Categories
мэдээ нийгэм

МАХН-ын нэр дэвшигчид өлсгөлөн зарлаад 14 цаг болж байна

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон тус
намаас УИХ-д нэр дэвшигчид өнөө өглөөний 04:00 цагаас эхлэн намынхаа
байрны гадаа гэр барин нойтон өлсгөлөн зарлаж эхэллээ. Тэд МАХН-ын дарга
Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй байх
магадлалтай байгаа. Нэр дэвшигч зайлшгүй бүрдүүлэх ёстой цагдаагийн
газрын бичиг дээр ял, шийтгэлтэй гэсэн бичиг хийж өгнө гэж байна. Бид
2012 онд энэ замыг туулсан. Дөрвөн жил өнгөрөхөд улс төрийн өрсөлдөгчөө
зориудаар хэлмэгдүүлдэг явдал зогсох нь байтугай бүр хүрээгээ тэллээ.
Тиймээс эсэргүүцлийн жагсаал, цаашид тэмцлийн хурц хэлбэрийг сонгож
тэмцэж байж энэ байдлаас гарах юм байна гэсэн байр суурьтай байгаа аж.
Намынхан тэмцлээ өргөжүүлэн Чингисийн талбай дээр зургадугаар сарын 5
өлсгөлөн зарлахаар болжээ.

Categories
мэдээ спорт

Д.Сумъяа “World Masters”-ын гурав дахь түрүүгээ хүртлээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох “World Masters-2016” тэмцээн эхэллээ. Дэлхийн чансаагаараа жин тус бүрийн эхнийд 16-д эрэмбэлэгдэж буй тамирчид урилгаар оролцдогоороо онцлог эл тэмцээнд манай улсаас 17 бөх зодоглож байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа аваргын төлөөх барилдаанд Францын тамирчинг юүко үнэлгээгээр ялж, аваргаллаа. Ийнхүүтэрээр энэ тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлж буй нь энэ. Эхний тойрогт хийлсэн Д.Сумъяа удаах даваануудад Нидерландын С.Верхаген, Их Британийн Смиье-Дэвис Некода, Тайванийн Чен-Ли Льен нарыг ялж, аваргалах замаа зассан юм.

Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан бие даан нэр дэвшинэ

Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин С.Жавхлан 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Тэрбээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 54-р тойрогт өрсөлдөх ажээ.

Тус тойрогт МАН-аас “Монгол тулгатаны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаалчлагч, хөтлөгч П.Анужин нэр дэвшиж буй.

С.Жавхлангийн дотны анд найруулагч Д.Галбаяр “Төрийн ордонд найруулагч хэрэггүй биз . Харин дасгалжуулагч бол зайлшгүй хэрэгтэй юм шиг байна” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын маркетерууд дэлхийн тавцанд өрсөлдөж байна

Азийн Маркетинг Авардс 2016 наадамд Тэсо корпорацийн Агь ХХК Лапша брэндээрээ шилдгээр шлгарч Монгол улсаас Азийн Шинэлэг, Шилдэг маркетингтай компанид нэр дэвшиж байгаа сайхан мэдээг бид дуулгаж байгаадаа баяртай байна.

Агь ХХК-ийн Маркетингийн багийнхан улсынхаа томоохон компаний маркетеруудаас ганцаараа ялагч болж тус наадмыг зорисон бөгөөд энэхүү наадамд Монгол улс анх удаа оролцож байгаа юм.

Монголын Маркетингийн Холбооны төлөөлөгчид болон Агь ХХК-ийн Маркетингийн багийнхан Индонез улсын Бали арал дээр Азийн шилдэг маркетеруудтай өрсөлдөж өөрсдийн компаний тухай илтгэлийг тавьж байгаа юм. Энэхүү наадамд оролцож, Азийн маркетеруудтай туршлага солилцсоноор шинэлэг маркетингийн санаануудаас суралцах боломжтой болохын зэрэгцээ өөрсдийгөө Азийн бусад улс орнуудад таниулах нэгэн гарц болж өгөх юм.

Гадаад улс орнууд руу өөрсдийн бүтээгдэхүүнээ экспортлоод эхэлсэн Тэсо корпорацынхны хувьд ажилтан ажиллагсад нь оюуны зах зээлд шинэлэг шилдэг санаагаа ч бас гаргаж ирж байгаа нь энэ цаг үеийн сайхан мэдээнүүдийн нэг болж байна. Азийн 20-иод улс орон өрсөлдөж буй энэхүү наадамд Монгол улс анх удаа оролцож байгаа бөгөөд тус наадамд улсаа төлөөлөн оролцсон хамгийн анхны компани нь болон Тэсо корпорацийн АГЬ ХХКЛапша брэндээрээ оролцож байгаа нь бахархууштай үйл явдал болж байгаа юм.

АГЬ ХХК-ийн Лапша брэнд нь 2016 онд Хүнсний Аюулгүй Байдлын Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO:22000 батламжийг гардан авсан Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг билээ. Лапша брэнд Азийн Маркетинг Авардс 2016-д Шинэлэг Шилдэг Маркетингитай компани номинацид нэр дэвшсэн явдал бол зөвхөн нэг компанийн асуудал биш бүхэл бүтэн улсын хувьд цоо шинэ хөгжил дэвшлийг авчирсан чухал үйл явдал боллоо.

Монголынхоо үндэсний үйлдвэрлэлд өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулж ажилтай, орлогтой олон залуусыг эгнээндээ нэгтгэж чадсан Тэсо корпорацийн“Агь” ХХК Лапша брэндийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

“Материал судлал ба гадаргын технологи” олон улсын анхдугаар симпозиум болно

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль “Материал судлал ба гадаргын технологи” олон улсын анхдугаар симпозиумыг зургаадугаар сарын 07-нд Налайх дүүрэг дэх их сургуулийн танхимдаа зохион байгуулахаар болжээ.

Олон улсын анхдугаар симпозиумыг зохион байгуулж байгаа гол зорилго нь энэ чиглэлийн судлаач эрдэмтэд, аж ахуйн нэгж байгууллага зэрэг дэвшилтэт технологиор боловсруулсан материал хэрэглэгч хооронд мэдлэг, туршлага солилцох боломжийг бүрдүүлэх аж.

Мөн энэ салбарын ирээдүйн чиг хандлага, одоогийн үйл ажиллагаа болон шинэ тутам болж буй материалыг уул уурхай, эрдэс бодис боловсруулах салбарт ашиглахын ач холбогдлын талаар мэдээлэл өгөх юм байна.

Уг хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу болон Германы Фраунхоферын нийгэмлэгээс Э.Вэяэр “Нэмэлт бодисын үйлдвэрлэл-Тэдгээрийг аж үйлдвэрт нэвтрүүлэх нь” сэдвээр илтгэх аж. Түүнчлэн Р.Галбадрах /МУИС/, “Молебденийн шинэ чанар улирлаас шалтгаалан тогтворгүй болох нь-Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн жишээ”, Ж.С.Штер /МГТИС/ “Триблог өндөр ачаалал авагч техникийн эд ангид тулгардаг бэрхшээл” зэрэг хэд хэдэн илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөх юм байна.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт уул уурхай, боловсруулах үйлдвэрийн судалгаа, хөгжил, засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон стратеги төлөвлөлт хариуцсан ажилтнууд, судлаач эрдэмтэд оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зуслангуудын үнэ, байршлын мэдээлэл

Энэ зун нийслэлийн хэмжээнд 24 зуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваад байгаа ба эдгээр нь нэгдүгээр ээлжийн амрагчдаа ирэх зургадугаар сарын 8-наас эхлэн хүлээн авахаар бэлтгэл ажлаа хийж байна.

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын мэдээллэснээр, зусланд амрагчид өдрийн 23-25 мянган төгрөг төлөх ба нэг ээлжээ долоо хоногоор тооцож байна. Үнийн хувьд бага ангийн хүүхэд /1-5-р анги/ 160 мянга, дунд ангийн хүүхэд /6-9-р анги/ 165 мянга, ахлах ангийнхныг /10,11-р анги/ 170-175 мянган төгрөгөөр амраахаар болжээ.

Зуслангууд зуны турш нийт 8-10 ээлжээр амрагч хүүхдүүдээ хүлээн авахаар болсон ба сургалтад англи хэл болон бусад тусгай хөтөлбөрт багтсан тохиолдолд дээрх үнэд өөрчлөлт орж, 20-60 мянган төгрөг нэмэгдэж тооцогдох ажээ. Энэ зун хүүхэд багачуудыг хүлээн авах зуслангуудын үнэ болон байршлын мэдээллийг хүргье.

“Нарс” зуслан

-Байршил: Улаанбаатараас 18 км зайд Сонгинохайрхан дүүрэг

-Үнэ: 161 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/

-Утас: 99096109

“Нарлаг” зуслан

-Байршил: Улаанбаатараас 60 км зайд Тэрэлж

-Үнэ: 160 мянган /нэг ээлжийн үнэ/

-Утас: 99083378

“Жавхлант” зуслан

-Байршил: Улаанбаатараас 67 км зайд Тэрэлж

-Үнэ:170 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/

-Утас: 99096365

“Янзага” зуслан

-Байршил: Улаанбаатараас 26 км зайд Хандгайт

-Үнэ: 160 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/

-Утас: 99006703

“Сэлбэ” зуслан

-Байршил: Сүхбаатар дүүрэг Бэлхийн ам

-Үнэ:160 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/

-Утас: 96056059

“Маргаашийн хөгжил” зуслан

-Байршил: Улаанбаатараас 26 км зайд

-Үнэ: 165 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/

-Утас: 99991727

“Хайрын билэг” зуслан

-Байршил: Улаанбаатараас 40 км зайд

-Үнэ: 175 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/

-Утас: 95113330

“Од” зуслан

-Байршил: Төв аймгийн Борнуур сум

-Үнэ: Зөвхөн нийслэлийн асрамжийн газруудын хүүхдүүдийг хүлээн авна

-Утас: 99116869

“Шонхор” зуслан

-Байршил: Улаанбаатараас 120 км зайд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон

-Үнэ: Батлан хамгаалах яамны ажилчдын хүүхэд 140 мянган төгрөг, энгийн алба хаагчийн хүүхэд 160 мянган төгрөгөөр амарна. /нэг ээлжийн үнэ/

-Утас: 99665586

Цагаан нуга зуслан

-Байршил: Төв аймаг, Батсүмбэр сум

-Үнэ:175 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/

-Утас: 99030511

Үйл ажиллагаа явуулах эрхээ авсан хэдий ч амрагч хүлээн авах эсэх нь тодорхойгүй зуслангууд ч байна. Тухайлбал, “Хөгжилтэй англи хэл” хүүхдийн зуслан энэ жил амрагч хүлээн авахгүй хэмээсэн бол Төмөр замын харъяа “Хандгайт” зуслангийн засвар шинэчлэлийн ажил дуусаагүй байгаагаас хэзээ амрагч хүүхдүүдээ хүлээн авах болон үнэ тариф, амралтын ээлжийн хуваарь нь тодорхойгүй байна.

Үйл ажиллагаагаа эхлэхээр бэлэн болсон дээрх зуслангуудад хүүхдүүд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авах ба харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх хэрэгтэй. Харин хувийн болон харьяаллын бус эмнэлгээр уг хуудсыг бөглүүлвэл хүчингүйд тооцно.

Зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх ба өсвөр насныхан буюу 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай юм. Зуслангийн эрхийн бичгийг авахдаа холбогдох утсаар хаяг тодруулж, төлбөрөө бүрэн төлснөөр амралтын эрх баталгаажна. Улмаар хүүхдүүд эрүүл мэндийн хуудсаа бөглүүлээд зусландаа явна. Амрагч хүүхдүүдийг нэгдсэн журмаар автобусаар авч, хүргэж өгөх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хаан банкны картын үйлчилгээнд доголдол гарсан байна

Өнөөдөр өглөөнөөс эхлэн Хаан банкны картаар гүйлгээ хийхэд хүндрэл учрууд байна. Тус банкны АТМ-үүд ажиллахгүй байгаагийн дээр өөр банкны АТМ болон карт уншигчаар Хаан банкны карт уншуулж болохгүй байгаа юм. Ямар шалтгааны улмаас ийн доголдол үүсч, саатал гарсныг одоогоор тус банк албан ёсоор тайлбарлаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

МИАТ Франкфурт руу шууд нисдэг болно

Европын холбооны гишүүн улс орнууд руу МИАТ шууд нисдэг болох юм байна. Ирэх зургадугаар сарын сүүлч үед эхлүүлэх Франкфуртын нислэг улирлын чанартай байх ажээ. Аялал жуулчлалын ачаалал жил бүрийн зургаадугаар сараас эхэлдэг. Тиймээс зөвхөн МИАТ компани ганц Франкфурт ч биш Сөүл, Бээжин, Москва гээд уламжлалт нислэгийн давтамжаа есдүгээр сарын 1 хүртэл нэмэгдүүлдэг уламжлалтайюм байна. Энэ уламжлалаа энэ жил мөн баримтлах ажээ. Цаашид МИАТ АНУ руу нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Бөхчүүдийн бүлэг

УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхолтой эрхмүүдийн нэр тодорч, нам, эвслүүд тэднийг батламжлах л үлдээд байна. Нам эсвлүүд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй учраас энэ үдэш гэхэд ирэх парламентад сойгдох нөхдийн нэр тодорхой болно. Харин энэ эрхмүүд дунд спорт, урлагийнхан цөөнгүй байх нь. Спортынхноос гэхэд “Бөхчүүдийн бүлэг” байгуулах хэмжээний хүмүүсийн нэр сонсогдож байна.

АН

  • Х.Баттулга, Н.Түвшинбаяр нар Баянхонгор аймагт
  • Кёкүшюзан Д.Батбаяр Сонгинохайрхан дүүрэгт

МАН

  • Б.Бат-Эрдэнэ Хэнтий, А.Сүхбат Төв аймагт
  • Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүрэгт

МАХН

  • Н.Бүргэдаа Говь-Алтай аймаг

Нэгдмэл Монгол эвсэл

  • Х.Цагаанбаатар

УИХ дахь бүлэг нь найм болон түүнээс дээш гишүүнтэйгээр байгуулагдах ёстой. Тэгэхээр “Бөхчүүдийн бүлэг” асуудалгүй бүрдэх нь. Бүлгийн даргаар цагтаа жүдогийн татамид бярдаж авсан Женко Х.Баттулга ажиллана. Түүнд спортын бас улс төрийн нэр ч бий. Өмнө нь гурван ч парламентын нүүр үзэж, дөрөв дэх удаагаа гишүүнээр тухлах гэж буй түүнд бүлэг удирдаад явах хэмжээний улс төрийн хор шар бий. Харин бүлгийн дэд даргаар МАН-аас нэр дэвшигч дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Бүлгийг АН, МАН-ын төлөөлөл удирдах нь тэнцвэрт байдлыг хадгална. Гишүүдэд нь олимпийн аварга Н.Түвшинбаяр, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, дархан аварга А.Сүхбат, аварга Д.Сумъяабазар, Кёкүшюзан Д.Батбаяр, гавьяат тамирчин Н.Бүргэдаа. Сошиалийн шуугигчдын хэлдгээр бөхчүүд Төрийн ордонд ирж барилдаж, улстөрчид Бөхийн өргөөнд очиж хуралдах нь. Бас Монголын парламентын гишүүн олимпийн наадамд барилдаж, аварга боллоо гэж дэлхийн “чих”-ийг дэлдийлгэнэ. Эсвэл улс төрөөс болж хэнд ч анзаарагдахгүй “арчигдана”.

УИХ-д бие даагчдын бүлэг гэж байдаг. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар тус бүлгийг бүрдүүлж байв. Харин шинэ парламентад бие даагчид бус Урлагийн зөвлөл байгуулагдана. Дуучин Нара, Бэки, яруу найрагч Ү.Хүрэлбаатар гэхчлэнгээр урлагийнхан ч зөвлөлөө байгуулахад гишүүнээр дутахгүй.

Ийм л эрээн цоохор парламент бүрдэж магадгүй дүр зураг харагдаж байна. Улс төрийн нам, эвслүүд ч реклам хийхгүйгээр гараад ирэх хүмүүсийг нэг их зовоохгүйгээр батламжилна биз. Харин тэд намын болоод сонгогчдын итгэлийг даах эсэх нь УИХ-ын гишүүн нэр зүүхээс том асуудал.

Хүн том зорилготой байж болно. Харин тэр зорилгодоо хүрэх дөт зам нь сайн чаддаг зүйлээ хийх. Өөрөөр хэлбэл, чаддаг чаддаг зүйлээ хийх нь өөрт болоод өрөөлд тустай. Урлаг, спортынхон улстөрч болох гэж зүтгэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Дур эзнээ голохгүй л юм даа.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 1998 төгрөгтэй тэнцэв

Долларын ханш гуравдугаар сард хамгийн өндөр ханш дээрээ очсон бол дөрөвдүгээр сараас 2050 төгрөгөөс уруудаж 1980 төгрөгтэй тэнцсэн. Гэвч, буцаад долларын ханш 2025 төгрөгт хүрээд бага зэрэг буурч байна. “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1998 төгрөгтэй тэнцсэн бол арилжааны банкууд 2002-2007 төгрөгөөр долларыг зарж байна.