Categories
мэдээ соёл-урлаг

Энэ сарын 30-наас “Хүүхдийн жүжгийн өдрүүд” эхэлнэ

Улсын драмын эрдмийн театрын хамт олон Хүүхэд багачуудынхаа хүмүүжил, мэдлэг оюунд нь хөрөнгө оруулалт хийх зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхдийн жүжгийн өдрүүд”-ээ зарлаж байна.

Тоглолтын хөтөлбөрт: С.Михалков “Бардам туулай”. Т.Габбе “Үнсгэлжин”, Д.Содномдорж “Норовын намтар” зэрэг УДЭТ-ын хүүхдийн шилдэг уран бүтээлүүдээ тоглох гэж байна.

  • Тавдугаар сарын 30-нд 11:00 цагт С.Михалков “Бардам туулай” мюзикл инээдмийн жүжиг
  • Тавдугаар сарын 31-нд 11:00 цагт Т.Габбе “Үнсгэлжин” инээдмийн жүжиг
  • Зургаадугаар сарын 01-нд 11:00 цагт, 14:00 цагт Д.Содномдорж “Норовын намтар” мюзикл инээдмийн жүжиг тоглогдох болно.

Тасалбарын үнэ: 10.000 төгрөг, Бэлэгтэй 20.000 төгрөг

ЖИЧ: Байгууллага, анги хамт олноороо захиалга өгвөл хөнгөлөлттэй

Тасалбар: Драмын театрын кассаар

Онлайн захиалга: easyticket.mn

Үнэгүй хүргэлт: 1900-1188

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99026929, 89403070, 99199794, 95469964

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногооны үрийг айл өрхүүдэд олгож байна

Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ХХААЯ-наас 21 аймгийн есөн дүүргийн хүнсний ногоо тариалдаг иргэдэд ногооны үр олгожээ. Тодруулбал, өрхийн хэмжээнд хашаандаа ногоо тариалж хүнсэндээ нөөцөлдөг иргэдэд хүнсний гурван төрлийн 5365 кг үр олгосон байна. Мөн өдөр тутмын хэрэглээний сонгино, манжин, төмс зэрэг хүнсний ногооны үрийг харьяа аймаг, дүүргийн хөдөө аж ахуйн газраар дамжуулан олгож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Алиалагчийн парад зохион байгуулагдана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Онцгой өдөр” алиалагчдын парад зохион байгуулахаар болжээ.

Парад тавдугаар сарын 29-ний өдөр болох бөгөөд оролцох сонирхолтой хүн бүрт нээлттэй аж. Алиалагчийн парад Чингисийн талбай-Үндэсний соёл амралтын хүрээлэн-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Чингисийн талбай гэсэн маршрутаар явагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Арилжааны банкууд зээлийн хүүг бууруулах боломжгүй гэжээ

Арилжааны банкуудын зээлийн хүү хэт
өндөр байгаа нь иргэдэд дарамт болж байгаа талаар Зээлдэгчдийн
холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд эдийн засгийн
хямралын үед арилжааны банкнаас авсан өндөр хүүтэй зээлээ төлж чадахгүй, шүүх цагдаагийн байгууллагад очих дээрээ тулсан маш олон иргэд гомдол гаргаж буйг энэ үеэр мэдээлэв.

Тус холбооноос зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулах бүрэн боломж байгааг судалж, энэ дагуу зээлийн хүүг бодитоор бууруулахыг арилжааны банкуудаас шаардан бичиг хүргүүлжээ.

Гэвч арилжааны банкууд зээлийн хүүг бууруулах боломжгүй гэх тайлбарыг ирүүлсэн байна.
Энэ талаар Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго ярихдаа “Банк тус
бүрийн удирдлагуудтай уулзах хүсэлтийг хүргүүлсэн ч тэдний өмнөөс
Банкуудын холбооноос боломжгүй гэх нэг хариуг өгч байгаа юм. Энэ
нь арилжааны банкууд үгсэн хуйвалдаж иргэдийг зээлийн хүүгээр дарамталж
байна гэж үзэхэд хүргэж байна” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Вакцинжуулалтандаа хамрагдаарай

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт
дархлаажуулалт энэ сарын 12-нд орон даяар эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар
вакцинжуулалт 69.6 хувьтай байгаа аж. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад
18-30 насны залуусыг хамруулж буй. Нийт 600 мянган залуусыг улаанбурханы вакцинд
хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25-ны өдрийг
хүртэл үргэлжлэх юм. Зорилтод бүлгийн залуус 25-наас өмнө амжиж вакциндаа
хамрагдаарай.

Categories
мэдээ нийгэм

“Найрсаг Улаанбаатар” аялал жуулчлал эрхлэгчдийн бизнес уулзалт болно

Аялал жуулчлалын идэвхтэй улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд шинээр хэрэгжих төслүүдийн
талаар мэдээлэл өгөх, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг
танилцуулах, эвентийн захиалга авах зэрэг олон үйл ажиллагааг багтаасан
бизнес уулзалт энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын
байранд болох гэж байна. Аялал жуулчлалын байгууллагуудын наадмын
нээлтийн тасалбарын захиалгыг энэ өдөр “Наадам” бүртгэлийн хэсэгт авах
бөгөөд “Даншиг наадам-Хүрээ цам”, “Бест оф классикс”, “Учиртай гурван
толгой” зэрэг үзэгчид олонтой арга хэмжээний суудлыг ч баталгаажуулах
боломжтой аж. Мөн энэ өдөр нийслэлийн Улаанбаатар чуулга жуулчны улирлын
тоглолтын дээж “Five tones” уран бүтээлээсээ толилуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх Нийслэлийн Ардчилсан намын нэр дэвшигч тодорчээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Нийслэлийн
Ардчилсан намаас 45 нэр дэвшигч оролцохоор болжээ. Нэр дэвшигчид өнөөдөр
намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөртөө гарын үсэг
зурлаа.

Тус уулзалтад Нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл 1800 гаруй гишүүн,
дэмжигчид чуулав. Дэмжигч гишүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд Нийслэлд
хийгдсэн бүтээн байгуулалтад сэтгэл дүүрэн буйгаа илэрхийлж байлаа.

Нийслэлийн Ардчилсан нам энэ удаагийн НИТХ-ын сонгуульд
“5+Төлөвлөгөө” нэртэй мөрийн хөтөлбөр дэвшүүлэн оролцохоо мэдэгдээд буй.
Уулзалтын эхэнд НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч 45 гишүүн, тус мөрийн
хөтөлбөрөө Э.Бат-Үүлтэй хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлж, мөрийн
хөтөлбөртөө гарын үзэг зурж баталгаажуулав.

“5+”төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө их хотын эрчимтэй хөгжлийн төлөө
нэгэн үзүүрт сэтгэлээр багаа удирдан зүтгэсээр байх болно гэдгээ
илэрхийлэн гарын үсгээ анхлан зурсан хүн бол Нийслэлийн шинэчлэлийн
багийн ахлагч, НИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүргийн 36-р тойрогт нэр
дэвшигч Э.Бат-Үүл байв. Түүний дараа

  • Сүхбаатар дүүргийн 25-р тойрогт нэр дэвшигч Д.Баттулга
  • Баянгол дүүргийн 2-р тойрогт нэр дэвшигч Б.Мөнгөнсүх
  • Баянгол дүүргийн 3-р тойрогт нэр дэвшигч Т.Нямцэцэг
  • Баянгол дүүргийн 4-р тойрогт нэр дэвшигч Ц.Одонтунгалаг
  • Баянгол дүүргийн 5-р тойрогт нэр дэвшигч Ц.Гомбосүрэн
  • Баянгол дүүргийн 6-р тойрогт нэр дэвшигч В.Ганбаатар
  • Баянзүрх дүүргийн 7-р тойрогт нэр дэвшигч Т.Батцогт
  • Баязүрх дүүргийн 8-р тойогт нэр дэвшигч М.Тулгат
  • Баянзүрх дүүргийн 9-р тойрогт нэр дэвшигч С.Үнэн
  • Баянзүрх дүүргийн 10-р тойрогт нэр дэвшигч Ц.Энхцэнгэл
  • Баянзүрх дүүргийн 11-р тойрогт нэр дэвшигч Ж.Амарсанаа
  • Баянзүрх дүүргийн 12-р тойрогт нэр дэвшигч Н.Нацагдорж
  • Баянзүрх дүүргийн 13-р тойрогт нэр дэвшигч Т.Баясах
  • Баянзүрх дүүргийн 14-р тойрогт нэр дэвшигч Б.Отгонбаяр
  • Баянзүрх дүүргийн 15-р тойрогт нэр дэвшигч А.Лхагвадорж
  • Сонгинохайрхан дүүргийн 16-р тойрогт нэр дэвшигч Б.Мөнхгэрэл
  • Сонгинохайрхан дүүргийн 17-р тойрогт нэр дэвшигч Ч.Бэлэгсайхан
  • -Сонгинохайрхан дүүргийн 18-р тойрогт нэр дэвшигч М.Цэвээн-Очир
  • Сонгинохайрхан дүүргийн 19-р тойрогт нэр дэвшигч Л.Сайнтөгс
  • Сонгинохайрхан дүүргийн 20-р тойрогт нэр дэвигч Ш.Гантөмөр
  • Сонгинохайрхан дүүргийн 21-р тойрогт нэр дэвшигч Ш.Одгэрэл
  • Сонгинохайрхан дүүргийн 22-р тойрогт нэр дэвшигч Ч.Бямбажав
  • Сонгинохайрхан дүүргийн 23-р тойрогт нэр дэвшигч Д.Энхсайхан
  • Сонгинохайрхан дүүргийн 24-р тойрогт нэр дэвшигч П.Галиндэв
  • Хан-Уул дүүргийн 31-р тойрогт нэр дэвшигч Б.Наранцацралт
  • Хан-Уул дүүргийн 32-р тойрогт нэр дэвшигч Ё.Цацралтуяа
  • Хан-Уул дүүргийн 33-р тойрогт нэр дэвшигч П.Батчимэг
  • Хан-Уул дүүргийн 34-р тойрогт нэр дэвшигч Б.Түвшин
  • Хан-Уул дүүргийн 35-р тойрогт нэр дэвшигч А.Цэрэнбат
  • Чингэлтэй дүүргийн 37-р тойрогт нэр дэвшигч Б.Батхуяг
  • Чингэлтэй дүүргийн 38-р тойрогт нэр дэвшигч Л.Энхтуяа
  • Чингэлтэй дүүргийн 39-р тойрогт нэр дэвшигч Т.Бат-Эрдэнэ
  • Чингэлтэй дүүргийн 40-р тойрогт нэр дэвшигч Ц.Баатархүү
  • Чингэлтэй дүүргийн 41-р тойрогт нэр дэвшигч Д.Алтанхуяг
  • Чингэлтэй дүүргийн 42-р тойрогт нэр дэвшигч Л.Наранбаатар
  • Багануур дүүргийн 43-р тойрогт нэр дэвшигч О.Мөнхтулга
  • Багахангай дүүргийн 44-р тойрогт нэр дэвшигч Н.Батаа
  • Налайх дүүргийн 45-р тойрогт нэр дэвшигч П.Ганзориг гэсэн бусад 45 нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө гарын үсэг зурав.

Эдгээр 45 нэр дэвшигчийн 90 хувь нь инженер, эдийн засагч
мэргэжилтэй. Дундаж нас 45 бөгөөд нэр дэвшигчдийн 8 нь эмэгтэй, 37 нь
эрэгтэй аж.

Тус намын ахмад гишүүн “Энэ 45 нэр дэвшигч бол их хотын их ажлын ард
гарна гэсэн итгэл дүүэн баг. Энэ бол Бат-Үүлийн багийн эхлүүлсэн
шинэчлэлийн эцсийн үр дүнг үзнэ гэсэн иргэдийнхээ захиасыг биелүүлэх
баг. Энэ бол мартагдсан гэр хорооллын маргаашийн хөгжлийг ойртуулах баг.
Энэ багийн өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажил нүдний өмнө илхэн байна.
Тийм учраас энэ залуус маань түмний итгэлийг дааж чадна гэдэгт бид
итгэлтэй байна. Та бүхэндээ чин сэтгэлийн сайн сайхныг ерөөж байна”
хэмээн идээний дээд мөнгөн аягтай сүү, эдийн дээд цэнхэр хатагтай
хамтатган Хотын дарга Э.Бат-Үүлд барилаа.

Хотын дарга Э.Бат-Үүл уулзалтыг хааж хэлсэн үгэндээ “Манай намын нэг
ахмад гишүүн надад хэлж байсан. “Та нараараа бахархаж гэж би
Улаанбаатар хотынхоо гудамжаар алхдаг. Нийслэлийнхээ гудамжаар алхах
хичнээн сайхан юм бэ” гэж хэлж байсан юм. Бид сонгогдсон дөрвөн
жилийнхээ хугацаанд сонгосон нэр төрийг чинь өндөрт өргөж явсан гэж
хэлэхийг хүсэж байна. Ийм зангидсан гар шиг байж чадсан баг Монгол Улсын
Ардчиллын түүхэнд байгаагүй гэж би хэлж чадна.

Нийслэлийн Ардчилсан нам өнгөрсөн 4 жилийн хугацаанд иргэдийнхээ
итгэл даалгавраар мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, их бүтээн
байгуулалтын бослого гаргалаа. Арвин он жилүүдээр хийгдээгүй ажил,
хураагдсан бэрхшээлээс бид ухарч няцаагүй. Ханцуй шамлан зүтгэж
амжилттай ажиллаж өнөөдрийг хүрсэн.

Бид амьдарч буй орчноо, алхаж буй гудамжаа, зорчдог автобусаа хэзээ,
яаж өөрчлөгдсөн, хэн юу хийснийг хэнээр ч хэлүүлэхгүй сайн мэднэ. Зарим
хүмүүс 20 жил хийгээгүй ажлыг хийлээ, тавиагүй замыг тавилаа, хаягдаад
байсан гэр хорооллыг өөрчлөхөөр атаархаж байна. Гэвч хоосон атаархагчид
атаархаж л байг. Бид ажиллаж л байх болно. Гурав дахин их зам тавьж,
гурав дахин олон цэцэрлэг барьсныхаа төлөө атаархагчдад муулуулж байгаа.
Гэвч тэд муулаг. Ажил хийж байгаа хүнийг хэл ам дагаж л байдаг. Муулах
тусам бид улам сайн ажиллах болно гэдгээ энэ хэлэхийг хүсэж байна.
Цаашид энэ эрчээрээ ажиллавал Улаанбаатар маань дэлхийд хүлээн
зөвшөөрөгдсөн хот болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө манай баг
“5+” төлөвлөгөө боловсруулсан. Энэ бол худлаа амлалт биш. Ажил хийсэн
учраас үргэжлүүлэн ажиллах төлөвлөгөө юм. Ногоон байгууламж, зам харгуй,
сургууль цэцэрлэгийн дэд бүтцээ нэмэн хөгжүүлэх төлөвлөгөө юм.
Улаанбаатар хотоо улам өнгөжүүлж, үр хүүхэд, хойч үедээ илүү сайхан
Нийслэлээ өвлүүлцэгээе. Бүтээн байгуулалтын их ажлаа үргэлжлүүлцгээе”
хэмээв.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Ардчилсан намаас НИТХ-ын сонгуульд нэр
дэвшигчид болон тус намын гишүүд дэмжигчид XX зууны манлай дуу “Халуун
элгэн” нутаг дууг эгшиглүүлснээр уулзалт өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн ИЗНН-ынхан гомдолтой байна

Хэнтий аймгийн Иргэний зориг, ногоон
намын үүрийн дарга нар эрх баригч намууд Үндсэн хуульд заасан сонгох,
сонгогдох эрхийг бүх шатанд хязгаарлаж байгаа тухай өнөөдөр /05.23/
мэдээлэл хийлээ.

Хэнтий аймгийн Сонгуулийн хорооноос энэ
оны тавдугаар сарын 17-ны өдөр “Хэнтий аймгийн Иргэний зориг ногоон
намаас нэр дэвшиж буй хүмүүсээс татгалзсугай” гэсэн тогтоол гаргасан.
байна. Энэ тогтоолыг энэ сарын 17-ны өдрөө нэр дэвшигчдэд хүргүүлэх
ёстой байсан хэдий ч энэ сарын 20-ны өдөр нийтэд зарласан гэнэ. Энэ нь
нэр дэвшигчдэд нэрээ татсан тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэх боломж
олголгүйгээр Сонгуулийн хуулийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу хууль
зөрчиж байгаа ажээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Иргэний
зориг, ногоон намын үүрийн дарга Б.Тулга “Нийслэлд бие даан нэр дэвшигч
нар болон жижиг намаас нэр дэвшиж буй хүмүүсийн эрхийг хязгаарлаж байна.
Орон нутагт бас энэ эрхийг нь хязгаарлаж байна. Тэгэхээр ард түмэнд
сонгох эрхийг нь ч гэсэн эдлүүлэхгүй байна. Иргэдэд зөвхөн Монгол ардын
нам, Монголын ардын хувьсгалт нам, Ардчилсан нам гэсэн намыг л сонгуулах
гэж байна. Энэ сонгууль бол хууль бус сонгууль болох гэж байна” хэмээн
ярилаа.

Мөн Хэнтий аймгийн Сонгуулийн хороо аль
нэг намын захиалгаар ийм шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв. Хууль
заасан хугацаанд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулаагүй гэсэн
шалтгаанаар албан тогтоол явуулсан хэдий ч зөрчсөн хуулийн заалт,
хавсралт нь байхгүй байсан бөгөөд бид хугацаандаа нэр дэвшүүлэх үйл
ажиллагааг явуулсан гэдгээ онцолж байв.

Цаашдаа энэ асуудлаар холбогдох байгууллагаас хариу тайлбар ирүүлэхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэдгээ мэдэлдлээ.

Categories
мэдээ спорт

Монгол гимнастикч АНУ-д түрүүлжээ

АНУ-ын Иллинойс мужийн дунд сургуулиудын гимнастикийн аварга аварга шалгаруулах тэмцээнд Ж.Номундалай хэмээх монгол хүү түрүүлжээ. Тэрээр ийнхүү “Niles West” сургуулийнхаа түүхэнд алтан медаль авсан анхны гимнастикч болсон нь энэ. Ж.Номундалай эх орондоо амьдарч байхдаа анх гимнастикар хичээллэж эхэлсэн бөгөөд 2007 оны гэр бүлийнхнийхээ хамт АНУ-ыг зорьжээ.

Аваргалсных нь дараа түүний дасгалжуулагч Адриан Батиста “Мужийн аварга болсноор дэлхийн төвшинд хүрэх эхний алхмаа хийлээ” хэмээн магтсан байна.

Categories
мэдээ нийгэм

Мэдээлэл өгөөгүй иргэдийг шалгана

Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газар буюу “Шувуун фабрик”-ийн орчим өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан цогцос олдсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, холбоотой мэдээллийг иргэдээс авч буйг өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийж, цогцос хэн болохыг тогтоож, гэмт этгээдүүдийг олж, шалгаж эхэлснээ мэдэгдлээ. Шатсан цогцос нь эрэгтэй хүний 25-аас дээш настай, 168 см урттай, уруулын дээр болон доор оpчим сахал мэт зүйл шатаж харласан, зулайн ар орой хэсэгт 5 см урттай хар өнгийн үс шатаагүй үлдсэн, биеийн хэсэг нэлэнхийдээ шатаж, зарим хэсэг үгүй болсон байсан юм. Эрэн сурвалжлах ажиллагааг идэвхтэй явуулсны дүнд хохирогч Улаанбаатар хотод оршин суух 53 настай эрэгтэй Б болох нь тогтоогдсон байна. Хохирогч “Б”-г иргэн “Н” хутгалан амь насыг нь хохироон, бусадтай бүлэглэн зөөвөрлөн шатаасан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ. Хохирогчийг ойрын хүн нь хөнөөсөн гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Хохирогч Б-г өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдөр “Булгийн тохой” гэх газарт байсныг иргэн Г, Х нар харсан боловч цагдаагийн байгууллагад хандалгүй хугацаа алдсан. Энэ үйлдэл нь иргэн Г, Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246-р зүйлд заасан гэмт хэргийг үл мэдээлэх гэсэн зүйл ангиар холбогдуулан шалгаж, саатуулахад хүргэжээ. Иргэдэд анхааруулан хэлэхэд гэмт хэргийн талаар мэдсэн, харсан даруйдаа цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллагад мэдэгдсэнээр гэмт этгээд ял завших, оргон зайлах, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж, гэмт хэргийг шуурхай илрүүлэхэд нөлөөтэй юм.