Categories
мэдээ цаг-үе

Ч.Гүнждагва: Төрийн залгамж чанар алдагдсанаас “Хан ресурс”-т мөнгө төлөх болсон

Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга, арбитрч Ч.Гүнждагватай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Болор Монгол Улсын Засгийн газар 70 сая ам.долларыг “Хан ресурс” компанид өгөхөөр болсныг зарлалаа. Энэ үйл явдлын эргэн тойронд өрнөж буй зүйлсийг та мэргэжлийн хүний хувьд тайлбарлахгүй юу?

-“Хан ресурс”-тай холбоотой маргааныг Парист байрлалтай Олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлээд Монгол Улсын Засгийн газраас 100 сая ам.доллар гаргуулахаар боллоо гэсэн ийм мэдээлэл ерөнхийдөө цацагдсан. Тухайн үед шийдвэр эцсийн байдлаар бичгээр гарсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр үед арбитрын хуралдаан болоод дуусангуут л урьдчилсан байдлаар гарсан шийдвэрийг “Хан ресурс” компанийн зүгээс олон нийтийн сүлжээнд цацсан. Үүнээс болоод ийм асуудал дэгдсэн. 100 сая ам.доллар төлөхөөр болсон гэдэг нь ойлгомжтой болсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Анх 370 орчим сая ам.доллар байсан бол 100 сая ам.доллар төлөхөөр болсон нь амжилт юм гэдгийг зарим хүмүүс ярьсан. Одоо бол 70 сая ам.доллар төлөхөөр боллоо гэсэн асуудал яригдаж байна. Яагаад 70 сая ам.доллар төлөх болсныг мэдэхгүй байна. Арбитрын шийдвэр ч тэр, шүүхийн шийдвэр ч тэр гарсныхаа дараа албадан биелэгдэх ч юм уу, тэр хугацаанд талууд хоорондоо эвлэрэх тохиолдол бий. Шийдвэр эцсийн байдлаар албадан биелэгдэхээс наана шийдвэр гүйцэтгэлийн шатанд ч тэр эвлэрэн хэлэлцэх боломж нээлттэй. Шүүх дээр ч гэсэн. Тийм болохоор хэлэлцээр хийсэн байж болно. 100 сая ам.доллар төлөх юм байна. Гэхдээ 70 сая ам.долларыг төлье гэж тохиролцоонд хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Түүнээс арбитрын шийдвэр 100 сая ам.доллар төлнө гэсэн бол тэр нь заавал биелэгдэх ёстой. Үүнийг ахин давж заалдаад ч юм уу, нааш цааш нь өөр шүүхээр ч юм уу, дахин арбитраар ороод 70 сая ам.доллар болгочихсон гэсэн ойлголт биш байх.

-Тухайн үед буруу шийдвэр гаргаж, “Хан ресурс”-т хохирол учруулсан төрийн өндөр тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж, тэднээс 70 сая ам.долларыг гаргуулах ёстой гэсэн байр суурийг олон хүн илэрхийлж байна. Тэр үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяраас уг мөнгийг гаргуулах ёстой гэх юм?

-Ер нь манайх Засгийн газар солигдох болгондоо өмнөх хүмүүсийнхээ хийснийг үгүйсгэж байдаг. Ийм л байдлаас шалтгаалж байгаа шүү дээ. Магадгүй тухайн үед боломжтой болоод л энэ гэрээг хийгээд явж байтал өөр Засгийн газар гарч ирээд тэр гэрээг юу ч биш болгоод лицензийг өөрсдийнхөө дураар цуцлаад өөр компанид өгөх гэдэг. Гэтэл гэрээнд нэгэнт арбитраар шийдвэрлүүлнэ гэж заачихсан тохиолдолд Монголын төр өөрөө л хохирно. Арбитр гэдэг бол Монгол Улсын шүүх шиг ойлголт биш шүү дээ. Арбитр шийдвэр гаргасан бол тэр нь эцсийнх байдаг. Арбитраар шийдвэрлүүлнэ гээд гэрээний дагуу үүрэг хүлээчихсэн бол гэрээгээ биелүүлэхгүй наана нь түүнийгээ цуцалбал бид төлөхөөс өөр аргагүй.

Төрийн залгамж шинж чанар алдагдчихсан. Өмнөх Засгийн газарт нь олон сайхан том төсөл хийгээд гэрээгээ байгуулчихсан байхад дараагийнх нь нөхөд, дараагийн сонгуулиар өөр Засгийн газар гарч ирээд тэрийг үл тоон гэрээг дураараа өөрчилж цуцалдаг.

Энэ 70 сая ам.доллар чинь татвар төлөгчдийн мөнгөнөөс л гарна. Тэгтэл хэдэн намын нөхөд өөрсдөө төр барьж байгаа үедээ өмнөх хийсэн юмыг хүчингүй болгодог. Энэ бүхэнтэй л холбоотой гэж бодож байна. 70 сая ам.долларыг С.Баяраас гаргуулна уу, яана уу тэрийг би сайн мэдэхгүй юм. Манайд тийм жишиг байдаг юм уу, үгүй юм уу.

-Олон улсад ийм тохиолдолд яадаг юм. Хувийн ашиг сонирхлын үүднээс буруу шийдвэр гаргасан тухайн албан тушаалтнаас уг мөнгийг гаргуулдаг жишиг байдаг уу?

-Бид сонсдог шүү дээ, Солонгос, Японд албан тушаалтан буруу зүйл хийвэл албан тушаалаас огцордог, өөрөө огцрох хүсэлтээ гаргадаг, буруугаа хүлээдэг. Манайд тэгдэг гэдгийг ёстой мэдэхгүй юм даа. Үнэхээр хээл хахууль, авлигын шинжтэй тийм нөхцөл байдлын улмаас гэрээг цуцалж өөр компанид өгсөн гэдгийг тогтоож чадах юм бол мэдээж хариуцлага тооцох асуудал гарахыг үгүйсгэхгүй.

-Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс”-т 70 сая ам.доллар өгөхөөр боллоо. Хямралын энэ үед ийм их хэмжээний мөнгийг гадагшаа гаргаж байгаа нь шүүмжлэлтэй асуудал. Энэ явдал Монголын төр, төрд байгаа эрхмүүд, цаашид гарах хүмүүст ч том сургамж, сануулга болж байна гэж харж болох уу?

-Тийм шүү дээ. Ер нь бол ийм маргаан гарах юм бол Олон улсын шүүх, арбитраар шийдвэрлүүлнэ гэсэн заалт бүхий гэрээг маш сайн анхаарч байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтуудад ч нөлөөтэй. Гадны олон компани “Хан ресурс”-ын маргааныг харж л байгаа. “Монголчууд гэрээгээ гэнэт цуцалж магадгүй юм байна. Эд ингэж мэдэх юм байна” гэж дүгнэж байгаа. Тийм болохоор үүнд их анхааралтай байх ёстой.

-Монгол Улс арбитрт ялагдаж “Хан ресурс”-т төлбөр төлөхөөр болсон нь манай улсын нэр хүндийг олон улсад, хөрөнгө оруулагчдын дунд тодорхой хэмжээгээр унагалаа гэж үзэж болно биз дээ?

-Сөрөг үр дагавар гарна. Яг сайхан гэрээгээ байгуулаад ажиллах гэж байтал шууд цуцлаад өөр компанид өгчихдөг гээд л хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлж байгаа. Олон улсын арбитр бол үүнийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газар буруутай юм байна гэдэг ойлголтыг өгчихсөн байгаа.

Гадны хөрөнгө оруулагчдыг татах хамгийн том арга хэрэгсэл бол арбитр. Тухайн улс оронд хууль эрхзүйн орчин нь яаж хөгжсөн юм, арбитр нь хэр чадвартай гэдгээс шалтгаална. Энэ бүхнийг харж тухайн оронд хөрөнгө оруулах эсэхээ шийддэг туршлага байна. Аливаа улс оронд хөрөнгө оруулахдаа гадны хөрөнгө оруулагчид олон зуун хүчин зүйлийг авч үздэгээс нэгдүгээрт, улс төрийн тогтвортой байдал. Хоёрдугаарт, татвар. Гуравдугаарт, арбитр.

Яагаад гэвэл би энэ оронд хөрөнгө орууллаа. Магадгүй би эрсдэлд орвол итгэл үнэмшилтэйгээр шийдвэрлүүлж чадах тэр улсын арбитр байна уу, мөн Монгол Улс бусад олон улсын арбитрын гаргасан шийдвэрийг албадан биелүүлэх эрхзүйн орчин нь байгаа эсэхийг их анхаарч үздэг байхгүй юу.

Манай улсын арбитрын эрхзүйн орчин ялангуяа МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитр нь Монгол дахь арбитрын үйл ажиллагааг өнөөг хүртэл авч ирлээ.

Манай арбитр бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Ази, Номхон далайн арбитрын холбооны гишүүн.

Манай арбитрын гаргасан шийдвэр дэлхийн 170 гаруй оронд хүчин төгөлдөр. Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх конвенцид Монгол Улс нэгдээд орчихсон болохоор аль нэг улсын арбитрын гаргасан шийдвэрийг манай улс заавал биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас манай улс одоо тэр 70 сая төгрөг дээр ямар нэг асуудал гаргаж, сунжруулахгүйгээр шууд өгөх хэрэгтэй. Уг мөнгийг шуурхай өгснөөр арбитрын түвшинд манай улсын нэр хүнд тодорхой хэмжээгээр өсч, хөрөнгө оруулагчдад ч итгэл төрүүлэх хандлагатай юм. Бусад улсын арбитрын гаргасан шийдвэрийг Монгол Улс биелүүлж байна гэдэг чинь олон улсын арбитрт манай улсын нэр хүндийг тодорхой хэмжээгээр өргөнө л дөө.

-Олон улсын арбитрт манай улстай холбоотой өөр хичнээн маргаан шийдвэрлэгдэж байгаа бол?

-Гадны хөрөнгө оруулагчид гурав дахь орны арбитрыг сонгох тохиолдол их байдаг учир нарийн тоог хэлж мэдэхгүй байна. Арбитрын ажиллагаа бол ерөнхийдөө нууцлалтай байдаг. Нууц байх ёстой, яагаад гэвэл бизнесийн нэр хүндтэй холбоотой болохоор. “Хан ресурс” шийдвэр бичгээр гараагүй байхад зарлаж байна гэдэг чинь өөрсдийгөө хамгаалах гэсэн арга байсан. Үүнээс болж энэ асуудал өндрөө авчихсан. Олон улсын арбитраар манайтай холбоотой энэ мэт өчнөөн маргаан шийдвэрлэгдэж байх магадлал байгаа. Мэдэгдэж байгаа нь хэд хэдэн том өндрөө авчихсан маргаанууд байгаа болохоос биш олон л маргаан байгаа байх. Манай арбитр дээр гэхэд жилд яам, агентлагтай холбоотой 2-3 маргаан шийдвэрлэгддэг.

-Манай төрд байгаа эрхмүүд гэрээндээ арбитраар маргаанаа шийдүүлнэ хэмээн заачихсан байхад түүнийг үл тоодог. Арбитрыг аргалаад өнгөрчихөж болох процесс мэтээр ойлгоод байдаг нь л асуудал дагуулаад байгаа юм уу даа гэж харагдаж байна?

-Арбитр болон арбитрчийг төрөөс томилдоггүй, аль ч улсад. Тухайн арбитрын байгууллага өөрсдийнхөө арбитрын бүрэлдэхүүнд мэргэшсэн хөндлөнгийн хүмүүсийг олж багаа бүрдүүлдэг. Мөн олон улсын хэм хэмжээ, зарчмыг баримталж хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Арбитрч болон арбитрын байгууллага бол хэрүүл маргааныг шийдвэрлэхдээ хэнээс ч хараат бусаар мэргэшсэн этгээдүүд шийдвэрлэдэг. Гаргасан шийдвэр нь 170 гаруй оронд заавал биелэгддэг. Монгол Улсад олон улсын чанар, стандартад нийцсэн арбитр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын газар, лиценз, газрын баялагтай холбоотой хэрүүл маргааныг шүүх, арбитраар шийдүүлэх эсэх нь талуудын гэрээ байгуулахдаа хийдэг тохиролцооны асуудал. Тэгэхээр монгол арбитр байна.

Энэ арбитраа сонгоод Монгол Улсдаа, Монголын хууль тогтоомжийнхоо дагуу явах юм бол адаглаад л арбитрын ажиллагаанд ордог нэмэлт зардлууд багасна.

Сая “Хан ресурс”-ын хэрэг дээр 9.1 сая ам.долларыг өмгөөлөгчийн зардалд өгсөн байх жишээтэй, манай Засгийн газар. 9.1 сая ам.доллар гаргасан гээд бод доо. Нэгэнт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитр Монгол Улсад байна. Тийм болохоор тендер, гэрээ гэх мэтдээ Монгол Улсын арбитраар шийдүүлнэ гэж санал тавьж оруулах хэрэгтэй, үүнд анхаарал хандуулаачээ гэж хэлье.

Categories
мэдээ цаг-үе

Мароккогийн хоньчин охин Францын сайд болсон нь

Францын Засгийн газрын бүрэлдэхүүнд хэд хэдэн “гадаад” хүн байдаг билээ. Тэдний нэг нь өдгөө Боловсролын сайдын албыг хашиж буй Наджат Валло-Белькасем. Энэ бүсгүй 35 настайдаа Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хариуцсан сайдаар томилогдож Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн албыг давхар хашиж байсан. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2014 онд Ф.Олландыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход Боловсролын сайдаар томилогдож Засгийн газрын хамгийн залуу бөгөөд цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг болсон билээ.

Одоогоос хэдэн жилийн өмнө марокко гаралтай бүсгүйг Гэр бүлийн асуудал хариуцсан сайд болоход францчууд нэлээд эсэргүүцсэн гэдэг. Учир нь Наджат Валло-Белькасем нь ижил хүйстнүүдийг гэр бүл болохыг албан ёсоор зөвшөөрөх ёстой гэсэн зарчмыг тууштай баримталдаг улстөрч. Зарим францчууд энэ томилгоог уламжлалт гэр бүл хэмээх ойлголтыг төрийн зүгээс эсэргүүцсэн алхам хэмээн шүүмжилсэн юм.

Наджат Валло-Белькасем нь Социалист намын гишүүн. Улс төрд нэлээд эртнээс орсон нь түүний мэргэжилтэй холбоотой. Тэрээр дунд сургуулиа дүүргээд хуульч мэргэжлээр суралцаж байгаад Парисын Улс төр судлалын дээд сургуулийг онц сайн дүнтэй дүүргэсэн. Цагаачилж ирсэн хүний хувьд түүнд сурч боловсроход амаргүй байсан гэдэг. Францын боловсролын систем нь маш өндөр шаардлагатай хэдий ч Наджат Валло-Белькасем энэ бүхнийг өөрийн чадвараар давж гарсан юм.

Дээд сургуулиа дүүргэснийхээ дараа хуулийн чиглэлээр орон нутгийн хууль батлах дээд байгууллагад ажиллаж байгаад улс төрд орсон. Тэрээр эхнээсээ иргэдийг ялгаварлан үзэх явдалтай тэмцэж, эмэгтэй, эрэгтэйчүүдийг ижил эрхтэй байх ёстой гэсэн зарчмыг баримталсаар ирсэн. Энэ нь исламын шашинтай гэр бүлд төрж өссөнтэй ч холбоотой байж болох.

Мароккогийн жижигхэн тосгонд жирийн нэгэн айлд төрж, хонь хариулж явсан тэрээр долоон хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Аав нь амьдралаа залгуулахын эрхэнд Францад очиж барилга дээр ажилласан байдаг. Удалгүй Наджат Валло-Белькасем ээж, эгч, дүү нарынхаа хамт Франц руу цагаачилжээ. Энэ нь 1982 онд болсон бөгөөд тэр үед Наджат Валло-Белькасем таван настай байсан гэнэ. Шилбүүр барин хонь хариулж явсан жижигхэн охин Францад цагаачилсан нь түүний амьдралыг хожим орвонгоор нь эргүүлжээ. Гэхдээ сайн талаараа.

Өдгөө Францад эрх барьж буй Социалист намыг ирээдүйд авч явна хэмээн найдлага тавьж буй залуухан улстөрчдийн нэг нь Наджат Валло-Белькасем. Тэрээр Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байхдаа үр хөндүүлсэн бүсгүйчүүдийг бүрэн хохиролгүй болгох үүднээс нөхөн төлбөр олгох шинэ системийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа. Боловсролын салбарыг тэргүүлснээсээ хойш олон шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Түүний нэг нь бага сургуулийн сургалтын хөтөлбөрт “Тэгш эрхийн цагаан толгой”-г нэвтрүүлжээ. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд ижил эрхтэй гэдгийг сурагчдад багаас нь ойлгуулах зорилгоор уг хөтөлбөрийг Францын хэд хэдэн мужид хэрэгжүүлсэн байна. Гэвч гэр бүлийн үнэт зүйлсийг хамгаалагчид үүнийг эрс эсэргүүцсэн тул уг хөтөлбөрийг зогсоосон юм.

Наджат Валло-Белькасем нь био ёс зүйн хуульд өөрчлөлт оруулах ажилд ч идэвхтэй оролцсон улстөрчдийн нэг. Өөрөөр хэлбэл хүний эмбрион дээр туршилт явуулахыг дэмжигч. Социалист намын гишүүн болсноосоо хойш цагаачдын болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад илүү анхааран ажиллаж байгаа. Францын парламент нь “Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн бодит тэгш эрх” хэмээх хуулийг хэлэлцэн баталсан. Хуулийн төслийг санаачлагчдын нэг нь Мароккогоос гаралтай бүсгүй. Социалист намын залуухан гишүүн маань ижил хүйстнүүдэд гэр бүл болохыг албан ёсоор зөвшөөрүүлэхийн тулд нэлээд тэмцсэн. Францын сургалтын хөтөлбөрт бэлгийн боловсрол хэмээх хичээл заах ёстой хэмээн тусгасан байдаг. Мөн үр хөндүүлэх нь эмэгтэй хүний эрх хэмээн сурагчдад ойлгуулж, жендерийн асуудлыг хөндөөд зогсохгүй, бидний хэлдгээр хайр дурлал, бэлгийн харьцааны талаар өгүүлдэг уран зохиолыг ч үздэг. Харин хувийн сургуулиуд сургалтын хөтөлбөртөө ийм хичээлүүдийг тусгаагүй. Судалгаанаас үзэхэд Францад тавдугаар анги төгссөн хүүхдүүдийн 20 хувь уншиж, бичихдээ маш муу гэнэ. Тус улсын боловсролын салбарт тулгамдсан асуудлууд нэлээд бий. Наджат Валло-Белькасем энэ бүхнийг шийдэхийн төлөө ажилласаар.

Хамгийн сүүлчийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Наджат Валло-Белькасем нөлөө бүхий улстөрчидтэй хамтран ажилласан. Францын төрийн тэргүүн Ф.Олландын хамтран зүтгэгч Винсент Пельонтой нэлээд ойр байсан гэдэг. Энэ нь Мароккогоос гаралтай бүсгүй улс төрийн хариуцлагатай албанд томилогдоход нөлөөлсөн нь гарцаагүй. Харин зарим улс төрийн хүчнүүд Наджат Валло-Белькасемийг эрэгтэй, эмэгтэйчүүдийн хооронд нэлээд ноцтой зөрчил бий болгох үндэс суурийг тавьж байна хэмээн буруутгадаг. Зарим байгууллагууд Наджат Валло-Белькасемээр боловсролын салбарыг тэргүүлүүлснээр ирээдүйд улс оронд маш ноцтой сөрөг өөрчлөлтүүд гарах аюул тулгараад байна хэмээн нэг бус удаа мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй Францад ижил хүйстнүүдэд гэр бүл болохыг зөвшөөрсөн хуулийг баталсны дараа томоохон эсэргүүцлийн цуглаанууд болсон юм.

Наджат Валло-Белькасем энэ жилээс эхлэн Францын бага, дунд сургуулиудад томоохон шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Үүнд гадаад хэлний хичээл зэрэг нь хамрагдах юм. Англи, герман хэлийг улам эрчимтэй заадаг болгохоор төлөвлөсөн гэнэ. Гэвч үүнийг нь эцэг эхчүүд, багш нар, сэхээтнүүд шүүмжилж байгаа. Харин Наджат Валло-Белькасем үүнийг яасан ч байсан хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ бүсгүй оюутан байхдаа буюу 2005 онд франц залуутай гэр бүл болж хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Түүний Мароккогоос гаралтай гэдгийг үргэлж онцлон дурддаг. Гэвч үүнд огтхон ч эмзэглэдэггүй гэнэ. Харин ч өөрийгөө глобал үзэлтэй исламын шашинтан гэдэг. Баруунд, тэр дундаа Францад “гадаад” эмэгтэй улс төрийн өндөрлөгт хүрнэ гэдэг түүний ямар чадалтай улстөрч болохыг гэрчилж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам Да хүрээ зах дээр дивандаад байгаа нь ямар учиртай юм бэ

Өнгөрсөн дөрвөн жил МАН сөрөг хүчин байлаа. Сөрөг хүчин ч гэж дээ сөрөг хүчнийхэн гэчихээд юу ч хийгээгүй. Улстөрчдийн ярьдаг заваан хэллэгээр бол Ардын намынхан “бөлдөгдүүлчихсэн” учир дуугарч чаддаггүй. Дуугаръя гэхээр эрх барьж байх үеийн хамаг юм нь сөхөгдөх гээд таг дуугүй дөрвөн жил болсон хэрэг. Сөрөг хүчний ажил гэж ганц хийсэн юм нь АН-аас Өвөрхангайд нэр дэвшиж гарч ирсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй, хуралдаанд оруулахгүй гэж чуулганы танхимын үүдэнд диван аваачиж тавьж, дээр нь хэвтчихээд байсныг нь санах юм. За тэгээд давхар, дан дээл гэж нэг сүрхий улстөржих аядсан. УИХ-ын дарга байсан гурав, Ерөнхий сайд байсан хоёр нөхөр чуулган хуралдуулахгүй гээд диван дээр хөндлөн хэвтчихээр яасан ч эвгүй харагддаг юм. Тэгж хэвтлээ гээд үр дүнд ч хүрээгүй. Хэн нэгэн пиарчны тархинд орж ирсэн санааг л уухайн тас шүүрч аваад хэрэгжүүлсэн юм шиг байна лээ. Магадгүй Н.Энхбаярыг баривчлах үед хэдэн улстөрчийг дивантай нь хөмөрснөөс өнөөх пиарчин нь санаа авсан байж болох л талтай.

МАН-ынхны дивандалт нэгэнт үр дүнд хүрээгүй болохоор өөрсдөө ч баахан ичих шиг болно лээ. Эцсийн дүнд нь Диванддаг хэд, Диванддаг нам гэдэг хоч зүүгээд онигооны баатар болоод хэрэг явдал дууссан. Тэрнээс хойш хурал хаясныг эс тооцвол сөрөг хүчин шиг хэрэгтэй зүйл дээр шүүмжлэлтэй хандаж, улс оронд хэрэгтэй зүйл хийж байсныг нь санахгүй байна. Да хүрээ захыг хотын төвөөс холдуулах шийдвэр нийслэл гаргаж, нүүлгэх болтол Ардын намын удирдах бүрэлдэхүүн нь өнөөх зах руу бүгдээрээ оччихсон дивандаж эхэлжээ. Улстөржиж ядахын хажуугаар хувийн сонирхол нь давамгайлсан юм шиг байгаа юм. Баянзүрхийн хэдэн захын боссууд нь ихэвчлэн Ардын намынхны эзэмшилд байдаг дуулдана. Да хүрээ захад ч МАН-ын Бага хурлын зарим гишүүн хувь эзэмшдэг гэх юм билээ. Ө.Энхтүвшин даргынх нь нэлээдгүй хувийг эзэмшдэг зах нь “Өгөөмөр” гээд хэвлэлүүд мэдээлчихэж. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Собу” компанийн тавин хувийг эзэмшдэг гэж мэдүүлсэн бол тэр компани нь Өгөөмөр захыг ажиллуулдаг юм байна. Баянзүрхийн захуудын нэг шүү дээ, дээр дурдсан Өгөөмөр зах. Тэгэхээр нэг талаас иргэдийн эрх ашиг зөрчигдлөө гэж байгаа ч цаагуураа өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж, өмчөө хамгаалаад тэмцэж байна гэж ойлгогдохоор байна. Өөрийнхөө өмчийг хамгаалангаа улс төр хийж байгаа хэрэг болох нь. Тэнд ажилладаг иргэдийг нүүхгүй байхыг сануулж, өмгөөлж хамгаална гэж хэлж. Яг үнэндээ Баянзүрх дүүргийн тал нь Нарантуул, Өгөөмөр, Да хүрээ, Цайз. Энэ олон захад ажилладаг хэдэн зуун иргэнээс гадна энэ олон захуудын эзэд, түрээслэгчдийг хоолтой байлгах гэж тус дүүрэгт оршин суугчид, тэр ч бүү хэл захаар үйлчлүүлдэг хотын сая гаруй иргэн хохирч байх ёстой юу. Баянзүрх дүүрэгт өнгөрсөн оны байдлаар байнга оршин суугч 308672 иргэнтэй байсан. Одоо бүр ч их нэмэгдсэн. Тэдгээр иргэдийн хэд нь зах дээр ажиллаж амьжиргаагаа залгуулдаг. Хэд нь оршин суугч вэ. Захуудыг нүүлгэх нь буруу биш. Захууд бараг л хотын төвдөө байхаар замын түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол улам даамжирч байна. Тиймээс нүүчихвэл илүү л таатай байх болно.

“Хамгийн чадалтай, шинэ машин зардаг зах нь Баянчандманьд, хуучин машин зардаг захыг 22-ын товчоо хавьцаа байлгая” гэж манай сонин өмнө нь бичиж байлаа. Машин авчих дайны чадал байгаа бол ядахдаа 22-ын товчоо орчих дайны байх ёстой биз дээ. Машин унадаггүй, машин унадаг ч хаанаас ч болов авчих чадалтай хүмүүс бий. Тэдгээр хүмүүсийн эрхийг хүндлээч ээ. Хотын төвлөрлийг багасгахын тулд Да хүрээ зах болон түүний эргэн тойронд үйл ажиллагаа явуулж, автомашины худалдаа эрхэлдэг 30 гаруй захыг “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэх нийслэлийн шийдвэр нь харин ч цагаа олсон. Тус зах дээр үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуйн нэгж анх зөвшөөрөл авахдаа өөр зориулалтаар авсныг Мэргэжлийн хяналтынхан хэлээд байгаа. Тэгэхээр шүүхдэлцэхдээ тулбал түрээслэгчид өөрсдөө ч асуудалд унаж мэдэх юм.

Түрээслэгчид өөрийнхөө эрх ашгийг хөндөхөөр хэл ам гаргахыг ойлгож болно. Ямар нэг шинэ зүйл хийхэд иймэрхүү бэрхшээл тулгарч л байдаг. Даван туулж л байдаг. Харин сөрөг хүчин болох МАН, тэр дундаа удирдлагууд нь улаан тугаа намируулчихсан сүр бараатай тийш зүглэх ямар хэрэг байна. Үүнийг сөрөг хүчний ажил гэдэггүй юм аа. Иймэрхүү явуургүй улс төр бол цаад санаа нь баригддаг. Бас нэг их газар авч чаддаггүй. Дивантай хаалга дараад хэвтэх дайны улс төр бол хотын иргэдийн эрх ашгаас дээгүүр байж яав ч болохгүй. Бусад улс оронд сөрөг хүчин ямар нэг асуудал дээр ялгаатай байр сууриа илэрхийлдэг. Тэрнээс биш бодитоор ажлыг нь гацаадаггүй. МАН-ынхан Бат-Үүл л санаачилсан бол ямар ч ажлыг нь жадлан эсэргүүцэж байвал бах нь ханах мэт ойлгох юм. Тэгвэл тэдэнд саналаа өгөөд гаргаад ирсэн иргэд тэгж бодож байна уу. Монголд байгаа сөрөг хүчин бол эрх баригчдын алдаатай бодлогыг эсэргүүцэхдээ захын үүдийг тэгнэх, парламентын үүдийг дивандах замаар илэрхийлдэг. Харин бусад орон үүнийг хүчирхийлэл гэж үзнэ. Нийслэл буруу шийдвэр гаргасан байж болно. Үүнийг шүүхээр шийддэг. Тэрнээс улс төрийн шоу хийгээд байх утгагүй. МАН-ынхан л үүнийгээ иргэдийнхээ төлөө хийж байгаа зөв зүйл гээд байгаа боловч үнэн хэрэгтээ ялагдаад өшөөгөө авч байгаа явуургүй үйлдэл шиг л харагдаж байна. Энэ хорлол чинь зөвхөн нийслэлийн, Бат-Үүлийн ажлыг хорлохдоо биш, нийслэлийн иргэдэд гай болоод байгаад л хамаг учир бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Сүхбаатарын талбайгаас атга амуу ч хураахгүй шүү” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Эмэгтэйчүүд УИХ-д улам олуулаа болмоор байна хэмээх асуудлыг хөндсөн “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулганыг “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа онцоллоо. Та энэ талаарх дэлгэрэнгүйг XI нүүрээс үргэлжлүүлэн уншаарай. Мөн Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга, хууль зүйн ухааны доктор, профессор, гавьяат хуульч Ж.Бямбадоржийн “Дэлхий дахинаа иргэдийнхээ мэдээлэл авах, оролцооны болон хөгжих эрхийг чухалчлах болсон” ярилцлагыг VII нүүрт хэвлэлээ.

Харин “Улс төр” булангаас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдлийг бүрэн эхээр нь унших боломжтой. Тэрбээр өчигдөр олны анхаарлыг татсан мэдэгдэл хийж, улс төрийн хүрээнд шуугиан тарьсан юм.

УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батхандаас УИХ-ын хаврын чуулган эхэлж байгаатой холбогдуулан тодруулга авсныг мөн улс төрийн буланд хэвлэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Я.Содбаатарын “Монголын эдийн засаг граммын эдийн засаг гэдэг нэр хүртлээ” хэмээн ярилцлагыг V нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайн “Сүхбаатарын талбайгаас атга амуу ч хураахгүй шүү” нийтлэл хэвлэгдлээ. Нийтлэлийг бүрэн эхээр нь III нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы уламжлалт нүүр болох “Эрүүл мэнд” нүүрэнд шарилжны харшилтай бол түүхий лууван идэж болохгүй зэрэг харшлын талаарх хэрэгтэй мэдээллийг нийтэллээ. Мөн АШУҮИС-ийн багш, мэдрэлийн эмч Б.Лагшмигийн “Аутизм хөвгүүдэд дөрөв дахин их тохиолддог” талаарх ярилцлагыг унших боломжтой.

Харин “Утга зохиол” буланд “Дууль мэт амьдрал буюу Данзаннямын Шагдарсүрэн”-гийн талаарх дурдатгалыг хүргэж байна. Энэхүү дурдатгал тэмдэглэлийг та XII нүүрээс уншаарай.

“Уран бүтээлч” буланд “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Г.Золбоотын “Бавуугийн Лхагвасүрэн ахын хоёр уран бүтээлээр анх ил урлагийн босгыг алхсан даа” хэмээх ярилцлага гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Mongolia mining” үзэсгэлэнд 120 орчим компани оролцоно

“Mongolia mining 2016” олон улсын уул
уурхайн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Буянт-Ухаа дахь
Спортын ордонд болно. Үзэсгэлэнг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл
хийлээ.

Зургаан жилийн турш дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулагдаж ирсэн
энэхүү үзэсгэлэнд 15 орны 120 орчим аж ахуй нэгж оролцоно. Уг үзэсгэлэнд
оролцсоноор шинэ тэргүүний техник технологио сурталчилан таниулж,
ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч нар өөрсдийн арга туршлагаа солилцох
боломжоор хангадаг гэдгээрээ онцлогтой. Арга хэмжээний үеэр УУЯ, АМГ,
Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс Монгол” компани, Багануур ХК, Шивээ-Овоо ХК,
“Тавантолгой” компани, “Оюу-Толгой” компаниуд өөрсдийн төсөл хөтөлбөр,
худалдан авалтын журам, шаардлагын талаар ханган нийлүүлэгчидтэй
хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Мөн энэ үеэр ашигт малтмалын салбарын статистик
мэдээлэл, өнгөт ашигт малтмалын олборлолт, тусгай зөвшөөрөл олголтын
талаар мэдээлэл өгөх аж.

Өмнөх жилүүдэд ашигт малтмалын төрөл, хайгуул, олборлолт, ханган
нийлүүлэлт гэх мэт ангилалаар олон төрлийн үзэсгэлэн зохион байгуулдаг
байсан. Харин энэ жил нэгдсэн байдлаар болж байгаа юм байна. Ингэснээр
ханган нийлүүлэгчид, туслан гүйцэтгэгч нар нэг доор уулзах боломжтой
болно гэж зохион байгуулагчид онцоллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монголоо аваръя” хөдөлгөөнийхөн өнөөдөр жагслаа

МАН-ын хэсэг залуусаар удирдуулсан “Монголоо аваръя” хөдөлгөөнийхөн өнөөдөр уриа, лоозон барьж жагсаал зохион байгууллаа. Ингэхдээ тэд хүүхдүүдболон ахмадуудыг жагсаалдаа хамруулсан байна. Мөн жагсаалд оролцогчдын 90 хувь нь оюутан байжээ. Тэд эрх баригчдаас “Нэг монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байна вэ, Монголчууд хэзээ нийтээрээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ, Монголчууд хэзээ Монголдоо хүн шиг сайхан амьдрах вэ” гэдэг асуултын хариултыг шаардсан юм. Тэдний жагсаал 300 саяын өртөгтэй гэх яриа цахим ертөнцөөр тарсан юм. Жагсаалд оролцсон оюутан, залууст 10-20 мянган төгрөг өгсөн гэх мэдээлэл ч гарсан байна.


Categories
мэдээ улс-төр

Хамуг Монголын Хөдөлмөрийн намын даргаар Ц.Шинэбаяр сонгогдов

Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга өөрчлөгдсөнийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж намын даргаар Цэнд овогтой Шинэбаяр сонгосон байна. Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дүрэмд зааснаар Ц.Шинэбаяр нь намын Их хурал хүртэл намын даргын үүргийг гүйцэтгэх юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд энэ онд тэргүүлсэн аймгуудад шагнал гардууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтээр хамгийн өндөр оноо авч, 2015 оны ажлаараа тэргүүлсэн аймаг, нийслэлийн удирдлагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.

Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааг бодлогын зорилт, байгууллагын чиг үүргийн хэрэгжилт, байгууллагын нээлттэй байдал, үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ гэсэн 4 бүлэг 11 багц асуудлын хүрээнд үнэлснээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Орхон, Сүхбаатар, Булган, Архангай, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар тэргүүлжээ.

Тэргүүлсэн аймгуудын шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар гардуулж, баяр хүргэлээ.

Үнэлгээгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар тус бүр 4.47 буюу хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн. Нийт дүнгээр нь авч үзвэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дундаж үнэлгээ 4.24 оноо буюу 84.8%, хамгийн бага үнэлгээ 4.06 оноо буюу 81.2%, хамгийн өндөр үнэлгээ 4.47 оноо буюу 89.4% хувьтай гарч байгаа нь орон нутгийн Засаг даргын Тамгын газрууд үндсэн чиг үүргээ хангалттай сайн биелүүлж байгааг харуулж байна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагууд төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгаж, хөнгөн шуурхай байдлыг хангах талаар онцгой санаачилга гаргаж ажилласан бол Орхон аймаг хөгжилтэй орны жишигт нийцэхүйц оношилгоо, эмчилгээний эмнэлгийг ашиглалтад оруулж, өрсөлдөх чадварын үнэлгээгээр нэгд жагссан, Сүхбаатар аймаг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх олон сайхан арга хэмжээг төлөвлөн ажиллаж үр дүнд хүрлээ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Цаашид гаргасан амжилтаа бататган, үйл ажиллагаагаа улам нээлттэй болгож, бодлогын зорилт, түүний хэрэгжилт, үр дүнг хэлбэрэлтгүй ханган, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг төрийн бодлого, зорилт, төр, захиргааны байгууллагын ажлын гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлэх үндсэн арга хэрэгсэл болгон ашиглаж ажиллахыг Ерөнхий сайд хүслээ.

2015 үйл ажиллагааны үр дүнгээр өндөр үнэлгээ авч, тэргүүлсэн нийслэл болон Орхон, Сүхбаатар, Булган, Архангай, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж, Засаг даргын Тамгын газрын дарга нарт нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох батламжийг энэ үеэр гардууллаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Categories
мэдээ нийгэм

95 дугаар цэцэрлэгт ноцтой эрсдэл нүүрлэжээ

МХЕГ-ын Эрүүл
мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас нийслэлийн Баянгол дүүргийн 95
дугаар цэцэрлэгт эрүүл ахуй, халдвар хамгаалал, боловсролын хяналтын
чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг өнгөрөгч долоо хоногт хийсэн юм.

Тус
шалгалтаар 95 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа эрсдэл ихтэй үнэлэгдлээ.
Учир нь цэцэрлэгийн өргөтгөлийн буюу давхар нэмэх барилгын ажлыг 2015
оны 10 дугаар сард хийсэн боловч гүйцэтгэгч компани тодорхой шалтгааны
улмаас 11 дүгээр сард барилгын ажлыг зогсоосон аж.

Гэтэл
өнөөдөр тус цэцэрлэгийн дээвэр онгорхой, барилгын ажил эхэлсэн, орчин
тойрон нь барилгын хогоор бохирлогдсон байдалтай байна.

Өнгөрсөн
хугацаанд өвлийн улиралд цэцэрлэгийн үйл ажиллагааг ийм хүнд нөхцөлд
үргэлжлүүлэн явуулж байсан нь хүүхдийн аюулгүй байдалд ноцтой эрсдлийг
үүсгэжээ гэж Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

”Гутлын жагсаал” болно

Монголын залуучуудын холбооноос энэ сарын 7-ны өдрийн 09.00-18.00
цагийн хооронд нэгэн сонирхолтой жагсаалыг зохион байгуулахаар болжээ.
“Гутлын жагсаал” нэртэй энэхүү арга хэмжээ Чингсийн талбайд болох юм.

Монголын залуучуудын холбооны төлөөлөл “Жагсаал заавал цагаан
хоолой, лоозон барьсан байх ёстой биш. Тиймээс бид гутлын жагсаалыг хийх
гэж байна. Иргэд өөрсдийгөө төлөөлүүлэн гутлаа тавина. Тэгэхдээ бидний
бэлдсэн цаасан дээр өөрийнхөө хэлэх гэсэн зүйлийг бичиж, байрлуулах
ёстой” гэв.

“Гутлын жагсаал”-ын үеэр ковер дуучид ая дуугаа өргөж, зураачид зураг зурах гэнэ.