Categories
мэдээ улс-төр

Австриас олгох 40 сая еврогийн зээлийн хэлэлцээрийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн, дэмжиж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Энэхүү зээлийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс 40 сая еврогийн зээл авах нөхцөл бүрдэх аж. Зээл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамаарч байгаа бөгөөд хугацаа нь 18 жил юм. Задаргааг нь сонирхвол 40 сая еврогийн 7 саяыг нь Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, 7 саяыг Эх хүүхдийн эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, 7 саяыг Улсын нэгдүгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийг чадавхижуулах, мөн 7 сая еврог Төрйн тусгай албаны эмнэлэг төсөлд, 5 сая еврог Онцгой байдлын газрын гал унтраах техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөлд, 7 саяыг нь Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэхэд тус бүр зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассиоциацитай хамтран хэрэгжүүлэх экспортыг дэмжих төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Дараа нь Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн юм.

Categories
мэдээ улс-төр

“Хууль зүйн байнгын хороо хуулиа мөрдөж ажилламаар байна” гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын байгууллагын тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй хэмээн үзэв.

Байнгын хорооны хуралдааны үеэр Д.Лүндээжанцан гишүүн “УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуулиа мөрдөж ажилламаар байна. Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг шийдэхгүй бол хуулийн хугацаа нь өнгөрлөө. Хэн, хаана очих нь падгүй, гэхдээ хуулийн хугацаатай асуудлыг хугацаанд нь шийдээд нэг тийш болгох ёстой. Эрүүл мэнд, спортын сайдын томилгоог шийдэхгүй хэчнээн сар алдаж байгаа билээ. УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачилсан хуулийн хугацаатай асуудлыг хугацаанд нь шийдэх ёстой гэсэн агуулгатай хуулийг УИХ-аар батлаад “Төрийн мэдээлэл” эмхэтгэл сэтгүүлд хэвлэгдээд хүчин төгөлдөр үйлчлээд эхэлсэн. Ийм учраас Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг албан ёсоор шийдэж нэг тийш нь болго, Д.Ганбат аа. Дарга нартайгаа ярь. Танай бүлэг завсарлага авчихаад байгаа шүү” гэв. Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Холбогдох хүмүүстэй нь ярилцаж, нарийн ширийнийг нь тодруулъя. Асуудлыг шийдээд явах байх” гэсэн тайлбар хийсэн юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааныг байнгын хорооны дарга Д.Ганбат удирдаж, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж, Р.Гончигдорж Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн нар оролцсон бол Х.Тэмүүжин, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ, Ц.Оюунбаатар нар байсангүй. Тэдний өмнөөс бусад нөхөд нь кноп дарж, энэ өдрийн хуралдаанаа өндөрлүүлэв.

Categories
мэдээ улс-төр

Хэн хаана нэр дэвших вэ

УИХ-д нэр дэвших хүмүүсийг энэ сар сарын 23-наас 28-ны хооронд тодруулна. Урьдчилсан байдлаар хэн, хэн хаанаас нэр дэвших хар зураг гарчээ. Ерөнхийдөө аймаг, нийслэлийн тойрог, мандатын асуудал шийдэгдсэн учраас нэр дэвших магадлалтай хүмүүсийг хэвлэлийнхэн бичиж байна. Тухайлбал, Архангай аймаг гурван мандаттай бөгөөд Ардчилсан намаас УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Ганхуяг нарын нэр яригдаж байгаа. Харин МАН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарын нэр дуулдаж буй юм. Мөн НАМЗХ-ны тэргүүн Г.Тэмүүлэн Архангайд хүч үзэхээр болжээ.

Баян-Өлгий аймаг мөн л гурван тойрогтой бөгөөд АН-аас УИХ-ын гишүүн А.Бакей, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан, Д.Мурат нарын нэр яригдаж байгаа аж. МАН-аас А.Тлейхан, А.Баделхан, Ж.Сауле нарын нэр дуулдаж байна. Харин Баянхонгор аймгийн гурван тойрогт УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар АН-аас нэр дэвших бол гурав дахь хүнээр Ц.Жаргал яригдаж байгаа юм байна. Энэ тойрогт МАН-аас Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, М.Билэгт нар дэвших бололтой. Булган аймгийн нэг тойрог дээр АН-аас О.Амартүвшин, МАН-аас УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарын нэр яригдаж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл нар Дорнодын хоёр тойрог дээр АН-аас дэвшиж магадгүй аж. Мөн Зам тээврийн сайд М.Зоригт Дорнодод нэр дэвшинэ гэдгээ хэлсэн билээ. МАН-аас Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар тус аймгаас нэр дэвших гэнэ.

Дундговь аймгийн нэг тойрог дээр АН-аас УИХ-ын гишүүн Б.Наранхүү, МАН-аас Б.Амарсанаа нар өрсөлдөхөөр яригдаж байгаа бол Завхан аймагт УИХ-ын гишүүн Я.Санжмятав, СЗХ-ны дарга асан З.Нарантуяа нар АН-аас нэр дэвших бололтой. Харин МАН-аас Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу, “Сонор трейд”-ийн Б.Энхболд нарын нэр яригдаж байна. Сэлэнгэ аймагт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар АН-аас нэр дэвших бол МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь нарын нэр дуулдаж байна. Энэ мэт аймгуудад нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэр урьдчилсан байдлаар тодорчээ.

Харин Улаанбаатар хотын мандатыг нэмэгдүүлсэн бөгөөд нийслэлийн Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батзандан, Б.Болор, Д.Зоригт, Р.Булгамаа нарын нэр дуулдаж байна. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Д.Төмөрчулуун, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нарын хүмүүс нэр дэвшихээр яригдаж байгаа аж. Баянзүрх дүүргийн хувьд мандатын тоо зургаа болж нэмэгдсэн билээ.


Хан-Уул, Багахангай дүүрэг нэгдээд, дөрвөн тойрогтой болсон бөгөөд АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, Р.Бурмаа нарын нэр яригдаж байна. Гэхдээ Ц.Оюунгэрэл Хөвсгөл аймагт нэр дэвших магадлал өндөр байгаа аж. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Б.Лхагважав, П.Анужин нарын нэр яригдаж байна.


Сүхбаатар, Багануур дүүргийн дөрвөн тойрог дээр АН-аас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Б.Мэдрээ нарын нэр дуулдаж байгаа бол МАН-аас Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар дэвшиж магадгүй аж.


Чингэлтэй, Налайх дүүргийн дөрвөн тойрог дээр АН-аас Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Б.Батбаатар нар, МАН-аас Ө.Энхтүвшин, Д.Ганболд нарын нэр яригдаж байгаа аж.


Баянголын дөрвөн тойрог дээр УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын нэр яригдаж байгаа бол нэг тойрог дээр нь ИЗНН-ын С.Дэмбэрэл нэр дэвшиж магадгүй аж. Харин МАН-аас БГД-ийн Засаг дарга асан Л.Амгалан, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар нар нэр дэвших магадлалтай юм байна.


Сонгинохайрхан дүүргийн зургаан тойрог дээр АН-аас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ш.Түвдэндорж, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Б.Ургамалцэцэг, Ө.Пүрэвбаатар нарын нэр яригдаж байгаа бол МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Д.Тэрбишдагва, Д.Дэмбэрэл, Х.Нямбаатар, С.Түмэнгэрэл, Б.Ундармаа нар нэр дэвших магадал өндөр байгаа аж. Гэхдээ дээрх нэрс албан ёсоор баталгаажаагүй. Учир нь нэр дэвшигчдийг тодруулах хугацаа энэ сарын 23-наас эхлэх бөгөөд өмнө нь намын удирдах байгууллагууд нэр дэвшигчдийг тодруулах талаараа хуралдах ажээ.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд АНЭУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.05.18/ Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайдаар томилогдсонд эрхэмсэг ноён Абдуллад баяр хүргэв. Монгол Улсад Элчин сайдын яам нээх Эмират Улсын Засгийн газрын шийдвэрийг талархан хүлээн авсан болохыг дурдаад, энэхүү шийдвэр нь тус улсаас хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илрэл хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Эрхэмсэг ноён Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижи, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, эрхэм дээд шейх Халиф ибн Зайд Аль Нахайяны халуун дотно мэндчилгээ, мөн парламентын дарга доктор Амал Аль Күйбайсын халуун мэндчилгээг уламжиллаа. Тэрээр хэлэхдээ, парламент хоорондын харилцаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.Тэр дундаа парламентын бүлгүүдийн харилцаа томоохон үүрэг гүйцэтгэдэг. Хоёр улсын улс төр, эдийн засаг, соёл, худалдааны салбарын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд Эмират Улс чухал ач холбогдол өгч байгааг дурдахад таатай байна гэв.

Улсын Их Хурлын дарга Монгол Улс Эмират Улстай улс төрийн найрсаг сайн харилцааг хөгжүүлж ирснийг дурдаад, шинээр байгуулагдсан Элчин сайдын яам хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол, Эмиратын харилцаа хамтын ажиллагаа улс төр, эдийн засгийн салбарт төдийгүй бусад олон салбарт хөгжих боломжтой хэмээн үзэж буйгаа хэллээ.

Талууд хоёр улсын улс төр, эдийн засаг, санхүүгийн харилцааг хөгжүүлэх талаар харилцан ярилцаж, уулзалтын төгсгөлд нь Улсын Их Хурлын дарга З.Энхболд Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижид ажлын амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ цаг-үе

У Сун: Бид уул уурхайн чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой байна

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунтай ярилцлаа.

-Та Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирснээс хойш нэг жил гаруй болж байна. Анх Монголын талаар ямар сэтгэгдэлтэй ирж байсан бэ. Анхны сэтгэгдэл одоо хэр өөрчлөгдсөн бол. Монголыг их хүйтэн орон гэж гадныхан ярьдаг л даа?

-Өнөөдөр ийнхүү “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Монголчууд бороо, цаснаар ирсэн гийчнээ “Хувьтай хүн хурнаар” гэж бэлгэшээн ярьдаг гэж дуулсан. Та харин бороотой, хаврын бараг сүүлчийн цастай энэ сайхан өдөр манай Элчин сайдын яаман дээр ирж ярилцлага авч байгаа нь бэлгэшээлтэй зүйл болж байна.

Миний хувьд Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирээд нэг жил, нэг сар болж байна. Анх Монголд ирэхэд ямар сэтгэгдэлтэй байсан, яг тэр хэвээрээ байгаа. Монголыг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай гэж өмнө нь зөндөө сонсож байсан ч, анхны өвлөө үдчихлээ. Монгол, Солонгос хоёр үндэстний хувьд түүх соёл, гарал үүслийн хувьд ч гэсэн адил төстэй зүйл ихтэй учраас монгол хүмүүсийн харилцаа ч халуун дулаан, дотно санагддаг.

-Монгол Улс, БНСУ хоёрын хооронд дипломат харилцаа тогтоогоод 25 жил өнгөрч байгаа ч хоёр орны найрамдалт харилцаа чамлахааргүй ойртсон. Ялангуяа хоёр орны иргэд хоорондын харилцаа маш ойртлоо. Өмнө нь монголчууд орос хэлийг маш сайн мэддэг байсан бол өнөөдөр Солонгос хэлийг гадарлахгүй хүнгүй л болж. Харин Засгийн газар хоорондын харилцаа иргэдийн харилцаанаас сул байна уу гэж харагдах юм?

-Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ой тохиож байна. Мэдээж хоёр орны хоорондын тэр дундаа иргэдийн харилцаа маш их ойртож байгаа. Ялангуяа Монголд Солонгос хэлний чиглэлээр суралцаж буй 2000 гаруй оюутан бий гэсэн судалгаа байдаг. Мөн нэгэн сонирхолтой тоон баримт дурдъя. Монгол Улсын нийт хүн ам гурван сая. БНСУ-д амьдарч байсан Монгол иргэдийн тоо 300 мянга. Тэгэхээр Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь Солонгос улсад ажиллаж амьдарч байсан гэсэн үг. Харин өдгөө 30 мянган монгол иргэн буюу нийт хүн амын нэг хувь нь Солонгос улсад оршин сууж байгаа гэсэн сонирхолтой статистик байдаг юм билээ.

Сүүлийн үед мөн хоёр улсын Засгийн газар хоорондын үйл ажиллагаа идэвхжиж байна. Өнгөрсөн онд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Засгийн газрын хэмжээний яриа хэлэлцээрийн механизм болох “Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо” байгуулагдсан. Энэ хүрээнд тус хорооны хоёр дахь хуралдаан өнгөрөгч гуравдугаар сард БНСУ-д зохион байгуулагдлаа.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНСУ-ын Ерөнхий сайд 2001 онд айлчилж байснаас хойш 14 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Улс төрийн хүрээнд энэ мэтчилэн хоёр орны хооронд харилцаа өргөжиж байгаа гэж ойлгож болно.

Мөн ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Долдугаар сард АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж БНСУ-ын Ерөнхийлөгч тус уулзалтанд оролцох талаар олон талаас хэлэлцэж байна. Энэ мэт иргэд хоорондын харилцаанаас гадна хоёр орны улс төрийн хүрээн дэх харилцаа улам сайжирч байна гэж бодож байна.

Мөн нэгэн таатай мэдээ дуулгахад ирэх зургадугаар сараас Улаанбаатар-Пүсан хотын чиглэлд тогтмол шууд нислэгтэй болно. Энэ нь ч мөн хоёр орны харилцаа цаашид хөгжихөд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх долоо хоногт БНСУ-д айлчилна гэлээ. Энэ үеэр ямар асуудлууд хөндөгдөх бол. Айлчлалын үр дүн юу байна гэж урьдчилан харж байгаа вэ?

-Ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа нь Төрийн тэргүүн болсноосоо хойш анх удаа манай оронд айлчилж байгаа юм. Тэр утгаараа бид энэ айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа гэдгийг хэлье. Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын талаас эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд голлон ярилцах юм. БНСУ-ын Ерөнхий сайд өнгөрөгч оны сүүлээр Монгол Улсад айлчлахдаа Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (EDCF)-гийн хэлэлцээрийг гурван жилээр сунгасан. Үүнтэй холбогдуулан хоёр улсын эдийн засгийн чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр ярилцана.

Солонгосын талаас голлон ярих сэдэв нь Умард Солонгосын цөмийн асуудал юм. Энэ оны нэгдүгээр сард Умард Солонгос цөмийн туршилт хийж, хоёрдугаар сард пуужин хөөргөсөн. Үүнтэй холбоотой гуравдугаар сард НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс хориг тогтоол гарсан хэдий ч Умард Солонгосын зүгээс цөмийн туршилтаа зогсооно гэсэн байр суурь илэрхийлээгүй, туршилтуудаа үргэлжлүүлсээр байгаа юм. Бид Умард Солонгосын цөмийн туршилтыг зогсоохтой холбоотой янз бүрийн хэлбэрээр арга хэмжээ судалж, хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн айлчлалаар дээрх асуудлаар хатуу байр сууриа илэрхийлнэ гэж найдаж байна.

2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Умард Солонгост айлчлахдаа Ким Ил Соний сургуульд лекц тавьж “Дарангуйлал мөнх оршдоггүй” хэмээн дурдсан нь Умард Солонгосын төр засагт өөрийн байр сууриа хүчтэй илэрхийлсэн жишээ юм. Бидний зүгээс энэ удаагийн айлчлалаар ч мөн адил Умард Солонгосын цөмийн асуудал хийгээд Умард Солонгосын ард иргэдийн эрхийн тал дээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн байр сууринд хүлээлттэй хандаж байна.

-БНСУ-ын Элчин сайдын яам шинэ Элчингийн байртай болж байгаа гэсэн. Хэзээнээс шинэ байрандаа нүүж очих вэ. Монголчууд хэзээнээс шинэ байраар үйлчлүүлэх боломжтой бол. Барилгын шийдлийн хувьд өвөрмөц санагдсан шүү?

-Манай Элчин сайдын яам энэ сарын сүүл, ирэх сарын эхэн гэхэд шинэ байрандаа нүүх төлөвлөгөөтэй байгаа. Шинэ Элчин сайдын яамны байрны дизайн нь маш өвөрмөц гэдгийг анзаарсан байх. Солонгосын уламжлалт цайны аяганы дизайныг авч хийсэн. Цаашид Монголд баригдах барилгуудад загвар болж чадахуйц барилга болох болов уу гэж бодож байгаа. Яамны шинэ байр ашиглалтад орсноор соёлын олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Шинэ байрандаа орсны дараа долоо, наймдугаар сард үзэсгэлэн зохион байгуулаад, есдүгээр сард загварын шоу зохион байгуулах юм. Яамны доторх задгай талбай, цэцэрлэгт хүрээлэн бий. Үүнийгээ ашиглаад арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Монгол Улсын иргэд визний асуудлаар ч юм уу ямар нэгэн байдлаар Элчин сайдын яамаар үйлчлүүлэхэд илүү тав тухтай орчин бүрдэж байгаа. Бидний зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд ч гэсэн монголчуудыг олноор оролцохыг урьж байна.

-Долдугаар сард Монгол Улсад АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт болно. Уг уулзалтад БНСУ-ын төрийн тэргүүн ирнэ гэсэн мэдээлэл бий. Энэ үеэр хоёр орны өмнө тулгамдсан ямар асуудлуудыг шийдэх бол. Яг одоо хоёр орны хооронд тулгамдаад буй ямар гол асуудлууд байгаа вэ?

-АСЕМ-ийн Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ оролцох эсэх хариугаа эцсийн байдлаар өгөөгүй байгаа. Гэхдээ өмнө болж байсан АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтуудад Солонгосын Ерөнхийлөгч байнга оролцож ирсэн тул оролцох байх гэсэн хүлээлттэй байна. Хэрэв Пак Гын Хэ Ерөнхийлөгч АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтад оролцохоор болбол хоёр орны хоорондын хэтийн төлөвийг ярилцах боломж гарна.

-Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хүнд байгааг анзаарсан байх. БНСУ-аас хөрөнгө оруулалт манай улсад хэрэгтэй байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт гэхэд л өндөр зэрэглэлийн эмнэлэгтэй болохоос эхлээд тулгамдсан асуудлууд багагүй байна. Боловсрол, соёл, нийгэм, улс төрийн хүрээнд хийж болохоор ямар ажлууд байгаа вэ?

-Монголын иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу маш ихээр зорчдог. Эрүүл мэндийн салбарт гэхэд Улаанбаатар хотноо БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр эмнэлэг барих асуудал шийдэгдсэн. Удахгүй эмнэлгийн барилгын ажил эхлэх гэж байна. Эмнэлэг ашиглалтад орсноор өндөр чанарын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломжтой болох байх.

Монгол Улс газрын баялаг ихтэй. Газрын баялгаараа дэлхийд эхний 10-т ордог. Энэ утгаараа бид уул уурхайн чиглэлд хөрөнгө оруулах сонирхол нэлээд бий. Монголын газрын баялгийг Солонгосын техник технологитой хослуулбал уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх тал дээр дэвшил гарах боломжтой.

Мөн дэд бүтцийн чиглэл ирээдүйтэй гэж харагдаж байна. Одоогийн байдлаар тавдугаар цахилгаан станцийн барилгын ажил дээр хамтарч ажиллаж байна. Өнгөрөгч онд гэхэд хоёр орны хооронд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж дуусаад байгаа. Энэ мэтчилэн хөрөнгө оруулах нөхцөлүүд нэлээд гарч ирнэ.

Нийгэм, соёлын хүрээнд 2015 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол, Солонгосын хамтарсан дуурийн тоглолт, Солонгос хоолны фестивал, Солонгосын киноны өдөрлөг мөн К-поп урлагийн тоглолтыг зохион байгуулсан. Эдгээр үйл ажиллагаануудад Монголын иргэд ч өргөнөөр оролцож дэмжсэн.

Боловсролын салбарын хувьд монгол багш нар Солонгост очиж сургалтад хамрагдах багш солилцооны хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Түүнчлэн манай Засгийн газрын зүгээс оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Үүнээс гадна хувийн хэвшлийн байгууллагууд тэтгэлэг зарладаг л даа. Өчигдөр гэхэд (мягмар гаригт) Солонгосын Поско сангаас МУИС, ШУТИС-ийн оюутнуудад тэтгэлэг гардуулах ёслолд оролцоод ирсэн. Монгол оюутнууд цаашид Солонгост очиж суралцах боломж нээлттэй байна. Мөн Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл байдаг бөгөөд Солонгос улсаас үлгэр дуурайл авч болохуйц тогтолцоо систем Монголд орж ирж байгаа. Энэ чиглэлээрээ монголчууд Солонгост очиж туршлага судлах, сургалтад хамрагдах боломжтой болж байна.

-БНСУ Монгол Улсаас ямар бараа бүтээгдэхүүн түлхүү импортолж авдаг вэ. Цаашид импорт нэмэгдэх боломжтой юу. Мөн Монголд ямар бүтээгдэхүүн экспортлох боломж бий бол?

-Миний харамсч явдаг нэг зүйл гэвэл хоёр орны худалдаа, эдийн засгийн чиглэлийн харилцаа харьцангуй доогуур үзүүлэлттэй байдаг. Монголоос бөс бараа, ноолуур зэрэг цөөн тооны бараа бүтээгдэхүүн экспортоор авч байгаа. Монгол Улсад үйлдвэрлэл цаашдаа сайн хөгжвөл хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа өргөжих боломж гарах болно. Монгол Улсын хувьд хүн амын тоо бага учраас Солонгосын том хэмжээний компани байгууллагаас илүүтэй жижиг дунд үйлдвэрүүд Монголын зах зээлд орж ирвэл тохиромжтой байх болов уу. Иймэрхүү худалдааны үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс БНСУ-ын компаниуд жил бүр Улаанбаатар хотод экспо үзэсгэлэн зохион байгуулдаг. Энэ хавар мөн МҮХАҮТ-аас төлөөлөгчид БНСУ-д очиж үзэсгэлэн зохион байгуулсан. Иймэрхүү арга хэмжээгээр дамжуулан Монголын бараа бүтээгдэхүүнийг Солонгост таниулах тал дээр анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй.

-Хоёр орны эдийн засаг, бизнесийн салбарыг өргөжүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Түрүүн хэлсэнчлэн энэ жил хоёр орны харилцааны хувьд онцгой жил болж байна. Хоёр орны төрийн тэргүүний харилцан айлчлалаар дамжуулан энэ чиглэлээр дээд түвшинд анхаарал хандуулж ярилцах байх. Тиймээс эдийн засаг, худалдааны салбарт нэлээд ахиц гарах байх гэсэн хүлээлт бий. Монголын эдийн засаг одоо байгаагаасаа илүү сайжрах цаг хугацааг бид хүлээж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг бид анхааралтай ажиглаж байгаа. Энэ нь Монголын эдийн засгийн томоохон шалгуур болж байгаа юм. Эдийн засаг сайжирвал Солонгосын байгууллагууд Монголд орж ирээд үйл ажиллагаа явуулах боломжтой болно.

-Япон улс гэхэд манай улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд зарим бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх зэрэг эерэг үр дүн их гарсан. Энэ мэт Монгол, Солонгос хоёр улсын хувьд эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж юу байгаа бол?

-Япон, Монгол хоёр орон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж ирэх зургадугаар сарын эхнээс хэрэгжээд явна гэж сонссон. Монгол, Солонгос хоёр орны хувьд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал худалдааны чиглэлд хамтын ажиллагаа илүү өргөжих болов уу гэсэн төсөөлөл харагдаж байна. Дээр хэлсэн дээ, Монгол Улс газрын баялагтай гэж. Тиймээс Солонгосын дэвшилтэт техник технологитой хамтраад харилцан ашигтай ажиллах боломж бий. Төр засгийн хэмжээнд энэ тал дээр суурь нь бэлэн болох хэрэгтэй. Монгол, Солонгос хоёр орон Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судлах цаг болсон. Мөн Монгол, Солонгосын Засгийн газрын Хамтарсан хороо салбар бүр дээр нарийвчлан ажиллавал илүү их үр дүнтэй ажиллах болно.

-БНСУ-д Монголын 30 мянган иргэн ажиллаж амьдарч байгаа. Монгол иргэдийн ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр ямар ажил хийж байгаа вэ. Цаашид хийх ажлын төлөвлөгөө юу байгаа бол?

-Монголын олон иргэн Солонгост ажиллаж, хөдөлмөрлөхөөр зорчдог. Өнгөрөгч онд хөдөлмөрийн гэрээгээр 1700 хүн ажиллах квоттой байсан бол энэ жил 2800 болж нэмэгдсэн. Энэ тоо өсч байна гэдэг нь олон монгол иргэн Солонгос руу явахдаа хуулийн дагуу, мөн урт хугацаагаар ажиллах боломж гарч ирж байна гэсэн үг. Тэдний ажиллах нөхцөл боломжийг сайжруулах тал дээр тухайн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллах шаардлагатай.

Би солонгос хүмүүстэй уулзахдаа “Та нар дипломатчийн үүрэг гүйцэтгэдэг шүү” гэдэг юм. Яагаад ингэж хэлдэг вэ гэхээр Монголын 30 мянган иргэн Солонгост амьдарч байна. Тэр хүмүүсийн амьдрах орчин тааруу, монгол хүмүүстэй харилцах харилцаа муу байвал маргааш нь л мэдээгээр гардаг. Монгол хүнд сайн ханддаг, тэр хүн сайхан амьдарч байгаа бол тэр нь ч гэсэн маргааш нь дэлхий нийтээр мэдэх хэмжээнд хүрчихсэн байна. Тиймээс та нар дипломат албыг давхар хашдаг шүү гэж хэлдэг юм. Монголчуудад хэдий чинээ эелдэг сайн хандана, төдий чинээ Монголд байгаа солонгосчууд сайн сайхан амьдарна шүү гэж захидаг.

-Монгол Улс БНХАУ, ОХУ-д визгүй зорчиж байгаа. Хоёр орон хэзээнээс харилцан визгүй зорчих бол гэдэг хүлээлт иргэдийн дунд байдаг. Визгүйгээ байг гэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих боломж байна уу. Хоёр орны төрийн тэргүүнүүд ойр ойрхон уулзах боломжтой байна л даа. Тиймээс энэ асуудлыг хөндөх болов уу гээд хүлээгээд байгаа?

-Монгол иргэдийн зүгээс визний асуудлыг маш их сонирхдог. Энэ тал дээр бид анхаарал тавин ажилладаг. Хоёр улсын хооронд иргэн хоорондын харилцаа чухал байдаг. Хоорондоо харилцахын тулд визний асуудал яах аргагүй чухал байдаг юм. Манай Элчин сайдын яамны зүгээс байнга визний тал дээр хөнгөлөлт үзүүлж ирсэн. Ноднин бид визний журмаа хөнгөвчилснөөр нэг жилийн хугацаанд нийт 49 мянган иргэнд виз олгосон. Энэ нь 2014 он буюу өмнө жилээсээ 60 хувиар өссөн тоо юм. Цаашид ч бид нөхцөл бүрдвэл визний журмаа хөнгөвчлөх болно.

Өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн олон удаагийн визний олголтоо нэмэгдүүлсэн. Ингэхээр олон хүн БНСУ руу зорчиход хялбар болж байна. Дөрөвдүгээр сараас эхлэн виз хүлээн авдаг байсан гурван газар байсныг долоо болж нэмэгдүүлсэн. Өмнө нь гурван байгууллагатай байхад хүмүүс маш ихээр дугаарлаж хүлээдэг байсан бол одоо ая тухтай үйлчлүүлэх боломжтой болсон. Хэрэв шаардлагатай гэвэл цаашид виз авдаг байгууллагынхаа тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Визгүй зорчих асуудал дээр консулын салбарын хувьд нэн тэргүүний асуудал байлгүй яахав. Гэхдээ БНСУ-д монгол иргэд хууль бусаар амьдарч байгаа асуудал хөндөгддөг. Өнгөрсөн онд визний нөхцөлөө хөнгөвчилснөөс хойш олон Монгол иргэн Солонгос руу зорчсон. Тэр хэрээр хууль бусаар оршин суугаа иргэдийн тоо ч нэмэгдсэн нь томоохон асуудал болчихоод байгаа. Тиймээс визгүй зорчих асуудлыг ярих нь арай эртдэх болов уу гэж бодож байна. Монголоос очсон иргэд хууль бусаар амьдрах нь багасах юм бол тэр үед визгүй зорчих асуудлыг ярилцах боломжтой болох юм.

-Монголын иргэд БНСУ руу зорчиход санхүүгийн батлах бичиг баримт байхгүй тохиолдолд барьцаа таван сая төгрөг дансанд байршуулдаг байсан. Энэ 13 сая төгрөг болтлоо нэмэгдсэн гэж дууллаа. Үнэн үү. Хэрэв тийм бол ямар шалтгаанаар нэмсэн юм бэ?

-Манайх визний журмуудаа байнга хөнгөвчилж ирсэн гэдгийг сая хэлсэн. Аль болох виз авахад ая тухтай байх орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Одоо санхүүгийн баталгаа болгож таван сая төгрөгийн хадгаламжийг шаардаж байгаа. Манай Элчин сайдын яамны зүгээс тийм нөхцөл тавиагүй. 13 сая болсон зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

-Асуухыг хүссэн асуултууд маань дууссан гэхэд болно. Таны хувьд нэмж хэлэхээр зүйл байвал хэлж болно шүү…

-Манай Элчин сайдын яам Монголын иргэдэд ая тухтай үйлчлэх тал дээрээ илүү анхаарч ажиллаж байна. Бидний зохион байгуулж буй арга хэмжээнд монгол хүмүүс өргөнөөр оролцож байвал бид талархах болно. Элчин сайдын яаманд гаргаж буй хүсэлт саналыг бид үргэлж нээлттэй хүлээж авна.

Categories
мэдээ цаг-үе

Аавын нөмөр

Хавар болж модод гөлөглөхөд хаанаас ч юм ирсэн хөөр баяр үргэлж дагадагсан. Хөнгөн нимгэн хувцастай дуу аялсан шигээ алхана. Орчлонгийн бүх юм ирж байх шиг, мөнх ногоон мэт. Харин өнгөрсөн жилийн өдийд ирэх шувуудын түрүүчээр аав минь бурханы оронд заларсан юм. Модод ногоорон шувууд шулганасан хаврын өдрүүдийг уйтайхан давлаа. Хагацал гэж ийм халгам, итгэхийн аргагүй хурдан, бас зүрх зүсэм юм. Одоо би хүмүүсийг эрүүл байгаасай, ээж аавтайгаа элэг бүтэн урт удаан амьдраасай гэж залбирдаг болсон. Ийм амьдрал бол амгалан тайван, хүний амьдралын хамгийн үнэ цэнтэй, жаргалтай үеүдийн нэг юм шүү.

Миний аав бол БНМАУ-ын хошой аварга, Монгол Улсын гавьяат малчин, алдарт уяач Бандийн Дэмбээ билээ. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум бол аавын маань төрж өссөн нутаг. Хоёр жилийн өмнөх зун аавтайгаа бид нутгаар нь аялсан юм. Төрсөн газрынх нь дээхнэ талд халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын төрсөн газар байх. Доошоо жаахан уруудахад түүнд зориулсан сүм дугана алтан ганжираа гялалзуулан тосно. Ийм л ариун сайхан эрчим хүч, шүншигтэй газар аав минь төрж өсчээ. Шувуутын гол бол цамцаа дэрвүүлсэн бага балчир насных нь бүхий л дурсамжийг шингээсэн рашаан булаг юм. Сурч байсан бага сургуулийнх нь хэдэн байшингийн үлдэгдэл буйран дээрээ одоо ч байна лээ. Олон жилийн өмнө аав минь тэнд сурч, Шувуутын голыг өгсөн уруудан давхиж, ажаа аавдаа туслан, дүү нараа асран өсгөлцөө биз ээ.

Хожим өвөө аавынх хот руу шилжин ирж, аав харин Төв аймгийн Баянцогт суманд суурьшжээ. Анх “Оч” нэгдэл гэж байхад нэгдлийн мянган адууг хариулж байсан гэдэг. Эмнэг догшин, занг нь мэдэхгүй тэр олон адууг хэрийн хүн адгуулж хариулж чадахгүй нь мэдээж. Ёстой эрмэг залуу насныхаа ааг хиймориор л нугалж явсан хэрэг. Хожмоо аав маань мянган цагаан хонь авч хариулсан байдаг. Олон жил хонь хариулахдаа зүгээр ч хариулсан болоод байсангүй. “Зуун эхээс зуун хорин хурга авч өсгөснийг нь үнэлэн…” хэмээн шагнал урамшуулал дээр нь зориуд тодотгон бичсэн байдаг юм. Үүгээр нь тооцоод үзэхэд лав улсдаа 16000 толгой хонь бэлдэж өгчээ. Миний аав ийм л ажилсаг хүн. Өөрөө зүгээр сууна гэж байхгүй, байнга юм хийж хөдөлж байна. Залхуу хойрго хүнд ясны дургүй. Ажилгүй анхиагүй хүнд юм өгснөөс хээр аваачаад хаячихсан нь дээр гэж үзнэ. Сумын сургуулийг хоньтой болог хэмээн олон хурга хандивлаж байхад аавыг маань зарим нь магтаж “дотуур байрны хэдэн хүүхэд гэдэс цатгалан байх нь” хэмээж байхад зарим нь зарсан бол овоо мөнгө болох байсан даа хэмээн толгой сэгсэрч байсан гэдэг. Ингэлээ гээд манайх дутаж дундраагүй ээ. Сумынхаа анхны мянгат малчин болж, аав өнөө л өгөөмөр зангаараа мал хуйгүй олон айлыг малжуулсан. Бас өвдөж зовсон танил, найз нөхдөдөө байнга шөлний хонь өгнө. Сумын төв, хот суурин газраас байсгээд л машинтай хүмүүс ирнэ. Гэрт цайлж дуусаад аавыг сэмхэн дуудаж холхон очиж суугаад ярилцах нь надад их сонирхолтой санагддаг байж билээ. Юугаа тэгж тусдаа ярьдаг байна аа гэж сониучирхаж байгаа нь тэр. Удалгүй аав хонио хурааж, өнөө хүн машиндаа нэг “шөлний юм” ачаад арилж өгнө. Зарим хүн мөнгөтэй болохоороо өгье гээд зээлээр хонь мал авна. Өөрийг нь гээд ирсэн хэнийг ч болов аав сэтгэл дундуур буцааж байгаагүй. “Хүнд хонь мал өгөх бол олигтойхон юм өгчихөж бай. Хүнийг сэтгэл дундуур буцаах дэмий байдаг юм” гэнэ.

Миний аав гайхалтай ой сайтай хүн. Хэчнээн ч олон үлгэр мэддэг байсан юм. Биднийг багад орой тойруулж суулгаж байгаад үлгэр ярина. “Эр хар, бар хар” гээд хоёр их хүчтэний тухай, дээхнэ жинчид ямар хачин адал явдал туулж байж газрын холыг туулдаг байсан тухай, алдартай хурдан хүлэг морьдын үүх түүх, эрдэм чадал нь хэтийдсэн мэргэдийн тухай хэдэн орой дамнуулан хүүрнэнэ. Айл саахалтаараа түүнийг нь шимтэн сонсоно. Саахалт айлын эмээ аавын үлгэрийг сонсох нэрээр өдөржин данх хоослон манайд суудаг байлаа. Эгч сахилгагүйтэж эмээгийн нүүр рүү тас ширтэнэ. Эмээ уурлаж хариу тас ширтэлцэж бид элгээ хөштөл инээлддэг байлаа. Энэ мэт хөгжилтэй явдлууд өдөр болгон л өрнөнө.

Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай халхын сайхан эрчүүдийн нэг явлаа, миний аав. Аавын залуугийн зургуудыг харахад өөрийн эрхгүй цалгисан их эрч хүч мэдрэгддэг юм. Арга ч үгүй биз, эмнэг дошгин мянган адууг номхруулж явсан аав минь чамгүй сайн барилдаж, сумын начин цолтой болжээ. Найран дээр “Жаахан шарга”-ыг мэлмэртэл сайхан дуулна. Орчин үеийн дуунаас “Алсын анирхан уулс дундаа Агаарын анирхан хөдөө юм аа хө…” гээд ялимгүй халамцуу аав минь инээмсэглээд дуулж суудагсан.

Хурдны морь уях бол аавын маань хамгийн дуртай ажил. Улс, аймаг, сумын түрүү, айргийн тавд хурдан хүлгүүдээ хурдлуулж байсны гэрч нь гэрийн хоймроор дүүрэн байх медалиуд. Тэдний дундаас улсын наадмын хоёр мөнгөн медаль бусдаасаа содон харагдах төдийгүй манай гэр бүлийн бахархал юм. Манайх хонгор голдуу адуутай. 1978, 1979 оны улсын наадмаар аман хүзүүдсэн хурдан ажнай маань мөн л хонгор зүстэй. Энэхүү алдарт хүлгийн улсад үзүүлэх дараа дараагийн амжилтыг нэгэн шилийн сайн эр тасалсан юм. Орон даяар зартай хулгайч шоронгоос оргохдоо хамсаатнуудынхаа тусламжтайгаар хурдан хонгор тэргүүтэй сүргийн сор болсон дөрвөн сайхан морийг маань хулгайлан авч одсон. Олон ч удаагийн отоо, барианаас тэрхүү сайн эрийн амийг аварсан юм гэнэ лээ. Нэлээн хэдэн жилийн дараа өнөөх сайн эрийг баригдсан тухай мэдээ дуулдаж, хурдан хонгорын сураг Булганы Дашинчилэнд дуулдлаа. Аав маань эмээл, хазаараа төхөөрч хонгор морио авчрахаар найз жолоочийнхоо машинтай явлаа. Алдсан малын эрэл, арилжаа наймаа, ажил төрөл гээд ямар ч зүйлийг хийморьтойхон бүтээгээд ирдэг аав маань тэр удаа эвхсэн хазаартайгаа ирсэн юм. Аавын сонинг сонсох гээд манайд ойр хавиас дүүрэн хүн цуглажээ. “Сайн айлд байгаа юм байна. Хадаг барьж гуйгаад болдоггүй, орхичихоод ирлээ”. Аав ийм л тайлбар хийв. “Аваад ирэхгүй яасан юм. Тэр хурдан буян нутаг усандаа, ижил сүрэгтээ байх байсан юм” гэж ирээд бөөн яриа боллоо. Үүнээс үүдээд өдөржин, оройжин, шөнө дунд хүртэл хурдан хүлгийн яриа гэрт өрнөлөө. Хадаг барьж гуйсан хүмүүсийн сэтгэлийг бодсон ч нөгөө талаас аавын амь насанд эрсдэлтэй нөхцөл үүсээд байжээ гэдгийг би ярианаас нь ойлгов. Тэр нутгийн аль л хөдөлгөөнтэй, танхай гэсэн залуус цуглаад аавыг яахыг ажиглаад байж. Ганц морьтой хүн замд гарлаа гэхэд эзгүй хээр яагаа ч билээ. Ингээд найз жолооч нь тас хорьчихсон гэнэ. “Амьд мэнд гэрт нь аваачиж өгье, боль” энэ тэр болоо биз. Энэ тухай ам дамжин нэмэгдэж хачирлагдан хэдэн өдөр л сум даяар яригдсан гэнэ лээ. Тэр үед Сангийн аж ахуй тараагүй, хөдөө хүн ихтэй байжээ. Айлууд зун болохоор тав, арваараа айлсан бууж их ажлын хажуугаарх хөгжил хөөртэй өдрүүд үргэлжилдэг байлаа.

Хөгжилтэй явдал гэснээс хэдэн жилийн өмнө бас нэг ийм явдал боллоо. Зуны үдэд юм даа, аав доголон хонь аргамжина гээд гарсан юм. Ээж бид хоёр гэртээ ааруул тавьж байтал буун дуу гарах шиг болж, зэрэгцээд аавын хашгирах дуу сонстлоо. Гүйгээд гартал аав гуяа дарчихсан “Аавыг нь хүн буудчих шиг боллоо” гэж байна. Би гэж ухаан алдталаа айсан хүн ийш тийш харангаа аавын буудуулсан шархыг үзэхээр гүйн очиж, өмдийг нь дараад үзтэл чийг татаад, цус бололтой шингэн юм урсаж байна аа. Гэтэл аав өмдөө доошлуулж үзээд түс хийтэл инээд алдлаа. Гайхан харвал ямар ч шарх, цус алга. Тэгэх нь ээ, халуунд аавын өмдний халаасанд явсан зажиголк дэлбэрч, багахан шингэн гоожсон байжээ. Айж уйлах шахан гүйж явсан би, дараа нь энэ түүхийг сонссон хүмүүс элгээ хөштөл инээлдэж билээ. Тэрүүхэн зуур аав тарваганд явсан дүүгээ “буу алдчихлаа” гэж хардсан гэж байгаа.

Миний аавын намтар бол хийж бүтээх, хөдөлмөрлөхийн намтар билээ. Сангийн аж ахуйн үед мянган хонио авч намаржингаа ганцаараа оторт явна. Хадлангаа бэлтгэнэ. Хөрзөнгөө хуулж, хашаа хороогоо янзална. Хонио төллүүлнэ. Нүүдэл суудал хийнэ. Жилийн дөрвөн улиралд нойр хоолоо хугаслан зүтгэсэн зүтгэл өөрт нь алдар гавьяа болон эргэн ирсэн юм. Төрийн бүхий л том одон медаль, цолыг хүртсээн. 2009 онд гавьяат малчин цол авах үедээ хөлөө гэмтээсэн байсан юм. Аав залуу идэр насандаа аймгийн депутатаар сонгогдож энд тэндхийн хурал хуйд бишгүй нэг явдаг байсан ч Төрийн ордонд төрийн өндөр шагнал авахдаа суга таягтай орж байгаадаа жаахан зэнзийрхэж байгаа нь ажиглагдаж байлаа. Ер нь аливаа юманд барьц алддаггүй хүн л дээ. Үг дуу цөөн ч олны хүндлэл хайрыг хүлээсэн хүн байлаа.

Миний хүүхэд нас ийм л үлгэр домог мэт яриа хөөрөө сонсож, зогсоо чөлөөгүй их ажилд өөрийн хэмжээгээр хувь нэмрээ оруулж, дөрвөн цагийн нүүдэлд баясан хөөрч, намрын налгар цагийн найр хуримын дуунд бүүвэйлэгдэн, холыг зорих мөрөөдөлд умбан өссөн юм. Ах, эгч нар том болж гадаад дотоодод сургуульд явахад аав л тэднийг гаргаж өгнө. Угтаж авна. Уралдаан тэмцээнд аймаг, хот руу явахад аав л хамт явна. Хурал хуйд яваад ирэхдээ хэдэн хүүхдэдээ өнгөтэй өөдтэй харагдсан бүхнийг худалдаж аваад ирдэгсэн. Цоо шинэ улаан планетынх нь ард хэд хэдээрээ сундалдчихаад үсээ хийсгэн давхиж явсан цаг саяхан л мэт санагдана.

Ийм л сайхан аавынхаа нөмөрт хоргодон өдий хүрчээ, бид. Хөгшин залуу бүгд л “ааваас асууя, ааваас асуугаарай, ааваас асуусан уу” гэлцэнэ. Ах нар жаахан базаахгүй хэрэг хийчихээрээ ааваас айгаад хэд хоногоор дөлж явна. Тэд өөрсдийгөө ингэж шийтгэнэ. Аав бол ер нь юм дуугарахгүй, загнаж зэмлэхгүй. Ийм байх тусам л бүгд ааваас айдаг байлаа. Ах, эгч нар өрх тусгаарлаж өчнөөн хүүхэдтэй болсон ч аавын зөвшөөрөлгүй бол шинэ юм эхлүүлэхгүй. Найр наадам, хагацал зовлонгийн өмнө ч бид аавыгаа өмнөө бариад нөмөрт нь явдаг байлаа. Аавын нөмөр гэж хаана ч байхгүй дулаахан түшигтэй, юунаас ч хамгаалах шидтэй. Харанхуйд аавтайгаа явж байхад айдаггүй, гэгээн өдөр сагсуу бардам…ийм л байж.

Аав ер нь уйлхай нялцгай занд дургүй. Хэдэн хүүхэд нь нулимстай, уруу дорой, анхиагүй явах юм бол лав уурлаж дургүйцнэ. Тийм болохоор боломжоороо толгой өндөр явахыг хичээцгээж байна. Гэлээ гээд хааяа хааяахан сэтгэл нэвт сэнгэнэх харуусал, их санагалзлыг яаж ч намдааж болдоггүй юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Одбаяр: Хичээл зүтгэлийн үр дүн хэзээ нэгэн өдөр заавал ирдэг

Монголын үндэсний сагсан
бөмбөгийн холбооноос зохион явуулсан сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн
аваргын цуврал өнгөрсөн амралтын өдөр өндөрлөсөн билээ. Энэ жилийн аваргын
төлөөх ширүүн өрсөлдөөн “
Альянс Тех
Харцага” болон “СБЛ Хасын Хүлэгүүд” багийн хооронд болсон юм. Ингээд “
Альянс Тех
Харцага” багийнхан илүүрхэж хоёр улирал дараалан Үндэсний аваргаар тодроод
байна. Тус Үндэсний супер лигийн 2016 оны улирлын аварга “
Альянс Тех
Харцага” болон мөн эмэгтэй супер лигийн аварга ҮБ
ТДС-ийн баг
тамирчдад “
Аваргын бөгж гардуулах ёслол” өчигдөр боллоо. Тус арга
хэмжээний үеэр Үндэсний Супер Лигийн 2015-2016 оны улирлын аварга “
Альянс Тех
Харцага” багт Үндэсний аваргын бөгж, цом, 40 сая төгрөгийн мөнгөн шагналыг
гардууллаа. Харин дэд аваргаар тодорсон “
СБЛ Хасын
Хүлэгүүд” багт 20 сая,
Төв аймгийн “Төв Ургац”
багт 10 сая төгрөгийн шагналыг гардуулсан юм. Түүнчлэн эмэгтэй үндэсний супер
лигийн 2016 оны аваргаар үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг аваргын
бөгж, таван сая төгрөгийн мөнгөн шагналыг хүртлээ. Энэхүү арга хэмжээний үеэр
финалын цувралын үнэ цэнтэй тоглогч “
Альянс Тех
Харцага” багийн тоглогч Б.Одбаярт хүндэтгэл үзүүлэв.
Түүний
хувьд Үндэсний аваргын төлөөх сүүлийн тоглолтын дараа зодог тайлахаа мэдэгдсэн
билээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та финалын тоглолтын дараа зодог
тайлж буйгаа мэдэгдсэн.
Тиймээс өнөөдрийн шагнал таны хувь
хамгийн үнэ цэнтэй болов уу?

-Зодог тайлах талаар маш их
бодсон. Шийдвэр гаргахад хэцүү байлаа. Тийм ээ, аварга хэмээх тамирчин хүн
болгоны мөрөөдөл болсон эрхэм алдрын эзэн болж, мөн үнэ цэнтэй тоглогчоор
шалгарсандаа маш их баяртай байна. Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуустаа
хандан хэлэхэд хүсэл зорилготой, зорилгынхоо төлөө өдөр болгон тэмцэж, хичээж
байгаарай. Хөдөлмөрийн үр дүн хэзээ нэгэн өдөр заавал ирэх болно. Хожил,
хожигдолд адилхан хандаж өрсөлдөгчөө хүндэлсэн хөдөлмөрч байхыг захимаар байна.
Нэгэн хүсэл мөрөөдөлтэй байж Харцага хэмээх гэр бүлийн гишүүн байж нэг нэгнээ
үг болон үйлдлээрээ ойлгодог баг хамт олондоо маш их баярлалаа.

-Танай баг шилдэг тоглогчоо үдэж
өгч байгаа даа сэтгэл дундуур байгаа байх. Цаашид багийн амжилтад нөлөөлөх
болов уу?

-Ямар ч ялгаагүй. Манай баг
багийн тоглолт сайтай ямар ч багийн эсрэг тоглох чадвартай. Манай багт сүүлд
орж ирсэн тоглогчид их хурд, хүчтэй дээрээс нь багийн тоглолттой залуучууд орж
ирсэн. Үүнд миний хувьд баяртай байгаа. Багийн хувьд хамгийн олон жилийн
түүхтэй. Цаашдаа ч залуу тоглогчдодоо тулгуурлаад олон жил тогтвортой оршин тогтноно
гэдэгт итгэлтэй байна.

Дашрамд багийн захирал Баясгалан
ах, Нарантуяа эгчдээ баярласнаа илэрхийлье. Мөн өрсөлдөгч багууд, хөгжөөн
дэмжигчдэдээ маш их баярлалаа.

-Цаашдаа юу хийх гэж байна. Гэр
бүл чинь хаана байгаа вэ?

Бид гэр бүлээрээ Австрали улсад
амьдардаг. Тэнд ажиллаж, сурч байна. Манай эхнэр, охин хоёр намайг хүлээгээд
байж байгаа. Удахгүй баяртайгаар уулзана даа.

-Таны гэр бүлд спортын хүн бий
юу?

-Манай аав, ээж хоёр сагс,
воллейбол тоглодог байсан. Намайг анх сагсан бөмбөгөөр хичээллэхэд их сайхан
хүлээж авч маш сайн дэмжиж өгдөг байсан. Тухайн үед лиг гэж байгаагүй. Улсын
аварга шалгаруулах тэмцээн уралдаанд их оролцдог байсан.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар 2016 оны 5 дугаар сарын 18-20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлал өнөөдөр эхэлж байна.

БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар айлчлалын хугацаанд санал солилцох юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар Ерөнхийлөгчид бараалхана. Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзахаас гадна Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өгөх ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн алтан аргамжааг бат болгох үүднээс хариуцлага тооцож сургах хэрэгтэй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ДУМ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хууль санаачилсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж, олны чихийг дэлдийлгэсэн. Үнэхээр манайх шиг газарт байж баймаар хууль юм гэж олзуурхах хүмүүс ч байна. Яг махчилбал “Сэлгүүцсэн депутатыг эгүүлэн татах хууль” хэмээх энэ хуулийг өнгөрсөн сарын 22-нд өргөн бариад 26-ны өдөр баталжээ. Энэхүү хуулийг “Шударга Орос” намын лидер Сергей Миронов санаачилж, В.Путин ихээхэн дэмжсэнээр ДУМ-аар гэрлийн хурдаар шийдэгдэж, энэ сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжих болсон юм. С.Мироновын хувьд хурлын дарга байхдаа Монголд хэдэнтээ ирж манай сонины “Мироновын мяраалт” нийтлэлийн эзэн болж байсан өнөө Сергей Миронов шүү дээ. Мэдээж, ДУМ-ын гишүүдийн эрхийг хязгаарлаж, тэдэнтэй хариуцлага тооцох талаар ярьж байгаа учраас гишүүдэд тэр бүр таатай байгаагүй л байх. Тийм ч учраас С.Мироновыг В.Путинг дагаж гүйлээ, тал татлаа гэсэн шүүмжлэл нэлээд явсан юм билээ. Тэр талаас нь аваад үзвэл энэ хуулийг В.Путины санаачилгаар С.Миронов санаачилсан байж ч магадгүй. Юутай ч энэ хууль батлагдаж, хойд хөршид маань хэрэгжиж эхлээд байна. Угаасаа В.Путины зүгээс явуулж байгаа хуулийг эсэргүүцвэл нэг бол шоронд нөгөө бол гадаадад гарахаас аргагүй хэмээх хүмүүс байдаг.

Тийм айдас байсных уу, эсвэл ажлаа тасалдаг, ажлаасаа хоцордог, дур зоргоороо сэлгүүцдэг гишүүдэд хариуцлага тооцох цаг болсон гэж үзсэнийх үү юутай ч уг хууль хэрэгжээд явж байна. Гадагшаа гараад алга болсон гэх Илья Пономарев, Алексей Митрофанов нарын гишүүд анхны шийтгүүлэгсэд болж магадгүй байна. Уг хуулиар жилийн турш 30 өдөр ажил тасалсан гишүүд, хоцорсон цаг нь мөн 30 хоногтой тэнцэхүйц гишүүдийг эгүүлэн татдаг болж байгаа юм. Тэгэхээр гишүүн болохоороо бүрэн эрхтэй болсон мэт дээгүүр дэвдэг хүмүүст энэ яах аргагүй хэрэгтэй хууль болж таарна. Манайд бол бүр ч хэрэгтэй. УИХ-ын гишүүд нь “Уг нь хоцорч болохгүй. Гэхдээ би хоцордог юм” гэж хэлээд хошин шогийн тоглолтын сэдэв хүртэл болж байсан улс шүү дээ. Үнэнийг хэлэхэд манайд хариуцлагын хууль зайлшгүй хэрэгтэй байна. Илүү өргөн хүрээнд ч байх хэрэгтэй.

Ирц ч гэсэн ажлын нэг хэсэг юм. Ёстой л таны өмнөөс үхэхэд бэлэн гэх шахуу болж амлаж гарчихаад ажлаа хийдэггүй хүмүүс зөндөө. Тийм хүмүүс үе үеийн парламентад байлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн үед гишүүдийн ирцийг ил болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмэнд түгээдэг болсон. Түүнд нь УИХ-ын гишүүдийн дургүй гэдэг жигтэйхэн, тамгын газрын ажилтнуудыг ирц ил болголоо гээд хяргачихаа шахдаг байсан гэдэг. Зарим нэг нь хэвлэлийн албаныханд хандаж, “Та нар үүнийгээ тараахаа байчих л даа. Ээж харчихаад ажлаа хийхгүй юу хийж явдаг юм гэж загнаад байх юм” гээд учирлаж суусан гэдэг. Сонгогчдоосоо үгүй гэхэд ээжээсээ айж байгаа нь яамай даа. Энэ парламентад УИХ-ын дарга З.Энхболд ч гэсэн ирц дээр хатуу байр суурьтай байгаа. Хуралдаа ирэхгүй, хоцорч байгаа гишүүдийг нэр цохон дуудаж, ирцийг олон нийтэд ил болгодог. Гэхдээ гишүүдэд ирцийг олон нийтэд зарлах төдийгөөр арга хэмжээ авах хангалтгүй л дээ. Манайх шиг төлөөллийн парламенттай газар олон түмнээ төлөөлөөд УИХ-д суусан хүмүүстэй хариуцлагыг нарийн чанд ярихаас өөр газаргүй. УИХ-ын гишүүдтэй цалин хасна, цалингийн хувиар тооцно гэдэг инээдэмтэй хариуцлага. Ямар хүүхдийн тоглоом биш дээ. Нөгөө “Японы Ерөнхий сайд “Манай иргэд сарын 3000 ам.долларын цалинтай. 2000 ам.доллараа бүхий л зардалдаа зарцуулаад үлдсэн 1000-аа яадгийг бид мэдэхгүй гэхэд Монголын Ерөнхий сайд “Манай иргэд сарын 600 ам.долларын зардалтай. Цалин нь 300 ам.доллар. Үлдсэн 300-гаа яаж олдгийг бид мэдэхгүй” гэдэг онигоо шиг гишүүдийн хувьд цалин нь хэрэглээнийх нь хувьд юу ч биш. Цалингаараа амьдардаг гишүүн ч гэж юу байхав.

Тийм мэдээжийн зүйл дээр хариуцлага ярина гэхээр утгагүй учраас тэдний хамгийн их айдаг гишүүн байхаа больчихно гэдэг дээр нь хариуцлага яривал ажлаа сайн хийх байх даа. Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл байнгын хороогоор дэмжигдээд байж байгаа. Уг хуулийн төсөлд зааснаар сахилга, улс төр, ёс суртахууны хариуцлага ногдуулах бөгөөд өөрт нь ганцаарчилж, эсвэл олон нийтэд нээлттэй зарлах сахилгын хариуцлага гэж бий. Мөн Үндсэн хууль зөрчсөн бол албан тушаалаас нь огцруулж эсхүл эгүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хязгаарлах, хууль, ёс зүйн дүрэм ноцтой зөрчсөн нь тогтоогдсон бол тухайн албан тушаалаас огцруулж, эсхүл эгүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хязгаарлах тухай яригдаж буй. Харин ёс суртахууны хариуцлагад уучлал гуйж эсвэл хүсэлтээрээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах талаар заасан байгаа. Манайд УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь үйлдэл дээрээ баригдахгүй л бол хариуцлага тооцох хууль үгүй.

Харин төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцдог жишиг бол олон улсад шинэ зүйл биш. Хойд хөршид батлагдсан шинэхэн хуулийн талаар дээр дурдсан. Урд хөршид ч Төрийн албаны сахилгын тухай хууль гэж бий. Мөн хариуцлага алдсан тохиолдолд ажлаас чөлөөлөх заалттай. Тэгэхээр энэ бол байх ёстой жишиг хариуцлагын тухай хууль. Харин өөрсдөд нь хариуцлага тооцох энэ хуулийг гишүүд уужим ухаан гаргаж, төрийн хүний цэгц бодлогоороо батлах нь чухал юм. Үүнийг мэдээж, шинэ парламентын гишүүд баталж чадахгүй. Харин энэ парламентын гишүүд баталж, ирэх парламентад хэрэгжүүлж эхлэх нь чухал юм. Угаасаа янз бүрийн хуулиуд үлдсэн алийг нь гэж батлах нь ойлгомжгүй байгаа тохиолдолд үүнийг л “чулуу” болгож чадвал сонгуулийн өмнө өөрсдөд нь ч хэрэгтэй л дээ. Уг нь улс оронд, ард түмэнд хэрэгтэй юм. Гэхдээ заримдаа сонгогчдод их таалагдана даа гэвэл үгэнд орох ч тохиолдол бий. Мэдээж, бүх гишүүдийг нь хэлсэнгүй. Зарим нэг нь гэлээ. Аль ч утгаараа ойлгосон бай, хариуцлага хүлээж, хүлээлгэж сурах зарчим бидэнд хэрэгтэй учраас төрийн алтан аргамжааг илүү бат бөх байлгах үүднээс төр түшиж байгаа улсууд нэгийг бодох буй заа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хэвийн болдог хэвлэлийн хурал гэж байхаа болилоо” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы энэ удаагийн өдрийн сурвалжлагаар “Махны үнэ нэмэгдэж, түүхий эд үнэгүйджээ” гэх захуудаар явж хийсэн бодит үнэ ханшны сурвалжлагыг нийтэлжээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг VII нүүрнээс уншаарай. Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тогтоолын төсөл шийдэгдэхгүй байсан олон ажлыг урагшлуулна” ярилцлага хэвлэгдсэн байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг V нүүрнээс унших боломжтой. Улс төр нүүрнээс УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанаар хуралдсан асуудал болон цаг үеийн мэдээ мэдээллийн талаар нийтэлжээ. Мөн “Хэвийн болдог хэвлэлийн хурал гэж байхаа болилоо” нийтлэлийг уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Баабарын Баабар ингэж өгүүлэв номноос “Саньдо амбан”-г уншаарай хэвлэгджээ.

Цаг үе, үйл явдал нүүрнээс “Хүүхдийн тусламжийн утас 108”-ын зөвлөгч, сэтгэлзүйч Х.Энх-Амгалангийн “Хүүхдийг зодож, хүчирхийлэл үйлдэж байгаа тухай мэдээллийг голдуу хөрш нь өгдөг” ярилцлага болон цаг үеийн мэдээ мэдээллийг уншаарай. Энэ талаарх дэлгэрэнгүйг VI нүүрнээс унших боломжтой.

Дуулгах сонин булангаас стресс нь бизнесийн амжилтыг 70-80 хувиар бууруулдаг гэх сонирхолтой мэдээллийг уншаарай. Харин соёл, урлаг нүүрнээс “Аглуу, Бооёо хоёр” нийтлэлийг уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ