Categories
мэдээ цаг-үе

Захиалгат нэвтрүүлгээр залхаачих юм байна л даа

Өнгөрөгч амралтын өдрүүдээр гэртээ амарсан шиг амарчихъя хэмээн зориг шулуудсан ч хэдэн ТВ-ээр нь үзээд байхаар ч юм гарсангүй. Нэг нөхрийн сонгууль угтаж оролцсон “Захиалгат” гэсэн тодотголтой нэвтрүүлэг бараг л бүх сувгаар явж харагдав.

За мань эрд мэдэхгүй ч сэдэв гэж алга. Бурж л байх юм. Хайрлахгүй ч юм алга. Бүгдийг нь л хайрлаж байх юм. “Бүлт” үсэрсэн нөхдийн үгийг сонсохоор гээд суваг сольтол “Харцага” баг “Хасын хүлэгүүд”-ийг 121:114-өөр хожиж сагсан бөмбөгийн супер лигийн аваргын цомоо хамгаалж байхыг үзэж сэтгэл баясан суулаа. “Харцага” баг зургаа дахь удаагаа лигийн аварга болсон бол багийн лидер Б.Одбаяр нь гурван удаа аваргын цомыг нь хамт өргөлцөж, хоёр удаа улирлын MVP, нэг удаа Финалын MVP болж байна.

Гэсэн ч олон хүний хүндэтгэлийг хүлээдэг “Харцага” болон Үндэсний шигшээ багийн төвийн тоглогч Б.Одбаяр зодог тайлж буйгаа албан ёсоор зарлав. Жаахан гунигтай юм. Гэхдээ зүгээр ээ. Нэгэнт тоглолт өндөрлөсөн тул дахин суваг солив. Арай хэтэрхий байна аа. Өнөө нөхөр чинь дахиад өөр нэвтрүүлэгт орчихсон ярьж л суух юм.

Үүнийг үзэж суусан найз маань өөрийн цахим хуудаснаа “Зарим хүнийг “Танил хүн”-ээр нэг харлаа, “Танайд хоноё”-гоор хоёр дахиа харлаа. “Амжилт” гэдэг нэвтрүүлгээр гурав дахиа харлаа. Харин одоо сонгох байтугай дахин харах ч хүсэл алга” хэмээн бичсэн байв.

Ингэж хүний дотор муухай оргитол ТВ-ийн нүүр дүүргэх хэрэг байдаг ч юм уу. Сонгууль нь хурдан болоод дуусаасай. Үзэх ч нэвтрүүлэг алга. Ядаж байхад супер лиг өндөрлөчихлөө.

Categories
мэдээ цаг-үе

Язгууртны наадаан гэх газрын теннисний өнгөрсөн цаг, өнөө үе

Удахгүй Их Дуулгын хоёр дахь нь болох Ролан Гаррос буюу Франц улсын газрын теннисний аварга шалгаруулах нээлттэй тэмцээн эхэлнэ. Үүнтэй холбоотой бас монголчууд тэр бүр сонирхож дурлаад байдаггүй ч гэлээ дэлхийд бол асар их нэр хүндтэй дээрх спортын тухай жаал өгүүлье гэж шийдлээ.

Газрын теннисний “эцэг” гэж нэрлэх боломжтой улсууд эртний Египет, Хятадаас эхлүүлээд XI зууны Франц гээд нэжгээд бий. Гэхдээ одоо мөрдөж буй дүрмийн эхлэлийг тавьж, анхны албан ёсны тэмцээнүүдийг Уэльсд зохиож эхэлсэн хүн нь Английн армийн хошууч Вальтер Клоптон Уингфилд гэгч бөгөөд эртний Грекийн ард түмний наадмаас санаагаа авсан гээд одоо бид бүхний мэддэг болсон газрын теннисийг 1873 онд анхлан зохиож эхэлжээ. Теннис анхлан хөгжихдөө Англиасаа илүү Францад нэр хүндтэй байсан тул ихэнх үг хэллэг нь тэр улсын дуудлагаар нэрлэгдсэн гэх.

-Теннис буюу францаар tenez (tenir) гэдэг үг нь “бариарай” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл бөмбөг давуулах үед нь “бариарай” гэж хашгирдаг байж.

-Ракетка (аркийт) хэмээх үг нь Францын raquette гэсэн үгнээс гаралтай. Харин энэ франц үг өөрөө Арабын rakhat буюу “гарын алга” гэсэн үгнээс үүдэлтэй юм билээ.

-Оноо тэнцсэн үед хэлдэг deuce (тэнцүү) гэх дуудлага мөн л Францын «a deux le jeu» буюу “тоглолтын оноо тэнцүү” гэсэн үг гэнэ.

Газрын теннист оноог их сонин өгдөг. Бусад тоогоор тооцож тоглодог спортод оноог өгөхдөө нэг юм уу хоёр гэж оноог нэмж, хасч өгдөг бол газрын теннист шууд л 15, 30, 40 гэсэн оноонууд өгч ялалтыг олгодог. Оноог ийм тоогоор өгөх болсон түүх нь бас л нэгдсэн эхлэлгүй юм билээ. Франц, герман хувилбараар бол эдгээр тоонууд нь зоостой холбоотой, оноо авах болгонд нь задгай зоос тавьдаг байсан гэдэг бол англичууд их буутай холбодог. Тэдний бичдэгээр бол Английн хөлөг онгоцууд ялалтын буудлага хийхдээ эхлээд 15 футын их буугаар дараа нь 30 футын их буугаар эцэст нь 40 футын диаметртэй ам бүхий их буугаар пижигнүүлж ялалтаа зарладаг байсан тул үүнээс үүдэлтэй гэж бичдэг. Ямар ч л байсан өнөөдөр хүртэл уламжлалаа хадгалан өвөрмөц маягаар тоолдог спортын тоонд ороод явж байгаа тул хаанаас ямар утгатай үүссэн нь тийм ч чухал биш болжээ.

Газрын теннисийг 26 ярд (23,78 м)-ийн урттай, есөн ярд (8,23 м)-ийн өргөнтэй тэгш өнцөгт талбайд ганцаарчилсан төрлийнхөн, 12 ярд (10,97 м)-ийн өргөнтэйд нь хос төрлийн теннисчид тоглодог. Талбайн хучилт гэдэг асуудал бол теннисний ертөнц дэх агуу том хувьсал. Ерөнхийдөө хатуу, шороо, зүлэг гэсэн гурван үндсэн хучилт бий. Ямар хучилт байгаагаас шалтгаалан бөмбөгний ойлт, давуулалтын хүч, тоглогчдын хөдөлгөөн, хурд өөрчлөгддөг. Жишээ нь хатуу хучилттай талбайд бөмбөг хүчтэй ойж хурдан нисдэг тул сайн давуулалттай, арын бүсэд сайн тоглож чаддаг тамирчид мундаг байдаг бол шороон дээр бөмбөг шигдэж зөөлөн ойдог, чиглэл нь өөрчлөгддөг, теннисчид гулгах тохиолдол их тул хөлийн ажиллагаа их шаарддаг гэх мэт онцлогтой. Зүлгэн дээр тоглосон тохиолдолд тор луу ойртож бөмбөгийг ойлголгүй шууд цохиод ойчиход аюулгүй гээд бас л нэг өөр тактик үзүүлдэг билээ. За тэгээд эдгээр хучилтуудыг яриад эхлэхээр нөгөө Их Дуулга гэдэг нэршил рүү орох хэрэгтэй болно доо. Учир нь хатуу хучилтын гол тэмцээн болох Австралийн нээлттэй аварга, Америкийн нээлттэй аварга, зүлгэн хучилттай Английн нээлттэй аварга шалгаруулах тэмцээн буюу Уимбилдон тэгээд удахгүй эхлэх шороон хучилттай Францын аварга шалгаруулах тэмцээн буюу Ролан Гаррос гэсэн дөрвөн том тэмцээн нь нийлээд Их Дуулга гэдгийг бүрдүүлж байгаа билээ. Нэг жилийн дотор дээрх дөрвөн тэмцээнд дараалан түрүүлсэн тохиолдолд тэр теннисчин Их Дуулгын эзэн болж байна гэсэн үг.

Үүнээс гадна зуны олимп таараад түрүүлчихвэл тун ховор байх алтан Их Дуулгын эзэн болдог гэх. Штеффи Граф гэж герман бүсгүй нэг хэсэг теннисний талбайд хаанчилж байсан даа, санаж байна уу. Тэгвэл тэр шаргал үстэй бүсгүй л ганцаараа энэ дэлхийн бүх теннисчид дотроос алтан Их Дуулгыг эзэмшдэг юм байна. Түүнээс бус цохиур бариад наадах хугацаандаа дээрх дөрвөн тэмцээн ба олимпод байг гэх нь ээ нэг нэг удаа түрүүлж үзсэн теннисчин Андре Агасси, Надаль, Серена Уильямс гээд гуравхан теннисчин жагсана. Энэ цаг үеийн шилдэг теннисчин Жокович, Федерер, Шарапова гээд ийм боломж олоогүй зөндөө “азгүйчүүд” байна.

Теннис анх үүсэхдээ л “зөвхөн баячуудын” гэсэн тодотголтой байсан тэгээд ч тоглох, суралцахад хөрөнгө мөнгө овоо шаарддаг чамин төрлийн спорт. Тиймдээ ч юм уу үзэж байгаа хөгжөөн дэмжигчид нь өөрийн гэсэн дүрэм журмын дагуу хайртай тоглогчоо балиашиглах хуультай. Хөлбөмбөгийн “галзуунууд” шиг 90 минутын туршид хашгирч, шүгэлдэж болохгүй. Яг тоглож байх үед чанга дуугаар орилох юм уу дуу авиа гаргавал зохион байгуулагчид хүрч ирээд шууд л цэнгэлдэхээс гаргаад хаячихна. Түүгээр ч зогсохгүй дахиж тэмцээн үзэх эрхийг нь түдгэлзүүлдэг гэж байгаа. Ер нь “жаахан зоостой” хүмүүс үздэг гэдэг утгаараа реклам зар сурталчилгаа сайн олддог, телевизийн эрхээ өндөр худалддаг тул дээрх Их Дуулгын дөрвөн тэмцээн, тэдний завсраар зохиогддог элдэв төрлийн жижиг тэмцээнүүд бүгд хөөрхөн бай шагналтай гэж байгаа. Жишээ нь дараа долоо хоногт эхлэх Ролан Гарросын шагналын сан 32 сая евро болж нэмэгдээд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчид нь хоёр сая евро халааслах болсон гэх мэтээр лут шүү дээ. Дээр нь хувь хүн өөрөө амжилттай тоглодог, элдэв муу зуршилгүй, бие хаа тэгш бол рекламаар мөнгийг хүүлнэ. Бас л жишээ татахад Оросын үзэсгэлэнт бүсгүй Мария Шарапова хэдийгээр Америкийн Уильямсаас чансаа доогуур ч гэлээ бие хаа өнгө зүс сайтай тул Nike, Avon Products, Evian, Porsche, Tag Heuer гээд олон пүүстэй гэрээтэй, тэднээсээ жилд гуч орчим сая ам долларын шагнал авдаг байжээ. Байжээ гэдгийн учир нь саяхан мельдоний хэрэглэсэн хэргээр тоглох эрхээ хасуулсан тул ихэнх пүүсүүд нь гэрээгээ цуцалсан сурагтай.

Өнөөдөр Олон улсын газрын теннисний холбооны тугийн дор жилдээ 150 орчим тэмцээн дэлхийн 37 улсад зохиогдож байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“АН оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэв

Панамын хуулийн фирмээс алдагдсан оффшор дансны тухай асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Учир нь оффшор дансны асуудалд 10 гаруй улсын төрийн тэргүүн, улс төрч, бизнесийн хүрээнийхэн холбогдоод байгаа юм. Манай УИХ-ын зарим гишүүн, бизнесийн хүрээний эрхмүүд оффшор данс эзэмшдэг болох нь нийтэд ил болсон.

Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна. Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч бас ингээсэй гэж уриалъя. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” хэмээн нэр цохон хэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чамтай, чамгүй болно

Зарим хүн надтай, надгүй бүх зүйл болно гэдэг.
Ажлаа тасаллаа гэхэд “Өөр хүмүүс байгаа юм чинь болно биз дээ. Тэд хийчихнэ. Надгүйгээр
яав л гэж, байхгүй үед болоод л байдаг. Надаар дутав л гэж. Би энэ хүнд тусалсан,
туслаагүй болно доо. Надтай надгүй амьдрах л биз” гэж боддог. Тийм ээ, тийм. Чамтай
чамгүй бүх зүйл болно. Байгууллага чинь ажилладгаараа л ажиллаж, амьдрал үргэлжилдгээрээ
л үргэлжилнэ.

Чи байтугай дэлхий тэр чигээрээ дутахаар агуу гайхамшигт хүмүүс ч
ертөнцөөс явдаг. Гэхдээ л дэлхий ертөнц оршдогоороо оршиж, дараагийн гайхамшигт
хүмүүн төрдөг. Харин тэр гайхамшигт хүмүүс надтай, надгүй болно гэж бодоогүй ээ.
Байгаа цаг хугацаандаа байх ёстой газраа, хийх ёстой зүйлээ хичээнгүйлэн хийсэн.
Тэд дараагийн гайхамшигт хүмүүний шинэ нээлтийн бэлтгэл ажлыг хийдэг юм. Тэр хүмүүс
тухайн цаг үедээ нээлт хийгээгүй бол дараагийн хэн нэгэн нээх л байсан. Гэхдээ цаг
хугацаа алдана. Эрүүл мэндийн салбарын нэгэн нээлт хийлээ гэхэд олон хүний амийг
аварна. Тэр аврагдсан хүмүүсийн нэг та бидний хэн нэгний өвөг эцэг ч юм бил үү.
Хэрэв тэр хүн өвөг эцгийг аврах эм тариа, технологийг хийгээгүй бол хэн нэгэн та
төрөхгүй ч байсан юм бил үү.

Чамайг байсан бол, чамайг байхгүй байхад бас яах бол.
Бодоод нэг үз дээ. Ажлаа тасалсан өдөр чинь хэн нэгэн чамд ашигтай санал тавих гэж
ирсэн ч чи байхгүй болохоор найзад чинь саналаа хэлээд явж болно. Заяаны хань чинь
болохоор үзэсгэлэнтэй бүсгүй ажил хэргээр чамтай уулзах гээд ирсэн чи байдаггүй.
Магадгүй та хоёр дахиад хэзээ ч уулзахгүй байж болох юм. Андын чинь ар гэрт хэцүү
бэрх зүйл тохиолдоход чи байж байгаад тусалсан бол. Хожим тэр бас ачийг тань санах
л байсан. Хэрвээ чи тэр өдрийн ажлаа таслаагүй очсон бол танай бүтээгдэхүүн илүү
олон, илүү чанартай гарах байсан ч юм бил үү. Хорвоо ертөнц дээр хамааралгүй юм
гэж огт үгүй. Тиймээс оршин байгаа, орон зай эзэлж байгаа тэр цаг үеэ агуулгаар
дүүргэ. Байх ёстой газраа, байх ёстой үед нь бай.

Яг энэ цаг үед, яг тэр зүйлийг
хийж, амжуулахын тулд бай. Надгүй бол амьдрал зогсчих юм шиг амьдар. Энэ нь чамд
илүү хэрэгтэй. Үгүй гэвэл чамтай, чамгүй бүх зүйл болно. Байхгүй байсны хохирогч
нь ердөө чи өөрөө юм шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

“Их долоо” юуны тухай хэлэлцэх вэ?

Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс Япон улс энэ
удаагийн “Их долоо”-гийн уулзалтыг
даргалахаар болсон. Тус байгууллагын гишүүн орны бүрэлдэхүүнд Япон улсаас гадна
АНУ, Их Британи, ХБНГУ, Канад, Франц, Итали улс багтдаг. Өмнө нь Япон улс 2008 онд
дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж байв. Миэ мужийн Исэ-Сима хотноо тавдугаар сарын 26-27-ны хооронд болох тус уулзалтаар талууд улс төр, эдийн засаг, гадаад
худалдаа, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч зэрэг өргөн хүрээний асуудлаар хэлэлцэнэ.
Улс төр, дипломат бодлогын хүрээнд Их долоогийн гол ярилцах сэдэв бол Зүүн Хятадын
болон Өмнөд Хятадын тэнгист Хятад улс байр сууриа бэхжүүлж буй асуудал аж. Мөн энэ
үеэр Украины асуудлыг хөндөх нь гарцаагүй гэж үзэж байна. Өнгөрсөн онд Мюнхен хотноо
болсон “Их долоо”-гийн уулзалтын
үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэ тус бүлгийн эв нэгдэлд гол анхаарлаа хандуулна гэж
мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хууль эрх зүйг нэгтгэснээр
олон улсад тулгамдаад буй асуудлыг шийдэхэд дөхөм болно гэж үзэж буй. Японд болох
уулзалт нь Парис ба Бельгид болсон халдлагын дараах томоохон форум юм.

Тиймээс аюулгүй
байдлыг хангах үүднээс Японы Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.
Тухайлбал, уулзалт болохоос дөрвөн сарын өмнөөс Японы Гадаад хэргийн яамнаас олон
улсын терроризмтой холбоотой мэдээллийг цуглуулах төв байгуулсан. Төв нь дотроо
Ойрхи-Дорнод, Хойд Африк, Зүүн өмнөд Ази, Өмнөд Ази
гэсэн дөрвөн салбартай байх агаад Ерөнхий сайдын Тамгын газар болоод гол гол яамдтай
хамтран ажиллах юм байна. Их долоо-д ОХУ 1998 онд нэгдсэнээр “Их найм”-ын уулзалтыг зохион байгуулах болсон. Гэвч
2014 онд Крымын хойг ОХУ-ын бүрэлдэхүүнд
багтах болсноор тухайн үед Сочи хотноо болох байсан “Их найм”-ын уулзалт цуцлагдсан. Их долоо ОХУ-гүйгээр
уулзалтыг Брюсселд зохион байгуулж байв. Харин Японы Ерөнхий сайд Ш.Абэ саяхан Европын
орнуудаар айлчилсан бөгөөд энэ үеэр ОХУ-ын төрийн тэргүүнтэй Сочи хотноо уулзсан билээ.

Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах болсны дараа АНУ болон
Европын холбооны орнууд Оросыг гадуурхах болсон юм. Харин Ш.Абэгийн ОХУ-д хийсэн энэ удаагийн айлчлал барууныхны анхаарлыг
ихэд татаж, сандаргаад авсан гэдэг. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Ш.Абэг ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзахаас татгалзах саналыг тавьж байв. Гэвч
тэрээр саналыг нь үл харгалзан В.Путинтэй уулзсан байдаг. Ямартай ч Ш.Абэ “Их долоо”-гийн удирдагчдаас В.Путинтэй уулзаж, хэлэлцээ
хийсэн анхны удирдагч болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Эдгээр зам хаалттай байна

Улаанбаатар хотын хэмжээнд авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн учраас зарим замыг түр хугацаагаар хаагаад байна. Үүнд Их Монгол улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын “Жапан таун” хотхоны уулзвараас “Оргил” худалдааны төвийн хойд гарц хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр оройн 23:00 цагаас маргааш оройн 22-ны 23:00 цагийн хооронд түр хязгаарлаж хаагаад байна. Энэ хугацаанд дээрх авто замын хучилтын ажлыг хийх болжээ.

Иймээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замын хөдөлгөөн дараахь байдлаар өөрчлөгдсөн байна.

Тухайлбал, Ч:28 чиглэлийн автобусууд Ривер гарден хотхон хүртэл явах боломжгүй тул Дүнжингарав худалдааны төв хүртэл явна. Харин Ч:36, Ч:44 чиглэлийн автобусууд Хүннүгийн гудамжаар 2 талдаа үйлчлэх бөгөөд Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болохыг иргэд, зорчигчдод мэдэгдэж байна.

Нисэхийн чиглэлийн нийтийн тээвэр “Буянт Ухаа 1” хороолол хүрнэ

Хан-Уул дүүрэг, Нисэхийн уулзвараас урагш 250 м авто замыг өчигдөр оройн 22.00 цагаас маргааш оройн 22:00 цаг хүртэл хааж хучилт хийж байна. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4”, Ч:15 ”Нисэх-Сонсголон-3 дугаар эмнэлэг” чиглэлүүдийн зам дараахь байдлаар өөрчлөгдөх аж. Тухайлбал, Ч:7, Ч:9, Ч:15 чиглэлийн их багтаамжийн автобусууд 7-р сургууль болон Нисэхийн эцэс хүртэл явах боломжгүй тул “Буянт-Ухаа 1” хороолол хүртэл явахыг иргэдэд мэдэгдэж байна.

Categories
мэдээ улс-төр

Манай сонгуулийг ажиглахаар ЕАБХАБ-ын эхний баг иржээ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын шинжээчдийн баг УИХ-ын сонгуулийг ажиглахаар Монгол улсад хүрэлцэн иржээ. Тус багийнхныг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хүлээн авч уулзсан байна.

Шинжээчдийн багт 12 улсын 13 мэргэжилтэн орсон байна. Удахгүй тус байгууллагаас сонгуулийн урт хугацааны 14 ажиглагч, богино хугацааны 300 ажиглагч хүрэлцэн ирж ажиглалт хийх ажээ.

ЕАБХАБ-ын Сонгуулийн ажиглах хороог Элчин сайд хатагтай Одри Гловер тэргүүлж ажиллах юм байна. Тэрбээр 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мөн хороог ахалж байжээ. Тус хороо нь ЕАБХАБ-н мөрддөг парламентын сонгуулийн журам, бусад олон улсын хууль дүрмүүд болоод дотоодын парламентын сонгуулийн тухай хууль тогтоомжуудын биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх юм. Ажиглагчид нь сонгуулийн хорооны ажлын явц, болон сонгуулийн сурталчилгааны үйл явцыг хуулийн дагуу явагдаж байгаа эсэх болон сонгуулийн өдрийн бүх үйл явцыг ажиглах юм байна. Үүний хажуугаар хэвлэл мэдээллүүдэд мониторинг хийх гэнэ.

Сонгуулийг ажиглах багийн ажлын ерөнхий дүгнэлт мэдээлэл сонгууль дууссанаас хойш ойролцоогоор хоёр сарын дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүрэх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Даваа гаригаас ЗЦГ, 13-р хороолол, 15-р хороолол орчмын халуун усыг хязгаарлах юм байна

Нийслэлийн дулааны төв шугамд энэ зун хийгдэх засварын ажлын хуваарийн дагуу энэ сарын 23-наас буюу даваа гаригаас эхлэн зургаадугаар сарын 6-н хүртэл Соёлж, ЗЦГ, Шинэ үе сургууль, Оюутны хотхон, 13-р хороолол, Бөхийн өргөө, СЭЗДС, Сайд нарын 2-р эмнэлэг, 15-р хороолол, Кино үйлдвэр, БЗД, ЭКО хотхон орчмын халуун усыг хязгаарлах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй бол зургадугаар сарын 1-нээс замын хөдөлгөөнд оролцох боломжгүй

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг.

Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.

Журмын дагуу жолооч таны автомашины улсын дугаар:
1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах юм. Тиймээс та хуулийн хугацаа дуусахаас өмнө тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрөө төлнө үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ соёл-урлаг

Хөгжмийн зохиолч Б.Шарав тоглолтоо хийнэ

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт хөгжмийн зохиолч, Б.Шарав өөрийн уран бүтээлийн “Тэнгэрийн орон” тоглолтыг толилуулахаар болжээ.

Хөгжмийн зохиолчийн тоглолтыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй юм байна. Тоглолт нь хөгжмийн зохиолчийн “Аав ээж хоёр минь” тоглолтын шинэ гарсан DVD болон “Сэрсэн тал” цомгийн нээлт бөгөөд мэргэжлийн дуучин, хөгжимчид оролцохоор онцлогтой аж.

Тоглолтод АЖ А.Долгор, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Ө.Уянга, МУГЖ Э.Амартүвшин, МУСТА Б.Эрдэнэтуяа, МУСТА С.Наран, МУСТА О.Хүрэлбаатар, МУСТА Ч.Энхтайван, МУСТА Н.Анхбаяр, МУСТА Б.Гомбо-Очир, МУСТА Э.Төрмандах зэрэг дуучин оролцох нь ээ. Түүнчлэн “Voice” , “Увертюра” зэрэг хамтлаг орох юм байна.

“Тэнгэрийн орон” уран бүтээлийн тоглолт энэ сарын 27-нд 19.00 цагт “Соёлын төв өргөө”-нд болно.