Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайн хашаа ба муу жорлон

“Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжихээр болж байна. Засгийн газар, нийслэлтэй хамтраад айл өрхийг сайн хашаа хороотой болгохын тулд ийн анхаарал хандуулж байгаагийн цаад учир нь хот суурин газрын хөрсний бохирдлоос сэргийлэхэд оршиж байгаа. Нийслэлд 107 мянга орчим өрх хашаа байшинд амьдарч байна. Гэр хорооллыг нэг л өглөө орвонгоор нь нүүлгээд оронд нь өндөр орон сууцнууд сүндэрлүүлчихэж чадахгүйгээс хойш цэвэр, бохир усны шугамд холбогдсон боловсон байлгахаар шийдэхийн тулд уг хөтөлбөрийг боловсруулжээ.

Нөгөө талдаа гэр хороололд амьдарч байгаа хүмүүс цэвэр, халуун ус өдөр тутамдаа хэрэглэх эрхээ эдэлнэ гэсэн үг. “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд шаардлага хангасан айл өрхүүдэд таван жилийн хугацаатай, 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгох бөгөөд зээлийн эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс дээш гарчихвал 50 хүртэлх хувийг нь төр болон хот хариуцах маягаар эхний нэгээс хоёр жилд зээлийн төлбөрөөс чөлөөлөх зохицуулалт хийх юм байна.

Ингээд эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа нийслэлийн 69200 өрхөд чиглэсэн бодлого явуулах бөгөөд нийтдээ 200 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулахаар болжээ. Уг хөтөлбөр нийслэлд амжилттай хэрэгжсэний дараа аймгийн төвүүдийн гэр хорооллыг ийм маягаар өөрчлөх төлөвлөгөөтэй.

Сайн хашаа гэхээр гадна өнгө үзэмж, будаг шунх, гэрэл чийдэн, хаалга үүднээсээ эхлүүлээд дотоод тохижилт гэх олон үзүүлэлтийг харгалзах байх. Мэдээж нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах зорилготой уг хөтөлбөр яг айл өрх бүр дээрээ очвол арай өөр болж ирнэ л дээ. Айл тус бүр бохир, цэвэр усны асуудлаа шийднэ гэвэл хүндрэлтэй. Тиймээс энэ хөтөлбөрт хамрагдсан, эрүүл сайхан газарт очсон айл өрхүүд гудамжаараа ч юм уу, хэд гурваараа нэгдэх маягаар боловсон жорлонтой болж хөтөлбөрийн ид шидийг үзүүлэх боломжтой.

“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдахыг хүсч байгаа, хүсэлт гаргах айл өрхүүдэд “Ерөөсөө газар ухаж нүхэн жорлон хийж болохгүй” гэх хатуу шаардлагыг нэгдүгээрт тавих хэрэгтэй.

Манайх шиг ингэж газар ухаад тэрэн дээрээ хоёр банз тавиад сууж байдаг үндэстэн энэ дэлхий дээр үлдсэнгүй. Аль л дунд зууны үед барьж байгаад 1800-гаад оны сүүл үеэс хэрэглээнээс шахагдсан нүхэн жорлон гэдэг чинь хамгийн л бохир заваан амбаар шүү дээ. Гэдэсний элдэв халдварт өвчин, хөрс, усны бохирдлын гол шалтгаан нь энэ жорлон. Нийслэлийн хөрсний 95 хувь нь бохирдолтой. Уг бохирдлын хамгийн том шалтгаан нь нүхэн жорлон. Өвөл нь хөлдөж дүүрээд, зун нь өт, батгана шавуулаад, үнэр танар нь дотор муухайруулаад огиулдаг. Ийм л муухай зүйлийн босгыг элээсээр бид удлаа. Засгийн газраас анхаарал хандуулж “Сайн хашаа” гэх гоё нэртэй хөтөлбөрийн нэрээр нүхэн жорлонгуудыг устгах гэж байгаа энэ аяныг бүгд дэмжин хүлээж авч байгаа. Олон нийтээрээ дэмжиж, даруй хэрэгжүүл хэмээж байгаа энэ үед уг хөтөлбөрт хамрагдаж зээл авах гэж байгаа айл өрх, иргэнд боловсон маягаар бохирын асуудлаа шийдээрэй. Нүхэн жорлонгоос зуун хувь татгалзана шүү гэдэг шаардлагыг хатуу тавьчих хэрэгтэй л дээ, анхнаас нь. Ийм шалгуурыг л нэгдүгээрт тавибал “Сайн хашаа” хөтөлбөрийн бараг 50 хувь нь хэрэгжчихлээ гэж ойлгож болно.

Анхнаас нь заагаад, толгойд нь суулгаад өгчихвөл айлууд тус тусдаа бохирын асуудлаа шийдэхээс илүүтэй хөршүүд, гудамжны айлуудтайгаа нийлээд сантехникийн асуудлаа зохицуулчихвал өртөг нь хямд тусна гэдгийг хэлүүлэлтгүй мэднэ. Ингээд хамтраад шийдчихсэн тохиолдолд харин хотын зүгээс тодорхой хугацаанд хогны машин явж хог ачдаг шиг бохирын машин явуулж бохирыг нь соруулж цэвэрлэчихэж болно. Иймэрхүү механизмаар дахиад хэдэн жил өнгөрөхөд аяндаа нэгдсэн шугам сүлжээтэй болоод зөв чигтээ орчих байлгүй. Хөтөлбөр эхлүүлэх нь яах вэ. Эхэлнэ. Хамгийн гол нь уг хөтөлбөрт хамрагдах айлуудад “Дахин нүхэн жорлон ухна гэж зүүдэлсний ч хэрэггүй шүү” гэдгийг гэрээний журам энэ тэр нь хатуу сануулаад өгчихөөрэй. Тэгвэл сайн хашаатай болцгоож, муу жорлонгоосоо салцгаана.

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн ордыг ашиглах тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. УИХ-ын тогтоолын төслийг Л.Эрдэнэчимэг, Р.Амаржаргал, Д.Арвин, О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Б.Болор, Х.Болорчулуун, Р.Бурмаа, С.Ганбаатар, Д.Ганбат нарын гишүүд санаачлан, боловсруулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 26-р зүйлийн 1 дэх хэсэг, УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ дагуу уг тогтоолын төслийг санаачилж буйгаа тэд мэдэгдсэн байна. Тиймээс уг асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсчээ.

Уг тогтоолын төсөлд:

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасан. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бөгөөд Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор тус ордыг стратегийн ордод хамааруулжээ.

Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 тогтоолын 3 дах хэсгийн 1/-д “Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон энэ тогтоолын хавсралтуудад нийцүүлэн боловсруулах, шаардлагатай бол холбогдох хуулийн зохих зүйл, заалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулж 2009 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасан.

Мөн Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 5/-д “дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани (консорциум)-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурлын 2010 он намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах” гэсний дагуу Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой байна.

Улсын Их Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 18 өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын Засгийн газрын 2012-1016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Таван толгойн орд газрыг төрийн мэдэлд байлгах. Тус орд газрыг ашиглах зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, компанийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар байгуулан ажиллуулна” гэж заасан.

Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 3-ын 1 дэх заалт болон 2010 оны 39 дүгээр тогтоолын 1-ийн 5 дахь заалтын дагуу Засгийн газар нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой.

Гэтэл олон арван тэрбум доллараар үнэлэгдэх Тавантолгой нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах М. Энхсайхан сайдын ахалсан Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин Хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байна.

Иймд гэрээний төслийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагуудаас гаргасан бодлого, шийдвэрт нийцүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар өмнө гарсан Улсын Их Хурлын тогтоолуудыг нэгтгэн Улсын Их Хурлаас Засгийн газарт баримтлах тодорхой зарчим, удирдамж бүхий тогтоол баталж, Улсын Их Хурлын зүгээс хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж үзэж УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын тогтоолын төсөл санаачлан өргөн мэдүүлж байна.

УИХ-д өргөн барьж байгаа тогтоолын төсөл нь 6 заалттай, 1 хавсралттай байна.

Тогтоолын 1 дэх заалтаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулах зарчмийг тогтоосон бөгөөд хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоолоо. Учир нь Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж”-ийн 2-ийн 1 дэх заалтанд “Ордыг түшиглэн байгуулагдах хувьцаат компанийн Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх хувилбар”-ыг судалж үзэх гэсэн зарчим, удирдамжийг баримталсан болно.

Тогтоолын 2 дах заалтаар Монгол улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн.

Тогтоолын 3 дах заалтаар Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоол болон 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хүчингүй болгож байгаа болно.

Учир нь Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Засгийн газрын энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” мөн зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэснийг зөрчиж байна. Иймд тогтоолоор Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын 3 дахь заалтын “…хувьцааг саналын эрхгүй” гэснийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоол нь өмнө гарсан Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон Засгийн газрын тогтоолуудтай зөрчилдөж байна. Иймд Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хүчингүй болгож байгаа болно.

Тогтоолын 4 дэх заалтаар Засгийн газарт холбогдох үүргийг даалгаж байгаа болно. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний эзэмшиж байгаа хувьцаа эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг гэрээнд тусгахыг үүрэг болголоо.

Санхүүгийн зохицуулах хорооны мэдээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 82.89 % буюу 12, 433, 326, 819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд, 17.05% буюу 2,558,175,510 ширхэг хувьцаа 2,475,201 иргэний нэр дээр 0,06% буюу 8,497,671 ширхэг хувьцаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн нэр дээр тус тус бүртгэлтэй байна.

Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцаа болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний эрх ашгийг хангасан зохицуулалтыг Тавантолгойн ордыг ашиглах Гэрээнд тусгах үүргийг Засгийн газарт өгөх заалтыг Улсын Их Хурлын тогтоолд тусгах нь зүйтэй гэж тогтоол санаачлагчид үзлээ.

Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах шийдвэрийг гаргахдаа улс орны үндэсний аюулгүй байдал, нийт ашиг сонирхол, хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг уялдуулж алдаагүй, зөв шийдвэрлэх нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх тул Улсын Их Хурлаас онцгойлон анхаарч, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжийг батлах зайлшгүй шаардлагатай юм.

Иймд тогтоолын 5 дахь заалтаар хавсралт баталж байгаа бөгөөд уг хавсралтаар Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад баримтлах чиглэл, удирдамжийг батлах, гэрээний төслийг холбогдол хууль тогтоомж, эрх бүхий байгууллагуудаас гаргасан тогтоол шийдвэрт нийцүүлэх, тогтоолын хавсралтаар батлагдсан удирдамж, чиглэлийг баримталж хөрөнгө оруулагчтай гэрээний нөхцлийг тохиролцох үүргийг Засгийн газарт өгч байгаа болно.

Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Тавантолгойн нүүрсний ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрт баримтлах зарчим, удирдамжийг баталсан. Энэ зарчим, удирдамжийг одоогийн нөхцөлд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулан шинээр баталж байна. Ингэснээр Засгийн газар Хөрөнгө оруулагч нартай маш тодорхой удирдамжтай хэлэлцээр хийж, төрийн эрх ашгийг хамгаалах боломжтой болно.

Тогтоолын төсөл батлагдснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн дараах үр дагавар бий болно. Үүнд:

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтанд ялсан Консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүдийг үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш заалтуудыг өөрчилж, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангах, Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх боломж бүрдэнэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2,558,175,510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2,475,201 иргэн болон 8,497,671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ авах боломж бүрдэнэ.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд заасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртлэх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг авах боломж бүрдэнэ.

Засгийн газрын Ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах гэрээний төслийг бэлтгэхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжтай болно.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа Монгол улсын гадаад бодлогод баримтлаж буй Гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ.

Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудал цогцоор шийдэгдэнэ.

Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээг Монгол улсын эрх ашгийг хангасан нөхцлөөр амжилттай байгуулах, Тавантолгойн нүүрсний ордыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах төслөөс Монгол Улсын хүртэх үр ашгийг дээшлүүлэх, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах нөхцөл бүрдэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдийн уран бүтээлийн “Болор сарнай” наадам болно

Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос хүүхдийн уран бүтээлийн шилдэг ном, бүтээл шалгаруулах “Болор сарнай” наадмыг ирэх 6 дугаар сард зохион байгуулахаар болжээ. Яруу найргийн “Болор цом”, үргэлжилсэн үгийн “Алтан өд” гэх зэрэг томчуудад зориулсан наадам байхаас хүүхдэд зориулсан уран бүтээлийн наадам огт байгаагүй юм.

Иймээс Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос санаачлан анх удаа хүүхдийн шилдэг уран бүтээл шалгаруулах “Болор сарнай” наадмыг зохион байгуулахаар болжээ. Эл наадамд 2015 онд хүүхдэд зориулагдан туурвигдсан бүтээл байх бөгөөд шүлэг, яруу найргийн ном, үргэлжилсэн үгийн зохиол, шүүмж судлалын бүтээл гэх төрөл зүйлээр уран бүтээлчид өрсөлдөх юм байна.

Өрсөлдөх бүтээлүүдийг 05-р сарын 25-ны 16 цаг хүртэл Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн харьяа Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн байр (Баянзүрх дүүрэг, 12-р хороолол, 58-р байр. Утас: 99172843)-нд хүлээн авах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван түймрээс хоёрыг нь цурманд оруулжээ

Орон нутагт энэ сарын 14-нд буюу өнгөрсөн амралтын өдөр ой хээрийн гурван түймэр ассан байна. Тодруулбал Завхан аймгийн Идэр сумын Дархан-УУл багийн нутагт оршдог Идэрийн эхийн доод модод хэмээх газарт ой, хээрийн түймэр ассан байна.Уг түймрийн дуудлага 15-ны 18:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирж дуудлагын дагуу 12 гал сөнөөгч ажилласан байна. Тэд орон нутгаас дайчилсан 20 иргэний хамт түймэр унтрааж байгаа аж.

Мөн Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн Сайхан гэдэг газарт дэгдсэн ой, хээрийн түймрийг тус сумын 50 иргэн цурманд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүргийн ХХ хороо Баянзүрх хайрханы Сүүл даваанд гарсан түймрийг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 61 гал сөнөөгч, байгаль орчны газрын 15 ажилтан, цагдаагийн хэлтсийн таван албан хаагч тухайн оройдоо цурманд оруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Баасан гарагт “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шалгаруулалт болно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Монгол цэргийн жавхаа” уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг 04 сарын 11-нээс 04 сарын 23-ны өдрийн хооронд зохион байгуулж, дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулсан. Хоёрдугаар шатны шалгаруулалт 05 сарын 20-ны өдөр буюу Баасан гарагт Батлан Хамгаалахын Их сургууль дээр болж, эхний шатанд шалгарсан 9 ангийг дүгнэнэ.

Харин ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, иргэн цэргийн бахархалын өдөр, найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдааныг 05 сарын 28-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах юм. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгоно. Өнгөрсөн жилийн уралдаануудад цэргийн анги, байгууллагууд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн тохижилтийн ажлыг хийжээ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эдийн засгийн өсөлтөөс илүү хүртээмжтэй өсөлт чухал”

Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкнаас Сангийн яаманд үзүүлж буй “Монгол Улсад хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” техникийн туслалцааны хүрээнд хийгдсэн нийт судалгааны дүнг хэлэлцүүлэх, мөн тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтийг хангах чиглэлээр Сангийн яамнаас авч хэрэгжүүлэх бодлого, ажлыг танилцуулах үүднээс “Эдийн засгийн өсөлтийг тэгш хүртээмжтэй болгох нь” сэдэвт уулзалтыг өнөөдөр Сангийн яаманд зохион байгууллаа.

Тус уулзалтад Сангийн яам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын валютын сан, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Уулзалтаар “Хөгжлийн бодлого төлөвлөлт: Одоо ба ирээдүй”, “Дунд, урт хугацаанд хүртээмжтэй өсөлтийг дэмжих бодлого ба хөрөнгө оруулалт”, “Хүртээмжтэй өсөлт ба Азийн хөгжлийн банк”, “Төслийн үр дүн, судалгааны ажлын гол дүгнэлтүүд”, “Туршилтын төсөл 1,2-ын нэгдсэн дүгнэлт”, ”‘Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь, чадавх бэхжүүлэх ажлын тайлан” зэрэг сэдвээр Сангийн яам, Азийн хөгжлийн банк, “Хүртээмжтэй өсөлт” төслийн холбогдох албаны хүмүүс илтгэл тавилаа.

Сүүлийн жилүүдэд олон улсын зүгээс эдийн засгийн өсөлтөөс илүүтэйгээр хүртээмжтэй өсөлт, тогтвортой хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс Монгол Улс ч мөн энэ асуудлыг анхааралтай авч үзэж шаардлагатай учраас өнөөдрийн уулзалтыг зохион байгуулжээ.

Өнгөрсөн онд “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль” батлагдсан. Уг хууль батлагдсанаар хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлага зэргийг тодорхой болгосон гэдгийг албаныхан онцолж байна.

Энэ оны 2 дугаар сард УИХ-аас “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, 05 дугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар “Хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах нийтлэг журам”-ыг хэлэлцэн баталсан. Уг нийтлэг журмыг дагаж мөрдсөнөөр хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулахдаа суурь судалгаанд үндэслэх, бусад холбогдох бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийг бодитой тооцох, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд ашиглагдах шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох боломж бүрдэж, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтийг хангах хууль, эрхзүйн орчин бүрдсэн гэдгийг холбогдох албаныхан хэллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Яг одоогийн байдлаар нийт гишүүдийн 28 нь хуралдаа суухаар ирцээ бүрдүүлсэн байна. Тиймээс УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж чуулганы танхимд орж ирж ирцээ бүрдүүлэхийг уриаллаа.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл” сонсох. Асуудлууд хэлэлцэх асуудлын хуваарьт багтжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш сулрах төлөвтэй байна

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 2003 төгрөг байна. 5 дугаар сарын эхний долоо хоногт эргэн өсөх хандлагатай байсан ам.долларын ханш сулрах төлөвтэй байна. Арилжааны банкуудад ам.долларыг 2000-2002 төгрөгөөр худалдан авч 2014-2018 төгрөгөөр арилжаалж байна. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2008-2012 төгрөгөөр худалдан авч, 2010-2015 төгрөгөөр арилжаалж байна. Энэ сард Оюутолгойн хөрөнгө оруулалтын эхний ээлжийн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эдийн засагт орж ирснээр цаашид ам.долларын ханш сулрах төлөвтэй байна.

Categories
мэдээ спорт

Боксчин бүсгүйчүүд Астанад тулалдана

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 19-нд Казахстаны Астана хотод болно. Дэлхийн аваргад 73 орны 326 ширэн бээлийтэн өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. ДАШТ-ий олимпийн жин болох 51, 60, 75 кг-д авсан боксчид Риог зорих тийзээ захиалах юм.

Манайхаас дэлхийн аваргад 48 кг-д Л.Алтанцэцэг, 51кг-д М.Нандинцэцэг, 54 кг-д Т.Болортуул, 57 кг-д М.Гүндэгмаа, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 64 кг-д Н.Баянцэцэг, 69 кг-д Э.Эрдэнэтуяа нар тулалдана.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь байнгын хороод хуралдана. Байнгын хороод үдээс хойш 14.00 цагт эхэлж хуралдах юм байна.

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Өрийн удирдлагын тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг шийднэ.