Categories
мэдээ нийгэм

АТГ-аас ГТЕГ-д анхааруулга өгөв

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж нийтийн албанд томилогдох, нэр дэвшүүлэх болон томилгоотой холбоотой шийдвэрт ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа эсэхийг хянан шалгахад зарим байгууллагуудад хууль, тогтоомж зөрчих асуудал гарсаар байна.

Тухайлбал Гааль, татварын ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газарт сүүлийн 3 жилийн хугацаанд хийгдсэн томилгоотой холбоотой судалгаанаас үзэхэд тус газарт 2015 онд 81 гаалийн байцаагчийг сэлгэн томилохдоо тэдгээрийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй, мөн тухайн албан тушаалд томилсны дараа мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн, ажлын байрны тодорхойлолт, хуульд заасан шаардлага хангаагүй байцаагч нарыг томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Мөн тухайн байгууллагын удирдлага өөрчлөгдөх бүрт байцаагч нарыг сэлгэн болон шилжүүлэн томилж байгаа нь төрийн жинхэнэ албан тушаалтныг хувь хүний үзэмж болоод улс төр, намын харъяаллыг харгалзан томилдог, түүнчлэн гаалийн улсын байцаагч нарын дунд Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллах хүсэл, сонирхол их байдаг ч сэлгэн болон шилжүүлэн томилохдоо хуульд заасан шаардлага, шалгуур үзүүлэлт, тухайн нутаг дэвсгэрт хэдэн удаа томилогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй байгаа нь Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасан “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэснийг зөрчсөн байна.

Иймд Гааль, татварын ерөнхий газрын даргад байгууллагынхаа хэмжээнд боловсон хүчин, хүний нөөц, томилгооны асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх, цаашлаад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг хүргүүлээд байна.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын хаалтын хуралдаан болж байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хүндэтгэлийн хаалтын хуралдаан Хангарьд ордонд болж байна. Хуралдаанд үе үеийн НИТХ-ын дарга нар оролцож байгаа юм. Мөн төлөөлөгчид, дүүргүүдийн Засаг дарга нар оролцож байна. Нийслэлийн Сонгуулийн хорооноос өчигдөр нийслэлийн 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг зарласан. Үүнтэй холбоотойгоор НИТХ ийнхүү сүүлийн хуралдаанаа хийж байгаа юм. Хуралдаанд НИТХ-ын дарга Д.Баттулга өнгөрсөн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байгаа бөгөөд дараа нь төлөөлөгчид хамтдаа дурсгалын зураг татуулах юм.

Categories
мэдээ нийгэм

“Найрамдал” зуслан эрхийн бичгээ олгож эхэлжээ

Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвийн зуны ээлжинд амрахаар захиалга өгсөн хүүхэд, багачуудын эрхийн бичгийг олгож эхэлжээ. Тус төв зуны нэгдүгээр ээлжийн амрагчдаа зургадугаар сарын 2-нд хүлээж авах аж.

“Найрамдал”-д амрах захиалгыг онлайнаар /nairamdal.mn/ өгдөг бөгөөд 1-4 болон 8-10-р ээлжийн захиалгыг дөрөвдүгээр сарын 27-нд, 5, 6, 7-р ээлжийн захиалгыг тавдугаар сарын 16-наас авчээ.

Энэ хугацаанд захиалсан эрхийн бичгээ заагдсан хугацаанд авахгүй бол цуцлагдаж, дараагийн хүнд шилжихийг анхааруулж байна. Онлайнаар захиалсан эрхийн бичгийг дараах хуваарийн дагуу Гэрлэх ёслолын ордны “Өргөө гэр”-т олгож байгааг эцэг, эхчүүдэд сануулъя.

Онлайнаар захиалсан эрхийн бичиг олгох хуваарь:

1-р ээлж: 05-р сарын 16-25-нд

2-р ээлж: 05-р сарын 19-нөөс 06-р сарын 02-нд

3-р ээлж: 05-р сарын 19 -нөөс 06-р сарын 10-нд

4-р ээлж: 05-р сарын 26 -наас 06-р сарын 16-нд

5-р ээлж: 06-р сарын 03-наас 06-р сарын 23-нд

6, 7-р ээлж: 06-р сарын 03-наас 07-р сарын 08-нд

8-р ээлж: 06-р сарын 25-наас 07-р сарын 23-нд

9-р ээлж: 06-р сарын 25 -наас 08-р сарын 05-нд

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган үргэлжилж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарласан байсан ч УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан 09.00 цагт ирж, ирцээ бүртгүүлсэн бол УИХ-ын дарга З.Энхболд 08.40 цагт ирсэн байна. Бусад гишүүд 09.00 цагаас хойш ирж, ирцээ бүртгүүлсэн байна. Ингээд гишүүд ирэхгүй байсаар 11.30 цагийн орчимд эхэлсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы хуралдаанд ирээгүй байсан учраас эл асуудлыг хойшлууллаа. УИХ-ын дарга З.Энхболд “Ерөнхий сайдад энэ тухай урьдчилан утсаар мэдэгдсэн ч ирээгүй учраас энэ асуудлыг хойшлууллаа. Засгийн газрын сайд нар хуралдаанд ирмээр байна. Дөрөвхөн сайд оролцож байна” гэдгийг санууллаа.

Чуулганаар дараагийн асуудлыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Бага хурал хойшилжээ

Монгол Ардын нам Бага хурлаа ирэх бямба гаригт хийхээр товлож байсан. Тэгвэл тодорхойгүй шалтгаанаар хойшилсон байна. Намууд энэ сарын 20-23-ны хооронд нэр дэвшигчээ тодруулах ёстой. МАН нэр дэвшигчээ тодруулсны дараа буюу ирэх долоо хоногт хуралдахаар болсон бололтой.

Categories
мэдээ нийгэм

”Цагдаа-95” тэмцээн эхэллээ

“ЦАГДАА-95” тэмцээн өнөөдөр эхэллээ. Уг тэмцээн нь цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн босгон дээр төв орон нутгийн цагдаагийн алба хаагчдын дунд албаны бэлтгэл, бие бялдар, тэсвэр хатуужил, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварын түвшинг шалгаж, шилдэг тэргүүний алба хаагчдыг шалгаруулах зорилготой юм байна. Тэмцээнд төв орон нутгийн газар хэлтсийн шилдэг алба хаагч нарын төлөөллүүд оролцож байгаа аж. Тэмцээн гурван өдөр үргэлжилж даваа гаригт дүнгээ гаргах юм.

Categories
мэдээ улс-төр

ҮЗХ тавдугаар сарын 28-наас өмнө хуралдана

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо тавдугаар сарын 28-наас урьтаж хуралдахаар болжээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тавдугаар сарын 28-нд тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд нэрийг нь өргөн мэдүүлэх ёстой учраас тус нам тавдугаар сарын 26, 27-ны аль нэг өдөрт Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг зарлахаар төлөвлөж буй аж.

Categories
мэдээ нийгэм

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярыг Хүй долоон худагт тэмдэглэнэ

“Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Хүүхэд багачууд баярын өдрөө 11 цагаас 19 цаг хүртэл эрүүл агаарт, зориулалтын талбайд тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.

Энэ үеэр өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ? гэсэн арга хэмжээнүүд болох юм. Мөн тус газарт дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
  • Урлан бүтээх төвийн гар бүтээлийн үзэсгэлэн худалдаа, газар нь дээр бүтээл хамтран хийх сургалт
  • СХД-ийн гар урлал, бүтээлийн үзэсгэлэн
  • Унадаг дугуйн түрээсийн цэг
  • “Hobby center”-ийн нэрэмжит алсын удирдлагатай машины уралдаан мөн үзэсгэлэн худалдаа
  • Амьтны дэлгүүр, нохойн үзэсгэлэн
  • Гудамжны сагсан бөмбөгийн талбай
  • Олон үндэстний хоол, амттангийн үйлчилгээ
  • Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ, эко автобус аялалын үйлчилгээ
  • Бүх төрлийн хүнс амттан худалдаа
  • Хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа
  • Хүүхдийн хувцас, жижиг барааны худалдаа
  • Хүүхдийн үндэсний хувцасны үзэсгэлэн худалдаа
  • Үлгэрийн баатруудтай гэрэл зураг авахуулах, угаалгах
  • Боди Арт зураг зурах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Хувьцаа худалдан авч байна гэсэн цуурхлыг тараасан хүнийг илрүүлэн шалгаж эхэлжээ

“Эрдэнэс Таван толгой”
компанийн иргэн бүрт оногдох 1072 хувьцаагаа зарж борлуулах гэсэн иргэд
нийслэлийн тодорхой газруудад цугларч эхлээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Хар
машинтай хүмүүс бэлэн мөнгөөр хувьцаа худалдан авч байна гэсэн цуурхалд итгэсэн
хүмүүс шөнө оройн цагаар цугларч, хонон өнжин хүлээж буй байдал одоо ч
үргэлжилж байгаа билээ. Цагдаагийн байгууллагаас хийсэн албан ёсны тайлбарт,
хувьцааг хэн нэгэнд зарж борлуулах эрхзүйн орчин байхгүй бөгөөд худал цуурхал
хэмээн мэдэгдэж, улмаар цуурхал тарааж, ард түмнийг бужигнуулж буй энэ үйлдлийг
шалгаж байгаагаа дуулгасан. Гэхдээ одоогоор шалгалтын үйл ажиллагаа ямар
шатандаа явж байгааг олон нийтэд албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Баттай эх
сурвалжийн мэдээлснээр, 1072 хувьцааг худалдан авч байна гэх цуурхлыг тараасан
хэд хэдэн хүнийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ. “Дархан Монгол ногоон нэгдэл”
төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашням гэдэг хүнийг энэ хэрэгт холбогдуулан
шалгаж байгаа юм байна.

Үргэлжлэлийг
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншина уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдтэй уулзав

Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлсэн үгэндээ:

“Энд хүрэлцэн ирсэн манай иргэдийн зүгээс бидэнд хандаж хэлэх санал, мөн асуулт байвал албаны хүмүүстэй хамтдаа та бүхний асуулт, санал хүсэлтэд хариулъя гэж бодож байна. Энд би зүгээр товчхон хоёр, гурван зүйлийг мэдээлье гэж бодсон. БНСУ мэдээллийн технологи маш өндөр хөгжсөн улс. Энд ажиллаж байгаа иргэд Монголын тухай мэдээллийг байнга шууд авч байгаа учраас би олон зүйлийг нурших хэрэггүй байх гэж бодож байна. Ер нь гадаад улс оронд ажиллаж байгаа ард иргэдтэй ярилцахад асууж ярилцдаг хэдэн зүйл байдаг. Нэг дэх асуулт бол энд амьдарч байгаа иргэд, ялангуяа хүүхдүүдтэй холбогдсон асуудал байдаг. Саяхан би Монгол Улсын иргэний харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулах санал оруулсан байгаа. Энэ бол ялангуяа гадаадад амьдарч байгаа манай иргэдээс гардаг саналыг хуульд тусгахыг хүссэн. Энд бидний барьсан гол бодлого бол иргэдээ алдахгүй байх. Гадагшаа алдахгүй байх бодлогыг барья гэж шийдсэн. Аав, ээж хоёр нь хоёул Монгол Улсын иргэн байсан ч төрсөн хүүхдийг нь бүртгэж авдаг ч үгүй, орхичихдог хууль манайд бий. Одоо аав, ээж хоёр нь хоёул Монгол Улсын иргэн байвал төрсөн хүүхдийг нь шууд бүртгэж авдаг болно. Монголын хүүхдийн төрсний гэрчилгээ олгоно гэж байгаа. Тэгээд аав, ээжтэйгээ хамт Монгол руу ирэх хүсэлт гаргавал Монгол Улсын иргэний гадаад паспорт олгоно. Аав ээжийгээ дагаад хүүхдүүд нь эх орондоо чөлөөтэй ирэх боломжоор хангаж өгнө. Гаднын иргэн шиг хандахгүй. Монгол хүний хувиар хандах болно.

Арав, хориод жилийн өмнө хүүхдүүд нь гадагшаа гараад ажиллаж байгаа, залуучууд нь гараад ажиллаж байгаа тэгээд хүүхэдтэй болсон, Монголд байгаа өвөө, эмээ нь ачаа үзэх юмсан гээд хүлээгээд сууж байгаа олон хүн байдаг. Энэ боломжоор бид хангах ёстой гэж бодож байгаа. Энэ бол манай гадаадад байгаа иргэдийн зүгээс гаргадаг чухал санал хүсэлтийг Монголын төр өөрийнхөө бодлогоор зөв шийдвэрлэж өгөх ёстой гэсэн ийм бодол байгаа юм. Хоёр дахь зүйл бол гадаад улс орнуудад амьдарч байгаа монгол иргэд, ялангуяа хүүхдүүд монгол хэл соёлоосоо холдохгүй байгаасай гэж бид хүсдэг. Сөүл хотын захиргаанд манай иргэд хандаж, тодорхой газар шийдүүлж, Монголын хүүхэд залуучуудад тодорхой хэмжээний боловсрол олгодог монгол сургууль ажиллуулж эхэлсэн мэдээ бид сонссон. Мэдээж маш цөөхөн хүүхэд байгаа, хангалтгүй байгаа. Тийм учраас бид ярьж, монгол иргэд олноороо суурьшдаг газрын дунд сургуулиудад ялангуяа амралтын өдрүүдээр монгол хэл бичиг заадаг болгох талаар ярьж байна. Мөн гадаадад төрсөн монгол хүүхдүүдэд зориулсан тусгай сурах бичиг байдаг. Тэр сурах бичгүүдийг манай БСШУЯ, Засгийн газар хангаж өгч байя гэж ярьж байгаа. Энд байгаа аав, ээж нь хэрэв тийм хичээл заавал тэр аав, ээжид нь тодорхой хэмжээний тэтгэлэг, цалин өгдөг болъё гэж бодож байна. Mongolian weekend school гэж нэрлээд байгаа. Монголын амралтын өдрүүдээр ажилладаг сургууль гэсэн утгатай. Ийм зүйлийг бас энд товчхон хэлье ээ гэж бодож байна.

Монгол Улсын зүгээс БНСУ-д манай иргэд аялж жуулчлах, ирэх очиход визийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог байх хүсэлтийг бид үргэлж тавьж, ярьдаг байсан. Ер нь энэ асуудал бол шат шатаар шийдэгдээд явж байгаа. БНСУ-ын зүгээс энэ асуудалд маш их анхаарч, анхааралтай хандаж, хоёр талаасаа шийдэж ирсэнд бид маш их баяртай байдаг. Энэ визийн аятайхан дэглэм цаашаа үргэлжлэх нь хоёр орны харилцаанд их чухал гэж бид үзэж байгаа.

Цаашид Монголын эдийн засаг сэргэх, өсөх боломжтой гэж бүрэн итгэж байгаа, би. Манай иргэд ч гэсэн эх нутагтаа ажиллаж, амьдрах боломжоор хангагдана. Эх орондоо ажиллаж, амьдарч, ажлын байраар хангагдах боломж улам нэмэгдэж, сайжирна гэж харж байгаа л даа. Ойрын 2-3 жил энд байгаа монгол иргэдийн тоо нэмэгдсэн байгаа. Энэ нь цаашид нэг их удаан үргэлжлэхгүй байх гэж итгэж байгаа.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагуудын хооронд энэ айлчлалын үеэр санамж бичигт гарын үсэг зурах гэж байна. Манай иргэд их гэрсэг, өөрийнхөө хүнсний бүтээгдэхүүнийг авчрахыг хүсдэг. Тэгээд энэ айлчлалын үеэр нэг зүйл дээр тохирч байна. Монголд боловсруулалтыг нь хийчихсэн, тэгээд хил дээр дарагдсан мэргэжлийн хяналтын байгууллагын тэмдэгтэй тийм бүтээгдэхүүнийг шууд оруулдаг болно. Би ямар бүтээгдэхүүний тухай ярьж байгааг Та бүхэн мэдэж байгаа учраас би энд түүнийг дурдаад яах вэ (алга ташив).

Манай олон иргэн ирж ажилладаг, дээрээс нь эмчлүүлдэг, үнэхээр нутаг усаа хоол ундаа санадаг тохиолдол бий л дээ. Иймэрхүү чиглэлээр бид ярьж байгаа. Мөн БНСУ-аас хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бид ямар ажлууд хийх вэ гэдэг дээр хоёр талаасаа бид тодорхой төслүүдээ тохирч байгаа. Хоёр улсын өнөөдрийн харилцааны түвшинтэй эдийн засгийн харилцааны түвшинг харьцуулбал нэлээд хойно явж байгаа. Ер нь эдийн засгийн харилцаа бол өнөөдрийн хоёр улсын харилцааны түвшинд хүрээгүй гэж бид үзэж байгаа. Энэ нь эдийн засгийн харилцааны салбарт цаашид хоёр тал олон салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллах боломж байна гэж бид харж байгаа. Миний энэ айлчлалын дараа долдугаар сард Монголд Ази, Европын дээд түвшний уулзалт (ASEM) болно. Тэр уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ оролцоно гэж мэдэгдсэн байгаа. Тэр айлчлалын үеэр ч гэсэн бид тодорхой зүйлүүдийг ярилцах боломжтой гэж бодож байгаа.”гэж хэллээ.

Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс өөрсдийн амьдралд тохиолдож буй бэрхшээлтэй асуудлуудаар асуулт асуун хариулт авлаа. Голлон яригдаж буй асуудал гэвэл, төрөөс монголд суралцаж буй оюутнуудад автобусны виза карт, сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг гэх мэтээр олон дэмжлэг, хөнгөлөлт үзүүлдэг. Харин харьд суралцагч бидний хувьд төрөөс ямар ч дэмжлэг ирдэггүй. Тиймээс 70 мянгын тэтгэлгийн үнийн дүнтэй тэнцэх онгоцны тийзний хөнгөлөлтийг оюутнуудад хүртээх боломж бий эсэх талаар мөн БНСУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх асуудлыг оюутнуудын зүгээс тавьж байсан.

Мөн цөөнгүй хүний амьдралд тулгамдсан асуудал болох гэрээгээр ажилладаг хүмүүсийн асуудал уулзалтын үеэр мөн яригдсан. Залуучууд Солонгост гэрээгээр ажиллахаар олноороо ирдэг. Нэг хэсэг нь ардаа үлдсэн гэр бүлээ тэжээж байхад нөгөө хэсэг нь амьдралаа шинээр зохиодог. Гэр бүлийн салалт, тогтворгүй байдлыг өсгөж байгаа энэ хүчин зүйлийн хэрхэн зохицуулах, гэрээгээр ирж байгаа иргэдийн гэр бүлийн гишүүд дагалдан виз авдаг байх, гэр бүлээрээ байж хамтран ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх боломжтой эсэх зэрэг олон асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон албаны хүмүүсээс хариулт авлаа.