Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмыг Н.Наранбаатар найруулна

Өнөөдөр болсон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаанаар энэ жилийн баяр наадмын найруулагчийг зарлажээ. Тэгвэл Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн Төрийн их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар найруулахаар болсон байна. Дашрамд дурдахад, сүүлийн хоёр жил Төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарам найруулан тавьсан байдаг.

Categories
мэдээ нийгэм

“Босоо хөх Монгол”-ын дөрвөн хүнийг хорьсон байна

“Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг цагдаагийн байгууллагаас хорьсон гэх мэдээлэл байна. Энэ талаар тус байгууллагын тэргүүн П.Шинжээравдангаас тодруулахад үүнийг баталлаа. Гэхдээ одоогоор ямар шалтгаанаар хорьсон эсэх нь тодорхойгүй байна. П.Шинжээравдан “Юунаас болж хорьсныг нь сайн мэдэхгүй байна. Миний хувьд энэ талаар сайн мэдээгүй байж байгаад өглөө ар гэрийнхнээс нь л сонслоо. Гол нь өнгөрөгч бямба гаригт UB palace-т эх орончдын чуулган зохион байгуулж 1000 гаруй хүн цугларсан. Үүнээс шийдвэр гаргаад оффшор данстангуудын бүрэн эрхийг түдгэлзүүлье, нэр дэвшүүлэхгүй байя гэсэн санал гаргаад Засгийн газар, Улсын ерөнхий прокурорт өгсөн. Үүнтэй холбоотой болов уу гэж хардаж байна. Энэ улсуудыг эртхэн дарж авъя гэж л бодсон болов уу л гэж хардаж байгаа” гэлээ. Харин албан сурвалжуудаас авсан мэдээллээр тус хөдөлгөөнийхөн гадаадын иргэдийг айлгаж, сүрдүүлсэн хэрэгт сэжиглэгдэж буй ажээ.

Categories
мэдээ улс-төр

С.Ламбааг ЭМСС-аар томилуулахаар санал болгов

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. С.Ламбаа нь одоо Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.

Сайдын суудалд өмнө нь Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өргөн мэдүүлж байсан ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн олонх нь “Дэмжих боломжгүй” хэмээн үзсэн. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналаа татан авч буйгаа мэдэгдсэн юм. Харин өнөөдөр С.Ламбааг Засгийн газрын гишүүнээр томилуулах саналыг ийн мэдүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Зөрчлийн оноог цахимаар шалгадаг болжээ

Жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгадаг болжээ. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын www.service.police.gov.mn сайтаар орж, регистерийн дугаар, жолооны үнэмлэхийн дугаараа бичин онооныхоо мэдээллийг харж болох юм байна. Мөн энэ сайтаас иргэд жолоодох эрхийн лавлагаа, гомдол гаргах, эрэн сурвалжлагдаж буй иргэдийн мэдээлэл, ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт гээд бүх талын үйлчилгээг авч болох аж. Мөн алга болсон иргэдийн мэдээлэл өгөх, авах, гэмт хэргийн цахим зураглал гаргах зэргээр хандаж болохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Чингэлтэйн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Камел дэлгүүрээс Хайлааст руу салах уулзвар хүртэлх 0,7 км авто замын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны 06:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 22-ны 06:00 цаг хүртэл хөдөлгөөнийг хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв” чиглэлийн замналыг дараах байдлаар өөрчилнө.

Авто зам засварын ажлын үеэр тухайн чиглэлд үйлчилдэг 13 их багтаамжийн автобус Чингэлтэйн замаас Хайлааст руу салах уулзварааас буцаж эргэн батлагдсан замналын дагуу үйлчлэх бөгөөд авто замын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлгөөн хязгаарласан хэсгээс цааш “Зүрх-Уул” хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх боломжгүй байгаа юм.

Мөн Баянзүрх дүүрэг 5, 22 дугаар хорооны Монелийн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд одоогийн байгаа автобусны эцсийн зогсоолоос цааш 0,5 км авто замыг засварлах тул 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөдөлгөөнийг хааж хязгаарлана.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:19/а/ “Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар”, Ч:19/б/ “Монелийн 38-Сансар-Офицеруудын ордон”, Ч:35 “Монелийн 38-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС-11-р хороолол” чиглэлийн автобусууд Монелийн 35 – 2 буюу 430-р худагны зогсоолоос буцаж эргэн батлагдсан замналын дагуу үйлчилнэ.

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.17/ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун өргөн мэдүүллээ.

Улсын хэмжээнд 6 тусгай сургуульд нийт 1574 орчим хүүхэд суралцаж байгаа бөгөөд эдгээр сургуулиуд нь бүгд нийслэл хотод байрладаг. Хөдөө орон нутагт мэргэжлийн тусгай сургууль байдаггүй тул эцэг эхчүүд хүүхдээ сургахын тулд орон нутгаас хотод шилжин ирж хүүхдээ тусгай сургуульд суралцуулдаг юм. Мөн тусгай сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь амьдрал ядуу, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай нэмэлт асаргаа, сувилгаа, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах нь тэдний эрүүл мэнд, бие эрхтний хөгжлийг дэмжин, бэрхшээлийг нь даамжруулахгүй байхад чухал нөлөөтэй байдаг. Иймд 2013 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт “Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.” гэж нэмж тусгасан юм. Энэ заалт нь тусгай сургуулиуд болон тусгай сургуульд хүүхдүүдээ суралцуулдаг эцэг эхчүүдийн талархлыг хүлээж, амжилттай хэрэгжиж байсан талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Дээрх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн тусгай сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид үдийн хоол олгох асуудлыг нэмж тусгах шаардлагатай хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан байна. Одоогийн байдлаар нийт ерөнхий боловсролын 6 тусгай сургуулийн 1574 сурагчийн өдрийн цайны мөнгө болох өдөрт 600 төгрөгөөр тооцоход нэг хичээлийн жилд 187,0 сая төгрөг бөгөөд 2015-2016 оны төсөвт тусгагдсан хэрэгжиж байсан арга хэмжээ юм. Харин уг хуулиар зохицуулагдахгүй тохиолдолд 2016-2017 оны хичээлийн жилээс эдгээр сурагчдын үдийн хоолны зардал хасагдах бөгөөд хуулийн зохицуулалтгүй болох юм.

Хуулийн төсөлд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох нөхцөл” гэсэн 15 дугаар зүйлд “Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.” гэсэн хэсгийг мөн Засгийн газрын санал болох 10 дугаар зүйлд “Хөгжлийн бэрхшээлтэй хүн нь нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино.”, 16 дугаар зүйлд “Ерөнхий боловсролын сургуулийн эмч, бага ангийн багш болон цэцэрлэгийн эмч, багшид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч сар бүр нэмэгдэл олгоно.” гэж нэмэхээр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол болно

Монгол улсын Үндэсний номын сан нь Дэлхийн музейн өдрийг тохиолдуулан номонд зориулсан дэлхийд цор ганц “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгуулах гэж байна. Энэхүү гэрэлт хөшөө нь Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Данжуурын 226 боть номыг 1924 онд Монгол улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар хүндтэй юм.

Монголын музейн анхны дарга “Чөтгөр” хэмээх Н.Дэндэв гуай Судар бичгийн хүрээлэнгийн захирал С.Жамъянтай тохиролцооны дагуу “Монгол Данжуур”-т зориулсан хөшөөг 1928 оноос эхлэн 27 жил бүтээсэн байна. Тэрээр гайхамшигтай хурдан хуулбарлан зурдаг байснаас гадна чулуун сийлбэр хийхдээ гарамгай хүн байжээ.
Уг үйл ажиллагааны үеэр нийгэмд эерэг, гэгээлэг мэдээлэл дамжуулах зорилгоор манай номын сангийн фонд болон хувь хүмүүст өгсөн өвөрмөц, сонин содон гарын үсэгтэй номуудаар үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Аливаа гарын үсэг гэдэг өөртөө олон зүйл агуулдаг. Ном бэлэглэж байгаа хүн тухайн агшинд бодогдсон зүйлээ л бичдэг учир элдэв зохиомол, худал хуурмаг юм байдаггүй. Ийм ч учраас гарын үсэгтэй номууд ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал, онцгой учралын он цагийн гэрч болон үлдсэн байдаг. Үүгээрээ энэ үзэсгэлэн онцлог байж, нийгэмд эерэг, гэгээлэг мэдээлэл дамжуулах юм.

Мөн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулиудын 10 дугаар ангийн сурагчдын дунд монгол бичгээр зүйр цэцэн үгийг зөв, сайхан бичих аяны хүрээнд шалгарсан 1080 хүүхдийн бүтээл болох “Мянган эрдэнийн судар” номыг Монгол улсын Үндэсний номын санд гардуулсаныг “Үнэт, ховор номын музей”-дээ залах юм. Ёслол Монгол Улёыйн Үндэсний номын санггийн 1-р давхарт маргааш 11.00 цагт болно.

Categories
мэдээ нийгэм

Наадмыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан болно

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны энэ жилийн эхний хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталсан байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр 11 цагаас Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан болохоор товлогджээ.

Categories
мэдээ улс-төр

МАН ирцээ бүрдүүлээгүйгээс чуулган завсарлав

ИХ-ын чуулган өнөөдөр өглөөний 09.00 цагт зарлагдсан. Гэвч ирц бүрдэхгүй байгаа тул хуралдаж чадахгүй байна. Яг одоогийн байдлаар Ардчилсан намаас 28, МАН-аас нэг, “Шударга ёс” эвслийн дөрөв, ИЗНН-аас хоёр гишүүн ирцээ бүртгүүлсэн гэдгийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаарПрокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл хэлэлцэх асуудлын эхэнд багтсан. Гэвч МАН-ынхан ирцээ бүрдүүлэхгүй “бойкот” хийсэн тул үдээс өмнө хуралдаж чадсангүй хойшлогдож үдээс хойш хуралдахаар боллоо.

Үдээс хойш зарлагдсан чуулганы хуралдаанд МАН-ын гишүүд идэвхтэй оролцохыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн Цогт-Цэций сум гал унтраах ангитай болжээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд Гал түймэр унтраах, аврах III зэрэглэлийн 44 дүгээр ангийг байгуулахаар болсон. Улмаар тус ангид ажиллах албан хаагчдыг сонгон шалгаруулж, Ахлагчийн сургуульд аврагч гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч мэргэжлээр гурван сарын хугацаатай сургаж, ОБЕГ-ын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт томилсон юм.

Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангид ашиглагдах автомашин, техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан өчигдөр тус ангийн бие бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ. Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги нь өнөөдрөөс байнгын үйл ажиллагаа явуулж эхэлж буй юм.