Categories
мэдээ цаг-үе

Нэрт найрагч, төрийн сайд, улсын арслан төрүүлсэн Анагаахын дээдийнхэн

Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний болон нэгдсэн факультетийн нэгийн тав, зургаад 1966 онд элсэн орж 1971 онд төгссөн ангийнхнаас түмний танил олон хүн төрөн гарчээ. Тухайлбал, академич, Монгол Улсын гавьяат эмч, Эрүүл мэндийн сайд асан, вирус судлаач, профессор Пагважавын Нямдаваа байна. Нямдаваа Анагаахын дээдээ төгсөөд сургуульдаа багшаар үлдэж, улмаар Германы Берлин хотын Хумбольдтын нэрэмжит их сургуулийн аспирантур, ОХУ-ын Д.Ивановскийн нэрэмжит вирус судлалын хүрээлэнгийн эчнээ докторантын ангийг төгссөн нэгэн. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул эл эрхэм оюутан байхын эрдэмд шамдсан, толгой сайтай хүүхэд байсан гэж ангийнхан нь ярьж байна. Тэр Анагаахын дунд сургуулийг Сүхбаатарын цалинтай төгсөж ирсэн гавал амьтан байж.

Эдний ангийнхан бол төгсөөд дөчин таван жил болж байгаа Монголын эрүүлийг хамгаалахын салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан хүмүүс аж. Далаад оны эхээр эмчийн диплом өвөрлөн төгсөнө гэдэг үнэхээр нэр хүндтэй, соёлч, боловсролтой сэхээтэнд тооцогддог, ажлын байр бэв бэлэн байдаг үе байж. Хөгжмийн зохиолч Норсонжавын охин Н.Оюуны хувьд Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт дүн бүртгэлийн их эмчээр ажиллажээ. Сүхбаатар аймгаас ирсэн Э.Үржинбадам Цэргийн госпиталийн лабораторийн эмчээр олон жил ажиллаж хурандаа цолоор энгэрээ мялаажээ. Махранзын Шүрэнцэцэг бол Баянхонгор аймгийн Заг сумын уугуул охин байж.

Тэрээр “Жанчивлан”, “Оргил” рашаан сувилалд лабораторийн эмчээс ажлын гараагаа эхэлж, эрхлэгч болсон төдийгүй Улсын эм хангамжийн үйлдвэрийн газарт цус, био бэлдмэл хариуцсан байцаагч их эмч, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирлын алба хашсан байдаг. Дөнгөж оюутан болцгоосны анхны намар эл ангийнхан Сэлэнгэ аймгийн Номгоны сангийн аж ахуйн үтрэм дээр тариа хураалтад гарахад Шүрэнцэцэгийг гэнэт хотоос дууджээ. Ар гэрийнхэндээ санаа зовон зовон хүрч ирвэл их, дээд сургуулиудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оруулах бэлтгэл хийлгэхээр Лувсандаш багш нь дуудсан байжээ. Учир нь Шүрэнцэцэг дунд сургуульд байхдаа “Алдар” нийгэмлэгийн шигшээд тоглодог байсныг нь дунд сургуулийн хувийн хэргээс нь харж чухамдаа шижир олсны дайтай баярласан хэрэг аж.

Дархан оточ овогт Намралын Төмөрбаатараа ангийнхан нь өнөө ч гэгээн сайхнаар нь дурссаар. Дээд сургуулиа төгсөөд л Улсын клиникийн төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмчээр ажилласан байдаг. АУИС-ийн тэнхимд багшилж, хичээл ангийн эрхлэгчээр дэвшин ажиллаж байсан Монголын уламжлалт анагаах ухааны анхны эмнэлгийг үндэслэн байгуулагч нэрт эрдэмтэн, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, хүний гавьяат эмч тэрээр 2011 онд бурхан болжээ. Эдний ангид А.Ф.Шаповалов хэмээх орос, А.Марта гэдэг хасаг охин, буриад Б.Цэрэндорж нар суралцдаг нэг ёсны их интернационолч хамт олон байсан гэнэ. Хоёр группийн хориод нөхдөөс Монгол Улсын хүний гавьяат эмч П.Нямдаваа, Н.Төмөрбаатар, Увс аймгийн уугуул С.Ган-Очир, Дэжээхүү, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Санжаажавын Оюун нарын таван гавьяат төрсөн түүхтэй.

Эмч-зохиолч С.Оюуныг манай уншигчид “Тан руу нүүж явна” уран сайхны кино, “Хорвоод ганцхан ээждээ”, “Үнсье чамайгаа”, “Хулжийн цэнхэр гол”, “Санана даа” зэрэг олон сайхан дуугаар нь мэднэ. Булган аймгийн Могод сумын уугуул эл эрхэм ангийнхныхаа тухай “Алтан чагнуур” хэмээх номыг төгсөлтийнхөө дөчин жилийн ойгоор хэвлүүлсэн аж. Эмч хэмээх эрхэм алдрын эздийн дундаас дөрвөн ч эмэгтэй хурандаа төрсөн байдаг. Тэдний нэг нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны дотрын, мэдрэлийн эмчээр, Хорихын нэгдсэн эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан дэд хурандаа Ишдүвжирийн Дашдулам юм. Долгор эмч бол Халдвартын диспансерын дэд даргаар ажиллаж байсан хүн. А.Марта төгсөөд төрөлх Баян-Өлгий аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр ажилласан байдаг. Мөнхцэцэг Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт чих, хамар, хоолойн эмчээр ажилласан бол нөхөр Магсаржав БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн эрүүлийг хамгаалахыг хариуцсан референтээр олон жил ажилласан хариуцлагатай албан тушаалтан юм.

Сайд асан П.Нямдаваа ангийнхаа охин Ж.Оюунбаттай тоонот гэрт толгой холбосон нь цагдаагийн газарт криминалистикийн эмчээр насаараа ажилласан дэд хурандаа болжээ. Тэрээр эдүгээ “Гялс” анагаах ухааны төвийн захирлаар ажиллаж буй аж. Ангийн охин Зулаа нь арьс өнгөний эмч. Цогзолмаа Халдвартын эмч. П.Нямдаваа сайдаар ажиллах үедээ ангийнхаа Цоомойн Халтар эмчийг яамныхаа Төрийн нарийн бичгийн даргаар томилон ажиллуулж байжээ. Халтар эмч Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байсан нэр хүндтэй хүн учраас эрүүл мэндийн салбараа чухам гарын хуруу шигээ анддаггүй байсан гэдэг. Тиймээс ч Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул эл эрхэм Монгол-Германы Засгийн газрын хамтарсан эрүүл мэндийн төсөлд амьдралынхаа арваад жилийг зориулжээ.

Нэрт яруу найрагч Тоомойн Очирхүү нэгийн нэгт буюу под группт суралцаж байж. Намрын ажилд явах үед хөгжмийн зохиолч “хуруу” хэмээх Баатартай хамтран ангийнхаа найрагчийн зохиосон

“Эрдэм номын ширээнээ

Тохой залгаж суусан

Ээжийн хоёр хүү шиг

Тоглон наадан өнгөрөөсөн

Оюутан ахуй цагаа

Эргээд чи минь дурсана уу

Олон хаврын өдрүүдээ

Сэргээж нэг санана уу” гэсэн үгтэй “Оюутан цагаа дурсана уу” хэмээх алдарт дуугаар гангарч, залуу насаараа чимж явснаа өнөө ч тэд мартаагүй. Охид нь хөнжлөөрөө хөлөө хучиж суучихаад дуулцгаах. Энэ дуу эдүгээ ЭМШУИС-ийн тэнд хөшөөнд мөнхөрчээ.

Улсын арслан Дагвасүрэн гуай эдний факультетэд суралцаж байжээ. П.Нямдаваа, С.Оюун нар АУДС-ийн Эвлэлийн хорооны гишүүд. Тэд гэр бүлийн асуудалтай оюутнуудыг авч хэлэлцдэг мундаг эрх мэдэлтэй байсан гэж байгаа. Сургуулийнхаа “Алтан чагнуур” хэмээх ханын сонинг ватум цаасан дээр хийнэ. Харин тухайн үеийн Анагаахын дээдийн утга зохиолын дугуйлангийн эрхлэгч нь хожим УИХ-ын гишүүн байсан Г.Зуунай байсан бол дугуйлангийн багш нар нь төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа, нэрт зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэн нар байсан гэдэг.

Энд нэг хөгжилтэй зүйл дурсахад архины хориотой жил Нямдаваагийнхаа гавьяат цолны найранд уригдахдаа ангийнхан нь бэлгэн дээр нэг алтан шар “Чингис”-тэй очихдоо “Өрөөлөөс худалдаж аваагүй, өөрт байснаа л авчирлаа шүү” гэж гардуулахад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Танай ангийнхан хуулийн цоорхой ашиглаж байх шив” гэж дооглож байжээ. Харамсалтай нь тэр архи ангийнханд нь ноогдолгүй, томчуулын ширээ хавьцаа шингээд алга болчихсон гэж тэд инээлдэцгээж байсан. Гэмтлийн сайн мэс засалч Ч.Батнасанг дурдахгүй бол алдас болно. Нүүрэндээ унаган туурайн тамгатай Зэдбазар ч аймгаараа овоглосон мундаг эмч хүн. Одоогоос дөчин таван жилийн тэртээ Анагаах ухааны дээд сургуулийг дүүргэсэн энэ л ангийнхан хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсохдоо зогсож, соён гэгээрүүлж ирсэн бахархам түүхтэй хамт олон ажгу.

Categories
мэдээ цаг-үе

Нарантунгалаг гавьяатын Монголоороо бахархах даруухан зан жинхэнэ монгол брэнд

Монгол Улсын гавьяат тамирчин, холимог тулааны урлагийн мастер Жадамбаагийн Нарантунгалаг одоогоос хэдхэн хоногийн өмнө Сингапурт болсон “One Championship” тэмцээнд тулалдаж, Японы тулаанч, “Ямомото армийн толгойлогч”, “мистер тохой”, “No Face” зэрэг хочит Котэцү Бокутай тулалдлаа. Тэмцээний шууд нэвтрүүлгээр манай тамирчны танилцуулга бэсрэг клип гарлаа. Нарантунгалаг аргагүй л Монгол Улсын нэрийн хуудас, бас аргагүй л брэнд юм аа. Монголын эстрадын урлагийн хамгийн нэр хүндтэй “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат Дашзэгвийн Жаргалсайханы дуулсан “Чингисийн баатрууд” дуу эгшиглэж, тэр завсар Монгол Улсын өдөр тутмын шилдэг хэвлэл “Өдрийн сонин” дээр хэвлэгдсэн өөрийнх нь гавьяат болсон тухай мэдээлэл тодхон харагдав. Тэрчлэн монгол тамирчдын сүлд дуу “Тамирчны алдар” дуу чихэнд дотно сонсогдож “Монгол, Нарантунгалаг Жадамбаа” гэх үгс цаанаа л донжтой сонсогдов.

Холимог тулааны урлагийн тамирчдыг харж байхад “барилдахаасаа таахалзах нь их” нөхөд байдаг. Тэд голдуу л өөрсдөдөө “кобро”, “тигр”, бүр алуурчин гэсэн хоч өгсөн байдаг бол манай брэнд тулаанч маань “TUNGAA” гэсэн богино нэрээ англи, монгол бичгээр дурайлгажээ. Тунгаа гэхэд сэтгэлд нэг ойр, чихэнд нэг л зөөлөн сонсогдоно. Монгол үгийн утгаар ч бодсон “тунгааж бодох, тунгаан шүүх” гэсэн эерэг агуулга байхаас хорт могой, махчин араатан, якузагийн толгойлогч гэх мэт гэмт хэрэг, хүчирхийлэлтэй холбогдох хоч нэрстэй огтхон ч дүйхгүй. Бусад тамирчид зурагт самбар аятай л эрээн мяраан юм байхад манай Тунгаа зүрхэн тушаа газраа “Монгол” гэж улсынхаа нэрийг босоо монгол бичгээр дурайлган сийлүүлсэн нь сайхан харагдаж байна. Японд болсон холимог тулааны үед агаарт үсрэлттэй хайчлах өшиглөлтөөр буулгаж авахад нь япончууд шагшин гайхаж “Энэ ямар нэртэй өшиглөлт вэ” гэж Асашёорюү аваргаас асуухад “Чингисийн цавчилт” гэж хөөрхөн цаашлуулснаар Тунгааг гадныхан тийн нэрлэх болсон.

Нарантунгалаг гавьяат маань Дарханы “солгой” Жааяа хэмээх удамт аавынхаа нэрийг даян дэлхийд гаргаж яваа жирийн л нэг тамирчин. Түүнийг мэргэжлийн тулааны рингэн дээр тулалд гэж хэн ч шахаж шаардаагүй. Гэлээ ч тэр гаргасан амжилтаараа өнөөдөр хүссэн ч, эс хүссэн ч Монголын брэнд болсон. “Ямамото армийн толгойлогч” хэмээх сүржин хочтой, биеэрээ дүүрэн шивээстэй Котэцү Боку өмнө нь 2004 онд манай тамирчинг ялж байсан бөгөөд нийт 36 тулалдахдаа 24 ялж, 10 ялагдаж, хоёр удаа цуцалсан, хүчтэй өрсөлдөгч байсан. Гэвч түүнийг даруухан монгол тамирчин гурав дахь үед боох мэхээр буулгаж авлаа. Тэглээ гээд тэр сагсайж согсойхгүй. “Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхөлздөг” гэсэн дорнын мэргэн үгийг хүүдээ ойлгуулчихвал амьдралын маань утга учир биелнэ гэх даруухан мөрөөдөлтэй Ж.Нарантунгалагийн үнэ цэн Монголоо дээдлэх чих халуун сэтгэл зүрхэнд оршиж байгаа. Тэр үндсэрхэг үзэлтэй гээд гудамжинд гарч жирийн гадаад иргэдийг дээрэлхсэнгүй, ханз бичиг үсэг шатааж сүржин загнасангүй. Тэр харин Монголоо дээдэлж, Чингис хаанаараа бахархан, төрийн далбаагаа мандуулж, “Өдрийн сонин”-оо уншин, өөрөө жинхэнэ монгол брэнд болж явна.

Categories
мэдээ цаг-үе

Уулын спортын олимпийн аварга төрүүлэх хүсэлтэй бүсгүй

“Алтай таван Богдын Хүйтний оргилд хийсэн авиралт амьдралын минь хамгийн хүнд даваа байсан. Зарим сэтгүүлээс гаргасан статистикаар дэлхийн хамгийн хүнд арван оргилд багтдаг хайрхан л даа. Авиралт хийх үедээ бүр буцъя гэж хэлж үзсэн. Амьдралдаа тэгтлээ шантарч байснаа санадаггүй юм. Гэтэл оргилд гарсан чинь хэцүү бүхнээ мартчихсан. Уул их шидтэй юм билээ. Оргилд гарангуутаа өөрийн эрхгүй цурхирч уйлсан. Өөрийгөө ялсандаа, байгалийн сүр хүчийг биширч сүсэглэсэндээ уйлсан. Уг нь би сүсэгтэй хүн биш ч уул надад байгальд сүслэх мэдрэмж өгсөн. Доогуур үүлс нүүгээд, эргэн тойрон уулсаас өөр юу ч харагдахгүй, тэнгэр энүүхэнд юм шиг тийм орчинд сүрдэж сүслэх мэдрэмж төрөхгүй байх аргагүй юм билээ” гэж ярих бүсгүйг Б.Золжаргал гэдэг. “Skypro” компанийн үүсгэн байгуулагч энэ бүсгүй Монголын уулчдын үндэсний холбооны тэмцээнт төрөл хариуцсан дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн нь. Б.Золжаргал дөрвөн хүүхэд төрүүлсэн алдарт эх. Нөхөр нь төрд алба хашдаг юм билээ. Бизнес эрхэлдэг завгүй ээж чөлөөт цагаа уулын спортын олимпийн аварга төрүүлэх том зорилгодоо зарцуулж байгаа.

Уулын спортын мөсөнд авиралт, спорт авиралт гэсэн хоёр төрөл олимпод орох гэж өрсөлдөж байгаа юм билээ. Уулын спортод дурлах болсон нь бизнестэй нь холбоотой аж. Түүний удирддаг компани уулын спортын хэрэгслийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд болох Францын “Petzl”-ийг Монголд албан ёсоор оруулж ирдэг юм байна. Зах зээлээ судлах зорилгоор уулын спортыг судалж эхэлсэн бүсгүй уулын спортын тэмцээнүүдийг ивээн тэтгэдэг байж. Монголоос дэлхийн цомын тэмцээнд явж байгаа хүүхдүүдийг ч ивээн тэтгэж байжээ. Холбооноос хүсэлт тавьсан учраас өнгөрсөн жилээс дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж эхэлсэн гэнэ.

Тэр Хүйтний оргилоос гадна Ховдын Цамбагарав хайрханд авиралт хийж байж. Ууланд дуртай бүсгүй боломж цаг гарвал Европ тивийн ноён оргил Эльбрус, Альпийн нуруунд аялах хүсэлтэйгээ ярив. Гэхдээ мэдээж хамгийн том хүсэл нь Монголоос уулын спортын олимпийн аварга төрүүлэх.

Дэлхийд уулын спортын хоёр том байгууллага байдаг гэнэ. Нэг нь Олон улсын уулын холбоо. Нөгөө нь Олон улсын уулын холбооноос тасарсан Спорт аяллын олон улсын холбоо. Манай Уулын холбооныхон олон улсын холбоодтой идэвхтэй хамтраад эхэлчихэж. Өнгөрсөн жил Олон улсын уулын холбооны ерөнхийлөгчийг урьжээ. Түрүү жилээс мөсөнд авиралтын төрлөөр дэлхийн цомын тэмцээнүүдэд орж эхэлсэн гэж Золжаргал сонирхуулав. Тэр энэ сарын эхээр Хятадын Нянжинь хотод болсон спорт авиралтын дэлхийн цомын тэмцээнд хоёр тамирчинтайгаа оролцжээ.

Хэр амжилттай оролцсоныг нь сонирхоход “Олон улсын тэмцээнд оролцоогүй дөрвөн жил болсон учраас мэдээж сайн амжилт үзүүлээгүй. Гэхдээ маш ихийг сурлаа. Олон улсын уулын холбоо болон Хятадын уулын холбоотой харилцаагаа бататгалаа. Цааш цаашдын олон тэмцээнд хамтарсан бэлтгэл хийхгүй бол хол хоцорсноо мэдэрлээ. Тамирчдын хувьд гэхэд л сургалт шаргуу хийх ёстой гэсэн сэдэл төрөөд ирсэн. Зориулалтын стандартын хана нь алга л даа. Стандартын дагуу барьсан 15 метр өндөртэй хурдны хана алга. Энэ талд түлхүү анхаарч ажиллана гэж бодож байна. Уулын спортыг олимпод оруулах гээд Хятад, Солонгос маш их хөрөнгө хаяж байгаа. Бид ч хоцролгүйгээр анхны олимпод тамирчнаа явуулмаар байна” гэсэн хариу өгөв.

Уулын холбоо нэлээд шинэчлэгдсэн бололтой. Компаниар яривал корпорацийн түвшинд шахуу өөрчлөлт хийгдсэн гэнэ. Дотроо олон мэргэжлийн хороодтой болж задарсан нь уулын спортыг хөгжүүлэхэд том тус болно гэж уулчид олзуурхаж байгаа гэсэн. Золжаргал гэхэд л Спорт авиралт, хаданд авиралтын хороо, Мөсөнд авиралтын хороо, Скайранингийн хороог ахалж байна. Скайранинг нь их сонин төрөл юм. Бүдүүн тоймоор хэлбэл уулан дээгүүр гүйдэг спортыг ингэж нэрлэдэг аж. Дотроо босоо чиглэлийнх, хэвтээ чиглэлийнх гэсэн хоёр төрөл байдаг бололтой. Сүүлийн үед хурдацтай хөгжиж буй уулын спортын энэ төрлийг эх орондоо хөгжүүлнэ гэж Золжаргал ярьсан юм.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгос, Япон, Америкийн эрх ашгийг том ордууддаа оруулж, иргэдээ визгүй зорчуулъя

Турк-Европын орнуудын хооронд цагаачлалын гэрээ шинэ түвшинд яригдлаа. Турк улсын иргэдийг Европт визгүй зорчуулах, оронд нь Европ руу чиглэсэн дүрвэгсдийн аварга урсгалыг Турк буцаан авах хэлэлцээр юм. Өнгөрсөн онд Эгийн тэнгисээр зорчсон 850 мянган дүрвэгч буцаж Туркийг зорино гэсэн үг. Турк улс гурван сая дүрвэгч дээрээ нэмж ийм олныг хүлээн авах нь ямар ашигтай юм бэ гэсэн гайхширал олон улсын анхаарлыг татав. Тэр нь ердөө өөрийн орны иргэдээ ирэх зургадугаар сараас эхлэн Европын орнуудад визгүй зорчуулах гэсэн хэлэлцээр юм. Гэвч одоохондоо Европын холбооны удирдлага Туркийн энэ саналыг биелүүлж чадахгүй гэдгээ түр мэдэгдээд байна. Түр мэдэгдээд байна гэсэн юм шүү. Туркчууд энэхүү олон улсын хэмжээний “наймаа”-гаа хэрхэн тайлбарлаж байна гэхээр “Манайхаас бол жилд сайндаа 70 мянган иргэн л визгүй зорчино. Хариуд нь бид нэг сая орчим дүрвэгч хүлээж авна шүү дээ” гэсэн явдал юм.

Эндээс юу харагдаж байна гэхээр дэлхийн улс орнууд иргэдээ визгүй зорчуулахын тулд юугаа ч зориулахад бэлэн байгааг харуулж байгаа юм. Турк бол хөгжилтэй орон. Гэсэн ч бусад хөгжилтэй орнууд руу иргэдээ нэвтрүүлэхийн тулд бүх эрсдэлийг үүрээд визний төлөө үхэлдэж байна. Тэр олон дүрвэгчийн нийгмийн асуудлаас эхлээд өөрийн орны аюулгүй байдлыг хүртэл хоёрдугаарт тавьжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага, улс төрийн шийдвэрүүд шинэ түвшинд гарсныг баталлаа. Туркийн ард түмэнд энэ нь хэрэгтэй, өнөөдрийнхөөс илүү хэрэгтэй бүхнийг Европоос авна, тийм үүд хаалга нээгдэнэ гэж Туркийн удирдагчид үзэж байгаа бололтой.

Тэгвэл Монгол Улс яг үүн шиг гадны өндөр хөгжилтэй орнууд руу иргэдээ хэрхэн визгүй зорчуулах вэ гэдэг дээр анхаарч ажилламаар байна. Бүр давын өмнө монголчууд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломжтой болсон Солонгос, Япон руу визгүй зорчмоор байна. Цаашлаад Америк руу хүртэл. Ингэхийн тулд эдгээр улс орнуудад ямар эрх ашиг төрүүлэх вэ. Монголчууд хоосон ард түмэн биш. Дэлхийг дэлдийлгэсэн эрдэс баялгийн аварга ордууд байна. Үүн дээрээ л Турк шиг гэрээ хэлэлцээр хийе. Оюу толгой, Таван толгой бол үнэндээ мөсөн уулын орой. Энэ хоёрын цаана хэмжээлшгүй их орд, газрын ховор элементүүд гадныхны арааны шүлсийг гоожуулаад, ашиглагдахгүй байж байна. Эдгээр орд дээрээ өндөр хөгжилтэй улс орнуудын эрх ашгийг дүүрэн оруулъя. Хар үгээр бол тэдэнтэй нэг түрийвчтэй болмоор байна. Хөрөнгө оруулсан айлынхаа хувь заяа, хөгжил цэцэглэлтэд тэд анхаардаг нь дэлхийн жишиг юм. Тэр хөрөнгө оруулалт дотор нь л визнийхээ асуудлыг онцгой үүрэг рольтой оруулъя. Мэдээж бидэнд ашиггүй улстай виз яриад яахав. Харин Япон, Солонгос, Америкийн эрх ашгийг том ордууд руугаа хангалттай оруулаад, оронд нь иргэдээ эдгээр улсуудад визгүй зорчуулдаг болгочихвол мөн ч том асуудлыг шийдлээ гэсэн үг дээ. Энэ цаг үе дэх хамгийн боломжит хувилбар, ашигтай наймаа энэ болно. Гурван сая монгол бүгдээрээ эдгээр улсуудад очлоо гэхэд томхон хотын, нэг дүүргийнх нь хүн амын тоонд ч хүрэхгүй. Бид террористууд биш. Бид бол буддын шашинтай зөөлөн дөлгөөн ард түмэн. Биднээс болгоомжлох зүйл аль ч улсад байдаггүй юм. Үүнийгээ ч улс орнууд мэддэг. Тийм болохоор гарын арван хуруунд багтах ийм цөөхөн монголчуудыг визтэй, визгүй зорчуулах нь хөгжилтэй орнуудад асуудал биш. Харин харилцан ашигтай байх том эрх ашгийг л хоёр орны хооронд бий болгож, ажил хэрэг болгочих улстөрч Монголд дутаж байна. Тийм эрх ашгийг бий болгож чадах хөшүүрэг нь манай улсын газрын хэвлийд буй том ордууд байж чадна.

Визгүй болчихвол монголчууд бүгдээрээ гадагшаа нүүж алга болоод, улс орон эзгүйрнэ, баялаг маань гадных болно гэж ярьдаг хүмүүс бий. Бүх ард түмэн нь нүүж алга болоод, улс орон нь эзгүйрээд, нутаг дэвсгэрээ, хамаг байдгаа бусдад найр тавиад өгчихсөн улс орон гэж дэлхий ертөнцөд сонссон уу. Гадагшаа явсан ямар ч монгол хүн хоолтой, хэдэн төгрөгтэй болонгуутаа буцаад л ирдэг юм. Цаашаа алга болсон монгол хүн байдаггүй юм. Америк, Англи, Япон, Солонгос… аль ч улсад очсон найз нөхөд, хамаатан садангууд маань байна. Тэдний амнаас “Монгол муухай, хэзээ ч очихгүй” гэхийг сонссон уу. Би л лав сонсоогүй. Үргэлж л эх орноо, элгэн саднаа, уул усаа, улсын наадмаа ярьсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд ч өнөөдөр Монгол Улсад төрийн албаныхан, төсвийн цалинтай хүмүүс л ажилтай орлоготой байна. Бусад нь ажилгүй, орлогогүй болчихоод байна. Тэгэхээр визгүй улс орнууд руу яваг л дээ.

Ингэж бичлээ гээд эх орноо худалдах гэсэн хүмүүсийн тоонд оруулах байх, нөгөө “эх орончид”. Тэдний үгээр явсаар монголчууд өнөөдөр ямар байдалтай сууж байна вэ. Тартагтаа тулах нь. Дэлхийгээс таслагдаж, хэдэн малынхаа бөгсийг харсаар үлдэх нь. Монголын улстөрчид Черчиллийн үгийг жишээ авч ярих их дуртай юм билээ. Түүний хэлсэн нэг үг байдаг юм, “Мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж байдаггүй, харин мөнхөд эх орны эрх ашиг бий” гэж. Төгс орчуулгаараа бол яг ингэж бууна. Үүнийг манай шинэ монголчууд орчуулахдаа “Мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л бий” гэж хувь хүн дээр нааж орчуулсан. Эх орны эрх ашиг гэдгийг хувийн эрх ашиг мэтээр ойлгуулсан. Өнөөдрийн улс орны удирдагчид яг л ийм хувийн эрх ашгийг илүүд үзсэн хандлагаар явж ирлээ. Марксийн хэлсэн “Шашин бол оюун санааны сэргээш мөн” гэж хэлснийг “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж гуйвуулаад, өмнөх нийгэмд үзэл сурталжуулсан шиг.

Энэ бүхэн өнөөдөр түүх болох ёстой. Монголчууд алхам тутамдаа дэлхийтэй харьцаж байна. Өнөөдөр дэлхийн улс орнууд хөгжлийн шинэ хандлага, шинэ үзэл санаатай болсныг Туркээс бид харж байна. Өнөөдөр эх орны эрх ашгийг соц нийгмийн хэв загварт барихаа больё. Монгол Улсыг хөгжүүлье хэмээн оюун санаа, мэдлэг боловсролоо шавхаж байгаа хүн байгаа бол том ордуудаа цоо шинэ хандлагаар хөгжүүлье. Монголчуудын баялаг бол дэлхийн баялаг мөн гэсэн философиор хандъя. Ингэж дэлхийн эдийн засгийн эргэлтэд том ордуудаа оруулж, хамтарч, харилцан ашигтай ажиллаж гэмээнэ Монгол Улс хөгжинө, монголчууд жаргана. Гадныхнаас болгоомжилно гэдэг бол монголчууд хүн төрөлхтнөөс айж байгаатай адил. Гэтэл Монголын үе үеийн бүх эх орончдын тэмцэл, мөнхийн ганц хүсэл зорилго бол хоёр хөршөөсөө давж, гуравдагч орнуудтай харьцах, өнөөдрийн бидэн шиг америк, солонгос, япончуудтай нөхөрлөж, ирж очиж, идэж ууж, хамтарч хийж бүтээх хүсэл мөрөөдөл байсан юм шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “Ах намууд эвдрэлцэхдээ эвлэрэх боломж үлдээгээсэй” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

12345 гэсэн үл таних дугаараас энэ сарын 18-ны үдээс хойш 9911, 8811 дугаартай хэрэглэгчид рүү залгажээ. Утсаа автал Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоолойгоор ярьж эхэлсэн байна. Тодруулбал, “С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж болохгүй гэж би хэлсэн” гэх утга бүхий зүйлс 40 орчим секундын хугацаанд ярьсан гэнэ. Удалгүй энэ тухай дуулиан шуугиан цахим орчинд тарсан юм. Харин энэ хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж эхэлсэн байна. Энэ дуулиантай хэргийн тухай мэдээллийг манай сонины өнөөдрийн дугаарын нэг, долдугаар нүүрээс уншина уу.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгож эхэлсэн. Уг хөтөлбөрийн нээлт АШУҮИС-ийн Эко танхимд өчигдөр болсон юм. Эндээс хийсэн сурвалжлагыг нэг, 16 дугаар нүүрт нийтэллээ.

УИХ-ын гишүүн С.Оюуны “Намайг “НҮБ-д ажиллах гээд сонгуульд дэвшээгүй” гэдэг зүгээр л цуу яриа юм” ярилцлагыг улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрээс унших боломжтой. Тэрбээр сонгуультай холбоотой асуултуудад юу гэж хариулсныг сонирхоорой. Мөн “Улс төр” булангаас Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Сандагийн Буджавтай хийсэн ярилцлагыг унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж алдарт гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайн “Ах намууп эвдрэлцэхдээ эвлэрэх боломж үлдээгээсэй” нийтлэл хэвлэгдлээ. Уг нийтлэлд “АН, МАН хоёр сүүлийн үед ширүүхэн байна. Сонгууль дөхөж дээ. Хэдэн суудал илүү авчих санаатай элдвээр аяглаж байгаа нь нүдэн дээр илт. Биесээ хамаг муу муухайгаар хэлж, хатуу ширүүн үгийг хайр найргүй шидэж байна. Ялангуяа МАН сөрөг хүчин болоод ч тэр үү, АН руу айхтар цовхчиж байна. Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын гишүүд ууртай байна…” хэмээн бичжээ. Дэлгэрэнгүйгээр нь гуравдугаар нүүрээс уншаарай.

“Уран бүтээлч” буланд Монгол Улсын төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын “Итгэлт баяны ганц үг, Цахиур Төмөрийн дүр амьд юм шиг санагдаж байгаа чинь л жинхэнэ уран чадвар” хэмээх ярилцлагыг хэвлэлээ. Д.Норов зохиолч “Та бичихгүй байхын аргагүй ямар бүтээл бодож явна” хэмээх асуултад хариулахдаа“Тоодгор” гэж нэг жүжиг бичих гээд дотроо бодоод л явна. Жижиг чулуугаар том чулуу доргиох санаатай. Дүрүүдээ бодоод байна” гэжээ. Ярилцлагын дэлгэрэнгүйг 12 дугаар нүүрээс уншина уу.

Дэлхийн 39 оронд бүтээгдсэн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг үзэгчдийг байлдан дагуулах болсон. Тэгвэл уг шоуны оролцогч, дуучин П.Баярцэнгэлийн ярилцлагыг өнөөдрийн дугаартаа хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногийн дугаарт алдарт дуучин Steven Tyler-ийг чадварлаг дуурайсан тэрээр “Би өөрөөсөө Стийвен Тайлор шиг тийм рок тембр гардаг гэж мэдээгүй байсан. Дуулалтын явцад өөрийгөө өөрчилж рок тембр хангалттай гарахаар юм байна гэдгээ мэдсэн” хэмээн ярьжээ. 13 дугаар нүүрээс түүний ярилцлагыг уншаарай. Түүнчлэн “Дэлхийн спорт”, “Баримт, үйл явдал”, “Дэлхийн мэдээ”, “Энэ өдөр” зэрэг булангуудыг өнөөдрийн дугаараас унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Маргааш Чингисийн талбайд 20-50 хувийн хямдралтай номууд худалдаалагдана

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд
“Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний
өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. “Номд
дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах
олон улсын номын баярын үеэр олон улсын зохиолч бүтээгч, уншигчид
төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээ болох юм. Энэ
өдрүүдэд олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт
орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй
уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн
тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн
уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо
20-50 хувийн хямдралтай худалдахаар болжээ. Нийслэлийн иргэн та олон
улсын номын баярт хүрэлцэн ирж өөрийн хүндэтгэдэг, хайрладаг
зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан
авах боломжтой. “Номын баяр”-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг
дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд
хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.

Олон улсын номын баярт Улаанбаатар хотын
номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч
байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн
төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно гэж Нийслэлийн
ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

-ULAANBAATAR BOOK FAIR 2016-ОЛОН УЛСЫН НОМЫН БАЯРЫН ХӨТӨЛБӨР-

Хэзээ: 2016.05.20

Хаана: Чингисийн талбай

10.20-10.30 “Хорвоогийн олон өнгө” Флаш моб

10.30-11.15 Нээлтийн ёслол

11.15-11.25 “Мэндчилгээ” ардын бүжиг

11.25-12.25 Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт

12.25-13.00 Номын танилцуулга

13.00-14.30 “Хорвоогийн олон өнгө” олон улсын урлагийн тоглолт

14.30-15.00 Хөгжөөнт тоглоом

15.00-15.30 Зохиолын дүрийн баатруудын тоглолт

15.30-16.00 Урлагийн тоглолт

16.00-16.30 “Хүүхдийн номын өргөө”-нд хандив цуглуулах

16.30-17.30 “Залуу нас” яруу найргийн уншлага

17.30-17.55 Хөгжөөнт тоглоом

17.55-18.00 Хаалтын арга хэмжээ

10.00-20.00 НОМЫН ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА

Хэзээ: 2016.05.21

Хаана: Чингисийн талбай

11.40 – 11.45 Хөтлөгч арга хэмжээ нээнэ.

11.45 – 12.25 Урлагийн тоглолт

12.25 – 13.00 Хөгжөөнт тоглоом

13.00 -14.30 “Хорвоогийн олон өнгө” олон улсын урлагийн тоглолт

14.30 -15.00 “Яруу найраг, яруусал” бүлгэмийн чөлөөт уншлага

15.00 -15.30 Урлагийн тоглолт

15.30 -16.30 Хүүхдийн зохиолчдын бүтээлийн уншлага

16.30-17.00 Шинэ номын танилцуулга

17.00-17.30 Хөгжөөнт тоглоом

17.30 -18.00 Хаалтын арга хэмжээ

Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт

10.00 -20.00 Номын хямдралтай худалдаа явагдсаар байна

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан нар өнөөдөр /2016.05.19/ Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн Санхүү ба зах зээл хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Женнифер Исерн, Монгол дахь Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн Улаанбаатар хотод суугаа суурин төлөөлөгч Туен Нгуен нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Туен Нгуен, цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр, Олон улсын санхүүгийн корпораци нь Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа санхүүгийн салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг дурдав. Тус корпораци анх 1999 онд арилжааны банкинд дэмжлэг үзүүлэн хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо санхүүгийн салбарыг хамарсан том төслүүдийг хамтран хэрэгжүүлж байгаа юм. Ноён Туен Нгуен хэлэхдээ, манай байгууллагын үйл ажиллагааны гол зорилго бол эдийн засгийг дэмжих, ялангуяа жижиг, дунд бизнесийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлж, үүгээрээ эдийн засагт хувь нэмэр оруулах юм. Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн Санхүү ба зах зээл хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Женнифер Исерн анх удаа Монгол Улсад ирээд байна. Тэрээр бүс нутаг дахь хөгжиж буй орнуудад санхүүгийн салбарын бодлошо, санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлэх, жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан явуулдаг. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци Улсын Их Хурлын холбогдох байнгын хороотой хамтран Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд Та бүхэнд талархаж буйгаа илэрхийлмээр байна. Нөгөөтэйгүүр, цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар санал солилцох хүсэлтэй байна хэмээлээ.

Хатагтай Женнифер Исерн, багийнхаа Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцахаар хүрэлцэн ирсэн болохоо Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулав. Монгол Улсын Их Хурал 2015 оны 07 дугаар сард Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль ирэх 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм. Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци дээрх хуулийг сурталчлах ажлын хүрээнд олон ажил хийж байгааг хатагтай Женнифер Исерн дурдав. Дээрх хуулийг хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн байгууллагууд мэдээллийн санг бүрэн дүүрэн ашиглан, жижиг, дунд бизнест олгох зээлийн хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлвэл Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх төслийн бодит үр дүн болохыг тэрээр тэмдэглэн хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Монгол Улсын Их Хурал хууль, эрх зүйн чухал шинэчлэлтүүдийг хийж байгааг тэмдэглэн хэлэв. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 25 жил өнгөрсөн ч хууль эрх зүйн шинэчлэлээ хийх зайлшгүй шаардлага байсныг дурдаад, “Өнөөдөр бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, олон улсын жишигт нийцсэн хууль эрх зүйн орчны шинэчлэлтийг хийлээ. Үүний үр дүн шууд харагдахгүй ч улс орны нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эерэг өөрчлөлтүүдийн суурь болно” гэв. Мөн тэрээр, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци нь Монгол Улсад бодит дэмжлэг болохуйц олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдгийг тэмдэглэн хэлж байлаа. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хэрэгжихэд Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран хэрэгжүүлж буй дээрх төсөл чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэлэв. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс хамааран улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед жижиг, дунд бизнесийг дэмжих, хөгжүүлэх, ажлыг байрыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн хууль эрх зүйн орчныг бий болгосон нь өндөр үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрээр, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ажилласан болохыг дурдаад, энэ чиглэлийн эрх зүйн орчныг шинээр бүрдүүлсэн нь чухал болохыг онцоллоо.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, дээрх хууль нь барьцааны эрх зүйг өндөр түвшинд гаргасан, хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах үүд хаалгыг нээсэн зохицуулалттай болгосноороо чухал ач холбогдолтой болсон хэмээн улс төрчид төдийгүй бизнес эрхлэгчид үнэлж байна. Уг хууль энэ оны 09 дүгээр сард хэрэгжиж эхлэхээс өмнө техникийн шинжтэй шийдэх асуудлууд бий. Улсын Их Хурлаас үүнд шаардлагатай санхжүүжилтийг хийх үүргийг 2015 онд Засгийн газарт өгсний дагуу бэлтгэл ажил хангагдаж байна. Хууль хэрэгжиж эхэлснээр жижиг, дунд бизнес эрхлэгчид, цаашид энэ төрлийн бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд бодит дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хувьд зэх зээлийн эдийн засагт шилжээд 25 жил болж байна. Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн туршлагатай байгууллагаас мэргэжлийн зөвлөгөө, техникийн туслалцаа авч, хамтран ажиллахад таатай байдгийг зориуд дурдмаар байна гэв.

Уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, нөлөөлж буй хүчин зүйлс, хэтийн төлөвийн талаарх Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн төсөөллийн талаар ярилцав. Монгол Улсын эдийн засаг гаднын нөлөөллөөс хамаараад сайнгүй байгаа ч дунд болон урт хугацааны төлөвийг Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци өөдрөгөөр харж байгааг ноён Туен Нгуен дуулгалаа. Ойрын 6-12 сарын хугацаанд Тус байгууллагын зүгээс санхүүгийн салбарт 5-6 том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Энэ нь Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс Монголын эдийн засгийн ирээдүйн өсөлтөд итгэлтэй байгаагийн бодит илэрхийлэл гэж илрэл үзэж болно гэв. Хатагтай Женнифер Исерн Ази, Номхон далайн бүсийн олон оронд ажиллаж байгаа мэргэжилтний хувиар Монгол Улс ардчиллыг үнэт зүйлээ болгосныг бахархалтайгаар харж байдаг ба энэ нь хамтын ажиллагаанд ч чухал үр дүнтэй байхын чухал шалтгаан гэдгийг онцолсон юм. Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци Монгол Улстай урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж ажилладаг болохыг тэмдэглэлээ. Аливаа улс орны хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хамгийн чухал нь тогтвортой байдал, тодорхой, таамаглаж болохуйц нөхцөл байдал, түүнчлэн мэргэжлийн бодлогуудыг гаргасан, олон улсын жишигт нийцсэн эрх зүйн орчин байдаг. Энэ хэрээр хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, үр дүнд нь Монгол Улсын эдийн засаг сайжирна гэдэгт итгэлтэй байдгаа танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан нар Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн Санхүү ба зах зээл хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Женнифер Исернийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулахаар боллоо

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг эхний хэлэлцүүлгээр батлах санал дэмжигдэж, батлагдлаа.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Засгийн газраас үндэслэл тооцоогүй, судалгаагүй асуудал оруулж ирж баталдаг том жишээ энэ юм шүү. Халх голыг чөлөөт бүс болгох асуудлыг бүгд эсэргүүцсэн. Яагаад гэвэл дэлхийд байхгүй газар нутгийн хэмжээтэй чөлөөт бүс байгуулах асуудал байсан. Газар нутгийн хэмжээ 500 мянган га-аар байх юм уу. Эсвэл багасах юм уу? Зам дэд бүтцийн асуудлыг шийдсэн юм уу? Засгийн газраас ямар хэмжээний хөрөнгө оруулалт зардал гарах вэ?” гэж байв. Үүнд ХХАА-н сайд Р.Бурмаа хариулахдаа “500 мянган га газар гэдэг хэмжээ нь хэвээр байгаа. 2015-2021 он хүртэл эдийн засагт үзүүлэх үнэлгээ хийгдсэн. Баруун таван аймаг харьцангуй эрүүл бүс байдаг. Тиймээс мах экспортлож эхэлсэн. Зүүн бүс нутагт харамсалтай нь шүлхий гардаг учраас энэ бүсэд малын эрүүл бүс бий болгох хэрэгтэй байна. Үүний тулд бүх нөхцөлийг хангах чиглэлээр ажиллах байна” гэсэн юм.

Уг тогтоолын төслийг баталснаар “Халх гол” чөлөөт бүс хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүс болж, тухайн бүсэд амьтан, ургамлын хорио цээрийн тусгай журмыг хэрэгжүүлэх үндэс бүрдэх юм. “Халх гол” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа доорх 6 зарчмыг баримтлах аж. Тодруулбал:

1. “Халх гол” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байх;

2. “Халх гол” чөлөөт бүс олон улсын худалдааны хорио цээртэй мал, амьтны халдварт өвчнөөс ангид, эрүүл бүс байх;

3. “Халх гол” чөлөөт бүсэд тэг технологийг ашиглан тухайн бүс нутагт туршиж, баталгаажсан сортын үрээр тариалалт хийх;

4. “Халх гол” чөлөөт бүсэд үйлдвэрлэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах бүтээгдэхүүн байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн, генийн өөрчлөлтгүй байх;

5. “Халх гол” чөлөөт бүсэд мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн аялал жуулчлал эрхлэх хуулийн этгээд нь 51-ээс дээш Монголын талын оролцоотой байх;

6. “Халх гол” чөлөөт бүсэд ажиллах гадаадын иргэн, харьяалалгүй хүний тоо “Халх гол” чөлөөт бүсэд ажиллах Монгол Улсын иргэдийн 3 хувиас илүүгүй байхаар тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэн А.Цэенпилийг 400 сая төгрөгийн азтан биш гэж мэдэгдэв

НӨАТ-ын сугалааны долоо дахь удаагийн сугалаа өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр болж, супер шагнал 400 сая төгрөгийн эзэн тодорсон юм. Харин тухайн үед супер шагналын эзэн болсон азтан баримтаа бүртгүүлээгүй гэдгийг НӨАТУС-ээс мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр 400 саяын баримтын талаар Гааль, Татварын Татварын Газар, Цагдаагийн Ерөнхий Газар хамтарсан мэдэгдэл хийлээ.

Иргэн Ц нь 400 саяын азтан биш гэдэг нь тодорхойлогдсон байгаа. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр 400 сая төгрөг хожсон иргэнийг байцааж, шалгаж байгаа мэтээр мэдээлж байна. Төрийн сангаас олгогдож байгаа мөнгийг хуурамч, эвлүүлсэн баримтаар авах боломжгүй. Тухайн баримтыг азтаны баримт биш гэж дүгнэсэн. Яагаад гэвэл тухайн баримтны QR кодыг уншуулахад 100 төгрөгийн тор байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хоёр өөр баримтыг нийлүүлээд ГТЕГ-т уламжилсан байна” гэж мэдээллийн үеэр хэлсэн юм.

“Баримт хуурамч, бодит биш гэдгийг нь нарийн шинжилгээгээр тогтоогдоно. Энэ хэрэг дээр цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэхээр шалгаж байна” гэдгийг мөн хэлэв.

Categories
мэдээ улс-төр

Үдээс хойших хуралдаан үргэлжилж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар
Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад
хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж зарчмын зөрүүтэй болон найруулгын санал хураалт явуулав. Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асуусан юм. Тэрбээр “Хилийн хуулийг 1990-ээд онд хэлэлцсэн. Хилийн цэргийн албан хаагчид үндсэн цалин дээр нэмэгдэл өгөх заалт оруулсан юм. Энэ заалт одоогийн хуульд байна уу?” гэсэн юм. Асуултанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хариулахдаа “Монгол Улсын Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өмнө нь 15 удаа өөрчлөлт орсон. Нэмэгдэл зардлыг хассан зүйл байхгүй. Харин бататгаж өгсөн заалтууд ихээхэн орсон” хэмээсэн юм.

Үүний дараагаар Тогтоолуудын төсөлд өөрчлөлт оруулах төслийг
хэлэлцэв. Уг төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гарсан байна.
Хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн
Ч.Хүрэлбаатар “Энэ тогтоолын төслийг 2014 онд МАН-ын бүлэг санаачилсан.
Яагаад хоёр жил энэ төслийг дарчихаад одоо оруулж ирж байгаа юм.
Парламент завсарлахад 40 хоног дутуу байхад Засгийн газрын төсөл мэтээр
оруулж ирж байна. Хөдөө орон нутагт АН-ын рейтинг муу байгаа. Тийм
болохоор энэ урамшууллыг олгож, рейтингээ өсгөх гэж байгаа юм уу. Одоо
УИХ-ын чуулганы 3 удаагийн хуралдаан болно. Өнөөдөр үүнийг хэлэлцвэл
мөнгө төсөвлөх асуудал үүснэ. Төсвийн тодотголоо ч хэлэлцээгүй байгаа.
Үүнд тайлбар авмаар байна хэмээв.

-2016 оны төсөвт хорооны гишүүдэд урамшуулал тусгагдсан. Харин
хоршооны гишүүн биш гэдгээр урамшуулалд хамрагдахгүй асуудал гарч байна
гэж малчид хэлсэн. Тиймээс хоршооны гишүүн байхаас үл хамаарч
урамшуулалд хамруулах төслийг оруулж ирж байгаа юм хэмээн хариулсан юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.