Categories
мэдээ нийгэм

Замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбар байршуулна

2016 онд хотод замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбарыг нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гол болон туслах замуудад суурилуулахаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Нийслэлийн Авто замын газартай гэрээ байгуулжээ. Дээрх чиг заасан мэдээлэх самбарыг Нийслэлийн Авто замын газар, Замын цагдаагийн газар хамтран зөвшилцөн байрлалыг тодорхойлсон байна.

Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварт 2, Их Монгол улсын гудамжинд 2, Баянхошууны хөтөлд 1, Баянхошууны тойрог буюу Баруун, Зүүн салааны уулзварт 2, Сонсголон 22-ын товчоо чиглэлийн замд 2, Нисэхийн тойрогт 1 мэдээлэх самбарын тулгуурыг байрлуулаад байна гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Дугуйчин Б.Тэгшбаяр олон улсын тэмцээнд түрүүлжээ

Швецарь улсад болсон залуучуудын дугуйн олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Батсайханы Тэгшбаяр түрүүлжээ. Тэрээр “Track Mongolia” төслийн хүрээнд Олон улсын дугуйн холбооны дэргэдэх Дэлхийн дугуйн төвд бэлтгэлээ базааж байгаа юм. Манай тамирчин ирэх долоо хоногт “Track” төрлөөр уралдах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийсэн байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй. Ерөнхийлөгчийн айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өглөө БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хөх ордондоо угтан авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, хоёр улсын Ерөнхийлөгч дурсгалын зураг татуулжээ.

Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийсэн байна.

Categories
гадаад мэдээ

Екатерина Гамова зодог тайллаа

ОХУ-ын воллейболын үндэсний шигшээ багийн тоглогч, хоёр удаагийн Дэлхийн аварга Екатерина Александровна Гамова спортын карьераа дуусгавар болгож буйгаа өчигдөр /05.18/ мэдэгдлээ.

Тэрээр “Намайг тамирчны хувиар өсөн дэвжиж, хөгжихөд тусалсан дасгалжуулагч, шүтэн бишрэгч нартаа баярлалаа. Мөн үргэлж намайг дэмжиж ирсэн гэр бүлийнхэндээ баярлалаа. Өнөөдөр би спортын карьераа дуусгавар болгож байгаагаа мэдэгдэж байна” хэмээснийг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулжээ.

Түүнчлэн Екатерина Гамова удахгүй зохиогдох зуны олимпод эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцохгүй болсноо мэдэгдсэн юм.

Эдүгээ 36 настай тамирчин бүсгүй хоёр удаагийн олимпийн мөнгөн медаль, хоёр удаагийн Дэлхийн аваргаар шалгарч байснаас гадна 11 удаагийн Үндэсний аварга, дөрвөн удаагийн Оросын цомын эзнээр шалгарч байжээ. Сонирхуулахад, Гамова дэлхийн хамгийн өндөр эмэгтэй тамирчдын нэг бөгөөд 2.2 метр өндөртэй ажээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ цалингийн доод хэмжээг 21 хувиар нэмнэ

Оросын Төрийн Дум хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг Новости агентлаг мэдээллээ. Ингэснээр одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 6204 рубль буюу 192 мянган төгрөгийг 7500 рубль буюу 232 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх аж. Уг тогтоол ирэх долоодугаар сараас эхлэн хэрэгжих юм байна. Цалингийн доод хэмжээг нэмсэн ч энэ оны эхээр тус улсын Хөдөлмөрийн сайдын тооцоолсон 9452 рубль буюу 292 мянган төгрөгт хүргэнэ гэсэн зорилтод хүрээгүй гэж тус улсын хэвлэлүүдэд бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Долоон байршилд замын эргэлтийн талбай засварлана

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/368 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээний хүрээнд нийслэлийн 7 байршилд авто замын эргэлтийн талбай засварлах ажлын жагсаалтыг хавсралтаар батлав.

Батлагдсан төсөл, арга хэмжээнд шаардлагатай 136 сая 257 мянган төгрөгийг нийслэлийн замын сангийн магадлашгүй ажлын зардлаас зарцуулан гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Батлагдсан төсөл арга хэмжээг нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, төсвийн шууд захирагч Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын даргын хооронд байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний дагуу “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аар гүйцэтгүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд үүрэг болгов.

Авто замын эргэлтийн талбай засварлах ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АВТО ЗАМЫН ЭРГЭЛТИЙН ТАЛБАЙ ЗАСВАРЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ

/төгрөгөөр/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хэрэгжих хугацаа Төсөвт өртөг
1 Нарны зам, Энхтайваны гүүрний зүүн тал /315 м2/ 2016 34,113,244
2 Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард Нарлаг төвийн өмнөх авто зам /8 м2/ 2016 1,168,459
3 Нарны зам, Саруул захын урд талд Шунхлай ШТС /75 м2/ 2016 9,481,927
4 Нарны зам, Замын цагдаагийн газрын зүүн урд ХААН банкны өмнө /9,8 м2/ 2016 1,300,429
5 Нарны зам, Нарны гүүрний зүүн талд 24 дүгээр байрны өмнөх авто зам /177,7 м2/ 2016 16,313,653
6 Сонгинохайрхан дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 1 дүгээр хороолол 32 дугаар байрны урд /90 м2/ 2016 14,000,000
7 Энхтайваны өргөн чөлөө, Драгон төвийн авто замын эргэлт /662,9 м2/ 2016 59,880,275
ДҮН 136,257,987
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сөүл хотын “Хүндэт иргэн”-ий батламж гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Сөүл хотын “Хүндэт иргэн”-ий батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Батламжид “Эрхэмсэг ноён Таныг Сөүл хотын Хүндэт иргэнээр өргөмжлөн Сөүл хотын иргэдийг төлөөлөн энэхүү батламжийг гардуулав.” гэжээ.

Сөүл хотын дарга Пак Вон Сүн батламжийг гардуулж хэлсэн үгэндээ:

Сайн байна уу?

Эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж

Эрхэм хүндэт хүндэт Улаанбаатар хотын дарга Эрдэнийн Бат-Үүл

Сөүл хотноо ажиллаж амьдарч буй Монгол иргэд ээ,

Ах дүүгийн харилцаатай, БНСУ-ын Сөүл хотод хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье. Сөүл хотын 10 сая иргэдийн хамт чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Уулзсандаа баяртай байна.

Солонгос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 26 жил, хоёр улсын нийслэл Сөүл, Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцааны хэлэлцээр байгуулснаас хойш 21 жил болжээ. Өнгөрсөн жил Монгол Улсад анх удаа ноён Ерөнхийлөгч Тантай уулзаж байснаас хойш Давосын чуулга уулзалт мөн дахин Сөүл хотноо иийнхүү уулзаж байгаа нь үнэхээр дотно санагдаж байна. Ноён Ерөнхийлөгч Таныг Сөүл хотноо зочилж буйд ихээхэн таатай байна.

Солонгост өнөөдөр онцгой өдөр тохиож байна. Дарлал ба дарангуйлалын эсрэг ард түмэн эрслэн босож, амь насаараа тэмцсэн ардчилалын төлөөх тэмцлийн өдөр юм. Энэхүү утга төгөлдөр өдөр Монгол Улсын Ардчилалын бэлэг тэмдэг болсон хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сөүл хотын захиргаанд зочилж буй нь үнэхээр нэр төрийн хэрэг билээ. Монгол, Солонгосын хоёр улсын Ардчилсан хөдөлгөөний утга санаа ижлийн адил, ардчилсан хөдөлгөөнийг хийж байсан хүний эрхэм чанар мөн өөр байхын учир үгүй билээ.Тууштай тэмцлээр Монгол Улсын ардчиллыг авчирсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Танд сэтгэлийн угаас хүндэтгэлээ илэрхийлье.

Өнөөдөр энэхүү эрхэм зочныг Сөүл хотын захиргаанд хүлээн авч, сэтгэлийн талархлаа илэрхийлэх үүднээс Сөүл хотын хүндэт иргэний батламжийг гардуулан өгөх бөгөөд өнөөдөр хүндэт Ерөнхийлөгч Та Сөүл хотын шинэ иргэн болж байна. Сөүл хотын 10 сая иргэд нэгэн сэтгэлээр Ерөнхийлөгч Таныг Сөүл хотын хүндэт иргэн болсонд баяр хүргэж байна. Чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Ноён Ерөнхийлөгч Сөүл хотын иргэн бол Монгол Улсын бүх иргэд мөн адил хүндэт иргэн гэсэн үг билээ. Энд хүрэлцэн ирсэн Монгол иргэд та бүхэн мөн энд хүрэлцэн ирж амжаагүй иргэд та бүхэн бүгдээрээ бидэнд эрхэм чухал иргэд билээ. Хэсэг хугацааны дараа иргэд та бүхний Сөүл хотноо амьдарч буй аж амьдралын талаар санал солилцох “Таун холл митинг” арга хэмжээ болох билээ. Сөүл хотноо амьдрахад тохиолдож буй бэрхшээл, хотын дарга надад хэлэх зүйл, мөн та бүхэн тэр бүр уулзах боломжгүй байдаг ноён Ерөнхийлөгчдөө хандан санал бодлоо хэлэхийг хүсч байна.

Монгол зүйр цэцэн үгэнд “Хүлгийн сайныг унан байж мэднэ, Хүний сайныг ханилан байж мэднэ” гэдэг. Бид өдгөө 20 гаруй жил нөхөрлөж, бие биедээ сайн нөхөр юм гэдгээ мэдсэн билээ. Цаашид 50 жил, 100 жилийн түүхийг хамтдаа бичилцэхийн ерөөлийг тавьж байна.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Таныг Сөүл хотноо зочилж, мөн Сөүл хотын хүндэт иргэн болсон явдалд дахин чин сэтгэлээсээ баяр хүргэе. Баярлалаа.” гэж хэллээ.

Сөүл хотын “Хүндэт иргэн”-ий батламж гардуулах ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ:

“Энд хүрэлцэн ирсэн монгол иргэд болон албаны хүмүүсийн түмэн амгаланг айлтгая. Эртний түүхтэй, манай найрсаг харилцаатай Сөүл хотын хүндэт иргэн болсондоо туйлын их баяртай байна. Энэ бол надаар дамжуулан Сөүл хотын зүгээс, Солонгосын ард түмний зүгээс Монголын ард түмэнд үзүүлж байгаа гүн хүндэтгэл гэж хүлээн авч байна. Сая Сөүл хотын даргын хэлснээр энд хүрэлцэн ирсэн Сөүл хотод амьдарч, ажиллаж байгаа манай монгол иргэд, энд байгаа монгол хүн бүхэн Сөүл хотын хүндэт иргэн боллоо. Иргэддээ дахин баяр хүргэе.

Өнөөдөр БНСУ-д эрх чөлөөний төлөө тэмцэл эхэлсэн түүхт өдөр давхацсан явдал үнэхээр гайхамшигтай юм. Бид энэ өдрийг ерөөс урьдчилж төлөвлөөгүй. Хоёр талаас ярьж байгаад, энэ айлчлалыг хэрэгжүүлье гэж олон жил ярьж байгаад хэрэгжүүлсэн. Энэ өдөр таарлаа. Энэ бол үнэхээр гайхалтай сэтгэгдлийг төрүүлж байна. Солонгосын ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэж боссон тэр олон мянган хүнд энэ хүндэт индрээс хүндэтгэлээ илэрхийлье. Монгол, Солонгос хоёр ард түмэн бол эртний харилцаатай, найрсаг уламжлалтай ард түмэн. Энд байгаа хүмүүсийг харахад аль нь Солонгос, аль нь Монгол вэ гэдгийг ялгах боломжгүй юм.

Өдгөө ажиллаж байгаа Сөүл хотын дарга манай Улаанбаатар хотод маш амжилттай айлчлал хийсэн. Монголын ард иргэд Сөүл хотын даргыг хоёр орны харилцаа, хамтын ажллагаа, ялангуяа хоёр хотын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж байгаа хүн гэж үргэлж үнэлж байдгийг энд хэлье. Сая Сөүл хотын даргатай бид уулзаж ярьж байхад иргэдийнхээ тухай, Та бүхний л тухай ярилаа. Сөүл хотод амьдарч байгаа иргэдтэйгээ хотын дарга өөрөө тогтмол уулздаг юм байна. Үнэхээр ард түмний мээр болсон хүн юм байна гэж ойлголоо. Өнөөдрийн энэ уулзалтад би маш их баяртай байна. Би олон оронд олон хотод айлчилж байсан. Тухайн хотын дарга нь өөрөө, бас Улаанбаатар хотын дарга хамт, тэгээд Ерөнхийлөгч нь суугаад иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж байсан түүхийг би санахгүй байна. Та бүхэн цагаа гаргаж хүрэлцэн ирсэн явдалд туйлын их баярлалаа.

Маргааш БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзана, өргөтгөсөн хэлэлцээр хийнэ. Албаны хүмүүстэй ярилцана, хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх, бэхжүүлэх тухай ярилцах юм. Бас Солонгосын Гадаад харилцааны их сургуульд уригдсан. Хоёр улсын гадаад харилцааны асуудлаар тэнд лекц уншина. Мөн KBS телевизэд нэг цагийн ярилцлага өгөхөөр уригдсан. Тэр ярилцлагыг Солонгост амьдарч байгаа Монголын иргэд болон солонгосчууд үзэх боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Мөн өндөр технологийн үйлдвэр, газруудтай танилцахаар байгаа. Нэлээд шахуу хөтөлбөртэй байгаа. БНСУ-ын төр засгийн тэргүүний зүгээс, Сөүл хотын удирдлагын зүгээс, Солонгосын ард иргэдийн зүгээс биднийг ингэж сайхан халуун дотноор хүлээж авч байгаад туйлын баяртай байна.

Сая би хотын даргад хэллээ. Монгол иргэдэд Та онцгой хандах хэрэгтэй. Ямар учраас монгол иргэдэд онцгой хандаж байгаа юм бэ гэж хүн асуувал бидний зүс царай адилхан юм, зүрх сэтгэл нэг юм. Монголчууд манай оронд ирэхдээ үргэлж сайн санаа өвөрлөж ирдэг юм аа гэж хариулж байгаарай гэж хэлж байсан. Одоо Монгол Улсын иргэд бүгдээрээ Сөүл хотын хүндэт иргэд болсон. Тийм учраас бүр хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна. Энэ хүндэтгэл бол бидэнд бас хариуцлага үүрүүлж байгаа гэдгийг сайн ухамсарлаж байгаа. Энд ажиллаж амьдарч байгаа иргэд тухайн улс орныхоо хууль дүрмийг ягштал мөрдөж, биелүүлдэг, тухайн ард түмний уламжлал, ёс заншилд хүндэтгэлтэй ханддаг байх ёстой гэж бодож байгаа. Аливаа хоёр орны харилцаа ард иргэдээрээ л дамжиж хэрэгждэг. Хамгийн чухал харилцаа бол хүмүүс хоорондын харилцаа байдаг. Бид БНСУ-тай тогтоосон харилцааг их өвөрмөц харилцаа гэж үздэг. Яагаад гэвэл хүмүүс хооронд тогтоосон харилцаа учраас бусад улс орныхтой харьцуулбал хамгийн ойрхон байдаг. Манай маш олон мянган иргэн энэ харилцаатай шууд хамаатай байдаг. Тэгэхээр манай иргэд энд ажиллана, амьдарна, сурна гэдэг бол маш том хөрөнгө оруулалт. Энэ бол хоёр орны хамтын ажиллагааны хамгийн үнэтэй капитал гэж харж байна. Ийм их итгэлийг хүлээж байгаа хүмүүс хариуцлагатай, хууль дүрмийг сайн хэрэгжүүлдэг хүмүүс байна гэдэгт би эргэлзэхгүй байна. Ингээд надад гүн хүндэтгэл хүлээлгэсэн Сөүл хотын удирдлага, удирдлагын багийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа.” гэж хэллээ.

Categories
мэдээ улс-төр

​НИТХ хаалтын хуралдаанаа хийнэ

НИТХ өнөөдөр 11:30 цагаас хаалтын хуралдаанаа хийнэ. Хаалтын хуралдаанд НИТХ-ын дарга Д.Баттулга НИТХ-аас гаргасан томоохон тогтоол шийдвэрүүдийн талаар танилцуулна.

НИТХ 2012 оноос эхлэн тогтмол үйл ажиллагаатай болсон. АН түүхэндээ анх удаа нийслэлд олонх бол хотын парламентыг удирдсан өнгөрсөн дөрвөн жилд НИТХ-ын ээлжит 35, ээлжит бус 7 хуралдаан хийсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид Сөүл хотын дарга Пак Вон Сүн бараалхав

Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Сөүл хотын дарга Пак Вон Сүн бараалхлаа. Уулзалтын үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн хэлэхдээ ”Ноён Ерөнхийлөгч таныг БНСУ-д айлчилж байгаад талархлаа илэрхийлье. Ерөнхийлөгч тантай Улаанбаатар хотноо мөн Давосын чуулга уулзалтын үеэр уулзаж байсан. Өнөөдөр Сөүлд уулзаж байгаадаа маш их баяртай байна. Эрхэм Ерөнхийлөгч таныг ардчилалыг түгээн дэлгэрүүлэх хүний эрхийг хамгаалах чиглэлд амжилттай ажиллаж ирсэнийг бид мэднэ. Монголын ардчилал хүчирхийлэлгүй тайван замаар хөгжиж ирсэнийг онцлон дурдахад таатай байна.

Бидний зүгээс Сөүл хотод сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарч ажилладаг. Сөүл хотын захиргаанаас “Тундэмүн глобал төв”-ийг байгуулж, иргэдэд хуулийн болон бизнесийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж байна.

Мөн Сөүл хотод амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүд суралцдаг бага дунд сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэх асуудлыг ч анхаарах шаардлага гарч байгаа. Сүүлийн үед яригдаж буй бас нэг чухал асуудал нь худалдааны чиглэлээр хүүхэд залуусыг боловсрол эзэмшүүлж цаашид энэ чиглэлээрээ ажиллаад явах боломжийг бий болгох асуудлыг судлаж байна. Сөүл, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна. Эрхэм Ерөнхийлөгч Таны айлчлалд өндөр амжилт хүсье.” гэлээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: “Сөүл хотын дарга Пак Вон Сүн болон албаны хүмүүс найрсаг дотно хүлээн авч буйд талархлаа илэрхийлье. Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна.

Сөүл хотын даргын зүгээс Монгол иргэдийн нийгмийн асуудалд анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж ирсэнд гүнээ талархаж байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол иргэдтэй хийх уулзалтыг Сөүл хотын захиргаанд зохион байгуулж байгаад та бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлье. Энэхүү уулзалтад Улаанбаатар, Сөүл хотын дарга нар хамтран оролцож байгаа нь манай хоёр орны найрсаг харилцааны илрэл юм.

БНСУ-д манай хамгийн олон иргэн оршин суудгийг харгалзан тэдний хүүхдүүд монгол хэл, соёл зан заншлаас суралцах боломжийг бүрдүүлэх үүднээс Сөүл хотод “Mongolian Weekend school” ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.

Хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаанд Ерөнхийлөгчийн хувиар анхаарал хандуулж, дэмжиж ажиллах болно гэдгийг илэрхийлье.

Сөүл хотын даргад ажилд нь өндөр амжилт хүсч, хоёр орны нийслэл хот хоорондын хамтын ажиллагаанд хөгжил цэцэглэлтийг ерөөе.” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Бие даагчдын хэн нь хэн бэ?

Үндэсний аудитын газарт 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтээ 90 гаруй хүн хүргүүлээд байна. Хүсэлтээ хүргүүлээд байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг харахад нэлээд нь намын харьяалалтай, аль нэг намаас нэр дэвших боломжтой гэж харж байсан эрхмүүд байна. Тэрэн дундаа ХҮН-ынхан олон байгаа юм.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Х.Бат-Ялалт-Хуульч, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн

М.Нарантуяа-Дуучин Нара. Энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдээс олны анхаарлын төвд байгаа хүмүүсийн нэг.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, НАЛАЙХ

Г.Баасан-Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн.

С.Боргил-Бие даан өрсөлдөхөөр болсон хүмүүсийн жагсаалтад ХҮН-ын нэлээд хэдэн хүний нэр оржээ. Тэдний нэг нь тус намын дарга С.Боргил. ХҮН-ынхан Цагаан сарын өмнөх өдөр буюу битүүнээс эхэлж хагаралдаж, тамга тэмдгээ булаацалдаж энэ хаваржингаа л бөөн шуугиантай байсан. Саяхан тус намынхан хэл амаа ололцож С.Боргилыгоо намын даргаараа сонгосон билээ.

Б.Ариунболд-Арго багш. Монголын хамгийн олон гадаад хэлтэй, гадаад хэлний хамгийн олон сурах бичиг зохиосон Арго бол олны анхаарлын төвд байдаг, өөрийн гэсэн имижээрээ хүмүүсийг татдаг эрхэм.

Ц.Монгол-Монголын хуульчдын холбооны гишүүн. Хуульч, өмгөөлөгч. Түүнийг МИАТ-ийн гэх тодотголтой хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байснаар нь хүмүүс мэдэх билээ.

БУЛГАН

Д.Хишигжаргал-Дамбын Хишигээ гэдгээр нь олон нийт түүнийг андахгүй. Гурван булаг сумын харьяат. Тод манлай уяач цолтой түүнийг Булганд АН-аас нэр дэвшинэ хэмээн таамаглаж байсан.

М.Болормаа-Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга, Эмэгтэй удирдагч сангийн тэргүүнээр ажилладаг түүнийг эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш байдлын төлөө хүчтэй дуугардаг гэж үнэлдэг.

ДАРХАН

Л.Наранбаатар-Дарханы АН-ын экс дарга. Түүнийг намынхаа дарга З.Энхболд руу оймс шидэж сенсаци дэгдээснээр нь хүмүүс мэддэг болсон.

ДОРНОД

Д.Цогтбаатар-ТӨХ-ны даргын албан тушаал хашиж байсан тэрээр Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн дарга. Халх голын чөлөөт бүсийг эсэргүүцэж Чингисийн талбай дээрээс дуу хоолойгоо төрийн тэргүүнүүдэд хүргэж байсан. ТӨХ-ны даргаар ажиллаж байхад замын хөдөлгөөн дунд түгжрээд зогсч байхад машин нь гэнэт шатаж шуугиан дэгдээж байсан удаатай.

ДУНДГОВЬ

Б.Баярмагнай-Хошууч генерал. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч даргаар ажиллаж байсан тэрээр улс төрд хүч үзэхээр ХҮН-д элссэн юм.

ЗАВХАН

А.Санжмятав-Тухайн тойрогт өрсөлдөхөөр нэр нь тодорсон, гарч ирэх боломж өндөртэй нэр дэвшигчидтэй хамт ижил нэртэй нэр дэвшигч өрсөлдөх нь бий. Ингэж ижил нэртэнтэйгээр нэг тойрогт өрсөлдөхөөр нэр дэвшүүлэх нь цаагуураа зохион байгуулалттай хийгддэг ажил гэж үздэг. Өрсөлдөгч нам нь санал хуваах маягаар ижил нэртэй хүн “илгээдэг” бол нөгөө талаар гарах магадлалтай нэр дэвшигчийг шантаажилж тохироо хийдэг сонгуулийн менежмэнт бий. Нэр дэвшигчдийн жагсаалтыг харахад Завханд А.Санжмятав, Баянголд Ж.Ганбаатар гэсэн нэр дэвшигчид тодорчээ. Завханд АН-ын Я.Санжмятав өрсөлдөх магадлалтай бол Баянгол дүүрэгт МАН-ын Ж.Ганбаатар өрсөлдөхөөр болоод буй. Нэг тойрогт ижил нэртнүүд, бүр ижил овог, нэртэй өрсөлдөгчид гарч ирснийг зүгээр ч тохиолдол гэж хэлж боломгүй л дээ.

ОРХОН

Ч.Бямбаа-АН-аас Увсад нэр дэвшиж байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн даргын албан тушаал хашиж байсан. Түүнийг Д.Дорлигжавын дотнын найз гэдэг бөгөөд Увсын фракцынхан дундаа АН-д нэлээд хувь нэмэр оруулсан гэж үздэг.

ӨВӨРХАНГАЙ

М.Наранбаатар-МҮОНРТ-ийн захирлаар олон жил ажилласан, салбартаа нэр хүндтэй нэгэн. Гэсэн ч олон нийтийн телевизийн захирлаар ажилласан сүүлийн жилүүдэд түүнийг тойрсон элдэв хэл ам, хэрүүл маргаан гарч байсан. Гэвч нутаг орондоо нэр хүндтэй түүнийг тулхтай түшээ болно гэцгээдэг.

ДУНДГОВЬ

С.Буджав-Дундговь аймгийн ИТХ-ын дарга, МАН-ын гишүүн. Гэхдээ энэ удаад бие даан нэр дэвшихээр бүртгүүлснээс нь харахад намаасаа нэр дэвших магадлал яаж ч магадгүй гэж үзэж шийдвэр гаргажээ гэж таамаглаж болно. Бас үүнтэй адил тохиолдол Ховдын Ш.Адьшаа дээр харагдаж байна. АН-ын гишүүн түүнийг намаасаа нэр дэвшинэ гэж ярьж байгаа ч бие даагчаар бүртгүүлснээс харахад юмыг яаж мэдэхэв гэсэн хаширлал харагдаж байна.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

П.Шинжээравдан-“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн. Түүний фэйсбүүкийн албан ёсны хуудсанд “Бид сонгуулийг яаж хийнэ. Эх орны хувь заяа яг тийм л байх болно. МАНАН-гаас салж хууль бусаар алдсан газар, орд, өв соёлоо эргүүлэн авч, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой” хэмээн бичсэн байна.

М.Чимгээ-Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга. Өмнө нь МАН-аас нэр дэвшиж байсан боловч энэ удаад бие дааж байгаа нь мөн л намын квот ирэхгүй байж магад гэж хаширласантай нь холбоотой байх.

Т.Доржханд-ХҮН-ын генсекээр ажиллаж байсан түүнийг манай шинэ цагийн эрдэм боловсролтой залуусын нэгд зүй ёсоор оруулдаг. МУИС-ийг Төрийн санхүүгийн чиглэлээр төгсч Японы Хитоцубаши их сургуульд Төрийн бодлого, эдийн засгийн онолоор магистр хамгаалсан бөгөөд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажилладаг.

М.Ичинноров-Хүний эрхийн хуульч гэдгээрээ олонд танигдсан энэ эмэгтэйг улс төрд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нэмэр болох хүн гэх нь буй. Тэрээр 2009 онд нөхөн сонгуульд бие даан нэр дэвших гэтэл Чингэлтэй дүүргийн тойргийн хорооноос нэрээ хасуулсан. Тухайн үедээ М.Ичинноров “Хэрвээ би нэр дэвшсэн бол ялагч нь байх байлаа” гэж мэдэгдэж байсан.

П.Хангал-2004 онд Нийслэлийн ИТХ-ын гишүүнээс улс төрийн карьераа эхлүүлсэн түүнийг Төрийн өмчийн хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан Л.Пүрэвдоржийн хүү гэдгээр нь хүмүүс анддаггүй. 2004, 2008 онд МАН-аас НИХТ-д Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан тэрээр 2012 онд МАХН-аас нэр дэвшсэн ч Н.Энхбаярыг шоронд орсны дараа намаасаа гарсан билээ. Гэхдээ түүнийг энэ удаад МАХН-аас нэр дэвших магадлалтай гэж байсан ч бие даагчаар бүртгүүлсэн нь анхаарал татаж байгаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

Т.Бат-Эрдэнэ-Цахим ертөнцөд С.Баярцогттой холбоотой постуудыг үе үе оруулдаг гэдгээр нь энэ залууг мэддэг болцгоосон. Сошиалд олон мянган дагагчтай түүний энэ үйлдлийг улс төрийн зорилготой, цаана нь “Женко” Баттулга байдаг гэж харддаг ч тэрээр “Миний ард Монголын залуучууд байгаа” хэмээн хэлдэг.

БУСАД НЭР ДЭВШИГЧИД

Ц.Мөнхбаяр-“Гал үндэстэн” холбооны тэргүүн. Онги голыг хамгаалах хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч тэрээр тухайн үедээ Онги голын төлөө тэмцсээр голын эх ундарга дээр алт ухсан олон компанийг хаалгаж, ширгэсэн голоо дахин урсгаж чадсан. Түүний энэ тэмцлийг үнэлж 2007 онд Дэлхийн байгаль хамгаалагчдын Goldman En­vironmental Prize гэдэг нэр хүндтэй шагналыг өгч, 150 мянган ам.доллар хүртээсэн бол National Geographic сэтгүүл түүнийг ундны усыг хамгаалагч шилдэг дэлхийн хүнээр шалгаруулж байсан түүхтэй. Тэр үеэс л байгаль хамгааллын чиглэлээр олон үйл ажиллагаа явуулж 2011 онд Төрийн ордны хашаанд буун дуун гаргаж шүүхээс долоон жилийн ял сонссон тэрээр өнгөрсөн онд суллагдсан билээ.

Ш.Адьшаа-МАН-ын гишүүнээс гарч АН-д элсч, Ховдын МоАХ-ны тэргүүнээр сонгогдсон тэрээр Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн. 2012 оны сонгуульд Ховд аймгийн 16 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн ч Д.Батцогтод цөөн тооны саналаар ялагдаж байсан.

Ө.Мөнхбат-УИХ-ын гишүүн Ц.Өөлдийн хүү. Япон улсын Токиогийн WIZ япон хэлний сургууль, Токио хотын Oberlin-ий их Сургуулийг Гадаад харилцаа олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн энэ залууг “Монгол 999” ХК-ийг үүсгэн байгуулагч гэдгээр нь улс төр, бизнесийн хүрээнийхэн анддаггүй. “Эх орон” телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай тэрээр сошиал ертөнцөд идэвхтэй байдаг бөгөөд олон мянган дагагчтай. ХҮН-ыг анхнаасаа авч яваа залуусын нэг.

Б.Найдалаа-ХҮН-ын даргаар сонгогдож тамгаа гардаж авсан ч С.Ганбаатар мөн ХҮН-ын дарга хэмээж тус нам хоёр даргатай болоодохсон. Тэрээр Монголын банкны холбооны гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллаж байсан нэгэн.

Б.Мөнхсоёл-ҮСХ-ийн гүйцэтгэх захирал. ХҮН-ын анхны гишүүдийн нэг. Тэрээр сүүлийн үед эдийн засгийн байдал, төсөв санхүүгийн талаар үзэл бодлоо илэрхийлж дуугарч байгаа. Шийдвэр гаргах түвшинд манлайлж чадах эмэгтэй гэдэг юм билээ.

С.Гантуяа-УИХ-ын гишүүн “Босоо” С.Ганбаатарын дүү. Оюу толгойд ажиллаж явсан энэ бүсгүй Рио Тинтогийн үйл ажиллагааг буруушааж Оюу толгойн эсрэг шүүхдээд шат шатны шүүх дээр ялалт байгуулж олон түмэнд танигдсан. Гэвч түүний энэ үйлдлийг ажлаасаа халагдсан хүний шаралхсан үйлдэл гэж зэмлэдэг хүмүүс ч бий.

Т.Алтаншагай– “Eagle” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлгийн хөтлөгч. Тэрээр УИХ-ын гишүүн С.Ганбаатараас их сургуулийн дипломыг нь хуурамч эсэхийг нь тодруулж шуугиан дэгдээсэн билээ.

О.Алтангэрэл-Хуульч. Долдугаар сарын нэгний хэрэгт буруутгагдаж, шүүхээс ял сонссон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдод өмгөөлөл үзүүлж байсан тэр үеэс мэргэжлийнхээ хүрээнд танигдсан тэрээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн шавь. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад газрын даргаар нь ажиллаж байсан.

Д.Миеэгомбо-Хуульч, өмгөөлөгч. ХҮН-ын гишүүн. “Дотно” телевизэд хөтлөгч.