Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс дараах замыг хааж, автобусны чиглэлийг өөрчиллөө

М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын хойд урсгалыг “Home plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдрөөс /V.24-ний 00:00 цагаас/ 05 сарын 29-ний 23:00 цаг хүртэл, замын урд хэсэгт аюулгүйн тойргоос зүүн чигт “Home plaza” дэлгүүр хүртэл 05 сарын 31-ний 00:00 цагаас 06 сарын 05-ны 23:00 цагийн хооронд хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө. Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд 1 талдаа Нийслэлийн гудамжаар явж үйлчилнэ.


Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд талын авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд “Home plaza” дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд урсгалын хөдөлгөөнийг 05 сарын 23-ны 23:00 цагаас 05 сарын 29-ний 23:00 цаг хүртэл бүрэн хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.

Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэл Нийслэлийн гудамжаар явж үндсэн маршрутандаа орно.

Харин Ч:28 чиглэлийн автобусууд хот руу явах чиглэлдээ Хүннүгийн гудамжаар явахгүй тул Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэд бусад чиглэлийн автобусаар үйлчлүүлэхийг мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэйн замыг ирэх сард ашиглалтад оруулна

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто зам нь ашиглалтад ороод 30-40 жил болж буй, дээрх хугацаанаас хойш их засварт ороогүйгээс авто замын зорчих хэсэг нь бүтцийн эвдрэлд орж, замын тэгш байдал алдагдаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон зам юм. Тодруулбал, Долоон буудлын уулзвараас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо хүртэлх 1.5 км авто замыг 1973 онд, үүнээс цааш Микроны эцсийн буудал хүртэлх 1.8км авто замыг 1985 онд ашиглалтад оруулжээ.

Уг замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Экспресс зам ХХК гүйцэтгэж буй бөгөөд зургадугаар сарын 15-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Одоогоор 2,5км-т суурь болон өнгө хучилт хийж, гэрэлтүүлэг бүрэн тавигдаж, явган зам болон борооны ус зайлуулах шугамын ажил хийж байгаа юм. Нийт ажлын явц 75 хувьтай байна. Гэвч газар чөлөөлөлтийн ажлаас шалтгаалаан замыг хугацаанд нь ашиглалтад оруулах боломжгүй болох магадлалтай байгааг гүйцтэгэгч компаниас мэдээлж байгаа юм байна.

Уг замын трассын дагуу нийт газар чөлөөлөх шаардлагатай 70 гаруй хашаа, байшин, обьект байснаас одоогоор 18 айл газраа чөлөөлөөгүй үлдээд байгаа юм. Дээрх айлуудын хашаа, обьект нь ихэвчлэн авто замын явган замын хэсэгт ороод байгаа учир явган замын ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болжээ. Одоогоор дээрх айлуудтай газар чөлөөлөлтийн үнэлгээг тохирох ажил хийж байгаа бөгөөд иргэдийг газар чөлөөлөлтийн ажилд нааштай хандаж замаа хугацаанд нь ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэхийг Нийслэлийн Автозамын газраас уриаллаа.

Categories
мэдээ улс-төр

Чуулган болон Байнгын хороод хуралдана

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 24ий Мягмар гарагт 09.00 цагаас:

  • “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Дэмпингийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөрШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Цог 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Арбитрын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Байнгын хорооны даргыг чөлөөлөх, сонгох тухай;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэх тухай.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун 2016.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбат: Гэр бүлийн хүчирхийллийг зогсоохын тулд хуулийн ажилтан айлд нэвтрэх эрхийг нээж өглөө

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон гол өөрчлөлтүүд нь юу вэ?

-2015 онд бид Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан. Харин энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг бол Эрүүгийн хуулийг яг амьдралд хэрэгжүүлэх үйл явцыг заасан зүйл л дээ. Бид процессын хууль гэж ярьдаг.

Процессын хууль анх 1963 онд батлагдаж, 2002 онд өөрчлөлт орсон байдаг. Одоо дахин шинэчлэн баталлаа. Ер нь бол өмнөх эрүүгийн хууль Зөвлөлт маягийн аргыг голчилсон байсан. Тэр нь хүнийг цагдан хорьж, байцаалтаар хэрэг нотлох эрхзүйн орчныг голлосон гэсэн үг. Тийм хуулийн орчин нь нийгмийг шоронжуулдаг.

Нөгөө талаар хохирогч нь хохирлоо барагдуулж чаддаггүй улам хохироод явдаг байгаа. Харин одоо шинэ хууль батлагдсанаар энэ оны есдүгээр сарын 1-нээс эрс өөрчлөгдөнө.

Хэргийг зөвхөн байцаалтаар биш өөр олон аргаар нотлох ийм хуулийн орчныг бий болголоо. Өөрөөр хэлбэл хүнийг хэн нэгэн албан тушаалтны сэжигт үндэслэн олон сараар хорьдог байдлыг хязгаарлаж зөвхөн нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд яллагдагчаар татаж шалгадаг байхаар зохицуулсан. Мөн хэрэг шалгахдаа нууцаар хийгдэх мөрдөн шалгах ажиллагааг хуульчилж гагцхүү хуулийн хүрээнд хийгдэх баталгаа болгон шүүхийн зөвшөөрөлтэйгөөр явуулахаар болж байгаа.

-Тэгэхээр мөрдөгчид тухайн хүнийг хориод, байцаалт аваад “Үүнтэй танилцаад гарын үсгээ зур” гэх маягаар ажиллахаа болих нь гэж ойлголоо?

-Тийм. Ер нь мөрдөн байцаагчид өөр орчинд ажиллаж эхэлнэ. Гадуур үйл ажиллагаа идэвхжинэ гэсэн үг. Мөн хуулиар зөвшөөрөгдсөн аргыг л хэрэглэнэ. Нөгөө талаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэг нь төрд байдаг. Тухайн хохирогчийн хохирлыг барагдуулахын тулд бид Хохирлын нөхөн барагдуулах сангийн хуулийг батлуулах ёстой. Ял үйлдсэн хүнээс хохирлыг барагдуулах биш сангаас барагдуулчихдаг болно. Дараа нь хохирол барагдуулах сан нь нөгөө хэрэг хийсэн хүнээс төлбөрөө авна. Манай улсад 6-10 мянган хоригдол цагдан хоригдох байр, орон шоронд байдаг. Энэ бол хүн амтай нь харьцуулахад өндөр үзүүлэлт шүү дээ. Гэтэл 4-5 жил болоод Өршөөлийн хууль гаргадаг. Энэ чинь өөрөө хууль маань болохгүй байсны баталгаа юм. Өмнө нь хүнд, хөнгөн, хүндэвтэр гээд дөрөв, таван ангилалтай байлаа. Шинэ хуулиар үүнийг хоёр ангилалд л оруулж байгаа. Үүний дараагаас хорих ангиудад хүний эрхийг дээрдүүлэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хэлэлцэгдээд батлагдаад явна.

-Хууль сахиулах ажиллагааны тухай хуультай боллоо. Энэ манайд шинэ хууль болсон. Хуулийн гол онцлогуудаас хэлж өгөхгүй юу?

-Өмнө нь 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болоод Зөрчлийн тухай хууль гээд цоо шинэ хууль баталсан шүү дээ. Хууль сахиулах ажиллагааны тухай хууль маань 12 бүлэгтэй. 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхлээд дагаж мөрдөж эхэлнэ. Хууль сахиулах ажиллагааны тухай хууль нь нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, зөрчил шалган шийдвэрлэх зорилгоор явуулах хууль сахиулах ажиллагааны үндэслэл журмыг тогтоох энэ ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хүн, хуулийн этгээдэд шаардлага тавих, баримт бичгийг шалгах, тээврийн хэрэгслийг зогсоох, согтуурсан мансуурсан байдлыг шалгах, орон байр бусад газарт нэвтрэн орох, гамшиг, хорио цээрийн дэглэм тогтоосон үед нийтийн хэв журам сахиулах, жагсаал цуглааныг албадан тараах зэрэг хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтны нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр явуулах ажиллагааны үндэслэл, журмыг хуульчилсэн хэрэг. Түүнчлэн хууль сахиулах ажиллагаанд нэг бүрийн тусгай хэрэгсэл, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журам, тэдгээрийг хэрэглэх субьектыг хуульчлан заалаа. Тухайлбал, галт зэвсэг хэрэглэх хуульд заасан 11 үндэслэлийн тухайлсан хоёр үндэслэлээр байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч галт зэвсэг, бороохой хэрэглэж болохоор заасан байгаа.

-Эрх бүхий байгууллагууд галт зэвсэг хэрэглэх журмаа хамтарсан юм уу, дангаараа дотоод журмаараа зохицуулж явдаг байсан талаар шүүмжлэл сонсогддог. Одоо хуулиар зэвсэг хэрэглэх эрхтэй байгууллагууд бүгдээрээ нэг хуулиар ойлгомжтой болж байгаа юм байна?

-Тийм ээ. Өмнө нь 2008 оны долдугаар сарын 1-нд манай хууль сахиулагчид галт зэвсэг хэрэглэсэн. Түүний дараа хуульчлагдаагүй байдал нь илэрч буруутай, буруугүй гэлцэж байлаа. Таван хүний амь эрсэдсэн нь хууль сахиулах ажиллагаанд алдаа мадагтай зүйл байсны илэрхийлэл. Олон цагдаа асуудалд орсон. Энэ байдал бүгд хуульчлагдлаа. Бас хууль сахиулах ажиллагаанд хяналтын төхөөрөмж яаж ашиглах, түүнд тавигдах шаардлага, хэрэглэх журмыг Засгийн газар батлах, баримтжуулагдсан, дуу дүрсний бичлэг нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар тооцогддог байхаар болсон.

-Шүүх дээр дүрс бичлэгийг нотлох баримт болгон үзүүлж болдог болж байгаа хэрэг үү?

-Тэр дуу дүрсний бичлэгийг тусгай зөвшөөрөгдсөн хяналтад байгаа хэрэгслээр авсан бол нотлох баримтад тооцогдоно. Мөн хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авмагц таслан зогсоох арга хэмжээг цагдаагийн байгууллага даруй авдаг байхаар болж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, таслан зогсоохыг шууд хуульчлаад заачихсан. Хаалттай хаалганы цаана гэр бүлийн орчинд эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах тохиолдлууд байсан. Хууль хүчний байгууллагууд ч гэр бүлийн дотоод асуудалд тэр болгон ордоггүй байлаа. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийллийг зогсоохын тулд хууль хүчний байгууллагынхан орж болно гэдгийг хуульчлаад заагаад өгчихсөн гэсэн үг.

-Хэрэв хүчирхийлэл үйлдэж буй байдал тогтоогдвол хаалгыг нь эвдээд орж болдог болж байгаа гэсэн байх аа?

-Хаалгыг ямар нэгэн байдлаар онгойлгоод доторх хүчирхийллийг таслан зогсоох энэ чиглэл рүү хуулийн эрхтэй болж байгаа. Мөн АТГ, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тахарын алба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн талаарх мэдээлэл олж авах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор явуулах эрэн сурвалжлах нууц ажиллагааны үндэслэл, журмыг тогтоосон. Түүнчлэн тэдгээрийн үйл ажиллагаанд тавих прокурорын хяналтын хүрээ, хэмжээ, хууль сахиулах тусгай ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, үндэслэл журмыг хуульчилж өглөө.

2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ил тод, шударга, түргэн шуурхай, үр нөлөөтэй, тодорхой процедурыг хуульчлан тогтоох шаардлагын хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд тусган хуульчиллаа. Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хариуцлагын тухай болон байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлсон шинжтэй Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн тухай, Өрсөлдөөний тухай, Банкны тухай, Цагдаагийн албаны тухай зэрэг хуулиар зохицуулагддаг байсан. Түүнчлэн тодорхой салбарын хүрээнд албан тушаалтны баталсан дүрэм, журмын хүрээнд хүн, хуулийн этгээдийн эд зүйл, эзэмшил газарт үзлэг хийх, баримт бичиг, эд зүйл хураан авах, битүүмжлэх, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах зэрэг харилцааг зохицуулж байлаа.

Энэ нь хууль сахиулах ажиллагаа, түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлж, улмаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим алдагдахад хүрээд байсан л даа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах нэгдсэн стандартыг Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар бий болголоо.

-Нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг одоо хувийн компаниуд ачаад явчихаж байна. Хууль сахиулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ үйл ажиллагаа цагдаагийн хяналттай болж байгаа гэсэн?

-Хүнд үзлэг шалгалт хийх, хүний өмч эд хөрөнгөд халдах бол эрх бүхий байгууллагын эрх бүхий этгээдүүд байх ёстой. Эсвэл тэдний хараан дор зөвшөөрөлтэйгөөр хийх боллоо л доо. Дуртай хүн нь очоод хүссэн юмаа ачаад явчихдаг байж болохгүй. Аль нэгэн байгууллагын даргын журам эсвэл хотын, сумын захиргааны даргын тушаалаар биш хуульчлагдсан хүрээнд явахаар заагаад өгчихлөө. Өөрийн чинь хэлж байгаа зүйл цаашдаа байхгүй болно. Бүгдээрээ л хуулийн дагуу, хуульд заагдсаны дагуу эрх бүхий этгээд журмаа гаргаад явахаас биш хэн нэгэн дуртай дарга журам гаргаад хүний эд хөрөнгөнд халддаг тийм зүйл байхгүй болно гэсэн үг. Үүний нэг нь машин ачих шүү дээ.

-Хууль хэлэлцүүлгийн шатанд байхад АТГ, ЦЕГ, ТЕГ-ын дарга нарын ил захидал гарч байсан. Хэрвээ энэ хууль гарвал дээрх байгууллагуудын эрх суларна. Үүнээс шалтгаалж гэмт хэргийн илрүүлэлт буурна гэж байсан?

-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд өрөөндөө Хууль зүйн сайд байгаад өөрийн чинь ярьсан гурван байгууллагын удирдлагуудтай уулзсан. Тэнд ажлын хэсгийн гишүүд, прокурор, шүүхээс хүмүүс байлцаад хуулийн үндсэн зарчмыг эвдэхгүйгээр авч болох саналуудыг аваад энэ асуудлыг шийдвэрлэсэн. Гүйцэтгэх болон хойшлуулшгүй ажиллагаа хурдан түргэн явах байдлыг алдагдуулахгүй, гэхдээ тодорхой хэмжээний хяналт зөвшөөрөлтэйгөөр хийх аль аль талыг бодолцсон. Гурван байгууллагын ярьж байгаа зүйлд авах юм байсан шүү.

-Мөн МАН тав хоногийн завсарлага авсан. Дараа нь бүлгийнхээ мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Хууль зүйн сайд мөрдөн шалгагдаж байгаа хэргийг татаж үзэх, хяналт тавих эрхийг хуульд заасан байсан. Энэ мэт хариуцлагагүй зүйлс байгаа учраас нухацтай хандах ёстой” гэж тайлбарлаж байсан?

-Ерөнхийдөө Хууль зүйн сайд бол улс төрийн албан тушаалтан. Тэр болгон бас хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохооргүй байх нь зүйтэй гэдэг саналуудыг аль аль байгууллага тавьж байсан. Нөгөө талаас Засгийн газар хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын өмнө хүлээдэг албан тушаалтан. Тиймээс зарим зүйлийг аваад прокурорын хяналтад оруулаад явсан. Ер нь аливаа хууль хүчний байгууллага ямар нэгэн хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулж болохгүй.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Барилгын компаниуд нууцаар орон сууцныхаа үнийг хямдруулжээ

-ИРГЭД ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУСАН ҮНЭЭР ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВЧ ЭХЛЭВ БОЛОЛТОЙ-

Орон сууцны үнийн хөөрөгдөл хөрсөн дээрээ бууж эхэлжээ. Барилгын компаниуд бие биедээ хэлэлгүйгээр үнээ буулгаж, иргэд зах зээлийн бодит үнээр орон сууцаа худалдан авч эхэлсэн байна. Гэхдээ барилгын компаниуд олон нийтэд шууд ил гарч ирээд “Манай компани мкв-ынхаа үнийг 2.5 сая төгрөгөөр үнэлж байснаа 1.6 сая төгрөг болгож хямдрууллаа” гээд зоригтой мэдэгдэл хийж, зар сурталчилгаа цацаж чадахгүй байгаа юм байна. Харин нууц байдлаар шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэ хямдарчээ. Энэ талаар бид дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэсэн юм.

Зарын сонин болоод, зар сурталчилгааны сонинууд дээр “Ашиглалтад ороод удаагүй шинэ орон сууц хямд үнээр худалдана. Найман хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Эсвэл “Мөнгөний яаралтай хэрэг гарсан тул маш хямдхан үнээр буюу мкв-ыг 1.6 сая төгрөгөөр зарна. Шинээр ашиглалтад орсон …… хотхонд бартераар орон сууц худалдана. Автомашин, мал, барилгын материал, хурдан борлогдох бараа бүтээгдэхүүн оролцуулж болно” гэх зар дүүрэн байх боллоо. Дээрх заруудыг анх харахад жирийн иргэнд мөнгөний хэрэг яаралтай гараад шинээр худалдаж авсан байраа хямд үнээр худалдах гэж байгаа мэт харагдана. Харин заруудыг тогтож ажиглаад харахаар өнгөрсөн жил, эсвэл он гараад ашиглалтад орсон сүүлийн нэхэн хотхоны орон сууц байх ажээ. Бүр тодруулбал, зарын доорх холбоо барих утасны дугаар нэг компанийн ажилтнуудын дугаар байх. Барилгын компаниуд орон сууцныхаа үнийг 5-11 сая төгрөгөөр хямдруулжээ. Гэвч юунаас болж барилгын компаниуд үнээ хямдруулснаа бусдаасаа нууцалж, хэн нэгнээс болгоомжилсон байдалтай худалдаалах болов. Тэд барьсан барилгынхаа үнийг буулгаж байгаа гэдгээ нуух болсон цаад шалтгаан юу вэ.

“ХЭДХЭН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭРХ АШГААС БОЛЖ НЭРЭЭ НУУЖ, ҮНЭЭ ХЯМДРУУЛСАН”

Бид зар дээрээс Хан-Уул дүүрэгт ашиглалтад ороод найман сар болж байгаа нэгэн орон сууцны барилгын компанийн менежертэй холбогдож, үнэ ханшийг нь асуусан юм.

“Ахад нь яаралтай мөнгөний хэрэг гараад л метр квадратыг нь 1.6 сая төгрөгөөр үнэлж, байраа худалдаалж байгаа юм. Урьдчилгааны 30 хувь байгаа гэвэл банкны зээлийг нь хамт хөөцөлдөж өгнө. Банкинд таньдаг хүн байгаа” гэх. Хэд хэдэн удаа өөр өөр мкв-тай байрыг асууж үзээд “Та хувь хүн биш. Компани төлөөлж байгаа хүн байна. Яагаад компанийнхаа нэрийг гаргахгүй байгаа юм бэ” гэлээ. Мөн энэ талаар сурвалжлага бэлтгэж байгаа гэдгээ ч хэлэв. Ингээд түүнтэй уулзаж компанийнхаа нэрийг нуух болсон талаар нь ярилцлаа. Тэрбээр компанийнхаа болон өөрийнхөө нэрийг сонин дээр гаргахгүй байхаар тохиролцож ярилцлага өгсөн юм.

-Юунаас болоод компанийнхаа нэрээр биш хувь хүний нэр ашиглаж орон сууцны барилгаа зарж байгаа юм бэ?

-Ингэж л худалдахгүй бол борлохгүй байна шүү дээ. Манай компани барилгын салбарт ороод 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд маш олон орон сууцны барилга ашиглалтад оруулсан. Иргэд ч манай компанийн барьсан барилгад сэтгэл хангалуун байдаг. Бид чанарыг эрхэмлэж ажилласаар өдий хүрч байна. Гэхдээ компанийнхаа нэрийг нуух шаардлага эдийн засгийн хямралаас гадна бусад хүний эрх ашгийг бодоод гараад байна. Өнгөрсөн жилээс орон сууцны худалдан авалт хэд дахин буурсан. Найман хувийн зээлээр маш олон гэр бүл байртай болж чадсан. Барилгын компаниудын хувьд ч худалдан авалт нэмэгдэж ашиг орлого сайжирсан. Гэтэл эдийн засгийн хямралаас болоод Монголд бэлэн мөнгөтэй хүн байхгүй болчихсон. Худалдан авалт байхгүй болчихоор компаниуд дагаад хямарчихсан. Ихэнх нь барилга барихдаа банкнаас зээл авдаг. Орон сууцаа зарж дуусаад эргүүлээд зээлсэн мөнгөө өгнө гээд өндөр хүүтэй зээл авчихсан. Мөн гүйцэтгэгч компаниуд болон ажилтнуудынхаа цалинг зээл аваад хагасыг нь өгчихсөн байдаг. Тэгсэн худалдан авалт байдаггүй, компанийн данс улайчихсан. Хэдэн талаас өр нэхэгдээд суух байх газраа олж чадахгүй хүнд байдалд орж байна. Банкны мөнгө нэхэгдээд байдаг. Барьцаанд тавьсан эд хөрөнгө хурааж авах гээд байдаг. Зөвхөн манай компани биш барилгын салбарт ажиллаж байгаа олон компани иймэрхүү дүр зурагтай байна. Тэгээд байрныхаа үнийг хямдруулж байгаа. Бүр худалдан авч байгаа хүнд маш олон боломж олгож байна.

-Тухайлбал?

-Урьдчилгаа төлбөр хүрэхгүй байгаа бол автомашиныг нь өндөр үнээр худалдан авч байна. Малчдаас малыг нь зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаад авч байна. Хурдан аргаар борлогдох юу л байна тэрийг нь урьдчилгааны мөнгөнд оруулаад авч байгаа. Саяхан гэхэд хувцас худалдаалдаг хүн манайхаас байр авсан. Дөрвөн сая төгрөгийн хувцас урьдчилгаа мөнгөнд авсан. Түүнийгээ цалингаа бүрэн өгөөгүй ажилтнуудад мөнгөний оронд өглөө. Арматурын төмөр, гурил, будаа гээд мөнгө болж болох юу л байна тэр бүхнийг бартераар авч байна шүү дээ. Сүүлдээ барьсан барилгаа зарах гэж панзчин болж байна. Урьдчилгааны мөнгөнд ирсэн машинаа мөн л өрөнд шилжүүлээд өгдөг. Барилгын материалыг шинээр барилга барьж байгаа танил компани руугаа хямдхан зарж байна.

-Энэ бүхэн компанийнхаа нэрийг нуух, орон сууц хямдарсан гэдгээ олон нийтэд хэлэхгүй байх шалтгаан юм уу?

-Үгүй ээ. Би чамд барилгын салбарын өнөөгийн дүр төрх ямар байгааг хэллээ. Юунаас болоод компаниуд орон сууцны мкв-ынхаа үнийг 5-9 сая төгрөгөөр буулгаад байна вэ. Хоёр жилийн өмнө мкв-ынхаа үнийг 2.5 сая төгрөгөөр зарж байлаа. Гэтэл яг одоо орон сууц сонирхож байгаа хүмүүсийн сард авч байгаа цалин зээл авахад хүрэхгүй байна. Иймд үнээ буулгаж байж худалдан авалт нэмэгдэнэ. Бид бүхэн эдийн засгийн хямралаасаа эргээд гарна. Үнээ огцом хямдруулж байгаагаа олон нийтэд зарлаж болохгүй байна. Барилгын компаниуд хэд хэдэн холбоонд хамаарагддаг. “Та бүхэн орон сууцныхаа үнийг хямдруулж болохгүй. Тэгвэл барилгын салбар тэр чигтээ сөнөнө. Маш олон компани хаалгаа барина” гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн хэнийхээ эрх ашгийг бодоод үнээ албан ёсоор хямдруулж байгаагаа хэлж чадахгүй байна. Саяхан гэхэд нэг компани үнээ 1.7 сая төгрөг болгоод хямдруулсан гэсэн зараа барилга дээрээ өлгөчихсөн. Компанийн захирлыг нь холбоод болон олон компанийн захирал загнаад сүйд хийчих шахсан гэсэн. Барилгын компаниуд хар хайрцагтай, нэгдсэн бодлоготой байх ёстой гэж үздэг. Үүнээс болоод л компаниуд хувь хүн мэт дүр эсгээд өөрийнхөө эд хөрөнгийг хулгайч хүн шиг далдуур зарж байна шүү дээ.

-Орон сууцныхаа үнийг буулгаж байгаагаа зарлах гэхээр бусдынхаа эрх ашгийг үнэхээр хөндөөд байгаа юм уу?

-Би буруу бодож байж болно. Гэхдээ банкнаас огт зээл авалгүй өөрийнхөө хөрөнгөөр барилгаа барьсан. Маш их хэмжээний ашиг олох тооцоо гаргачихсан цөөн хэдэн толгой компанийн эрх ашгаас болж дундаж давхаргын компаниуд хөлд нь чирэгдээд байна. Одоо худалдаалж байгаа бодит үнээрээ орон сууцаа зараад дуусах юм бол манай компани бага зэргийн алдагдал хүлээгээд эргээд сэргэчихнэ.

-Таны ярианаас мкв-ынхаа үнийг 5-9 сая төгрөгөөр буулгасан ч компаниуд ашиг олно гэж ойлгож болох уу?

-Бид тооцоо судалгаа хийж үзсэн. Анх тооцоолж байснаас хэд дахин буурсан үзүүлэлт гарсан. Гэхдээ ямар ч байсан ашиг гарсан гэв. Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул гээд дүүргүүдэд шинээр ашиглалтад орсон орон сууцны барилгуудын эзэд болох компаниуд бүгд л дээрх хариултыг дуу нэгтэй өгч байна лээ. Мөн орон сууцны үнийн хөөс хагарч, үнэ нь хөрсөн дээрээ буужээ. Иргэд орон сууцаа бодит үнээр худалдан авч, компаниуд ч ашигтай байгаа юм байна. Хэдэн толгой компани л барилгын үнийг хүчээр барьж байгаа ажээ. Үүнээс гадна орон сууцны үнэ цаашид ч буурна гэдгийг борлуулагчид ярьж байна.

Э.Баатар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Саньдо амбан

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

1996 онд хэвлэгдсэн ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз нэртэй Монголын түүхийн ном гараад даруй 20 жил болжээ. Тухайн үеийн түүхийн баримтын олдоц тааруугаас алдаж омгойтсон, буруу дүгнэсэн зүйл уг бүтээлд цөөнгүй оржээ. Энэ хооронд судлаач эрдэмтдийн гарт очиж эргэлтэд ороогүй байсан олон материал, цаг үеийн гэрчүүдийн дурсамж, тайлбар сэлт өдгөө нээгдсэнээр эргэж харахаар олон асуулт үүссэн юм. Энэ бүтээл урьд нь нэлээд хэдэн хэлээр орчуулагдан гадаадын уншигчдын гарт очсоноос гадна монгол хэлээр олон удаа хэвлэгдсэний дотор 2006 онд дахин засварлагдсан хоёр дахь хэвлэл нь нийтийн хүртээл болсон. Одоо энэ бүтээлийг франц, испани, солонгос хэлээр орчуулан хэвлэх санал ирснийг бодолцоод зохиогч номоо бараг цоо шинээр бичихээр шийдэн гурав дахь хэвлэлийн нооргийг дуусгах шатандаа явна. Агуулга багтаамжийн хувьд 1996 оны анхны хэвлэлээс хоёр дахин том, 2006 оны хоёр дахь хэвлэлээс 40 хувь зузаан болох төлөвтэй. Эргэж харан цоо шинээр бичсэн хэсгийнхээ зарим сонирхолтойг нь уншигч танд толилуулж байна.

Манж Чин улсын үед Манжийн Эзэн хаан ба Монголын ноёд язгууртны харилцаа туйлын зохистой байжээ. Монгол ноёдын хууль ёсны статусыг Манжийн Эзэн хаан баталгаажуулж, улс төр, эдийн засаг, шашин, соёлын болон бусад харилцаа явагдах хүрээг нь бүрдүүлж байв. Монголчууд дахин нэгдэн цэргийн аюул занал учруулахаас сэргийлэхийн тулд манжууд монгол ноёдыг хяналтдаа байлгаж байсан нь үнэн боловч бусдаар бол нийгмийн дотоод хэрэгт нь шамдан оролцоод байдаггүй, гэхдээ хятадуудыг Монголтой ойртохоос хамгаалсан бодлого баримталсаар ирсэн. Энэ нь монголчуудад бие даасан бүтцээ хэвээр хадгалах боломжийг бүрдүүлж, вассалын харилцаа баримталж байсан юм. Ханддорж нар Орост сэмээр явж Засгийн газарт нь гардуулсан Богд Жавзандамбын бичигт “Хоёр зуу илүү он Монгол хан, ван, засгууд өөр өөрийн албат арддаа эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайвнаар аж төрсөн” гэсэн байдаг.

Гэтэл XIX зууны дундаас Чин династи урьд байгаагүйгээр сулрав. Империалист гүрнүүд тал талаас нь мэрэн зовоосноор үл барам дотор нь олон бослого хөдөлгөөн гарч, ерөнхийдөө доройтоод ирлээ. Үүнээс болж Чингийн захиргаанд хамаарч байсан Монголын нийгэм ч хямралд идэгдээд эхэлсэн юм. Хятад цагаачид Өвөр Монголд олноор суурьших болсон нь Гадаад Монголын нийгэмд тогтворгүй байдал үүсгэн, онц ихээр нөлөөлөх болов. Өвөр Монголд бэлчээр богино хугацаанд тариалангийн бүс болон хувирч байв. Ийм учраас тэнд монголчууд, хятадуудын хооронд байнгын маргаан зөрчил үүсэх боллоо.

Манжийн Эзэн хааны амбанаар томилогдох хүн юун түрүүн манж юм уу, монгол хүн байх ёстой, энэ албыг хятад хүнээр хаалгадаггүй. Нөгөө талаас Гадаад Монгол болон Манжуурт суух амбан нь тухайн хошууны хүн мөн үү гэдгээр хэмжигддэг байв. Хүрээ, Ховд, Улиастайд суух амбан нь дандаа монгол хүн байсан. 1899 оноос Хүрээний амбанаар суусан Пунцагцэрэн нас өндөр болж тэтгэвэртээ гарах болсон учраас шинэ амбан хэрэгтэй болжээ. Түүний дараа амбан болсон Янжин Бээжингийн Шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх гэж яарсангүй, хойрго нэгэн байсан бололтой. Харин 1910 онд амбанаар томилогдсон Саньдо өөрийгөө Шинэ засгийн бодлогыг онц сайнаар хэрэгжүүлэгч гээд ойлгочихож.

1876 онд төрсөн Саньдо бол уг гарлаараа монгол хүн. Янз бүрийн зүйл, түүний дотор археологийн олдвор шимтэн сонирхдог яггүй боловсролтой нэгэн байж. Монгол нутагт байгаа хүн чулуу, буган хөшөө зэргийн анхны бүртгэлийг тэрээр гаргажээ. Саньдо нь 1908-1909 онд Хаалганд амбанаар суухдаа дээрээс их үнэлэгдсэн нэгэн. Түүнээс нь болсон уу, мань эрийг Хүрээнд суух амбанаар томилжээ. Саньдо монгол хүн мөртөө монголоороо сайн ярьж чаддаггүй, манж, монголоор бичиж мэддэггүй, маш их хятаджсан хүн байлаа.

Хүрээнд ирээд хэдхэн хонож байхдаа бөөн хэрүүл шуугианд холбогдоод авав. 1910 оны дөрөвдүгээр сарын 6-нд Гандан хийдийн лам нар ба хятад худалдаачдын хооронд гарсан мөргөлдөөнийг зохицуулахаар давхиж очжээ. Хэдэн согтуу лам Хятадын Даён хэмээх модны дэлгүүрт түлээ модны үнээс болж маргалдан, улмаар дэлгүүрийг нь түйвээж хаяжээ. Эргүүлүүд гурван ламыг баривчлан хүргэж явахад нь хийдийн лам нар дайрч тэднийг сулласан байна. Тэгэхээр нь Саньдо өөрөө толгойлон цагдаа болон эргүүлийнхнийг дагуулж очтол 2-3 мянган лам чулуу нүүлгэн хөөж явуулав. Монголд угаасаа цагдаа гэж юм байгаагүй. Саньдо ирэнгүүтээ “дээрэмчдийг баривчлах, худалдаачдыг хамгаалах” үүднээс Шинэ засгийн бодлогын Хүрээнд цагдаагийн алба байгуулсан. Нэг цагдаа 15 мод газар хариуцах учир “Арвантавны цагдаа” гэх нэр гарчээ.

Чулуугаар нүдүүлж уур нь хүрсэн Саньдо шууд л Жавзандамба хутагт дээр давхиж оров. Лам нарын асуудал хариуцсан Шанзавын яамны Бадамдоржтой ярьж зохицуул гэж Богд түүнд хэлэв. Хятад дэлгүүрийн хохирлыг барагдуулахаар Шанзавын яам 1 711 лан мөнгө төлсөн боловч Саньдо, Бадамдорж хоёр эндээс биенээ үзэхээ болив. Их шавиас Бээжин рүү гомдол мэдүүлж, Саньдогийн хатуу ширүүн аашийг шүүмжлээд албан тушаалаас нь зайлуулахыг хүсчээ. Саньдо зөрүүлээд Бадамдоржийг Шанзавын яамнаас зайлуулах хүсэлтээ Бээжин рүү илгээв. Саньдо Бадамдоржийг “тун зальтай этгээд” гэж тодорхойлсон байна. Бээжин Саньдог дэмжиж Бадамдоржийг огцруулав.

1911 оны нэгдүгээр сард Хятадаас Тай Зайлингийн цэрэг “Цэргийн хэрэг явдлын газар” гээчийг байгуулахаар Хүрээнд ирлээ. Энэ нь Халхад цэргийн үйл ажиллагааг хяналтдаа авах зорилготой юм. Энэ бол монгол ноёдын улс төрийн эрх мэдлийг ганхуулах зорилготой. Үүгээрээ Саньдo Жавзандамба болон лам нарын үзэшгүй дайсан болсон байснаа одоо ноёд, ван гүнгүүдийн дайсан болж эсрэг фронтоо улам хүчирхэгжүүллээ.

Яг энэ үед Сайнноён Намнансүрэн Богдод захидал бичиж халхын дөрвөн хан нийлж хурал зөвлөлгөөн хийх санал гаргасан байна. Богд ч шууд дэмжлээ. Монголд 40 жил консулаар ажиллаж бараг дэлхийн рекорд тогтоосон Яков Шишмарев тэтгэвэртээ гарч, түүнийг В.И.Лавдовский гэгч орлож байсан үе. Монголчууд Саньдогийн “дарангуйлалд” байхдаа Оросын консултай холбогдсон суваг буй болгочоод байжээ. Ингээд зөвлөлгөөний шийдвэрээр Намнансүрэн, Ханддорж, Хайсан нар Санкт Петербург руу явахаар болжээ. Монгол ноёд хуврагууд эцсийн шийдээ долдугаар сарын 28-нд Ладовскийд хүргүүлэв. Төлөөлөгчдийг хүлээж авна гэсэн Петербургийн шийдвэр иртэл түр хүлээж байхыг хүссэн боловч тэд ердөө маргааш нь тоосон ч үгүй хойшоо мордчихлоо. Төлөөлөгчид Хүрээнээс хөдөлсөн мэдээг сонсоод Коростовец ГЯЯ руугаа бичсэн цахилгаандаа: “Тэдний айлчлалыг олон нийтийн хэмжээнд, гэхдээ хүндэтгэлтэй хандаарай”.

Энэ хооронд Хүрээнд сууж байсан Саньдо Монголын төлөөлөгчид Сант Петербургт очсоныг сонин хэвлэлээс олж мэджээ. Ингэнэ чинээ санаагүй байсан амбан хар уурандаа арга хэмжээ авахыг оролдож ядсандаа Богдын ордонг цэргээр бүслүүлж тэнэгтэв. Оросуудаас шахалт ирлээ: 1. Монгол явуулж буй Шинэ засгийн бодлогоо зогсоо. 2. Монголын төлөөлөгчдийг нутагтаа буцаж ирэхэд нь шахалт үзүүлж болохгүй. 3. Монголд ямар нэг бодлого хэрэгжүүлэхийн өмнө Орост мэдэгдэж бай.

Ингэсгээд ер нь ч Бээжин Монголд явуулж буй бодлогодоо өөрчлөлт хийхгүй бол горьгүй юм болох нь гэдгийг ойлголоо. аравдугаар сарын эхээр Санкт-Петербург дахь өөрийн түр хамаарагчаар дамжуулан Оросын ГЯЯ-нд “Монголд явуулж буй өөрийн цэрэг- улс төрийн шинэтгэлийн бодлогоо зогсоолоо” гэж мэдэгдсэн байна. Тай Зайлингийн цэргүүд ч Хүрээнээс гарч одлоо. Үр дүнд нь Оросын Засгийн газрын шаардлагыг Манж Чингийн эрхтнүүд хүлээж авснаар Гадаад Монголд үүссэн түгшүүрт байдал түр намжив. Яг л энэ үеэр Манжийн төрийг эсэргүүцсэн Учуаны бослого дэгдэх нь тэр. Гэвч бүх юм нэгэнт оройтжээ. Чин династи дотроо ч тогтох хугацаа нь дууссан, монголчууд одоо Шинэ засгийн бодлого халагдсанаар сэтгэл ханахаа ч нэгэнт больчихсон байв.

Халхын голлох удирдагчид “Түр ерөнхийлөн захиран шийтгэх газар” гэдгийг бараг л нууж хаах юмгүй байгуулахаар Саньдод зуучлагч хэрэг болов. Урьд амбан байсан Пунцагцэрэн, Шанзавын яамнаас хөөгдсөн боловч саяхан эргээд албан тушаалдаа орсон Бадамдорж нараас Саньдо тусламж гуйсанд цаадуул нь ёстой нэг бах нь ханасан маягтай хүйтнээр татгалзах нь тэр. Бадамдорж ялагч болж, Саньдо шалдаа буулаа.

Categories
мэдээ цаг-үе

Ононгийн Чинбаяр: Оросын зохиолч Андрей Платановын олон жил хориотой байсан “Чэвэнгүр” романыг орчуулж байна

Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, “Алтан Өд”-ийн хошой шагналт орчуулагч Ононгийн Чинбаярыг Оросын нийслэлээс түр ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Тэрээр Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцын есөн боть сургаалыг эрхлэн гаргасан бөгөөд Америкийн нэрт зохиолч Хэрман Мэлвиллийн “Моби Дик буюу цагаан халим”, Ирландын нэрт зохиолч Жэймс Жойсын “Үлисс” роман, Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесийн “Хурандаад хэн ч бичихгүй”, Оскар Уайлдын “Дориан Грейн хөрөг”, Франц Кафкагийн “Шүүх ажиллагаа”, Херман Хессегийн “Талын чоно” зэрэг бүтээлүүдийг эх монгол хэлнээ буулгасан бичгийн хүмүүн билээ.

-Дэлхийд алдартай М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг тэртээ ерээд онд дүүргэсэн монгол оюутан ямар чиглэлээр мэргэжил дээшлүүлж Москвад сураад байна даа?

-ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Иван Федоровын нэрэмжит Москвагийн Хэвлэлийн их сургуулийн Утга зохиолын тэнхимд эрдмийн ажил эрхлэн суралцахаар өнгөрсөн намар явсан. Багш маань Киргизийн их зохиолч Чингиз Айтматовын амьдрал, уран бүтээлээр докторын зэрэг хамгаалсан Татъяна Тимофена Давыдова гэж мундаг хүн бий. Миний эрдмийн ажлын сэдэв бол 1920-иод оноос өнөөг хүртэлх Монголд орчуулагдсан гадаадын уран зохиолыг тоймлосон диссертаци бичих юм. Бичих ёстой зүйлээ үндсэндээ хагас жилийн дотор биччихээд нутагтаа ирлээ.

-Өнгөрөгч зууны хориод оноос орчуулагдсан бүтээлүүдийн жагсаалт овоо уртхан юм гарах байх аа?

-Монголын шинэ үеийн утга соёлын ерэн жилийн түүхэнд манай бичгийн мэргэд, нэрт гүүш нар маань дэлхийн маш олон бүтээл зохиолыг монголчилж. Зөвхөн каталоги нь гэхэд таван ботиор хэвлэгдсэн байдаг юм байна. Хуучнаар Лениний номын сангаас авч хэрэглэж байна.

-Таны өөрийн чинь орчуулсан номууд гэхэд л нэлээд олон байгаа даа?

-Би хориод ном орчуулсан. Дээрхийн гэгээний есөн ботиос гадна уран зохиолын орчуулгын арван гурван ном байна.

-Та эрдмийн ажлын зэрэгцээ орчуулга, уран бүтээлдээ хэр анхаарч байна?

-Усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр Оросын нийгэмд хориотой байсан зохиолч Андрей Платановын “Чэвэнгүр” хэмээх романыг орчуулаад явж байна. Чэвэнгүрийн колони гэж байсан юм билээ. Тэр газраар нэрлэгдсэн роман л даа. 1929 онд бичигдсэн ч 1988 он хүртэл хэвлэгдэхгүй байсан хориотой бүтээл. 1989 онд тэр ном хэвлэгдээд намайг Горькийн сургуульд хоёрдугаар курст очиход есдүгээр сарын 1-ний өдөр зохиолчын дурсгалын самбар тавигдаж байсан юм. Хорин долоон жилийн дараа гадны хэлэнд орчуулагдахад түвэгтэй гэж оросууд ярилцдаг энэ алдартай зохиолыг барьж авлаа. Андрей Платановыг Орос Жойс гэлцэх нь ч бий. Би зохиолчийн Воронежид очиж, танилцаад орчуулгаа төгсгөвөл хамаагүй амьд болох байх гэж бодож байгаа. Воронежид Оросын их зохиолч Иван Бунин төрсөн. Яруу найрагч Осип Мандельштам тэнд цөллөгт байхдаа хамгийн сайн шүлгүүдээ бичиж байлаа.

-Москвад хориод жилийн дараа очиход оюутан цагийн дурсамж аль хэр сэдэрч байна?

-Оюутан цагийн найз нөхөд, багш нартайгаа уулзахад уран бүтээлчийн хувьд их сайхан байна. Монголд тодорхой хэмжээгээр ахуйдаа баригдаж байсан бол тэнд зөвхөн эрдмийн ажил, уран бүтээлээ л хийж номын санд сууж, бичгийн ширээтэйгээ найзлаад байж байна. Горькийн сургуульд Г.Аюурзанатайгаа нэг өрөөнд дөрвөн жил хамт байсан үе их санагдаж байлаа. Ирэхээсээ хэдхэн хоногийн өмнө нэг алдартай багштайгаа уулзлаа.

-Хэн гэдэг багш билээ?

-Нэрт монголч эрдэмтэн, багш Клара Николаевна Яцковскаятай сургуулиа төгссөн цагаас хойш 22 жилийн дараа гэрт нь очиж золголоо. Ерэн нас сүүдэр зооглож буй түүний хувьд отгон шавь нь гэрт нь зочилсонд сэтгэл нь хөдөлж байна. Цаг хугацааг ухрааж нэг, хөрвүүлж нэг ярилцсаар нар хэвийсэн хойно намар эрт зуслангаас нь ирүүт уулзах ерөөл талбин гэрээс нь гарахад хөл муу, олон жил хос таягтай явж буй ч гэрийнхээ үүдээр гарч цахилгаан шатанд суулгаж өгсөн. Энэ ямар их хүндэтгэл байсныг мэдэрсэн ч гэртээ ирээд бэлэглэсэн номыг нь эргүүлж суутал, тээр жил Ц.Дамдинсүрэн гуайг Москвагийн метроны урсдаг шат хүртэл үдэж өгч байсан тухай дурсамжиндаа өгүүлснийг олж уншаад сэтгэл үнэхээр догдолсон. Монголын төлөө сэтгэл зүрхтэй ийм агуу эрдэмтэн эгэл даруухан амьдарч байна. М.Горькийн сургуульд бэлтгэсэн хоёр ч орчуулгын ангид мэргэжлийн хичээл зааж, Монголын луухгаруудын амьдрал, уран бүтээлийг судалж, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, М.Цэдэндорж гээд олон найрагчийн шүлэг, найргийг оросчилсон багш маань надад их урам хайрлалаа. “Нас өндөр ч цаг бусаар явчихгүй бол О.Дашбалбарын яруу найргийн хэл зүйн талаар бичиж буй бүтээлээ дуусгачих юмсан” гэж байна. Мөн чамд хэрэг болж мэдэх юм гээд А.П.Чеховын монгол орчуулгын тухай нийтлэл бичих бодол төрснөө ч бас хуучиллаа.

-Г.Аюурзана, О.Чинбаяр гэдэг хоёр хүн Монголын утга зохиолын ертөнцөд өөрсдийн зохиол бүтээл, орчуулгаараа тодорхой орон зайг эзэлжээ. Харин хамт сурч байсан бусад нөхөд чинь ямаршуу явдаг бол?

-Манай сургуульд социалист тогтолцоотой байсан Куба, Вьетнам, Болгар зэрэг орны оюутнууд голдуу сурдаг байсан. Манай групп орчуулгын гэхэд болохоор. Эндээс манай Аюур шиг цөөхөн яруу найрагч төрсөн. Бид Монголоосоо тавуул байлаа. Манай Чингис судлаач Ишдоржийн Оюун Германы Бонн хотод ажиллаж амьдарч байна. Төрийн зохиолч Жамбын Пүрэв гуайн хүү Эрдэнэсүхийн гэргий шүү дээ. “Сод Монгол” компанийн захирал Цогт-Очирын Анандбазар байлаа. Дагвадоржийн Ургаа Их Британи-Умард Ирландад суух ЭСЯ-нд ажиллаж байна.

-Орос оюутнуудаас алдартай зохиолчид төрөв үү?

-Манай ангийн охин Садур гэж жүжгийн зохиолч Герман, Орост нэлээд алдаршсан байна. Орост сая Багшийн дээд сургуульд “Садурын жүжгийн зохиолын онцлог” гээд илтгэл тавигдаж байна лээ. Бидэнтэй ойролцоо суралцаж байсан Максим Амелин гэж сайн зохиолч байна. Манай Буриадын яруу найрагч Амарсанаа Улзытуев Оросын утга зохиолын ертөнцөд оросоор толгой холбож бичдэгээрээ шинэчлэл хийж гайхагдаж байна. Сая хоёр дахь номынх нь нээлтэд Эдаурд Лимонов нарын алдартай зохиолчид ирж оролцсон.

-Манай яруу найрагч Батжаргалын Одгэрэлийн орчуулсан “Бадрангуй суутнууд”-ыг бичсэн зохиолч мөн дөө?

-Тэр нөхөр Амарсанаа Улзытуевын тухай “Чингисийн цусны билиг танхай найрагч Москваг байлдан дагуулж байна” гэх ухааны юм хэлсэн байна лээ.

-“Чэвэнгүр”-ээ хэзээ уншигчдад хүргэх бол?

-Энэ ондоо багтааж Монголдоо хэвлүүлэхээр төлөвлөлөө. Зохиолч Аюурзана редакторлохоор зөвшөөрсөн. Өмнө нь миний орчуулсан “Дориан Грейн хөрөг”, “Моби Дик”, “Үлисс” гурвыг Аюур маань хянасан юм. Оросын утга зохиолын нэг акулыг орчуулсан юм чинь Горькийн утга зохиолын сургуульдаа энэ талаараа илтгэл тавья гэж бодож байгаа. Оросын ховрой зохиолч Сергей Довлатовын өгүүллэгийн түүврийг миний дүү, орчуулагч О.Чинзориг орчуулсныг нутагтаа ирүүт редакторлож хэвлэлд шилжүүллээ. Чингисийн талбайд удахгүй болох номын баярын үеэр хэвлэгдчихнэ. Энэ зохиолч бол ЗХУ-д дарамтанд орж, зохиол бүтээл нь хэвлэгдэхгүй болоод 1978 онд АНУ-д цагаачлаад 1990 онд нас барсан хүн.

-Монголын орчуулагчдын эвлэл сүүлийн үед ямар ажил хийв?

-Залуу орчуулагчдынхаа бүтээлээр гурав дахь жилдээ “Сонгомол өгүүллэгийн дээжис” ном хэвлүүллээ. Анхны уралдаанд Батсуурийн Баясгалан нарын овоо цэгцэрчихсэн орчуулагчид оролцож байсан. Одоо тэгсэн Орхан Памукийн “Цас” романыг монголчилчихсон мундаг орчуулагч болсон байна. Ирэх есдүгээр сард Москвад Олон улсын орчуулагчдын дөрөвдүгээр их хурал болох гэж байгаа. Би Монгол Улсаа төлөөлж илтгэл тавьж оролцоно. Их гүүш Г.Аким гуай очиж илтгэл тавих байх. Ямартай ч Аким гуайгаар Чингиз Айтматовын “Цаазын тавцан”, Маркесын “Зуун жилийн ганцаардал”-ыг хэрхэн орчуулсан талаар Горькийн сургууль дээр илтгэл тавиулна гээд багштайгаа ярьсан байгаа.

-Та зохиолч, яруу найрагч хүн. Өөрийн уран бүтээлийн талаар нэг их ярьсангүй дээ?

-Утга зохиолын магистрын зэрэг хамгаалахдаа орчуулж байсан Оросын алдарт яруу найрагч Фет, Тютчев, Блок, Бунин нарын шүлгүүдээ цахим дээр тавьтал хүмүүс ном болгож хэвлүүлээч гэж их хандаж байна. Миний хамгийн ойрын үеийн зорилго бол өгүүллэгүүдээ Оросын утга зохиолын сэтгүүл, сонинуудад хэвлүүлэх бодол байна. Аюурын хэдэн бүтээл гарсныг эс тооцвол манай зохиолчдын бүтээл сүүлийн хориод жил Оросын уншигчдад хүрсэнгүй. Эрдмийн ажил хийхээр үргэлжилсэн үгийн зохиол бичмээр санагдаад байгаа. Цэндийн Нямаа багшийн маань ч захиас намайг өгүүллэгт уруу татаад байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Улайрсан мамаас ягаарсан будда” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улсын хэмжээнд улаанбурханы вакцинжуулалт 69.6 хувьтай байгаа тухай мэдээллийг өнөөдрийн шинэ дугаартаа онцоллоо. Залуус вакциндаа хэр идэвхтэй хамрагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг XI нүүрнээс үргэлжлүүлэн унших боломжтой. Одоогийн байдлаар вакцинжуулалт 69.6 хувьтай явагдаж байгаа юм байна.

Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүнээс Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлүүлэх хүсэлтээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлсэн. Энэхүү дуулиан дагуулсан мэдээллийн тухай дэлгэрэнгүйгээр нь манай сонины өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрээс уншина уу. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг задарч, бүлгийн чадамжгүй болсонтой холбоотойгоор хийж байгаа алхам бололтой.

Улс төрийн нүүрнээс УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн “Санжийн Баяр тэргүүтэй хүмүүсийн хийсэн бузар булхай удахгүй илэрнэ” ярилцлага, Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагийн “Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг зургадугаар сарын 6-ны дотор шийдвэрлэнэ” ярилцлага, МУБИС-ийн НХУС-ийн нийгмийн ухааны тэнхимийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Одын “Хуулиар зөвшөөрөгдсөн өндөр хэмжээний зардалтай сонгууль болно гэх дүр зураг харагдаж байна” зэрэг ярилцлагуудыг, мөн цаг үеийн бусад мэдээ мэдээллийн хамт уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Оюунтуяагийн “Улайрсан мамаас ягаарсан будда” нийтлэлийг та унших боломжтой.

“Эдийн засаг” нүүрт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдын ““Эрдэнэ ресурс”-ын Алтан нар, “Занаду майнс”-ын Хармагтай гэсэн хоёр төсөл амжилттай хэрэгжиж байна” ярилцлагыг хэвлэлээ.

“Соёл урлаг” буланд соёл судлаач, хөгжмийн зохиолч, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Ганпүрэвийн ““Алтай” хамтлагийн тоглолтын үеэр мартагдсан гурван өв соёлыг танилцуулахаар зорьсон юм” ярилцлага хэвлэгдэв.

Харин “Утга зохиол” нүүрт Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, аймгийн алдарт уяач, сэтгүүлч, Б.Явуухулангийн нэрэмжит яруу найргын наадмын анхны тэргүүн шагналт яруу найрагч Намсрайн Лутбаярын “Нийтийн дууны нэгэн үеийн их давалгаа Завханаас эхэлсэн” ярилцлага нийтлэгдсэн байна.

“Эрүүл мэнд” булангаас “Апи-Мон” амьд зөгийн хатгуур эмчилгээ, сэргээн засах сувиллын захирал, их эмч, апетерапевт Ж.Ганчимэгийн “Зөгийн хатгуур эмчилгээ бүх төрлийн өвчнийг анагаах гайхалтай үр дүнтэй” ярилцлагыг уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зарим сайдыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлүүлэх хүсэлтээ хүргүүлжээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Засгийн газрын гишүүнээс Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлүүлэх хүсэлтээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлжээ.

Энэ нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг задарч, бүлгийн чадамжгүй болсонтой холбоотойгоор хийж байгаа алхам бололтой.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүргүүлсэн албан бичгийг дор хүргэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Олон улсын цуурчид чуулна

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам, “Соёльш өвийн төв”, “Хүннү цуурчдын холбоо” ТББ хамтарч, олон улсын цуурын наадам, симпозиумыг зохион байгуулахаар болжээ. Тус наадам ирэх сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Тус наадмыг “Монгол цуур” хөтөлбөрийн хүрээнд тус хөгжмийн уламжлалыг хадгалж, судалж, хойч үедээ өвлүүлэн, цуурчдыг дэмжих зорилгоор зохион байгуулж буй юм байна. Наадамд ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува, Казахстан зэрэг 10 орчим орны судлаач, цуурчид оролцох аж.

Энэ үеэр судлаачид цуур ба цууртай төстэй хөгжмүүдийн үүсэл хувьсал, соёл уламжлал, урын сан, урлах технологи, тоглох арга барил, хөгжимчдийн ур чадварын талаар илтгэл тавьж, хэлэлцэнэ. Мөн түүнчлэн олон улсын цуурчид “Цуурын эгшиг” хамтарсан тоглолт толилуулах юм. Наадмын үеэр баримтат кино хийх аж.