Categories
мэдээ цаг-үе

М.Болд: “Байгаль” цомог маань гарсан цагаасаа борлуулалтаараа тэргүүлж байна

Борлуулалтаараа тэргүүлж байгаа “Байгаль” цомгийн тухай ярилцахаар “Брос рекордс”-ын продюсер М.Болдтой ярилцлаа. “Дэлхий” хамтлагийн “Байгаль” цомог “Савдаг”, “Үүл”, “Үр”, “Цэцэг”, “Тайга”, “Чоно”, “Бүүвэй”, “Байгаль” гэх мэт арван бүтээлээс бүрддэг. Морин хуур, гитар, лимбэ, чило, хийл, саксафон, бөмбөр, даралтат хөгжим, хуучир, цуур, ятга гэх мэт олон хөгжим оролцуулан бүтээжээ. Энэхүү цомог нь дуу бичлэгийн орчин цагийн дэвшилтэт аргыг монгол ардын хөгжимтэй хослуулан зохиомжилсон онцлогтой.

-“Ертөнц”, “Байгаль” гээд эхний хоёр цомог гарсан. Цаашдаа хорин жил үргэлжлэх төсөл гэж та ярьсан байна лээ?

-Манайх “Брос рекордс” гэж хөгжмийн компани. Энэ компани яагаад байгуулагдсан гэхээр бид Монголын нэртэй хамтлаг дуучидтай хамтарч ажилласан. Өөрсдөө юм хийх ёстой юм байна. Олон улсын зах зээлд гарахаар юм хийх ёстой юм байна гэж шийдсэн юм. Тэр нь юу байх вэ гээд судалж эхэлсэн. Олон улсад гарахад хамгийн том асуудал хэл байдаг. Урлагийн төрлүүдээс уран зураг, бүжиг, хөгжим хэл яриагүйгээр хэнд ч ойлгогдоно. Бидний хийж чадах юм хөгжим учраас хөгжим бүтээхээр шийдсэн юм. Хөгжим нь ямархуу байх ёстой юм гээд дараагийн асуулт гарч ирсэн. Орчин үеийн хүмүүсийн сонирхож болох хөгжим юу вэ. Дэлхийн өчнөөн олон хүн хөгжим хийж байгаа. Гол ондооших юм маань бидний язгуур урлаг, өвөг дээдсийн үлдээсэн өв соёл. Бид мартагдах шахсан ардын хөгжмүүдээ судлаад, хамгийн эхний “Ертөнц” цомгоо 2009-2013 оны хооронд хийсэн юм. Энэ цомогтоо бид ховис гэж хөгжмийг сэргээж оруулж ирсэн байгаа. Ховис нь Түрэгийн үед их дэлгэрч байжээ. Сүүлд Хубилай хаан Их Юань гүрнийг байгуулаад, Дайду хотод 412 хүний бүрэлдэхүүнтэй том оркестр тоглож байсан тухай сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдээсэн байдаг. “Асар” гэдэг бүтээлийг хэдэн өдөр тоглож байсан. Тэр нь дотроо чулуун, арьсан хөгжмийн аймаг гэж тус тусдаа хуваагддаг. Манай Монголын язгуур хөгжмийн зэмсгүүдийг судалж chillout, new age, world music, ethno electronic төрлүүдтэй хольж хийсэн юм. Дээр нь байгалийн дуу чимээ оролцуулсан. Хөгжмийн зэмсгүүдээ сэргээж тоглохоос гадна тоглолтынх нь хэв маяг манай ардын хөгжим тоглодог аргуудаас өөр маягаар, гэхдээ аялгуу эгшиг нь дуурьсаж байхаар найруулсан юм. Бид анхнаасаа дэлхийн зах зээлд монгол хөгжим танилцуулъя, дэлгэрүүлье гэж шийдсэн. Том санаа нь бол соёл урлагаар байлдан дагуулах гэж нэг юм бий.

-Дараагийн цомгийн санаа тодорхой болчихсон уу?

-Тодорхой. Бүр анхнаасаа үүнийгээ зарласан. Манай шоу бизнес дэлхийн түвшинд өндөр хөгжиж чадаагүй. Шоу бизнес гэдэг маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Бидний дискийг дэлхийн хэмжээний том хөгжмийн компани сурталчилбал ганц цомгоороо ч маш амархан гарчихна л даа. Бид таван сум гэдэг шиг хүчээ нийлүүлээд, таван цуврал цомог гаргая гэсэн юм. Энэ таван цуврал цомгоо “Ертөнц” гэдэг төслийн дор хийе гэж төлөвлөсөн. Үндсэн таван өнгө байгаа шүү дээ. Хадаг ч таван өнгөтэй, таван махбодь ч гэдэг, таваар цогцолж байдаг. Хөх өнгөтэй “Ертөнц” цомог хамгийн эхнийх. Энэ нь мөнх тэнгэрийг бэлгэдсэн.Хоёр дахь нь ногоон өнгөтэй “Байгаль” цомог хийе гэсэн. Нэрнээсээ эхлээд байгаль дэлхийг дуулж байгаа юм. Эцэг тэнгэр, эх дэлхийн тухай хоёр цомог гаргачихлаа. Дараагийн удаа улаан өнгөтэй “Гал” цомог байна. Энэ нь хүнийг бэлгэдэж байгаа юм. Хүн бол бусад амьтнаас ялгаатай нь оюун ухаантай. Гэгээрэл, оюун ухааныг бэлгэдсэн цагаан өнгийн цомог бас бүтээнэ. Төслийнх нь нэр “Орчлон” гэж яваа. Шар өнгө нь сүсэг бишрэл. Хүн оюун ухаантай ч эцэг эхээ, бурхан шашин, уул усаа шүтэж явдаг. Монголчуудын хамгийн их шүтдэг шашин шарын шашин шүү дээ.

-Эхний хоёр цомог нь хамгийн их борлуулалттай цомгоор аль хэдийнэ шалгарчээ?

-“Ертөнц” цомог маань 2013 оны хамгийн их борлуулалттай цомог болсон батламж нь тэр байна. Ногоон өнгөтэй “Байгаль” цомгоо нэгдүгээр сард нээсэн. Гарснаасаа хойш долоон долоон хоног борлуулалтаараа тэргүүлж байна.

-Хэдийгээр нэг их реклам сурталчилгаа цацахгүй байгаа ч хүмүүс мэдээд сонгоод байна гэдэг чухал?

-Аливаа уран бүтээл олон хүнд хүртээмжтэй, хэрэгцээтэй байх ёстой. Худалдан авалт гэдэг хамгийн бодит дүгнэлт байдаг шүү дээ.

-Надад нэрнүүд нь их сонирхолтой санагдсан. “Дэлхий” хамтлаг, “Ертөнц” “Байгаль” гэхээр хэтэрхий ерөнхий, амбицгүй, ердийн юм шиг мөртлөө философилог ч юм шиг сонсогдож байна. Бусдаас ялгарах гээд хурц тод, содон нэрнүүд өгдөг шүү дээ?

-Ер нь эд бүгд философи. Бидний ч юм биш манай өвөг дээдэс, бурхан шашин, тэнгэр үзэл бүх л юмны философи шүү дээ. Эх дэлхийгээ хайрлая, оюунлаг, гэгээлэг байя гэсэн утга санаатай. Бид илэрхийлээд гаргаж байгаа ч бидний ард эрдэмтэн мэргэд, хөгжмийн том зүтгэлтнүүд, зохиолчид гээд маш олон хүн бий. Бид өөрсдөө санаагаа гаргаад тэдэнтэй ярилцана, судална.

-Надад байгалийн дуу чимээ маш их таалагдсан. “Эмчилгээний хөгжим болжээ” гэж нэг сэтгэл зүйч дүгнэсэн байна лээ. Шувуудын жиргээ, борооны чимээ гэхэд л маш их тайвшрал өгдөг?

-Дэлхий дахинаараа хэт хөгжлийн хойноос хөөцөлдөж явсаар байгаад хүн өөрийгөө алдчихаж байгаа юм л даа. Утас, зурагт, хотын стресс дунд байгалийн чимээ сонсогдоход бүх нүргээнээс ангижраад, өөртэйгөө орших нөхцөл бий болно.

-Хүн хөгжил дэвшил, технологиор амьсгалж, хэдэн мянган жил амьдарсан ч байгалийн амьтан хэвээрээ үлддэг юм байна?

-Дуу хөгжим гэдэг байгалийн дуу чимээг дуурайж бий болсон шүү дээ. Салхины чимээг дуурайгаад исгэрээд, исгэрээнээсээ лимбэ бишгүүр, малынхаа арьсыг цохиж нүдэж байгаад хэнгэрэг хийсэн. Хөгжим бол хүний сэтгэлд хүрэх гол түлхүүр гэж эрдэмтэд хэлсэн байдаг.

-“Чоно” гээд хөгжим байна лээ. Археологич Г.Эрдэнэбаатар “Хүннүгийн үеийн дуу хөгжмийн тухай сурвалж бичигт Хүннүгийн дуу хөгжим гэдэг чононоос эхтэй юм байна” гэж тэмдэглэж үлдээсэн гэж хэлсэн?

-Монголын нууц товчоонд ч “Монголчуудын уг гарвал хөх тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, Гоо марал” гэж тэмдэглэж үлдээсэн. Чингис хаан гэхэд мянганы суут хүн. Энэ хүмүүсийн түүхэнд ингэж бичиж үлдээсэн болохоор бид энэ цаг үед заавал эрхэмлэж гаргаж ирж, хүмүүсийн анхаарлаа хандуулах ёстой. Нөгөө талаасаа монголчууд чоныг хийморь, лүндаа, урваж шарвадаггүй амьтан гэж үздэг. Араатнаас чоныг, жигүүртнээс шонхорыг бид онцолсон.

-Тайгын гүнд байгалийн дуу чимээг бичсэн гэсэн үү?

-Бид энэ хоёр цомгоо дандаа байгаль дээр гарч хийсэн л дээ. Гэр студи байгуулаад, хөгжмөө аваачсан. “Тайга”-ыг бичихдээ Хөвсгөлийн тайгад очиж зураг авсан. Дархад ардын дуу хөгжмийг судлаад, байгалийн дуу чимээг бичиж аваад хийсэн л дээ.

-“Дэлхий” хамтлагийг яаж бүрдүүлсэн бэ. Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, “Авьяаслаг монголчууд”-д дээгүүр давхисан лимбэчин Б.Мягмарцэрэн гээд өөр өөрийнхөө чиглэлээр амжилт гаргасан хүмүүс байна лээ?

-Бидний мөрөөдөл нэг. Бүгдээрээ сайхан хөгжим бүтээх дуртай. Өөр өөрийнхөө чиглэлээр мастерууд л даа. Дэлхий дахинд хөгжмөө таниулахыг хүсдэг.

-Хөгжмийн зохиолчид өөр өөр байх уу. Эсвэл өмнөх цомгуудад ажилласан Г.Пүрэвдорж гуай, Г.Онон нартай үргэлжлүүлж хамтарч ажиллах уу?

-“Ертөнц” цомогт хөгжмийн зохиолч, дуучин Г.Онон бид хоёр ажилласан. “Байгаль” цомогт Г.Пүрэвдорж гуай нэмэгдэж ажилласан. Улаан цомог маань харин этно рок төрлийн хөгжим. Харангын Ц.Энхманлай гавьяаттай хамтарч ажиллаж байгаа. Бид гаргасан санаагаа хэрэгжүүлэхийн тулд Монголын шилдгүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Б.Шарав гуайтай бас ажиллаж байна.

-“Монголын дуу хоолой” радиогоор “Байгаль” цомгийн тухай мэдээлэл цацагдахад япончуудаас олон захиа ирсэн юм билээ. Хөгжим дэлхийн хэл гэдэг шиг япон хүмүүс ч бас ойлгоод, үнэхээр сайхан хөгжим байна гээд сэтгэл догдлон захидал бичсэн байна лээ. Өөр орны хүмүүс ингэж хандсан уу?

-Бид олон улсад уран бүтээлээ таниулах сурталчлах, түгээх тал дээр эрчимтэй ажиллаж чадахгүй байгаа. Зарим хүн биднийг гайхаад байдаг л даа. Та нар яагаад сурталчилгаа ч хийхгүй, чимээгүй байдаг юм бэ гэдэг. Бид ажлаа хийчихээд, тэр нь хүмүүст таалагдаад, биднийг эрж хайгаад ирэг л дээ. Тэгэхэд нь л бид бэлэн байя. Юу ч хийгээгүй байж бид ийм юм хийх гэсэн юм, тэдэн төгрөг өгөөч гээд явах хэрэггүй гэж боддог. Цомгоос гадна тоглолт хийнэ. Тоглолтоо олон газар, олон тайзан дээр хийж, Монгол гэдэг нэрийг гаргаад л явна. Дэлхийд цацна гээд зүгээр л цацчихдаг юм биш. Эхлээд аль цэгт хүрэх вэ тэр зах зээлтэйгээ боломжоороо ажиллах учиртай. Бид дорнын хүмүүс. Зүүн Азийнхан хөг аялгуу ойролцоо, хөгжмийн зэмсгүүд нь өөр өөр нэртэй боловч төстэй. Дорнын сэтгэлгээ ойролцоо учраас эхлээд Япон, дараа нь Хятадын зах зээл рүү өөрсдийнхөө мэдээллийг идэвхтэй явуулахыг хичээж байгаа.

-Хятадуудын зүгээс ямар нэг сэтгэгдэл илэрхийлсэн үү?

-Хятад, япон хүмүүсийн соёл, амьдрах орчин, өөрсдийгөө илэрхийлэх байдал нь өөр л дөө. Хятадууд ихэвчлэн шууд худалдан авалт хийдэг. Хятадад тоглолтоо хийх, хамтарч уран бүтээл хийх талаар ажиллаж байна. Японд ч өөрийгөө таниулах цаашилбал тоглолт, хөгжмийн наадмуудад оролцох гэх мэтээр хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Бид хийгээгүй ажлаа ярих дургүй. Хийчихээд үзүүлэх дуртай.

-Цомгуудаа яаж санхүүжүүлж байгаа вэ. Борлогдсон бүтээгдэхүүнийхээ орлогоос дараагийн уран бүтээлээ санхүүжүүлдэг юм уу?

-Ер нь энэ цомгуудыг хийх гэж бид амьдралаа зориулаад явж байна даа. Бид өөрсдөө дуу, хөгжмийн бизнес хийдэг хүмүүс. Нэг уран бүтээлдээ яагаад цаг их зарж байна гэхээр мөнгө төгрөгтэй холбоотой.

-“Байгаль” цомгоо гурван жилийн турш хийсэн гэсэн үү?

-“Ертөнц” цомгоо дөрвөн жил, “Байгаль” цомгоо гурван жил хийсэн. Нэг ажил хийгээд жаахан мөнгө олоод, түүнийгээ цомогтоо зарцуулах маягаар л явсан даа. “Байгаль” цомог дээр “Хужирт” гэж цэвэр байгалийн эрдэст усныхантай ажилласан. Бидний ажлыг ойлгодог, дэмждэг хүрээлэл бий. Тэд маань их тусална даа.

-Танай цомогт хобис гэж хөгжмийн аялгуу эгшиглэсэн гэсэн. Энэ хөгжмийн тухай тодруулж яриач?

-Хобис чавхдаст хөгжмийн төрөлд орно л доо, дөрвөн утастай. Янжинлхам бурханы өвөр дээр байдаг хөгжим шүү дээ. Монголчуудын хувьд мартагдсан хөгжим. Саяхан “Алтай ятга” гээд сэргээн гаргаж ирж л байна. Нүүдэлчид гэдэг чинь нүүгээд, цус нь ч, соёл нь ч холилдоод явдаг байсан хүмүүс. Хубилай хааны үед ихээхэн түгж дэлгэрч байсан хөгжим. Ордны найрал хөгжимд тоглогдож байжээ. Одоо бидний үед малын бэлчээрт, айлын хойморт тоглож байсан хэдэн хөгжим маань л өвлөгдөж ирсэн шүү дээ. Энэ хөгжмийг өвөрлөгч ах дүү нар их хэрэглэдэг.

-“Ертөнц” цомогт багтсан “Хурай” гээд дууны үгийг та бичсэн гэсэн. Үнэхээр гоё үгтэй юм билээ?

-Ж.Бадраа гуай, Г.Бадрах нар Монголын хөгжим судлалд их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс л дээ. Тэдний бичиж үлдээсэн зүйлсийг их судалдаг. Ерөөлийн тухай судалгаа байдаг. “Хурай” бол дэлгэр ерөөлд багтах бүтээл. Дэлгэр ерөөл нь өнгөрсөн цагийн учгийг тайлах, одоо цагийн учрал, ирээдүйг угтах гурван цагийг багтаадаг. Хүннү, Сүннү, Нирунаас гээд өвөг дээдсийнхээ тухай өгүүлээд “Цайлган сэтгэлт монголчуудын цаашдын зам нь цагаан байг” гээд. Цэвэр ичимтгий охид мину, цэгц шударга нөхөд мину гээд өнөөгийн байдлыг дуулаад, Уужуу сэтгэлт монголчуудын урдахь зам нь цагаан байг гэдэг. Ирээдүй болсон залуучууд нь эрдэм соёлоор биеэ чимсэн гээд ирээдүйгээ өгүүлээд “Хойчийг залгах үрсийн маань хожмын зам нь цагаан байг гээд гурван цагийг холбож хийсэн ерөөл юм. Түүнийхээ дахилтыг хурайгаар нэгтгэчихсэн. Хурай гэдэг нь юмыг хурааж авах утга. Олуулаа нэг юмыг хийхээр хураагддаг. Цэргүүд “Ура” гээд дайрахаараа хүч нь нэмэгддэг. Хүмүүс бүгд хурайлах юм бол монголчуудын буян хишиг дэлгэрэх юм гэсэн санааг авч хэрэглэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын захиргааны гурван давхар “пин”-гээ бас л буулгахгүй гэнэ

Хотын захиргааны нэгдүгээр байр буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байшинг буулгаж, буурин дээр нь орчин үеийн стандарт бүхий шинэ барилга барихаар болсон. Улмаар эдийн засгийн хөгжлийн газраас концесс олгох уралдаант болзлыг зохион байгуулан “Голомт фаннэйшнил” компани шалгарсан юм. Тус компани өөрийн хөрөнгөөр төмөр бетонон карказан хийцтэй зургаан давхар, нэгдсэн зоорийн нэг давхартай нийт 17037 метр квадрат талбай бүхий барилгыг хотын захиргааны гурван давхар “пин”-гийн оронд барихаар төлөвлөөд байна.

Дөчин долоон онд баригдаж, хоёр мянга долоон онд ашиглалтынх нь хугацаа дууссан байрны оронд сүндэрлэх шинэ барилгынхаа зураг төсөл, төлөвлөгөөг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулаад буй. Гэвч хотын энэхүү шийдвэрийг ард түмэн ихээхэн эсэргүүцэж байгаа бололтой. “Түүхийн дурсгалыг устгах нь”, “хотын дарга танил тал, найз нөхөдтэйгөө нийлж идэж уух нь”, “захиргааны гурван давхар байрыг залгилахад хүрлээ” гэж баахан хардаж сэрдэн, харааж зүхэж сүйд болж байна. Энэ бүхнийг эрүүл саруул ухаанаар харж, наанатай цаанатай бодоход арай хэтэрнэ ээ.

Тарж бутарсан, салж нийлсэн, сараа саравчийг малын пин гэдэг. Дэлхийн том том хотуудын тэнгэр баганадсан орчин үеийн барилга байгууламжийн дэргэд хотын захиргааны гурван давхар шар байшин үнэндээ малын пин л байхгүй юу. Малын саравч шиг навсгар байшин түүхийн дурсгал байна гэдэг үнэндээ хэтэрсэн асуудал болно биз дээ. Улаанбаатар хотын зүрх нь болсон төв талбайн дэргэд, жинхэнэ “А” бүсэд орчин үеийн стандартад нийцсэн, машины зогсоолоос аваад бүхий л төлөвлөлтийг нарийн чанд баримталсан барилга сүндэрлэн босно гэдэг бүтээн байгуулалт биш гэж үү. Улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр концессын гэрээгээр барилга байгууламжийн ажил явагдана гэдэг өнөө цагт дэлхийн улс орнуудын хамгийн дэвшилтэт арга болсон. Хотын захиргааны байр ийм зарчмаар, олон улсын хууль дүрмийн дагуу баригдахаар болсон.

Нийслэлийн засаг ноён танил тал, найз нөхөдтэйгөө нийлж захиргааны байрыг маань залгиж байна гээд цуураад байгаа. Ингэхэд хувааж идэхгүйгээр, хэн нэгэндээ илүүчилж өгөхгүйгээр бүтдэг ажил гэж энэ дэлхий дээр байна уу. Миний бие Бат-Үүлийг найз нөхөдтэйгөө нийлээд хуваагаад идчих гэж байгаа юм биш гэж хэлж байна. Ашиглалтынх нь хугацаа дууссан “малын пин”-гийн оронд хэн нэгэн нөхөр барилга барих нь гарцаагүй. Барилга барихын тулд хотын захирагчаас хууль дүрмийн дагуу нэг нь газрын зөвшөөрлийг авч таарна. Цаанаа бас ашиг хонжоо олохыг бодож таарна. Үнэ хөлсгүй ажил хөдөлмөр, мөнгөн дүнгээр хэмжигддэггүй бүтээн байгуулалт гэж хаана ч байхгүй.

Бусдын хардаж сэрдээд байгаа шиг Бат-Үүл ойр дотнын таньдаг мэддэг, найзалж нөхөрлөж ирсэн, манайхны хэлдгээр зан зангаа авсан нэгэндээ өгсөн бол бүр чиг сайн. Учир нь андын журмыг баримталсан хүн наад зах нь хулхидаад алга болдоггүй л байхгүй юу. Хичнээн хууль дүрмийн хүрээнд ч гэлээ, нэр зүс үл мэдэх нөхөрт итгэл хүлээлгэж өгөөд адаг сүүлд нь хоосон хоцрохыг алийг тэр гэхэв. Танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэдэг биз дээ.

Дотнынхоо хүнд бат итгэлтэйгээр өгч, найзын ёсоор тус болж дараа нь ард түмэндээ нүүр бардам байх шиг бахтай зүйл амьдралд үгүй. Ер нь явж явж хүн гэдэг чинь таньдаг мэддэг нэгэндээ тус дэм болохыг боддог шүү дээ. Тиймээс хотын даргыг “Голомт фаннэйшнил” компани буюу дотнын нөхөртөө захиргааны байраа концессын гэрээгээр өгсөн байгаасай гэж бодоод буй минь энэ.

Дотнын нөхөртөө итгэл хүлээлгээд зогсохгүй Монголын хэвлэл мэдээллийнхний нэг нүдээрээ ч үзэж чадахаа байсан, есөн шидээр нь хэлээд байгаа хүү Чулуудайдаа хариуцуулсан бол бүр сайн байна. Улаанбаатарын зүрх нь болсон төв талбайн дэргэд улсын баатар эцгийнхээ нэрийг бодоод ёстой нэг хийсэн шиг хийж, барьсан шиг барьж, нүүр бардам хүлээлгэж өгөх байлгүй. Эцэгтээ хийж өгч байгаа юм шиг хандана, хүний хүү тийм л байдаг хойно. Эр хүн ямар ч үед төрсөн хүүдээ итгэдэг. Хүний амьдралд энэ бол бичигдээгүй хууль юм.

Дэлхийн том том хотуудыг үнэндээ яаж боссон гэж бодно. Бурхан тэнгэр тэднийг гэнэт бий болгочихоогүй. Таньдаг, мэддэг нэгэндээ итгэдэг амьдралын зарчмаар явсан нь мэдээж. Хүн төрөлхтний нүдийг булаадаг Нью-Йорк хотын Манхэттен гэж дүүрэг бий. Манхэттений тэнгэр баганадсан, хийц дизайны жинхэнэ урлаг, өнгө гэрлийн гайхамшиг болсон барилгуудын түүхийг аваад үзье. Яг үнэндээ бол Нью-Йорк хотын захирагч таньдаг нэгэндээ газрыг нь өгч, орчин үеийн гол мөрдлөг болсон “концессын гэрээ”-гээр авсан нэг нь бас жаахан ашиг олох гэж хөдөлмөрлөж зүтгэсний хүчинд өнөөдрийн Манхэттен сүндэрлэсэн.

Олон улсын жишиг хотуудын бүтээн босголтын түүх ийм. Хүний нийгмийн хөгжил дэвшил ингэж бий болдог. Үндсэндээ олон танилуудын хоорондын итгэлцэл, хэн нэгнээ хүндэтгэсэн хүндлэл, ирээдүйгээ харсан зөв ухаарал, эрмэг зоримог алхам дээр тогтдог байна. Аль ч нийгэмд найз нөхөд, танил талын хүрээний итгэлцлийн гагнаас, түүнийг холбосон хүнлэг чанар байж улс орон оршин тогтнох дархлаа нь болдог. Социализмын үед ч хэн нэгэн нөхөр таньдаг дарга дээрээ ороод “Наад ажлаа манайд өгчих. Унац нь хаачихав” гэж ярьдаг байсан.

Монголчууд бид аливаа зүйлийн учир мэдэхгүй, дэндүү харанхуй бүдүүлэг байгаагийн илрэл юм бүгдээс харагддаг. Анагаахын шинжлэх ухааны гол төв болсон, бидний хүсч мөрөөдөөд хүрэхээргүй эмнэлгийг Японы Засгийн газрын тусламжтайгаар Монголд барья гэтэл “империалистуудаар амиа авруулахгүй, энд мод тарина” гэж өвчигнөцгөөсөн. Энэ мэт эх оронч царайлсан хийрхэл, энэ олон жагсаал цуглаан эвсэл, дээрээс нь ашиг сонирхлын зөрчлийн гэдэг ч юм уу, ард иргэдээ гэнэт баяжиж, хөрөнгөтэй болохыг эсэргүүцсэн хууль зай завсаргүй “нүдэж” байхад Монголд Манхэттен шиг өндөр барилга босохгүй. Үндэсний хөрөнгөтнүүд, баялаг бүтээгч үнэт капиталууд бий болохгүй, харин түүнийг эсэргүүцэгч, нураагчид үй түмээрээ үржиж буй цагт улс орон яаж хөгжих юм.

Уул уурхай, ашигт малтмал, барилга байгууламж, бүтээн байгуулалт гэсэн бүхэнд саад тээг болж, хий хоосон хийрхэцгээж, огтоос амьдралгүй зүйл ярьж харанхуй бүдүүлэг байхаа больё. Аливаад ултай суурьтай ухаалаг хандаж, дэлхийн хөгжил дэвшлийн нэгэн жигүүр болсон Улаанбаатар хотыг хамтдаа цогцлоон босгож амьдрах хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “”Хан ресурс” бидэнд ямар сургамж өгөв?” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы даваа гариг бүрт уламжлал болгон хүргэдэг “Танайд өнжье” булан шинэхэн орон сууцандаа ороод байгаа Б.Хандмаагийнхаас шинэ дугаараа хүргэж байна. Нийслэлийн 2012-2016 оны үйл ажиллагаанд нэгэн том хөтөлбөр тусгагдсан нь агаар болон, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой гэр хорооллын иргэдийг орон сууцтай болгох дахин төлөвлөлтийн төсөл юм. Энэ төсөлд хамрагдан газраа чөлөөлөн орон сууцтай болж буй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Үүний нэг болох “Шинэ Амгалан” хороолол. Алд цэнхэр хадаг, аягатай сүүгээ барин хөл хөөр болсон эдгээр айлаас бэлтгэсэн “Танайд өнжье” буланг нэг, 12, 13 дугаар нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн “Цагдаа, прокурор, шүүхийн гадна чулуу няслаад суудаг хүмүүс байхгүй болно” хэмээх ярилцлагыг өнөөдрийн дугаарын эхний нүүртээ онцоллоо. Тэрбээр прокурорын байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, болоод цаг үеийн бусад асуудлаар манай сэтгүүлчтэй ярилцсан байна. Ярилцлагыг нэг, хоёр дөрөвдүгээр нүүрээс уншина уу.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, алдарт гуравдугаар нүүрт “”Хан ресурс” бидэнд ямар сургамж өгөв?” нийтлэл хэвлэгдэн гарлаа. Уг нийтлэлд “…Тэглээ гээд энэ хүмүүс “Хан ресурс”-т 70 сая ам.долларыг халааснаасаа гаргаад өгөх биш Монголын ард түмний идэж уух, өмсч зүүхээс танагдан гарч байна. Харин бид “Хан ресурс”-ын сургамжийг л үеэс үедээ санаж явах нь чухал байна. Өөрөөр хэлбэл 70 сая ам.доллараар бид сургамжийн хичээл авлаа” хэмээн бичсэн байна.

Сүүлийн үед орон сууц, байрны гадаах зогсоол дээр тавьсан автомашины толь, эд зүйл хулгайд алдагдах хэргүүд ихэсчээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн газар автомашины толины хулгайн хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг хийж эхэлсэн бөгөөд үүний нэг нь автомашины толин дээр тухайн автомашины улсын дугаарыг үнэгүй шивж кодлож өгч байгаа аж. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг долдугаар нүүрт хэвлэлээ. Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллүүд манай өнөөдрийн дугаарт гараад байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар Чехийн гран прид түрүүлжээ

Сонирхогчийн боксын олон улсын гран при тэмцээн Чех улсад болсон байна. 15 орны 80 гаруй тамирчин өрсөлдсөн 47 дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн Б.Эрдэнэбаяр дасгалжуулагчийн удирдлага дор дөрвөн ширэн бээлийтэн өрсөлдөж, хоёр алтан медаль авчээ.

Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар Чехийн гран прид түрүүллээ

56 кг-д өрсөлдсөн оюутны дэлхийн Универсиад наадам, “Химийн цом”-ын аварга, ОУХМ, “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энх-Амар алтан медаль, 60 кг-д хүч үзсэн хүүхдийн Азийн наадмын аварга, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга Э.Цэндбаатар аваргын төлөө тоглолтод Молдавын Д.Бускаг 2:1-ээр ялж, түрүүлжээ. Харин 75 кг-д Н.Шинэбаяр Италийн К.Салветоретод, 81 кг-д С.Эрдэнэбаяр Словакийн С.Матуст дийлдэн, тэмцээнээ өндөрлүүлсэн байна

Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар Чехийн гран прид түрүүллээ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны найм дахь тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны найм дахь тохирлыг өнөөдөр МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулна. Энэхүү тохиролд тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд худалдан авалт хийхэд авсан бүх баримт хамаарах юм байна. Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын

  • Найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,
  • Долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,
  • Зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,
  • Таван орон тохирсон бол та 500 мян төгрөг,
  • Гурван орон тохирсон бол та 100 мян төгрөг хожно.

Харин супер азтан 200 сая төгрөг хожих боломжтой бөгөөд тавдугаар сарын хонжворын сан 675 900 000 төгрөг аж.

Categories
мэдээ нийгэм

Борооны ус зайлуулах шугамыг засварлаж байна

Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлаас Энх тайвны гүүрний урд хэсэг хүртэлх авто замын борооны ус зайлуулах шугамын угсралтын ажлыг хийж байна. Тодруулбал, Нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ гүйцэтгэлийг нь хариуцан ажиллаж байгаа аж. Шугамын угсралтын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Одоогоор 300 мм диаметртай 336.0 м урт PVC хоолой, 70.0 м урт ган хоолой, 6 ширхэг үзлэгийн худаг, 5 шүүрт худаг суурилуулсан ажлын явц 60 хувьтай байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-аар эдгээр асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн тавдугаар сарын 20-ны өдрийн хурлаар ирэх долоо хоногт хууль тогтоогчид дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталжээ. Тавдугаар сарын 23-аас 27-ны өдрүүдэд нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг гаргасан байна. Үүнд:

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 23-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхим”-д.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 23-ны Даваа гарагт:

  • Арбитрын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Татварын хуулиудын /шинэчилсэн найруулга/ төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д;
  • Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
  • “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 01-р хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгсөн чиглэлийн хэрэгжилтийн асуудлаар /Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар/ холбогдох албан тушаалтнууд, иргэдтэй хийх Өргөдлийн байнгын хорооны уулзалт-хэлэлцүүлэг 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.

05 дугаар сарын 24-ний Мягмар гарагт:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд.

05 дугаар сарын 26-ны Пүрэв гарагт:

  • Багш нарын нийгмийн баталгааны асуудлаар нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нартай хийх Өргөдлийн байнгын хорооны уулзалт 10.00 цагаас “Г” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 24-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэх тухай.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

05 дугаар сарын 25-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 24-ний Мягмар гарагт 09.00 цагаас:

05 дугаар сарын 26, 27-ны Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм

“Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг болж байна

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа, шилдэг бүтээл, үйлчилгээг олон нийтэд танилцуулах, мэргэжилтэй ажилтны ур чадварыг сурталчлах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг Чингисийн талбайд болж байна.

Хөдөлмөрийн яамны санаачилгаар зохион байгуулж буй уг өдөрлөгт төрийн болон төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол сургалтын 58 байгууллага оролцож байна. Эдгээр 58 байгууллага нь: хангайн болон төвийн бүсээс тус бүр найм, говийн бүсээс долоо, зүүн бүсээс дөрөв, баруун бүсээс тав, нийслэлээс 26 МСҮТ, Политехник коллеж оролцсон. Мөн дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийнхэн, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд, Хөдөлмөрийн яамтай хамтран ажилладаг түнш байгууллагууд болох төсөл хөтөлбөрийнхөн, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, ажил олгогчид оролцож байна.

нэхүү өдөрлөгт залуучуудын бүтээлийн үзэсгэлэн, Мэргэжлийн ур чадварын шоу үзүүлбэр, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 200 суралцагч оролцсон FLASHMOB боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногийн сүүлээс ихэнх нутгаар дулаарна

-ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН ДУНД ХҮРТЭЛ ИХЭНХ НУТГААР 11-16 ГРАДУС ДУЛААН БАЙНА-

Энэ сарын 23-нд буюу даваа гаригт нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр, 24-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 25,26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 25,26-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 26-нд ихэнх нутгаар дулаарна.

-ӨНӨӨ МАРГААШДАА НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР БОРОО ОРНО-

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дунд суудал хуралдана

Монгол Улсын Их Хурал Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн нэмэлт оруулсан нь иргэд хоорондын зээлийг хариу төлбөргүй болгож улмаар зээл олгох эрх бүхий хуулийн этгээдэд давуу эрх олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал зэрэгт харшилж байна гэж нэр бүхий иргэд үзжээ. Тиймээс тэд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дээрх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан тавдугаар сарын 25-ны өдөр буюу ирэх лхагва гаригт болно.