Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос С.Ламбаагийн “Сарын хугацаанд ямар ч ажлыг амжуулж болно” ярилцлагыг уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Дорноговь аймгийн Өргөн суманд “Монцемент” үйлдвэр ашиглалтад цемент болон чулуунцар үйлдвэрлэж эхлээд байгаа. Тус үйлдвэр Монголдоо анх удаа хаягдал дулаанаас эрчим хүч үйлдвэрлэх гэж байгаа юм байна. Энэ талаар “Монполимет” үйлдвэрийн зөвлөх, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Гарамжавтай хийсэн ярилцлагыг өнөөдрийн дугаарынхаа тэргүүн нүүрт онцоллоо. Ярилцлагыг нэг, зургадугаар нүүрээс уншина уу.

Саяхан Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдсон С.Ламбаатай хийсэн ярилцлагыг өнөөдрийн дугаартаа мөн онцоллоо. “Сарын хугацаанд ямар ч ажлыг амжуулж болно” хэмээн тэрбээр хэлж буй. С.Ламбаа сайдын ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн үэзл санааны хамгийн том талбар, алдарт гуравдугаар нүүрт Төрийн шагналт, нэрт нийтлэлч Баабарын нийтлэлийн булан хэвлэгдэж гарлаа. Энэ удаа “Шижээ, Бадрах нарын бүлэг”-ийг “Баабар ингэж өгүүлэв” булангаас уншаарай.

Туркийн Истанбул хотноо Дэлхийн хүмүүнлэгийн дээд хэмжээний анхдугаар уулзалт эхлээд байна. Энэхүү уулзалтыг Турк болон НҮБ хамтран зохион байгуулж байгаа юм. Хүмүүнлэгийн дээд хэмжээний уулзалтад 150 гаруй орны 6000 гаруй төлөөлөгч оролцож байна. Манай тусгай сурвалжлагч Д.Даваасүрэнгийн Турк улсаас ирүүлсэн сурвалжлагыг дөрөвдүгээр нүүрээс унших боломжтой. Мөн Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн “Шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэнэ”, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн “Солонгосын талтай визний хөнгөлөлтүүдийг цаашид эдлүүлнэ гэж тохирсон” тодруулга зэргийг улс төрийн мэдээллийн буланд нийтэллээ.

Түүнчлэн дархан, сийлбэрчин Т.Мямарчулууны “Нэг га газрын өвсийг гурван литр бензинээр хадна” ярилцлага, СЭЗДС-ийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайханы “Эдийн засгийг уул уурхай, хөдөө аж ахуй л чирч байна” ярилцлагуудыг өнөөдрийн дугаараас сонирхоно уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ нийгэм

Зуслангууд эхний ээлжийн амрагчдаа ирэх сарын 8-аас авна

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өнөөдөр Хүүхдийн зуслангийн стандарт болон энэ зун үйл ажиллагаа явуулах зуслангийн талаар мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдгаас сүүлийн 3 жил 20 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тухайлбал, СХД-т Нарс, Найрамдал, ирээдүйн эзэд, СБД-т Хараацай, Хандгайт, Маргаашийн хөгжил, Ундраа, Янзага, Сэлбэ, БЗД-т Сансар, Галакси, Налайх дүүрэгт Нарлаг, Жавхлант, Өгөөмөр, Багануур дүүрэгт Тэмүүлэл, Төв аймгийн нутаг дэвсгэрт Цагааннуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын бэлэг, Од, Шонхор зуслан ажиллахаас төрийн болон байгууллагын дэргэдэх 6, хувийн хэвшлийн 16 зуслан байна. Энэ жилийн хувьд 24 зуслан үйл ажиллагаа явуулах саналаа өгсөн байна. Амрах эрхийн бичгийн нэг өдрийн дундаж үнэ 23-25 мянган төгрөг. Зуслангууд эхний ээлжийн амрагчдаа ирэх сарын 8-наас авах бөгөөд эрхийн бичгийг “Улаанбаатар чуулга”-аас борлуулна. Зуслан руу зорчих унаа “Скай” их дэлгүүрийн гаднаас хөдөлнө гэж НХГБХГ-ын мэргэжилтэн Г.Ариунгэрэл мэдээлэв.

Дашрамд сонирхуулахад, 2015 оноос “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулж эхэлжээ. Өнгөрсөн жил Нарлаг, Нарс, Ундраа зуслан эхний гурван байрт шалгарсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк дуудлага худалдаанд оролцсонгүй

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1991.00-1996.15 төгрөгийн ханшаар 2.1 сая ам.доллар худалдан авах, 303.10 төгрөгийн ханшаар 1.5 сая юань худалдан авах, 305.58 төгрөгийн ханшаар 0.6 сая юань худалдах санал тус, тус ирүүлжээ.

Харин Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцсонгүй. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкуудаас ирүүлсэн своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк 100 хувь биелүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эгийн голын УЦС Монголын дотоод асуудал гэдгийг Орос хүлээн зөвшөөрлөө” гэжээ

Эгийн голын УЦС-ын төслийн асуудлаар энэ сарын 23, 24-нд Монгол, Оросын талууд Улаанбаатарт уулзалдаж байгаа билээ. Энэхүү уулзалтын талаар “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгжийн захирал Д.Одхүү “Дөнгөж сая протоколд гарын үсэг зурлаа. Бид оросуудтай ойлголцож чадлаа” хэмээн жиргэсэн юм.

Уулзалтын үр дүнгийн талаар тэрбээр хэлэхдээ “Эгийн голын УЦС-ын асуудал яригдаж эхэлснээс хойш буюу сүүлийн 25 жилийн хугацаанд манай улс ОХУ-ын зүгээс ганц ч нааштай үг сонсож байгаагүй. Харин энэ удаагийн уулзалтаар Оросын тал энэ бол танай дотоод асуудал, тиймээс та нар дотооддоо шийдвэрээ гарга хэмээн хүлээн зөвшөөрлөө гэж ойлгож болно. Эгийн голын УЦС-ыг барих асуудал дээр Оросууд өөрсөдтэй нь бидэнтэй зөвшилцөх ёстой гэсэн байр суурьтай байсан бол үүнийг Монгол Улс дангаараа шийдэх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг маргааш томилно

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан шат шатны шүүхүүд болон Хууль зүйн яамнаас шинэ гишүүдийн нэрсийг МУ-ын Ерөнхийлөгчид өргөн барьжээ.

Тухайлбал, Анхан шатны шүүхээс Н.Лүндэндорж, давж заалдах шатны шүүхээс Д.Эрдэнэчулуун, Улсын дээд шүүхээс О.Зандраа, Хууль зүйн яамнаас П.Батсайхан нарын нэрсийг өргөн мэдүүлсэн байна. Харин Монголын хуульчдын холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Б.Сарантуяагийн бүрэн эрхийн хугацаа 12 сард дуусах юм.

Хууль зүйн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар өргөн мэдүүлсэн П.Батсайхан нь Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч бөгөөд шүүхэд нийт 37 жил ажилласнаас шүүгчээр 22 жил ажиллаж байгаа туршлагтай нэгэн аж.

Categories
мэдээ нийгэм

Оюутны санаачилгыг дэмжих 117 төсөлд нийт 342 сая төгрөгийн тэтгэлэг олголоо

БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн Тэгш хүртээмжтэй байдал бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийг байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуй чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцаж оюутнуудын дунд зарласан.

Энэ нь Монгол Улсын хувьд оюутны бүтээлч санал санаачилгыг хэрэгжүүлэх боломж олгож буй анхны тэтгэлэг юм. Энэ тэтгэлэг нь төслийн хүрээнд оюутанд чиглэсэн шууд арга хэмжээ гэдгээрээ онцлог. Оюутан өөрөө тулгамдсан асуудлыг хараад зүгээр хараад суух, шүүмжлэх биш харин шийдлийг санаачилж, хэрэгжүүлж, өөрчлөлтийг өөрөө бүтээж байна.

Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Сайн оюутан” хөтөлбөр, “Сайн оюутан хөтөлбөрийн зээлийн журам”-ыг Засгийн газрын 2016 оны 4-р сарын 25-ны өдөр 229 дугаар тогтоолоор тус тус баталсан. Эхний 27 оюутан 5-р сарын 19-нд энэ хөтөлбөрт хамрагдаж эхэллээ.

Төслийн тэтгэлэг горилох оюутнууд Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах; Оюутны суралцах орчныг сайжруулах; Оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх; Дотуур байрны орчныг сайжруулах; Оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах; Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах гэсэн найман үндсэн чиглэлээр төсөл бичиж оролцлоо.

Өрсөлдөөнт тэтгэлгийн уралдаанд нийт 36 их, дээд сургууль дээр 279 төсөл бичиж уралдсан. Хоёрдугаар шатанд Олон талт төлөөлөл бүхий 11 гишүүний бүрэлдэхүүнтэй хороо нийт 36 их, дээд сургуулийн 117 төслийг сайжруулах нөхцөлтэй шалгарууллаа. Энэхүү шалгарсан 117 төслийн багт нийтдээ 483 оюутан тэтгэлэгт хамрагдах юм. Оюутны санаачилгыг дэмжих 117 төсөлд нийт 342 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайд Л.Гантөмөр өнөөдөр шалгарсан 117 төсөлд 340 сая төгрөгийн санхүүжилттэй тэтгэлгийн батламжийг гардууллаа. Энэ үеэр салбарын сайд “ Сайн оюутан хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Энэ нь сургалтын төлбөрийн дарамтнаас чөлөөлөгдөхөд чиглэгдэж байгаа. Оюутан болгон сайн суралцахыг бид хүсч байгаа. Сайн суралцах юм бол төлбөрийн дарамтгүйгээр сайн мэргэжилтэн болж сайн ажилтай золгох боломжийн төлөө бид ажиллаж байна. Чаддаг хүн гаргаж ирснээр монгол орон өнөөдрийг хүртэл явж ирсэн уламжлалт эдийн засгийн бүтцийг арилгахад бүх анхаарлаа төвлөрүүлж байгаа гэж ойлгож болно. Бид гарцаа байхгүй мэдлэг бүтээдэг ард түмэн болох ёстой. Бүтээсэн мэдлэгээ 7 тэрбум хүнд санал болгодог ард түмэн болох ёстой. Тэр ард түмний тэргүүн эгнээнд энд сууж байгаа залуучууд байж чадна гэдэгт итгэж байна. Мэдлэг бүтээхийн тулд оюутан байхаасаа бүтээлч баймаар байна. Бүтээлч оюутнуудаа дэмждэг засагтай баймаар байна.

Тиймээс бид анх удаа 340 орчим сая төгрөгийг оютнуудынхаа санал санаачилгад зориулж гаргаж байгаа юм. Монгол түүхэндээ анх удаа гэж ойлгож болно. Залуучууд өөрсдөө бодсон зүйл бол үнэ мөнхөд удаан үргэлжлэх ёстой. Энэ тэтгэлгийг та бүхэнд өгч байгаа итгэл гэж бодоорой. Итгэл даагаарай. Та нар төслөө сайн хэрэгжүүлэх юм бол дараа үеийн оюутан, та нарын дүү ийм төсөлд хамрагдах боломж гарч ирэх юм. Та нар төслөө унагах юм бол оюутнуудаа итгэлгүй тийм засаг цаашаа үргэлжинэ. Итгэл даана гэдэг нь хариуцлагатай байхын нэр. Энэ арга хэмжээ цаашид хэвшил болж, дараа дараагийн оюутнуудад ийм боломж нээгдэх эсэх нь Та бүхний санаачилсан төсөл хир амжилттай хэрэгжихээс шалтгаална” гэж онцоллоо.

Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих болон судалгааг дэмжих чиглэлээр 36 Дээд боловсролын сургалтын байгууллага хамрагдлаа. Нийт 9 орон нутгийн ДБСБ-аас 24 баг, Улаанбаатар хотын 25 ДБСБ-аас 93 баг нийт 34 ДБСБ-ын 117 баг 2016-2017 онд төслийг хэрэгжүүлж, үр дүнг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлнэ. Үүнд, 34 ДБСБ-ээс 17 нь хувийн хэвшлийн сургуулиуд байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://herp.mn/ хаягнаас танилцана уу.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гаргалаа

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын чуулганыг түр завсарлуулах тухай 62 тоот захирамжийг 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдөр гаргалаа.

Монгол Усын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулахаар уг захирамжид дурдсан байна.

Энэ захирамжийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцэх хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 32 оюутан гардав

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг нар оролцсон юм. Жил бүр олгогддог Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг энэ онд 32 оюутан гардан авлаа.

Улс орны боловсролын тогтолцоо, хүртээмж, хүний хөгжил нь тухайн орны хөгжил дэвшлийг авч ирдэг. Энэ утгаараа Засгийн газрын бодлого, зорилтыг хүний хөгжил, дэвшилд чиглүүлж, “Зөв Монгол хүн” гэсэн ерөнхий зарчмын дор боловсролын талаар төрөөс баримтлах бодлогоо шинээр батлан хэрэгжүүлж байна. 2009 оноос эхлэн нийт 241 оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн эзэд болсон байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн дээд боловсролын шинэчлэлтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, өндөр хөгжилтэй оронд 1000 инженер бэлтгэх, дэлхийн шилдэг их сургуулиудын баклаврын сургалтад шилдэг оюутнуудаа хамруулах, их сургуулийн эмнэлэг байгуулах, үндэсний тэтгэлгийг сургалтын амжилтаар нь олгож байгаагаас гадна Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлснээр оюутнууд урт, богино хугацаанд хугацаатай, бага хүүтэй зээл авч, сургалтын төлбөрөө бие даан шийдвэрлэх боломжтой болсон гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Р.Ононг яллагдагчаар татан шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Р.Ононг дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар яллагдагчаар татжээ.

Эрүүгийн хуулийн 2701.2-т “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын Үндэсний музей хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзвэр үзүүлнэ

muzeiОлон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байгаатай холбогдуулан Монголын Үндэсний музей энэ сарын 31, зургаадугаар сарын 1-нд 0-16 насны хүүхэд болон хүүхэдтэйгээ очсон эцэг эхчүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Энэ ажлынхаа хүрээнд ЕБС-ийн аравдугаар ангийг сурагчдыг үнэ төлбөргүйгээр музейгээ үзүүлж эхлээд байгаа аж.

Сонирхуулахад, Монголын Үндэсний музейд МЭӨ 800 мянган жилийн тэртээгээс ХХ зууны үед холбогдох түүх, археологи, соёлын эд өлгийн ховор нандин дурсгал бүхий 56 мянган үзмэр байдаг юм. Эдгээр үзмэрүүдийн дээжээс есөн танхимд тухлан үзэх боломжтой.