Categories
мэдээ нийгэм

Хилээр чулуужсан яс гаргах гэж байсныг илрүүлжээ

Улаанбаатараас–Бээжин чиглэлийн CA-902 рейсийн онгоцны энэ сарын 15-ны өдрийн нислэгээр ХБНГУ-ын иргэн Fabian Andy Deutsch ямар амьтных нь үл мэдэгдэх чулуужсан яс авч гарах гэж байжээ.

Буянт Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны мал эмнэлэгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Дэлгэрмаа зорчигчийн ачаа тээшинд 3,65 кг жинтэй таван хэсэг, чулуужсан яс нь дагалдах бичиг баримтгүй байсныг илрүүлж, 0000013 тоот бүтээгдэхүүнийг хураан авч, Шинжлэх-ухааны академийн Палеонтологи, Геологийн хүрээлэнд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шилжүүлсэн аж.

ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгээс тухайн дөрвөн ширхэг олдвор нь үлэг гүрвэлийн чулуужсан ясны хэлтэрхий мөн гэдгийг тогтоосон хэдий ч хаанаас олсон, ямар хүнээс авсныг нь тогтоох шаардлагатай гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ. Иймд уг олдворыг, холбогдох байгууллагын шинжилгээний дүн, бусад материалын хамт Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэст шилжүүллээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо

Монгол Улсын Үндэсний номын сан нь Дэлхийн музейн өдрийг тохиолдуулан номонд зориулсан дэлхийд цор ганц “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд Үндэсний номын сангийн захирал, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Соёлын гавьяат зүтгэлтэн Го.Аким, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Х.Чилаажав, Ардын уран зохиолч, П.Бадарч, Т.Галсан нар оролцсон юм.

Энэхүү гэрэлт хөшөө нь Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Данжуурын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар нэр хүндтэй юм.

Өнөөдрийн ёслолын үйл ажиллагааны үеэр нийгэмд эерэг, гэгээлэг мэдээлэл дамжуулах зорилгоор Үндэсний номын сангийн фонд болон хувь хүмүүст өгсөн өвөрмөц, сонин содон гарын үсэгтэй номуудаар үзэсгэлэн дэлгэн гаргажээ.

Энэхүү үзэсгэлэнд Г.Мэнд-Ооёо, Го.Аким, Х.Чилаажав, Ж.Саруулбуян, С.Бадрал, гавьяат эмч, академич Э.Лувсандагва зэрэг хувь хүмүүст зориулж бэлэглэсэн гарын үсэгтэй номууд гарах бөгөөд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, П.Бадарч, Т.Галсан, Б.Бааст, Ш.Дулмаа, Д.Нямаа нарын гарын үсэгтэй номын худалдаа болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хоёр чиглэлд зам хааж, засвар хийнэ

Авто зам, барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд эхэлсэн билээ. Энэ онд улсын төсөв, Хөгжлийн банк, нийслэлийн төсөв, Авто замын сан болон концессоор 33.3 км авто зам 745 у/м гүүр шинээр барьж, 61.3 км авто зам 84 у/м гүүр өргөтгөн шинэчлэх юм. Энэ ажлын хүрээнд нийслэлийн зарим замыг хааж засвар, нөхөлтийн ажлыг хийж байгаа бөгөөд,”Энканто таун”-ы уулзвараас “Жапан таун” руу орох хэсгийн уулзвар хүртэлх замыг энэ сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 23:00 цагийн хооронд хаахаар болжээ.

“Жапан таун” , “Энканто таун” орчмын замыг хоёр хоног хаана

Зам барилгын ажил явуулах хооронд түр зам гаргах бөгөөд иргэд түр замаар хөдөлгөөнд оролцох боломжтой юм байна.

Мөн Хан-Уул дүүрэг, Нисэхийн уулзвараас хойш 250м авто замыг энэ сарын 20-ны 22.00 цагаас 22-ны 22:00 цаг хүртэл хааж хучилт хийнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар хотод зохицсон “UB ECO” автомашины төслийг эхлүүлжээ

Улаанбаатар хотыг Эко хот болгох зорилготой уялдуулан хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх, авах зориулалтай 2-3 хүний суудалтай цахилгаан эко машин хийхээр төсөл эхлүүлжээ. Байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй энэ машины загварыг дизайнер Д.Эрдэмбилэг бүтээсэн байна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт машины 70% нь 1-2 хүнтэй зорчдог гэсэн судалгаа байдаг. Үйлдвэрлэлийн өртгийг бууруулах зорилгоор тус машины нэг хаалгатай загварыг боловсруулжээ.

“Улаанбаатар хот эко хот болно гэдгээ зарласан. Тиймээс дэлхийн томоохон эко хотуудын төслүүд, хурлуудад оролцож явдаг болсон нь харагдсан. Үүнтэй дуу хоолойгоо нийлүүлэх уран бүтээлч хүний шаардлага гарч ирсэн, тэр тусмаа дизайнер хүний хувьд. Нэг талаасаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд дэлхий даяараа хүссэн хүсээгүй бүгд цахилгаан машин хэрэглэдэг болно. Одоо ч маш хурдацтайгаар өөрчлөгдөж, шинэчлэгдэж эхэлсэн. Тухайлбал, Япон улсын Тоёота “Mirai” нэртэй машинаа гаргасан бол АНУ “Tesla”-г гаргаж ирээд байгаа. “Tesla” бол “Firrari”-гаас хурдан цахилгаан машин шүү дээ. Энэ нь үл бүтэх, үл гүйцэлдэх санаа гэж эрдэмтэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан бол өнөөдөр “БҮТЭХ” төсөл болгож гаргаж ирсэн. Үүнийг хийж байгаа хүн нь Элон Маск гэж тэрбумтан байна. Тэрээр Монгол улсыг эдийн засаг болоод байгалийн баялгийн байршлын хувьд сонирхолтой, зөв гэдэг утгаар нь маш их сонирхдог. Бизнесмен болоод дизайнерууд хамтран энэ сайхан бололцоог ашиглах ёстой учраас эко машин буюу цахилгаан машиныхаа анхны төсөл, хувилбараа анхдагч шатанд, зөвхөн төсөл хэлбэрээр хийгээд явж байна. Үүнийг цааш нь хөгжүүлээд явах ёстой” гэж динайзер Д.Эрдэмбилэг ярилцлагадаа онцолжээ.

Мөн үнийн хувьд “БНХАУ-ын зах зээлийг судалж үзэхэд 1500 ам.доллар л байх юм билээ. Бид мэдээж монголчууддаа дасгахын тулд, уур амьсгалдаа зохицсон байдлаар хийхийн тулд өөрчлөлт хийснээр үнэ өсөх байх. Гэхдээ “Приус” машинаас хямдхан байж таарна. Ямар нэгэн банкны зээл, лизинг, татварын хөнгөлөлт, нийслэл хотын хөнгөлөлт, эко машины тухай дэлхийн томоохон төслүүдээс дэмжлэг авбал илүү хөнгөлөгдөж, айл өрх болгонд хүрэх болно. Энэ бол баталгаатай” гэж тэрбээр ярьсан байна.

Categories
мэдээ улс-төр

Хотын захиргаанд суулт зарлана гэлээ

Нийслэлийн сонгуулийн хороо НИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн ИЗНН, МСДН-аас гадна хоёр эвслийг бүртгэхээс татгалзсан. Уг шийдвэрийг эсэргүүцэн “Нэгдсэн Монгол эвсэл”-ийн тэргүүн УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй хүмүүс НЗДТГ руу дайрч орсон юм. Тэднийг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун хүлээн авч уулзсан.

УИХ-ын гишүүн Г.Уянга “Нийслэлийн сонгуульд Тусгаар тогтнол эв нэгдэл, Эх орончдын нэгдсэн эвлэл болон бие даагчдыг сонгуульд оролцох боломжгүй гэж үзэн эрх олгохгүй байх шийдвэр гаргасан байна. Үнэндээ хориглох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Тийм учраас ямар шалтгаанаар бүртгээгүй юм бэ гэдгийг асуухаар энд ирээд байна. Ард иргэд МАН, АН-аас өөр сонголт хүсч байгаа. Өөр сонголт болгоныг эд нар хааж байна. Ингэж болохгүй. Тэгэхээр тус намуудад айдас байна гэж харж байна” хэмээв.

Үүнд нь нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун тайлбар хийж, “Сонгуулийн хуулийн хоёрдугаар бүлэгт сонгох, сонгогдох эрхийн тухай тусгай бүлэг байдаг юм байна. Энэ бүлгийн 12.1-д санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвших эрхтэй гэсэн байна. Мөн 12.2-т намууд эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлж болно гэжээ.

Харин тус хуулийн 14.1 буюу орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай заалтад, тухайн аймаг, нийслэл сум дүүргийн сонгуульд оролцож хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байна. Эвсэл биш нам. Эвсэл, эвсэнэ гэсэн үг энд байхгүй байна. Мөн бид та бүхэнд хуулийн 14.1, 15.3 дахь заалтыг сайн хараарай. Үүний дагуу бүх зүйлээ бэлдэхгүй бол хуулийн төвөгтэй заалт шүү гэж анхааруулсан зөвлөмжийг хүргүүлсэн. Дүгэр гэдэг хүн энэ зөвлөмжийг хүлээж авсан байна. Тийм учраас та бүгдийг гадуурхсан юм байхгүй. УИХ-ын гишүүн Г.Уянга өөрөө энд байна. Энэ та нарын гаргасан хууль шүү” хэмээв.

Тамгын газрын үүдэнд цугласан хүмүүс “Анхнаасаа эвсэл орохгүй гэдгээ мэдэгдээгүй. Бид эвслээрээ аудитад материалаа өгсөн. Болж байна гээд хүлээгээд авсан. Сонгуулийн хороон дээр бид гурван материалтай очсон. Монголын ногоон нам, “Тусгаар тогтнол эв нэгдлийн нам” тусдаа материалаа бэлдээд, эвслээрээ ч бэлдээд очсон. Тэгсэн эвслийг нь авсан. Өөрсдөө хүлээж авсан. Дээр нь эвслийг сонгуульд оруулж болохгүй гэсэн хориглосон зүйл байхгүй учраас гаргасан шийдвэрээ эргэн харж, дахин хуралдаж бидэнд сонгогдох эрх олго” хэмээн бухимдаж байлаа.

Дахин хуралдаж нааштай шийдвэр гаргаагүй тохиолдолд эсэргүүцлээ үргэлжлүүлэн тэмцлийн ямар ч хэлбэрт шилжиж магадгүй гэдгээ нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс хэлж байна. Тэд Нийслэлийн сонгуулийн хороог дахин хуралдах хүртэл НЗДТГ-ын хоёрдугаар давхарт суулт зарлана гэдгээ ч хэлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Сөүл хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Нэгдлийн сайд Хон Ён Пё болон албаны хүмүүс угтан авч хүндэт харуулын цэрэг жагсан хүндэтгэл үзүүлэв.

Ерөнхийлөгч айлчлалын эхэнд Эрх чөлөө,тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэгчдийн Төрийн хүндэтгэлийн цогцолборт цэцэг өргөн, Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Өнөөдөр /5-р сарын 18/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Сөүл хотын дарга Пак Вон Сүн бараалхаж, Сөүл хотын Хүндэт иргэний батламж гардуулах ёслолын ажиллагаа болно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд хийх албан ёсны айлчлалынхаа үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Ерөнхийлөгчид бараалхана.

Мөн Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өгнө.

Categories
мэдээ нийгэм

“ICT EXPO-2016” үзэсгэлэнг нээж цан цохилоо

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй ICT EXPO-2016 үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Мишээл ЭКСПО-д боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өдгөөгөөс 10 жилийн өмнө Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын анхны дарга байхдаа “Мэдээлэл, харилцаа холбооны технологи-85” үзэсгэлэнг эх орондоо анх санаачлан, нээж байснаас хойш салбарынхан нь уламжлал болгон зохион байгуулсаар 10 хаврыг үдэж байгаа юм.

“Энэ бол хурд тэмүүлэл, шинжлэх ухааны дэвшил, шинэ санааны бэлгэдэл, хил хязгааргүй тэлэн хөгжиж буй мэдээлэл, харилцаа холбооны ололт, давуу талуудыг олон нийт, өргөн түмэн хэрэглэгчдэд таниулан сурталчлах хүндтэй индэр, мэргэжлийнхэн болон сонирхогчид уулзах талбар юм” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үзэсгэлэнг нээж хэлээд “Хязгааргүй боломж” уриан дор нээж байгаа 10 дахь удаагийн ICT EXPO-2016 нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдийг татах сонирхолтой үзмэр, хамгийн сүүлийн үеийн ноухау, шилдэг шийдлийн иж бүрдлийг агуулж байгаа гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Засгийн газар бодлого, үйл ажиллагаандаа мэдээлэл, харилцаа холбооны салбарын шинэчлэлийг тэргүүлэх ач холбогдолтой гэж үздэг. Төрийн олон талт үйлчилгээг цахимжуулах, үүрэн холбоонд LTE буюу 4G үйлчилгээг нэвтрүүлэх, хот, хөдөөгийн интернэт хэрэглэгчдийн үнийн түвшинг ойртуулах, алслагдсан гэр хорооллын иргэдэд өндөр хурдны интернэт найдвартай хүргэх дэд бүтцийг бий болгох, үндэсний роуминг үйлчилгээг нэвтрүүлэх болон гар утасны дугаараа өмчилж оператор компаниа сонгоход эрх зүйн орчин бүрдүүлэхэд мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Цаашид ч мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого, үйл ажиллагааг илүү оновчтой болгох чиглэлээр мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаас дэвшүүлэх аливаа бүтээлч санал санаачилгуудыг бүх талаар дэмжиж ажиллахаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд энэ салбарын хөгжил улс орныхоо нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд тэргүүлэгч байхын ерөөлийг дэвшүүллээ. Тэрээр дараа нь “ICT EXPO-2016” үзэсгэлэнг үзэж сонирхлоогэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

– See more at: http://zasag.mn/news/view/13663#sthash.tpLGzwDP.dp…

Categories
мэдээ нийгэм

Иргэд түрээсийн орон сууцныхаа түлхүүрийг гардаж авлаа

Төрийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр Авто тээврийн үндэсний төвд боллоо. Нээлтэд Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа, ТОСК-ийн ерөнхий захирал Б.Гантулга, тэргүүн дэд захирал Б.Алтанхуяг, дэд захирал Д.Оюунжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр ТОСК-ийн тэргүүн дэд захира Б.Алтанхуяг “Өнөөдөр сонгогдсон иргэдийн төлөөлөлд түлхүүрийг нь гардуулж өглөө. Эдгээр 350 өрх нь “Буянт-Ухаа 2” хорооллын байранд орж байна. Энэ нь бидний төлөвлөсөн ажлын нэг хэсэг бөгөөд ирэх долдугаар сард тус хорооллын үлдсэн 18 байр буюу 972 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгснөөр дараагийн шатандаа шилжинэ. Мөн ирэх зургадугаар сард нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороонд байрлах “Хангай” хотхоныг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна. Эдгээр орон сууцанд орох иргэдийгн сонгон шалгаруулалтад өмнө нь бүртгүүлсэн 3000 гаруй иргэд давуу эрхтэй оролцоно. Гэхдээ орон сууцанд орох хүсэлтэй иргэд мөн бүртгүүлэх боломжтой. Цаашид бид түрээсийн орон сууцанл орох хүсэлтэй иргэдийг ангилж ялгалгүйгээр нийт иргэдийн дунд сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.

Засгийн газраас баталсан 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Улмаар Барилга, хот байгуулалтын яамнаас “Иргэдийг түрээсийн орон сууцанд оруулах журам” боловсруулж баталсан билээ. Түрээсийн орон сууц хөтөлбөр нь манай улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд ТОСК-ийн захиалгаар “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж баригдсан орон сууцанд хуваарилагдсан квотын дагуу иргэдийг сонгон шалгаруусан юм. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Сэлэнгэ, Увс аймаг, Ховд, Архангай аймгуудад нийт 579 орон сууцыг түрээлслүүлж эхлээд байна.

Нийслэл хотын хувьд түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй нийт 2407 иргэн бүртгүүлснээс цахим сугалаа явуулж, сугалаагаар 350 иргэн орон сууцанд орох эрхээ хожоод байгаа юм. Түрээсийн орон сууцанд орох сугалаанд хожсон иргэд энэ сарын 9-ний өдрөөс барьцаа төлбөрөө төлж ТОСК-тай гэрээ хийж эхэлсэн. Одоогоор 250 орчим иргэн төлбөрөө төлж, түрээсийн гэрээгээ байгуулж эхнээсээ орон сууцныхаа түлхүүрийг гардан аваад байна. Цаашдаэа түрээсийн орон сууцанд орсон иргэд байраа өмчлөх эрхтэй болох ба тус ажлыг гурван ангиллаар явуулахаар болжээ. Нэгдүгээрт, тодорхой хугацаанд орон сууцаа түрээсэлж байгаад дараагийн хүндээ шилжүүлэх, хоёрдугаарт урьдчилгаа төлбөргүйгээр урт хугацаанд байрныхаа үнийг төлж барагдуулах, гурвадугаарт байрны урьдчилгаагаа төлөх явцдаа байраа өмчилж авах зарчмаар явагдана.

Categories
мэдээ спорт

“Монголын мастер” 25 дахь удаагаа зохиогдоно

Монголын бодибилдинг фитнессийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын мастер” 25 дахь удаагийн тэмцээн “UB Palace”-т энэ сарын 28-29-нд болно. Энэ удаагийн тэмцээн 17 ангилалд болох бөгөөд эхний гурван байрт шалгарсан тамирчид Бутаны хаант улсад есдүгээр сарын 2-8-нд болох Азийн АШТ, Бразилийн Сан Паула хотод арваннэгдүгээр сард болох ДАШТ-д оролцох эрх өвөртөлнө.

“Монголын мистер” тэмцээнээс 25 мистер төрсөн бөгөөд “Тайхар” клубынхан 10 удаа түрүүлснээр хамгийн дээд хэмжээг одоогоор хүртээд байна. Мөн хувийн амжилтыг Монголоос төрсөн анхны дэлхийн аварга, гавьяат тамирчин Ж.Нурлан дөрвөн түрүүгээр манлайлдаг юм.

Монголын мистерүүдийг танилцуулья:

1991, 1992, 1993 он Б.Батсуурь (Тайхар),

1994 онд Н.Буянтогтох,

1995 онд /Тэмцээн өнжсөн/

1996 онд А.Энхтайван (Тайхар),

1997 онд Н.Ганболд (Тайхар),

1998 онд А.Энхтайван (Тайхар),

1999 онд Д.Батгэрэл (Тайхар),

2000 онд А.Энхтайван,

2001 онд Д.Мөнх-Эрдэнэ (Рекордс),

2002 онд Г.Алтаншагай (Хар Ирвэс),

2003 онд Д.Золбаяр (Тайхар),

2004 онд Ж.Нурлан (Хар Ирвэс),

2005 онд Ж.Нурлан (Хар Ирвэс),

2006 онд Ж.Нурлан (Хар Ирвэс),

2007 онд Д.Ууганбаяр (Хар Ирвэс),

2008 онд Б.Пүрэвдорж (Мустанг),

2009 онд З.Мөнхбаатар (Тайхар),

2010 онд Л.Баянхүү (All Master),

2011 онд Д.Бат-Эрдэнэ (Чийрэг Монгол),

2012 онд Ж.Нурлан (Мажестик),

2013 онд Э.Ганзориг (Чийрэг Монгол),

2014 онд Э.Ганзориг (Чийрэг Монгол),

2015 онд Б.Пүрэвдорж (Даймонд жим)

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын сонгуульд 238 хүн нэр дэвшинэ

Нийслэлийн сонгуулийн хорооноос Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам эвслээс нэр дэвшигчдийг танилцууллаа. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигч Нийслэлийн Сонгуулийн Хороонд бичиг баримтаа хүргүүлжээ. Тэднээс хуулийн дагуу шаардлага хангасан гэж үзэн 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж тогтоол гаргасан байна.

Намуудын нэрс
Материал ирүүлсэн Бүртгэгдсэн Татгалзсан Нэрс
1 МАН 45 45
2 АН 45 45
3 БНН 21 21
4 МУНН 3 3
5 МАХН 45 45
6 ИХН 44 41 3 Д.Ундармаа
Ч.Ундрахбаяр
Б.Хосбаатар
7 ХХН 6 5 1 Д.Санжаа
8 ХҮН 29 25 4 Б.Алтанцэцэг
/өөрийн хүсэлтээр
Д.Мөнхтөр, Ш.Төмөрхуяг, Б.Мөнхцэлмэг/
9 МКН 10 8 2 Х.Удвалцэцэг
С.Мөнхдөл
Нийт 248 238 10

НИТХ-ын сонгуульд оролцох шаардлага хангасан нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд зургаадугаар сарын 7-нд батламжийг нь гардуулах аж.