Categories
мэдээ нийгэм

Инженерийн шугам сүлжээний ажлын санхүүжилтийг шийджээ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А/409 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг батлав.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2016 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДОТОРХ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ
СҮЛЖЭЭНИЙ ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ҮЛДЭГДЭЛ
САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Хугацаа

Төсөвт өртөг

2016 оны үлдэгдэлсанхүүжилт

1

1 дүгээр хорооллын УДДТөв 1-ээс 1 дүгээр байрны оруулга хүртэлх дулаан, хэрэгцээний усны шугам шинээр солих ажил /СХД, 12 дугаар хороо/

2016

260,8

80,8

2

Бага тойруу, “Зүүн Сэлбэ” ОНӨААТҮГ-ын УДДТ-8-ын гадна халуун, хүйтэн усны шугам солих, халуун усны эргэлтийн шугам шинээр татах ажил /СБД, 6 дугаар хороо/

2016

169,6

84,6

3

13 дугаар хорооллын “Их алтан тэвш” ОНӨААТҮГ-ын 10 дугаар байрны гадна дулаан, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам солих ажил /БЗД, 18 дугаар хороо/

2016

104,9

52,5

4

13 дугаар хорооллын “Их алтан тэвш” ОНӨААТҮГ-ын 13 дугаар байрны гадна дулаан, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам солих ажил /БЗД, 18 дугаар хороо/

2016

111,9

55,9

5

3 дугаар хороолол “Шинэ хороолол өргөө” ОНӨААТҮГ-ын 18 дугаар байраас 20 дугаар байрны төгсгөл хүртэлх хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам сүлжээг шинэчлэн солих ажил /БГД, 14 дүгээр хороо/

2016

180,6

50,6

6

4 дүгээр хороолол, “Хүрээ дэнж өргөө” ОНӨААТҮГ-ын 93 дугаар сургуулийн худгаас 97 дугаар цэцэрлэгийн худаг хүртэлх халаалт, халуун, хүйтэн усны шугам шинэчлэн солих ажил /БГД, 7 дугаар хороо/

2016

182,1

91,1

7

3 дугаар хороолол “Баруун их Нарлаг Өргөө” ОНӨААТҮГ-ын 28 дугаар байрнаас 29, 30 дугаар байрууд хүртэлх гадна халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам шинэчлэн солих ажил /БГД, 15 дугаар хороо/

2016

111,3

55,7

ДҮН

1121,2

471,2

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны бирж ажиллаж эхэлнэ

Монголын үнэт цаасны бирж гэх нэгэн компани үүд хаалгаа нээж, хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм байна. Тус компани нь үнэт цаасны анхдагч болон хоёрдогч арилжааг явуулах бөгөөд Монголын хөрөнгийн биржтэй ижил үйл ажиллагааг явуулахаар болсноо олон нийтэд зарлажээ.

Монголын үнэт цаасны бирж ХХК нь өнгөрсөн оны долдугаар сард Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авчээ. Одоогоор 10 гаруй брокерийн компанийг нэгтгээд байгаа бөгөөд цаашид хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн компаниуд ч цөөнгүй бий гэнэ. Мөн хоёр ч компани IPO хийлгэхээр тус компанид захиалгаа өгчээ. Монголын үнэт цаасны зах зээл, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр Монголын хөрөнгийн биржтэй зэрэгцэн ажиллана гэж тус компанийн менежер онцолсон юм. Шинээр байгуулагдаж буй үнэт цаасны бирж, хөрөнгийн зах зээлийн технологийн шийдлүүдийн талаарх танилцуулга өнөөдөр 14:00 цагаас GB plaza-д болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр бүх нийтээр амарна

Жил бүрийн зургадугаар сарын 1-нд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын баярын өдөр тохиодог. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ өдөр бүх нийтээр амрахаар заасан учраас ирэх долоо хоногийн лхагва гаригт бүх нийтээр амарна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийслэлийн дүүргүүд ч мөн нутаг дэвсгэртээ тус тус арга хэмжээ зохион байгуулж ажиллах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Каннын кино наадмын дэлгэцнээ “Үргээлэг 2” гарчээ

Каннын кино наадмын хүрээнд монгол контент олон улсын зах зээл дээр гарч эхэллээ. Тодруулбал, тавдугаар сарын 12-22-ны өдрүүдэд болж өнгөрсөн тус наадамд манай кино уран бүтээлчид анх удаа оролцож байгаа юм. Ингэхдээ “Дижитал агуулга” ХХК манай улсын орчин үеийн 100 гаруй уран бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр танилцуулж, борлуулсан юм. Тухайлбал, “Маш нууц”, “Содура”, “Үргээлэг 2”, “Элэг нэгтэн”, “Lovers”, “Босуул” зэрэг кино энэ наадмын маркетад багтжээ.

Тэгвэл эдгээр уран бүтээлээс найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгийн “Үргээлэг 2” уран сайхны кино Каннын дэлгэцэнд гарлаа. Түүнчлэн Каннын кино наадамд оролцож байгаа кинонуудын мэдээллийг агуулсан “Pocket Guide” номонд “Үргээлэг 2”, “Lovers” киноны танилцуулга багтсан байна. Тус ном нь жил бүр 10 мянган хувь хэвлэгддэг аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Чингисийн талбайд “Хурд” хамтлагийн тоглолт болно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиуд оролцсон үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 28-нд Чингисийн талбайд болно.

Мөн энэ өдрийн19:00 цагт Үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдаан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, 21:00 цагт “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт болох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Гудамжны бүжгийн аварга шалгаруулах тэмцээн болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гудамжны бүжгийн аварга шалгаруулах “UB dance festival”-ийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ жил Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулга хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэхүү фестивал нь орчин үеийн хотын соёлыг дэмжих, түгээх, орчин үеийн бүжгийн урлагийг сурталчлах, бүжгийн хамтлагуудыг олон нийтэд таниулах мөн жуулчдад Улаанбаатар хотын соёлыг сурталчлах зорилготой арга хэмжээ юм.

Тус фестивалд бүх насны хүмүүс болон чөлөөт бүжгийн хамтлагууд оролцох боломжтой. Оролцогчид рэп, хип хоп, брэк, електро, гудамжны бүжиг зэрэг орчин үеийн чөлөөт бүжгийн төрлөөр өрсөлдөх аж. Шалгарсан хамтлагуудын тоглолт, аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 19-нд “Чингисийн талбай”-д болно. Фестивалд оролцох хүсэлтэй чөлөөт бүжгийн хамтлагууд болон залуусыг энэ сарын 27-ныг хүртэл бүртгэх юм байна. Тэмцээний эхний шатны шалгаруулалт ирэх сарын 5-ны 13:00 цагт “Улаанбаатар чуулга”-д эхэлнэ.

Тэмцээнд Өмнөд Монголын Хөх хот, Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува улсаас хамтлагууд оролцох бөгөөд Солонгос, Япон, Монголын шүүгч нар хамтран шүүх юм байна. Түүнчлэн өнгөрсөн жил шилдэг гудамжны бүжигчинг 13 сая төгрөгөөр шагнаж байсан бол энэ жилийн хувьд таван сая төгрөгөөр урамшуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хуулийн зөвлөгөө үнэгүй өгөх өдөрлөг болно

Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монголын өмгөөлөгчдийн холбооноос жил бүр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн өдөрлөгийг “Иргэддээ тусалъя” нэрийн дор Нийслэлийн ЗДТГ, Монголын хуульчдын холбоотой хамтран энэ сарын 27-ны өдөр Чингисийн талбайд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

Чингэлтэй дүүрэг

10:30-17:30 цагт: 13, 15-р хороо Сургуулийн гудамж, Хүчит шонхорын зүүн талын айлууд
13:00-15:00 цагт: 3-р хороо УИД-ийн зарим хэсэг, 1, 2-р 40 мянгатын орон сууцууд орчмоор

Баянгол дүүрэг

10.00-18.00 цагт: 4-р хороо 10-р хороолол, Гаалийн 1-7-р байр, 8А, 10, 10Е, 49, 45-1, 2, 3, 4, Сан-50-р байр болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул дүүрэг

10.30-16.00 цагт: 2, 3-р хороо Скай трейдинг, Монгол микрон кашмир, Аянчин аутфитерс ХХК, Петростар ШТС-18, Тэнгэр ДС болон эдгээрийн ойр орчмоор
10:30-17:00 цагт: 14-р хороо Өлзийт хороолол орчмоор

Төв аймаг

10.00-18.00 цагт: Эрдэнэ сум Аржанчивлан сувилал, Шүрэн, Цаг уур судлалын хүрээлэн


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 7004700


Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Ганцхан толгойгоор хүний хувь заяа шийдэгддэгийг болиуллаа

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд саяхан батлагдлаа. Энэ хуулиудад гарсан дэвшил нь юу байв?

-Хүний эрхийн салбарт бараг 20-иод жил ажиллаж байна. Өмнө нь хүмүүсийг удаан хугацаагаар хорьж, залхаан цээрлүүлэх замаар эрхийг нь зөрчиж байна, хуулиас гадуур олон зүйлийг шахаж шаардаж байна зэргээр хуулиудаа, хууль сахиулах байгууллагуудаа их шүүмжилдэг байсан л даа. Ийм шүүмжлэлүүдийг хүний эрхийн тэмцэгчид олон жил ярьж ирсэн. Тиймээс дээрх хоёр хуульд хүний эрхийн ажилтнууд их идэвхтэй оролцлоо. Эдгээр хуулиуд гарснаар нэг талаас сайжирсан зүйлүүд бий. Нөгөө талаас тийм ч сайн ахиагүй зүйлүүд байна. Хамгийн сайн ахиц гарсан салбар гэвэл гэр бүл болон хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн заалтууд байлаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүн үнэндээ “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” амьдардаг байсан. Цагдаад мэдэгдлээ гэхэд хүчирхийлэгчийг авч явж байцаагаад “Гэр бүлийн асуудал юм байна” гээд маргааш нь буцаачихдаг. Өргөдөл өгсөн бол өнөөх хүчирхийлэгч “Чи өргөдөл өгсөн гэл үү, өргөдлөө тат чи” гэж нэмж зоддог. Үүнийг хүчирхийллийн чөтгөрийн тойрог гэж нэрлэдэг болчихсон байсан. Хэзээ ч тэр чөтгөрийн тойргоос гарч чаддаггүй, хүчирхийлэлд өртсөн бол тэвчээд, зовоод шаналаад амьдардаг. Төрд хэлээд аварч чаддаггүй, хамгаалдаг газар байхгүй юм болохоор сүүлдээ хүчирхийлэгчээ хороосон хэргээр өөрөө насан туршдаа шоронд ордог ийм л хувь тавиланг хүчирхийлэлд өртсөн олон хүн эдэлж байсан л даа.

-Тэгвэл энэ хуулиуд батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллийг зогсооход яг ямар алхмуудтай болсон юм бэ?

-Хууль сахиулагчид гэр бүлийн хүчирхийллийн тойргийг таслахад яаж оролцох вэ гэдгийг бүх талаас нь тодорхойлж өгсөн. Хууль сахиулах тухай хуулиар хууль сахиулагч хүн хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан тухай дуудлагыг аваад нэн тэргүүнд очно гэдэг заалттай болсон. Гэр бүлийн хүчирхийлэл болж байна гэсэн дуудлага авбал нэн тэргүүнд очих нь байна. Очиход нь хаалгаа дотроосоо түгжээд хүчирхийлэл үйлдэж, үүдээ онгойлгож өгөхгүй бол хүчээр нэвтрэх эрхтэй болсон. Энэ тохиолдолд оронгуутаа хохирогчийг хамгаалах үүрэгтэй боллоо. Түүнчлэн хүчирхийлэл үйлдэгч зэрлэг догшин авирласан, гартаа зэвсэгтэй байх юм бол зэвсгийг нь хурааж авах эрхтэй болголоо. Урьд өмнө нь ийм эрхийг хууль сахиулагчдад ямар ч хуулиар олгож байгаагүй. Тийм учраас хууль сахиулагчид нүдээ аниад хүчирхийллийг гэр бүлийн ахуйн асуудал гээд өнгөрөөчихдөг байсан. Үүнээс шалтгаалж олон хүний амь нас алдагдаж байлаа. Өчнөөн гэр бүлийн нулимс олон жил урссан. Үүн дээр Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд том дэвшил авчирлаа.

-Хүчний байгууллагуудын зэвсэг, хэрэглэл хэрэглэх дүрмийг нэг болгож хуульчилж өгсөн гэсэн?

-Хууль сахиулагчид бас ард түмнийхээ хамгаалалтад орж эхэлж байна. Энэ хүн ийм зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй. Нийтийн эмх замбараагүй байдал болох тохиолдолд хууль сахиулагч ийм ажил хийх эрхтэй, үүрэгтэй гэдгийг тодорхой болгосон. 2008 оны долдугаар сарын 1-нд нийтийн эмх замбараагүй байдал үүсэхэд хэн нь ямар эрхтэй, үүрэгтэй юм бэ гэдгийг хэн ч мэддэггүй байсан. Тийм учраас цагдаа нарыг тараарай гээд зарлахад тараагүй. Үүний араас ямар зэвсэг хэрэглэл хэрэглэх эрхтэй вэ гэдгийг хэн ч мэдэхгүй учраас элдэв юманд орж байсан. Одоо хууль дээр нийтийн эмх замбараагүй байдал үүсэхэд цагдаа нийтийн дунд нэг удаа, хоёр удаа зарлана. Тэгээд цаашдаа газ ч юм уу олон нийтэд зориулсан хэрэгслийг хэрэглэж болно гэх зэргээр хуульчилсан байгаа. Хууль гарснаар иргэд хууль сахиулагч хүн юу хэрэглэх эрхтэй вэ гэдгийг мэддэг боллоо. Энэ хуулиар цагдаа, иргэдийн хоорондын ойлголцол сайжирч байна. Ойлголцол сайжраад ирэхээр нийтийн аюулгүй байдал илүү хамгаалагдана гэж бодож байгаа.

-Хэрэг мөрдөн байцаах явцад таслан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс хорьдог байсан. Үүнийг нэлээд багасгасан юм уу?

-Эдгээр шинэ хуулиуд дээр олигтой сайжирч чадаагүй нэг зүйл байгаа гэж би эхэнд хэлсэн шүү дээ. Энэ бол цагдан хорих хугацааны асуудал юм. Манайд бол 36 сар хорьж болдог байсан. Тийм учраас ноднин Каплагийн хэрэг дээр олон улсын хүний эрхийн байгууллага, сэтгүүлчид Монгол Улс чинь гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг гурван жил ямар ч шүүхгүйгээр хорьдог юм байна. Хүнд ял эдлүүлэхээс удаан хугацаагаар гэм нь тогтоогдоогүй хүнийг хорьчихдог аймшигтай улс юм гэсэн шүүмжлэл явсан. Ингээд манай орныг дэлхийн бүх хэвлэл хотел монголиа гэж хочилсон. Сонирхуулахад хотел Калифорниа гэж дуу бий. Тэр дуу Калифорниа гэдэг зочид буудал байдаг. Тэр муж улс үнэхээр гоё, тэр буудал үнэхээр гоё. Ийм учраас та ороод буцаж гарахыг хүсдэггүй юм гэсэн утгатай. Гэтэл хотел монголиа гэж хочлохдоо юу гэж шоолсон бэ гэхээр Монгол гэдэг зочид буудал байдаг юм. Тэр нь бараг шорон шиг таныг оруулаад түгжчихдэг, гаргадаггүй гэж ёгтолсон. Энэ хоч Калифорнийн эсрэг дүр байхгүй юу. Монголд хүн мөнгөө оруулж, ажиллах гэж ирээд түгжигдчихдэг. Нэг түгжигдчихээрээ гаргадаггүй гэсэн санаа. Тэр бол манай улсад шүүхгүйгээр удаан хоригдсон гадаадын иргэдийг өмөөрч бичсэн хүмүүсийн өгсөн хоч юм. Шинэ хуулиар урьдчилан хорих төвд таван жил хүртэл ялтай хэрэгт сэжиглэгдсэн гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг 12 сараас илүү хорьж болохгүй гэж оруулсан. Грек, Италид 12 сар хүртэл, хүнд гэмт хэрэгт 18 сар болгон сунгаж болдог юм билээ. Гэвч АНУ, Ирландад хүнийг хоёр сар хорихыг л зөвшөөрдөг. Герман, Англи, Нидерландад бол зургаан сараас илүү хорьдоггүй. Мөн цагдан хорих төвд тав зургаахан том гэмт хэргээс бусад үед тагнаж чагнах үйл ажиллагаа явуулж болохгүй гэж оруулсан. Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх, гадаадын тагнуултай хамтран ажиллах, хар тамхи наймаалах, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм дээр үнэхээр хорьж байгаад хооронд нь гүйцэтгэх ажиллагаа явуулдаг юм байгаа биз. Тийм эрхийг нь үлдээсэн байгаа. Гэхдээ зүгээр нэг жирийн хулгайн хэргээр орсон нөхдийг гурван жил хорьж байгаад өөр өөр хэрэг нэмж тохоод гүйцэтгэх ажлын шугамаар янз бүрийн мэдээлэл нэмж оруулаад, худлаа үнэн яриулаад байдгийг зогсоох зорилгоор болиулсан.

-Хэрэг мөрдөн байцаалт ч нэлээд өөрчлөгдсөн байсан. Мэдүүлгийн аргаар бус өөр бусад олон арга хэрэгсэл ашиглана гэдгийг тодруулахгүй юу?

-Урьд нь шүүгч зөвхөн хавтаст хэргийг уншаад тэр уншсан номынхоо хэмжээнд шийдвэр гаргадаг байсан. Одоо бол нэг шүүгч ганцхан ном уншаад шийдвэр гаргахаа больж байгаа. Хүнийг гэм буруутайг тогтоогоод ял өгөх хүртэл дөрвөн шүүгч оролцохоор болсон. Нэгдүгээр шүүгч нь олж ирсэн нотлох баримтыг нь үнэлнэ. Есдүгээр сарын 1-нээс хуулиуд хэрэгжиж эхэлснээр Монголын ирээдүйн мөрдөн байцаагчид Дерек, Катанитай адил болно шүү дээ. Тэд яг тэр кинон дээр гардаг шиг гадуур явж жинхэнэ бодит баримт авчирна. Тэгээд шүүх дээр өнөө жинхэнэ баримтаа хэрэг үүсгэнэ гээд мэтгэлцэх байхгүй юу. Харин өмгөөлөгчийн тал тэр баримтын гаргалгаа дээр мэтгэлцэнэ. Тухайн баримтыг үлдээх эсэхийг мэтгэлцэж байж шийднэ. Хуучин бол ямар баримтыг хавтаст хэрэгт оруулах, алийг нь хасах, устгах вэ гэдгийг мөрдөн байцаагч шийддэг байсан. Одоо бол баримт болгон дээр тэр нотлох баримтыг үнэлэх шүүгчийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдана. Ингээд нотлох баримт шүүгчийн хэлэлцүүлгээр орчихлоо. Хоёрдугаарт, тэр хүнийг цагдан хорих уу, цагдан хорих хугацааг сунгах уу үгүй юу гэдгийг бас шүүгчийн захирамжаар шүүх дээр хоёр талаасаа мэтгэлцэж байж шийднэ. Гуравдугаарт нь, гэм буруутай юу, үгүй юу гэдгийг шүүгч дахиад тусдаа хурлаар шийднэ. Энэ үйлдэл нь гэм үү, санамсаргүй юу гэдгийг дахиад нэг шүүх хурлаар шийднэ гэсэн үг. Ингээд гэм буруутай гээд тогтоогдсон бол дараагийн шүүгч нь ялыг оноож өгнө. Ийм шат дамжлагатай шүүх хуралтай болсон. Энэ дөрвөн янзын шүүх хурлын аль нэгэнд нь орсон шүүгч нь дараа дараагийнхаа шатанд орохгүй.

-Бодит баримт дээр тулгуурлана гэхээр мэдүүлгээр хэргээ хүлээсэн байдлаар ялладаг байдал өөрчлөгдөх нь ээ?

-Зохиомол хэрэг гэдэг зүйл гарч ирэх боломжийг маш их багасгасан байгаа. Ялангуяа цагдан хорих төвд баримтгүйгээр хүмүүсийн амаар нэг нэгнээ гэрчилсэн мэдүүлэгт суурилсан хэргүүд маш их байдаг. Бодит нотлох баримтгүй тийм хэргүүд хэрэг илэрсэнд тооцогдох хэцүү. Шүүх дээр тэр нотлох баримтыг хамгаалахад ч хэцүү. Ийм олон шат дамжлагатай болсон учраас бие биенээ хоосон гүтгэж яллуулах, хэрэг тохох, өөр хүний хийсэн хэргийг эрүүдэн шүүх аргаар тохох гэдэг юм уу ийм ужгирсан нөхцөл арилна гэж үзэж байгаа.

-Хууль батлуулах явцад хүний эрхийн зөрчил их гарлаа гэж та мэдэгдэж байсан?

-Хуулийн хэлэлцүүлгийн явцад би өөрөө хүний эрхийн асуудлаар байнгын хороон дээр хүчтэй байр суурь илэрхийлсний дараагаар миний эсрэг олон вэб сайт дээр мэдээ гарч байсан. Ямар нэгэн гадаад, дотоодын тагнуулын байгууллагатай ч холбосон. Яг чуулган дээр хууль батлах өдөр миний эсрэг зургаан фотошоп твиттерээр цацсан. Нэг өдрийн дотор шүү дээ. Энэ өөрөө хууль тогтоох үйл ажиллагаанд үзүүлж байгаа дарамт шахалт л гэж харагдаж байна. Олон улсад парламентын гишүүдийн хүний эрх гэж байдаг. Би урьд нь казиногийн гурав, талийгаач С.Зоригийн хэрэг дээр тухайн үед нь өмгөөлөл бичиж байлаа. Парламентын гишүүнийхээ эрхийн хүрээнд энэ хүн дарамтад орсон юм биш биз гэж бичсэн л дээ. Харин сая энэ хоёр хуулийг батлах явцад би үүнийг яг биеэрээ амслаа. Яг өөрийг чинь парламент дээр үг хэлэнгүүт л нэг агуулга, тексттэй эсрэг мэдээ шинэ сайтууд, цахимаар гараад эхэлдэг юм байна.

-Хэзээнээс дарамталж эхэлсэн гэж?

-Өнөө АТГ, ТЕГ, ЦЕГ-ын гурван даргын гарын үсэгтэй бичиг гараад дарамт эхэлсэн. Дараа нь юу болсон бэ гэхээр МАН-ынхан нэг нь ч орж ирж кноп дараагүй. Бүгд тийм айдастай. АН, ИЗНН, МАХН, МҮАН-ынхан орж ирсэн. Яг намаараа зохион байгуулалттай юм шиг дарамтад орсон гэвэл Ардын намынхан юм байна гэж харсан. Манай болоод бусад бүх нам руу энэ хууль дээр кноп дарж болохгүй шүү гэдэг дарамт ирсэн. Энэ өөрөө Монголын парламентад хүний эрхийн хуульд ирж байгаа бодитой дарамт байсан.

-Хүчний байгууллагын дарга нарын гарын үсэгтэй ил захидалд эдгээр хууль батлагдвал дээрх байгууллагуудын эрх буурна. Ингэснээр хэрэг илрүүлэлт багасна гэж байсан санагдана?

-Харин ч чадамж нь ихэсэх байхгүй юу. Урьд жишээлбэл хүчний байгууллагууд эрэн сурвалжлаад баахан юм олдог. Олсон юмыг нь нотлох баримтад авдаггүй байсан. Яагаад гэвэл эрэн сурвалжлах ажлыг нь хуульчилж өгөөгүй. Одоо бол эрэн сурвалжлах нууц ажиллагааг хуульчлаад өгчихсөн. Хуулийн дагуу эрэн сурвалжлах нууц ажиллагааг хийх эрхтэй. Ингэхээр зэрэг хуулийн дагуу эрэн сурвалжлаад олсон материал нь шүүх хурал дээр нотлох баримтын дайтай ашиглагдана. Өөрөөр хэлбэл чекистүүдийн олж ирсэн баримт жинхэнэ утгаараа ашиглагдана гэсэн үг.

-Тэгвэл юунд эсэргүүцсэн хэрэг вэ?

-Энэ бол ганцхан юманд л садаа болж байгаа. Бизнест нь садаа болсон хэрэг. Эрэн сурвалжлах нууц ажиллагаа хийгээд олсон материалуудаа шүүхэд авчирч өгөхгүйгээр хувь хүний эрх ашигт ашигладаг байсан. Тэрний тухай утас чагнасан тийм, ийм бичлэг байна. Үүнийг чинь тэнд гаргаж тавина гэхээр хүмүүс чинь мөнгө өгнө биз дээ. Энэ бол хөрөнгөлөг хурандаа нарыг төрүүлдэг жинхэнэ бизнесийнх нь нууц. Тэрийг нь саяын хууль бизнес биш шударга ёс руу хандуулчихаж байгаа юм. Нууц ажиллагааг хэн дээр явуулж байгааг хэн ч хянахгүйгээр чөлөөтэй нууц ажиллагаа явж байдаг. Гурван даргын гарын үсэгтэй бичиг асуудлыг гуйвуулж тайлбарласан утгаараа жаахан өрөөсгөл байсан. Мэдээж хүчний байгууллагад янз бүрийн шалтгаан байж таараа. Тэдний эсэргүүцэж байсан ганц зүйл бол прокурорын зөвшөөрлөөр хиймээргүй байна, өөрсдөө дур мэдэж хиймээр байна л гэсэн шүү дээ. Гэтэл манай байнгын хороо УИХ юу гэж үзэж байна гэхээр прокурорын зөвшөөрөлтэй хийнэ. Прокурор хэргийн явцад баримтыг яаж бүрдүүлж байгааг хянах үүрэгтэй учраас түүний хяналтад явагдана гэдэг ийм л зүйлийг бид хуульчилж өгсөн байгаа. Ер нь аливаа нэгэн хяналтгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явагддаг орон гэж дэлхий дээр байхгүй шүү дээ.

Тийм орон байх үедээ Монгол 1937 оныг л бий болгож байсан байхгүй юу. Хэний ч хяналтгүйгээр дуртай хүнээ хянадаг шалгадаг нийгэм чинь явж явж НАХЯ, Х.Чойбалсанг бий болгодог. Тийм учраас бид НАХЯ, Х.Чойбалсанг бий болгохгүй тогтолцоог л сая хангалаа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Далхаагийн Норов: Нутгийн хөгшчүүл намайг “Жиргээгийн хүү” л гэдэг байлаа

Монгол Улсын төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовтой уулзаж хөөрөлдлөө. Эл эрхэм “Өнийн цэнхэр уулс”, “Уулсынхны туужис”, “Цэцгийн гурван сар”, “Хөх сайрын чулуу” туужийн түүврүүд, “Алтан богдын шил”, “Уулын хөх сүүдэр” романууд, “Yхлийн тухай өгүүллэгүүд”, “Хөх туужис”, “Yхэл хүлээх газар”, “Хүйтэн цуст” бүтээлүүд хэвлүүлсэн, Монголын хүүрнэл үгийн их мастер юм. Түүний “Зүрхэнд шивнэсэн үг”, “Уулын Төмөр”, “Ноён солиот” дэлгэцийн бүтээлүүдээс гадна “Эцсийн тушаал” теле жүжиг, “Босго тотго” олон ангит кино нь үзэгч олны сэтгэлд үлдэцтэй бүтээл болсон байдаг.

-“Мөнхийн дуудлага”, “Тэжээвэр” алдартай туужуудын загалмайлсан эцэг юу туурвиж буй бол гэж уншигчид хүлээлттэй байгаа нь лавтай. Уран бүтээлийн ганзага хэр баян байна?

-“Тэнгэрийн онго” гэж нэрлэсэн кино бичиж дууслаа.

-Бөөтэй холбоотой бүтээл үү?

-Үгүй юм аа. Киноны үйл явдал “Монголын нууц товчоо”-нд Тэмүжиний найман шаргыг дээрэмчид аваад, Тэмүжин араас нь нэхэж авчирсан тухай гардаг тэрүүхэн хэсгээс сэдэвлэсэн юм. Ердөө зургаан хоногийн явдал шүү дээ. Бичээд найруулагчдаа өгчихлөө. Энэ зүгээр нэг жижиг сажиг хулгай биш юм аа. Тэр хэсгийг задлаад, манай утга зохиолын хэлээр ургууллаа гэх юм уу.

-За, яаж ургуулав?

-Манайхан “Жаргалын найман морь” ч гэдэг найман хөлөг байдаг даа. Зарим судлаачид “Найман шарга морь биш ээ, зарим нь өөр зүсмийнх байсан. Алагтай адуу байсан” гээд янз бүрээр л тайлбарлаж таамагласан юм зөндөө байдаг. Тэр үед Чингистэй өвөр түрийдээ орж байсан улс манайд чинь зөндөө байдаг шүү дээ. Би кинондоо найман шаргаар л авсан. “Нууц товчоо”-нд “Найман шарга” гэж тэмдэглэсэн учраас тэрүүгээр нь авахад л хангалттай. Найман шарга агт адгуулаад байж байгаа хот айл гэдэг мэдээж хэрэг наян адуутай байсан байж таараа. Тэр дундаас найман шаргыг тасалж аваад, гаднаа нүд хариулаад байж байна гэдэг нэлээд онцгой адуу яа даа. Юундаа онцгой байх вэ гэдгээс ургуулан бодож байгаа юм. Хоёрдугаарт, есөн хөлт туг гэж байна аа. Голын цагаан сүлдээ тойрсон найман туг бол найман шарга морины бэлгэдэл юм. Бид хялбарчлаад дөрвөн зүг, найман зовхис гэж яриад байдаг болохоос монгол зүг чиг үндсэндээ арав байдаг. Хавтгай дээр л яриад байдаг болохоос дээшээ, доошоо хоёр зүгээ мэддэггүй. Найм, арав хоёрын завсрын тоо бол ес. Тэнгэр шүтлэгийн орой учраас цагаан сүлд голтойгоо ес болж байгаа юм. Тэгэхээр найман шарга агт, есөн цагаан туг хоёр язгуураасаа нэг амьтай байгаа биз.

-Таны бодсоноор бол тэр тодорхой болох нь л дээ?

-Энийг би ургуулахдаа дүр амилуулсан юм. Наана байгаа дүрүүд бол Тэмүжин, Өүлэн эх гээд тодорхой. Цаана байгаа икс дүрүүд л их учиртай. Найман шаргыг зургаан хоногийн газар аваад явчихна гэдэг зүгээр нэг хаяагаа хадарсан хулгайчийн үйлдэл биш. Дамжуулаад хөөчихсөн байж таарна. Зургаан хоног өвсний налархайгаар мөрдөнө гэдэг ч жирийн нэг юм биш. Найман шаргыг Мэргид, Тайчууд, Татаарууд, Найман, Хэрэйдийн аль нь ч ирж аваагүй. Тэр хэн байх вэ гэвэл Алтайд нэг гараад, говь руу нэг ороод, Хангайд нэг нутаглаад явдаг хэсэг бүлэг хэсүүлч тэнүүлч нөхөд байсан хэрэг. Энэ дүрүүдийг л ургуулж босгосон хэрэг.

“Алтан Богдын шилд

Алтан гургалдай жиргэнэ

Алтан гургалдайн жиргээнд

Агт морин сульдана” гэх дуунаас бүхэл бүтэн роман ургуулчихдаг туурвигчид найман шаргын хулгайгаас үүтгэн кино бичнэ гэдэг ч ёстой амархан хоол биз дээ?

-Уран саналга гээч юм л явж явж кино ч бай, тууж ч бай, ямар ч уран бүтээлийн амин сүнс нь болдог.

-Таны “Тэжээвэр” туужийг балчир ахуйдаа уншиж шүтэн биширч байснаа одоо ч мартдаггүй. Энэ туужийнхаа санааг яаж олов?

-Геологичдын тухай зохиолын уралдаан зарласан юм. Тэр уралдаанд л зориулж геологичидтой уулзаж, судалсаар санаа сэтгэлдээ Гөлгөө гэдэг хүний дүрийг босгоод авлаа. Ээжийгээ, дүү нараа тэжээгээд бүтэн сар амьдарчих мөнгөөр ганцхан орой наргичихдаг тийм залуус ч байх. Хүн хүний амьдрал, хувь тавилан социализмын үед ч өв тэгш байгаагүй. Дээртэй доортой л байсан. Тэр үзэл санаа, ариун мөн чанар руу явсаар Гөлгөөгөөс Цэнгэлийн дүр ургаж гарсаар байгаад би биш Гөлгөө тэр туужийг аваад явчихсан. Харин миний хувьд бодох гэж л хэдэн цагаан үс нэмсэн байх. “Орлогч” гэж дараа нь “Тэжээвэр”-тэйгээ холбоотой тууж бичсэн. Тэр бол хүний орлогчийн тухай бүтээл юм. Нийгэм бол тэжээврүүдтэй. Тэжээврүүдээс бүтдэг. Тэгвэл нийгэм хүний орлогчийг бий болгож байдаг. Аавдаа хүүгийн орлогч, ханьдаа нөхрийн орлогч, хүүхдэдээ эцгийн орлогч, нийгэмдээ хүний орлогч, бүх юм орлогч. Хүн төрөлхтөн байх цагт аль ч нийгэмд ийм орлогчид байх учиртай байж магадгүй. Тэр тэжээвэр, орлогч хоёр л миний дотрыг их хорсгож явсан юм болов уу даа.

-“Тэжээвэр” чинь уралдаанд яав?

-Түрүүллүү, яалаа. Шагналд овоо хэдэн цаас авч эхнэртэйгээ явж, гурван хаалгатай шүүгээ авч байсан юмдаг.

-Зохиолч болчихлоо доо гэж өөрийгөө анх тоох сэтгэгдэл төрүүлсэн бүтээл чинь юу бол?

-Зохиолч ч юм уу, юу ч юм өөрийгөө сайн мэдэхгүй явсан үе бий. Шаргад байхдаа бригадын төв рүү явахад сумын холбооноос боодолтой сонин явууллаа. Төлийн штаб дээр боодолтой сонин аваачиж өглөө. Цай ууж суугаад “Залуучуудын үнэн” сонин харж байсан чинь “Наранбулаг” өгүүллэг маань, миний товч намтартай гарчихаж. Тэгэхэд надад их хачин сэтгэгдэл төрж байсан. Миний анхны өгүүллэг хэвлэгдэж байгаа нь тэр шүү дээ.

-Өгүүллэгээ сониноос хараад яав?

-Сэмхэн боогоод орны доогуур шургуулчихаад яваад өгч билээ. Нэг л хачин санагдаад байсан. Зохиолч болох гэдэг өвчин чинь их эрт эхэлсэн дээ. Өөрөө мэддэггүй л байсан болохоос арваад наснаас эхэлсэн хэрэг. Зохиолч гэж өөрийгөө мэдэрсэн гэдэг бол ер нь хожуу шүү. “Эцсийн тушаал” жүжгээ бичсэн үе.

-Мянга есөн зуун наян есөн он байх шүү?

-Халхын голын ойд зориулж бичсэн юм чинь тэр үе л байх нь. Тэр жүжгээ эхлээд үзсэн чинь нэг л бууж өгөхгүй байгаа юм шиг хачин санагдаад байсан. Тэгсэн чинь манай хадам эгч хөдөөнөөс ирчихээд байхдаа үзсэн юм билээ. Тэгээд явахдаа эхнэрт маань “Чи ийм сайхан бүтээл бичдэг хүнийг гомдоов зай” гэж захисан гэдэг. Тэр үгийг сонссоны дараахан “Би чинь нээрээ зохиолч болчихсон юм биш үү” гэж бодсон. Тэгээд “Тэжээвэр”, “Сэрвэгэр хадны зэрэглээ”, “Хөх тавилан” туужууд гараад “За ямар ч байсан зохиолч болсон юм байна” гэж ойлгох болсон доо.

-Хөдөө нутагтаа уурын зуухны галчаар ажиллаж байхдаа, эмчийн алба хашиж байхдаа уран бүтээл хэр их бичиж байв?

-Ер нь их бичээгүй шүү. Харин Анагаахын сургуульд сурч байхдаа, хөдөө ажиллаж байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан маань бичих сургууль болсон байх. Эхэн үедээ хийсэн, хийх зүйлээ бичдэг байлаа. Сүүлдээ бодсон юмаа бичдэг боллоо. Тэгээд толгой холбож бичдэг болсон. Гомдож, баярлах, уурлах, хүсэл мөрөөдөл оргилсон бүхнээ бичдэг боллоо. Өгүүллэг бичих оролдлого Шарга суманд ажиллаж байхад төрж эхэлсэн. Хоёр ч тууж бичих гэж оролдсон байгаа юм. Тэр хоёр одоо хэвээрээ байж байг гэж боддог юм. Хүүхдийн гэгээн, гэнэн сэтгэлгээ бүгд шингээстэй байдаг юм. Би одоо тэр хоёрыг гүйцээгээд бичиж болно л доо. Гэхдээ анхны үеийн тэр хэл, сэтгэлгээ одоо байхгүй болчихсон байгаа юм.

-“Алтан Богдын шил” романыхаа хоёрдугаар дэвтрийг цүнхтэйгээ алдсан гэдэг. Хоёрдугаар дэвтрийг нь бичээ юү?

-Би тэр романаа наяад оны сүүлээр бичсэн. Түүнээс хойш нийгэм өөрчлөгдсөн. Хоёрдугаар дэвтрээ бичиж дуусгаад Орос руу унших гэж авч яваад алдчихсан. Утга зохиолд дүрслэлийн хэл гэж байдаг даа. Дүрслэлийн хэл гэдэг зүгээр нэг үг биш. Зохиолч бүр өөрийн хэлтэй. Би сүүлд тоймлож нэг юм тэмдэглэж авсан юм. Гучаад жилийн зайтай бичих гэж байгаа болохоор тэр дүрслэлийн хэл өөрчлөгдөх нь ойлгомжтой. Гэхдээ л бичихээс өөр арга алга даа.

-Ойрд ямар ном хэвлүүлэхээр төлөвлөж байна?

-Хүүхдэд зориулж насандаа ганц тууж бичсэн юм. “Дайны дараах намар буюу Алмаст уул” гэсэн нэртэй. Энийгээ одоо хэвлүүлдэг юм уу даа. Адал явдалт тууж юм. Арван хэдэн нас гэдэг агуу ихийн дэмийрэлтэй байдаг шүү дээ. Тэр тухай л юм. Одоо бас нэг тууж бичмээр санагдаа л байх юм. Цээжний гүнд нэлээд юм байна аа. Дотроос маажаа л байна.

-Таны аав, ээж зохиолч болоход тань нөлөөлсөн болов уу?

-Аав, ээж маань малчин удмын улс. Аавын талынхан олон үеийн уран дархчууд, анчид байснаас баян түшмэл, тайж язгууртан байгаагүй. Манай аав Далхаа цэрэгт мордоод, дөчин таван оны Чөлөөлөх дайнд явж Жэхэ хот ороод ирж байсан хүн. Ирэхдээ хоёр бөөр нь буудуулчихсан юм шиг цоорхой, ус гоожсон юм л ирж байсан гэдэг. Малын санитарын зургаан сарын курст суугаад цэргийн хорооны мал эмнэлгийн цэргээр явсан юм билээ. Идэш, унааны малын эрүүл ахуйг хариуцдаг байж. Японы хордуулсан худгууд замд нь их тааралдах. Ямар ч даргынхаа тушаалаар юм бүү мэд, хортой ус ууж морь нь хордож газар дээрээ үхээд, аав хордсон ч ямар азаар амьд гарсан юм, хоёр бөөргүй болоод ирж байсан байгаа юм. Ямар азаар тэр аюултай хор нь гадагшаагаа цохиж амь аврагдсан юм бэ дээ. Сумаар нэвт буудуулчихсан юм шиг сорвитой байдаг байсан. Аав харин хожим “Бөөр өвдөөд” гэдэггүй л байсан. Яс сайтайнх уу, ямар учиртай байсан юм бол доо. Аавыг маань манай нутгийнхан Жиргээ Далхаа гэдэг байлаа. Нутгийн хөгшчүүл намайг Жиргээгийн хүү л гэнэ.

-Аавыг тань яагаад тэгж нэрлэсэн юм бол?

-Хүн амьтан босоогүй үүр цүүрээр уул хаданд гараад адуу мал хараад явчихдаг тийм эртэч хүн байсан юм гэнэ лээ. Бид чинь эцэг эхээс арван хоёулаа. Муу аав минь арван хоёр хүүхдээ хулгай хийхээс бусдыг хийж амьдарсан даа. Би зулай дээрээ гишгэж төрсөн нэг эгчтэй, дороо арван дүүтэй хүн шүү дээ.

Дорнын цагаан саран

Аяыг Д.Баттөмөр

Сарны туяанд цэцэг ургана

Салхины сэвшээнд үлгэр урсана

Саруул хар нүдийг чинь санана

Салалтгүй хамтдаа суугаасай

Дорнын цагаан саран

Шөнөжин дуулж хононо

Дотно янаг хүүтэйгээ

Насандаа цэнгэж сууя аа

Сарнайн дэлбээнд шүүдэр унана

Цагаан гэгээнд Хэрлэн урсана

Сайхан бор царайгий чинь бодно

Цаглашгүй мөнхдөө жаргаасай

Дорнын цагаан саран

Шөнөжин дуулж хононо

Дотно янаг хүүтэйгээ

Насандаа цэнгэж сууя аа

Занданы үнэрт салхин сэвшинэ

Хэрлэнгийн шугуйд болжмор зүүдлэнэ

Зөөлөн ээл зангий чинь хүснэ

Хэмжээлшгүй ихээр хайрлаасай

Дорнын цагаан саран

Шөнөжин дуулж хононо

Дотно янаг хүүтэйгээ

Насандаа цэнгэж сууя аа

“Эцсийн тушаал” жүжгийн дуу

Аяыг Ц.Чинзориг

Хүлгийн сайныг унасан юмсан

Хүний дээд нь явсан юмсан

Хүүгээ үнсэж амжаагүй юмсан

Хүслээ гүйцээж чадаагүй юмсан

Наран зүгээс чамайгаа ирнэ гэж

Насаа марттал хүлээж суугаа

Амьдралд мөнхөрсөн

амраг минь ээ хө

Ээжийн аавын энхрийхэн юмсан

Эгэлхэн зөөлхөн зантай юмсан

Эргэж уулзахаар болзсон юмсан

Элгээ дэвттэл учирна гэсэнсэн

Халхын голоос чамайгаа ирнэ гээд

Хатуу орчлонг зөөллөн хүлээлээ

Хайранд мөнхөрсөн

амраг минь ээ хө

Уулын уснаас амссан юмсан

Усны чулуунаас авсан юмсан

Уужим саруул ухаантай юмсан

Уртын дуундаа хайртай юмсан

Ялалтын морьтой чамайгаа ирнэ гээд

Янагийн дуугаа дуулж сууна даа

Амьдралд мөнхөрсөн

амраг минь ээ хө