Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сайдын цаг”-т Д.Дорлигжав оролцлоо

“Сайдын цаг” уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож, хууль зүйн салбарт өрнөж буй болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

Эрх зүйн салбарт хийгдэж буй шинэчлэлийн гол цөм болсон долоон хууль УИХ-ын чуулганаар батлагдаж дуусч байна. Прокурор болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг өнөөдөр болно. Ингэснээр Прокурорын хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хууль, Хууль сахиулах албаны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль зэрэг эрх зүйн шинэчлэлд ач холбогдолтой хуулиуд батлагдлаа. Эдгээр хуулиад энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Архивын ерөнхий газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Архивын байгууллага маань шинэ байртай болоод зогсохгүй техник технологийн хувьд орчин үеийн архив болох боломж бүрдэж байна.

Цагдаагийн сургалтын төвд АСЕМ-ийн хамгаалалтад ажиллах бие бүрэлдэхүүнийг цуврал сургалт явуулж байгаа.

Хууль сахиулах тухай шинэ хуулийн шаардлагын дагуу Хууль сахиулах их сургуулийн сургалтын шинэ хөтөлбөрийг баталсан. Цагдаагийн жирийн ажилтан, хэв журам сахиулдаг хүмүүсийг янз бүрийн салбарт ажиллаж байсан залуусаас богино хугацааны курст хамруулан ажилд авдаг байсан бол одоо тэд хоёр жилийн сургалтад хамрагдаж мэргэшсэн цагдаа болно, цагдаа мэргэжлийн алба болно. Энэ хавраас сургалт эхэлнэ. Энэ сургалтад хамрагдсан залуус дахин хоёр жилийн сургалтад хамрагдаж, цагдаагийн офицер болох боломж бүрдсэн.

Хууль зүйн яамны харьяа байгууллагын ажилтнуудыг энэ төгсөгчдийн дундаас сонгон шалгаруулж авч байх юм. Мөн цагдаагийн болоод хууль сахиулах байгууллагын удирдах ажилтны удирдлагын сургуулийн хөтөлбөр батлагдсан талаар Хууль зүйн сайд ярилаа.

Энэчлэн эрх зүйн шинэчлэлийн хуулиуд батлагдсантай холбоотойгоор Засгийн газар, Хууль зүйн сайдын батлах учиртай дүрэм журам, заавруудыг боловсруулах ажил ид хийгдэж байна. Мөн есдүгээр сарын 1-нээс эдгээр хуулиуд хэрэгжихтэй холбоотойгоор энэ салбарт ажиллаж буй хүмүүст сургалт хийх сургагч багш нарыг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх сараас “Улаанбаатар-Бусаны чиглэлд байнгын нислэг хийдэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрээр энэ үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийсэн. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ “Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож, хоёр талаас амжилттай зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлсэнд сэтгэл хангалуун байна. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа сайжирч байгаа, цаашид өргөжин тэлэх нөөц бололцоо бий” гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

Ирэх сараас

Түүнчлэн хэлэлцээний үеэр хоёр тал, ардчилал болон зах зээлийн эдийн засгийг зэрэгцүүлэн амжилттай хөгжүүлж чадсан, IT болон ногоон технологийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэгч улс болох БНСУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдсан байна. Мөн Улаанбаатар-Бусаны чиглэлд 2016 оны 6 дугаар сараас байнгын нислэг үйлдэж эхлэх болсныг дурдсан байна.

Categories
мэдээ улс-төр

Ялтан шилжүүлэх хэлэлцээрийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Одоогийн байдлаар гадаад оронд Монголын 300-гаад иргэн цагдан хоригдсон. Үүнээс 130 нь ял эдэлж байгаа юм байна.

“Хонконгод манай иргэд үзэсгэлэнгээс хулгай хийсэн хэрэгт холбогдсон. Тэд ял эдэлж байна уу, цайраад ирсэн үү? Хар тамхины наймаатай холбогдсон иргэдийг хэр байна” гэсэн Д.Лүндээжанцан гишүүний асуултанд Хууль зүйн сайд Д.Дорлигжав доорх хариултыг өгсөн юм.

-Хулгайн хэргээр 4 жилийн хугацаатай ял эдэлж байгаа 3 хүн байна. Нэг нь давж заалдсан. Хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн тухайд “юу авч явж байгаагаа мэдээгүй байсан” гэсэн тайлбар тавьдаг. МИАТ-д “Таны өөрийн чинь ачаа биз. Өөр хүний зүйл авч яваагүй биз” гэсэн сануулгыг байнга тавьдаг. Олон улсад мөрдөгддөг зүйл.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх нь баталсан юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы дархлаажуулалт ирэх долоо хоногт дуусна

“Улаанбурханы эсрэг хамтдаа” уриатай дархлаажуулалтын аян орон даяар явагдаж байна. Дархлаажуулалтад 18-30 насныхан заавал хамрагдах заалттай бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлд вакцинд хамрагдах ёстой иргэдийн 52 хувь нь хамрагдаад байгаа бол хөдөө орон нутагт харьцангуй идэвхи муутай байна.

Энэ талаар ХӨСҮТ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасан “Вакциныг харьяалал хамаарахгүй хийнэ. Тиймээс ажил, гэртээ хамгийн ойр аль нэг эмнэлэгт очоод вакцин хийлгэж болно. Ажлын байраа орхих боломжгүй бол албан байгууллагаас өгсөн захиалгын дагуу явуулын цэг очиж ажил дээр нь вакцин хийж байгаа. Дархлаажуулалтын тухйа хуулинд, хэрвээ халдварт өвчний дэгдэлтийн үед нийтийг хамарсан дархлаажуулалтад оролцохоос татгалзсан болон эсэргүүцсэн бол 20-30 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалт байдаг. Гэвч бид торгох, шийтгэхийг урьтал болгоогүй.

Гагцхүү тавдугаар сарын 25-наас өмнө амжаад вакцинаа хийлгээч ээ гэж уриалж байгаа. Энэ нь эргээд өөрсдийгөө болоод үр хүүхэд, ах дүүс, найз нөхдөө улаанбурханаар өвдөхөөс сэргийлж байгаа хэрэг юм” гэлээ. Улаанбурханы дархлаажуулалтын аян энэ сарын 25 буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт дуусах тул амжиж вакцинаа хийлгэхийг мэргэжилтнүүд уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол залуусыг Япон улсад дадлагажуулна

Өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан монгол залуус дэлхийн шилдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Япон улсад мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх эхний алхам хийгдсэн талаар мэдээлэл хийлээ.

Энэ сарын 16, 17-нд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид Япон улсад ажлын айлчлал хийжээ. Айлчлалын үеэр Г.Баярсайхан сайд Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозакитай уулзалт хийсэн байна. Уулзалтаар УИХ-ын дарга З.Энхболдын ирэх сарын 01-нээс 03-нд Япон улсад хийх албан ёсны айлчлалын үеэр Монгол залуусыг Япон улсад мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурахаар тохирчээ. Ингэснээр монгол залуус Япон улсад мэргэжил дээшлүүлж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ гэдгийг Г.Баярсайхан сайд онцоллоо.

Тэрээр “Айлчлалын үеэр Токио хотноо “Монгол Японы хөдөлмөрийн форум” зохион байгуулсан. Монгол, Японы Засгийн газар хоорондын “Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр орон бараа бүтээгдэхүүнээ харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулах болсон. Үүний тулд бид Япон Улсад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлхийн тулд нэн тэргүүнд тухайн улсад залуусыг сургаж, эрэлт хэрэгцээг нь судлах, үйлдвэрлэл эрхлэх туршлагаас нь судлах чухал юм. Хөдөлмөрийн форумын үеэр Японы аж ахуйн нэгжүүд Монголоос мэргэжлийн ур чадвартай залуусыг олноор авч ажиллуулах сонирхолоо илэрхийлсэн. Мөн Японы мэргэжлийн ур чадвартай залуусыг бэлтгэдэг “JITCO” байгууллагын удирдлагатай уулзаж, Монгол залуусыг тус улсад мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэлний сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан” гэлээ.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Монгол залуусыг Японд сургахад тодорхой дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Өнөөдөр Япон улсын хөдөлмөрийн зах дээр залуучуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд асар том өрсөлдөөн явдаг. Монгол Улсын хөгжлийг цаашид нуруундаа үүрч явах мэргэжлийн ур чадвартай залуучуудыг Японд албан ёсоор хөдөлмөрийн зах зээлд дадлагажуулахаар тохиролцож байгаа. УИХ-ын даргын айлчлалын үеэр Санамж бичигт гарын үсэг зурахад бүх мэдээлэл илүү тодорхой болно.

-Дадлагажих хүмүүст ямар шалгуур тавих вэ. Япон руу явах залуусын тоог заасан уу?

-Мэргэжлийн ур чадвартай залуучуудыг бид энэ хөтөлбөрт хамруулъя гэсэн бодлого баримталж байгаа. Жишээ нь МСҮТ, Политехникийн коллеж, мөн Их дээд сургууль төгссөн залуусыг энэ хөтөлбөрт хамруулах бодолтой байна. Яг тодорхой тоо заагаагүй.

-Ур чадвараар дадлагажиж байгаа хүмүүс аль салбарын хүмүүс байх вэ. Монголд ирээд хэрхэн ажиллах вэ?

-Япон улсад айлчлахдаа “Тоёото”, “Хюнда” автомашин үйлдвэрийн нарийн эд ангийн үйлдвэрээр орсон. Тэнд манай 20 гаруй залуу ажиллаж байна. Тухайн компаниуд Монгол Улсад салбараа нээсэн байна. Анх тэр үйлдвэрт ажиллаж байсан залуус одоо Монголдоо ирж ажиллаж байна.

-Одоогийн байдлаар Япон улсад Монголын хэдэн залуу сурч, ажиллаж байна вэ?

-Одоогийн байдлаар Япон улсад Монголын 7000 гаруй иргэн байна. Үүнээс 600 гаруй залуу мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганыг 31-н хүртэл хуралдуулах чигтэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр нийт 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Хугацаагаар шахаж нэг дор олон хуулийг бөөндөж батлах нь гай болж ч мэдэх аюултай тул хэт олон хууль бөөндөх шаардлагагүй зогсоох ёстой” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд “Хуулиараа УИХ-ын хаврын чуулганыг долдугаар сарын 1-нд завсарлуулах ёстой ч өнөө жил сонгуультай. Зургадугаар сарын 11-29-ний хооронд УИХ-ын сонгууль зохион байгуулагдах учраас хуралдаанаа зогсоох ёстой болж байгаа. Улс төрийн намуудын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах хугацаа тавдугаар сарын 23-27-ний хооронд болно. Ийм учраас УИХ-ын чуулганыг тавдугаар сарын 31-нийг хүртэл хуралдуулах талаар УИХ-ын даргын зөвлөлөөр ярилцахаар төлөвлөж байна. Одоо хэлэлцэх хуулиудад том хууль байхгүй, жижиг хуулиуд байгаа. Мөн хугацаагаар шахаж хуулиудыг бөөндөж батлаагүй” гэсэн тайлбар хийсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
Эрүүл мэнд, спортын сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга
С.Ламбааг томилуулах тухай Засгийн газрын саналыг хэлэлцэх үед УИХ дахь
Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-ын бүлгийн гишүүд
асуудлыг улс төржүүлж байгаа учраас дөрвөн цагийн завсарлагыг Ардчилсан
намын бүлэг хүсэж байна” гэв. Энэ саналыг УИХ-ын дарга хүлээн авч
байгаагаа мэдэгдэж, 16.00 цаг хүртэл Ардчилсан намын бүлэг завсарлага
өглөө.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн
Ө.Энхтүвшин: С.Ламбаа та нэг сарын настай сайд болох нь. Эрүүл мэнд,
спортын сайдыг томилохгүй найман сар явууллаа. Мэргэжлийн хүмүүс нь
ороод ирэхээр ямар нэг шалтгаан хэлж хойшлуулсаар өнөөдөр энэ асуудал
орж ирж байгаа нь үндсэндээ зангилаа тайлагдлаа. Энэ салбарт хүйтэн
сэтгэлээр хандлаа. Байлгаж байгаад эгзэгтэй үеийг тааруулж томилгоо хийх
нь. Би хувьдаа сонгууль тойрсон асуудлаар эрүүл мэндийн салбарыг
сонгууль руу чиглүүлэх үүрэг даалгавар өгөгдөж, боловсон хүчнийг нааш
цааш нь болгох, даалгавар өгөгдөх нь гэж харж байна. Тэрийг нь С.Ламбаа
хэрэгжүүлэх юм уу, үгүй юм уу. Их том салбар. Бид шаардсан нь үнэн.
Эзэнтэй болгооч гэж шаардсан, С.Ламбаа гэдэг хүнийг чадна, чадахгүй
гэдэг талаас нь ярихгүй. Энэ нэг сарын хугацаанд юуг өөрчилнө гэж бодож
байна, юу хийнэ гэж албыг авч байна. Спортын асуудал давхар багтана.
Өнөө жил сонгууль, АСЕМ, олимп олон юм давхацсан, нам шахаж байгааг
мэдэж байна.

С.Ламбаа: Тусгай даалгавар ч байхгүй,
хуучин ажиллаж байсан байр суурин дээрээ ажиллана. Хүндрэлтэй нөхцөлд
байгаа ч эмч мэргэжилтнүүд хийдэг ажлаа хийгээд байж байгаа. Богино
хугацаанд хэд, хэдэн том зорилтыг хэрэгжүүлнэ. Эмнэлгийн тусламж
үйлчилгээтэй холбоотой 10 гаруй журмыг батлуулах ёстой. Өмнө нь
эхлүүлсэн байсан том ажлуудаа нэлээд явуулсан, Эх хүүхдийн эрүүл мэндийн
төвийн асуудлыг богино хугацаанд амжуулах зорилт тавьж байна. Сонгууль
бидэнд хамаагүй, би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй учраас ажлаа хийнэ
гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ нэгхэн
сарын хугацаанд гоё сайхан болгоно гэж худлаа яриад яах вэ, тогтвортой
байлгахад анхаар. Дөрвөн жилийн хугацаанд чухал салбараа самарлаа.
Хамгийн хариуцлагатай салбараа бид самарсан шүү.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Томилгоог
хийхгүй хугацаа алдсан тухай ярьж байна. Гэвч одоог хүртэл
Г.Шийлэгдамбыг гэм буруутай эсэхийг тогтоосон шүүх хурал болоогүй. Ийм
учраас би хэсэг хугацаанд харзнах ёстой гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Ардын
намын бүлгийн гишүүд асуудлыг улстөржүүлж байгаа учраас Ардчилсан намын
бүлэг дөрвөн цагийн завсарлага хүсэж байна.

Завсарлагыг УИХ-ын дарга өглөө. Ингэхдээ 16.00 цаг хүртэл завсарлага өглөө.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Хилийн
үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон
батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Шатсан цогцсыг хэн болохыг тогтоохоор ажиллаж байна

Төв аймгийн Алтанбулаг сумын Булгийн тохой буюу Шувуун фабрик орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ний өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр энэ хэргийн талаар Мөрдөн
байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн
байцаагч Б.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрээр “Цогцос нь 40 орчим насны,
эрэгтэй, үүдэнд шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 168 см өндөртэй. Биеийн ихэнх хэсэг нь шатаж, зарим хэсэг нь алга болсон байдалтай олдсон” гэж онцлог шинж тэмдгийг мэдээллээ.

Мөн дээд
эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн 1-3 дугаар их араа хуучин байхгүй, зүүн
1 дүгээр соёо шүд эмчилгээний “пломбо” тавигдсан, шүдний эгнээ жигд бус
гурвалжин хэлбэртэй. Доод эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн 3 дугаар их араа “пломбо” тавигдсан. 3 дугаар их араа хуучин байхгүй, үүдэн 1 шүд, баруун 1-3 дугаар их араа хуучин байхгүй содон шинж тэмдэгтэй аж.

Эл хэрэг дээр Цагдаагийн ерөнхий газрын
Гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан
мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Албанынхны өгсөн мэдээллээр тус цогцос түймэрт бус гадны нөлөөтэйгээр шатсан байж болзошгүй аж. Тиймээс шалгалтын хэсэг цогцсыг хэзээ авчирч шатаасан болохыг тогтоохоор биечилсэн сурвалжлага явуулж байгаа юм байна.

Анх цогцсыг Хан-Уул дүүргийн 13 дугаар
хорооны оршин суугч Д олж өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдөр
мэдэгдсэн бөгөөд тухайн үед зүүн гар нь байхгүй, шатсан байдалтай
байжээ. Хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага төлбөртэй авна, нууцлалыг хадгалахаа мэдэгдлээ.

Түүнчлэн хэргийн газрын үзлэгээр:

-Босоо хар өнгийн судалтай дотуур өмд, цамцны мэт тасархай,

-MONTANA гэсэн бичигтэй жинсэн өмднийх байх боломжтой нэг ширхэг товч мэт зүйл

-Ажлын гутал байх боломжтой гутлын төмөр
хоншоор, гутлын улны метал хамгаалалт, гутлын үдээсний гогцоо мэт 13
ширхэг төмөр зүйлсийг хураан авсан” гэв.

Иргэд та бүхэн дээр дурдсан цогцостой
адил содон шинж тэмдэгтэй, оршин суух газраасаа сураггүй алга болсон,
удаан хугацаагаар холбоо бариагүй, магадгүй гэрээсээ гараад дэмий тэнээд
явчихдаг хаана байгаа нь одоо болтол мэдэгдэхгүй байгаа ар гэр,
хамаатан садан нь сураглаж байгаа хүн байвал цагдаагийн байгууллагын 7027102 болон 99165377, 99053941 дугаарт холбогдож мэдээллээ өгөөрэй.


Categories
мэдээ нийгэм

Д.Батбаяр өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулахаар боллоо

Оффшор данстангуудын хэрэг илэрснээр улс
төрийн тогоон дахь үйл явдлууд ойрын үед ширүүхэн өрнөж буй. Урьдчилсан
байдлаар Монгол Улсаас 46 иргэн Панамын материалд холбоотой гэх мэдээлэл
байсан ч өдгөө манай улсын 50 гаруй иргэний нэр уг материалд
дурьдагджээ.Хилийн цаана оффшор бүсэд хөрөнгөө нуусан
эрхмүүд дотор УИХ-ын гишүүдээс эхлээд төрийн алба хаагч, барилгын
компанийн эзэн, хуульч өмгөөлөгч ч багтаж байгаа юм.

Тэгвэл эл асуудал сөхөгдсөн цагаас эхэлж
оффшор данстай хэмээгдсэн эрхмүүдийн талаарх янз бүрийн мэдээллүүд
хөврөх болсон. Тэднээс зарим нэг нь хууль хяналтын байгууллагад өөрийн
биеэр шалгуулах хүсэлт гаргаад байгаа билээ. Тухайлбал, Кёкүшюзан
Батбаяр оффшор данстай холбоотойгоор өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандаад
байгаа юм.

Тэрбээр 20 гаруй жил Япон улсад амьдарч
байсаны хувьд гадны компаниудтай хамтарч ажиллах цаашлаад цалингаа
авахын тулд Японд данс нээлгэж байсан талаараа олон нийтийн өмнө нууж
хаалгүй хэлсэн юм.

АТГ хуулийн хугацаанд буюу нэг сарын дотор Кёкүшюзан Батбаярын хүсэлтийг шалгаж олон нийтэд мэдээлэх юм байна.

Categories
гадаад мэдээ

EgyptAir компаний онгоц Газар дундын тэнгист осолджээ

Парисаас Кайр хүрэх Египетийн иргэний агаарын тээврийн EgyptAir компаний
зорчигч тээврийн онгоц пүэв гаригийн үүрээр Газар дундын тэнгист
осолдсон болохыг Египетийн албаныхан албан ёсоор мэдэгдээд байна.
Онгоцонд зорчигч болон нислэгийн багийнхан гээд нийт 66 хүн байсны дотор
2 нялх хүүхэд байсан талаар мэдээлсэн байна. Уг онгоц орон нутгийн
цагаар пүрэв гаригийн үүрийн 2 цаг 45 минутанд радараас алга болсон
бөгөөд тухайн үед 11.2 км-ийн өндөрт нисч явсан байна. Египетийн иргэний
агаарын тээврийн албанаас EgyptAir компаний 804 дүгээр нислэгийг үйлдэж
байсан Эйрбус А320 загварын уг онгоц Египет улсын агаарын хилийг
нэвтрэн орж ирээд 16 км замыг туулсны дараагаар буюу Газар дундын
тэнгисийн боомт хот болох Александриа хотоос хойд зүгт 280 км-ийн зайнд
радараас алга болсон гэжээ. Египетийн зэвсэгт хүчний албан хаагчид онгоц
унасан байж болзошгүй бүсэд онгоцны үлдэгдэл болон амьд үлдэгсдийг эрж
хайх, аврах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Онгоцны зорчигчдын ар
гэрийнхэн Парис болон Кайр хотын нисэх онгоцны буудалд цугларан, ослын
талаарх мэдээллийг хүлээсээр байна.