Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр

Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 35 сүүдэртэйдээ төгс гэгээрсэн Бурханы хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхцдаг зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг Бурханы шашинт Азийн бүх улс орнууд, Европын холбооны зарим улс орнууд мөн Австрали тивд “Будда Весак”, “Сакадава”, “Будда Пурнима” гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн заншжээ.

Монголчуудын хувьд 1990 оноос хойш “Бурхан Багшийн Их дүйчэн өдөр” нэрэн дор энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготойгоор эв санаа, эрдэм соёлын өдөр болгон 26 дахь жилдээ тэмдэглэж байна.

Өнөөдөр “Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе” уриан дор Улаанбаатар төдийгүй бүс хотууд, орон нутаг дахь үндэсний уламжлалт өв, соёлоо хүндэтгэн дээдлэгч байгууллага, иргэд хамтран номын айлдвар, сайн үйлсийн аян зохион байгуулагдана.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨР

13:00-13:30 цагт: Монгол Улсын Морин хуурын чуулгын аялгуу эгшиглэнэ, МУГЖ Г.Хонгорзул. (Гандантэгчэнлин хийдэд)

13:30-13:40 цагт: Бурханы шашны ялгуусан туг, Бурхан багшийн ариун ринсрэлийг залах (Жанрайсигийн талбайн өмнө)

13:40-13:50 цагт: Бурхан багшид мандал өргөх

13:50-14:00 цагт: Бурхан багшийн их дүйчэн өдрийн буян номын үйл ажиллагааны нээлт (МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц)

14:00-14:25 цагт: “Болжмор бодьсадва” ( Гандантэгчэнлин хийд )

14:25-14:35 цагт: Хүүхдийн бүжгийн хамтлаг ( Гандантэгчэнлин хийд )

14:35-15:00 цагт: Шинэ номын танилцуулга ( Гандантэгчэнлин хийд )

15:00-15:10 цагт: Эрүүл мэндийн мөргөл ( Гандантэгчэнлин хийд )

15:10-15:30 цагт: Бурханы номын үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн танилцуулга

15:30-16:00 цагт: “Бурхан багшийн намтар цадиг” ( Гандантэгчэнлин хийд )

16:00-16:20 цагт: Урлагийн үзүүлбэр /”Мөргөлийн түрлэг”, “Есдүгээр богдын Магтаал” дуучин Д.Ариунбаатар”, “Янжинлхамын дуулал” (Дуучин Т.Дэлгэрмөрөн)

16:20-16:45 цагт: “Бурханд итгэхийн утга учир ба сүсэг бишрэл”( Гандантэгчэнлин хийд)

16:45-17:20 цагт: Төвүүдийн танилцуулга

17:20-17:45 цагт: “Бурханы шашин Монголд”( Гандантэгчэнлин хийд )

17:45-18:20 цагт: Төвүүдийн танилцуулга

18:20-18:40 цагт: “Бурхан багшийн дагшин орон” лекц

18:40-19:00 цагт: Хаалтын үйл ажиллагаа / Жонон хамтлагийн тоглолт/, Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав зориулга ерөөл, маани хөгжөөнө

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөж, эх орондоо ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар 2016 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирлээ.

Айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид бараалхлаа.

Мөн Сөүл хотын Хүндэт иргэний батламж гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав. Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өглөө.

Categories
мэдээ спорт

Буудлагынхан ”Дэлхийн цом”-д өрсөлдөж байна

Буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн Германы Мюнхен хотод болж байна. Тэмцээнд нийт 88 орны 738 мэргэн бууч цэц мэргээ сорьж байгаа юм. Өнөөдөр тэмцээний 10 метрийн хийн урт бууны эмэгтэй дасгал, 25 метрийн спорт гар бууны тогтоол 30 сумны дасгалууд Улаанбаатарын цагаар 15.30 цагаас болох юм.

Манай улсаас Бээжингийн олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар оролцож байна. Тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг дасгалжуулж байгаа юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Алтанбулаг экспо-2016” худалдааг нээв

онгол, ОХУ, БНХАУ-ын хил дамнасан тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Алтанбулаг экспо-2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдааг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь “Алтанбулаг” чөлөөт бүсэд нээгээд байна. Тус арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Бүгд Найрамдах Буриад улсын Ардын Их Хурлын дарга Ц.Доржиев нар үг хэлжээ.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Монгол, Орос, Хятад улсын нийт 120 гаруй аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шалгаруулалт боллоо

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр боллоо. Хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцсон 9 ангийг ротын жагсаалын жигдрэлт, жагсаалын байран дээрхи болон явуут ажиллагаа, зэвсэгтэй, зэвсэггүй ажиллагаа гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэв. Мөн ротын захирагчийн командлах ур чадвар, бие бүрэлдэхүүний албаны дүрэмт хувцасны хангалт жигдрэлт нь уралдааны бас нэгэн шалгуур боллоо. “Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын өдөр, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдааныг энэ сарын 28-нд Чингисийн талбайд зохион байгуулах юм. Мөн тус өдөр “Хурд” хамтлагийн “Монгол Улсын төлөө зүтгэе” тоглолт болно.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа тус уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд “Номын баяр” үргэлжилж байна

Чингисийн талбай дээр олон улсын соёлын үзэсгэлэн, номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Номын баярт 100 хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, уран бүтээлчид оролцож байгаа юм. 19 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн баярын онцлог нь 7-8 орны 100 гаруй хүүхэд, залуучууд анх удаагаа хүрэлцэн ирж өөрийн орны соёлыг сурталчилж буй. Монгол Улсад түр болон байнгын оршин суугаа Солонгос, Герман, Хятад, АНУ, Япон зэрэг улсын иргэд үндэсний хувцас болон хоол хүнсний танин мэдэхүйн үзэсгэлэнг дэлгэсэн байна.

Өчигдөр номын баярын нээлтийн үеэр АУЗ Т.Галсан, П.Бадарч болон зохиолч Б.Сарантуяа, Б.Шүүдэрцэцэг, Г.Мэнд-Ооёо зэрэг зохиолчид ирж өөрийн номыг гарын үсгийн хамт 10-50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалсан юм. Тэд хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоос гадна “Ном яръя, кофе ууя” чөлөөт ярилцлагаар хүүхэд, залуустай уулзсан. Энэ үеэр номын зохиолчидтойгоо уулзаж, зургаа авахуулах боломжтойгоос гадна ном ярьж кофе ууж, суух орчныг бүрдүүлжээ. “Номд дурлаж, мэдлэгт шүтэх, найрсаг хотын иргэд” уриатай номын баяр өнөөдөр, 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭРҮҮЛ МЭНД: Дээд гэдэс буюу 12 нугалаа гэдэс

Хэвлийн хөндийд байрлах хоол боловсруулах эрхтний гол хэсэг нь нарийн гэдэс. Дээд талаараа ходоодны нугалуурын доод амсартай залгагдан эхэлж доош эвхэгдмэл байдалтай үргэлжилдэг. Ингэхдээ бүдүүн гэдэсний эхлэл буюу мухар гэдэсний хажуугаас нийлж байрладаг байна. Тухайн хүний нас хүйс, биеийн онцлогоос хамааран нарийн гэдэс нь харилцан адилгүй хэмжээтэй байх боловч дунджаар таван метр гэж үздэг. Үүнээс урт бол гэдэс мушгирах, орооцолдох зэргээр түгжрэл үүсэх эрсдэлтэй. Мөн хэмжээнээсээ богино бол хоолны шингэц түргэсч, байнга гүйлгэх хандлагатай. Улмаар турж эцэх, жингийн алдагдалд ордог байна. Хүний идсэн хоол хүнс амны хөндийгөөс эхлээд гадагшлах хүртлээ 10 метр орчим зам туулдаг. Энэ явцдаа бутлах жижиглэхээс эхлээд химийн урвалд оруулах, эсгэх зэрэг үйл явц ээлж дараатай явагддаг. Эрхтэн бүр өөр өөрийн үүргээ гүйцэтгэдэг байна. Тиймээс энэ нь гол эрхтэн гэж ялгах боломжгүй юм.

12 НУГАЛАА ГЭДЭС

Нарийн гэдэс нь 4.5-6 м урттай агаад дээд гэдэс буюу 12 хуруу гэдэс, өлөн гэдэс, цутгалан гэдэс гэж гурав ангилна. Дээд гэдэс нь дотроо булцуу хэсэг, уруудах, хөндлөн, өгсөх гэсэн дөрвөн хэсгээс тогтох юм. 12 хуруу гэдэсний уруудах хэсгийн дотор хананы доод гуравны нэгт Фатерын хөхлөг байрлах бөгөөд нойр булчирхай ба цөсний ерөнхий цорго нээгдэж ордог байна. Дээд гэдэсний хана нь салст бүрхүүл, салстын доорх суурь, булчинлаг бүрхүүл, гялтан бүрхүүл гэсэн дөрвөн хэсэгтэй. Салст бүрхүүл нь дан бортгон эмжээрт хучуур эдэн ялтас, жинхэнэ ялтас, булчинлаг ялтсан давхаргуудтай. Гэдэсний салст бүрхүүлийн гадаргуу жигд бус бөгөөд цагариг нугалаас, цэлмэн, сүв зэрэг онцлог бүтцийг бүрдүүлдэг байна. Цэлмэн бол хуруу буюу навчин хэлбэрийн бяцхан ургацаг агаад хүний нарийн гэдсэнд дөрвөн сая орчим байдаг. Цэлмэнг үүсгэхэд салст бүрхүүлийн бүх давхарга оролцдог аж. Цэлмэнгийн урт нь 795 микрометр, өргөн 110-300 микрометр байдаг. Цэлмэнгийн хоорондох хэсгүүд дотогшоо холбогч эд рүү түрэн орж, гуурс маягийн сүвийг бий болгоно. Сүвийн гүн нь 166 микрометр бөгөөд цэлмэнгийн өндөртэй харьцуулахад 1:3.5 байдаг. Сүв орчмын эсүүд маш түргэн өсч үржин, үйл ажиллагааны хувьд ялгаран тодордог тул энэ хэсгийг хучуур эдийн өсөлтийн бүс ч гэж нэрлэх нь бий. Гэдэсний сүвд байрлах эсүүдийн бүрэн төлжилт 4-6 хоног үргэлжилдэг байна. Салст ялгаруулагч хундаган эсүүд хучуур эдийн 9.5 хувийг эзэлдэг. Ходоодонд болосворсон хоол тэжээлийн хэсэг нь нарийн гэдэсний эхний хэсэг арван хоёр хуруу гэдсэнд орно. Элэг болон цөсний хүүдийнээс цөс, нойр булчирхайнаас шүүрэл орж ирж нийлнэ. Нойр булчирхайн шүүрэл нь бикарбонат зэрэг шүлтлэг шүүрэлтэй бөгөөд тэдгээр нь ходоодны хүчлийг саармагжуулан 15 орчмын төрлийн ферментүүд хоол хүнсний гурван үндсэн бүрдэл болох нүүрс ус, уураг, өөх тосыг задална. 12 хуруу гэдэсний дараа нарийн гэдэсний үлдсэн хэсэгт хоол тэжээлийн зүйл задарч, цус тунгалгийн шингэнд шимэгдэж ордог. Ерөнхийдөө хоол боловсрох үйл явц 12-24 цаг үргэлжилдэг. Хоол тэжээл ходоонд 2-4 цаг, нарийн гэдсэнд 1-5 цаг, хоол боловсрох төгсгөлийн шат буюу бүдүүн гэдсэнд өтгөн хэлбэржих үйл явц 12 цаг болно. Задрах нь удаан бүтээгдэхүүнүүд удаан шимэгддэг байна.

Нарийн гэдэсний хоол боловсролт нь хөндийн ба ханын хоол боловсруулалт, шимэгдэлт гэсэн гурван үе шаттай явагддаг байна. Нарийн гэдэсний үндсэн үүрэг нь 12 хуруу гэдсэнд химийн урвалд орж шингэрсэн хүнсийг эсгэх маягаар боловсруулдаг гэж үзэж болно. Нарийн гэдэсний дотор хана маш олон өвөрмөц булчирхайнуудтай. Тэндээс эсгэх үүрэгтэй шүүрлүүд буюу салст ялгардаг.

НАРИЙН ГЭДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН

Нарийн гэдэс хоёр хэлбэрийн агшилттай байна. Холих агшилт буюу нарийн гэдэсний дагуу хэсэгчилсэн агшилт. Нэг агшилтын урт нь нэг см бөгөөд нарийн гэдэсний хэсэгчилсэн агшилтыг үүсгэнэ. Нэг минутад 8-12 байж, хоолыг нарийн гэдэсний шүүстэй хольдог байна. Гүрвэлзэх хөдөлгөөн нарийн гэдэсний хэсэг бүрт явагддаг. Нарийн гэдэсний эхлэл хэсэгт хурдан, төгсгөл хэсэгт удаан байдаг аж. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түргэсвэл хуржигнан дуугарч, базлан өвдөж, гүйлгэх ба энтерит буюу гэдэсний үрэвслийг үүсгэдэг байна. Гүрвэлзэх хөдөлгөөн түргэсэх үед нарийн гэдэсний тодорхой хэсэг орооцолдох, зангирах, мушгирах зэргээр гэдэсний түгжрэл үүсдэг. Улмаар хэвлийн хөндийн хурц эмгэг үүсэх нь цөөнгүй. Хамгийн түгээмэл нь мухар олгойн үрэвсэл. Дараа нь цөсний эмгэгүүд ордог байна. Цочмог хурц өвчний нэлээд хүнд хэлбэр нь гэдэсний түгжрэл байдаг бол цаашлаад нарийн гэдэс цоорох тохиолдол хэвлийн гялтангийн үрэвсэл буюу перитонит болдог байна. Хүний амь насанд хамгийн эрсдэлтэй хүндрэл болох перитонитын үед эмчилгээний олон хэлбэр байдаг. Хамгийн эцсийн бөгөөд найдвартай арга нь нарийн гэдсэнд хиймэл цорго үүсгэх. Нарийн гэдэс хэвлийн хөндийн гол хэсэгт чөлөөтэй хөдөлж байхаар зохицуулагдсан нь хоол хүнсийг зайлах, сэгсрэх, урсгах, түр зогсоох зэргээр сайтар боловсруулах онцлогтой болгодог юм. Нарийн гэдсийг бүдүүн гэдэс бүх талаар нь хамгаалах байдалтай хүрээлж байх бөгөөд бүдүүн гэдэснээс ялгарах дулаан энерги нь нарийн гэдсэн дэх шингэнийг тодорхой түвшинд бүлээцүүлж байдаг. Гэдэс даарсан үед хөдөлгөөн түргэсч хуржигнан базалж өвддөг шүү дээ. Тиймээс хоол идсэний дараа гэдсээ дулаан байлгах нь хоол гүйцэд боловсрох ач холбогдолтой.

ЭМГЭГҮҮДИЙН ТАЛААР

Ходоод, дээд гэдэсний мэдрэл шингэний зохицуулга алдагдан, эдгээр эрхтний шүүрэл, хөдөлгөөний үйл ажиллагаа хямарч, салст бүрхүүлийн хэсэг газрын тэжээлийн доройтлын улмаас шархлаа үүсдэг, олон дахилттай, мөчлөг явцтай, даамжрах хандлагатай архаг эмгэгийг шархлаа өвчин гэнэ. Уг өвчний шалтгаан бүрэн төгс тодорхой бус боловч хеликобактери, сэтгэлийн хүчтэй хямрал, удамшил, архи, тамхи, эмийн зэрэг хүчийн зүйлийн нөлөөгөөр үүсгэгдэж болно. Хеликобактери ходоодны шархлааны үед 60-70%, дээд гэдэсний шархлааны үед 85-100% илэрч байгаа нь шархлаа өвчин үүсэхэд хеликобактери онцгой нөлөөлдөг гэсэн үг. Шархлаа өвчний үндсэн зовиур нь өвдөлт юм. Өвдөлтийн байрлал ходоодны шархлааны үед аюулхай орчимд, дээд гэдэсний шархлааны үед аюулхай хүйс хоёрын дунд хэсэгт байрладаг байна. Голдуу хорсож өвдөх ба өвдөлт дамжихгүй, хооллолттой ихээхэн хамааралтай. Тухайлбал, ходоодны аль хэсгийн шархлаа гэдгээс хамаараад хоол идсэний дараа 1/2-1, 2-3 цаг болоод өвддөг бол 12 хуруу гэдэсний шархлааны үед хоол идсэний дараа 5-6 цаг болооод илэрдэг байна. Шархлаа өвчний өвдөлт үдээс хойш, хавар, намрын улиралд заримдаа гэнэт өвдөх үечлэлтэй байна. Ходоод, гэдэсний хямралын хам шинжээс өвчтөн голдуу хоолны дуршил ихтэй байх ба заримдаа өвдөлтөөс айсны улмаас хоолноос татгалздаг байна. Мөн гэдэс, ходоодны сөргөөний улмаас цээж гашуу оргих, гашуунаар хэхрэх ба хүндрэлийн үед огиулж бөөлжинө. Энэ өвчнөөр ихэнхдээ 20-50 насны эрэгтэйчүүд өвчилдөг. Жил ирэх тутам тоо нь нэмэгдсээр буй. Хэрэв өвчнийг цаг тухайд нь эмчлэхгүй бол шарх сэдэрч, ходоод, гэдэсний ханыг цоолж цус алдах хүндрэл учрахаас гадна өвчин даамжирвал хорт хавдарт хүргэж амь насанд аюул тулгардаг байна.

Categories
мэдээ цаг-үе

Ус бол бурханы бэлэг

Ус нь H20 гэсэн химийн томьёогоор илэрхийлэгдэх, устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл бодис билээ. Ердийн нөхцөлд өнгө, үнэргүй. Бага зэрэг хөх ногоон туяа бүхий тунгалаг, шингэн төлөвтэй байдаг. Цельсийн 0 хэмд хатуу төлөв буюу мөс болдог. Харин 100 хэмд хийн төлөвт орж уур болдог. Дэлхий дээрх амьд организмуудын амьдралд чухал үүрэгтэй ус бол бурханы бэлэг. Хүний биеийн ихэнх хэсгийг буюу 70 хувийг ус бүрдүүлдэг. Хүн, амьд амьтад усгүйгээр амьдарч чадахгүй учраас амьдралыг тэтгэгч рашаан булаг, чандмань эрдэнэ гэгддэг билээ. Дэлхий дээр байгаа бүх усны нэг хувь нь цэвэр ус байдаг байна. Харин 97 хувь нь далай тэнгисийн ус, хоёр хувь нь хойд, өмнөд туйлын ус байдаг аж. Ундны цэвэр ус өнөөдөр томоохон хотуудын гол санаа зовоосон асуудал болоод байна. Усыг химийн аргаар гаргаж чаддаггүй. Хүн төрөлхтний ганц гаргаж авч чадаагүй зүйл бол ус. Өдөр ирэх тусам дэлхий дулаан, хуурай болж цэвэр усны нөөц багасаж байгаа. Бид усаа хэмнэхгүй бол усны хэрэглээний хязгаартай учирч болзошгүй юм.

Нэгдсэн Үндэсний Байгууллага 1992 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг Дэлхийн усны өдөр гэж тунхаглан орон бүр усаа яаж хэрэглэж, хэрхэн хандаж буйгаа дахин нэг эргэн харж байхыг уриалжээ. Ус хомсодсоноос дэлхий дээр өдөрт 14 мянган хүн нас барж байна. 2050 он гэхэд 48 орны хоёр тэрбум хүн усаар гачигдана гэсэн эмгэнэлтэй тоо бий. Гэвч онолын хувьд усны нөөц шавхагдашгүй гэнэ. Учир нь зохистой ашигласан нөхцөлд чийгний эргэлтийн үрээр цаг ямагт сэргэдэг байна. Гэвч усны хэрэглээ асар хурдан өсөж байгаагаас олон оронд хүрэлцэхгүй байдал мэдрэгдэж буй. Мөн усны бохирдол аюулын харанга дэлдэх болжээ. Усны урсгал мянган жилд, секундын долиор дэлхийн эргэлтийг удаашруулдаг ажээ.

Ус газрын гадаргыг бүтээгч гол зүйл бөгөөд манай гаригийн уур амьсгалыг хянахын зэрэгцээ, хүмүүсийг хүнсээр болон асар их энергиэр хангадаг байна. Аягатай ус ширээн дээрээ тавиад хажууд нь сайхан зүйлийн тухай ярилцаж, хөгжилтэй инээлдсэний дараа уухад ус рашаан болдог гэлцдэг. Харин эсрэгээрээ муу муухай зүйл ярилцаж байхдаа хажуудаа байсан усыг уувал тэр нь хор болдог ажээ. Ус ингэж л хүний энергийг шингээж авдаг байна.

Эхийн хэвлийд, бага насанд, өсвөр насанд, өтөл насанд хүн усгүйгээр 72 цаг тэсэж чадах боловч чухамдаа хүн болон ихэнх амьтны хөгшрөлтийн шалтгаан нь ус дутагдсанаас болдог байна. Ус дутагдвал тэжээлээ бүрэн авахгүй байгаа арьс унжин харлаж эхэлдэг ажээ. Хүнд ус дутагдаж шингэнээ нэг хувь алдахад цангадаг байна. Шингэнээ хоёр хувь алдахад бие тавгүйрхэж, хоолны дуршил буурч, ажлын чадвараа 20 хувь алддаг аж. Шингэнээ зургаан хувь алдахад нүүрний арьс эрс хувирч, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж, хэл яриа ойлгомжгүй болох гэнэ. Шингэнээ арван хувь алдахад биеийн дулааны тэнцвэр алдагдаж, эсүүд үхэж эхэлнэ. Шингэнээ 11 хувь алдахад бодисын солилцоо алдагдаж, эмнэлгийн тусламж шаардлагатай болдог ажээ.

Судалгаанаас үзвэл, хүн өдөрт дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай юм байна.Өглөө бүр өлөн дээрээ ус ууж байх нь биеийн эрүүл мэндэд тун ашигтай ажээ. Амьсгалах, хөлс гарах, зэрэг нь хүний биеийн усны хэмжээг багасгадаг, ус нь цусны эргэлтийг сайжруулан, ходоодны ажиллагаанд туслан биеэс бохирыг түргэн гадагшлуулдаг тустай. Хүүхдүүд ч буцалсан ус ахиухан уугаад байх сайн, хоол боловсруулах системд нь тус дэм болдог аж. Гэтэл усыг нэг дор хэтэрхий их ууж болдоггүй ажээ. Хэтэрхий их ус уух нь гэдэс ходоодыг тэлж, хэвийн амьсгалалтад нөлөөлж, тархины эсийг хавагнуулж, гавлын дотоод даралтыг дээшлүүлж, зүрх бөөрний дарамтыг нэмэгдүүлдэг байна. Ялангуяа нас ахиж бие муудсан, зүрх уушгины ажиллагаа тааруухан хүний хувьд сэтгэл уймрах, ядрах, тамир алдах, хараа бүрэлзэх шинж тэмдэг илрэх магадлалтай гэнэ. Мөн хөлс их гарахад усыг шууд ууж болдоггүй аж. Аагим халуунд хөлс их гарахад манайхан шууд л ус уудаг. Ингэвэл уух тусам цангаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь уусан ус нь биед үлдэж чадахгүй хөлстэй хамт гадагшилж, давслаг элементийг нь ч аваад явчихаж байгаагаас болж байгаа аж.

Хуучны ном судруудад усны эмчилгээний чанарын талаар дурдсан зvйл олон байдаг. Жишээлбэл, булгийн хvйтэн ус нь толгойн өвчин, цусны өвчин, шар өвчинд сайн. Худгийн ус нь шар өвчин, цусны өвчин, шүдний өвчинд сайн. Хурын ус нь зүрхний халуун, цайвар хаванд сайн. Голын ус цанх өвчинд тустай ажээ. Мөн хоолны өмнө ус уувал хатангир. Хоолон дээрээ ус уувал мах мариа тэнцүү болох бол хоолны дараа ус уувал мах мариа нэмэгдэнэ гэж дурдсан байдаг аж. Энэ мэт ач тустай ус бол бидэнд бурханаас өгсөн бэлэг билээ.

Categories
мэдээ цаг-үе

Рок хөгжмийн түүхэнд нэрээ үлдээсэн “Gun’s Roses”

Рок хөгжмийн түүхэнд ер бусын үйлдэл, онцгой уран бүтээлээрээ хамгийн их шуугиан тарьж байсан хамтлаг бол “Gun’s Roses” буюу “Ганзес Роузес”. Секс, хар тамхи, рок гэсэн уриатай байсан энэ хамтлагийг Эксл Роуз хэмээх залуу байгуулсан. Тарах болсон шалтгаан нь мөн л Эксл Роуз болсон. Нэг үгээр хэлэхэд “Ганзес Роузес” хамтлаг энэ хүнтэй салшгүй холбоотой. 1980-аад онд залуусыг байлдан дагуулж байсан тус хамтлагийн гишүүд одоо ч байдаг. Дуучин Эксл Роуз, ритм гитарчин Иззи Стрэдлин, басс гитарчин Дафф Макаган, бөмбөрчин Стивен Адлер. Тус хамтлагийн бүрэлдэхүүн нэлээд хэдэн удаа солигдсон бөгөөд Эксл Роуз анхнаас нь байсан цорын ганц гишүүн.

Тэрээр Индиана мужийн Лафайет хотод төрсөн. Аав нь нэлээд танхай байсан тул хүүгээ төрсний дараахан эхнэр хүүхдээ орхин явсан байна. Эксл Роуз багадаа хичээлдээ сайн, сүмийн найрал дуунд явдаг үлгэр жишээ хүүхэд байсан гэдэг. Үнэндээ бол хойд ааваасаа нэлээд айдаг байсан тул үгнээс нь гардаггүй байжээ. Гэвч томрох тусам сахилгагүйтэж дийлдэхээ больсон гэдэг. Нэлээд дэггүй түүнийг цагдаа нар анддаггүй байв. 15 настайдаа цагдаа нарын хяналтад орсон. Архи ууж, цагдаа нарыг хэл амаар доромжилсон хэргээр хэдэн удаа саатуулагджээ. Сургуульд байхдаа Иззи Стрэдлилн хэмээх залуутай танилцаж хоёулаа хөгжим сонирхдог байсан тул санаа бодол нийлж, хамтран панк-рок тоглодог байв.

Эксл Роузес сургуулиасаа хөөгдөж, төрсөн эцэг нь ямар хүн байдгийг мэдчихээд овгоо хүртэл сольсон. Гэрийнхнийхээ үглэхээс залхсан Эксл 1980-аад оны эхээр найз бүсгүйтэйгээ цуг Лос-Анжелест амьдрахаар явжээ. Хамгийн сонирхолтой нь тэнд Стрэдлин Роузтай таарсан байна. Тэр үед Стрэдлин Роуз янз бүрийн хамтлагт дуулдаг, нэлээд ирээдүйтэй дуучин гэгдэж байв. Ингээд гитарчин Трейси Ганз, бас гитарчин Даффа Маккаган, бөмбөрчин Стив Адлер нартай танилцаж “Ганзес Роузес” хамтлаг байгуулагдсан түүхтэй. Удалгүй Калифорни даяараа тус хамтлагийг андахгүй болсон гэдэг. Сонирхлоороо нийлсэн залуус юу ч үгүй байсан. Вики Хэмилтон хэмээх шүтэн бишрэгч эмэгтэйг менежерээрээ ажиллуулсан юм. Ийм менежертэй хамтлаг хаа нэгэнтээ очиж тоглолт хийнэ гэдэг зүгээр л сайхан мөрөөдөл байв. Хамтлагийн залуус Сансетэд агуулах байсан байшинд амьдарч байжээ. Дээврээс өөр юу ч үгүй, агуулах гэхэд ч хэцүү нуранги гэж болохоор газар байв. Идэх юм авах мөнгөгүй байсан тэд аз таарвал ойролцоох гуанзнаас хулгайлсан махаа ил гал дээр шарж идэн амь зууна. Заримдаа орон гэргүй хүмүүсийг хооллоход нь хамрагдаж, аврагчдын армиас зохион байгуулдаг нэг ам.долларын хоол олж иднэ. Агуулахын газар хөгжимчдийг цуглуулж урлагийн талаар ярилцаж, дуулах нь хамгийн жаргалтай үе нь байсан хэмээн хожим нь дурсан ярьжээ. Амь зуухын эрхээр хар тамхи хэрэглээд зогсохгүй зардаг байсан үе. 1986 онд залуус “Troubadour” клубт албан ёсоор анхныхаа тоглолтыг хийсэн. Түүнийг нь нэлээд хэдэн дуу бичлэгийн компанийн төлөөлөгчид үзсэн байна. Өөрийн гэсэн өнгө төрхтэй хамтлаг урлагийн мэргэжилтнүүдийн анхаарлыг ихэд татжээ. Онгорхой гутал, уранхай хувцастай, байнга хар тамхи хэрэглэснээс нүүр царай нь хачин болсон залуусыг харсан хүмүүс тэднийг ямар ч ирээдүйгүй хэмээн ярьцгааж байв. “Gef­fen Records” дуу бичлэгийн газрын төлөөлөгч Том Зутаут гэгч тэр тоглолтыг үзэж суухдаа новшийн хамтлаг байна хэмээн муулсан гэнэ. Гэхдээ дөрвөн сарын дараа тэдэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Үнэндээ бол хамтлаг түүнд маш их таалагдсан бөгөөд өрсөлдөгчдөдөө алдах вий хэмээн болгоомжилсондоо ингэж ярьсан гэдэг.

“Ганзес роузес”-ийн дэггүй залуусыг жаахан ч гэсэн хянахын тулд дуу бичлэгийн компаниас байшин хөлслөн өгч Алан Нивен гэгч менежертэй болгосон байна. Ингээд менежер нь тэднийг орой болгон тоглолт хийхэд нь хар тамхи хэрэглүүлэхгүй хэмээн сахиж суудаг болжээ. Удалгүй “Ганзес роузес” хамтлаг анхныхаа цомгийг гаргах ажилд орсон . “Ap­pertite for Destruction” хэмээн нэрлэсэн анхны цомогт нь орсон дуу болгон өөрийн гэсэн маш сонин түүхтэй. Ийнхүү тус хамтлаг алдарших гараагаа эхэлжээ.

1987 онд “Ганзес роузес” Америкаар аялан тоглолтоо эхлүүлж үнэхээр юунд ч дийлдэхгүй хэцүү залуус гэдгээ харуулсан гэдэг. Тэд хард-рок тоглож байсан боловч панкууд шиг л аашилдаг байжээ. Их Британийн “Sex Pistols” хамтлаг шиг хамгаалагчидтайгаа зодолдож, тайзан дээр морь харж, гудамжинд унтана. Тэднээс хамгийн хэцүү нь Эксл Роуз. Тэр үед Америкийн залуус тус хамтлагийн гишүүдийн энэ бүх гаж үйлдлийг нь дуурайж нийгэмд нэлээд сөрөг дагавартай байсан. 1988 онд “Alice Coo­per”, “Iron Maiden” хамтлагтай цуг хоёр дахь удаагаа аялан тоглолт хийжээ. Энэ үеэр тайзны өмнө эмх замбараагүй байдал үүссэнээс хүний амь хүртэл эрсэдсэн гашуун түүхтэй. “Ганзес роузес” аялан тоглолтынхоо үеэр тайзан дээр хоорондоо муудалцаж байсан. Архи, хар тамхинд нэлээд орсон хэдий ч залуус уран бүтээлээ туурвисаар байв. “G N’ Lies” нэртэй шинэ цомгоо гаргаж тэр нь хитээр шалгарчээ. Түүнд орсон “Your Illusion I”, “Use Your Illusion II” дуунууд нь рок түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бүтээлүүд. Шинэ цомог худалдаанд гарсан даруйдаа чартыг тэргүүлсэн бөгөөд хүнд рокийн түүхэнд өнөөдрийг хүртэл түүнийг гүйцэх цомог гараагүй.

Архи, хар тамхи байнга хэрэглэж байсан хамтлагийн залуусыг удаан амьд явахгүй гэж хүмүүс ярьж байсан гэдэг. Тэдний гаж үйлдлийн талаар хэвлэлээр байнга бичиж байлаа. Гэсэн хэдий ч уран бүтээлээ туурвисаар. Тэд дахин дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлж 1993 онд гэхэд дууссан юм. “Ганзес роузес” нэр алдрын оргилд хүрч тэдэнтэй өрсөлдөхүйц цорын ганц хамтлаг нь “Metal­lica” байлаа. Тэдний клипэнд Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварценеггер тоглож, “Грэмми” шагналд хүртэл дэвшсэн байна. Аялан тоглолтоо дууссаны дараа “The Spaghetti Inci­dent?” цомгоо гаргаснаар тус хамтлагийн түүх дууссан гэж болно. 1995 онд “Ганзес Роузес”-ийг байгуулсан Эксл Роузес хамтлагаасаа гарч байгаагаа мэдэгдээд нэрийг нь өөрөө авна гэжээ.

Тус хамтлаг байгуулагдсанаасаа хойш бүрэлдэхүүнээ нэлээд хэдэн удаа сольсон. Эксл Роузес хуучин хамтрагчдаасаа салж шинэ бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлжээ.

2008 онд Эксл Роузес шинэ хамтлагтайгаа “Chinese Democracy” буюу “Хятадын ардчилал” нэртэй цомгоо үзэгчдийн хүртээл болгосон юм. Шинэ буюу зургаа дахь цомгийг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байсан. Түүгээр ч зогсохгүй цомгийг худалдан авсан хүмүүст уух юм үнэгүй дагалдана гэсэн зарыг хүртэл тарааж байжээ. Ингээд цомгийг Европ, Австрали, Хойд Америкт нэгэн зэрэг худалдаанд гаргасан. Гэвч нэлээд хэл ам гарсан. Эксл Роузес хамтлагийнхаа менежер асан Ирвинг Азоффийг цомгийн борлуулалтыг таслан зогсоосон хэмээн шүүхэд өгсөн. Тэрээр таван сая удаа менержертэйгээ шүүхэдсэн. Энэ явдлаас хойш “Ганзес Роузес” хамтлаг тоглолтоо нэг бус удаа таслахад хүрсэн. Дублин хотноо концертоо тоглохдоо нэг цаг 30 минутаар хожигдон иржээ. Үүгээр дууссангүй “Welcome to the Jungle” дуугаа дуулж байгаад гэнэт зогсч дахин тайз руу шил шидэх юм бол тоглолтоо зогсооно хэмээн үзэгчдийг загнасан удаатай.

“Chinese Democracy” цомог нь шүтэн бишрэгчдэд нь огтхон ч таалагдаагүй гэдэг. 1980-аад онд хард рок ертөнцөд шинэ уур амьсгал оруулсан бүтээлийнх нь хажууд юу ч биш хэмээн шүүмжилсэн байдаг.

Ийнхүү тус хамтлаг тарснаас хойш 20 жил өнгөрлөө. Харин саяхнаас “Ганзес Роузес” энэ жил Калифорни мужид болох “Coachella” хөгжмийн наадам дээр эргэн нэгдэх гэж байгаа хэмээн “Consequence of Sound” сэтгүүлд бичсэн. Түүгээр ч зогсохгүй энэ зун 25 тоглолт хийхээр төлөвлөсөн байгаа гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Үнэртний хаан Chanel №5

Одоогоос 95 жилийн тэртээх 1921 оны тавдугаар сарын тавны өдөр хүмүүсийн сайн мэдэх “Chanel№5” үнэртэй ус анх худалдаанд гарчээ. Судлаачдын бичсэнээр манай дэлхий дээр нэг минут тутам нэг шил “Chanel№5” зарагддаг. ХХ зууны хамгийн тансаг үнэртэн нь гоо сайхны ертөнцөд хувьсгал хийж уламжлалыг эвдэн огт өөр үнэрийг анх бий болгожээ. Янз бүрийн цэцгийн үнэрээс уйдсан тул шинэ үнэр хүмүүст ихэд таалагдсан байна. Тиймээс ч “Chanel№5”-ийг эмэгтэйчүүдийн үнэр гэдэг.

Түүнийг бүтээсэн түүх Франц төдийгүй дэлхийн загвар болон гоо сайхны ертөнцөд шинэ хуудсыг нээсэн Коко Шанельтэй салшгүй холбоотой. 12 настайдаа өнчин хоцорсон охин католик сүмийн асрамжийн газар хүмүүжиж байхдаа юм оёж сурсан байна. 18 настайдаа хувцасны дэлгүүрт худалдагчаар ажилд орж хажуугаар нь цэнгээний газар дуулдаг байжээ. Тэрээр Их Британийн бизнесмэн Артур Капел хэмээх залуутай танилцаж түүний дэмжлэгтэйгээр 1910 онд Парис хотноо малгайны дэлгүүр нээж бизнесээ эхлүүлсэн байна. Харамсалтай нь загварын ертөнцөд шинэ хуудсыг нээсэн бүсгүйг дэмжиж байсан Артур Капел залуудаа ослын улмаас нас баржээ. Уй гашууд автсан Коко Шанель “Меланез” хэмээх амьдарч байсан харшийнхаа өрөөнүүдийн таазыг хүртэл хараар будсан гэдэг. Амьдрал нь утга учиргүй санагдаж байсан бүсгүй Оросын сүүлчийн хаан Николай II-ийн үеэл, гүн Дмитрий Романовтой танилцсанаар шинийг бүтээх урам зоригтой болсон гэдэг. Түүгээр дамжуулан үнэртний мэргэжилтэн Эрнест Бо хэмээх орос залуутай танилцсан байна. Коко Шанель түүнтэй уулзахдаа уламжлал болсон цэцэгний үнэртэй уснаас огт өөрийг бүтээх тухай ярьжээ. Энэ чиглэлээр мэргэшсэн Эрнест Бо нь Москвад төрсөн бөгөөд аав нь “Rallet” хэмээх үнэртэй усны үйлдвэрийн эзэн байжээ. 1917 онд Орост хувьсгал гарсны дараахан Эрнест Бо Франц руу цагаачилсан байна.

Цэцгийн үнэртэй ус л Коко Шанельд огтхон ч таалагддаггүй байв. Үнэндээ тэрээр дэгжин загварын хувцас хийж байснаас биш үнэртэн хийх тухай бодож байгаагүй гэдэг. Усанд орсны дараах цэвэрхэн үнэрийг хамгийн сайхан хэмээн бусад ямар ч үнэрийг хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Эрнест Бо түүний саналыг хүлээн авч Шанель ч шинэ төслийг санхүүжүүлнэ гэдгээ амласан байна. Хамгийн гол нь жинхэнэ эмэгтэй хүний гоо сайхныг илтгэсэн үнэр гаргаж авах хэрэгтэй гэсэн болзол тавьсан байдаг. Эрнест Бо шинэ төсөл дээр уйгагүй ажилласны эцэст янз бүрийн үнэр гарган авч түүнийгээ хуруу шилнүүдэд хийж дугаарласан байна. Коко Шанель бүгдийг нэгд нэгэнгүй үнэрлэж үзээд тав гэсэн дугаартай үнэрийг ихэд таашаажээ. Тиймээс ч үнэртэй усыг өөрийн нэрээр нэрлэж дээр нь хуруу шилэн дээрх тав гэсэн дугаарыг тавьсан аж. Ингэж алдарт “Chanel№5” үнэртэй ус “төржээ”. Коко шинэ үнэртний саванд нэлээд анхаарал хандуулсан. Тэр үед үнэртэй ус үйлдвэрлэгчид савыг нь хэт их чимэглэдэг байсан. Ингэхдээ ихэвчлэн үнэт чулуунууд шигтгэн болороор хийдэг байв.

Харин Шанель энэ уламжлалыг эвдэж маш энгийн, тэгш өнцөгт хэлбэртэй шилэн саванд савласан юм. Тэр үед эрчүүдэд зориулсан үнэртнийг ийм саванд хийдэг байжээ. Харин Шанель үүнийг шинэ бүтээгдэхүүнийхээ онцлог болгосон. Бүхэл бүтэн зууны нүүр царай болсон шинэ үнэртэн ингэж худалдаанд гарчээ. Гэхдээ Коко Шанель түүнийг шууд худалдсангүй. Эхэндээ найзуудыгаа дуудан өгөхдөө “Үгүй, үгүй би чамд зарахгүй, зүгээр л бэлэглэж байна” гэжээ. Ингэхдээ нэлээд чинээлэг, дээдчүүдийн хүрээний бүсгүйчүүдэд сурталчлах байдлаар бяцхан заль хэрэглэсэн гэдэг. Шинэ үнэртэн бэлгэнд авсан бүсгүйчүүд ихэд баярлаж хүлээн авалт, үдэшлэгт ирэхдээ түүнийгээ түрхэж, ер бусын тансаг үнэртэй шинэ бүтээгдэхүүн гарсан тухай бусдадаа дуулгана. “Chanel№5”-ийн тухай яриа амнаас ам дамжин нэг л мэдэхэд Парист түүнийг эрхэмлэгч бүсгүйчүүдийн клуб бий болсон гэдэг. Ийнхүү дээдчүүдийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөний дараа Коко Шанель шинэ үнэртнээ худалдаанд гаргасан юм.

“Chanel№5” худалдаанд гарснаас хойш 95 жил өнгөрчээ. Өнөөдөр хамгийн тансаг бөгөөд үнэтэй үнэртэнд тооцогдсон хэвээрээ. Цаг хугацаа өнгөрч маш их зүйл өөрчлөгдсөн. Амьдрал үргэлжилж, загварын ертөнц өөрчлөгдөж, олон шинэ, сонин зүйлийг бүтээсээр. Хэдэн зуун шинэ үнэртэн худалдан авагчдын хүртээл болж өнөөгийн бүсгүйчүүд заримдаа алийг нь сонгохоо мэдэхгүйд хүрдэг. Жил ирэх тусам өрсөлдөөн улам ширүүссээр, харин “Chanel№5”-ийг эрхэмлэх бүсгүйчүүдийн тоо буурсангүй, эсрэгээрээ нэмэгдсээр. Энэ үнэртэнг ямар ч шинэ бүтээгдэхүүн зах зээлээс шахан гаргаж чадсангүй. Коко Шанель “Би хүмүүст зориулан ер бусын зүйл бүтээмээр байна” хэмээн хэлж байсан гэдэг. Тэрээр өөрийнхөө хүслийг биелүүлж чадсан.

Үнэртний мэргэжилтэн Эрнест Бо

Харин Эрнест Бо хожим нь “Chanel№22”, “Bois des iles”, “Cuir de Russie”,” Gardenia” зэрэг олон ус бүтээсэн. Тэдгээрээс аль нь ч “Chanel№5”-ийг гүйцсэнгүй.

Цаг хугацааны шалгалтыг давж чадсан энэ үнэртэнг дэлхийн алдартай загвар өмсөгч, жүжигчид сурталчилсаар байгаа. Харин анхны сурталчилгааг 1937 онд Коко Шанель өөрөө хийжээ. Түүний дараа Францын алдарт жүжигчин Катрин Денев “Chanel№5”-ийн сурталчилгаанд тоглосон. 1970-аад онд алдарт жүжигчин энэ үнэртний нүүр царай нь болжээ. 1980-аад оноос эхлэн Карла Буке сурталчилсан юм. Ингэхдээ маш шинэлэг уур амьсгал оруулжээ. “Chanel” компани түүний энэ гавьяаг өндрөөр үнэлж зөвхөн үнэртэй ус төдийгүй, шинэ загварын хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, гоёл чимэглэл сурталчлуулаад зогсохгүй тус компанийн нүүр царай болгосон. Түүнтэй нийтдээ 15 жил хамтран ажилласан юм. Ингээд 1996 оноос эхлэн жүжигчин, загвар өмсөгч Эстелла Уоррен сурталчилж “Chanel№5”-ийн баглаа боодолд шинэчлэл хийсэн байдаг. Түүний халааг Холливудын алдарт жүжигчин Николь Кидман авсан. Нэрт жүжигчний тоглосон сурталчилгаа нь хамгийн өндөр өртөгтэйд тооцогддог. Николь Кидман “Chanel№5”-ийн сурталчилгааны нэг минутын хөлсөнд таван сая ам.долларын хөлс авч, тус компанитай дөрвөн жил хамтран ажилласан юм.

2009 онд “Chanel№5”-ийн ой тохиох үед Францын жүжигчин Одри Тоту тоглосон. Ингэхдээ тэрээр Коко Шанелийн дүрийг бүтээсэн юм. Дэлхийн олон алдартан энэ үнэртэнг сурталчилсан бөгөөд тэдгээрээс алдарт Мэрилин Монро сурталчилгаагаа үнэгүйгээр хийжээ. Сэтгүүлчид алдарт шаргал үстээс ямар унтлагын хувцастай унтдагийг нь сонирхоход “Нэг дусал “Chanel№5” байхад хангалттай” гэсэн хариулт өгсөн байдаг.