Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт очиж, нэгэн хүүгийн амийг аварлаа

Баянхонгор аймгийн Баянцагаан суманд мориноос унаж толгойн чамархайн хэсэг нь цөмөрч, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан долоон настай хүүг ГССҮТ-ийн эмч нар аварч нэгэн гэр бүлд аз жаргал бэлэглэжээ. Б.Түмэнбилгүүдэй хүүгийн эцэг эх эмч нарт баярласан сэтгэлээ захидал бичин илэрхийлсэн байна.

Үүнд “ГССҮТ-ийн мэдрэлийн мэс заслын эмч нар багаараа ирж сэтгэл гарган мэргэжлийн өндөр түвшинд ажилласан мэдрэлийн мэс заслын эмч Содбилэг, унтуулагын эмч Ариунболд, Мэс заслын сувилагч Пунцагаа, унтуулагын сувилагч Мөнх-Үндэс, Жолооч Бүрнээ нартаа маш их баярласнаа илэрхийлж байна.

Эзэмшсэн мэргэжлээ хаа ч байсан чадварлаг ашиглаж, олон хүний амийг авран ажиллаж байгаа баг хамт олон та бүхнээр маш их бахархаж байна. Мөн ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дарга Баттөгс эмчдээ маш их баярлалаа. Баянцагаан сум дундын эмнэлгийн хамт олон, Б.Түмэнбилгүүдэй хүүгийн гэр бүлээс” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо квотоос давсан тул сугалаа явуулна

Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн иргэдийн сугалааг цахимаар явуулахаар боллоо. Сугалааг ил тод шударга байлгах зорилгоор бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шууд дамжуулан олон нийтэд хүргэх аж. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон бөгөөд бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг энэ сарын 7-ны өдөр хүртэл дахин хянан шалгасны дараа сугалааны товыг зарлахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Гал унтрааж хүний амь аварсан жаалуудын нэг нь гал сөнөөгч болно гэжээ

Өнгөрсөн сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоот айл шатаж байсныг хажууханд нь хөл бөмбөг тоглож байсан 8-12 насны дөрвөн хүү өчүүхэн биедээ баймгүй зориг гаргаж, галыг маш түргэн хугацаанд унтраасан гэдгийг өмнө нь манайх мэдээлж байсан. Гал гарах үед гэрийн эзэн хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэн байсан бөгөөд хүүхдүүд галыг унтрааснаар түүний амь насыг гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан.

Тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн онцгой байдлын дэслэгч С.Ганболд захирагчтай 1-р салааны 1-р тасаг хаягийн дагуу шуурхай очиход таван ханатай монгол гэрт гарсан галыг тэд унтраачихсан байсан аж. Тиймээс Хөвсгөл аймгийн баатарлаг жаалуудыг аймгийн онцгой байдлын газар хүлээж авч уулзан талархал илэрхийлжээ. Тэдний нэг нь бүр том болоод гал сөнөөгч болно гэжээ.

Categories
мэдээ спорт

“Хасын хүлгүүд”, “Альянс Тех Харцага” багууд тэргүүлж эхэллээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны
“Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улирлын плей-оффын шийдвэрлэх тоглолтууд
“Спортын төв ордон”-д болж байна. Өчигдөр “Хасын хүлгүүд”, “Альянс
Тех Харцага” багууд өрсөлдөгчөө хожиж, цувралыг 2:0-ээр тэргүүлж эхэллээ.
Тэдний хувьд дараагийн тоглолтод хожвол хагас шигшээд өрсөлдөх эрхээ авна.

Цурвал -2 /4.4/

“Дархан Гарьд” – “SBL Хасын Хүлэгүүд” – 122:135
/0-2/

“Дундговь Смарт Мон Алтиус” –
“Альянс Тех Харцага” 97:113 /0-2/

Цуврал -1 /4.1/

“Альянс Тех Харцага” – “Смарт Мон
Алтиус” – 102:95 /1-0/

SBL Хасын Хүлэгүүд – Дархан Гарьд – 125:111 /1-0/

Categories
мэдээ нийгэм

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” зөвлөгөөн болно

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Прокурорын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” зөвлөгөөнийг зохион байгуулахаар боллоо.

Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлууд болон хулгайн гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар холбогдох газрынхан мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна. Түүнчлэн зөвлөгөөнд оролцогчид хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргах юм байна.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” зөвлөгөөн маргааш буюу 2016 оны 4 дүгээр сарын 6-нд 09:00 цагаас Нийслэлийн Иргэний танхимд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хугацаа дууссан 12.4 тонн импортын шар айргийг устгажээ

Улсын хилээр хугацаа нь дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй цэвэр ус, шар айраг их хэмжээгээр орж иржээ.

Тодруулбал, энэ оны эхний гурван сарын байдлаар Улаанбаатар хотын гүний хяналтын бүсээр 1477 компани аж ахуйн нэгжийн 76980 тн бараа бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хэлтсээс экспортын хяналтаар давхардсан тоогоор 178 аж ахуйн нэгжийн 7620 тонн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад Итали улсаас импортлогдсон 17 тонн цэвэр усны тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдөж, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсныг илрүүлсэн байна. Мөн БНСУ-аас хугацаа дууссан 12.4 тонн шар айраг нэвтрүүлснийг илрүүлж устгалд оруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд үйлчлэх нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”-д удахгүй нээгдэнэ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дугаар салбарыг байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, нийслэлийн ИТХ-ын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр баилах тухай” 185 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажиллаж байна.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн нэгдүгээр салбарыг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 150 787 иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь сард дунджаар 50 гаруй мянган иргэнд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Үйлчлүүлж буй иргэдийг оршин суугаа хаягаар ангилбал тус төвөөр Баянзүрх дүүргийн иргэд дийлэнхдээ үйлчлүүлж байна. Тиймээс төвийн дараагийн салбаруудыг Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд ойртуулж Мишээл экспо, Драгон төвд байгуулах гэж байна.

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулганыг нээв

УИХ-ын хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд,
Хүндэт зочид оо,

УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган эхэлж байна. Энэ чуулган энэ УИХ-ын бүрэн эрхийн сүүлчийн чуулган гэдгээрээ онцлог байх болно.

Энэ удаагийн чуулганаар

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай,


-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,


-Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,


-Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл,


-2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,


-Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,


-Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан,


-УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,


-УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,


-Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,


-Гэр бүлийн тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,


-Төрийн шагналын тухай хуулийн төсөл, Худалдааны тухай хуулийн төсөл,


-“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад хууль тогтоолын төслийг хэлэлцэн батлах болно.

Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзан, УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагааны үр дүнгийн тухай тайлагнаж, харилцан мэдээлэл солилцож ажиллалаа. Миний бие Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ Дархан-Уул aймаг, 3 суманд очиж ажиллалаа. Эдгээр орон нутгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, бүтээн байгуулалттай танилцан, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийн талаар болон улс орны нийгэм эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийлээ.

enhbold

Одоогоос яг нэг жилийн өмнө энэ танхимд УИХ-ын чуулганы нээлт дээр Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол улсын эрх ашигт нийцээгүй тухай, энэ гэрээг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга, дэд дарга нар нэгдсэн байр суурьтайгаар энэ асуудалд хариуцлагатай хандсан. УИХ-ын Ажлын хэсэг гэрээнүүдийг шалган дүгнэлт гаргасан.

Тавантолгойн ордыг ашиглах компани санхүүгийн хүнд байдалд орсон бөгөөд хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй байсан нь УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр болон энэхүү компани зээлийн төлбөрөө хийх чадваргүй болсноо саяхан зарласнаар батлагдаж байна. ММС болон Энержи Ресурс компани нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг хаах зорилготой болохыг УИХ-ын Ажлын хэсэг илрүүлсэн. Компанийнхаа өрийг төрийн өмчийн ашигт малтмалын ордоор хаах санаархлыг УИХ хэзээ ч зөвшөөрөхгүй.

Тавантолгойн ордыг ашиглах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2,5 сая иргэн, дотоодын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг үнэгүйдүүлсэн, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчсөн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг ч дахин хэлье. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах энэхүү хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч болон Тавантолгойн орд өнөөдөр Кэйманы арлын офшор бүс дэх ММС компани болон түүний охин компани “Энержи ресурс” компанийн өрийн төлбөрт гадны компанид бүрэн шилжих байлаа. Энэ бүхнээс харахад УИХ-ын шийдвэр нэг жилийн цаадахыг харж чадсан, улмаар хэдэн арван жилийн дараахь Монголын эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргаж чадсан байна.

Тавантолгойн нүүрсний ордыг Монгол улс цаашид хэрхэн ашиглах вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Тавантолгойн нүүрсний орд бол коксжих нүүрс, чулуун нүүрс аль алиныг нь агуулсан дэлхийд ховорт тооцогдох том орд юм.

-Тавантолгойн ордын коксжих нүүрсийг бид дэлхийн зах зээлийн үнээр борлуулна. Үүний тулд Ухаа худаг-Гашуунсухайт,Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барьж дуусгах шаардлагатай.


-Харин, Тавантолгойн ордын чулуун нүүрсийг байгалийн хий болон хувиргаж Улаанбаатарыг утаагүй түлшээр хангах, мөн үлдсэн хэсгийг нь хуванцар эдлэлийн үндсэн түүхий эд болгон Япон болон бусад зах зээлд экспортлохоор холбогдох талуудтай хэлэлцэж байна.

Эдгээр арга замууд нь Тавантолгойн ордыг Монголын иргэдэд хамгийн үр өгөөжтэйгээр ашиглах бодит, ойрын ирээдүй юм.
Эдийн засгийн бодлогодоо эргэлт хийж буй энэ цаг үед Засгийн газрын өр, зээлийн тухай сэдэв анхаарал татаж буй. ОУВС-ын статистикийн аргачлалаар манай улсын гадаад өр 2015 оны байдлаар 20 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. 2012 оны хүртэлх С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед 9.936 тэрбум ам.долларын зээл, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 9.924 тэрбум ам.долларын зээл авсан байна. 2008 оноос хойш эрх барьсан намуудын Засгийн газар үндсэндээ адил хэмжээний зээл авчээ.

Монгол улсын Засгийн газар дааж давшгүй өрөнд баригдсан мэт буруу ойлголт явж байна. Манай улсын өр байж болох түвшнээс хэтэрсэн эсэхийг дүгнэхдээ дор хаяж дараахь хүчин зүйлсийг авч үзэх ёстой. Нэгдүгээрт, бусад улсын үзүүлэлттэй харьцуулах шаардлагатай. ДНБ-д ЗГ-ын өрийн эзлэх хувиар манайхаас илүү өртэй олон арван хөгжилтэй болон хөгжиж буй орнууд байна. Хоёрдугаарт, ЗГ-ын зээлийг улс орны ирээдүйн эдийн засгийн өсөлттэй холбож авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид эдийн засгийнхаа өсөлтийг хангаж чадвал ДНБ-д эзлэх ЗГ-ын зээлийн хувь ойрын ирээдүйд түргэн буурах боломжтой. Сүүлийн жилүүдэд ЗГ-ийн зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбартаа хийсэн хөрөнгө оруулалт огцом өссөн нь эдийн засгийн ойрын ирээдүйн өсөлтийн нэгэн чухал эх үүсвэр болно. Мөн, дан ганц Оюутолгойн төсөл гэхэд л манай ДНБ-ийг 30 хувиар өсгөх тооцоо бий.

Намаараа талцаж, аль нь илүү зээл авсан тухай улайран маргалдаж суух нь утгагүй. Бид урд нь авсан зээлээ нийгмийн халамжид зориулан, идэж уугаад дуусгасан нь үнэн. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ огцом унасан сүүлийн жилүүдэд эдийн засгаа өөд нь татахын тулд ухаан зарж ажиллахыг нөхцөл байдал биднээс шаардсан нь ч үнэн. Урд өмнөх алдаандаа дүгнэлт хийж, эдийн засгаа олон тулгууртай болгохоос өөр замгүй гэдгийг цаг үе бидэнд хүчээр ухааруулж байна.

Хэдхэн хоногийн өмнө Монголын эдийн засгийн чуулган 7 дахь жилдээ явагдаж өнгөрлөө. Энэ чуулганы үеэр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг хамруулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулж Монголын эдийн засгийн өнгөрсөн, одоо, ирээдүйг шүүн хэлэлцлээ. Миний бие уг чуулганд оролцож эдийн засгийн цаашдын бодлогын талаарх саналаа илэрхийлсэн. Эдийн засгаа уул уурхайн хэт хамаарлаас ангижруулж, манай улсын эдийн засгийн суурь болсон хөдөө аж ахуйн салбартаа ойрын хугацаанд онцгойлон хүч тавихын зэрэгцээ үйлдвэржилт, тэр дотроо боловсруулах үйлдвэрийн хөгжлөө идэвхжүүлэх бодлого явуулсны эхний үр дүн чамлахааргүй түвшинд байгаа тухай дурдаж, энэхүү сайн эхлэлийг улам эрчимжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэсэн.

Сүүлийн 4 жилд Засгийн газрын бондын зээлийг дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэрээ өөд нь татахад голлон зарцуулсан. Энэ бодлого ч зохих үр дүнгээ өгч байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн дунд үеэс эхлэн хөдөлмөрийн зах зээлийн уналт саарсаар, улмаар өсөлт ажиглагдаж эхэллээ. Сүүлийн 2 сарын туршид шинээр ажилд орсон хүний тоо өмнөх оны мөн үеэс даруй 60 хувиар өссөн нь тун чухал шинж тэмдэг юм. Энэ бол манай орны хувьд сүүлийн үед АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр үүсэж буй эерэг үзүүлэлттэй дүйцэхүйц хэмжээний үзэгдэл мөн.

Халамжийн бодлого идэвхтэй явуулж байсан өмнөх жилүүдэд ажил хийх хүсэлтэй хүний тоо илт цөөрсөн бол ипотекийн зээлийг нэвтрүүлсний үр дүнд иргэд, ялангуяа залуучуудын дунд ажил хөдөлмөр идэвхтэй эрхлэх сэдэл өндөр болсон гэж ажил эрхлэгчид дүгнэж байна. Ипотек нь ажил эрхлэлтийг шууд дэмжихээс гадна ажиллагсдын тогтвортой ажиллах, бүтээмжээ дээшлүүлэхийн хичээх сэдлийг өдөөж буйгаараа нийгмийн хувьд гүнзгий ач холбогдолтой юм.

Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлэх эхлэлийн амжилттай тавьж эхэллээ. Орон нутагт томилолтоор ажиллах хугацаандаа Тавантолгойн нүүрсэнд биш, таван хошуу малдаа найдаж хөгжицгөөе хэмээн малчиддаа, хөдөө аж ахуйн салбарынхандаа уриаллаа. Манай улсын хүн амын дийлэнхийнх нь амь амьжиргаа хөдөө аж ахуйн салбартай нягт холбоотой. Ийм том салбарынхаа хөгжилд онцгойлон анхаарах нь манай дундаж давхаргын орлогыг нэмэгдүүлэн, дотоодын зах зээлийг хөгжүүлж, улмаар хуримтлалыг үүсгэн, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин, экспортоо тэлэх боломж олгоно.

Уул уурхайн салбарын бодлогоо тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, нарийвчлан тооцоолж, хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нь чухал. Дэлхийд хамгийн томд тооцогдох Оюу толгой төслийг бид хэрэгжүүлж байна. Дор хаяж 100 жилийн настай гэж мэргэжилтнүүдийн үнэлдэг энэ төслийн 2-р үе эхэлсэн нь манай эдийн засагт ойрын хугацаанд жинтэй нөлөө үзүүлнэ.
Олон жилийн туршид орхигдуулж ирсэн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогын сууриа тавьж чадсан өнөөгийн амжилт дээрээ суурилан цаашид хүчтэй анхаарах нэг чиглэл бол манай компаниудын, бизнесменүүдийн менежментийн ур чадварыг дээшлүүлэх явдал мөн. Энэ ажлыг үндэсний хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар өргөн хүрээнд идэвхтэй хэрэгжүүлэх шаардлагатай.

Эдийн засгаа олон тулгууртай болгох чиглэлд улс төрийн намууд идэвхтэй хамтран ажиллаж, өнөөгийн бодлогыг улам боловсронгуй болгож, эрчимтэй хэрэгжүүлэхийг уриалж байна.

Эрхэм гишүүд ээ,

Энэ жил Монгол улсад дэлхийн 50 гаруй орны 4000 гаруй төр, засгийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид АСЕМ-ын Дээд түвшний 11-р уулзалтад оролцохоор нийслэл Улаанбаатар хотноо хуран чуулах гэж байна. Энэхүү уулзалтын эхлэл болох Ази Европийн орнуудын парламентын хамтын ажиллагааны уулзалт буюу АSEP энэ сард эхэлнэ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалт нь улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Энэхүү чухал уулзалтыг бид эх орондоо амжилттай зохион байгуулж чадна гэж найдаж байна. Ингэснээр Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, манай улс гадаад бодлогын үзэл баримтлалынхаа хүрээнд дэлхийн олон оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэх бөгөөд мөн эх орноо сурталчлах чухал алхам болно.

УИХ-ын гишүүд та бүхнийг чуулганыхаа үйл ажиллагаанд идэвхитэй, бүтээлчээр оролцоно гэж найдаж байна.

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хуралдааныг нээснийг мэдэгдье.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит чуулган, байнгын хорооны хуралдааны хуваарь

УИХ-ЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГА, БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ХУВААРЬ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

04 дүгээр сарын 05-ны Мягмар гарагт:

НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭЭЛТ 09.00 ЦАГААС.

ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ДАРАА:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ГУРАВ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны Мягмар гарагт:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Г” танхимд;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.

ДӨРӨВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны Мягмар гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 10 гишүүн 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/;
  • Бусад.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, /Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны тухай асуудлаар/, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
Categories
мэдээ цаг-үе

М.Наранмандах: Миний бяцхан охин хөл дээрээ зогсоно

-БИДЭНД УХРАХ ЗАМ БАЙХГҮЙ. УНАЖ БОСООД УРАГШИЛНА-

“Эмэгтэй хүн сул дорой. Эх хүн хүчтэй” гэдэг үгээр энэ удаагийнхаа сурвалжлагыг эхэлье. Үрийнхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй эр зориг эхчүүдэд л байдаг. “хэлж ирдэггүй хийсч ирдэг энэ өвчнийг миний охин тусах ёсгүй байсан юм гээд зүгээр суугаад байж болохгүй. охиныхоо өмнөөс бидэнд ухрах зам байхгүй. Унаж босоод дахиад урагшилна. охин бид хоёр хамтдаа тэмцэнэ. миний охин хөл дээрээ зогсоно. Зогсох байтугай мэргэжилтэй боловсролтой, эх орондоо хэрэгтэй сайн хүн болно” гэсэн тэмүүллээр өөрийгөө зоригжуулан, хэцүү байсан ч инээмсэглэл нүүрэндээ тодруулан, дүүрэн итгэлээр амьдралыг харж яваа нэгэн бүсгүйн ажлаас энэ сурвалжлагыг бэлтгэсэн юм.

М.Наранмандахын бяцхан охин одоо ой таван сартай. Тэрээр бусад хүүхдийн л адил аав, ээж, ах эгч нарынхаа наран болон мэндэлж, гэртээ инээд баясал, гэрэл гэгээ авчиржээ. Түүний хөгжил зургаан сар хүртлээ тун сайн байсан аж. сайн гэдэг нь бусад хүүхдүүдээс харьцангуй урт буюу сар хүрэхтэй үгүйтэй толгойгоо өргөн дааж, хоёр гар дээрээ тулж, гараа маш сайн атгаж чаддаг байсан аж. Тэр яг л бусад хүүхдүүдийн адил үнэгчилж, инээж, уйлж байжээ. Гэтэл зургаан сартайдаа ханиад хүрсний улмаас толгойгоо огт дааж чадахаа больчихсон аж. гайхсан ээж, аав нь мэргэжлийн эмчид хандан үзүүлтэл “Таны хүүхэд тархины саажилттай болжээ” гэсэн онош тавьжээ.

Үүнийг сонсоод М.Наранмандах эмчийн үгэнд огт итгэж чадахгүй, шоконд орсон байна. Тэр зовлон өөрт нь хүрээд ирнэ гэж санаагүй аж. Тэрбээр охиноо төрсөн цагаас нь л эхэлж тэмдэглэл хөтөлж, хөгжлийн явцыг нь бичиж байж. Тэр үед нь ямар нэгэн ноцтой шалтгаан ажиглагдаагүй байна. О.Сувд охин ч өвдөж зовоогоод байдаггүй байжээ.

Тархины саажилт өвчний нэг онцлог нь хүүхдийг бага сартай буюу нэг, хоёр ой өнгөртөл нь энгийн хүний нүдэнд ямар нэг ноцтой өөрчлөлт ажиглагддаггүй. Үүнээс үүдэн олон эцэг цаг хугацаа алддаг ажээ.

НЯРАЙН ШАРЛАЛТЫГ ХАЙХРАХГҮЙ ОРХИЖ БОЛОХГҮЙ

Охиноо саажилттай гэдгийг мэдсэн өдрөөсөө л эхлэн М.Наранмандах чадах бүхнээ хийжээ. Хамгийн түрүүнд интернэтээс хаана хэнд хандах, тархины саажилт гэж ямар өвчин болох, хаана эмчлүүлж болох гээд хэрэгтэй бүх л мэдээллээ хайсан байна. Тархины саажилт олон янзын шалтгаанаас үүсдэг өвчин аж. Монголд үүсч байгаа түгээмэл шалтгаан нь нярайн шарлалт, дутуу төрөлт, төрөх явцын хүндрэл ажээ. О.Сувд охины тухайд 20 гаруй хоногийн дутуу төрсөн бөгөөд багадаа шарлалт ихтэй байсан аж. Үүнээс үүдсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм. Монголд энэ өвчнийг мэргэжлийн эмч нар нүдээр хараад оношлох бөгөөд яг юунаас үүдэлтэйг нь тогтоох аргагүй юм. Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад аль 20, 30 жилийн өмнө шарлалтаас үүдэлтэй саажилт устсан бол манайд эсрэгээрээ нэмэгдэх болжээ. Хэрэв өрхийн болон хяналтын эмч нар эцэг эхчүүдэд тонус, бүтэлт, шарлалт зэргийн хор хөнөөлийг сайтар хэлж, сүүлд ямар үр дагавар үүсч болох талаар ойлголт мэдээлэл өгч байвал алдах нь бага байх болно гэдгийг ч сануулсан юм.

Мөн энэ төрлийн өвчин нь төгс эмчлэгдэхгүй ч 70, 80, 90 хувь хүртэл эдгэх боломжтой. Хэрэв бүр бага дээр нь оношлуулж эмчлүүлбэл энгийн хүн шиг ажиллаж, амьдраад явах боломжтой юм. Гэхдээ тэр хүртэл маш их хөдөлмөр, асаргаа, хичээл зүтгэл, хөрөнгө мөнгө хэрэгтэй. Зарим төрлийн өвчнүүд шиг нэг удаа хагалгаа, эмчилгээ хийлгээд эдгэрнэ гэж байхгүй. Бусадтай адил болон болтол нь асарч тойглож, энгийн хүний хийж чаддаг рефлексийг суулгахын тулд өдөр бүр шантралгүйгээр сургах, хөл гарыг барьж өгч, байнга гар дээрээ авч байх хэрэгтэй. Монголд тархины саажилт өвчнийг юунаас үүдэлтэйг нь тогтоох оношлуур байдаггүй учраас М.Наранмандах ирэх зунаас охинтойгоо хамт Герман явахаар зорьжээ. Төрөлхийн саажилт уу, олдмол уу гэдгийг тогтоосноор цаашид хийх эмчилгээ нь өөрчлөгдөх бөгөөд үр дүн ч ялгаатай байх юм. Хэрэв шарлалт, бүтэлтээс үүдэлтэй олдмол саажилт бол эмчлэгдэх магадлал ч их байх ажээ.

О.Сувд охины үеийн хүүхэд өөрөө хоолоо бариад идчихдэг бол тэрээр толгойгоо ч сайн даахгүй, замбараагүй хөдөлгөөнтэй. Тиймээс булчин шөрмөсийг нь хөдөлгөөн заслын эмчилгээгээр өдөр бүр амьд, идэвхтэй байлгах нь хамгийн чухал. Монголд 21 аймгийн тархины саажилттай хүүхдэд үйлчилдэг ганц улсын байгууллага нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв. Хэт их ачааллаасаа болоод тэнд нэг хүүхдэд сард ердөө л таван удаа хөдөлгөөн заслын эмчилгээнд орох дугаар өгдөг байна. Эмчилгээнийхээ дугаарыг урьдчилж, урт дараалалд зогсож байж олж авна. Уг нь ээж, охин хоёр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлэх гэж олон удаа оролдсон ч ор олдоогүй өнөөг хүрчээ. Хөдөлгөөн заслын эмчилгээнд бусад газраар үйлчлүүлэхэд нэг удаагийн төлбөр нь хамгийн хямддаа 10000, хамгийн үнэтэй нь 30000. Гэтэл ийм хүүхдэд ганц хөдөлгөөн засал биш тархи, мэдрэлийн үнэтэй олон эм, амин дэм шаардагддаг учраас төлбөртэй эмчилгээнд орох нөхцөл боломж муу. Иймээс Монголд хөгжлийн бэрхшээлтэй олон мянган хүүхэд зөвхөн хөдөлгөөн заслын эмчилгээний дугаараа хүлээн, эсвэл эцэг эх нь шантран хүүхдээ зөнд нь орхиход хүрдэг байна. Байнгын хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгүйгээр хүүхдийнх нь яс шохойжоод эхэлчих л юм бол эмчлэгдэх аргагүй болдог аж.

Үүнээс ч хэцүү зүйл бас бий. ийм хүүхэд нэг өвдвөл маш хүндээр өвддөг, зөвхөн хатгаа тусахад л сэхээнд шилжих хэмжээний хүндэрдэг аж. О.Сувд охин гэхэд өнгөрсөн зун ханиад, улаанбурхнаас болж ХӨСҮТ болоод БЗд-ийн эмнэлгийн сэхээнд гурван удаа хэвтжээ.

АХ, ЭГЧ, ААВ, ЭЭЖИЙНАМЬ БОЛСОН ЗҮРХНИЙ БЯЦХАНО.СУВД

М.Наранмандах, хань А.Одхүүтэйгээ ханилаад дөрвөн сайхан үрийн эх, эцэг болжээ. Тэд О.Сувд охиноос гадна цэргийн насны ганц хүү, найм болон 14 настай хоёр охинтой. Олон жилийн дараа гэрт нь дахин бяцхан хүүхдийн дуу цангинахад бүгд л баяр, хөл хөөрцөг болон хүлээж авчээ. аавыгаа тэнгэрт халихын яг өмнөхөн олдсон хүүхэд болохоор М.Наранмандах болон түүний хань а.Одхүү нар “эцэг нь эргээд ирлээ” хэмээн ихэд бэлгэшээсэн байна. Хоёр том охин нь бяцхан дүүдээ амь гэж жигтэйхэн. Дүүгээ ээжээсээ дутахгүй асарч тойглон, уншиж судалж, ээждээ туслалцдаг аж. Гэр бүлээрээ л О.Сувд охины төлөө чадах чинээгээр боломж бололцоогоо дайчилж, зардлаа танахын тулд том хүүтэйгээ ярилцан их сургуулиас нь гаргаж цэрэгт явуулжээ. Нэг жил ч гэсэн хувцас, хоолны мөнгө хэмнэх гэж байгаа хэрэг. Энэ гэр бүлд нэг ч хүн шинэ гутал, хувцас, цүнх авна, амттай зүйл авч иднэ гэж гонгинодоггүй. Зуун төгрөг ч гэлтгүй дүүгийнхээ эмчилгээний зардалд хадгалдаг. Нэг өдөр том охин нь М.Наранмандахаас “Ээж ээ, манай дүү том болоод хүүхэд гаргаж чадах болов уу” гэж асуужээ. Өөрийнх нь ч бодоогүй явсан энэ үг түүний сэтгэлийг маш их хөндсөн байна. Тэгээд дотроо “Чадна аа. Миний охин бусадтай адил болж чадна. Түүний төлөө ээж нь хамтдаа зүтгэнэ” гэж тангарагласан байна. Тэрбээр охиноо эдгэнэ гэдэгт бүрэн итгэж байгаа юм. О.Сувд охин “Ээж ээ хайртай” гэж хэлдэг. Өлсөхөөрөө хоолойгоо тогшдог. Гараа үнсч ээждээ хайраа илэрхийлдэг. Энэ бүхэн нь түүнд итгэл өгөх хамгийн том гэрэл гэгээ юм.

О.СУВД ОХИНД ЗОРИУЛАНДУУЧИНЛ.БАЙЗАДА ТОГЛОЛТ ХИЙНЭ

М.Наранмандах СУИС-ийн харьяа рТдС-д сэтгүүл зүйн багш хийдэг. Түүнийг хамт олон нь ойлгон дэмжиж, ажиллах цагийн хуваарийг нь уян хатан гаргаж өгсний хүчинд охиныхоо эмчилгээний төлбөрийг ядаж таслахгүй байгаагаа тэрээр ярилаа. Хүнийг ядрахад түшээд авах хамт олонтой байна гэдэг том аз. Хамт олон, ах дүү, найз нөхөд, хамаатан садан, олон оюутан шавь нарынхаа хүчинд нялх үрийнхээ эм, амин дэмийг авч чадаж байгаагаа ярьсан. ангийнх нь хүүхдүүдийн санаачилгаар РТДС-ийн гуравдугаар курсын оюутнууд хандивын аян өрнүүлж, тоглолт хийхээр ярилцжээ. Энэхүү аяны талаар болоод О.Сувд охины тухай танилаараа дамжуулан сонссон “латиф” сангийн тэргүүн, дуучин л.Байзада М.Наранмандахтай уулзаж туслахаар болсон байна. Улмаар ирэх дөрөвдүгээр сарын 24-нд “Зүрхний бяцхан Сувд” нэртэй хандивын тоглолтыг “UB palace”-ын концертын танхимд зохион байгуулахаар болсон аж. Мөн христийн “Гэрэл өөд” төвийг ч энд орхигдуулж үл болно.

О.Сувд охин одоо Сансар дахь сувиллын 10 дугаар цэцэрлэгт явж байгаа. М.Наранмандах энэ цэцэрлэгийн үүдээр алхан орж, эмчилгээ, сургалтад нь хамрагдаад толгой доторх бодол нь бүхэлдээ өөрчлөгджээ. Ой зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхэд авдаг энэ цэцэрлэгт хүүхдийн төлөө л гэсэн сэтгэлтэй хүмүүс ажилладаг гэдгийг онцолсон. “Би өмнө нь охиноо муу сайн ч хамаагүй хөл дээрээ л тогтдог болоосой гэж хүсдэг байсан. Харин энэ цэцэрлэгт ирээд, миний охин зөвхөн хөл дээрээ босоод зогсохгүй эх орондоо хэрэгтэй, өөртөө тусалж чадах хүн болох ёстой, тэгж ч чадна гэдгийг надад энэ цэцэрлэгийн хамт олон ойлгуулсан” гэсэн юм. Тэрээр одоо хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэх, хүүхдэдээ тохирсон ажлын байр бэлтгэх ёстой гэсэн том зорилго өмнөө тавьжээ.

ШҮРЭЭР ДУГААР ХЭЛХЭЖ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛАА ОЛНО

М.Наранмандах охиныхоо төлөө гээд хүнээс зүгээр мөнгө гуйгаад суухыг тэр хүссэнгүй. Хүнд хэрэгтэй бүтээлч аргаар бяцхан үрээ хөл дээр нь босгох ёстой гэж шийдэн шүрээр утасны дугаар хэлхдэг. Түүнд энэ санаагаа хэрэгжүүлэхэд нь ихэр М.Нарантунгалаг нь маш их тусалж, шүрээр дугаар хийхийг зааж өгчээ.

Энэ зуны гурван сардаа багтаан Герман улсад очиж оношоо тодруулахад ээж, охин хоёрт наанадаж 25 сая төгрөг хэрэгтэй. Тиймээс юу хийж цалингаас гадуур орлого олж болох талаар удтал судалсны дүнд шүрээр автомашины утасны дугаар хэлхэж зарах аргаар хуримтлал үүсгэхээр болжээ. анх нэг дугаарыг дөрвөн цаг хийдэг байсан бол одоо хоёр цагийн дотор хийдэг болжээ. ажлынхаа хажуугаар хүмүүсийн захиалгыг гүйцээхийн тулд үүрийн дөрвөн цагт босч шүр хэлхэнэ.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд тэрээр ажлынхаа хажуугаар тасралтгүй дугаар сүлжиж 2.5 сая төгрөг олсондоо урамшин, итгэл найдвар нь ч улам батжин ассан байна. Энэ ажлыг нь найз нөхөд, ажлын хамт олон, шавь нар нь ихэд дэмжиж хамт хийлцэж, борлуулж өгдөг байна.

Олон хүний тусыг хүртэж байгаа болохоор тэрээр бусад зовсон хүмүүст ч орлогоосоо хандив өргөж буйгаа ярьж байна. шүрээр хэлхсэн нэг дугаар 10 мянган төгрөг аж. Сүлжсэн дугаар нь өнгө өнгөөрөө ялгаран, нямбай, цэмцгэр гэж жигтэйхэн. Сэтгэлээрээ хийж байгаа болохоор хүмүүс захиалга ч гайгүй өгдөг аж.

Мөн найз нөхөд, хуучин хамт олон, үе үеийн шавь, англид сурч буй монголчууд, нөхрийнх нь арван жилийн ангийн нөхөд нь сэтгэлийн хандив өргөсөн төдийгүй зарим хүн дугаар захиалчихаад нэмж эмчилгээнд нь нэмэрлээрэй гэж хандив өргөсөн гэдгийг тэрээр ярьсан.

Бидний сурвалжлагыг уншиж байгаа эрхэм та энэ бяцхан охинд туслахыг хүсвэл өөртөө ч хэрэгтэй энэхүү дугаарыг захиалахад л хангалттай. Таны захиалсан нэг дугаарын орлогыг М.Наранмандах зөвхөн охиныхоо эмчилгээний төлбөрт биш бас бусад хүүхдийн төлөө зориулдаг гэдгийг ч учирлая. Магадгүй өнөөдөр хөл дээрээ тогтож чадахгүй байгаа О.Сувд охин маань таны өгсөн сэтгэлийн хүчээр маргааш өөрөө хоолоо идэж чаддаг, өөрөө хичээлдээ явдаг болчихвол хүн хүнийхээ төлөө гэсэн сэтгэлийн сайхны утга учир биелэх билээ. Хэрэв дугаар захиалахыг хүсвэл, мөн “Зүрхний бяцхан Сувд” тоглолтыг үзэхийг хүсвэл М.Наранмандахын 9103-4646 утсаар холбогдоорой. Мөн О.Сувд охины эмчилгээнд хандив өргөхийг хүсвэл, бас дугаар захиалсан төлбөрөө бэлнээр хийх боломжгүй бол Төрийн банкны 106100031241, ХааН банкны 5021494986 данс руу мөнгөө шилжүүлж, гүйлгээний утга дээр нь хийлгэх утасны дугаараа бичихэд хангалттай аж.