Categories
гадаад мэдээ

Ирак, Йорданы хил нээгдэнэ

Йордан улсад суух Иракийн онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сафиа Аль Сухайл хоёр улсын хаагдаад байсан хил хоёр долоо хоногийн дараа эргэн нээгдэнэ хэмээн мэдэгдсэн байна. 11 сарын турш хаагдсан хил эргэн нээгдсэнээр хоёр талын худалдаа сэргэж эхлэхээс гадна мөн Йордан руу гарсан Иракийн дүрвэгсэд эх орондоо буцаж ирэх боломжтой болж байгаа юм. Тухайн хилээр орж, гарч байсан ачааны автомашинуудаас Исламын Улс бүлэглэлийн зүгээс дур мэдэн татвар авч байсан явдлыг таслан зогсоохын тулд 2015 оны 7 дугаар сард хилийг Иракийн зүгээс хаасан юм. Хил хаасан явдал нь Йорданы эдийн засагт багагүй хэмжээний цохилт өгч, 2015 онд Ирак руу гаргасан экспортын хэмжээ 2014 оныхтой харьцуулахад 470 сая ам.доллараар буурсан байна.

Categories
мэдээ спорт

Г.Нандинзаяа “Дэлхийн цом”-д IV байр эзэллээ

Буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн Германы Мюнхен хотод боллоо. Тэмцээнд 88 орны 738 мэргэн бууч цэц мэргээ сорьж, Монголоос Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар өрсөлдлөө.

Тэмцээний эхний өдөр хийн урт бууны эмэгтэй дасгалд 137 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 419,7 оноогоор финалд шалгарч, улмаар финалд 163,7 оноо авснаар 4-р байранд шалгарлаа. Харин өчигдөр болсон 25 метрийн спорт гар бууны дасгалд 86 буудагч өрсөлдөж, ОУХМ Ц.Мөнхзул 575 оноогоор 36, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 570 оноогоор 45-р байр эзэлжээ.

Тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг дасгалжуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл хотын албан татвараас тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

Монгол Улсын Их хурлаас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Нийслэл хотын албан татварыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан,баар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас авахаар хуульчилсан юм. Нийслэлийн ИТХ-аас Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг нэг хувь байхаар тогтоосон бөгөөд жилд 13,5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлийн Татварын газрын мэдээгээр энэ оны 5 дугаар сарын 10-ний байдлаар хотын албан татвараас тэрбум 90 сая 804 мянган төгрөгийг төвлөрүүлжээ гэж.

Categories
мэдээ нийгэм

“Хааны эрэлд-2016” олон улсын сургууль эхэллээ

“Хааны эрэлд-2016” олон улсын сургууль өчигдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхи, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн арга хэмжээний нэг болж өргөжсөн энэ удаагийн сургуульд зургаан тивийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна.

Сургуульд 6 тивийн Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, Босни Герцеговина, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЧУ, БНЭУ, Буркина Фасо, Вьетнам, Гватимала, Гондурас, ИБУИНВУ, Индонез, Камбодж, Киргизстан, Канад, Катар, Кени, Малави, Малайз, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Перу, Польш, Румын, Сингапур, Тажикстан, Танзани, Тонга, Унгар, Уругвай, Фижи, Филиппен, Франц, ХБНГУ, Чили, Швед, Шинэ Зеланд, Шри Ланка, Эль Сальвадор, Япон зэрэг 47 орны 2000 гаруйцэргийн алба хаагчид оролцож буй.

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бол 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлснээр өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Уул уурхайн зээлийн 24.9 хувь нь чанаргүйд тооцогдож байна

Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь энэ оны нэгдүгээр улиралд 8.2 болж өмнө оны мөн үеэс 2.4 хувиар өсчээ. Тухайлбал уул уурхайн салбарт олгосон зээлийн 24,9, бөөний болон жижиглэн худалдааны салбарын зээлийн 12.6 хувь нь чанаргүйд тооцогдож буй нь өндөр үзүүлэлт ажээ.

Ийнхүү чанаргүй зээлийн хэмжээ 2013 оны эхний хагас хүртэл тогтмол буурсан удаатай юм. Хадгаламжийн байгууллагуудын зээлийн өрийн үлдэгдэл одоогоор 11.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар буурчээ.

Нийт зээлийн 43.2 хувийг иргэлийн зээл эзэлж байна. Уг зээл нэгдүгээр улиралд өмнө оны мөн үеэс 3.5 хувиар буурсан нь зээлийн өрийн үлдэгдлийг багасгажээ.

Categories
мэдээ нийгэм

Ах дүүсээрээ нийлж амийг нь хөнөөн, цогцсыг нь шатаажээ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Булгийн тохой гэх газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон.

Тус цогцсыг хэн болохыг нь тогтоохоор цагдаагийн байгууллагаас ажиллаж, иргэдээс мэдээлэл авч байсан. Тэгвэл цогцсыг энэ сарын 21-ний өдөр хэн болохыг цагдаагийн алба хаагчид тогтоожээ.

Тэрээр Төв аймгийн харьяат Б гэгч бөгөөд гадны нөлөөтэй амиа алдсан болох нь холбогдох шинжилгээгээр тогтоогдсон байна.

Талийгаачийг хамаатнууд нь нийлж, амийг нь бүрэлгээд, цогцсыг нь шатаасан байж болзошгүй аж. Учир нь талийгаачийг нас барснаас хойш ах дүүс нь хайгаагүй учраас мөрдөн байцаагчид шалгалт хийжээ.

Ингээд энэ хэрэгт хоёр эрэгтэй, нэг эмэгтэйг сэжигтнээр тооцон саатуулсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолт болно

Энэ өдөр Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нарын “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолт болно. Дуучид тоглолт үзэхээр ирсэн азтай нэг үзэгчид 25 сая 800 мянган төгрөгийн эрхийн бичиг гардуулах юм.

Тус хоёр дуучин өнгөрсөн оны аравдугаар сард “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд тоглож байсан. Энэ удаад Эх үрсийн баярт зориулан дахин тоглохоор болжээ. Тоглолтод ирсэн азтай нэг үзэгчийг тодруулж “Алтан сан” хорооллын 2 өрөө байрны урьдчилгаа 30 хувийн эрхийн бичгийг гардуулах аж. Шагналыг шууд гардуулах тул тоглолт үзэхээр ирэхдээ бичиг баримттайгаа ирэхийг сануулж байгаа юм.

Энэ талаар СТА, жүжигчин Л.Сөрөлт “Тоглолтыг амралтын өдрөөр тааруулж тоглохыг уран бүтээлчид боддог. Бид хоёр тэгсэнгүй. Нэг дахь өдөр онцолж тоглож байгаа юм. Үүгээрээ бид ашиг олох гэж олон дахин тоглоод байгаа юм биш шүү гэдэг санааг илэрхийлэхийг хүссэн. Бид өөрсдөө залуу хүмүүс. Тийм учраас нэг ч гэсэн залуу гэр бүл насан туршын үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцтай болоосой гэдэг үүднээс “Алтан сан” хороололтой жилийн гэрээ байгуулж 2 өрөө байрны эрхийн бичгийг азтай нэг үзэгчид тоглолтын тайзнаа шууд гардуулахаар болоод байна” хэмээсэн.

Тус компаниас азтанд байрны урьдчилгаа 30 хувь болох 25 сая 800 мянган төгрөгийн эрхийн бичгийг олгох аж. Эрхийн бичгийг гардсан азтан үлдэгдэл 70 хувийг банкны зээлээр эсвэл бэлнээр төлөх юм байна.

“Хайрын тэнгэр диваажин” тоглолт энэ өдрийн 19.00 цагт “Бөхийн өргөө”-нд болно.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлгүүдийн хуралдаантай

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэх юм.

– Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д;

– Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д тус, тус хуралдана.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 23-ны Даваа гарагт:

– Арбитрын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

– Татварын хуулиудын /шинэчилсэн найруулга/ төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д;

– Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;

– “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

– Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 01-р хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгсөн чиглэлийн хэрэгжилтийн асуудлаар /Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар/ холбогдох албан тушаалтнууд, иргэдтэй хийх Өргөдлийн байнгын хорооны уулзалт-хэлэлцүүлэг 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;

– Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.

Categories
мэдээ цаг-үе

​“Барселон 1992”-ын хүрэл медальт боксчин Н.Баярсайханы нэг өдөр

1992 оны Барселоны олимпийн хүрэл медальт, Азийн хошой аварга, Интернациональ тэмцээний таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын сонирхогчдын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Баярсайханыд энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлдлээ. Гавьяат тамирчны маань гэр УИД-ийн ойролцоо байдаг юм байна. Гэхдээ тэрээр сүүлийн үед Хөгжим бүжгийн коллежийн урдахь 64 дүгээр байрны хажуух байранд ээжийндээ амьдарч байгаа аж. Энэ байранд Н.Баярсайхан гавьяат олон жил амьдарсан бөгөөд одоо энд ээж нь, дүү охин нь гэр бүлтэйгээ сууж байгаа юм байна. Спортын төв ордонд ойрхон учир Н.Баярсайхан гавьяат энд байх дуртай. Дүү охиндоо идэх хоол ундаа захиж хийлгэчихээд ээжийнхээ дэргэд сууж байгаад хооллож эрхэлж байгаад гардаг газар нь энэ.

Н.Баярсайхан гавьяат спортын чигийн олон ажил төрөл эрхлэхийн хажуугаар МАН-ын үүрийн дэд даргын албатай аж. Намынх нь үүр энэ байрных нь ар талд байрладаг учир сонгуулийн цаг эхэлсэн эдгээр өдрүүдэд үүрээсээ салахгүй шахуу ажиллаж байгаа гэнэ. Тэрээр үүрээсээ гарч ирж биднийг угтаад ээжийнх рүүгээ дагууллаа. “Ах нь бараг энд амьдардаг. Миний гэр орон гэсэн үг. Энд л өдрийг өнгөрөөдөг дөө” гэсээр хаалгаа тогшлоо. Ээж нь хаалга тайлж өгч байна. “Сонины хүүхдүүд ирлээ. Манайд өнжинө гэл үү. Над шиг өдөржингөө хийх юмгүй суудаг хүнд хань болохоор ирж байгаад сайхан байна. Өнөөдөр ч аятай өнжих нь ээ” хэмээн инээмсэглэв. Н.Баярсайхан гавьяатын ээж Л.Даваа гуай бол манай оёдлын үйлдвэрийн салбарт насаараа ажилласан Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан. Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Б.Гүнжилхам гуайтай хамт Хөдөлмөрийн баатар цолонд тодорхойлогдсон ч “Нэг дор хоёр баатар төрдөггүй юм” гээд гавьяат цол хүртээж байжээ. Л.Даваа гуай хоймортоо суугаад биднийг дээш суухыг урив. Н.Баярсайхан гавьяатын дүү Н.Батбаяр хийцтэй, борцтой, будаатай цай аягаллаа. Бүгд цайлангаа ойр зуурын яриа өрнүүлэв.

Л.Даваа гуай оёдлын үйлдвэрт хэрхэн ажилладаг байсан тухайгаа сэтгэл хөдлөн ярина. Тэрээр “Яагаав хүүхдүүд ээ, оёдлын үйлдвэр гэдэг чинь одоогийн “Моби” шүү дээ. Үйлдвэрийн маань байранд “Моби” орчихсон. Тэр чинь үгүй мөн сайхан үйлдвэр байлаа. Нэг ээлжинд 1000 гаруй хүн ажиллана. Ажлаа дуусгахгүй бол 24 цагаар ажиллах тохиолдол байдаг байв. Ёстой ажлын төлөө төрсөн юм шиг их хэнхэг байжээ” хэмээн инээснээ “Манай долоон хүүхдийн хоёр дахь нь Н.Баярсайхан юм” гээд хүүхдүүдээ яаж өсгөж байсан тухайгаа хуучлав. Өөрөө үйлдвэрт ажиллаад түмэн завгүй байдаг болохоор хүүхдүүддээ төдийлөн цаг гаргаж амждаггүй байж. Том хүүүхдүүд нь дүү нараа өсгөж, харж хандах маягаар л бага нас нь өнгөрч. Хааяа зав гарвал арван кг гуриланд тос, ёотон хольж байгаад амттай гэгч нь боорцог хийгээд зэхчихнэ. Хүүхэд олонтой болохоор өнөө боорцог нь ганц, хоёр хоноод л дуусчихна” гэхэд Н.Баярсайхан гавьяат “Тэр боорцог ч янзтай. Өөхөн тосонд чанасан боорцог. Одооны хүүхдүүдэд өөхөн тосонд боорцог хийдэг байлаа гэвэл гайхаж мэднэ шүү” гэлээ.

Н.Баярсайхан гавьяат Завханд төрсөн бөгөөд гурван нас хүрээд аав, ээжтэйгээ хотод иржээ. Сүхбаатар дүүргийн ес, аравдугаар хороонд бага нас нь өнгөрчээ. Том хашаанд ганц айл буусан нь тэднийх байж. Н.Баярсайхан “Сүхбаатар дүүрэгт миний амьдралын дөчин жил өнгөрчихөөд байгаа юм” гэж хэлээд багадаа ямаршуу хүүхэд байснаа ярьж эхэллээ. Түүнийг ярихаар ээж нь “Миний хүү чинь хүн болох гэж их зовоосон. 14 хоног ухаангүй байж билээ. Манай нутгийнхан хүүг минь амьдруулах гэж бүгд л зүтгэсэн болохоор одоо ч асууж сураглаж л байдаг юм” гэж хэлэнгээ хүүгээ энхрийлэн харна. Н.Баярсайхан гавьяатад явж үзээгүй спортын секц, дугуйлан гэж байгаагүй аж. Үндэсний бөх, чөлөөт, самбо, буудлага, ширээний теннис гээд л бүгдээр нь хичээллэжээ. Тэгж явсаар бокст тунаж. Анхандаа боксоор хичээллэж байгаагаа гэрийнхнээсээ ихэд нууна. Ах, аав хоёртойгоо хуйвалдаад нэлээд хугацаа өнгөрсний дараа гэрийнхэндээ, ээждээ дуулгажээ. Ээж нь нэг тэмцээн дээр нь оччихоод зүрхээ хагартал айж уйлахын наагуур юм болж байжээ. Л.Даваа гуай “Юу юм бүү мэд. Хүү маань нэг л сонин юмаар хичээллэж байгааг нь харлаа. Миний хүүтэй адилхан туранхай жаахан хөвгүүд гартаа том юм хийчихсэн, биенээ цохиж байхыг нь хараад айсан гэж жигтэйхэн. Тэгж яваад олимпоос хүрэл авчихаж билээ” хэмээв.

Эхнэр Ч.Чулуун-Эрдэнэ, хүүхдүүдтэйгээ хамт

Н.Баярсайхан гавьяат багадаа энхрий хүүхэд байжээ. Хүн болох гэж аав ээж, нутаг усныхнаа сандаргаж, нутгийн аль л чадалтай эмч, лам, мундаг хүмүүсийн ном, тарни, эм тангийн шидээр сэргэсэн болохоор ээж нь хүүхдүүд дундаасаа хамгийн их хайрлаж, элгэндээ наадаг нь Н.Баярсайхан гавьяат юм байна. Ээж, хүү хоёр их дотно. Байнга л хамт байна. Гавьяат маань цаг зав гарвал л ээж дээрээ хүрээд ирнэ. Хамтдаа хоол цай болж, амьдрал ахуйгаа ярилцана. Энэ хоёрыг ийм дотно байдгийг ойр хавийнхан нь хараад “Даваа гуай ганцхан л хүүхэдтэй юм шиг байдаг” гэж гоморхсон янзтай үг хаядаг гэнэ.

Гавьяат тамирчин Н.Баярсайхан УИД-ийн тэнд байдаг байрандаа хоёр хүүхэдтэйгээ амьдарна. Гэрийнх нь ойролцоо боксын “Барселон” клуб бий. Түүний хувьд ажлын нэг өдөр энгийн гэмээр мөртлөө тун завгүй өнгөрнө. Ажилтай үедээ өглөө эрт босоод цай цүйгээ уучихаад клубээрээ орж ажилтай нь танилцчихаад Спортын ордноор орно. Олимпийн медальтнуудын холбоо болон боксын холбоогоороо орж ажлаа амжуулна. Шувуун фабрикт ногооны талбайтай бөгөөд тийш очиж бизнесээ эргэнэ. Энэ их ажлын хажуугаар намынхаа ажлыг мартахгүй. Ээжийнх нь гэртэй ойрхон байдаг болохоор сонгууль дөхсөн эдгээр өдрүүдэд үүртээ байнга шахуу хуралдах болж. Л.Даваа “Эд нар ёстой их хуралдах юм аа. Байсхийгээд л хуралтай гээд гараад гүйчих юм” гэж хүүгээ цаашлуулна. Хүү нь ч ээжийгээ дэмжиж “Хуралдсаныхаа хэрээр ялдаг бол бид аль хэдийнэ ялбал ялахаар болчихлоо” гээд инээлдлээ.

1969 он. Н.Баярсайхан авга ахтайгаа

Н.Баярсайхан гавьяатын аав Т.Намжил хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй хүн байжээ. Завханы харьяат тэрээр Завхан, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотод хэсгийн прокурор, мөрдөн байцаагч, хуулийн зөвлөх, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад гавьяаны амралтдаа суусан бөгөөд 2005 онд өөд болжээ. Т.Намжил гуайг оюутан байх тухайн үед нийслэлд хятад гуанз олон байсан учир оюутнууд оройн цагаар тэнд ажиллах тохиолдол байжээ. Т.Намжил гуай хятад гуанзанд ажиллаж байсан болохоор хоолыг тун чиг амттай хийдэг нэгэн байсан гэнэ. Л.Даваа гуай цаг наргүй ажилладаг тул гэртээ бараг хоол хийж үзээгүй аж. Т.Намжил гуай чөлөө, цаг гарвал гал тогоондоо л өнжиж хүүхдүүддээ амттай хоол хийж өгнө. Хүн тус бүрийн дуртай хоолыг залхууралгүй хийж өгдөг байж. “Аав ёстой гоё хоол хийж өгдөг байж билээ. Юу юу билээ дээ, ногоо, байцаатай хуурга гээд зөндөө зөндөө” гэж Н.Баярсайхан гавьяат өгүүллээ. Аавтайгаа гал тогоонд хамт хоол хийж, гэрийнхээ тогоо шанагыг барьдаг байсан нь Н.Батбаяр гэнэ. Доод талаас гурав дахь дүү Н.Батбаяр нь уг нь эмэгтэй хүүхэд болохоор лам Цэндсүрэн гэж нэр хайрласан ч аав нь төрсний гэрчилгээг нь авахдаа ламын өгсөн нэрийг мартчихсан учир Батбаяр гэж нэр бичүүлчихжээ. Н.Батбаяр бол Н.Баярсайхан гавьяатын хамгийн дотнын дүү нь. Ах нь дүү рүүгээ утасдаж ямар хоол унд идмээр байгаагаа хэлнэ. Дүү нь ахынхаа хэлснийг ёсчлон биелүүлнэ.

Л.Даваа гуайн хүүхдүүд Цагаан сар, шинэ жилээр энд цуглацгаана. Бас наадмаар бөөгнөрнө. Дөрвөн өрөө том байр учир хэдүүлээ ч ирсэн багтана. Наян насны сүүдэр зооглож байгаа Л.Даваа гуай 25 ач гуч, зээтэй болоод байгаа юм байна.

Н.Баярсайхан гавьяатын хоёр том хүүхэд нь Б.Билгүтэй, Б.Борголжин гэдэг эрэгтэй, эмэгтэй ихэр хүүхдүүд. Б.Борголжин нь “Мисс Монголия 2010” тэмцээний “Оюунлаг мисс”-ээр тодорч, “Miss tourism” тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргаж яваа сайхан бүсгүй билээ.

Т.Намжилын гэр бүлийнхэн

Н.Баярсайхан гавьяатын гар утсанд дуудлага ирлээ. Үүрээс дуудаж байна, яаралтай хуралдахаар боллоо. Ах нь хурдхан шиг хуралдчихаад ирье гээд хүрмээ өмсөөд гүйх шахуу гараад явчихав. Л.Даваа гуай үйлдвэрт өдөр шөнөгүй ажиллаж гэрийн бараа хардаггүй байсан болохоор нөхөр нь хоол хийгээд хүүхдүүдээр нь зөөлгөдөг байж. Одоо ч хоол унд бэлтгэхэд гар хүрдэггүй хэвээр гэнэ. Охин Н.Батбаярынхаа л гарын хоолонд нугасгүй. Хааяадаа гадагшаа гарч алхана. Нэгдүгээр хороололд байдаг найз хөгшнийх рүүгээ алхаад хүрчихдэг гэнэ. “Ядах юм юу байх вэ. Алхчихдаг юм. Заримдаа автобусанд суучихаад замаасаа буугаад цааш алхана. Алхаж байхад гэмгүй. Манай хүүхдүүд надад хэлдэг юм. Таныг хүн амьтан дээрэмдэх гээд ирвэл наад муу цүнхээ өгөөд л явуулчихаарай. Нэг их чадалтай хүн болж булаацалдаж байж бэртэв гэж тоглодог юм. Тэгэхээр нь би “Тийм юм ээжид нь тохиолдохгүй ээ. Хэдэн хүүхдийн минь заяа түшнэ” гэж хэлдэг юм. Эмээ нь маш их маани уншдаг ш дээ. Юм л болбол маани хөгжөөнө” гэлээ.

Н.Батбаяр гал тогооны өрөөндөө хоол хийж зогслоо. Тэрээр “Мундаг тамирчин ахтай байх сайхан шүү дээ. Өө, энэ чинь боксчин Баярсайханы дүү шүү дээ гээд намайг таних жишээний. Би ахыг гадагшаа, дотогшоо тэмцээнд их явдаг байсныг санах юм. Ахыг олимпоос медаль авах үед би Унгарт сурч байлаа. Унгарт Оросын нэг суваг гардаг байсан юм. Тэр сувгаар спортын мэдээ явсан чинь олимпоос Баярсайхан гэдэг монгол залуу хүрэл авлаа гэж гарсан байгаа юм. Тэр мэдээг надтай цуг амьдардаг байсан найз маань дуулаад надад хэлж билээ. Би тэгж л ахыг олимпийн хүрэл медальтай болсныг хэд хоногийн дараа сонссон” гэв. “Би гэрийнхээ гал тогоонд аавтайгаа хоол хийж зогсдог ганц хүүхэд нь байлаа. Одоо ч гэрийнхнийхээ хоолыг хийсээр байна. Бид Баярсайхан ахыгаа Баба гэж дууддаг юм. Баба ах маань надад бүх юмаа ярина. Бид хоёрын санаа их нийлдэг юм. Баба бууз, хуушууранд дуртай. Гэхдээ хуурсан түлсэн хоол унд идэхээ больсон л доо. Тийм болохоор үхрийн махтай, гурилтай шөл, өөх багатай хоол хийлгэж иддэг юм” хэмээгээд “Ах маань хоёр багыгаа сайхан өсгөсөн шүү. Муу ах маань гэрт орж эм, гадаа гарч эр болж амьдралаа авч яваа юм. Амьдрал ахуйгаа зохицуулахын хажуугаар нийгмийн ажил, спортын төлөө хийдэг ажил нь жигтэйхэн их. Манай ах чинь их ажилсаг. Гэр орноо цэвэрлэнэ. Хоол унд сайхан хийнэ. Ер нь миний ах чинь хамгийн сайн ах шүү дээ. Би ахаараа бахархдаг юм” гэж нулимс цийлэгнүүлэн ярив.

Л.Даваа гуай Н.Баярсайхан гавьяатын гэргий, мисс Ч.Чулуун-Эрдэнийг дурсан “Хүний хайлан байсан сайхан охин байсан юм. Хорвоогоос одохоосоо өмнө “Ээждээ очно оо” гэж ярьж байсан гэсэн. Эвий дээ сайхан үр байсан юм. Хоёр хүүгээ аав нь хэнээс ч дутахааргүй сайхан өсгөсөн шүү” хэмээн өгүүллээ.

Л.Даваа гуай тэтгэвэрт суусныхаа дараа гэртээ нэг хэсэг байжээ. Хар залуугаасаа шаргуу ажлын дунд бужигнаж явсан болохоор гэртээ суугаад байх нь дэмий санагдаад цайны газар ажиллуулжээ. “Ардын эрх”-ийн буудлын замын хойно байрладаг байсан “Гэрийн бууз” цайны газрыг 2001 оноос хойш 13 жил ажиллуулжээ. Тэр цайны газрын буузанд хавь ойрын албан байгууллагуудын ажилчдын дуртайг хэлэх үү. Өдрийн цайны цаг гэлтгүй бүх л өдрийн турш завгүй ажилладаг байжээ. Буузаа дандаа хонины гуяны махаар хийнэ. Цай нь амттай. Л.Даваа “Манай цайг ууж, буузыг идэх гэж зорьж ирдэг хүмүүс байж билээ. Байнга ирдэг хэдэн бөхчүүд байдаг байлаа” гэж өөрийнхөө эрхэлдэг байсан бизнесээ ярилаа.

Зурагтын сувгийг “Парламентын суваг” дээр тааруулсан байлаа. Л.Даваа гуайн үздэг ганц суваг нь гэнэ. Н.Баярсайхан гавьяат хурлаа тараад ороод ирлээ. Тэрээр МАН-ын 68 дугаар үүрийн дэд даргаар олон жил ажилласан бөгөөд нэг ч удаа албан тушаал өгөөч гэж намаасаа гуйж байгаагүй гэнэ. Саяхан нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд дэвшье гэж нэг даргад хэлээд ортол зөвшөөрөөгүй аж. Тэгэхээр нь буянаараа болог гээд орхисон гэж байлаа.

1992 оны Барселоны олимпоос манай улс хос хүрэл медаль хүртсэн түүхтэй. Боксын төрөлд Н.Баярсайхан, буудлагаар Д.Мөнхбаяр тус тус хүрэл медаль хүртсэн. Д.Мөнхбаяр гавьяат тэр үед олимпийн бараг эхний өдөр нь хүрэл медаль хүртжээ. Томоос том самбарт “Mongolia” гэж бичээд манай төрийн далбааны зургийг байршуулсан байжээ. Эх орныхоо нэрийг өргөхөөр хамтдаа ирсэн болохоор Н.Баярсайхан гавьяат Д.Мөнхбаяраараа ихэд бахархаж орж гарах тоолондоо самбарт томоос том бичээстэй эх орныхоо нэрийг хараад омогшиж байжээ. Н.Баярсайхан гавьяат Барселоны олимпод эхэлж гоц мөргөөд, дараа нь Гуатмалагийн тамирчинтай таарч 15:0-ээр буулгаж аваад хүрлийн төлөөх тулаанд Танзаны боксчин Рашид Матумлаг 9:6-гаар ялж хүрэл медаль хүртэж медалийн өнгө хувиргах тоглолтоо Германы Марсо Рудолфтой хийх байсан ч хөмсөг задарсан гэх эмчийн оношоор тоглуулаагүй аж. Ингэж Монгол Улс 1992 оны олимпоос хоёр дахь хүрэл медалиа хүртсэн нь энэ.

Гавьяат тамирчин Н.Баярсайхан олимпоос ирээд хагас жил хэртэй бэлтгэл хийгээд ерөнхийдөө тамирчны амьдралдаа цэг тавьжээ. “Хүч” спорт хорооны тамирчин байсан учир олимпоос ирэхэд нь дэслэгч болгожээ. 1994 онд Цагдаагийн академид урилгаар суралцаж төгсөөд Төмөр замын цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газарт ажилласан байна. Тэгээд 2004 оноос спортдоо буцан ирж Монголын сонирхогчдын боксын холбоондоо ажиллах болж, 2008 онд Бээжингийн олимпийн өмнө Монголын олимпийн медальтнуудын холбоог байгуулжээ. Тус холбоо байгуулагдсанаар олимпоос медаль хүртсэн тамирчдын нийгмийн асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэж эхэлсэн гэдэгтэй спорт сонирхогчид санал нэгддэг. Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад сар бүр тэтгэмж олгодог болох тухай саналыг З.Ойдов гуай санаачилж байжээ. Гэхдээ олимпийн аваргад сар бүр 500 ам.доллар, мөнгөн медальтанд 300 ам.доллар гэх хавьцааны л мөнгө өгч байвал амьдралд нь нэмэр болно гэж ярилцдаг байж. Энэ санал санаачилга Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үеэс яригдсаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед биеллээ олж 2013 оны нэгдүгээр сараас манай олимп, дэлхийн медальтнууд сар бүр тэтгэмж авч эхэлсэн юм. Одоогоор 50 орчим хүнд сар бүр 100 гаруй сая төгрөгийн тэтгэмж олгож байгаа юм байна. Олимпийн аварга дөрвөн сая, мөнгөн медальтан гурван сая, хүрэл медальтан хоёр сая төгрөг авч байгаа бол ДАШТ-ий алтан медальтай тамирчин хоёр сая, мөнгөн медальтай нь нэг сая, хүрэл медальтай нь 500 мянган төгрөгийн тэтгэмж хүртдэг. Одоогоор манай улсаас олимпоос 23 тамирчин 24 медаль хүртээд байгаа бөгөөд тэднээс сар бүр хамгийн өндөр тэтгэмж хүртдэг нь З.Ойдов гуай. Тэрээр 7.5 сая, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Х.Баянмөнх аварга нар долоон сая төгрөг тус тус авдаг юм байна.

Н.Баярсайхан гавьяат нутаг руугаа нэг их очоод байдаггүй гэнэ. Харин сүүлийн үед нутагтаа очихсон гэх хүсэлтэй болжээ. Нутаг усныхан нь хаана л цуглана гэнэ, тэнд яваад оччихно. Нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд ихэд ач холбогдол өгч, идэвхтэй байдаг гэнэ. Хэдий Улаанбаатар хотод өсч торнисон ч нутгаа гэх далд мэдрэмж сэтгэлийнх нь мухарт явдаг аж. Цагдаагаар ажилладаг байхдаа эрүүлжүүлэхэд хоносон эрчүүл дунд Завханы гаралтай хүн байвал аль болох торгохгүй гаргахыг хичээдэг байсан тухайгаа яриад “Би нутаг усандаа их элэгтэй хүн шиг байгаа юм. Нутаг руугаа явмаар санагдаад байгаа. Өнөө зун ээжтэйгээ хамт явна аа” гэлээ.

Н.Баярсайхан гавьяат 1992 оны олимпод 11 ам.доллартай явж байжээ. Юм худалдаж авъя гэхээр хайран санагдаад, үрье гэхээр үрж чадахгүй байсаар буцаагаад авч ирж байжээ. Гадагшаа тэмцээнд явахаараа наймаа үсэргэнэ. Наймаа хийхээр болбол “Mon­golia” гэсэн бичигтэй өмсгөлөө тайлна. Ах дүү олонтой учир бүгдэд нь гутал, цамц, малгай авах гэж хичээнэ. Их бараатай болохоор хилээр нэвтрүүлэхгүй. Тэгэхээр нь гэр бүлийн зургаа үзүүлээд “Энэ гутлыг энэ ахдаа авсан. Энэ цамцыг энэ дүүдээ авсан” гэж зааж байж гардаг байжээ.

Олимпоор Барселонд очоод Арнольд Шварценеггер, Мэжик Жонсон, Кубын Фидель Кастрог дэргэдээс нь харж хамтдаа зургаа татуулж байсан нь түүний хувьд санаанд оромгүй сайхан үйл явдал болжээ. Харамсалтай нь зургийн аппаратгүй явсан учир ганц ч зураг нь гэрийн хаягаар нь ирээгүй гэнэ. Фидель Кастро боксын тэмцээн үзэхээр зааланд орж ирээд бууны сум нэвтэрдэггүй шилэн хоргонд сууж тоглолт үзэж байжээ. Хүмүүс хоргонд нь ойртож очиж зургаа даруулах агшинд Кастро инээмсэглэн гар дохиж байсан нь санаанаас нь одоо ч гардаггүй аж. Тэмцээнээр гадаадад явж байхад элдэв янзын л хөгтэй зүйл тохиолдоно. Нэг удаа гадаадад тэмцээнээр очсон чинь төрийн далбаа, дууллаа мартчихсан байжээ. Төрийн далбааг нь яахав дуурайлгаад зураад өлгөчихөж. Харин төрийн дууллын асуудлаа яаж шийдэхээ мэдэхгүй байтал зохион байгуулагч тал нь “Баярын марш тоглоод өгөх үү” гэхээр нь манай нэг багш гоё дуулдаг болохоороо “Би дуулж аргалъя” гэжээ. Багш нь их гоё дуулж байна гэнэ. “…Хөдөө тал минь малаар дүүрэн, хөвч ой минь ангаар дүүрэн” гээд л дуулжээ. Н.Баярсайхан гавьяат ч нэг их анзаараагүй боловч “Хөдөө тал минь малаар дүүрэн…” гэж дуулсан нь нэг л содон сонсогджээ. Тэгээд эх орондоо ирээд төрийн дууллаа сонссон чинь багш нь андуурсныг мэдээд ихэд гайхаж бөөн инээдэм болж байжээ. Багш нь яахав тулгамдахдаа төрийн дууллын үгээ мартаад мэддэгээр нь тэр дууг дуулчихсан аж.

Н.Баярсайхан гавьяатаас энэ удаагийн олимпод манайхан хэрхэн оролцохыг сонирхож суулаа. Тэрээр “Манай улс Бразилийн олимпод өрсөлдөхөөр боксын төрлөөр дөрвөн эрх хүртчихээд байгаа. Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай, Б.Түвшинбат, Б.Чинзориг нар. Одоо дахиж 1-2 эрх авах боломжтой нэг тэмцээн бий. Тэгэхээр энэ олимпод манайхаас боксоор 4-6 хүн оролцоно гэсэн үг. Эдгээр тамирчдаас аль нь ч медаль авахад гайхах зүйлгүй. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдал, сугалаа, биеийн байдал, цаг агаар гээд олон хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалж медаль авах, үгүй нь шийдэгдэнэ. Бразил халуун орон. Халуун оронд гэнэт очвол манай тамирчид нозоорч, шалчийчихна. Хоногийг нь тулгаж очоод жингээ зөв хасаад, хоолоо тохируулчихвал медаль авах боломж бүрдэнэ. Д.Отгондалайн хувьд жингийнхээ хоёр, гуравт бичигдэж байгаа учир гол өрсөлдөгчидтэйгөө эхлээд таарахгүй. Энэ нь давуу тал болно. Б.Түвшинбатад ч боломж бий.

Гэхдээ нэг зүйл анхаарах хэрэгтэй. Манайхан дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд очно. Цаг агаар, цагийн зөрүү асар их. Одоо манай боксчид Кубад байгаа. Тэнд жаахан дасах хэрэгтэй байна. Монголд байхдаа бэлтгэлээ хийчихээд хувцсаа шууд тайлахгүй байх хэрэгтэй. Бүгчим газар, саун мэтэд бэлтгэл хийж дасах хэрэгтэй юм. Гэнэт халуун оронд очихоор хүн бачимддаг. Бразилд очоод халууцаж байгаад сэрүүцүүлэгчтэй өрөө, танхим, зааланд ороод хатгаа авч, халуун хүйтний харшил хөдлөх эрсдэл бий. Ер нь энэ мэт хүчин зүйлүүд чинь бидний томоохон өрсөлдөгч болчихоод байгаа. Энэ өрсөлдөгчийнхөө учрыг сайн олчихвол жинхэнэ өрсөлдөгчөө буулгаж авах боломж байгаа” хэмээн бодлоо хуваалцаад “Гэхдээ Чингисийн Монгол гэдэг чинь халуун, хүйтэн гэлтгүй ямар ч орчинд хүчээ гаргаж чаддаг улсууд болохоор бид медаль авах нь гарцаагүй ээ. Би Монголын боксчдодоо” итгэдэг гэлээ.

Л.Даваа гуай, Н.Батбаяр хоёр гэр бүлийн зургийн цомгоо гаргаж ирж ховор содон зургуудаа сонирхуулна. Н.Батбаярын хүү сургуулиасаа орж ирэнгүүтээ нөгөө өрөө рүүгээ булт үсрээд орчихов. Л.Даваа гуай биднийг цайгаар дайлж “Миний охин ёстой сайхан цай чанажээ. Хүүхдүүд минь тавагтай идээнээс амс. Чихэр, жигнэмэг ид” гээд таваг дөхүүлэв. Н.Баярсайхан гавьяат, түүний ээж, дүүтэй бүхэл өдрийг өнгөрөөж, хамтдаа ийн өнжлөө. Ээж нь баярлаж “Дахин ирээрэй” хэмээн үдсэн бол Н.Баярсайхан гавьяат бокс, олимпийн тухай халуун яриандаа түр цэг тавиад “Ахынх нь ажлын нэг өдөр иймэрхүү өнгөрдөг юм” гээд дараа уулзахын ерөөл тавилаа.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар нийслэлд зориулсан бонд гаргана

БОНД ГЭЖ ЮУ ВЭ

Засгийн газрын бонд гэдэг үг манайд орж ирээд удаагүй ч амьдралд багагүй хэрэгжиж эхэлжээ. Засгийн газрын бонд гэдэг нь аль нэг улсын Засгийн газар бусдаас (гадаад, дотоодын хувь хүн, санхүүгийн байгууллагаас) арилжааны зээл авахыг хэлнэ. Бусад зээлээс ялгаатай нь тухайн улсын Засгийн газар оршин тогтнож байвал баталгаатай төлөгддөг. Ерөнхий сайд огцрох, сонгуулиар өөр нам засгийн эрхэнд гарахаас үл хамаарч Засгийн газрын бонд нэрлэсэн хүүтэйгээ, товлосон хугацаандаа төлөгддөг жишиг дэлхий дахинд тогтсон. Хэрэв төлөхгүй бол олон улсын шүүх аль нэгэн дансанд байгаа баталгаат санхүүгийн хэрэгслийг шууд төлбөр болгон суутгаж зээлдэгч талд олгоно. Гэхдээ одоохондоо бондын асуудлаа шүүхээр шийдүүлсэн Засгийн газар байхгүй. Учир нь эргэж төлөгдөх магадлал багатай Засгийн газрын бондыг хэн ч сонирхдоггүй. АНУ-ын Детройт хот, Венесуэль улс бонд гаргах гэж оролдсон ч одоогоор амжилтад хүрээгүй. Асар их баялагтай Венесуэль улсын бонд яагаад үнэгүйдэв гэсэн асуулт гарна. Засгийн газар нь олсныгоо ус цас шиг цацдаг, төр авлигад идэгдэж татварын систем бэлгэдэл төдий ажилладаг, гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж ашгаа хуваахын оронд өөрийн юм шиг дангаараа тансаглаж ууж идэхийг урьдал болгодог учраас тэдний бондыг хөрөнгө оруулагчид сонирхдоггүй гэнэ. Гадаадын сүү зарахыг хориглож дэлгүүр бүхний үүдэнд цагдаа зогсоож байсан Венесуэлийн удирдагчдын тэнэглэл өнөөдөр иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн албан хаагчдыг долоо хоногт хоёр өдөр ажиллах хэмжээнд хүргэж байна. Харин Детройт хот дампуурсан шалтгаан нь “эх оронч” дүр эсгэсэн үйлдвэрчний эвлэлүүд нь “хөрөнгөтнүүдийн мөлжлөгөөс” иргэдийг аврах хөдөлгөөнөөс үүдэлтэй байдаг. Тус хотоос хөрөнгөтнүүд дайжиж, их хэмжээний эзэнгүй барилгууд Засгийн газрын тэтгэлгээр амьдарч байгаа цөөн тооны иргэд л үлджээ. Засгийн газар бондыг хоёр зорилгоор гаргана. Хөрөнгө чинээ багатай орны Засгийн газрууд нийгмийн тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргадаг. Харин өндөр хөгжилтэй орны Засгийн газрууд нийгмийн амьдралыг санхүүжүүлдэг аварга компаниудынхаа мөнгийг дотооддоо эргүүлэх зорилгоор бонд гаргана. Манай улсыг Чингис бонд гаргаж байх үед Итали улс арван жилийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй есөн тэрбум ам.долларын бонд гаргаж байжээ. Тухайн жил хөгжиж буй орнуудын Засгийн газруудын гаргасан бонд нийтдээ 85 тэрбум ам.долларт хүрчээ. Жишээлбэл, Замби улс арван жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэй 750 сая ам.долларын бонд, Болив хугацаатай 4.8 хувийн хүүтэй 500 сая долларын бондыг гаргажээ. Эдгээр улс орон зээлжих зэрэглэлийн хувьд Монголтой ойролцоо буюу “BB-”; “B+” байгаа юм.

МОНГОЛ БОНД

Манай Засгийн газрын гаргасан хамгийн том бонд нь Чингис хааны нэртэй, 1.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ. Жилийн таван хувийн хүүтэй. Харин Засгийн газрын дотооддоо гаргаж байгаа бонд нь 15-16 хувийн хүүтэй. Дотоод бондын хүү өндөр байх шалтгаан нь дотоодын арилжааны банкуудын хадгаламжийн хүү. Арилжааны банкууд өнөөдөр иргэдээс 15-16 хувийн хүүтэй хадгаламж авч, 18-24 хувь хүртэл хүүтэй дамжуулан зээлдүүлнэ. Харин сүүлийн үед банкууд Засгийн газрын бондыг авах нь эрс нэмэгдсэн. Учир нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээл авах сонирхол буураад зогсохгүй, олон аж ахуйн нэгжийн зээл чанаргүй ангилалд шилжиж байгаа тухай мэдээ бий. Тиймээс банкууд Засгийн газрын бондыг худалдан авах сонирхол нэмэгдсэн гэнэ. Гэхдээ энэ нь банкуудад ашигтай ч иргэд аж ахуйн нэгжүүдэд сайн зүйл биш юм. Банкууд байгаа жаахан эх үүсвэрээ бондод түгжээд зогсохгүй, зарим мөнгөтэй иргэд ч Засгийн газрын бондыг худалдан авах сонирхол нэмэгдэж, банкнаас мөнгө татах үзэгдэл газар авч болзошгүй юм. Санхүүгийн зах зээлийн 90 шахам хувийг атгаж байгаа арилжааны банкууд хүүгээ бууруулах боломжгүй гэдгээ мэдэгдэж байна. Энэ тохиолдолд гадны бага хүүтэй зээл олгодог том банкны салбарт үйл ажиллагаа явуулах эрх олгох, эсвэл мөнгө олж чадаж байгаа салбар, засаг захиргааны нэгжид зориулж Засгийн газар бонд гаргах журмаар тодорхой асуудлыг шийдэх боломжтой. Засгийн газар хоёр дахь хувилбарыг сонгож анх удаа нийслэлд зориулсан бонд гаргаж байна.

УЛААНБААТАРЫН ҮНЭТ ЦААС

Гадныхны үзэж буйгаар өнөөдөр нйислэлд асар их мөнгө хөглөрч байна. Эдийн засагч Э.Сато Улаанбаатарын гэр хороололд долоон тэрбум ам.доллар сул хэвтэж байна гэж үзсэн. Тэрээр 7000 хувийн инфляцитай коммунист Чилийг гурван жилд хямралаас гаргасан М.Фридмантай дүйцэхүйц эдийн засагч юм. Мөн саяхан нийслэлд айлчилсан Анкара хотын дарга М.Кекчек “Улаанбаатарын хамгийн том капитал бол гэр хорооллын газар” гэж дүгнэсэн. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн яриагаар бол нийслэлийн томоохон төсөлд хөрөнгө оруулах сонирхол гадны хөрөнгө оруулагчдад маш их бий. БНСУ-ын компани нийтийн тээврийн цахим төлбөр тооцоонд шууд л хэдэн сая ам.доллар гаргасан. Хэлтэй амтай хэрэгжиж байгаа ч тэд нийслэлд оруулсан хөрөнгөндөө санаа зовохгүй байгаагаа илэрхийлсэн. Э.Бат-Үүлийн дэвшүүлж байгаа олон төсөлд гадныхан хөрөнгө оруулах сонирхолтойгоо илэрхийлсэн байдаг. Харамсалтай нь манай эдийн засгийн тогтолцоо хэн мөнгө олж чадаж байгаа нь бус хэн эрх мэдэлтэй нь өр тавих эрхээр хангагдсан байдаг. Хувийн компаниудын зээлэнд баталгаа гаргаж өгдөг жишиг Засгийн газарт тогтсон. Харин өөрөө эрсдэлээ даах засаг захиргааны нэгжид зориулж анх удаагаа үнэт цаас гаргаж байна.

Удахгүй нийслэлийн гэр хорооллын “Сайн хашаа” хөтөлбөрт зориулж 200, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 20 тэрбумын бонд гарна. 200 тэрбум төгрөгийн бондоор гэр хорооллын хамгийн их утаатай бүсэд байрлах хашаатай өрхүүдийг инженерийн бүтэцтэй болгох зээлийг санхүүжүүлнэ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн тайлбараар бол нэг өрх дангаараа төвлөрсөн дулааны шугамаас гэртээ оруулахад дөрөв, бохир, цэвэр усны шугамд зургаан сая төгрөг зарцуулна. Нэг өрх нийтдээ арван сая төгрөгийн зээл авахад инженерийн байгууламжид холбогдоно. Хэрэв олуулаа нийлж инженерийн зориулалттай зээл авбал бүр хямд тусна. Энэ зээл нь таван хувийн хүүтэй, эхний хоёр жил зээл төлөхгүй. Үлдсэн гурван жилд сард 100 мянгаас илүү төгрөг төлөхгүй байхаар зохицуулагдсан зээл гэж болно. Мэдээж барьцаа нь хашааны газар. Гэхдээ бас зээлийг зүгээр л хашааны эзэн шууд халааслахгүй. Мэргэжлийн байгууллагаар инженерийн холболтоо хийлгэж үзүүлж харуулж байж, гүйцэтгэсэн байгууллагад нь л мөнгийг шилжүүлнэ. Бас зээл авсан иргэн хашаандаа ямар ч тохиолдолд утаа үйлдвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ. Зээл нь 70 шахам мянган айлд хүрнэ. Засаг дарга Э.Бат-Үүл “Судалгаагаар гэр хорооллынхон бүгд орлого багатай өрхүүд биш. Олон иргэд тохилог сайхан хаустай болсон. Тэдэнд инженерийн шугам хэрэгтэй болохоос нүүх суух шаардлага байхгүй” хэмээн ярьж байна. Сайн хашаа хөтөлбөр нь гэр хорооллынхонд бас сонголт олгож байгаа юм. Өмнө нь иргэдэд хашааны газраа дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа компанид зарах эсвэл тэдний барьсан нийтийн орон сууцанд орох л зам байсан. Тэгвэл энэ хөтөлбөрийн хүрээнд өөрийн хашаандаа барьсан байшингаа зээл авч тохилог инженерийн байгууламжтай хаус болгох нөхцөл бүрдэж байна.

Сонгууль дөхсөн үед нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн шүдний өвчин болсон хамгийн том асуудал бол дахин төлөвлөлтөд хамрагдаж хашааны газраа өгсөн иргэд юм. Тэдгээр иргэд гэрээдсэн хугацаандаа байрандаа орж чадаагүй нь МАН-ын сонгуулийн PR-ийн хөзөр болох аюул бий. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд иргэдийг хорлох гэсэндээ бус хаа газрын бизнест тохиолддог санхүүжилтийн түр зуурын эрсдэлд орсон гэнэ. Гэхдээ дээрх компаниуд энэ жилдээ багтаж газраа өгсөн иргэдийг орон сууцаар хангана. Тэдэнд зориулж нийслэлээс 20 тэрбум төгрөг гаргана. Энэ асуудал эцэслэн шийдэгдсэн гэж үзэж болно. Харин саяхан нөхөр Бат-Үүлийг галзууруулах шахсан нэг яриаг өрсөлдөгч намын зүгээс гаргасан бололтой юм. МАН-ынхан “Гэр хорооллын барилгажуулах ажлыг зогсооно” гэх маягийн зүйл ярьчихаж. Хариуд нь нийслэлийн Засаг дарга МАН-ынханд “Та нар намайг хорлож байгаа юм биш. Гэр хорооллынхныг хорлох гэж байна шүү” хэмээн ууртайгаар мэдэгдсэн. Үнэндээ байшинт хорооллынхон утаанд хордож байгаа ч, гэр хорооллынхон түүнээс илүү хохирол амсч байгаа шүү дээ.

Х.БАТТӨГС