Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхдорж: Театрт хүн өөрийгөө олж харна шүү дээ

Ардын жүжигчин, Бирваагийн Мөнхдоржтой ярилцлаа. УДЭТ-т ерөнхий найруулагчаар олон жил ажилласан тэрбээр театрын тухай сэдвээр докторын судалгааны ажил хийж байгаа гэнэ.

-Улаанбаатарт болж байгаа Дэлхийн театрын боловсролын II чуулганы үеэр та сонирхолтой илтгэл тавилаа. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа Монголд театрыг XVIII зуунд үндэслэж байсан бол түүнээс зуун жилийн дараа, театрын онолыг үндэслэгч гэгддэг К.С.Станиславскийн найруулгын онол бий болсон гэсэн үү?

-Дэлхийн театрын боловсролын хурал болж байна. Үүнд ямар хувь нэмэр оруулах вэ гэж хайсан юм л даа. Хайхдаа театрын уламжлал, эх үүсвэр үнэхээр Монголд байжээ гэдгийг хэлэх гэсэн юм. Данзанравжаа гэдэг хүний байгуулсан “Саран хөхөө” гэдэг нүүдэлчний театрын дэг горим, найруулгын төлөвлөгөө гарцаа байхгүй үүнийг нотолно. Монголд театр, жүжгийн зохиолч, жүжигчин, зураач байжээ. Театр нь төлөвлөгөөтэй байжээ, найруулсан төлөвлөгөөг анх удаа ингэж хийжээ гэдгийг дуугарах гэсэн оролдлого юм л даа. К.С.Станиславский гэдэг хүн Орост дэлхийн театрын систем гэдгийг бий болгосон. Гэтэл түүнээс хаа байсан зуун жилийн өмнө Монголд жүжиг найруулах дэгийг бичсэн амьтан байж гэж дуугарах гээд илтгэл бичээд байгаа юм.

-“Саран хөхөө” театрын судалгааг удаан хийсэн үү?

-Арваад жил болж байна.

-Та Данзанравжаа хутагтын зохиосон “Саран хөхөө” жүжгийг шинэчилж найруулж тавьсан хүн. Судалгааны ажил тань эндээс эхэлсэн үү?

-Би доктор хамгаалахын төлөө энэ сэдвийг судалж байгаа юм. Монголд театр, найруулагч байсан гэдгийг нотолсон эрдмийн ажил бичих гэж байгаа юм. Тэрэнд тэмүүлэх хүсэл маань хөтөлсөөр байгаад Монгол найруулагчтай, театртай, найруулсан төлөвлөгөөтэй байсан гэдгийг хэлэх гэж оролдож байгаа юм. А.Шартолгой гэж агуу том хүн намайг “Саран хөхөө” жүжиг рүү хөтөлсөн. Равжаа хутагтын дэргэд байсан Түдэв гэдэг тахилч лам хутагтын шарилыг нь занданшуулаад, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг цуглуулж Хамарын хийдэд хийж бунхан болгосон юм билээ. Түдэв тахилчийн удмынхан үе улиран Равжаа хутагтын өвийг хамгаалж ирсэн байдаг. Түдэв тахилчийн ач хүү Алтангэрэл гэж сайхан хүнтэй уулзаж явсан учраас Монголын театрын тухай ярих эрхтэй гэж бодож байна. Энэ найруулгын төлөвлөгөө Станиславскийн найруулгын төлөвлөгөө хоёр ямар холбоотойг яриагүй. Манай хүн эхэлж гаргасан байна гэж л хэлэх гэсэн юм. Данзанравжаагаас үлдсэн эд зүйлсээс бүрдсэн музейд хуучин үсгээр бичсэн театрын горим байгаа. Түүнээс улбаалсан миний судалгааны ажил бий.

-Таны найруулсан “Саран хөхөө” жүжгээс Равжаа хутагт тухайн үедээ хүмүүст юу хэлэхийг хүсч байсныг харж болдог?

-Равжаа хутагт “Саран хөхөө” жүжгээр ард түмнийг соён гэгээрүүлэхийг хүссэн. Хүний сайн, муу үйлийн үрийн тухай хэлэхийн тулд тэр домгийг жүжиг болгож бичсэн юм. Зохиол дотроо өөрөө найруулах аргаа бичиж үлдээсэн. Эхлээд бүрээ дуугарна, дараа нь хүн цуглана гэх мэтээр бичсэн байгаа. Тийм учраас энэ бол найруулсан төлөвлөгөө мөн.

-Театр хүнд юу өгдөг юм бэ?

-Театр хамгийн амьд урлаг л даа. Хүмүүст хамгийн ойрхон байдаг. Театрт ирж байж хүн өөрийгөө олж харна шүү дээ. Юу болоод байгаа билээ гэдгээ хардаг толь нь байхгүй юу.

-Театр бол гэгээрүүлэх үүрэгтэй гэж та нэг удаа хэлсэн байна лээ. Одоо гэгээрүүлэх үүргээ хэр гүйцэтгэж байгаа бол?

-Өнөөдөр театр хөлөө олохын тулд биш хөрөнгө олохын тулд явж байна, өршөөгөөрэй. Хүнийг гэгээрүүлэх тухай биш мөнгө л яригдаж байна. Ивээн тэтгэж байгаа хүн нь “Хэдэн төгрөг олох юм бэ” гэж асууна, сурталчилгаа ярина. Энэ дэлхийн соёл мөн үү. Дэлхийн соёлыг Монголд түгээхийн тулд хэн яах ёстой юм бэ. Хүн тархиндаа юм суулгаж гарахыг гэгээрэл гээд байгаа юм. Үүнээс ухарч байгаад дургүй хүрч байна. Төр нь соёл урлагаа дэмжих учиртай. Соёлын яам, соёлын бодлого гэж байхгүй. Хэдэн хүн урсгалаараа явж байна. Би дал хүрч байгаа насандаа урлагийн төлөө амиа тавьж байсан. Одоо бол амь тавих хэрэг байхгүй. “Миний хүүхдүүд амьдралаа бодоорой” гээд сууж байгаа.

-Ингэхэд театрын боловсрол гэдэг юмыг яаж олгох ёстой вэ?

-Театрт хүн орж ирээд суулаа, үзлээ. Театр өөрөө танин мэдэхүйн ертөнц рүү хүнийг татна. Хүн өөрийгөө танихын тулд тэнд очиж байгаа юм. Юу билээ гээд цочно, харна. “Ямар аймаар юм бэ, энэ чинь миний дүр байна шүү дээ, би ийм бил үү” гэсэн бодол суулгасан бол үүргээ биелүүлж байгаа хэрэг. Театр хүний тухай, хүнээр дамжуулж хүргэдэг. Хамгийн жирийн элементээр хүн өөрийгөө олж авахаас биш боловсрол гэдэг том үгээр олж авдаг юм биш.

-Орчин үед театр интернэт, зурагттай өрсөлдөхөд хэцүү байх даа?

-Техник, технологиор бүхнийг хийдэг болсноос хойш хүмүүс залхуу болсон. Оюутнуудыг “Тэмээний зураг аваад ирээрэй” гэхэд интернэтээс тэмээний зураг татаж авчрах жишээтэй. Техник хөгжөөд, оюун ухаанаа зарцуулах юм ховордоод байна шүү дээ. Тэрэнд л би цухалдаад байгаа юм. Оюун ухаан нь техник рүү орчихоор, техник хаачих болж байна аа. Хүүхдүүд дэлхийн сонгодог бүтээлийг уншихаасаа өмнө хураангуйг нь хараад ирж байна. Театр амьд байх ёстой. Театрт жүжигчин байх хэрэгтэй. Дүр бүтээх учиртай. Дүр бүтээхийн тулд найруулагч гэдэг хүн хөтлөх хэрэгтэй. Энэ бүх систем байхгүй болж болохгүй.

-Та олон жүжигчинтэй хамтарч ажилласан найруулагч. Ямар жүжигчдийг онцлох вэ?

-Насан туршдаа хамт ажилласан миний жүжигчид Ц.Гантөмөр, Л.Жамсранжав хоёр байсан юм. Би тэдэндээ амиа тавина. Ингэж дүр бүтээдэг юм гэж хэлэх үлгэр дуурайл нь тэд байсан юм. Одоо бол дүр эсгэж байна. Тийм хялбархан болсон. Дүрийг загварчилж эхэлж байгаа. Энэ бол биш.

-Таны аав Гончигийн Бирваа гуайн 100 жилийн ой болох гэж байгаа гэсэн. Ойн үеэр олон ажил хийх үү?

-Эрдэм шинжилгээний хурал, нэгдсэн концерт хийнэ. Баянхонгор аймагт нэг хэсэг нь тоглогдоно. Өөрийнх нь хийсэн бүтээл бүрийг энд тэнд дуугаргана. Судалгааны ажлуудаар нь эрдэм шинжилгээний хурал хийхээр төлөвлөсөн юм. Хөгжим судлаач С.Юндэнбат гэж өөрийнх нь шавь энэ талаар ажиллаж байна даа. Яамаар тогтоол гаргуулах гээд хөөцөлдөж байгаа.

-Г.Бирваа гуайг алдартай хөгжмийн зохиолч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Харин үр хүүхдүүд нь л ямар эцэг хүн байсныг нь хэлдэг?

-Ч.Лодойдамба гуайн “Хугараагүй ноён нуруу” гэж сайхан өгүүллэг байдаг. Би бол аавыгаа тийм л хүн гэж хэлнэ. Түүгээр нь би бахархаж явдаг.

-Танд сургаж байсан, хэлж байсан үгнүүдээс нь орой руу орж үлдсэн ямар үг байдаг вэ?

-Манай аав “Эх орон гэдэг эцэг эхээс улбаатай юм шүү” гэж хэлж байсан. Эцэг эхээ гэвэл эх орноо бод. Яг нарийн задалбал уул усаа шүтдэг тахидаг жижигхэн зан үйл хүнийг эх оронтой нь холбож өгдөг учиртай юм билээ.

-Ааваас гадна хөвгүүд нь алдартай гэр бүл. Танаас гадна Б.Мөнхболд гэж Төрийн шагналт хөгжмийн зохиолч бий?

-Одоо бүх л юмыг миний дүү хариуцаад явж байгаа. Аавдаа ингэж алгадуулж байлаа, алгадуулах аавтай байх сайхан байжээ гээд дүү бид хоёр ярьдаг юм.

-Та хөгжимчин хүний хүүхэд. Ямар нэг хөгжим тоглодог уу?

-Би хөгжим тоглодог гэж худлаа ярьж чадахгүй. Яахав, багадаа ээж, ааваараа заалгаад, төгөлдөр хуур дээр “Гоёхон чимэг юм уу даа” гэх мэт аавын хоёр, гурван дууг нь тоглож сурч байсан. Ер нь бол би аавынхаа “Намрын шөнө” дуугаар нь сэтгэлээ хөглөж явдаг, “Хөдөөгийн баясгалан” киноны дуунд нь

Categories
мэдээ цаг-үе

Стресс нь бизнесийн амжилтыг 70-80 хувиар бууруулдаг

ОХУ-д сүүлийн жилүүдэд оюутны санааг үнэлэх нь нэмэгдэж байна. Өнгөрсөн жил нэгэн дээд сургуулийн бизнесийн удирдлагын ангийг төгссөн оюутан шууд ажилтай болоод зогсохгүй дипломынхоо ажлыг арван мянган доллараар зарж чаджээ. Түүний дипломын ажил “Оффисын соёлоор бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх нь“ гэсэн өвөрмөц нэртэй. Дипломын ажилд багш нар нь нэг их өндөр ач холбогдол өгсөнгүй. Харин орон нутгийн жижиг сонины сэтгүүлч санааг дажгүй тайлбарласан мэдээ бичсэнээр компанийн захирлуудын анхааралд өртжээ. Түүгээр ч зогсохгүй томоохон компанийн захирал түүнтэй хоол идэх санал тавьсан нь сургууль төгсөөд удаагүй залуу бүсгүйд сэжиг төрүүлсэн гэдэг. Бүсгүй компанийн захиралд “Найз залуутайгаа хоол идэх товтой тул өнөөдөр боломжгүй” гэж цааргалсан ч компанийн захирал “Манай эхнэртэй гэр бүлээрээ хооллож танилцацгаая” гэсэн санал тавьж сандаргав. Бүсгүй хамт төгссөн залуугаа хань татаж, тансаг хоолонд орсноор амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөв. Түүнийг урьсан томоохон хуулийн фирмийн захирал 15 минут ярилцаад түүнийг ажилд аваад зогсохгүй, санааг нь өндөр үнэлэхээ мэдэгджээ. Бүсгүй ажилд орсон эхний хоёр сардаа зөвхөн тухайн фирмийн орон нутаг болон төв оффист баримтлах дүрмийг боловсруулна. Энэ дүрмийг харуулаас эхлээд ерөнхий захирал баримтлан ажиллана. Оюутны дипломын ажилд “Орост оюуны хөдөлмөр эрхлэгчид хамгийн ихээр стресст өртдөг. Шалтгаан нь оффисын соёл нэвтрээгүйд оршино. Стресс нь бизнесийн амжилтыг 70-80 хувиар бууруулдаг” гэсэн санаа нь захирлын анхаарлыг татсан аж. Арван мянган доллараар үнэлэгдсэн санаа нь олон нийтэд ил болсон ч шинэхэн ажилтны боловсруулсан оффисын дүрмийг байгууллагын нууц гэж үзэж байгаа юм байна. Тухайн фирм оффисын дүрэм хэрэгжүүлснээр чамгүй амжилтад хүрсэн тухай мэдээ ч гарсан.

Оюутан дипломын ажилдаа оюуны хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн баялгийн зүтгүүр гэж үзжээ. Харин тэр зүтгүүрүүдийн оюуны бүтээлээ туурвидаг газрыг оффис гэж нэрлэнэ. Аугаа санаанууд оффисын тансаг орчинд төрдөггүй ч, бойжуулагч, төгөлдөржүүлэгч, хэрэгжүүлэгч нь оюуны хөдөлмөр эрхлэгчид. Оффис хэр тохилог байна, тэр хэмжээгээр оюуны хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн үнэтэй тавилга, өндөр хангамжийн асуудал биш. Албан хаагчдын оюун санааны амгалан тайван байдал. Ажил дээрх элдэв таагүй харьцаанаас үүдэж оюуны чадавх 40 хувиар буурдаг тухай судалгаа байдаг. Оюуны хөдөлмөр эрхлэгчийн сэтгэл санааны хямрал бусад хэлбэрийн хөдөлмөр эрхлэгчээс эрс ялгаатай. Жишээлбэл, автобусны жолооч гэртээ хариад буйдан дээрээ хэвтэхэд л амарч эхэлдэг. Харин сэтгэл санаа нь хямарсан оюуны хөдөлмөр эрхлэгч хэдэн өдөр, сараар сэтгэл санаанаас гадна бие махбодоор хямарна. Удаан хугацааны сэтгэлийн хямрал өвчин болж хувирна. Тиймээс оффисын дүрэм нь элдэв таагүй харьцаанаас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ингэж чадвал оюуны хөдөлмөр эрхлэгчид ажилдаа үл ядрахаас эхлээд амжилт гаргах нь элбэг байдаг аж. Өндөр хөгжилтэй орнууд энэ жишгийг хэрэгжүүлээд удаж байгаа боловч хувийн хэвшил дөнгөж үүсч байгаа хуучин социалист лагерийн орнуудад хэдэн жилийн өмнөөс захирал, менежерүүдийн сонирхол татаж байгаа гэнэ. Оюутны ажиглалтаар оросууд цаг барихдаа маш муу. Сонирхолтой нь ихэнх менежерүүд цаг бариагүй ажилтнууддаа хариуцлага тооцдоггүй боловч, цаг барьдаг ажилтнууддаа ямар нэгэн урамшуулах үг хэлдэггүй.

Энэ нь өглөө ажилдаа ирмэгц оюун санааны хямралд орох суурийг тавина. Дээр нь менежерүүд ажилтнаа буруутгахдаа элдэв зохисгүй үг хэрэглэх нь тухайн ажилтныг тэр өдөртөө, түүгээр ч зогсохгүй гэртээ хариад ч арилахгүй сэтгэл санааны хямралд өртүүлнэ. Бүдүүлэг зэмлэл хүртсэн ажилтан гэртээ энэ тухай ярьснаар гэр бүлд ч сөрөг нөлөө үзүүлнэ. Үндсэн ажилдаа зарцуулах оюун санаа энэ өдөр тэгтэй тэнцэнэ. Монголчуудын хувьд албан тасалгаанд олуулаа суух нь социализмаас капитализмд шилжихтэй адил шинэ үзэгдэл. Социализмын үед ихэнх оюуны хөдөлмөр эрхлэгчид 2-4-өөр нэг оффист ажилладаг байсан бол өнөө цагт 10-30 албан хаагч хамт оффислох нь энгийн үзэгдэл.

Олуулаа оффислох тохиолдолд хэн нэгний ярих хэлэхээс эхлээд орох гарах хөдөлгөөн хүртэл бусдадаа элдэв төвөг учруулж эхэлнэ. Японы оффисын дүрмэнд компьютерийн гарыг чанга цохихыг хориглосон байдаг бол Унгарын нэгэн компани хараал хэлсэн ажилтандаа ажлаас халах сануулга өгдөг байх жишээтэй. Мөн зарим орны оюуны хөдөлмөр эрхэлдэг компаниуд олон нийтийг хамарсан хурлыг 30 минутаас хэтрэхгүй хугацаанд хийх дүрэмтэй. Учир нь хүний оюун санаа долоон секунд дээд, арван минут дунд, 30 минут ердийн ачаалалтай ажиллах чадвартай гэсэн судалгаа байдаг аж. Олон хоног хуралддаг Давосын чуулганаас буцагчид гэртээ харьж байгаад Давост чухам юу болсныг нарийн бичгийнхээ тэмдэглэл, сониноос олж мэддэг гэсэн хошин яриа ч байдаг гэнэ.

Оюутны судалснаар оросууд хараал хэлэх нь элбэг. Энэ нь зиндаа, хөрөнгөнөөс үл хамааралтай. Суурь хүмүүжил, эцэг эхийн ёс суртахуунаас хүний араншин илэрнэ. Зарим ажилтны хараал хэлэх нь рефлекс болж хувирах нь бий. Олны дунд харааж сурсан этгээд өөрийгөө эр зоригтой, бусдаасаа илүү мэт харагдуулах сэтгэлгээтэй болж хувирдаг. Сонирхолтой нь хараагч этгээд өөртөө сэтгэл санааны ямар нэгэн дарамт төрүүлдэггүй бол түүний эргэн тойрон дахь хараалаас зайлсхийгч хамт олон нь оюуны ихээхэн хямралд ордог нь судалгаагаар тогтоогдсон байдаг аж. Хятадын нэгэн компани хараал хэлдэг эрчүүдэд зориулж нэгэн өрөө гаргаж өгчээ. Тус өрөөнөөс өөр оффист хараал хэлбэл таван юаниар торгоно. Энэ нь үр дүнд хүрч байгууллага дээрх элдэв хэрүүл 80 хувиар буурсан баримт байдаг гэнэ.

Швейцарийн нэгэн компанийн захирал эмэгтэй 1960 онд компанийнхаа ажилчдыг сэм чагнасан гэнэ. 30 шахам эмэгтэйчүүдээс бүрддэг, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, зөвлөлгөө эрхэлдэг тус компанийн захиралд өдөр бүр 2-3 ажилтан нь элдэв гомдол мэдүүлнэ. Сонирхолтой нь нэг ч гомдол мэдүүлдэггүй гурван ажилтны зуучлал, зөвлөлгөөний тоо бусдаасаа хол тасархай. Энэ хэрээр компанийн орлого, гурван ажилтны цалин ч өндөр. Хэргийн учир юунд байгааг олохын тулд захирал ажилтнуудын оффист чагнуур тавьж долоо хоногийн турш хэн, юу ярьж байгаа сонирхсон аж. Гэтэл түүний санаанд оромгүй зураг харагдав. Захиралдаа хамгийн их саймширдаг нэг ажилтан нь захирал нь таргалж, тэр хэрээр өөрөө турсан тухай ярьж сууна. Бас нэг хоёр ажилтан нь үйлчлүүлэгчээ хүлээлгээд оймс, гутал яриад сууж байх. Ер нь л гомдол эрдэггүй гурван ажилтнаас бусад нь ажлын цагийнхаа 60 хувийг үндсэн ажилдаа бус илүү дутуу хов живэнд царцуулдгийг олж мэджээ. Тэр хэрээр ажлын үр дүн муу гардаг аж. Улмаар захирал хүүхнүүдээ цуглуулж тэдний ажлын цагаар бусдыг муулсан гол хэсгүүдийг сонсгов. Хүүхнүүд нүүр хийх газаргүй болсон бөгөөд дахин ийм үйлдэл гаргахгүй тул энэ тухай мэдээллийг задлахгүй байхыг захирлаасаа хүсчээ.

Ярианы бичлэгээс үзвэл хүүхнүүдийн 30 хувь нь гэр бүлийнхээ тухай, 20 хувь нь байгууллагынхаа болон ажилтнуудынхаа тухай, 50 хувь нь эмэгтэй хүний чимэглэл, гоо сайхан, хувцасны тухай ярьж ажлын цагаасаа хумсалдаг байж. Хамгийн бага үйлчилгээ үзүүлдэг дөрвөн ажилтан нь байнга нэгийг нөгөөд муулж суудаг нь илэрсэн гэдэг. Үүнээс хойш өнөөг хүртэл тус компани хамгийн шилдэг үйлчлэгчээ хүндэлдэг компаниар шалгарсаар иржээ.

Орос оюутан дээрх болон бусад олон зөрчлийг урьдчилан сэргийлсэн заалтуудыг дүрэмд суулгаж өгчээ. Цаашдаа тэрээр зөвхөн оффисын дүрэм бус, ажил мэргэжлийн онцлогтой өөр байгууллагуудад ч тохирсон дүрэм хийхээр ажиллаж байгаа гэнэ. Жишээлбэл, барилгын ажилчид өглөө бүр бие халаалт хийж ажилдаа орох, спортын салбарын тамирчид, дасгалжуулагчид архи тамхи хэрэглэсэн тохиолдолд ажлаа алдах зэрэг заалтууд орох ёстой гэж үзжээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Ганц хуруутвал яах вэ

Ганц хуруутах гэж өвчин байдаг. Хурууны эргэн тойронд зүсэгдэх, өргөс орох гэх мэтээс шалтгаалж шарх үүссэнээс арьсанд бохир орсноос болж үрэвсэж аюул болдог өвчнийг л ганц хуруутах гэж нэрлэдэг юм байна. Тухайн хүний биеийн дархлаа сул байвал идээлж айхтар хүндэрдэг аж. Тэгж хүндэрсэн тохиолдолд идээ нь яс руугаа хүртэл орох аюултай. Ганц хуруутах нь хэд хэдэн хэлбэртэй. Хамгийн түгээмэл тохиолдох шинж нь хумсны эргэн тойрон болон хумсан доорх өвчлөл. Шалтгаан нь тун энгийн. Бидний тэр бүр тоодоггүй арьс сөрөх, хумсыг хэт авах, хаалганд гараа хавчуулах, өргөс орох гэх мэтээс үүдэлтэй. Эхлээд улайж хөндүүрлэнэ. Даамжирсаар идээлнэ. Идээлээд хэт удсан тохиолдолд халуурах гэх мэтээр хүндэрч эхэлдэг. Эмчлэхгүй энэ байдлаар удвал хурууны ясандаа ч орчих магадлалтай. Ер нь ганц хуруутах гэлтгүй бусад өвчинд ч гэсэн гэрээр аргалах гэж оролдож болохгүй. Гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдвол бохир орохоос эхлээд олон эрсдэлийг дагуулах учир заавал эмнэлэгт хандах нь хаа хаанаа тустай.

Нэн түрүүнд шинж илэрмэгц фурациллин болон тамедины уусмал зэрэг ариутгах шингэнээр цэвэрлэ. Бохир оруулчихгүйн тулд лентээр нааж хамгаалаарай. Хэрэв улайгаад хөндүүр нь илт нэмэгдээд эхэлбэл бохир орсны шинж. Энэ үед буцламгай халуун усанд хуруугаа дүрэхийг зөвлөдөг юм билээ. Хэцүүхэн боловч хэрэгтэй зөвлөгөө аж. Учир нь халуун усанд дүрсэн тохиолдолд тэр хавийн цусны эргэлт эрс сайжирч халдвар үүсгээд байгаа нянг устгадаг гэнэ. Энэ аргыг цаг алдалгүй авууштай аж. За тэгээд их хэмжээний халдвар авч идээлчихсэн бол шууд эмнэлгийн байгууллагад хандаж идээг гадагшлуулах бага хэмжээний мэс ажилбарт орох болох нь. Мэдээж давхар халдварын эсрэг антибиотик хэрэглэх хэрэгтэй. Харин ямар эм яаж хэрэглэхийг мэргэжлийн эмч нар танд зөвлөх болно. Ер нь тэгээд мэс ажилбарт орсон бол шархыг бүрэн эдгэтэл зөвхөн эмнэлгийн ариун орчинд боолгуулж, солиулж байгаарай. Мэс ажилбарын шархтай байгаа үедээ өөрийн дураар эсэн бусан эм хэрэглэж, боолтоо задалж болохгүй гэдгийг заавал онцгойлон анхаараарай.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ийн хөтөлбөрийг нууцалж байна

АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад одоогоор 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон гадаад хэргийн сайд, хэвлэл мэдээллийн төлөөлөгч зэрэг нийт 5000 гаруй төлөөлөгч оролцох нь тодорхой болжээ. Долдугаар сарын 15, 16-нд болох АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтын нэгдсэн хуралдаан эхлэх хөтөлбөр батлагдсаныг Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн.

Олон орны төрийн тэргүүн оролцох учир аюулгүй байдлыг нь харгалзаж, уулзалтын хөтөлбөрийг АСЕМ-ийг зохион байгуулагчид нууцалж байгаа аж. Уг арга хэмжээний эхний өдөр нэгдсэн хуралдаан эхэлж, үдээс хойш нь Монголыг сурталчлах үндэсний өв соёлоо харуулах “Найрсаг Улаанбаатар” урлагийн тоглолтыг Чингисийн талбай, “Чингисийн хүрээ” жуулчны баазад зохион байгуулах юм байна. Харин дараагийн өдөр нь төлөөлөгчид хаалттай хуралдана. Мөн 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд нар байрлах “Асем Вилла” хотхоны барилга, тохижилтын ажил ирэх сарын дундуур дуусна. Түүнчлэн хотхонд байрлаж, зочдод үйлчлэх 800 гаруй хүнээс бүрэлдсэн мэргэжлийн багийг бүртгэж, сургах бэлтгэл ажил үргэлжилж байгааг албаны хүмүүс хэлсэн юм.

“Асем Вилла” хотхоноос гадна Улаанбаатар хотын 44 зочид буудалд нийт 160 гаруй тэрбум төгрөгийг хуваан арилжааны шугамаар зээлэх байсан ч одоогоор 20 зочид буудал бичиг баримтаа бүрдүүлж, үйлчилгээгээ сайжруулах зээлийг авчээ. Монгол Улс АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг эх орондоо зохион байгуулаад улсаа олон улсын анхаарлын төвд оруулахаас гадна уулзалтад ирэх зочдод үйлчлэх үйлчилгээнээс 8-10 сая орчим ам.долларын орлогыг эргүүлэн олно гэсэн урьдчилсан тооцоог АСЕМ-ийн бэлтгэл ажлын албанаас гаргажээ.

Categories
мэдээ улс-төр

Маргааш Засгийн газрын хуралдаантай

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 16:00 цагт болно. Уг хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэж, мөн гурван асуудлаар мэдээлэл сонсох юм.

Хэлэлцэх асуудалд УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд багтаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт оруулах тухай төсөл гурав дахь удаагаа хэлэлцэгдэхээр орж иржээ. Энэхүү төсөлд залуучуудын квот тогтоох тухай заалт туссан юм. Залуучуудын квотыг хуульд тусгаж өгөхгүйгээр Монголын хүн амын 60 хувийг эзэлдэг залуучуудыг төлөөлсөн төлөөлөл УИХ-д орж ирэхгүй байна гэж тэрбээр үзэж буй. Гэвч Засгийн газар өмнө нь энэхүү хуулийн төслийг хоёр удаа хэлэлцэхээр дараалалдаа багтаасан байсан ч хойшлуулсан, харин одоо гурав дахиа орж ирж байгаа юм байна.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

Төлөвлөгөө батлах тухай (Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний тухай)

Ц.ОЮУНБААТАР

Хөрөнгө гаргах тухай

С.БАЯРЦОГТ

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын санаачлан боловсруулсан үйл ажиллагааны түрээсийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын санаачлан боловсруулсан Малчдын нийгмийн баталгааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний түвшний шалгуур үзүүлэлтүүдийн тухай

Б.БОЛОР

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай

Н.БАТЦЭРЭГ

Журам батлах тухай (Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам)

Л.ГАНТӨМӨР

“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн тухай

Р.БУРМАА

Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай

Г.БАЯРСАЙХАН

Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг тогтоох тухай

Д.ЗОРИГТ

Журам батлах тухай (Эрчим хүчний аудит хийх тухай журам)

Д.ЗОРИГТ

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний талаар*

С.БАЯРЦОГТ

“Төв Азийн Уран” ХХК-ийн талаарх танилцуулга

Р.ЖИГЖИД

Улаанбурхан өвчний байдал, түүний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар*

С.ЛАМБАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт 28 градус хүрч дулаарна

-ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ИХЭНХ НУТГААР 28 ГРАДУС ХҮРЧ ДУЛААРНА-

Ирэх лхагва гаригт буюу зургаадугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн, 2-нд төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

-УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР 22 ГРАДУС ДУЛААН БАЙНА-

Шөнөдөө нутгийн зүүн хагаст сэрүүхэн хонож, өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

УЛААНБААТАР ХОТ ӨНӨӨДӨР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хангайн уулсаар хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос секундэд 7-12 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө сэрүүсч 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Дараах зам хаалттай байна

Улаанбаатар хотын хэмжээнд зам засварын ажил эхэлсэн учраас өнөөдрийн байдлаар дараах замууд хаалттай байна. Үүнд Гандийн гудамж хамаарч буй юм. Засвар шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор уг замын хойд урсгал буюу “Home Plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийг тавдугаар сарын 24-ний 00.00 цагаас хаасан бөгөөд тавдугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл хаалттай байх аж. Тухайн хугацаанд замын урд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно. Маргааш өдрөөс ирэх зургадугаар сарын 5-н хүртэл одоо хаалттай байгаа урсгалаа нээж, урд урсгалыг хааж засварын ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хүннүгийн гудамж буюу Баянмонгол хорооллын урд зам хаалттай байна. Тухайн замыг урсгал урсгалаар хэсэгчлэн хааж суурийн дахин боловсруулалт, асфальтбетон хучилтын ажил хийж байгаа юм. Дээрх ажлыг өнөөдрийн 23.00 цагт дуусгахаар төлөвлөжээ. Иймээс “Home Plaza” дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав захын уулзвар хүртэл авто замын урд урсгал бүрэн хаалттай байна. Тухайн хугацаанд замын хойд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы вакцинжуулалт дуусахад 3 хоног үлджээ

Улаанбурханы дэгдэлт их байгаагаас болж 18-30 насны залуучуудын дунд улаанбурханы эсрэг вакцинжуулалт хийж байгаа билээ. Вакцинжуулалтын хугацаа зургадугаар сарын 1 хүртэл сунгасан. 18-30 насны залуус вакцинжуулалтдаа идэвхтэй оролцохгүй байгаа тул эмч мэргэжилтнүүд гэр хорооллын гудамж болон албан байгууллагаар авч улаанбурхан эсрэг вакцинжуулалтыг хийж байгаа юм. Тиймээс ирэх сарын 1-нээс өмнө вакцинжуулалтдаа идэвхтэй оролцохыг Эрүүл мэнд, спортын яамнаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Мөнгө “Рио Тинто”-гийн дансанд орсон

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах зээлийн гэрээ энэ сарын эхээр эцэслэгдэж, тус орд дээр болсон хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхий сайд хүрэлцэн очиж байлаа. Тэгвэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын эхний ээлжийн гарааны санхүүжилт болох 4.4 тэрбум ам.долларын зээлийн эрх нээгдэж, 1.2 тэрбум доллар “Рио Тинто”-гийн дансанд оржээ.

Энэ талаар “Эрдэнэс Оюутолгой”-н захирал Д.Ганболдоос тодруулахад “4.4 тэрбум долларын зээлийн эрх нээгдсэн. Эхний 1.2 тэрбум доллар “Рио Тинто”-гийн дансанд орсон гэв.

Оюутолгойн алт, зэсийн ордын 80 хувь нь далд уурхайгаас олборлогдоно. Тиймээс энэ бол Монголын эдийн засгийн хувьд сайхан мэдээ гэж хэлж болно. Ийнхүү гурван жил алдсаны эцэст Оюутолгойн том бүтээн байгуулалт урагшаа хөдөллөө.

Categories
гадаад мэдээ

РИО-2016 хойшлуулахыг дэмжсэнгүй

Дэлхийн олон орны нийт 150 гаруй эмч эрдэмтэд нар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад энэ зун Бразилийн Рио Де Жанейро хотод болох зуны Олимпийн наадмыг хойшлуулах аль эсвэл зохион байгуулагч хотыг өөрчлөх санаачлагыг дэвшүүлсэн нээлттэй захидал ирүүлсэн юм. Захидал илгээсэн эрдэмтэд дунд дэлхийн томоохонд тооцогдох Оксфорд, Харвард болон Иеллийн их сургуулийн эрдэмтэн профессорууд багтсан юм.

Тэдний үзэж байгаагаар, жил гаруйн өмнөөс дэгдэж эхэлсэн Зика вирусын тархалт Олимпын наадмыг товлосон хугацаанд явагдах таатай нөхцлийг үгүй хийж буйг эргэн харж, шийдвэрийг эргэн харахад нөлөө үзүүлэхийг хүсэмжилжээ. Анх Бразил улсад дэгдэж эхэлсэн энэхүү вирусын халдвар одоогийн байдлаар дэлхийн 60 гаруй улсыг хамраад байгаа юм.

Харин ДЭМБ тэдний захидалд өгсөн хариундаа: Олимпийн наадмыг зохион байгуулах газрыг өөрчилснөөр халдварын тархалтад онц гойд өөрчлөлт орохгүй гэж үзэж байгаагаас та бүхний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

Харин Олон Улсын Олимпийн Хороо шумуулаар халдварладаг Зика вирус нь нэгэнт товлогдсон Олимпийн наадмыг хойшлуулах шалтгаан болж чадахгүй хэмээн үзэж байгаа юм.