баршгүй олдвор нээгдсээр. Хадны хөндийд хичээнгүйлэн нуусан шаант чөмөг Гурван цэнхэрийн

зарим болчимгүй этгээд олон хоносон офшоор хуушуур зарж, хүний гэдэс өвтгөсөн тохиолдол ч байдаг.

Социализмын жилүүдэд монгол малчид олон тооны хонь ямаагаа офшоордон тооллогоос нууж байсан хэмээнэ. Тэр үеийн хотошсон монголчуудын хамгийн түгээмэл офшоор нь хэдэн

цалингаасаа “жимийсэн” мөнгөөрөө авгайдаа хэлэлгүй бүрдүүлсэн бол яах аргагүй офшоор хадгаламж болно.

Томчууд нуудгайгаа “офшоор эхнэр” гэж нэрлэх болсон ба “Офшоорындоо хонолоо, офишиалынх руугаа гарлаа” гэхчилэн ярилцах болжээ. Хүний эрхийг хамгаалагчид “офшоор

зарим эрхтнийг ч офшоор эрхтэн гэж нэрлэх санал гарчээ. Гарч байгаа төдийгүй нийгмийн халдварт өвчнийг анагаадаг нэгэн эмнэлэг “Офшоор эрхтний эмнэлэг” гэсэн хаяг зүүсэн харагдана.

Хууль зүйн яамны эротикийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжид “хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний биеийн офшоор хэсгүүдийн зураг дүрсийг үзүүлэхгүй бөгөөд офшоор эрхтнийг харуулах болбол сээтэг тавих юм уу “+18” тэмдэглээ хийнэ” хэмээн зааварлажээ.

Нохой энд тэнд шороо ухаж, булууны яс нуух дуртай байдаг үзэгдлийг судалсан эрдэмтэд “хүний нөлөөгөөр гэрийн тэжээмэл амьтанд үүссэн офшоор инстинкт” хэмээн дүгнэжээ. Гэрийн муур баасаа нуудаг занг ч үүнтэй холбон тайлбарлаж байна.

Бидний эргэн тойронд “Цаадах чинь офшоор хадгалж чаддаггүй ам султай хүн”, “асуудлыг офшоор байдлаар энүүхэндээ ярилцъя”, “ төрийн офшоор задлаад асуудалд орсон гэнэ” гэхчилэнгийн яриа гарах болсон нь манай гариг офшоорлогдож байгаагийн жишээ гэлтэй.

Шинэ юм амархан ээнэгшдэг хойно, ачийнхаа шинэ дээлийг мялааж буй өвөө нь “Хойд хормойд нь хоёр офшоор, дотоод хормойд нь долоон панаам…урт настай удаан офшоортой…”хэмээн ерөөж, цаад бацаан нь сэтгэл хангалуун толгой дохиж байсан гэдэг. Гэхдээ энэ юу ч биш. Саяхны нэг шүүх хурал дээр гэрчийн этгээдийг дуудаж босгоод, Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад “Би офшоордохоо, зөвхөн офшоордохоо амлая” хэмээн андгайлахыг шахсан гэж байгаа. За танилцах зар бол аль хэдийнэ “офшоортой хүнтэй, нас харгалзахгүй …” хэмээн эхэлдэг болоод удаж.

Офшоор ёсон шашныг ч тойрсонгүй. Тэдний номлодгоор бүрлээч болсон хүний сүнс 49 хоног офшоор зоонд байж байгаад дараа нь төрлөө олдог гэнэ. Хий үзэгдэл, чөтгөр гэдэг бол офшоор хүн юм байна. Сая л дууллаа.

Офшоор судлаач миний бие энэ ажлын амтанд хар нялхаасаа орсон гэхэд болно. Эмээ маань айхавтар офшоорч нэгэн байсан ба миний дуртай чихрүүдийг орны хөндий, дэрийн ширгүү зэрэг офшоор зоонуудад байнга нуух боловч ард түмний хурц хараанаас мултарсан удаа нэгээхэн ч үгүй. Нэг удаа аргалын бүтээлэг доогуур офшоордсон гялгар ууттай чихрийг илрүүлсэн нь санаанд үлджээ. Төрөлхийн антиофшоорч үзэлтэй төрсөн миний бие эд мөрийн баримтыг барьсаар үнээ сааж байсан ард түмэн дээр очиж, эмээгээ илчлэн шударга гарын жаргалыг амссанаа сананам. Эмээ маань эргэн тойрон байгаа үхрүүдийн нүдэн дээр намайг яаж ч чадаагүй учир дэмий л хацар дээр үнсээд хоёр чихрээр авлигадсан бөлгөө. Тэр цагаас хүний өөрийн ялгаагүй офшоорыг илчлэх нь ихээхэн унацтай ажил гэдгийг ухаарсан болно.

Сүүлийн үед шинжлэх ухааны салбаруудад офшоор аргачлал нэвтэрсээр. Монголын говиос олдож буй үлэг гүрвэлүүд бол нэг ёсондоо офшоор зоонд үлдсэн амьтан гэх үзэл ихээхэн хүчтэй болов. Саяхан олдсон нэгэн үлэг гүрвэлийг Панамын дуулианыг бэлгэдэн Панамус офшоорзаврус хэмээн нэрлэх болсон байна.

Нээрээ, Панамын сүлд дуулал “Дархан манай офшоор улс…” гэж эхэлдэг, хүмүүс нь офшоор эрхтэн дээрээ гараа тавьж байгаад дуулдаг гэж сонссоноо хэллүү яалаа, хэлээгүй дээ ч яахав дээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 17-ны Мягмар гарагт 09.00 цагаас:

  • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
  • Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл” сонсох.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 17-ны Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Өрийн удирдлагын тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хотын захиргааны гурван давхар “пин”-гээ бас л буулгахгүй гэнэ” нийтлэл нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Тус сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын ярилцлага оржээ. Тэрээр “2015 онд бид Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан. Харин энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг бол эрүүгийн хуулийг яг амьдралд хэрэгжүүлэх үйл явцыг заасан зүйл л дээ. Бид процессын хууль гэж ярьдаг” гээд нэлээд дэлгэрэнгүй ярилцжээ. Түүнчлэн энэ дугаарт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой хийсэн сонирхолтой ярилцлага оржээ. Тэрээр “Улстөрч хүн амласнаа биелүүлж, үнэнээ ярьдаг байх нь үнэт зүйл юм” хэмээн томъёолжээ. Мөн “Монгол Улс УИХ-ын сонгуулиа долоо дахь удаагаа явуулах гэж байна. Үнэхээр ч өмнөх зургаан удаагийн сонгуулиар энэ жилийнх шиг оройтож хуулиа өөрчилсөн хариуцлагагүй явдал гарч байсангүй. Мэдээж амьдрал баян болохоор хуульд өөрчлөлт оруулах, бага зэрэг засвар хийх асуудал гарч болно. Гэтэл энэ удаа сонгуулийн санал хураалт болоход сар хагасын хугацаа үлдээд байхад тогтолцоогоо, тойргоо өөрчилж байгаа нь улс төрийн намууд, сонгогчдыг эргэлзээтэй байдалд оруулж, иргэдийн улстөрчдөд итгэл итгэлийг улам алдагдуулсан үйлдэл болж байна” хэмээн ярьжээ. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт гуравдугаар нүүрт энэ удаа “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, “Болор цом”-ын эзэн Норовын Гантулгын ““Хотын захиргааны гурван давхар “пин”-гээ бас л буулгахгүй гэнэ” нийтлэл нийтлэгджээ.

Энэ дугаараас та бүхэн сүүлийн үед нэлээд нийгэмд үймээн үүсгээд буй улаанбурхан өвчний талаарх, хэрхэн вакцинд хамрагдах тухай мэдээллийг цогцоор нь авах болно. Мөн Америкт алга болсон Монгол бүсгүйн талаар шинэ мэдээллийг авах боломжтой юм. Сүүлийн үеийн нийтийн дууны ханхүү, гүнжээр тодроод буй Сөрөлт, Түмэн-Өлзий нарын тоглолтын талаарх мэдээлэл болоод тоглолтын үеэр байрны урьдчилгаа бүхий 25.801.400 төгрөгийн эрхийн бичиг хожих азтай үзэгч тодруулах юм байна. Ингээд жүжигчин, дуучин Д.Сөрөлтийн ярилцлагыг та бүхэн мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ