Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганаар Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг асуудалтай
холбогдуулж зарчмын болон найруулгын зөрүүтэй асуудлаар санал хураагаад
эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд
шилжүүллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны
төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай
хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Төсвийн хүрээний мэдэгдэлтэй
холбогдуулж саналтай гишүүд байгаагүй тул Төсвийн байнгын хороонд
шилжүүлсэн юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг
дэмжиж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн
найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг
дэмжиж, БОХХААБХ-нд шилжүүллээ.

Киноны тухай болон холбогдох бусад
хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт
бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын
хороонд шилжүүллээ.

Яг одоо төсвийн төлөв байдлын талаар мэдээллийг Сангийн сайд Б.Болор танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын аянг эрчимжүүлнэ

Улаан бурхан өвчний байдал, түүний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар танилцууллаа. Өмнөх 7 хоногтой харьцуулахад уг өвчний тархалт саарах хандлагатай байгаа ба Засгийн газраас зохих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэснээр улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлж 5 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 624000 хүн хамрагдахаас 139538 хүн хамрагдаж, хамралт 22.4 хувьтай байна.

Энэ ажилд тусгайлан бэлтгэгдсэн 1200 эмч, 350 сувилагч оролцож байгаагийн зэрэгцээ АШУҮС-ийн 550 оюутан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс эмч нарыг татан ажиллуулж байгаа юм байна. Нэмэлт дархлаажуулалтын эрчийг бууруулахгүй ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Categories
мэдээ спорт

Монголын жүдо дэлхийд IV-т эрэмблэгдэж байна

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн
тамирчид “Рио-2016” зуны 31 дүгээр олимпийн наадамд одоогоор 13 тамирчин
оролцох боломжтой болоод байна. Энэ үзүүлэлтээрээ Монголын жүдо дэлхийд
дөрөвдүгээрт эрэмблэгдэж байгаа бөгөөд эрэгтэй 7, эмэгтэй 6 жинд
төлөөллөө оролцуулах боломжтой байна. Манай жүдо бөхийн шигшээ баг
Лондонгийн олимпод 9 эрх авч байсан бол Рио де Жанейрогийн олимпийн
циклд амжилт арвин байж 13 эрхийг өөрийн болгоод байна. Энэ нь жүдо
бөхийн өлгий нутаг Япон, олимпийн наадмыг зохион байгуулагч Бразил,Франц
улсын багийн араас бичигдэж байна. Манай улстай хамт Германы баг 13
эрхтэй дөрөвдүгээрт бичигдэж байгаа бол БНСУ, ОХУ, БНХАУ гэх мэт их
гүрнүүд Монгол Улсын ард бичигдэж байна.


Олимпийн эрхийн сүүлийн Гран При Казахстаны Алматыд болоход эмэгтэй
70 кг-ын жинд зодоглосон ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал мөнгөн медаль
хүртэж чансаагаа 180 оноогоор ахиулснаар дэлхийн чансаа 17 руу дэвшснээр
албан ёсоор олимпийн эрхийн онооны бүст багтсан юм. Улмаар түүний
энэхүү онооны ачаар ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд тивийн куотаар олимпод
оролцох боломжтой боллоо.

Өмнө нь тивийн олимпийн эрхийн куотаар Лондонд гавьяат тамирчин
Доржсүрэнгийн Сумъяа оролцож байсан бол энэ удаад П.Лхамдэгд энэхүү
эрхийг эдлэх боломжтой юм. Гэхдээ энэхүү эрхийн байраа манай тамирчид
олимпийн эрхийн сүүлчийн “World Masters” тэмцээнд хадгалж чадвал Риог 13
тамирчин зорино.

Categories
мэдээ нийгэм

“Саусгоби сэндс”-ийн улсад учруулсан 35 тэрбумын хохирлыг бүрэн авахаар болжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Саусгоби сэндс” ХХК-д ногдуулсан 35.3 тэрбум төгрөгнийн өр төлбөрийг хэлэлцжээ.

Шүүхээс тус компанийг татвараас зайлсхийж, нуун дарагдуулсан гэх 35.3
тэрбум төгрөгөө Монгол Улсад бүрэн төлөх шийдвэр гаргасан. Ингэхдээ
“Саусгоби сэндс” компанийн улсад учруулсан хохирлыг гурав хувааж авахаар
болсон байна. Тодруулбал, нийт
төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг энэ онд, харин 7,5 тэрбум төгрөгийг ирэх
2017 онд төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит
“Эрдэнэс Таван толгой” компанийн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулж барагдуулах санал тавьжээ.

Энэ саналыг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар Засгийн газраас шийдвэрлэжээ.

Түүнчлэн “Саусгоби сэндс” ХХК нь Таван толгойн уурхайд ажиллахад
холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байр,
хоол, цахилгаан, техник хэрэгслийн засвар зэрэг зардлыг бие даан
хариуцах аж. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой” ХК-иас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон байна.

Ийм шийдвэр гаргаснаар улс хохирохгүй шүүхээс ногдуулсан төлбөрийг
бүрэн хэмжээгээр авахын зэрэгцээ тухайн компанийн үйл ажиллагааг ч
зогсоохгүйгээр өр төлбөрийг эцэслэх боломж бүрдэж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар 2016
оны 5 дугаар сарын 18-20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны
айлчлал хийнэ.

БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн
харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан
айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцаа, ялангуяа эдийн
засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцан
сонирхсон асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийх
бөгөөд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Сөүл хотын дарга Пак
Вон Сүн нар Ерөнхийлөгчид бараалхана.

Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол
иргэдтэй уулзахаас гадна Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон
“Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц
уншиж, KBS телевизэд ярилцлага өгнө хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Эх орныг тойрох мото аялал эхэллээ

Монгол Улсыг мотоциклоор тойрон аялах 9000 км-ийн аяллыг МҮОХ-ноос
эхлүүллээ. Монголын үндэсний олимпийн хорооны 60 жилийн ойн хүрээнд
Монголын автомашин мотоциклын холбоотой хамтран уг аялалыг зохион
байгуулж буй юм.

Тус аялал нь Сэлэнгэ аймгаас төрсөн мотоциклын шилдэг тамирчид, спортын
гавъяат дасгалжуулагч Л.Баасанжав, Ш.Эрдэнэбилэг нарт хүндэтгэл үзүүлэх,
алдаршуулах зорилготой юм. Сэлэнгэ мотор спорт клубын аялал нь энэ
сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас гараагаа эхэлжээ.
Өнөөдөр МҮОХ-ны урд талбайд албан ёсны нээлт хийсэн аялагчид эх орны
зүүн зүгт хөдөллөө. Аялал 9000 км зам үргэлжилж, ирэх зургаадугаар сарын
23-нд Олимпийн өдрөөр барианд орно.

Categories
мэдээ нийгэм

”Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдааныг зарлалаа

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний
газраас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх,
нийслэл хотоо хайрлах, хотоороо бахархах, хүүхэд өөрийн үзэл бодлоо
чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин тэдний дотоод ертөнц,
хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харах зорилгоор “Мөрөөдлийн хот” сэдэвт
гар зургийн уралдааныг 05 сарын 16-наас 05 сарын 27-ны хооронд 6-9,
10-13, 14-16 гэсэн гурван насны ангилалд зарлалаа. Бүтээлийг Нийслэлийн
төр захиргааны 4 дүгээр байр /Хуучнаар Улаанбаатар шилэн банк/-ны 1
дүгээр давхарт 102 тоот 08.30-17.30 цагийн хооронд хүлээн авна.

Хүүхэд
багачуудын зургаар дамжуулан ирүүлсэн Үлэг гүрвэлийн музейтэй болох, гэр
хороолол, орон сууцны хороололд цогц тохижилт хийлгэх, дугуйн зам,
явган зам, усан оргилуур, цэцгийн мандал ногоон байгууламж бүхий хоттой
болох зэрэг мөрөөдлүүд эхнээснээ бодит ажил болон хэрэгжиж байна.

Насны ангилал бүрт Нэгдүгээр байр-1, Хоёрдугаар байр-2, Гуравдугаар байр-3, Тусгай байрыг шалгаруулж, урамшуулна.

Нэгдүгээр байр: Гурван зуун мянган төгрөг, бэлэг дурсгалын зүйл
Хоёрдугаар байр: Хоёр зуун мянган төгрөг, бэлэг дурсгалын зүйл
Гуравдугаар байр: Нэг зуун мянган төгрөг, бэлэг дурсгалын зүйл
Тусгай байр: Бэлэг дурсгалын зүйл

Тавигдах шаардлага:

Гар зургийн бүх төрлөөр А3 формат /42х29.7см/ дээр зурна
Зураг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар
төрсний гэрчилгээний хуулбар, зургийн тайлбарын хамт хавсаргана.

Уралдаанд
ирсэн бүтээлүүдээр 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Чингисийн
талбайд үзэсгэлэн гаргах юм. Уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг 315320,
328210 дугаарын утсаар, www.mpa.ub.gov.mn, www.khangardi.mn цахим
хуудаснаас авах боломжтой гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас
мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Халуун усыг хуваарийн дагуу хязгаарлаж байна

Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийх засварын ажлын график гарсан. “УБДС” ТӨХК-аас 2016
онд дулааны шугам сүлжээний “0” зогсолт хийгдэхгүй бөгөөд холбоос
шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой
уялдуулан тухайн магистралийг түр зогсоож хийх юм байна. Иймээс тавдугаар сарын 10-наас эхлэн хэрэглээний халуун усыг хэсэгчлэн хааж засвар хийж байгаа юм.

Тавдугаар сар болон зургаадугаар сарын эхээр аль хэсэгт хэд хоног халуун ус хязгаарлахыг доорх хуваариас харна уу.

Categories
мэдээ нийгэм

Ухаалаг-эко зуухыг гэр хорооллын гудамж бүрт нэгийг суурилуулж дулааныг утаагүйгээр шийдэж болно

Ц.Байгалмаад дэлхийн хүн гэсэн тодотгол томдохгүй. Энэ бүсгүйн үндсэн мэргэжил нь анагаахын инженерчлэл. Бакалавраа электроник, мэдээлэл зүйн инженерээр авч байжээ. Харвардын Анагаахын их сургуульд багшилж байсан, Докторантурын оюутан байхдаа Японы Үндэсний хавдар судлалын төвтэй хамтарсан уушгины хорт хавдар ба хэвлийн хөндийн эмгэг судлалын төсөл дээр ажилласан, төгсөөд Японы Шизуокагийн их сургууль, Хамамацугийн анагаахын их сургуулийн хамтарсан эмнэлгийн инноваци хөгжүүлэлтийн төсөл дээр ажиллахдаа зохион бүтээсэн зүйлээрээ олон улсын долоон патент авсан гээд яривал дэлхийн гэж тодотгохоос аргагүй он жилүүд түүний намтарт бий. Ц.Байгалмаа Монголдоо ирээд ч зохион бүтээх ажлаасаа холдсонгүй, төд удалгүй японы автомашинд суурилуулах “Монгол хөгжим М1”-ийн дотоод системийг хийж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлжээ. Түүний бүтээлийн ачаар жолооч нар машиныхаа хөгжмийг солихгүйгээр хүссэн ФM-ээ сонсоод явах боломжтой болж. Ц.Байгалмаагийн сүүлд хийсэн ажил нь Ухаалаг-Эко зуух. Улаанбаатарыг утаанаас салгах бүрэн боломжтой зуухных нь талаар түүнтэй ярилцлаа.

-Нам даралтын зуухнуудын хувьд дэлбэрэх эрсдэл өндөр байдаг. Саяхан гэхэд л Архуст суманд зуух дэлбэрч харамсалтай явдал боллоо. Та бүхний бүтээсэн зууханд ийм эрсдэл байхгүй гэсэн үү?

-Тийм ээ, дэлбэрэх эрсдэлээс найдвартай хамгаалж чадсан зуух болсон. Бид нам даралтын зуухныхаа автомат ажиллагаа болон аюулгүй байдал дээр судалгааны ажлаа эхэлсэн. Тэгээд дэлбэрэхгүй, найдвартай ажиллагаатай зуух хийхийн тулд зуухны автомат хяналтын системийг нь өндөр технологиор ухаалгаар шийдэхээр зорьсон юм. Нэлээн судалсны эцэст, үйлдвэрлэлийн хяналт автоматжуулалтын салбарт дэлхийд тэргүүлэх технологитой Япон улсын “Мицубиши” брэндийн PLС (programmable logic controller) автомат хяналтын системийг ашиглахаар шийдсэн. Энэ контроллер нь үйлдвэрлэлийн автоматжуулалтад түгээмэл хэрэглэгддэг найдвартай ажиллагаатай, хяналтын горимыг нь хэрэглэгчийн хүсэлтэд нийцүүлж программчилж болдог нэг ёсны компьютер юм. Барилгын цахилгаан шат, замын гэрлэн дохио, алдарт Диснейландын хүүхдийн паркийн тоглоомны аюулгүй ажиллагааг хангаж хянахад ашиглагддаг эд гэвэл илүү ойлгомжтой болох байх. Бид Ухаалаг-эко зуухныхаа галлагааны горимыг ийм төхөөрөмжөөр хянаж, автомат ажиллагааг нь хангасан тул дэлбэрэхгүй гэж хэлэх байна. Жишээ нь, зуухан дахь усны даралт 3 кг/см.кв-аас дээш өсвөл даралтын хамгаалагч нь онгойж зуухны даралтыг бууруулдаг. Бас усны температур тохируулснаас дээшээ өсвөл автомат ажиллагааныхаа горимоор өөрөө унтардаг байхаар тохируулсан. Хяналтын системд ашиглагдах өгөгдлүүдийг зууханд суурилуулсан даралтын ба усны температурын хяналтын хэмжүүрүүдээс авдаг шийдэлтэй. Дашрамд хэлэхэд зуухны бүтэц загварыг үйлдвэрлэгч компанийн монгол инженер залуу гаргаж, би өөрөө зуухны автомат хяналтын систем дээр нь ажилласан юм.

-Дэлбэрэхгүй, ажиллагааг нь чанартай хяналтын систем суурилуулж найдвартай шийджээ дээ?

Тийм. Манай зуухны автомат ажиллагааны хяналтад ашигласан PLC контроллер нь Эрдэнэтийн ГОК, Оюу толгойн уурхайн үйлдвэрлэлийн дамжлага дээр хэрэглэгддэг маш найдвартай систем гэвэл илүү их ойлгомжтой болох байх.

-Утаа гаргадаггүй зуух гэж сонссон. Үнэхээр ямар ч утаа гарахгүй гэж үү?

-Ямар ч утаа гаргахгүй. Барууны орнуудаас импортоор орж ирж зах зээл дээр зарагдаж байгаа зуухнууд дотор утаа багатай зуухнууд бас байдаг л даа. Гэхдээ манай Ухаалаг-Эко зуух тэднээс илүү бүрэн шаталттай гэж итгэлтэй хэлэх байна. Агаарыг урьдчилан 200°С-350°С халааж зуухны шатаах талбайд байгаа нүүрсийг бүрэн шатаах нөхцөлийг хангасан. Бүрэн шаталттай учраас агаарын бохирдол үүсгэхгүй.

-Нүүрс голох уу?

-Ухаалаг-Эко зуух утаагүйгээс гадна өөр нэг давуу тал нь бүх төрлийн нүүрс хэрэглэж болно. Гэхдээ автоматаар шахаж оруулах нүүрс нь 8-50 мм хэмжээтэй буталсан нүүрс байх шаардлагатай. Сүүлийн үед нүүрсний уурхайнууд автомат зууханд зориулан уурхайн аман дээр нүүрсээ буталж зардаг болсон байна лээ.

-Зуухыг ажиллуулахад хэр ажиллагаа шаардагдах бол?

-Манай зуух бүрэн автомат ажиллагаатай. Галлагааны горимыг дурын нөхцөлөөр нэг товчлуураар өөрчилж болно. Галлагааны горимд таарсан нүүрсийг гидравлик гидро цилиндрээр авоматаар шахаж оруулдаг шийдэлтэй юм. Шаардлагатай үйлчилгээ нь өдөрт нэг удаа үнсээ авах л ажил байна. Зуухнаас гаргаж авах дулааны хэмжээ, өөрөөр хэлбэл, зуухнаас гарч буй усны температураа автоматаар хянангаа, шахаж оруулах нүүрс ба агаарын хэмжээгээ автоматаар тохируулж ажилладаг. Иймд уламжлалт нам даралтын зууханд байдаг шиг олон ээлжийн галч ажиллах шаардлагагүй бөгөөд ажиллах хүчний хөлс хэмнэх давуу талтай. Утаагүйн дээр эдийн засгийн хэмнэлттэй зуух учраас зуухаа “Ухаалаг-Эко зуух” гэж нэрлэсэн.

-Зуухны үнэ ханш гаднаас орж ирж байгаа ижил төрлийн зуухнуудаас хэр ялгаатай вэ?

-Хянах самбарын “Мицубиши” брэндийн PLC бага зэрэг үнэтэй. Зууханд хэрэглэхэд хайран шахуу эд л дээ. Гэхдээ бид зуухныхаа галлагааны горимын программыг нь өөрөөр хэлбэл, баруунд бол хамгийн өртөг өндөртэй ажил байдаг ухаалаг хяналтын системийг нь Монголдоо бичиж, контроллероо ажиллуулж байгаа тул нийт өртөг нь зөвхөн бодит материалын зардлаар бодогдож үйлдвэрлэгдэж байна. Иймд, гадаадаас Монголд импортолж байгаа автомат ажиллагаатай зуухнаас хоёроос гурав дахин хямд үнэтэйгээр зах зээлд нийлүүлэх боломжтой.

-Бүрэн шаталттай болохоор үнс бага гарч таарах байх?

-Тийм ээ, хэрэглэж байгаа нүүрснээсээ шалтгаалаад үнс маш бага гарна. Саяхан бид мэргэжлийн хүмүүсээр шалгалт үнэлгээ хийлгүүлж, зуухаа бүрэн шаталттай агаарын бохирдол үүсгэхгүй байгааг баталгаажуулсан.

-Зуухныхаа эх загварыг хэрхэн шийдсэн бэ?

-Бид Ухаалаг-Эко зуухаа 4.5 мм-ийн зузаантай сайн чанарын лист төмрөөр хийж байна. Одоо Монголд зарагдаж байгаа зуухнуудаас илүү зузаан төмрөөр хийхийг зорьсон. Хийц загварын хувьд ижил төрлийн зуухнуудтай харьцуулахад Монголын нөхцөлд таарсан шийдлүүдийг олныг оруулсан загвар болж чадсан. Ашиглалтын зардал багатай. Зуухны ширмийг жилд нэг удаа солино. Импортын ижил төрлийн зуухтай харьцуулахад Монголд үйлдвэрлэж байгаагийн бас нэг давуу тал нь энэ мэт хэрэглэгчдэд дөхөмтэй үйлчилгээ байх юм.

-Та нарын бүтээсэн нам даралтын зуух багадаа хэчнээн метр кв талбайг халаах хүчин чадалтай вэ?

– 60 квт-ын хүчин чадалтай бага оврын Ухаалаг-Эко зуухаар 500 метр квадрат орчим талбайг халаана. Хэрэглэгчийн захиалгаар 60квт,100квт,120квт,160 квт гэм мэт хүчин чадалтайгаар үйлдвэрлэнэ. Том талбайтай обьект халаах шаардлагатай бол 2х60 квт, 2х100квт,4х160квт гэх мэтээр маш найдвартайгаар хосолж ажиллах зориулалттайг ч үйлдвэрлэж болно. Жишээ нь, сумын төвийн цэцэрлэг, сургууль, захиргааны байр зэрэг талбайн хэмжээнэс хамаараад дурын хүчин чадалтайг нийлүүлэх боломжтой юм.

-Амины орон сууцанд ашиглаж болох уу?

-Амины орон сууцны талбайд тааруулсан дурын хүчин чадалтайг нийлүүлж болно. Манай зуух бүрэн автомат ажиллагаатайн дээр, хямд төсөр тул амины орон сууцанд хамгийн их тохиромжтой. PLC хяналтын компьютерийг нь гар утастай холбоод өгөгдлийг нь авч зуухаа зайнаас хянах бас боломжтой. Дашрамд хэлэхэд бид зуухаа “Ухаалаг-Эко зуух” гэж нэрлэсэн нь ийм учиртай юм.

-Нам даралтын зуухаа гар утаснаасаа хянаад байх боломжтой гэсэн үг үү?

-Тийм бүрэн боломжтой. Одоогоор ийм шийдлийг хийгээгүй байна. Хэрэв зайнаас хянадаг зуухыг хэрэглэгч өөрөө хүсвэл бага зэрэг илүү өртөгтэйгөөр хийж өгөх боломжтой.

-Гэр хорооллын утаа гэж айхавтар асуудал байна. Үүнийг танай зуухаар шийдэх боломж байгаа болов уу?

-Бид зуухаа дурын хүчин чадлаар хэчнээн ч айлд тохируулж хийх боломжтой. Жишээлбэл, гэр хорооллын гудамж бүрт нэгийг суурилуулж, тэр гудамжны айлуудын дулааныг утаагүйгээр шийдэж болно. Хэрэв тэгсэн тохиолдолд тухайн гудамжинд бие даасан төсөрхөн дулааны шугам тавьж дэд бүтцийг нь бий болгох шаардлагатай. Гэхдээ энэ нь маш том нүсэр бүтэцтэй төвийн дулааны шугамыг гэр хороололд авчрахаас хамаагүй хямд шийдэл байх нь ойлгомжтой. Гудамжиндаа нэгдсэн зуух тавиулсан айлууд нийлээд түлэх нүүрсээ авч зуухаа галлаад явбал утаагүй, тохитой, дулаахан амьдрах боломжтой болно.

-Та ер нь яагаад Монголдоо ирж зуух хийх болсон юм бэ? Харвардын их сургуульдаа багшлаад байж байсан эмэгтэй Монголдоо ирээд зуух хийлцсэн гэхээр маш сонирхолтой байна л даа?

Хүмүүс надаас яагаад Монголдоо буцаж ирсэн юм бэ гэж их асуудаг. Үнэхээр хааяа би өөрөө ч яагаад Монголдоо ирсэн юм бол оо гэж бодох үе байдаг л даа (инээв). Тухайн үед хүүхэд маань зургаан нас хүрч сургуульд орох болсон байсан. Би хүүхдээ анхны “А” үсгээ монгол багшаар заалгаасай, монгол эх хэлээ юун түрүүнд эзэмшээсэй гэж хүссэн. Хэчнээн гадаад хэлийг төгс эзэмшсэн байсан ч хэл бол зөвхөн харилцааны хэрэглүүр төдий зүйл биш, тухайн хүн өөрийгөө монгол хүн гэж тодорхойлох хамгийн чухал зүйл гэж боддог. Тийм ч учраас охиноо монгол хэлээр ертөнцтэй танилцаж том болоосой гэж бодоод ирэхээр шийдэж байсан.

Зуухны тухайд бол, анх Монголдоо ирэхэд хүүхдээ гадаа өвөл салхилуулахдаа утааны зовлонг биеэрээ мэдэрсэн л дээ. Тэгээд гадаадын өндөр хөгжилтэй орнууд Монгол шиг хүн амын төвлөрөл ихэссэн, хотын хөгжлийн үедээ утааны асуудлаа яаж шийдэж байсныг судалж эхэлсэн. Мөн утаа бага гаргадаг импортын зуухнууд байдаг ч их үнэтэй учраас манайхан тийм зуух хэрэглэдэг болтол ДНБ дор хаяж одоогийнхоос даруй гурав дахин их болох шаардлагатайг ч ойлгосон. Гэхдээ тэгээд хүлээгээд баймааргүй байсан. Тэгээд монголчууд авч чадахуйц өртөгтэйгөөр бүрэн шаталттай, найдвартай ажиллагаатай, чанартай зуухыг дотооддоо үйлдвэрлэхээр ажилласан. Автомат хяналтын систем суурилуулах тухайд бол мэргэжил маань учир шийдэл олоход тийм ч хэцүү байгаагүй.

Б.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Үрийн буудайг яаралтай түгээхийг үүрэгдэв

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тариалалтын бэлтгэл хангагдсаныг мэдээлэв. Импортоор сайн чанарын 6000 тонн үрийн буудай оруулж ирснээс өнгөрсөн долоо хоногийн байдлаар 2240 тонныг тариаланчид, аж ахуйн нэгжүүдэд олгоод байгаа ч мэргэжлийн болон бусад хяналт шинжилгээний ажлууд удааширч байгаагаас үлдсэн хэсгийг тариаланчдад хүргэхэд цаг алдаж болзошгүйг Ерөнхий сайд анхааруулж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад энэ асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгов. Мөн улсын нөөцөөс гаргаж буй буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулах ажлыг түргэтгэхийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар болон салбарын яаманд даалгалаа.