Categories
мэдээ улс-төр

МАН Архангай аймагт залуучууддаа итгэл үзүүллээ

Найм дахь удаагийн УИХ-ын сонгуульд Монгол Ардын Нам төрийн ажлын дадлага туршлагатай, нэр цэвэр залуустаа ихээхэн итгэл хүлээлгэж сонгуульд нэр дэвшүүлж байна. Тухайлбал, Монгол Ардын Намын Бага хурлын хуралдаанаас Архангай аймгийн нэгдүгээр тойрогт Уул уурхайн дэд сайд асан, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, хоёрдугаарт тойрогт аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг, гуравдугаар тойрогт Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарыг нэр дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл, гурван залуу нэр дэвшигч зуузай холбон нутаг орондоо нэр дэвшиж байгаа юм. Архангайчуудын хувьд тэд шинэ хүмүүс биш. Нутаг усандаа танигдсан, ялангуяа залуучуудын дунд хүрээлэл, нэр хүнд сайтай гэж үнэлэгддэг.

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын хувьд сүүлийн жилүүдэд намынхаа гол ачааг үүрч ирсэн улстөрч. Монгол Ардын Намын залуу генсек. Хэдий нас залуу ч түүний улстөрд өнгөрүүлсэн амьдрал чамлахааргүй олон жилээр тоологдоно.

Нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Тэмүүлэнгийн хувьдуул уурхайн салбарт 10 гаруй жил ажиллахдаа агентлагаас төрийн өмчит компанид, төрийн өмчит компаниас салбарын яам хүртлээ дэвшсэн. Түүнд нам нь итгэл хүлээлгэж, Уул уурхайн дэд сайдаар томилон ажиллуулсан юм. Тэрбээр “Оюутолгой” ТУЗ-д эх орноо төлөөлдөг гурван гишүүний нэг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Залуучуудын байгууллагаа тэргүүлж ажиллаж эхэлсэн нэг жилийн хугацаанд залуусын тодотголтой олон шинэлэг арга хэмжээг орон даяар санаачлан зохион байгуулсан ажээ.

Нэр дэвшигч Ё.Баатарбилэг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Харин өрсөлдөгч АН-аас Архангай аймагт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Н.Батбаяр, Р.Гончигдорж нарыг сойжээ.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа” үзүүлж байна

“Улсын сүр цэрэгтээ

Цэргийн сүр жагсаалдаа” гэдэгчлэн Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдаан дөрөв дэх жилдээ Их эзэн Чингис хааны талбайд өнөөдөр ёслол хүндэтгэлтэйгээр эхэллээ.

Төв талбайн зүүн талаас Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим эгшиглэж, тус уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан ангийн цэргүүд жагсаалаар гарч ирэв.

Энэ жилийн уралдаанд нийт 31 цэргийн анги оролцсоноос эхний шатанд шалгарсан есөн анги хоёрдугаар шатанд дахин шалгарчээ. Үүнд Зэвсэгт хүчний 350, 084, 017, 150, 119, 029, Хилийн 0164, 0252, Онцгой байдлын аврах тусгай анги шалгарч, үзүүлэх тоглолт болон шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож байна. Мөн “Хааны эрэлд-2016” олон улсын цэргийн хээрийн сургуулилтад оролцож буй 37 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид тус жагсаалыг сонирхож байлаа.

“Монгол цэргийн жавхаа” уралдаанд оролцож буй цэргийн анги нь цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, алба хаагчдын бие бялдарын хөгжил, жагсаалын ажиллагаа, цэргнйн эмнэлэг, харуулын байрны тохижилтыг зэрэг шаардлага хангасан байх ёстой ажээ. Харин энэ жилийн цэргийн ангиудын цэргийн хотхоны тохижилт 50 хувь, биеийн тамирын материаллаг бааз, бие бялдрын стандартыг 30 хувь, жагсаалын ажиллагаа 20 хувиар дүгнэгджээ.

Энэхүү уралдааныг санаачилсан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар дахь цэргийн ангиудын тохижилт эрс сайжирч, алба хаах таатай нөхцөл бүрдэж байгааг албаныхан онцолж байв.

Уралдааны эхний гурван байрт шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, эмнэлэгийн хэрэгсэл олгох гэнэ. Үүнд:

  • Тэргүүн байр – “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги” өргөмжлөл, орон сууц, ангийн эмнэлэгт эмнэлэгийн хэрэгсэл
  • Дэд байр – “Өргөмжлөл”, орон сууц, ангийн эмнэлэгт эмнэлэгийн хэрэгсэл
  • Гутгаар байр – “Өргөмжлөл”, орон сууц, ангийн эмнэлэгт эмнэлэгийн хэрэгсэл
  • Тусгай байр – “Өргөмжлөл”, дөрвөн сая төгрөг, ангийн эмнэлэгт эмнэлэгийн хэрэгсэл
  • Шагналт байр – “Талархал”, бие бялдрын стандарт хэмжигчээр тус тус таван ангийг шагнах юм байна.
Categories
мэдээ улс-төр

З.Баянсэлэнгэ Н.Учрал Л.Эрдэнэчимэг нар өрсөлдөнө

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөхөөр болж байна. Тэрбээр Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ардын намаас нэр дэвшиж байгаа Н.Учрал нарын тойрогт өрсөлдөхөөр болжээ.

Харин намын дарга Н.Энхбаяр нь 75 дугаар тойрогт буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж байгаа Ш.Түвдэндорж, МАН-аас нэр дэвшсэн Д.Ундармаа нартай өрсөлдөхөөр боллоо. Гэвч түүний ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй тул нэр дэвших эрхийг нь СЕХ-ноос өгөхгүй байх магадлалтай юм.

Categories
мэдээ нийгэм

Долоон буудлын уулзвар орчмын замыг өнөөдөр хаана

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 буудлын уулзвараас Хайлаастын салдаг уулзвар хүртэл 700м замыг 2016.05.28-ны 06:00 цагаас 2016.06.01-ны 06:00 цаг хүртэл хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье. Зам хаах хугацаанд иргэд Хайлаастын замыг сонгон зорчино уу.

Дээрх 700м замд хучилт хийгдсэнээр 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто замын хучилтын ажил бүрэн дуусах бөгөөд 06 дугаар сарын дундуур ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Ганзориг “Жонон” болно

Тун удахгүй Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр болно. Тус баярыг тохиолдуулан хошин урлагийн “Маск” продакшны уран бүтээлчид “Үзэсгэлэнт охин жонон хоёр” бүрэн хэмжээний хүүхдийн жүжгийг тоглохоор болжээ.

Энэ талаар тус продакшны жүжигчин Д.дэлгэрсайхан “Манай хамтлагийнхан мартагдсан, мартагдах гэж байгаа хүүхдийн жүжгүүдийг бүрэн хэмжээгээр хүүхдүүддээ тоглож үзүүлэхийг зорьдог. Тиймээс Эх үрсийн баярт зориулж “Үзэсгэлэнт охин жонон хоёр” бүрэн хэмжээний хүүхдийн жүжгийг тоглох гэж байна. Энэ хүүхэлдэйн кино байдгийг бүгд мэдэх байх. Энэ жүжигт манай продакшны нийт залуу жүжигчид оролцон тоглох болно” хэмээн ярьсан байна.

Тус жүжгийн гол дүрүүдэд СТА, жүжигчин Ц.Ганзориг, А.Гэрэлцэцэг, Г.Золзаяа, Д.Дэлгэрсайхан нар тоглох аж. Жүжгийг энэ сарын 31-нд болон зургаадугаар сарын 1-нд МҮЭСТО-ны тайзнаа тоглох нь ээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

Монгол улсын эдийн засаг өдрөөс өдөрт тэлж буйн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөх болсон. Тиймээс эрчим хүчний салбарт хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний хангалт сайжирна гэж эдийн засагчид үзэж байна.

Багануурын станцыг концессийн гэрээгээр барина

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах “Багануурын цахилгаан станц” төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий энэхүү станц ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгааны ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр бий болох, бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэх аж. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 800-900 сая ам.доллар.

Бөөрөлжүүтийн станц жилдээ 35.5 сая долларыг татварт төлнө

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, уурхайн нэгдмэл төслийг хэрэгжүүлэх болсон. Төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад жилд 35.5 сая ам.доллар, төсөл дуусах хүртэл нийт нэг тэрбум ам.долларын татварыг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой аж. Мөн 300 гаруй Монгол иргэдийг шууд ажлын байраар хангах, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр Монголын аж ахуйн нэгжийг ажиллуулах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байна.

Тавантолгойн станцын санхүүжилт нэг тэрбум доллар

Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулагчаар Японы Марубени компани шалгарсан. Цахилгаан станцын урьдчилсан санхүүжилт нэг тэрбум орчим ам.доллар. Энэхүү төсөл нь 30 жил үргэлжлэх юм байна. Барилга угсралтын үед 2000-3000 хүнийг ажлын байраар хангах гэнэ. Уг цахилгаан станцыг 2019 онд станц ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Тавантолгойн цахилгаан станц төсөл хэрэгжсэнээр улсад жил бүр 50 гаруй сая ам.долларын орлогоор урьдчилсан тооцоо бий. Тус станцад Оюутолгой компани баталгаа гаргаж өгсөн.

“Шивэ Энержи”-д 11 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэнэ

Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас энэ чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний нэг нь “Шивээ Энержи” төсөл юм. “Шивээ Энержи” төсөл амжилттай хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад нийтдээ 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр төлөвлөгдөж байгаа юм. Төслийн хүрээнд Говьсүмбэр болон Дорноговь аймгаар дамжин нийтдээ 1300 километр шугам тавигдахаас гадна Шивээ-Овоогийн нүүрсийг түүхийгээр нь биш нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон экспортолохоор төлөвлөөд буй. Төслийн хүрээнд 9240 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх чадалтай цахилгаан станц баригдах бөгөөд энэ нь Монгол Улсад эрчим хүч үйлдвэрлэж байгаа цахилгаан станцуудтай харьцуулбал бараг 10 дахин илүү хүчин чадалтай байх гэнэ. Энэхүү эрчим хүчний аварга том “мангас”-т жилдээ 34 сая тонн нүүрс нийлүүлэх боломжтой аж.

Categories
мэдээ эдийн-засаг

4.3 тонн алт экспортолжээ

2016 оны эхний дөрвөн сарын байдлаар 7.4 сая тонн нүүрс, 2.7 тонн алт, 404.1 мянган тонн газрын тосыг тус тус олборлоод байна. 58.8 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 498.9 мянган тонн зэсийн хүдрийн баяжмал, 713.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 29.0 мянган тонн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэсэн байна.

Экспортын хувьд 2016 оны эхний дөрвөн сард 557.5 мянган тонн зэсийн баяжмал, 1,386.8 мянган тонн төмрийн хүдэр, 4.3 тонн алт, 5.0 сая тонн нүүрс, 392.3 мянган тонн газрын тос тус тус экспортлосон байна.

Categories
мэдээ нийгэм

”Монгол цэргийн жавхаа” уралдаан эхэллээ

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын анги, байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулах ёслол өнөөдөр Их эзэн Чингис хааны талбайд 11.30 цагт эхэллээ

Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар, ЗХЖШ-ын дарга, орлогч дарга, газрын дарга нар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлага, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргын орлогч нар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн нутгийн, захиргааны байгууллагын удирдлага, ажилтнууд, иргэд, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын анги, байгууллагуудын алба хаагчид, “Хааны эрэлд-2016” олон улсын цэргийн хээрийн сургуульд оролцож байгаа бие бүрэлдэхүүн оролцож байгаа юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Хурд” хамтлагийн тоглолттой

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 4 дэх жилдээ зохион байгууулж байна. Наадмын хоёрдугаар шатнаас шалгарч үлдсэн шилдэг ангиудын үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа буюу “Иргэн цэргийн бахархлын өдөр”-ийг энэ өдөр “Чингисийн талбай”-д тэмдэглэн өнгөрүүлнэ.

Энэхүү арга хэмжээ 11.30-23.00 цаг хүртэл үргэжлэх юм. Үйл ажиллагааг хааж “Хурд” хамтлаг “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” хэмээх 50 минутын тоглолтыг “Чингисийн талбай”-д тоглоно. Цэрэг эх орны сэдэвтэй олон уран бүтээлээ дуулах тухайгаа хамтлагийн ахлагч Ц.Ганбаяр хэлж байсан.

Тэрбээр “Энэ өдөр бол омогшил, бахархлын өдөр. Тийм учраас “Монгол цэргийн жавхаа 2016” уралдааны төгсгөл хэсэг дээр бүгдээрээ бут авна аа. Бид бэлтгэлээ маш сайн базаасан. Одоо харин энэ баярыг далимдуулан бүх он жавуудаа цуглаасай гэж би урьж байна. Ер нь цэргийн алба хаасан бүх ах, дүү, найз хэн боловч “Монгол цэргийн жавхаа” гэж энэ жилд нэг л өдөр болдог арга хэмжээний үеэр уулздаг болмоор байгаа юм. “Он жавуудын өдөр” болгосон ч болж л байна” хэмээсэн.

“Хурд” хамтлагийн тоглолт 22.00 цагт эхлэн хөтөлбөрийн дагуу 22.50 минутад дуусах юм байна.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ынхан өнөөдрөөс өлсгөлөн зарлаж эхэлжээ

Өчигдөр нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж, нийтэд мэдээлсэн. Гэвч МАХН-ынхан нэр дэвшигчдээ хараахан зарлаагүй байна. Тэд өнөөдрөөс шударга сонгууль явуулахын төлөө өлсгөлөн зарлаж эхэлжээ. Мөн намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарын ялтай тооцох хугацаа нь дууссан байхад нэр дэвшүүлэхгүй байх саад хийж байгааг эсэргүүцэж буй юм байна. Өнөөдөр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.