Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2” хорооллын 18 байрыг нэмж түрээслүүлэх боломжтой

Нийслэл хотод түрээсийн орон сууцанд хамрагдахаар
нийт 4000 гаруй иргэн хандсанаас 2400 орчим иргэн бүртгүүлжээ. Үүнээс 350 иргэн
түрээсийн орон сууцанд орох юм. Үлдсэн 2000 гаруй иргэн дээрх хөтөлбөрт
хамрагдаж чадахгүй үлдэнэ. Хөдөө орон нутагт мөн эрэлт нь нийлүүлэлтээсээ
давсан байна. Тухайлбал, Увс аймагт 400 гаруй иргэн хүсэлт гаргаснаас 83 иргэн
дээрх хөтөлбөрт хамрагджээ. Харин Дархан-Уул аймгийн хувьд 200 гаруй иргэн
журмын дагуу сугалаанд оролцож 83 иргэн “Түрээсийн орон сууц”
хөтөлбөр хамрагдсан байна.

Энэ удаагийн “Түрээсийн орон сууц”
хөтөлбөрт “Буянт-Ухаа 2” хорооллын 30 ширхэг байрыг хамруулсан. Цаашид эрэлт их
байгаа учраас ирэх долоодугаар сард хүлээлгэж өгөх тус хорооллын шинэ 18 ширхэг
байрыг мөн энэ маягаар түрээслүүлэх боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Малын галзуу өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ

Архангай аймгийн Ихтамир суманд хоёр үхэр, Говь-Алтай аймгийн Шарга суманд нэг үхэр галзуугаар өвчилсөн болох нь батлагдаж, сумын засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоожээ.

Өнөөдрийн байдлаар Булган, Архангай, Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай, Ховд аймгийн есөн суманд малын галзуу өвчний хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Мөн улсын хэмжээнд Зоонозын өвчин судлалын төвд, хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 35 яаралтай дуудлага хүлээн авснаас, галзуугийн эрсдэлд өртсөн, хачигт халдвар, боомийн хүний өвчлөлийн гурван сэжигтэй тохиолдол илрээд байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас хачигт риккексиозын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, дуудлагын дагуу сорьц авч ЗӨСҮТ-ийн Ийлдэс судлалын лабораторит хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Гарамгайбаатар: Бүлэг дээр Н.Алтанхуягийн мэдэгдлийн талаар ярилцаагүй

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дууссан ч сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар дараахь тодруулгыг өгөв.

-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хөдөө орон нутагт гишүүдийн ажилласан байдлын талаар хэлэлцсэн. Мөн эхний ээлжинд нэн яаралтай хэлэлцэх ямар асуудал байгааг хэлэлцсэн.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдлийг гишүүд хэрхэн хүлээж авсан бэ?

-Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Р.Гончигдоржийг санал болгосныг танай бүлэг хэрхэн хүлээж авсан бэ?

-Энэ талаар өчигдөр хэвлэлээс харсан. Албан ёсоор бүлэг дээр энэ асуудлыг яриагүй.

-Хэрвээ энэ саналыг оруулж ирвэл бүлэг дэмжих үү?

-Асуудал нь орж ирээгүй болохоор хэлэх зүйл алга.

Categories
мэдээ улс-төр

М.Энхсайхан Японы Элчин сайдтай уулзав

Монгол улсын сайд М.Энхсайхан Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү нар энэ оны 4 сарын 5-ны өдөр уулзалдав.

Уулзалтаар Тавантолгой цахилгаан станц (ТТЦС) төслийн хөрөнгө оруулагчаар шалгарсан Японы Марубени компанитай хийж байгаа хэлэлцээний явцын талаар мэдээлэл солилцож, шалгарсан хөрөнгө оруулагчтай Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээг энэ оны тавдугаар сард хийх бодолтой байгаагаа хэлсэн байна.

Элчин сайд Такэнори Шимизү Монгол улсын эдийн засаг, хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой ТТЦС төслийг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Зарим захын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

Нийслэлийн авто замын хөдөлгөөнийг сааруулах үүднээс зарим зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамж гаргасан байна. Захирамжийн дагуу энэ сарын 1-нээс эхлэн хуучин “Бөмбөгөр”, “Содон Бөмбөгөр” худалдааны төвүүд өглөөний 09:00-20:00 цаг хүртэл ажилладаг боллоо.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар эдгээр асуудлыг шийдвэрлэжээ

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна-

“Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийг баталлаа

Төрөөс бичил бизнесийн үйл ажиллагааг санхүүгийн үйлчилгээгээр дэмжин, иргэдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, бэлэн мөнгөний урсгалыг сайжруулснаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэх боломж бүрдэх юм. Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна.
Хөтөлбөр нь НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд 5 аймгийн 50 суманд байгуулагдсан эмэгтэйчүүд зонхилсон 454 бизнесийн бүлгийн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, орон нутгийн онцлог бүхий бичил бизнесийг зээл, зээлийн батлан даалтын үйлчилгээгээр дэмжих замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, аж ахуйн зохион байгуулалтад шилжих угтвар нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэх юм. Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд нийт 6600 бүлгийг иргэдийн хамтын оролцоо, хариуцлага, хяналтад тулгуурлан 8-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, хөтөлбөрийн хугацаанд тэдгээрийн 50-иас доошгүй хувийг нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжид шилжүүлэхээр төлөвлөж байна. Бүлгийн гишүүдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зонхилохоор тооцож байгаа бөгөөд сумын бүлгүүдийн нэмүү өртгийн сүлжээнд хамрагдсан газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч гишүүдэд ногдох зээлийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлэх юм.

Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөллөө

Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалтыг баталлаа.
Өнөөдрийн байдлаар манай улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 967 МВт байгаа бөгөөд нийт үйлдвэрлэсэн цахилгааны 4 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр эзэлж байна. Эрчим хүчний зохицуулах хороо салхины эрчим хүчний таван төсөл, нарны эрчим хүчний зургаан төсөлд барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгоод байна. Ойрын жилүүдэд эрчим хүчний системд шинээр ашиглалтад орох ус, нар, салхины эх үүсвэрийн хүчин чадлын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын дүн нэг тэрбум ам.долларт хүрэх боломжтой байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нарны зайн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийг дотооддоо үйлдвэрлэсэн, чанартай, хямд бүтээгдэхүүнээр хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үзэж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт ажилласны мөрөөр дараах арга хэмжээг авахаар боллоо

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт ажилласан тухай Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Дорноговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Сайншанд сумын Хамрын хийдийн дөрвөн замын уулзвараас Хан Баянзүрх хайрхан хүртэлх 6.5 км хатуу хучилттай авто зам барих зураг, төсвийг боловсруулан шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригт, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.
Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилгыг шинээр барих хөрөнгийг 2016 оны Төсвийн тодотголд тусгах асуудлыг судалж, шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгалаа.
Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.
Дорнод аймгийн Хэрлэн суманд байрладаг долдугаар цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоомын асуудлыг судалж, шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгалаа.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ашиглалтад орсон “Боловсрол” хорооллын орон сууцыг Ипотекийн таван хувийн зээлд хамруулах арга хэмжээ авахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.
Дорнод аймгийн “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн дулааны цахилгаан станцыг 100МВт-аар өргөтгөх болон Сүхбаатар аймгийн Боловсрол хороололд 960 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг барих асуудлыг “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-д тусгах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Товч мэдээ:

– “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай” хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарт уг хуулийн үзэл баримтлалыг хамтран батлахыг даалгалаа.
– Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэцэн дэмжээд, батлахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.
– “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавих журам”-ыг тус тус баталлаа

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдыг уучлалт гуйхыг шаардаж бичиг хүргүүлнэ гэв

УИХ дахь МАН-ын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэлдээ “УИХ-ын хаврын чуулганы эхний долоо хоногт Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байгаа. Давхар дээлний асуудал учир Сангийн сайд болон Хууль зүйн сайдаас бусад сайдын хувьд давхар дээлтэй байх шаардлагагүй гэж үзэж байна. Тиймээс уг хуулийн төслийг дэмжиж байгаа. Мөн өөр нэг асуудлыг намын бүлэг дээр хэлэлцсэн нь Эдийн засгийн чуулганы үеэр Ерөнхий сайдын хийсэн болчимгүй мэдээлэл юм. Өрийн талаар олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийж байна. Индер дээрээс МАН-ын бүлгийн гишүүд рүү дайрч, доромжилсонд харамсаж байна” гэж ярив.

Харин МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтобаяр “Ерөнхий сайд гадны хөрөнгө оруулагчдын өмнө үндэсний томоохон компаниудыг цохон хэлж, олны өмнө шившгээ дэлгэлээ. Тиймээс МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг хэлсэн үгэндээ уучлалт гуйхыг шаардаж бичиг хүргүүлнэ. Хэрвээ Шаардлагыг хүлээн авч уучлалт гуйхгүй бол огцруулах асуудлыг хөндөнө” гэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Батлан даалтад байхдаа банк дээрэмдэхийг завджээ

Өнгөрсөн
сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Худалдаа
хөгжлийн банк”-ны салбарт юүдэнтэй улаан цамц, хар богино хүрэм, хар өмд, хар
алаг пүүзтэй, гартаа урт буу мэт зүйлийг даавуугаар ороож барьсан эрэгтэй хүн
орж ирээд мөнгө нэхэж байгаад гарч зугтаасан байна. Үүний дагуу цагдаагийн алба
хаагчид шуурхай ажиллан, хэргийг иргэн Б гэгч үйлдсэнийг тогтоон, баривчилжээ.

Одоогоор уг хэргийг тус дүүргийн цагдаагийн
гуравдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна. Хэргийг үйлдсэн Б нь хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаад
батлан даалтад гарсан этгээд байжээ.

Categories
мэдээ нийгэм

3028 золбин нохой устгав

Нийслэлийн хэмжээнд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд ачаалал ихтэй ажиллалаа. Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв 03 сарын 28-наас 04 сарын 04-ний өдрүүдэд иргэд, аж ахуй нэгж байгууллагаас нийт 125 санал, гомдол хүлээн авч, шуурхай зохицуулалт хийн холбогдох дүүрэг, инженерийн байгууллагуудын диспетчер, албан тушаалтанд мэдэгдэж, үүрэг өгч шийдвэрлэлтэд нь хяналт тавьж ажиллав.

Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2209 машинаар 19225.78 тонн хог хаягдал тээвэрлэж устгав. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нийт 3028 нохой булж устгалаа. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд том оврын 5598 автобус, туслах шугамын 470 автобус үйлчилгээнд явлаа гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн өсвөрийн улсын аваргууд тодров

Монголын хүндийн өргөлтийн холбооноос алтан түнш “Hunnu air” компанийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд зохион байгууллаа. Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн зааланд болсон тус тэмцээнд Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар аймаг болон “Алдар”, “Хүч” хороо, Төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургууль, Багануур дүүргийн нийт 11 байгууллагын 100 гаруй өсвөрийн тамирчид оролцжээ. Тэмцээнд ОУХМ нэг, спортын мастер, спортын дэд мастерын цолтой тус бүр дөрвөн тамирчин өрсөлдсөн байна.

Тэмцээний үеэр улсын рекорд болон цол зэргийн болзлыг дараах тамирчид биелүүлэв. Хөвгүүдийн 44 кг-ын жинд “Хүч” спорт хорооны тамирчин Э.Төртогтох түлхэлттэй өргөлтөөр 68 кг-ыг амжилттай өргөж, улсын рекордыг нэг кг-аар ахиуллаа. Мөн охидын 48 кг-ын жинд ТСБТДС-ийн тамирчин, спортын мастер Б.Тунгалаг огцом өргөлтөөр 60, түлхэлттэй өргөлтөөр 75, нийлбэрээр 135 кг-ыг өргөж, ОУХМ цолны болзлыг биелүүлжээ. Түүний хувьд өсвөрийн зургаа, залуучуудын нэг рекордыг шинэчлэн тогтоосон байна. Энэ жил 16 настай Б.Тунгалагийн хувьд өнгөрөгч сард Сүхбаатар аймагт болсон Бүх ард түмний спортын XIV наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.

Тэмцээний шилдгээр хөвгүүдээс спортын дэд мастер Х.Очирхүү, охидоос ОУХМ Б.Тунгалаг нар шалгарлаа.

Багийн дүнгийг эрэгтэй, эмэгтэй тусад нь тодруулжээ. Эрэгтэй багаас Дархан тэргүүлж, “Алдар” спорт хороо, Хөвсгөл удаалсан бол эмэгтэй багаас ТСБТДС, “Алдар”, Дарханы багууд эхний байруудыг эзлэв.