Categories
мэдээ цаг-үе

“Өнөр бүл өнөө цагт”

Монголын хуучны уран сайхны кинонууд ихэнхдээ үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Эдгээр уран бүтээлийн нэг бол 1980-аад оны үед гарсан “Өнөр бүл” кино юм. Тэгвэл тус киноны орчин цагийн хувилбар болох “Өнөр бүл өнөө цагт” нэртэй киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. “Хүлэгү пикчерс” кино компани, “Монгол кино нэгтгэл” хамтран “Эдүгээчилсэн монгол кино” төслийг санаачлан эхлүүлээд байгаа бөгөөд тус кино анхны бүтээл нь юм байна. Одоогоос 36 жилийн өмнө “Өнөр бүл” киног анх Дожоодоржийн зохиолоор найруулагч Д.Жигжид найруулж олны хүртээл болгож байсан түүхтэй. Тэгвэл тус киноны зохиолыг “Өнөр бүл өнөө цагт” болгон Т.Номуунзул шинэчлэн бичиж Соёлын тэргүүний ажилтан С.Баттулга найруулагчаар ажиллажээ. Тус кино багийнхан энэхүү бүтээлийнхээ талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр хуваалцсан сэтгэгдлийг хүргэж байна. Найруулагч С.Баттулга “Хуучны киног шинэчлэн найруулах, сэргээх гэж л зорилоо. Дэлхийн кино урлагт олны таашаалд нийцсэн хуучны киног дахин бүтээж, дэлгэцнээ гаргах явдал өргөн түгсэн байна. Тухайлбал,ОХУ-ын “Ийм нэгэн явдал” киног нэрлэж болно. Энэхүү киног найруулагч Эльдар Рязановын найруулгаар 1977 онд анхлан бүтээсэн байдаг. Харин 2011 онд найруулагч Сарик Андреасян дахин сэргээж дэлгэцнээ гаргасан. Монголын киноноос гэвэл 1985 онд Балжинням найруулагч найруулж олны хүртээл болгосон “Би чамд хайртай” кино байна. Тус киног 2010 онд найруулагч Б.Баатар үргэлжлэл хэлбэрээр дахин бүтээсэн байдаг шүү дээ” гэсэн юм. Цаашдаа “Эдүгээчилсэн монгол кино” төсөл “Аман хуур”, “Сэрэлт” зэрэг киногоор үргэлжилж магадгүй аж. Харин тус кинонд үйлдвэрийн дарга Ардын жүжигчин Г.Мягмарнаран “С.Баттулга надад ийм кино байна гээд санал тавихад би их гайхаж, цочирдсон. Тэгээд 1980-аад оны үеийн аварга уран бүтээлчид, тэр дундаа Жигжид найруулагчийн бүтээлийг энэ хүү барьж авч хийнэ гэдэг чинь юу билээ гэж эргэцүүлж бодлоо. Энэ кинонд нь би оролцвол хүмүүс сайнаар хүлээж авахгүй дээ. Сүүлд нь яаж шүүмжлүүлэх бол гэж шаналсан шүү. Гэхдээ надад нэг л зүйл сонирхолтой санагдсан. Урьд нь “Ардын элч”, “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” зэрэг хуучны киног барьж авч өнөө цагт шинэчлэн найруулсан нэг ч кино уран бүтээлч байхгүй. Залуу уран бүтээлчдийн тэр халуун зориг надад ташуур болсон. Одоо дүүрсэн. Ямар ч байсан ичиж зовохгүй үзэхээр хэмжээний бүтээл болж чадсан байх” хэмээн ярьж байсан. “Өнөр бүл” киноны гол дүр болох Гармаад Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий тоглосон. Түүнийг үзэгч түмэн “Сахиул уу, сахиус уу” киноны Баатар, “Үүрийн цолмон” киноны Нямбуу “Эргэж бодох бодол” киноны Эрдэнэ зэрэг олон дүрээр нь таних биз ээ. Харин киноны хамгийн гол зангилаа, чимэг болсон дүр бол Цэрмаа. Түүний дүрд өдгөө Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ц.Чулуунцэцэг тоглосон байдаг. Дундговь аймгийн тэмээчин бүсгүйг нэгдэлчдийн их хурлын тоглолтод оролцоход нь гярхай найруулагч харсан гэж ярьдаг. Харин нөгөө Гармаад цэргийн чуулгын дуучин Жанчив тоглосон. Мөн жүжигчин Б.Цэцэгбалжид, Гармаагийн ээжид Ардын жүжигчин Долгорсүрэн гуай тоглосон юм. Тэгвэл орчин цагийн “Өнөр бүл өнөө цагт” киноны Гармаад Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглосон бол Цэрмаад Б.Болормаа хэмээх сэтгүүлч тогложээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, гавьяат жүжигчин Д.Мэндбаяр, Ш.Алтанцэцэг, Ж.Оюундарь зэрэг уран бүтээлчид тогложээ. Киноны анхны хувилбарт дөнгөж төрсөн хоёр хүүхдийг төрөх эмнэлгээс гарахад нь зургийг нь авч тоглуулж байсан бол одоогийн хувилбарт гурван ихэр хүүхдийг тоглуулжээ. Учир нь хоёр ихэр хүүхэд өнөө цагт тийм ч содон үзэгдэл биш болсонтой холбоотой аж.

Д.Баттөмөр: Ч.АЛТАН-ӨЛЗИЙ АХЫГ ДУУРАЙХААС ИЛҮҮ ОРЧИН ЦАГИЙН ГАРМААГ ГАРГАХЫГ ХҮССЭН

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөрөөс зарим зүйлийг тодруулсан юм.

-Найруулагч таныг Гармаагийн дүрд аль талаас нь илүү тохирно гэж харсан бол?

-Найруулагчийн л сонголт. Миний хувьд хуучин цагийн Гармаа ямар байсан бэ гэдгийг дуурайж давтахаас илүүтэйгээр орчин цагийн Гармаа ямар байх вэ гэдгийг өөрийнхөөрөө дамжуулж, өөрийн харсан өнцгөөрөө гаргахыг л хичээсэн.

-Яг юугаараа ялгаатай байх нь үзэгчдэд сонин байх болов уу?

-Бүх юм өөрчлөгдсөн байна. Би 1980-аад оны хүүхэд. “Өнөр бүл” кино намайг төрөхөөс өмнө хийгдсэн кино. Тэр үеийн Улаанбаатар, өнөөдрийн Улаанбаатар хот хоёр бол танигдахааргүй өөрчлөгдсөн. Тэгээд бас Гармаа хүнд тусархуу, маш сайхан сэтгэлтэй хүн. Өнөө цагт ийм сэтгэлтэй, аливаад сэтгэлээрээ ханддаг хүн ховордсон. Тиймээс такси барьж явснаа замын хажууд зогсож байгаа эмэгтэйг хараад л машинаа зогсоогоод эмнэлэгт хүргэж өгөх тийм хүн байгаа юу гээд л найруулагч зохиолчтойгоо багагүй зөрчилдсөн. Урлаг бол хүмүүсийг соён гэгээрүүлж байдаг учраас ийм хүн байгаасай, олон байгаасай гэдэг санааг энэ дүрээрээ дамжуулан хүргэхийг зорьж ажиллалаа. Бас Гармаа, Цэрмаа хоёрын уулзалтыг харилцаа холбоо хөгжсөн энэ үед зохицуулж дүрсэлнэ гэдэг хүндхэн байлаа.

-Анхны Гармаа буюу Алтан-Өлзий гуай Цэрмаатай үнсэлцэхэд маш их ичсэн гэж ярьсан байдаг. Харин таны хувьд?

-Энэ удаа Цэрмаагийн дүрд Болормаа гээд бүсгүй тоглосон. Түүнтэй үнсэлцдэг хэсэгт зураг авахуулахдаа нэг их ичээгүй ээ (инээв). Хамгийн хэцүү нь Гармаа бороонд нороод, гаднаас даарч орж ирээд шатар тоглодог хэсэг бэрхшээлтэй, хүнд санагдсан. Цас ороод л, бороо ороод л эрс тэс уур амьсгалтай хаврын улиралд зургаа авсан даа.

Ч.Алтан-Өлзий: ХҮҮХЭН ЭРГҮҮЛДЭГ ДҮРД ТОГЛОЧИХЛОО ГЭЖ ИХ ИЧСЭН

Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий Өнөр бүл киноны тухай ийн дурсдаг юм.

Таныг Гармаагаар л төсөөлдөг. Гармаагийн дүрийг та тодорхойлохгүй юу?

-Гармаа бол жинхэнэ хүний тухай дүр байж. Хүний төлөө өөрийгөө золиосолж чаддаг, хүн чанартай нэгэн. Би Гармаад хааяа атаархдаг юм. Одоогийн энэ нийгэмд Гармаа шиг хүн ховор шүү дээ.

-Кино зураг авалтын хамгийн хүнд хэсэг гэвэл?

-Кино зураг авалт арваннэгдүгээр сард эхэлж байсан. Гармаагийн амралтанд согтуу орж ирдэг хэсгийн зургийг эхэлж авч байсан. Тэр хэсэг л одоо бодоход хүнд байсан юм болов уу. Кинонд бараг машин явахгүй, цэлгэр зам гардаг. Энэ нь кино багийнханд бэрхшээл болж байлаа. Хотын хэсгээр машинтай явдаг хэсгийг авах гэтэл машин явдаггүй. Тэр үед Д.Жигжид гуай Замын цагдаагийн газар очоод Төв шуудангийн замын хөдөлгөөнийг 15 минут хаах зөвшөөрөл гуйжээ. Цагдаа дугуй төмөр дээрээ зогсоод 15 минут хөдөлгөөн хааж байгаад олон машинтай болохоор явуулсан гэнэ. Гэхдээ л их боллоо гэхэд 10 гаруй машин явж харагддаг. Энэ бол Улаанбаатарын сонин, содон зураглалын нэг юм.

-Киноны хамгийн гол хэсгийн нэг нь таны Цэрмааг үнсдэг хэсэг. Тэр зургийг авахуулахад ичиж байв уу?

-Хамгийн хэцүү, хөлс гаргаж авсан хэсэг шүү. Д.Жигжид гуай үнс гээд байдаг. Би яах юм бэ гээд ичээд байдаг. Тэгээд үнсэхээр л ингэж үнсдэг юм уу гээд загнана. Амралтынхан ирээд шавчихсан. Олон хүний хажууд хүүхэн үнсэнэ гэхээс л нүүр улайгаад болдоггүй. Дараа нь хүүхэн эргүүлсэн кинонд тоглочихлоо гэж ичиж байсан юм даг. Харин цаг хугацаа өнгөрөх тусам дүрдээ улам дурлаж, Гармаа гэж дуудахад нь эргэж хардаг болсон байна. Харин “гажиг” Гармаа гэхэд их эвгүй, дургүй хүрмээр санагддаг шүү гэжээ. Тэрээр “Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг хийх бодолтой явдаг гэсэн.

Categories
мэдээ цаг-үе

Хоолны хордлогыг гэрийн нөхцөлд хэрхэн тайлах вэ?

Энэ удаад эрүүл ахуйн маш хялбархан зөвлөгөөг хуваалцах гэсэн юм. Хоолны хордлогыг гэрийн нөхцөлд хэрхэн тайлах тухай. Ямар нэгэн баярын үеэр, тэр дундаа үндэсний их баяр наадам, цагаан сар, хүүхдийн баяраар хоолны хордлоготой холбоотой дуудлага жирийн үеийнхээс 5-8 дахин нэмэгддэг гэдэг.

Түргэн тусламжийн эмч нар, баярын өдрүүдэд “Манайх л ачаалалтай байдаг. Монголчууд хоолоо зохицуулаад идчихэж чаддаг хүмүүс биш” гэдэг. Үнэхээр ч хоолны хордлогоор төчнөөн хүн, хүүхэд хордсон гэх мэдээлэл ёс юм шиг дуулдана. Ингэж баярлацгаадаг хүмүүст энэхүү хялбархан зөвлөгөө илүүдэхгүй л болов уу.

Бичил биетүүдээр халдварлагдсан мах, сүү, салат болон хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдсанаас хордлогот халдвар үүснэ. Хоолны хордлого тайлах хамгийн сайн арга бол бөөлжих гэдэг.

Гэрийн нөхцөлд 100 мл усанд 20 гр буюу хоёр цайны халбага давс хийхээр тооцон нэг цагийн дотор 1-2 литрийг хүчлэн уух хэрэгтэй. Давс ходоод болон бүдүүн гэдсэн дэх салст бүрхэвчийг үрэвсүүлсэн бактерийг үхүүлдэг. Ихээр бөөлжвөл шингэний дутагдалд ордог учраас 15 минутын зайтай ус бага багаар уух нь зөв. Бага зэрэг содатай ус уувал бүр сайн. Хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлдэг эм хэрэглэж болно. Тэгэхдээ гүйлгэдэг эм уувал хор хурдан гадагшлах бөгөөд идэвхжүүлсэн нүүрсэн эмийг дөрвөн цагийн зайтай дөрвөн ширхгээр ууна. Хоногт 12-оос илүү шахмалыг ууж болохгүйг анхаарах нь зүйтэй.

Хэрвээ шингэн юм ууж хүчлэн бөөлжих чадваргүй байвал гэдэс цэвэрлэж болно. Нэг литр буцалсан усанд хоёр халбага давс хийгээд бүлээн байхад нь шулуун гэдсээр бургуйдна. Арван минут хажуулдаж хэвтэх бөгөөд баруун хөлөө нугалаарай. Хор хурдан гадагшилдаг. Хордлогын үед гэдсэнд салст тогтоох үүднээс зутан, цагаан будааны шүүс зэргийг хэрэглэ. Эмийн тухайд нэг хэсэг левомицетин уудаг байсан. Гэвч эмч нар гаж нөлөөтэй, хортой антибиоток гээд татгалздаг. Харин энтерол, эрсефурил эмийг жорын дагуу уухыг зөвлөдөг.

Ө.Манлай

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тарчиг цагийн гэгээтэй ганц мэдээ Оюу толгой л байна

“Рио”-гийн босс саявтар Монголд ирээд буцахдаа Ерөнхий сайд Ч. Сайханбилэгт тусгайлан талархал илэрхийлэв. Оюу толгойг цааш нь хөдөлгөх хүч зориг гаргасанд нь, төдийгөөс өдий хүртэл энэ том төслийг уясан популистуудын эсрэг эргэлзэх юмгүй тэмцсэнд нь, хамгийн гол нь улсынхаа хөгжлийг бодож алсыг харсанд нь баяр хүргэсэн хэрэг. Мэдээж “Рио”-д том ашиг өгөх дэлхийн төсөл учраас ноён Жакийн хувьд “Оюу толгой” цааш хөдлөх нь алга ташиж баярлахаас аргагүй үйл явдал л даа. Өмнөговьд болсон “Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын гараа” ёслолд оролцсон хүмүүсээс хамгийн сэтгэл өндөр байсан нь “Рио”-гийн гүйцэтгэх захирал. Дэлхийн уул уурхайн акул компанийн боссыг баярлуулсан энэ үйл явдал монголчуудын хувьд ч талархан хүлээж авахаас аргагүй түүхэн өдөр.

Гадаадын хөрөнгө оруулалт татарсан, эдийн засгийн өсөлт оргил үеэсээ хэд дахин буусан, худалдан авах чадвар ташраараа муудчихсан, компаниудынх нь данс хоосон, банкууд нь зээлэх мөнгөгүй гацсан тарчиг хаврын ганц гэгээтэй мэдээ нь Оюу толгой болж байна. Эдийн засаг сэргэх нь гэсэн итгэл, горьдлого төрүүлсэн үйл явдал өнгөрсөн долоо хоногийн хагас сайн өдөр болоод өнгөрлөө. Монголчууд өнгөрсөн зуунд Эрдэнэт гэж том бүтээн байгуулалт эхлүүлж байв. Эрдэнэт үйлдвэр саяхныг хүртэл ганц саалийн үнээ маань байсныг бултаараа мэднэ. Ерээд оны бэрх үед Эрдэнэт үгүй бол мөнгөгүйдэж хэцүүдэхээр байсныг ярих юм биш. Эрдэнэтийг хөдөлгөсөн нь нүдээ олсон явдал болсныг иймэрхүү жишээгээр өлхөөн нотолчихно. Харин энэ зууны хамгийн том бүтээн байгуулалт бол Оюу толгой. Өчнөөн улстөржилт, тухайн үедээ ид моодонд орж байсан гудамжны хөдөлгөөний эсэргүүцэл дунд ямар азаар энэ том төслөө хөдөлгөө вэ гэсэн олзуурхал төрдөг юм. С.Баяр Оюу толгойг хөдөлгөсөн гавьяатай Ерөнхий сайд. Түүний хөдөлгөсөн төслийн эрч хэдэн жилийн өмнө суларч эдийн засагт яаж муугаар нөлөөлснийг иргэн Дорж, Дулмаа өнөөдөр ч амьдралаараа амсч яваа. Оюу толгойн ордын үнэ цэнийн 80 хувийг агуулж байгаа гүний уурхайн бүтээн байгуулалт гацсан нь гадны хөрөнгө оруулалтын урсгалыг хумихад шууд утгаараа нөлөөлснийг эдийн засагчид ч онцолдог.

Хүчээ авсан попуудын эсэргүүцэл дунд Оюу толгойг хөдөлгөж чадсан гавьяа Жакийн хэлснээр Ч.Сайханбилэгт ногдохоос аргагүй. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг Ч.Сайханбилэг ба түүний баг үргэлжлүүлж чадсан. Баг гэж онцолсон нь учиртай. “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Да. Ганболд тэргүүтэй эрхмүүдийг хэлээд байна л даа. Б.Бямбасайханы хувьд бизнесийн том төслүүдэд ажиллаж байсан туршлагатай, 120 сая ам.долларын хөрөнгө татаж босгосон анхны салхин станц “Салхит” гээд ярихад л гол ажлыг нь нугалсан хүмүүсийн нэг. Бизнес эрхэлж байсан, зовлон жаргалыг нь яс махаараа мэдэрсэн бизнесмэнүүдийн нэг. Хөрөнгө оруулалт татах чиглэлээр мэргэшсэн гэсэн үнэлгээ түүнд томдохгүй. Өдгөө гэхэд л тэр дотоод, гадаадын 260 гаруй хөрөнгө оруулагчийг нэтгэсэн Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Хөрөнгө оруулалт, төслийн менежмэнт, санхүүгийн зөвлөгөө өгдөг “НоваТерра” ХХК-ийг удирдаж байсан үе намтарт нь бий. Ингээд зогсохгүй Азийн хөгжлийн банкинд ажиллаж байхдаа Дундад Азид эрчим хүчний хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжихэд Б.Бямбасайханы нөлөө, үүрэг их байгаа. Да.Ганболдын тухайд ярих юмгүй мундаг эдийн засагч. Ардчилал, зах зээлийг сонгосон ерээд оны хувьсгалыг эхлүүлсэн гол хүмүүсийн нэг. Төдийгөөс өдий хүртэл ёстой нөгөө үхэхээс бусдыг үзнэ гэдэг шиг улс төрд хатаагдсан түүнд шүлсээ үсчүүлэхээс өөрийг мэдэхгүй популистууд түүртэхээр саад биш л дээ. Ч.Сайханбилэгийг ийм түүхэн шийдвэр гаргахад зоригжуулж байсан хүмүүсийн нэг тэр мөнөөсөө мөн.

Оюу толгой цахим хуудсандаа ирэх гурван сард зарлах тендерийнхээ төлөвлөгөөг байршуулсан байна лээ. Компаниудад том боломж гарч ирж байна гэсэн үг. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд хамтрах ханган нийлүүлэгчдийн дийлэнх нь үндэсний компаниуд байна гэсэн тохироог хувь нийлүүлэгчид хийчихсэн. Энэ том бүтээн байгуулалтад зарцуулагдах 100 төгрөг болгоны 80 төгрөгийг нь Монголд үлдээнэ гэсэн төлөвлөгөө бий. Оюу толгойн ТУЗ-ийн монгол гишүүдийн зүгээс энэ тал дээр анхаарал хандуулж, нэлээд хүч тавин ажиллаж байгаа. Тэгэхээр Монголын компаниуд чадавхитай, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж чадаж л байвал Оюу толгойн бүтээн байгуулалтын ажилд оролцох боломжтой гэсэн үг.

Бүтээн байгуулалтад ажиллах хүмүүсийг ажилд авах зар ч ирэх долоо хоногоос өдөр тутмын сонинуудаар яваад эхлэх юм билээ. Гагнуурчин, слесарь гээд уурхайд ажиллах хүсэлтэй залууст орлоготой болох бодит боломж бүтээн байгуулалт хөдөлснөөр нээгдлээ гэж ойлгож болно. Энэ жилдээ дор хаяж 1000 хүнийг ажилтай болгохоор төлөвлөснөө зарлачихсан. Бүтээн байгуулалтын оргил үед өмнийн говийн Оюу толгой уурхайд 3000 хүн ажиллана. 3000 ажлын байрны хувьд 24 сарын хугацаанд бий болно гэсэн хүлээлт таамаг бий. Энэ бол зөвхөн Оюу толгой компанийн хэлж байгаа ажлын байр. Нэг өрх гурваас дөрвөн ам бүлтэй гэж тооцоход Оюу толгойд ажиллах 3000 хүнийг дагаж дор хаяж арван мянга орчим хүн орлоготой болох юм. Ханган нийлүүлэгч компаниудад ажиллаж цалин авах хүмүүсийг оруулбал энэ тоо эрс нэмэгдэх нь ойлгомжтой. Лав л Оюу толгойн эхний шатны бүтээн байгуулалт өрнөсөн хугацаанд нийтдээ 40 мянган ажлын байр бий болсон гэсэн статистик дуулддаг.

За тэгээд Оюу толгой төсөл хөдөлснөөр жил бүр тэрбум ам.доллартай тэнцэхээр хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг бол онцолж хэлэхээр таатай мэдээ. Олон улсын санхүүгийн байгууллагууд, АНУ, Канад, Австралийн Засгийн газрын харьяаны экспортын зээлийн агентлагууд болон 15 арилжааны банктай байгуулсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх төслийн санхүүжилтийн гэрээгээр 4.4 тэрбум ам.долларыг нь батлаад байгаа. Тэд “Рио”-той байгуулсан гэрээндээ зээлийн дээд хэмжээг зургаан тэрбум ам.доллар хүртэл байхаар тохиролцоод буй. Гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөх 5-7 жилд энэ хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх нь тодорхой болсон гэсэн үг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Муу тусмаа үнэн, үнэн тусмаа эргэлзээтэй” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы сурвалжлах хэсэг Дархан-Уул аймагт томилолтоор ажиллаад ирлээ. “ХХААЯ зээл олгохгүй байгаагаас тариаланчид тариагаа тарьж чадахгүйд хүрчээ” хэмээх сурвалжлагыг бэлтгэн өнөөдрийн дугаартаа хүргэж байна.

Өнөөдрийн дугаарын “Улс төр” булангаас УИХ-ын Ц.Оюунгэрэлийн “Ганцхан толгойгоор хүний хувь заяа шийдэгддэгийг болиуллаа” ярилцлага, Сангийн асйд Б.Болорын “Эдийн засаг сэргэх нөхцөл байдал харагдаж байна” тодруулга зэргийг унших боломжтой. Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар, алдарт гуравдугаар нүүрт манай сонины Орлогч эрхлэгч, Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Муу тусмаа үнэн, үнэн тусмаа эргэлзээтэй” нийтлэл хэвлэгдэн гараад байна.

“Баримт, үйл явдал” буланд “Хувьцаа худалдан авч байна гэсэн цуурхлыг тараасан хүнийг илрүүлэн шалгаж эхэлжээ”, “Төгсөх ангийн оюутан бүсгүй найз залуутайгаа муудалцаж улмаар нэгнийхээ аминд хүрчээ” зэрэг мэдээллүүдийг хэвлэв.

Мөн жүжигчин Д.Дэлгэрсайханы “Эх үрсийн баярт зориулж “Үзэсгэлэнт охин жонон хоёр” бүрэн хэмжээний хүүхдийн жүжиг тоглоно” ярилцлага, Монгол Улсын төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын “Нутгийн хөгшчүүл намайг “Жиргээгийн хүү” л гэдэг байлаа” ярилцлага зэргийг өнөөдрийн дугаараас унших боломжтой. Зохиолч Далхаагийн Норов “Өнийн цэнхэр уулс”, “Уулсынхны туужис”, “Цэцгийн гурван сар”, “Хөх сайрын чулуу” туужийн түүврүүд, “Алтан богдын шил”, “Уулын хөх сүүдэр” романууд, “Yхлийн тухай өгүүллэгүүд”, “Хөх туужис”, “Yхэл хүлээх газар”, “Хүйтэн цуст” бүтээлүүд хэвлүүлсэн, Монголын хүүрнэл үгийн их мастер билээ. Түүний хэвлэлд ойрд өгөөгүй хуучийг 13 дугаар нүүрээс уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ спорт

“Бээжин-2008”-д оролцсон 31 тамирчнаас сэргээш илэрснийг зарлав

The IOC plans to retest athletes who competed at London 2012. Олон улсын олимпийн хороо “Бээжин-2008” олимпод оролцсон 12 орны 31 тамирчны шинжилгээнээс допинг илэрснийг зарлалаа. ОУОХ Бээжингийн олимпийн наадмын үеэр авсан допингийн шижилгээний дээжээс 454-ийг сонгон, Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Олон улсын спорт холбоодтой хамтран шинжилгээ хийжээ. Энэ асуудлаар хуралдсан ОУОХ-ны Хорооны гүйцэтгэх хорооны хурал дээр тус байгууллагын ерөнхийлөгч Томас Бах “Энэ бүхнийг бид шударга бусаар өрсөлддөг тамирчдын эсрэг авч байна. Бид ийм аргаар амжилтад хүрэхийг зөвшөөрөхгүй. Тэдэнд медаль өгөхгүй. Удахгүй СОЧИ-2014 олимпийн наадмын шинжилгээг давтаж хийнэ. Үнэнч шударгаар өрсөлдөж байгаа тамирчдын төлөө, тэднийг хамгаалахын тулд бид чадах бүхнээ хийнэ. Допинг хэрэглэснээ хэн ч нуух боломжгүй. Учир нь тамирчдын сорьцыг арван жил хадгалдаг” хэмээн мэдэгджээ.

ОУОХ Бээжингийн олимпод оролцсон, зодог тайлаагүй байгаа, “Рио-2016”-д оролцох эрх авсан 454 тамирчны Бээжингийн олимпод оролцохдоо өгсөн сорьцыг дахин шинжилж, тухайн үед баригдаагүй өнгөрсөн 31 тамирчинг илчилсэн байна. Гэхдээ тэдгээр 31 тамирчны нэрийг тодорхой зарлаагүй байгаа бөгөөд шинжилгээний хариуг дахин нягталсны дараа нийтэд мэдээлэх аж. Хэрвээ дахин шалгалтад 2008, 2012 оны олимпоос медаль авсан тамирчин бүдэрвэл амжилтыг цуцалж, медалийг нь удаах байрт шалгарсан тамирчинд олгох гэнэ. Мөн ОУОХ “Лондон-2012” олимпод оролцсон 250 тамирчнаас сэргээшийн давтан шинжилгээ авсан бөгөөд хариуг нь удахгүй зарлах аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн арилжаагаар 5571 ширхэг хувьцаа арилжжээ

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” болон “II” ангилалд бүртгэлтэй 6 хувьцаат компанийн нийт 5,571 ширхэг хувьцаа арилжигджээ.

Үнэт цаасны арилжаагаар нийт 13,405,565.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Мөн өдөр MSE ALL индекс 780.11 нэгж болж 0.10 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,314,692,955,581.00 төгрөг болжээ.

Categories
мэдээ нийгэм

Машин ачигч компаниудад зөрчлөө арилгах үүрэг өглөө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн хурлаар зориулалтын автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд иргэдийн гомдлын дагуу шалгалт хийсэн талаар мэдээлэл өглөө.

Шалгалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Автозамын газраас хамтран явуулжээ.

Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн зөвшөөрлөөр тухайн байршлаас 10 км-ээс дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлж байхаар НИТХ-аас тогтоосон.

Нийслэлийн хэмжээнд нийслэлийн Автозамын газартай гэрээ байгуулан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа 15 аж ахуйн нэгж байгаа бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ замын цагдаагийн зөвшөөрөл авдаггүй, тээврийн хэрэгсэл эзэмшигчид тодорхой мэдээлэл өгдөггүй, ачиж зөөж шилжүүлэх үйл ажиллагааг мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлдэггүй гэх мэт нийтлэг зөрчилүүдтэй байсан байна.

Иймд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ээс удаа дараа зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдэд 6 сарыг 1-нийг хүртэл хугацаатай үүрэг өгч энэ хугацаанд дахин зөрчил гаргавал нийслэлтэй хамтран ажиллах гэрээг нь цуцлах шийдвэр гаргалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шалгаруулалт баасан гаригт болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Монгол цэргийн жавхаа” уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 11-нээс 23-ны өдрийн хооронд зохион байгуулж, дараагийн шатанд оролцох есөн ангийг шалгаруулсан. Хоёрдугаар шатны шалгаруулалт тавдугаар сарын 20-ны өдөр буюу баасан гарагт Батлан Хамгаалахын Их сургууль дээр болж, эхний шатанд шалгарсан есөн ангийг дүгнэнэ.

Харин ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, иргэн цэргийн бахархалын өдөр, найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдааныг тавдугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах юм. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний гурван байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгоно. Өнгөрсөн жилийн уралдаануудад цэргийн анги, байгууллагууд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн тохижилтийн ажлыг хийжээ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулиар цахим сайтууд зөвхөн холбоос байрлуулах эрхтэй гэв

СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын талаар ерөнхий мэдээлэл өгчээ. Цахим сайтуудын хувьд зөвхөн нэр дэвшигчийн болон нам эвслийн уриа, лого бүхий баннерыг холбоос болгож байршуулах аж. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа явуулах өөрийн сайттай байх бөгөөд бусад сайтууд зөвхөн холбоос байрлуулах эрхтэй юм байна. Хэвлэмэл бүтээгдэхүүний хувьд нэг нэр дэвшигч А4-ийн 8 нүүрээс илүүгүй сонин, сэтгүүл бэлтгэн гаргах үүрэгтэй аж.

Нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглох юм.

Сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн сурталчилгаа явуулах өдөр 6 дугаар сарын 11-нд эхэлж, нийт 18 хоног үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Төв, Хэнтий аймагт гарсан түймрийг унтраалаа

tuimerОБЕГ-аас мэдээлснээр Төв, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраасан байна. Төв аймгийн Борнуур сумын нутагт ой, хээрийн түймэр гарсан дуудлагын дагуу орон нутгийн 50 иргэн ажиллаж, түймрийг бүрэн унтраажээ.

Хэнтий аймгийн Биндэр суманд гарсан ойн түймрийн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 50 иргэн, Батширээт сумын 19 иргэн ажиллаж түймэр унтраажээ. Одоогоор өөр газар түймэр гараагүй байгаа аж.