Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийнхний өдөрлөг болов

Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг олон нийтэд сурталчлан
таниулах өдөрлөг Чингисийн талбайд боллоо. Уг өдөрлөгийг нийслэлийн
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас санаачлан зохион байгуулсан бөгөөд
нийтийн тээврийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах,
төрийн үйлчилгээг ил тод байлгах зорилготой ажээ. Өдөрлөгийн үеэр Зорчигч тээврийн нэгтгэлийн, Автобус-1, Автобус-2, Автобус-3
компаниуд өөрсдийн үйлчилгээг иргэдэд танилцуулав. Сүүлийн жилүүдэд
нийтийн тээврийн автобусуудад парк шинэчлэл хийж, зорчигчид ухаалаг
картаар зорчих болсон гээд энэ салбарт олон дэвшилт гарчээ. Түүнчлэн
өнгөрөгч долоо хоногт Зорчигч тээврийн нэгтгэлийн автобус баазуудын
жолооч нар нийслэлчүүддээ ёслолын хувцастай үйлчлэх болсон байна. Улмаар
уг санаачилгыг хувийн автобус компаниуд дэмжин ажиллаж эхэлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Баттулга: Нийслэлийн бүтээн байгуулалт бүхий л салбарт эрчимтэй өрнөж байгаа

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ХҮНДЭТГЭЛИЙН ХААЛТЫН ХУРАЛДААН ӨНӨӨДӨР БОЛЛОО. ТУС ХУРАЛДААНД
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАТТУЛГЫН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ
БАЙНА.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эрхэм Төлөөлөгчид өө !

Хүндэт зочид оо! Хатагтай, Ноёд оо !

Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар
баталгаажсан нутгийн өөрөө удирдах байгууллагын зургаа дахь удаагийн
сонгуулийн үр дүнд байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын төлөөлөгчил бид хурлын өөрөө удирдах байгууллагынхаа 24 дэх
жилийн түүхийн хуудсыг эргүүлж байна. Улаанбаатар хотын түүхэн замналтай
харьцуулбал 24 жил бага хугацаа мэт боловч асар хурдацтай хөгжиж байгаа
шинэ зууны хөгжлийн хурдаар авч үзвэл чамалхааргүй их хугацаа гэдгийг
өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн ажил үйлс нотлон харуулах биз ээ. 2012
оны сонгуулиар байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал
2012 оны 7 дугаар сарын 9-нд анхны хурлаа хийж байсан тэр цаг мөчөөс
хойш тогтмол ажиллагаатай болж, өнөөдрийг хүртэл Нийслэлийн ИТХ-ын
ээлжит хурал 34 удаа, ээлжит бус хурал 8 удаа хуралдаж нийт 125 асуудлыг
хэлэлцэн баталсан байна. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид 85 удаа
хуралдаж 850 асуудлыг хэлэлцэн баталжээ.

Өнгөрсөн дөрвөн жилд НИТХ нь нийслэлийн
иргэдийн ая тухтай, аюулгүй орчин, нөхцөлд амьдрах бололцоог хангах,
хотын зам тээвэр, дэд бүтцийг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөж,
төлбөрийн чадварт ийцсэн орон сууцны хөтөлбөр боловсруулах, тодорхой
зорилтот бүлгийг дэмжих, төрийн үйлчилгээг орчин үеийн жишигт нийцүүлэн,
хөнгөн шуурхай хүргэхэд чиглэсэн ил тод, нээлттэй бодлого баримтлан
ажиллаж ирснийг энд би цохон тэмдэглэе.

Бидний гаргасан энэ бүхий л шийдвэр
нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан, бодлого тодорхойлсон олон
чухал үйл явдлын үндэс суурь болсон юм. Бидний хамгийн эхэнд гаргаж
байсан томоохон шийдвэр бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт
ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр
зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ хэрэгжүүлэх тухай
байлаа.

Энэ шийдвэр гарснаар тээврийн хэрэгслийг
замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалттайгаар оролцуулж, нийслэлийн
иргэд нийтийн тээврээр зорчихдоо нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчдог
болсон юм. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр замын хөдөлгөөний ачаалал 30
хувиар буурчээ.

Газрын харилцаа, хот төлөвлөлт,
барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох зорилгоор газар өмчлөх,
ашиглах эрх зүйн харилцааг зохицуулсан хэд хэдэн журмыг батлан гаргасан.
Үүний үр дүнд газар эзэшмих, өмчлөх үйл ажиллагаа нь хэн нэг албан
тушаалтны эрх дураар шийдэгддэг асуудал биш болж, зөвхөн Газрын тухай
хуулийн дагуу нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалаар
олгодог шинэ тогтолцоо бүрдлээ. Газрыг хуулийн дагуу дуудлага
худалдаагаар эзэмшүүлж, өмчлүүлдэг, нийслэлийн өмчийг нээлттэй дуудлага
худалдаагаар худалдаалдаг сайн жишгийг бид тогтоолоо. Нийслэлийн нутаг
дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг
батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл
ажиллагааны журмыг батлан гаргаж, шинээр барилга барих аж ахуйн нэгжүүд
барилгын ажил эхлүүлэхдээ заавал тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн
зөвшөөрлийг авдаг журамтай болов. Мөн иргэнд гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар газар өмчлүүлэх нийт 120 байршлыг баталж, эзэмших эрхийг
цахимаар олгох журам гаргаснаар нийслэлийн 75 000 иргэн өөрийн өмчийн
газартай болжээ.

Дөрвөн жилийн хугацаанд хийсэн бүхий л
ажлаа өнөөдөр энэ индэрээс та бүхэнд танилцуулна гэвэл гэвэл цаг
хүрэлцэхгүй. Тиймээс би хэдэн тодорхой тоо баримтуудыг дурдахыг хүсч
байна.

Нээлттэй, ил тод засаглалыг хөгжүүлэх
зорилгоор нийслэлийн 144 хороонд иргэний танхим байгуулж, шийдвэр
гаргахын өмнө иргэдээрээ хэлэлцүүлэн, тэдний саналыг тусгадаг зарчимд
шилжлээ. Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, тэгш
хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн 453 гаруй үйлчилгээг нэг дор авах
боломжтой Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарыг байгууллаа.
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийг Баянзүрх, Сонгинохайрхан,
Хан-Уул дүүрэгт байгуулан, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулсан нь
иргэдийн сэтгэлд хамгийн их нийцсэн ажил болжээ.

Аюулгүй амгалан Улаанбаатарыг бүтээхийн
төлөө хэд хэдэн томоохон шийдвэрийг батлан гаргалаа. Тодруулбал, аюул
далласан сурталчилгааны самбаруудыг буулгаж, зөвшөөрөгүй барилгуудыг
цэгцэллээ. Нийслэлийн ИТХ-ын дэргэд Цагдаагийн шинэчилсэн хуульд заасны
дагуу нийслэлд анх удаа хотын цагдаагийн үйл ажиллагаанд хяналт тавих
үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна. Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хүрээнд Улаанбаатар хотын
152 хороонд нийт 224 олон нийтийн цагдааг хувцас, хэрэглэл, цалин
урамшуулалыг нь шийдэн ажиллууж байна. Мөн сургуулийн орчны гэмт
хэргийг бууруулах зорилгоор “Сургуулийн эргүүл” төсөл хэрэгжүүлж НИТХ-ын
Тэргүүлэгчдийн хуралданаар сургуулийн эргүүлийн ажиллах журмыг
баталлаа. Эцэг, эхчүүд сургуулийн орчинд эргүүл хийдэг болсноор
сургуулийн орчинд гардаг гэмт хэргийн тоо 10-15 хувиар буурчээ. Хүүхдийн
эрхийг хамгаалах, хүүхэд багачуудыг хүчирхийллээс сэргийлэх төсөл
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр “Хүүхдэд ээлтэй нийслэлийн хөтөлбөр”-ийг
баталсан бол нийгмийн хамгийн эмзэг давхрага болсон, орон гэргүй,
тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх нэгдмэл бодлоготой болох зорилгоор “Гэртээ
харих зам” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Нийслэл хотын бүтээн байгуулалт бүхий л
салбарт эрчимтэй өрнөж байгааг хэлэх нь зүйтэй. Улаанбаатар хотыг 2020
он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөөг хэрэгжүүлэхэд 25,4 их наяд
төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд үүнээс 2014-2017 оны
хугацаанд 12 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэхүү
төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх боломжийг
бүрдүүлэн ажиллаж байна.

2012-2015 оны хугацаанд нийслэлийн
төсвийн хөрөнгөөр нийт 2936 төсөл арга хэмжээг 901,2 тэрбум төгрөгөөр
санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүллээ.

Боловсролын салбарт 2012-2015 онд 96
бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, өргөтгөлийг ашиглалтад оруулснаар
боловсролын салбарын хүчин чадлыг 25 мянгаар нэмэгдүүлэв.

Улаанбаатар хотын инженерийн шугам
сүлжээ хүүхдийн зулай шиг нимгэрсэн байсныг шинэчлэн, 2012-2015 онд
дулаан цэвэр бохир усны шугамыг засуулах болон шинээр инженерийн шугам
сүлжээний нийт 363,4 км шугамын ажил хийгдэж 100 мянган айл өрхийн
дулаан, цэвэр бохир усны хэрэглээг найдвартай хангах боломжтой болсон.

Улс, нийслэлийн төсөв, нийслэл, дүүргийн
орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж,
нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууцны хороолол дунд нийт
45,7 тэрбум төгрөгийн 30,508 ширхэг гэрэлтүүлэг, 9 тэрбум төгрөгийн 1000
орчим камерийг суурилуулжээ. Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах
орчин нөхцөлийг сайжруулах, тоосжилтыг бууруулах, нийслэл хотын өнгө
үзэмжийг нэмэгдүүлэхэд зориулан 2012-2015 онуудад нийт 76.4 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж гүйцэтгэжээ.

Өнгөрсөн хугацаанд та бидний нүдэнд
харагдах хамгийн том бүтээн байгуулалт бол нийслэлийн автозамын өргөтгөл
шинэчлэлийн ажил юм. Зөвхөн сүүлийн гурван жилийн хугацаанд
Улаанбаатар хотод нийт 83,63 км зам шинээр тавьж, 175,7 км замыг
өргөтгөн шинэчилжээ. Бид зөвхөн замын уртад биш чанарт анхаарлаа
хандуулдаг болсон. 2012-2015 онд хийсэн замын томоохон ажлуудаас
нэрлэвэл, Улиастай гачуурт чиглэлийн 11 км замын шинэчлэл, Баянзүрх
товчооноос Яармагийн гүүр хүртэлх 17,6 км замыг ажлыг онцолж байна.

Мөн Хойд зуслан чиглэлийн замын 40 гаруй
жилийн дараа шинэчлэн, унадаг дугуйн замыг давхар шийдвэрлэсэн нь
нийслэлийн иргэд хот дотор болон зуслангийн замаар зорчихдоо ая тухай,
харьцангуй тайван оролцож, автозамын чанарт өөрчлөлт орсон гэдгийг
бодитоор мэдэрч байгаа гэдэгд итгэлтэй байна. Зам тээврийн шинэчлэлийн
хүрээнд 721.8у/м гүүр шинээр барьж, 478,36у/м гүүрийг өртөтгөн
шинэчилсэн байна. Мөн “Гудамж” төслийн хүрээнд хотын хамгийн их
ачаалалтай байсан 26 уулзварыг өргөтгөж, замын хөдөлгөөний эрчмийг
сайжруулжээ

Амины орон сууцтай, агаар нь цэвэр
Улаанбаатар хотыг бий болгохын тулд бид мөн олон чухал шийдвэр гаргажээ.
Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр
хорооллын дахин төлөвлөлт хийх байршлуудыг тогтоон, бүтээн байгуулалтын
ажлыг эхлүүлсэн. Гэр хорооллыг орон сууц болгон дахин төлөвлөх ажлын
хүрээнд нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс
2014 онд 588 айлын орон сууц, 2015 онд 1656 айлын орон сууцыг ашиглалтад
оруулжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 615 өрхийн 2583
иргэн хашаагаа орон сууцаар сольжээ. Харин энэ онд шинээр 4044 айлын
орон сууц ашиглалтад ороход бэлэн болсон байна. Гэр хорооллын иргэд
хэсэг бүлгээрээ нэгдэж, хашааны газартаа өөрсдөө төлөвлөлт хийх шинэ
журмыг ч бид бас баталлаа. Гэр хорооллын 9 нэгж талбарт иргэд хашааны
газраа өөрсдийн хүслээр төлөвлөн, инженерийн дэд бүтэцэд холбогдсон
тохилог сууцтай болох ажил хэдийн эхэлжээ. Бид гэр хорооллын дахин
төлөвлөлтийн ажлыг илүү эрчимжүүлэхийн тулд нийслэлийн 2016 оны төсвийн
тодотголоор 20 гаруй тэрбум төгрөгийг суулган батлав. Гэр хорооллыг
шинэчлэх ажил цаашид “Сайн хашаа” хөтөлбөрөөр түүчээлж, бидний хот
дэлхийн жишигт нийцсэн хөгжилтэй, эрүүл, аюулгүй хот болон хөгжих
боломжтой болж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол
Улсын Засгийн газраас 200 тэрбум төгрөгийг шийдэхээр болсон билээ.

Бидний хэлэлцэн баталсан “Ашиглалтын
шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин
төлөвлөж, барилгажуулах журам”-ын дагуу бүтээн байгуулалт ид өрнөж
байна. ХУД-ийн 2,3 дугаар хороо, БГД-ийн 1, 2, 3, 4, 20 дугаар хороодын
нутаг дэвсгэрт байрлах газар хөдөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага
хангахгүй болсон барилгуудыг буулгаж, дахин барьж байна. Энэ хугацаанд
та бид хамтдаа ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, анхаарал халамжаас
үргэлж ард хоцордог зорилтод бүлгийн иргэдэд чигэлсэн хэд хэдэн чухал
шийдвэрүүдийг батлан гаргажээ. Тухайлбал “Нийслэлийн орон сууцны
хөтөлбөр” баталж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, байгалийн гамшигт
өртөж, орон гэрээ алдсан зэрэг нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай
иргэдэд зориулсан түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Ахмадын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
хуралдаанаар “Ахмадын хотхон”-1 ОНӨААТҮГ-ыг байгуулан 300 өндөр настан,
хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зах зээлийн үнээс 3-4 дахин хямд буюу
75-150.000 төгрөгийн түрээсийн орон сууцанд хамруулаад байна. Төрийн
албан хаагчдад орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөрийн 50
хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэх журам баталлаа. Хуучны угсармал орон
сууцуудыг дулаалах “Дулаан техникийн шинэчлэлтийн үйл ажиллагааны
журам”-ыг саяхан батлан гаргав. Энэ журмын дагуу орон сууцуудыг
дулаалснаар нийслэлийн иргэд хана, туурга, тааз, хаалгаараа дулаан
алдахгүйгээр, өнөтэй өвөлжих боломжтой болно.

Нийслэлийн иргэдээ ажлын байраар хангах,
ажлын байр шинээр бий болгох зорилгоор бид бас хэд хэдэн томоохон
хөтөлбөр журам гаргав. Үүнээс нэг л жишээг дурдахад эдийн
засаг хямралтай, ажлын байр хомс болсон хэцүүхэн цаг үед нийслэлээс
“Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр”, “Жижиг, дунд
үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам” батлаж, нийслэлээс ЖДҮ, бичил бизнес
эрхлэгчдэд зориулан хөнгөлттэй зээл олголоо. Зээлийн санхүүжилтээр
бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөж, бүтээгдэхүүн нэр, төрлөө
олшруулж, бизнесээ өргөжүүлжээ. Энэ хугацаанд бид 20 мянган ажлын
байрыг шинээр бий болгож, 40 мянган иргэнийг түр болон байнгын ажлын
байраар хангажээ.

Улаанбаатар хотыг Үндэсний урлаг соёл,
өв уламжлалаараа жуулчдын сонирхол татахуйц аялал жуучлалын хот, “Зүүн
хойд Азийн бизнес аялал жуулчлалын зангилаа”, “Монгол туургатны соёлын
аялал жуучлалын төв” болгон хөгжүүлж, 2030 онд 5 сая жуулчин хүлээн авах
зорилго бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталлаа. Тус
хөтөлбөрийн хүрээнд жуулчдын сонирхолыг татах урлаг соёлын томоохон
ажлуудыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах
зорилгоор Багануур, Налайх, дүүргийг дагуул хот, Баянхошуу, Сэлбэ зэрэг
нийслэлийн 7 хэсэг газрыг дэд төв болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу 2015 онд НИТХ-аас Налайх, Багануур дүүрэгт дагуул хот
байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, баталсан бөгөөд иргэдийн саналд
үнэслэн Налайх, Багануур хотыг байгууллаа. Улаанбаатар хотын дэд
төвүүдийн ажил гараанаас гарч, Баянхошуу, Долоон буудлыг хотын дэд төв
болгох төсөл Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжиж
байна.

Энэ мэт та бидний хамтдаа хэлэлцэн,
батлан гаргасан томоохон шийдвэрийн үр дүнд хотын төсвийн бааз суурь
бэхжин, хөрөнгө оруулалт урьд жилүүдийнхээс нэмэгдэж, хотын бүхий л
салбарт бүтээн байгуулалт өрнүүлэх таатай бололмжийг бидэнд авчирсан юм.

Сүүлийн дөрвөн жилд Улаанбаатар хот
дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй улсын нийслэл, бусад хотуудтай хамтын
ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, хотын гадаад харилцаа шинэ шатанд
гарлаа.

Бид аливаа шийдвэрийг гаргахдаа иргэдээс
асуудаг, иргэдээрээ хэлэлцүүлдэг шинэ тогтолцоог бүрдүүлснээр иргэд ч
нийслэлийн удирдлагаас гаргаж байгаа шийдвэрүүдийг чанд дагаж мөрддөг
болжээ. Энэ нь хотоо өөрчлөх, хотоо шинэчлэх гэсэн олон олон иргэдийн
хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгож байна. Тиймээс нийслэлээ өөрчлөх
шинэчлэлийг манлайлан хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа
нийслэлийн иргэддээ талархаж байгаа илэрхийлье.

Хотын маань төв талбай ер нь хаа сайгүй
төгсөх оюутны дуу цангинасан энэ цаг дор бид ч гэсэн 4 жилийнхээ
мөчлөгийг дуусгаж сүүлчийн хуралдаанаа хийж байгаа нь түүхийн нэгэн
мөчлөг болж байна. Нүдэн дээр минь хөгжин цэцэглэх хотоо бид дэлхийн
жишигт хүргэж, хойч үедээ эрүүл, аюулгүй, амар амгалан сайхан хотыг
хүлээлгэн өгөх нь бидний эрхэм зорилго билээ. Энэ хүндэт индэр дээрээс
нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан бодлого шийдвэрийг
биелүүлж ирсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
болон түүний Тамгын газар, ажлын алба, агентлаг, газар хэлтсүүд, орон
нутгийн өмчит төсөвт байгууллагууд, бүх дүүргийн Засаг дарга түүний
Тамгын газрын хамт олонд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн
өмнөөс болон хувиасаа гүн талархал дэвшүүлж байна.

Удахгүй УИХ болон Нийслэлийн ИТХ-ын
төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгууль болно. Энэ 4 жилд энэ танхимд тохой
тохойгоо нийлүүлэн сууж, хотын бүхий л асуудлыг хэлэлцэн баталсан та
бүхний цаашдын зам мөр өөр өөр байх ч нийслэл хотоо гэсэн сэтгэл,
хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэх та бидний зам нэг гэдэгт
итгэлтэй байна.

Нийслэл хотынхоо хөгжлийн төлөө ажил
хэрэгч санал шүүмжлэл өрнүүлж, элэгсэг, бүтээлчээр 4 жил хамтран
ажилласан Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Хангарди ордон Нэгдсэн хуралдааны танхим

2016 оны 5 дугаар сарын 19

Categories
мэдээ нийгэм

“Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Засгийн газраас хэрэгжүүлж
буй “Сайн оюутан” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Анагаахын
шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эко танхимд болов. Хөтөлбөрийн нээлтийн үеэр Боловсрол,
соёл, шинжлэх ухааны яам, төрийн болон төрийн бус өмчийн дотоодын
магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын удирдлага болон “Хаан”,
“Голомт”, “Төрийн банктай” хамтран “Сайн оюутан” хөтөлбөрийг хамтран
хэрэгжүүлэх гэрээ байгуулж, зээлийн шаардлага хангасан эхний 27 оюутанд
сургалтын төлбөрийн зээлийн батламж гардуулав.

Сургалтын төлбөрийн зээлийн нөхцөл нь
аль ч банкинд жилийн таван хувийн хүүтэй. Богино хугацаатай зээл нь 12
сар хүртэл бөгөөд урт хугацаатай зээл нь сургууль төгссөнөөс хойш дөрвөн
жил хүртэл байх гэнэ. Мөн шинээр элсэгчийн хувьд элсэлтийн ерөнхий
шалгалтаа 400 буюу түүнээс дээш оноотой, бусад оюутны хувьд 2.5 болон
түүнээс дээш голч дүнтэй байх шаардлагатай юм байна. Сургалтын төлбөр төлөхөөр цалингийн зээл
авсан эцэг, эхчүүдийн банкны зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн дагуу
нэг удаа оюутны сургалтын төлбөрийн зээл рүү хөрвүүлэх гэнэ. Ингэхдээ
өмнөх арилжааны банкны зээлийн жилийн 25 хувийг таван хувь болгох юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ руу дулааны аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр болж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсоор угтах ёслол болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч “Хөх ордон”-д хүрэлцэн ирэхэд БНСУ-ын Ерөнхийлөгч угтан авч, Хүндэт харуул жагсаж, харуулын дарга мэндчилсний дараа хоёр орны төрийн дуулал эгшиглэсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хоёр орны далбаа барьсан хүүхдүүд Монголоор мэндчилэн угтаж баяр хүргэжээ. Угтах ёслолын дараа хоёр орны Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Солонгосын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.

Хэлэлцээний үр дүнд Монгол
Улсын Зам тээврийн яам, Эрүүл мэнд спортын яамд болон Монгол Улсын
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар БНСУ-ын хилийн хорио цээрийн агентлаг
хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ийнхүү санамж
бичиг байгуулснаар БНСУ-ын хилээр дулааны аргаар боловсруулсан хүнсний
бүтээгдэхүүнийг хил гаалийн бичигтэй байгаа бол ямар нэг саадгүй
нэвтрүүлэхээр болж байгаа юм байна. Харин хоёр улсын Сангийн яам хооронд
байгуулсан санамж бичгийн хүрээнд 300 сая ам.доллараар цахилгаан станц
байгуулах бүтээн байгуулалтын ажил хийхээр болжээ. Мөн
Улаанбаатар-Пусаны чиглэлд шууд нислэгтэй болохоос гадна БНСУ-ын хөрөнгө
оруулалттай шинэ эмнэлэг Улаанбаатар хотноо байгуулах юм. Ингэснээр
орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарийн оношилгооны эмнэлэгтэй
болж, гадаад руу явж өндөр зардлаар оношлуулж, эмчлүүлэх шаардлагагүй
болох юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнхтөр: Ирэх жилд оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй

ШӨХТГ-аас сүүлийн үед хийж буй хяналт, шалгалтын ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, банк, даатгал, нотариат, эмнэлэг, зорчигч тээврийн нэгтгэл, сонгуулийн зар сурталчилгааны хууль, нийтийн зориулалттай ашиглаж байгаа орон сууцны барилгад мансардны давхар төлөвлөн барих, тухайн барилга ашиглалтад орсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байгаа талаар мэдээлэв. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 11 банк, 14 даатгал, найман тойргийн нотариатад шалгалт хийсэн. Шалгалтын явцад банкууд ипотек болон бусад төрлийн зээл олгохдоо зээл авч буй иргэнд өөрийн сонгосон даатгал нотариатаас үйлчилгээ авахыг тулгаж байсан зөрчил илэрсэн. Энэ 11 банкинд нэг сарын хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байгаа. Сарын хугацаанд зөрчлөө арилгаж, иргэний сонгох эрхийг нээж өгөхгүй бол хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно.

ШӨХТ-аас 2016-2017 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудыг сургалтын төлбөрөө нэмэх эсэхээ энэ хичээлийн дуусахаас өмнө мэдэгдэхийг шаардсан. Одоогоор манайд ямар ч сургуулиас мэдэгдэл ирээгүй байгаа. Их дээд сургуулиудын төлбөр 2016-2017 оны хичээлийн жилд нэмэгдэхгүй гэж ойлгож байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

​Хонины нэхий, ямааны арьс 300-500 төгрөгийн үнэтэй байна

“Эмээлт”, “Шонхор” захуудад мах, түүхий эдийн үнэ ханш ямар байгааг дор хүргэж байна.

“ЭМЭЭЛТ” ЗАХ
  • Шөлний хонь 120-210 мянган төгрөг
  • Бие гүйцсэн эр хонь 210 мянган төгрөг
  • Төлөг 120 мянган төгрөг

Тус зах дахь түүхий эд худалдан авах цэгүүдэд хонины нэхий, ямааны арьс 300-500 төгрөгийн үнэтэй байна. Харин үхрийн шир 25, 45 мянган төгрөгийн үнэтэй байснаа одоо унаад 15, 25 мянган төгрөгийн үнэтэй болоод байгаа аж. Ноолуур 71-72 мянган төгрөг, адууны дэл сүүл кг нь 6000 мянган төгрөгийн үнэ ханштай байна.

“ШОНХОР” ЗАХ
  • Үхрийн мах кг нь 7500-7800 төгрөг.
  • Хонины цул мах 6800 төгрөг.
  • Ямааны цул 5500 төгрөг. Ястай нь 5200 төгрөг.
  • Адууны мах 5500-6500
  • Нөөцийн мах 6400-6600
  • Хонины гулууз 120-150 мянган төгрөг байна.

Мөн хонины элэг ширхэг нь 2000, үхрийн элэг 4000, хонины гүзээ 3000, үхрийн гүзээ кг нь 4000 төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Прокурорууд мэргэжлийн түвшингээ шалгуулж байна

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу аймаг, сум дундын прокурорын газарт ажиллаж байгаа прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг 2016 оны тавдугаар сарын 02-12-ны хүртэлх хугацаанд шалгасан байна.

Шалгалт үргэлжлэн явагдаж байгаа ба тавдугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд Нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багануур Багахангай дүүргийн прокурорын газарт ажиллаж байгаа 141 прокурор шалгалтад хамрагдаж байна.

Categories
гадаад мэдээ

Египетийн “Airbus A320-232” онгоцыг эрэн хайж байна

Парисаас Каирыг чиглэн нислэг үйлдэж явсан Египетийн нисэх онгоц орон нутгийн цагаар өнгөрсөн шөнө 02.45 цагт радарын дэлгэцнээс алга болжээ. Египетийн “EgyptAir” компанийн “MS804” нислэг орон нутгийн цагаар 23.09 цагт хөөрсөн юм байна.

Олон улсын нислэгийн хяналтын “Flightradar24” үйлчилгээний мэдээллээр нисэх онгоц Газар дундын тэнгис дээгүүр 11 мянган метрийн өндөрт нислэг үйлдэж явахдаа радарын дэлгэцнээс алга болсон аж. Нисэх онгоц Египетийн агаарын орон зайд нэвтрэхээс 10 минутын өмнө холбоо тасарсан байна. Радарын дэлгэцнээс алга болж холбоо тасарсан EgyptAir компанийн 59 зорчигчтой “Airbus A320-232” нисэх онгоцыг эрж хайх ажлыг Египетийн албаныхан эхлүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

ИЗНН-аас мэдэгдэл гаргав

ИЗНН-ын Нийслэлийн намын хорооноос тус намын нэр дэвшигчдийг НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхээс Нийслэлийн сонгуулийн хороо татгалзсантай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

УГ МЭДЭГДЭЛД “Нийслэлийн сонгуулийн хорооны 2016.05.17-ны өдрийн дугаар 13 тоот татгалзсан тогтоол ИЗНН-ын Нийслэлийн намын хороо НИТХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлсэн тухай шийдвэрийн хавсралт байхгүй, нэр дэвшүүлсэн ажиллагааны тэмдэглэл, нэр дэвшигчийн жагсаалт зөрүүтэй байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 155.3, 157.2-т заасан заалтуудыг тус тус зөрчигдсөнд тооцсон хэмээн үзсэн байна.

ИЗНН-ын Нийслэлийн намын хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйл :‘Нэр дэвшигчийг бүртгэх” гэсэн заалтын бүрдүүлэх материалыг нэг бүрчлэн бүрдүүлж өгсөн бөгөөд хуульд зааснаас илүү “нэмэлт” материалыг Сонгуулийн хорооноос шаардсан тохиолдолд гаргаж өгөх үүрэгтэй юм.

Нийслэлийн сонгуулийн хороо 2016.05.17-ны өдрийн дугаар 29 тоот албан бичгээрээ өөрийн эрх үүргийн хүрээнд нэмэлт материалыг шаардсан бөгөөд тухайн албан бичигт одоогийн түдгэлзүүлсэн үндэслэл болсон хавсралтын талаар огт дурдаагүй, нэр дэвшүүлэх ажиллагааны тэмдэглэлийг тодруулж авсан нэр дэвшигчдийн жагсаалтын зөрүүтэй холбоотой тайлбарыг материалын хамт хүлээлгэн өгсөн болно.

Иймд Нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны нэр дэвшигчдийн 2016 оны НИТХ-ын сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна.

ИЗНН-ын Нийслэлийн намын хороо Сонгуулийн тухай хуулийн 1114 1 т заасны дагууЗахиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган Нийслэлийн сонгуулийн хорооны 2016.05.17-ны өдрийн дугаар 13 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахын төлөө ажиллахаар тогтсоныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

“Нээлттэй Засгийн түншлэл” хэлэлцүүлэг боллоо

Нээлттэй Засгийн түншлэлийн 2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцэж, санал авах зорилгоор зохион байгуулж байгаа тус хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн дэд дарга Г.Ганболд оролцож, “Нээлттэй Засгийн түншлэл ба Монгол Улс” сэдвийн хүрээнд танилцуулга хийлээ.

Засгийн газраас Нээлттэй Засгийн түншлэлийн 2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г энэ сард багтаан батлан гаргахаар ажиллаж байна. Манай улс Нээлттэй Засгийн түншлэлд 2013 онд нэгдэн орсон бөгөөд 2014-2016 оны Үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, хөндлөнгийн үнэлгээг хэлэлцэн дүгнэсэн. Тус түншлэл нь дэлхийн 69 орныг эгнээндээ нэгтгэсэн, иргэдийн оролцоог дэмждэг, авлигын эсрэг тэмцдэг, хариуцлагатай Засгийн газар болж дэвжихэд гишүүн орнууддаа тусладаг олон улсын хамтын ажиллагаа юм. Өнгөрсөн төлөвлөгөөний хугацаанд Засгийн газрын 11-11 төвийг байгуулан үйл ажиллагааг тогтмолжуулж, Шилэн дансны тухай хуулийг батлан мөрдөж эхэлсэн нь төрийн үйлчилгээг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болсон гэж Нээлттэй Засгийн түншлэл дүгнэлээ гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд хэллээ.

Нээлттэй Засгийн түншлэл олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид төрийн үйлчилгээг сайжруулах, төрийн шударга ёсыг нэмэгдүүлэх, үндэсний баялаг, нөөцийн үр дүнтэй удирдлага, аюулгүй нийгмийг цогцлоох, компанийн хариуцлагыг нэмэгдүүлэх гэсэн таван бүлэгт хуваагдан 2016-2018 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөнд саналаа өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.