Categories
мэдээ нийгэм

Бүх малчдад ноосны урамшуулал олгохоор боллоо

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга
хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоол
батлагдсанаар анх удаа малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд
төрөөс урамшуулал олгох эрх зүйн орчин бүрдэж энэхүү шийдвэр нь улс орны
эдийн засаг, малчдын амьжиргаанд олон эерэг нөлөөлөл авчирсан юм.
Тухайлбал ноосонд урамшуулал олгож эхэлснээр хонины ноосыг төвлөрүүлэн
үйлдвэрт нийлүүлэх механизм гольдролдоо орж, үндэсний үйлдвэрүүд түүхий
эдийн хомсдолоос гарч, нэмүү өртөг шингэсэн, экспортын ноосон
бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдсэн.

Энэ хүрээнд 2011-2015 онд ноос угаах, самнах, нарийн ноосон ээрмэл
утасны, барилгын ноосон дулаалгын материалын, эсгий, эсгий эдлэлийн
үйлдвэрүүд шинээр ашиглалтад орсон юм.
Гэвч дээрх тогтоолд заасан “хоршооны гишүүн байх” гэсэн томъёолол
малчдын амьдралд цаг хугацааны хувьд хараахан тохиромжгүй байгаа нь
амьдрал дээр нотлогдсоор байна. Хэдийгээр “хоршооны гишүүн” гэсэн
томъёололын үйлчлэх хугацааг урамшуулал олгох явцад сунгаж байсан ч
ноосны ченжүүд орон нутагт зохион байгуулалттай хоршоодыг олноор
байгуулж малчдыг гишүүнээр элсүүлэх, өндөр татвар авах, ноосны
урамшууллын мөнгөнөөс суутгах зэргээр хууль зөрчих болсон юм.
Ийм байдлаас болж хоршоонд нэгдэх сонирхол буурсантай холбоотойгоор
2014 онд үйлдвэрт 2,6 мянган тн ноос тушаасан 18,1 мянган малчин өрх
2.8 тэрбум төгрөгийн, 2015 онд үндэсний үйлдвэрт 1,1 мянган тонн ноос
бэлтгэн нийлүүлсэн 7481 малчин өрх 1,1 тэрбум төгрөгийн мөнгөн
урамшуулалыг авч чадахгүйд хүрсэн юм.
Нийгэмд үүсч буй дээрх нөхцөл байдлыг харгалзан “Үндэсний
үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний
тухай” тогтоолд өөрчлөлт оруулах зорилгоор ХХААЯ-наас тогтоолын үзэл
баримтлалыг боловсруулж, Сангийн сайд, Хууль зүйн сайдтай хамтран
шинэчлэн баталсан. Батлагдсан үзэл баримтлалын дагуу тогтоолын төслийг
боловсруулж, Засгийн газрын гишүүдийн саналыг авч тусган, өнөөдрийн
/05.19/ УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн гишүүдийн 89.8 хувийн саналаар
баталлаа.
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны төсвийн багцад ноосны
урамшууллын олгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэгдсэн байгаа.
Тиймээс тогтоол батлагдснаар 2016 оны төсөвт ямар нэгэн ачаалал
үүсгэхгүй юм.
Categories
мэдээ нийгэм

Мотоциклийн осол нэмэгдэж байна

Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын 2–р баг Баянтээгийн уурхайгаас
Олгой нуур гэх газар шороон замд Ө жолоочтой “Иж планета-5” маркийн
мотоцикль онхолдож жолооч 43 настай эрэгтэй Ө газар дээрээ нас барсан.
Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс урагш Бүрхээр толгой гэх газар
шороон замд Н жолоочтой “Бүргэд” маркийн улсын дугааргүй мотоцикль
онхолдож жолооч 37 настай эрэгтэй Н нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Хүй мандлын дэнжид тэмдэглэнэ

“Монгол наадам цогцолбор” Орон нутгийн
өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг
даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, ёс
заншил, наадмаа сурталчлах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг
хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг
Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна.

Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа
болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.
Хүүхэд багачууд баярын өдрөө 11 цагаас 19 цаг хүртэл эрүүл агаарт,
зориулалтын талбайд тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас”
хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж нэг өдрийг хөгжилтэй
өнгөрөөх боломжтой.

Энэ үеэр өсвөрийн үндэсний бөхийн
барилдаан, сур харваа, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг
дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар
зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини
сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн
хувирах вэ? гэсэн арга хэмжээнүүд болох юм. Мөн тус газарт дараах
үйлчилгээг үзүүлнэ.

Үүнд:

  • Урлан бүтээх төвийн гар бүтээлийн үзэсгэлэн худалдаа, газар нь дээр бүтээл хамтран хийх сургалт
  • СХД-ийн гар урлал, бүтээлийн үзэсгэлэн
  • Унадаг дугуйн түрээсийн цэг
  • “Hobby center”-ийн нэрэмжит алсын удирдлагатай машины уралдаан мөн үзэсгэлэн худалдаа
  • Амьтны дэлгүүр, нохойн үзэсгэлэн
  • Гудамжны сагсан бөмбөгийн талбай
  • Олон үндэстний хоол, амттангийн үйлчилгээ
  • Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ, эко автобус аялалын үйлчилгээ
  • Бүх төрлийн хүнс амттан худалдаа
  • Хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа
  • Хүүхдийн хувцас, жижиг барааны худалдаа
  • Хүүхдийн үндэсний хувцасны үзэсгэлэн худалдаа
  • Үлгэрийн баатруудтай гэрэл зураг авахуулах, угаалгах
  • Боди Арт зураг зурах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.
Categories
энтертаймент-ертөнц

“Pocket Guide” сэтгүүлд “Үргээлэг 2”, “Lovers” киноны танилцуулга нийтлэгджээ

Франц Улсын Канн хотноо олон улсын кино
наадам энэ сарын 12-нд эхэлсэн билээ. 69 дэх удаагаа болж буй тус
наадамд манай улсын кино уран бүтээлчид анх удаа оролцож байна.

Тодруулбал “Маш нууц”, “Содура”,
“Үргээлэг-2”, “Элэг нэгтэн”, “Lovers”, “Босуул” гэсэн бүтээлүүд дээрх
наадмын маркетэд багтжээ. Тэдгээрээс “Үргээлэг2” кино Каннын дэлгэцэнд
гарахаар хуваарьт орсон гэнэ. Түүнчлэн кинонуудын мэдээллийг агуулсан
“Pocket Guide” сэтгүүлд “Үргээлэг 2”, “Lovers” киноны танилцуулга
нийтлэгджээ. Сонирхуулахад тус ном нь жил бүр 10 мянган ширхэг
хэвлэгддэг аж.

Энэ жилийн наадамд Бразил, Иран, Өмнөд Солонгос зэрэг 28 орны 49 кино бүтээл өрсөлдөж буй агаад энэ сарын 22-нд өндөрлөнө.

Categories
гадаад мэдээ

Алга болсон онгоц дундад тэнгист сүйрсэн байж болзошгүй гэв

Египетийн иргэний агаарын тээврийн “EgyptAir” компанийн “Airbus A320”
нисэх онгоц Парисаас Каир чиглэлд нисч яваад радарт үзэгдэхээ байсан. Уг
онгоцыг Газар дундын тэнгист сүйрсэн байх магадлалтай хэмээн Америкийн
дуу хоолой радио нэвтрүүлсэн байна. Түүнчлэн онгоцны сэгийг Грекийн
арлын ойролцоогоос олсон гэж мэдээллэсэн боловч энэ нь ташаа мэдээлэл
байсан бөгөөд “Airbus A320” нисэх онгоцны ямар ч сэг олдоогүй хэмээн тус
улсын эрх баригчид өчигдөр орой мэдэгдсэн байна.

Онгоцонд нийт 66 хүн
сууж явсан ба Каирын цагаар өчигдөр өглөөний 02:30 цагийн үед Газар
Дундын тэнгисийн дээгүүр 11 мянган метрийн өндөрт нисч байх үедээ холбоо
тасарч, радарын дэлгэцэнд үзэгдэхгүй болсон байна. Онгоц алга болсон
хэрэгт террорист ажиллагааны ул мөр илэрвэл Францын тал аюулгүй байдлыг
хангаагүйгийн төлөө хариуцлага хүлээх болно гэж Египетийн Иргэний
агаарын тээврийн сайд Шериф Фатхи мэдэгджээ.

Мөн тэрээр “Хэрвээ энэ
хорлон сүйтгэх ажиллагаа байсан нь тогтоогдох юм бол энэ онгоц Египетээс
биш Францаас хөөрсөн гэдгийг хэлэх ёстой” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

БНСУ-аас зээлэх 300 сая доллараар арван аймагт дулааны станц барина

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн урилгаар тус улсад энэ сарын

18-наас албан ёсны айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа

эхний өдөр Сөүл хотын дарга Пак Вон Сүн болон монгол иргэдтэйгээ

уулзжээ.

Айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу өчигдөр БНСУ-ын Ерөнхийлөгч
Пак Гын Хэтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Айлчлалын
бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хөдөлмөрийн яамны төрийн
нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн
бичгийн дарга С.Ламбаа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагч Э.Бат-Үүл зэрэг албаны хүмүүс багтсан юм. Хоёр талын албан
ёсны хэлэлцээрийн дараа зарим салбарт хамтран ажиллах санамж бичигт
гарын үсэг зурсан байна. Ингэснээр Улаанбаатар Пусаны хооронд ирэх
зургаадугаар сарын сүүлээс эхлэн шууд нислэг үйлдэхээр болжээ. Пусан хотыг сонгосон шалтгаан нь манай улсаас хамгийн олон буюу 800 гаруй иргэн тус хотод амьдардаг ажээ. Мөн
БНСУ-ын хилээр боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжтой
болсон байна.

Түүнчлэн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрыг
төлөөлөн 300 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг
зуржээ. Уг зээлийг 2011 онд анх зээлэхээр Сангийн сайд С.Баярцогт тухайн
үед тус улсаас манай улсад сууж байсан Элчин сайд Жон Илтэй гарын үсэг
зурж байсан юм. Гэвч манай тал зээлийн хөрөнгийг юунд зарцуулахаа
эцэслэн шийдэхгүй байсаар 2015 онд хугацааг нь дуусгасан. Харин өнгөрсөн
оны арванхоёрдугаар сард БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Аны манай улсад
хийсэн айлчлалын үеэр хугацааг нь сунгасан юм. Улмаар Ерөнхийлөгчийн
БНСУ-д хийж буй айлчлалын үеэр энэхүү зээлийн хэлэлцээрт дахин гарын
үсэг зуржээ. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн айлчлалыг сурвалжилж буй
хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө 300 сая ам.долларын зээлийн хөрөнгийг
юунд зарцуулахаа илэрхийлсэн байна.

Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нэлээд олон жилийн дараа
болж байгаа гэдгээрээ нэлээд өндөр ач холбогдолтой. Элчин сайдуудын
төвшинд гарын үсэг зурж Мэргэжлийн хяналтын байгууллагуудын хооронд
харилцааг сайжруулахаар боллоо. Манай олон иргэн БНСУ-д амьдрахын зэрэгцээ сурч, эмчлүүлж байна. Эдгээр
иргэд маань Монголоосоо хүнсний зүйл их авч очдог. Түүнийг нь хилээр
нэвтрүүлэхгүй хураах тохиолдол их гардаг. Үүнийг зохицуулахаар боллоо.
Ингэснээр дулааны аргаар боловсруулсан болон болсон мах, махан
бүтээгдэхүүнийг хилээр гаргахдаа манай Мэргэжлийн хяналтын байгууллага
тусгай тэмдэг тавьж өгдөг болно.

Түүнийг нь Солонгосын хил, гаалийн
байгууллага хараад хилээрээ шууд нэвтрүүлдэг болох юм. Мөн 300 сая
ам.долларын зээлийн хэлэлцээрт Засгийн газраа төлөөлж гарын үсэг зурлаа.
Энэ зээлийн хөрөнгөөр 10 аймагт дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа.
Аймгийн төвүүд Улаанбаатар хотоос ялгаагүй агаарын бохирдолтой болсон
учраас ингэж шийдсэн юм. Мөн хот хоорондын тээврийн автобуснуудыг
шинэчлэхэд зарцуулна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Бурхан багшийн их дүйчин өдөр тохионо

Маргааш /05.21/ Бурхан багшийн их дүйчин
өдөр тохиож байна. Эл өдөр Бурхан багш эхийн хэвлийд бүрэлдсэн, 37
насандаа төгс гэгээрч, бурхны хутгийг үзүүлсэн, 81 насандаа хүний
ертөнцөөс нирваан дүрийг үзүүлж явсан гурван их хувь зохиол нь давхцдаг
ажээ. Тиймээс зуны эхэн сарын шинийн 15-ны өдрийг “Бурхан багшийн их
дүйчин өдөр” хэмээн тэмдэглэдэг байна.

Дүйчин өдрийн гол утга нь ард түмэн
сэтгэлийн амар амгаланг хурааж, буян хийвэл түмэнтээ арвиждагт оршино.
Бурхан багш жилийн 365 хоногоос зөвхөн зуны эхэн сарын шинийн 15-ныг
адисласан хэмээн үздэг байна. Тиймээс сүсэгтэн олон бурхандаа тахил
өргөж, зул барих, маань мэгзэм унших зэрэг буян хураах учиртай.

Энэ өдөр Гандантэгчэнлин хийдэд иргэдэд
нэг өдрийн сахил болох Тэгчин сожин хүртээдэг. Уг сахилыг өглөө эртлэн
авч, маргаашийн үүр хаяарах хүртэл сахидаг ёстой. Тэгчин сожин буюу
сахил хүртэхдээ тухайн өдөр амьтны амь таслахгүй, худлаа хэлэхгүй,
хулгай хийхгүй, ариун бусыг үйлдэхгүй, архи уухгүй, өндөр сэнтийд
суухгүй, дуулж хуурдахгүй зэрэг 10 сахилыг сахина. Энэхүү сахилыг сахиж
чадваас насаараа сахил сахисантай дүйцэн хэмээн үздэг ажээ. Мөн их
дүйчин өдрөөр сүсэгтэн олон цагаан хоол идэх, мацаг барих зан үйлийг
сахих хэрэгтэй юм байна.

Categories
мэдээ улс-төр

С.Ламбааг сайдаар томилохыг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны
хуралдаан өнөөдөр болж, Эрүүл мэнд, спортын сайдад тус яамны Төрийн
нарийн бичгийн дарга С.Ламбааг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонхи нь
дэмжлээ. Тэрбээр Сү.Батболдыг Засгийн газрыг тэргүүлж байх үед Эрүүл
мэндийн сайдаар ажиллаж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн 22 зуслан ажиллана

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Ногоон бүсийн хүүхдийн зуслангийн бэлтгэл ажлыг хангах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс төрийн болон байгууллагын дэргэдэх 6, хувийн хэвшлийн 16, огт үйл ажиллагаа явуулахгүй байгаа 13 зуслан байна. Амрагч хүүхдийн тоо сүүлийн 3 жилээр гаргавал 2013 онд 18793, 2014 онд 17404, 2015 онд 17831 хүүхэд амарчээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг. Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу хүүхдийн зуслан эхлүүлэхэд болон үйл ажиллагааны явцад 2 удаа шалгалт хийдэг байна.

Энэ жил шалгалт хийхээс гадна зуслангийн үйл ажиллагааг дэмжих, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй зуслан” болзолт уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин уралдааныг зохион байгуулж, шагнал урамшуулал олгоход 9,9 сая төгрөг шаардлагатай бөгөөд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ. Мөн хуралдаанаар хүүхдийн зуслангуудад тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад онцгой анхаарч ажиллахыг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Чингисийн талбайд номын баяр болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах олон улсын номын баярын үеэр олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээ болох юм.

Энэ өдрүүдэд олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдахаар болжээ.

Нийслэлийн иргэн та олон улсын номын баярт хүрэлцэн ирж өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой. “Номын баяр”-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.

Олон улсын номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно.


“ULAANBAATAR BOOK FAIR 2016” ОЛОН УЛСЫН НОМЫН БАЯРЫН ХӨТӨЛБӨР


Хэзээ: 2016.05.20
Хаана: Чингисийн талбай

10.20-10.30 “Хорвоогийн олон өнгө” Флаш моб
10.30-11.15 Нээлтийн ёслол
11.15-11.25 “Мэндчилгээ” ардын бүжиг
11.25-12.25 Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт
12.25-13.00 Номын танилцуулга
13.00-14.30 “Хорвоогийн олон өнгө” олон улсын урлагийн тоглолт
14.30-15.00 Хөгжөөнт тоглоом
15.00-15.30 Зохиолын дүрийн баатруудын тоглолт
15.30-16.00 Урлагийн тоглолт
16.00-16.30 “Хүүхдийн номын өргөө”-нд хандив цуглуулах
16.30-17.30 “Залуу нас” яруу найргийн уншлага
17.30-17.55 Хөгжөөнт тоглоом
17.55-18.00 Хаалтын арга хэмжээ
10.00-20.00 Номын хямдралтай худалдаа


Хэзээ: 2016.05.21
Хаана: Чингисийн талбай

11.40 – 11.45 Хөтлөгч арга хэмжээ нээнэ.
11.45 – 12.25 Урлагийн тоглолт
12.25 – 13.00 Хөгжөөнт тоглоом
13.00 -14.30 “Хорвоогийн олон өнгө” олон улсын урлагийн тоглолт
14.30 -15.00 “Яруу найраг, яруусал” бүлгэмийн чөлөөт уншлага
15.00 -15.30 Урлагийн тоглолт
15.30 -16.30 Хүүхдийн зохиолчдын бүтээлийн уншлага
16.30-17.00 Шинэ номын танилцуулга
17.00-17.30 Хөгжөөнт тоглоом
17.30 -18.00 Хаалтын арга хэмжээ Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт
10.00 -20.00 Номын хямдралтай худалдаа явагдсаар байна