Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга З.Энхболдын ярилцлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы
дөрөвдүгээр сарын 6-ны лхагва гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн уншигч та
бүхний гар дээр очлоо.
Манай
сонины өнөөдрийн дугаарт УИХ-ын дарга З.Энхболдын ярилцлага хэвлэгдэн гарлаа.
Та бүхэн ярилцлагыг нэг, хоёр, тавдугаар нүүрээс хүлээн авч уншина уу.
Манай
сонины өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрээс нэрт нийтлэлч Баабарын XX зууны
Монгол орон: Нүүдэл шийдэл … номын “Дэмидийн үхэл” хэсгийг унших боломжтой. Энэ
хэсэгт “Дэмид, Жанцанхорлоо нарыг нас барсан даруйд шарилыг нь үзсэн хүн бол
эхнэр Б.Навчаа нь юм. Тэрээр “Дэмид нүүрэн тус газраа шарх олсон байв. Ямар нэг
юман дээр унасан, эсвэл юмаар цохиулсан байх. Ер нь царай нь ихэд шаналж зовсон
шинжтэй байсан” гэжээ … нөхөр Чимид наснаас нөхчсөн нь ихэд сэжигтэй гэж
бичсэн байна. Дэмид нарын шарилыг цааш богоонд тээн явсаар наймдугаар сарын
27-нд Москвад авчирхад галт тэрэгний буудалд Зөвлөлт, Монголын далбааг
бөхийлгөн угтжээ. Угтагсад нь ГЯЯ, Батлан хамгаалах яамны дэд сайд нар болон
иргэний дайны баатар маршел Будённый нар байлаа. Шарилыг буцааж Монгол руу
аваачих хүсэлтийг эхнэр нь шаргуу шаардсан боловч зөвлөлтүүд яаравчлан
чандарлаад чулуун савтай үнс хүлээлгэн өгсөн …” хэмээн өгүүлжээ. Дэлгэрэнгүйг
гуравдугаар нүүрнээс уншаарай.
Өнгөрсөн
гуравдугаар сарын 31-нд Худалдаа хөгжлийн банкны нэгэн салбараас эрхэлсэн
тодорхой ажилгүй 28 настай Д.Бямбасүрэн мөнгө дээрэмдэхийг завдсан хэрэг
гарсан. Тэрбээр мөнгө хулгайлж чадаагүй бөгөөд түүнийг цагдаагийн албан хаагчид
шуурхай эрэн сурвалжлан, олж илрүүлсэн юм. Энэ талаарх мэдээллийг долдугаар
нүүрээс уншаарай. Өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн Баянцагаан суманд
найман настай мориноос унаж, маш хүнд бэртсэн юм. Түүний гавлын яс цөмөрснөө
ухаангүй хоёр гурав ч хоносон. Хүүгийн амь насыг аврахын тулд ГССҮТ-ийн эмч нар
тэр даруй орон нутагт нь очиж, мэс засал хийсний дүнд хүүгийн амь насыг аварсан
билээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг 19 дүгээр нүүрт орсон “Мориноос унасан хүү
уржигдраас ухаан орж, биеийн байдал нь сайжирч эхэлжээ” нийтлэлээс уншаарай.
УИХ-ын
нэгдсэн хуралдаан болон байнгын хороод, бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн
асуудлуудын талаар арваннэгдүгээр нүүртээ багцлан орууллаа.
Мөн “Эх
орон сумаас эхэлнэ” буланд Говь-Алтай аймгийн Цогт сумыг онцоллоо.
“Universe
best song”s уралдааны шүүгч, дуучин С.Наран,СТА төгөлдөр хуурч Ц.Энхтөр нарын
уран бүтээлийн сонирхолтой ярилцлагаас гадна Монголын боксын холбооны ерөнхий
нарийн бичгийн дарга Ц.Батнасангийн “Олимпийн гурван эрх нэмж авна гэж бодож
байгаа” зэрэг ярилцлагууд тус тус өнөөдрийн дугаарт багтлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн
хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан зарим хуулийн
төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэхийг дэмжлээ.

1. Үндэсний аюулгүй байдлын тухай
2. Монгол Улсын батлан хамгаалах тухай
3. Зэвсэгт хүчний тухай
4. Цэргийн албаны тухай
5. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай
6. Төрийн болон албаны нууцын тухай
7. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад
бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцэн хэлэлцэхийг дэмжсэн юм. Эдгээрээс
Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн
төслүүдийг хаалттай горимоор хэлэлцэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засгийн байнгын хороо Ажлын хэсгүүд байгууллаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны
өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Ажлын хэсэг байгуулах тухай
байлаа. Тус хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын
гишүүн А.Тлейханаар ахлуулан байгуулав. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай
зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн
зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт
бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийг УИХ-ын
гишүүн С.Дэмбэрэл ахлан ажиллахаар боллоо.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015
онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017
онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын
хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл
ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцэх бэлтгэл хангах, Байнгын
хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын
гишүүн Ж.Батсууриар ахлуулан байгууллаа.

Мөн өдрийн хуралдаанаар “Монгол Улсын эрдэнэсийн
сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны
төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай дэгээр хэлэлцлээ.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийн УЦС барих ажил эхлэхээр боллоо

A23b6a advantages and disadvantages of hydroelectric power x800Баруун гурван аймгийг найдвартай эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт, Ховд голын “Тавалтайн хавцал” хэмээх газарт баригдах Усан цахилгаан станцын барилгын ажил эхэлж 2016 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр анхны өрөмдлөгөө хийхээр боллоо.

Нийтдээ 92.8 МВт-ын хүчин чадалтай энэ УЦС-ыг Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM” компаний 248 сая ам. долларын хөрөнгөөр барьж байгуулах юм. Тус компани нь энэ УЦС-ын ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр боловсруулж, улмаар барьж байгуулах тусгай зөвшөөрлийг 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдөр авсан байна.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн шийдвэрээр Концессын тухай хуулийн дагуу “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм.

Дашрамд дурдахад “ZTM”компани нь Монгол Улсын эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг өөрийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” нисэх буудалд онгоц шатаагүй, харин сургуулилт хийсэн гэв

surguuliltӨнөөдөр 13:00 цагийн үед нийслэлийн “Чингис хаан” нисэх онгоцны буудалд онгоц шатаж байгаа тухай мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Тодруулбал, нисэх онгоцны буудлын хашаанд их хэмжээний утаа гарч байгаа зураг цахим орчинд тарсан юм.

Энэ талаар Онцгой байдлын алба “Онгоц шатсан зүйл байхгүй. Онцгой байдлын алба болоод хүчний байгууллагуудын хамтарсан сургуулилт болсон” хэмээн тайлбарласан байна.surguulilt

Categories
мэдээ нийгэм

Ж.Гүррагчаа өөрийн нэртэй өмсгөлөө гардан авлаа

Монгол хүн сансарт ниссэн түүхт 35 жилийн ойг
тохиолдуулан Монгол Улс, ОХУ-ын Баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн
нэрэмжит “Сансар цом” тэмцээний нээлт МХБХ-ны футзалын ордонд боллоо. Ахмад
хөлбөмбөгчдийн дунд зохиогддог энэхүү тэмцээн цаашид МХБХ-ны календарьт багтан
уламжлал болон зохиогдох юм.

Хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, багууд шударга
тоглох тангараг өргөн сүр жавхлантайгаар эхэлсэн тус тэмцээний нээлтэд
Ж.Гүррагчаа оролцож, өөрийн нэртэй өмсгөлөө гардан авлаа.

Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажил ирэх зургаан сард дуусна

Эрүүл мэнд, спортын яамны төрийн бичгийн дарга С. Ламбаа ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажилын явцтай танилцлаа. Дэлхий даяар хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа. Түүнтэй адил Монгол Улсын хэмжээнд ч хавдрын өвчлөл буурахгүй байна. Манай улсад жил бүр 5500 орчим хүн хорт хавдартай гэж оношлогддог. Үүний 75 хувь хожуу үе шатандаа оношлогддог байна. Өөрөөр хэлбэл, хорт хавдраар өвчилсөн дөрвөн хүний гурав нь хожуу үедээ оношлогддог гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд хэлж байна.

Уг өргөтгөлийн барилга нь А, Б, С блокоос бүрдэнэ. Барилгын А болон Б блокын дотор заслын ажил хийгдэж байна. С блок буюу туяа эмчилгээний тоног төхөөрөмж байрлах бункер нь нэг давхараас бүрдэх бөгөөд одоо цутгалтын ажил хийгдэж байна. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Зүр” компаныханд Эрүүл мэнд, спортын яамны төрийн бичгийн дарга С. Ламбаа зургадугаар сарын 30 гэхэд ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.

Тус өргөтгөл нь зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалтай нийт 4 давхар 5200 м2 орчим талбайтай бүхий барилга юм.

Categories
мэдээ нийгэм

Микроавтобусууд наймдугаар сарын 1 хүртэл үйлчилгээнд явна

Нийслэлд үйлчилж буй микроавтобуснуудыг энэ сарын 1-нээс үйлчилгээнд явуулахгүй байхыг албаныхан мэдээлсэн. Энэ шийдвэрийг эсэргүүцэж микроавтобусны жолооч нар жагсаал хүртэл хийсэн. Энэ асуудлаар Бага оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргаж наймдугаар сарын 1 хүртэл нийтийн тээвэрт үйлчлэхээр болжээ. Тус холбоо нь 32 чиглэлийн 15 аж ахуйн нэгжүүдийн 353 тээврийн хэрэгслээр үйлчлэх гэрээг Нийслэлийн нийтийн тээврийн газартай түр байгуулсан байна.

Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын Олон нийттэй харилцах хэлтэсийн ажилтан О.Болдоос тодруулахад “Микроавтобусууд нь том оврын автобусны үйлчилж чадахгүй газруудад очиж, оройн цагаар иргэдэд үйлчилдэг. Мөн бага оврын автобусуудыг шууд үйлчилгээнээс хасахад энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдийн орон зайг нөхөхөд хүнд байна. Манай байгууллагаас микроавтобуснуудад хоёр сар тутамд авто тээврийн үзлэгт хамрагдаж байх, хуучин тээврийн хэрэгслээ шинэчлэх гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын 40 гаруй улсад байгаа Монгол иргэд сонгуульд оролцоно

Өнөөдөр Гадаад хэргийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Н.Анхбаяр Ясар шалтгааны улмаас БНСУ-руу аялаж байгаа иргэд хил дээрээс буцах тохиолдол их байгааг тодруулахадБНСУ-ын аялал жуулчлалын онцгой бүс Чежү рүү аялаж байгаа иргэд хил дээрээс буцах тохиолдол байгаа. Үүнийг зөвхөн Монгол Улсын аялагчдад хамаатуулж ойлгож болохгүй.

Бусад орны жуулчдад ч хамаатай асуудал байгаа. Хил дээрээс буцах гол шалтгаан нь өмнө нь тус улсад зорчиж байхдаа визийн зөрчил гаргасан, эрүүгийн болон захиргааны зөрчилд холбогдсон, хоёр талын аялалын тийз аваагүй, зочид буудлын захиалгаа баталгаажуулаагүй гэх мэтийн үндэслэлүүд байна” гэсэн юм.

Мөн тэрбээр Гадаадад Монгол Улсын нийт 125 мянган иргэн байгаа гэсэн мэдээлэл манай яаманд байгаа. Эдгээр иргэдээс 5 мянга орчим нь 2012 оны УИХ-ын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. Тэгэхээр гадаадад байгаа нийт иргэдийн тав хүрэхгүй хувь нь сонгуульд оролцосон гэсэн үг. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулна. Манай дипломат төлөөлөгчийн газар байдаг 40 гаруй улс бий. Эдгээр улсуудад сонгууль явагдаж, тэнд оршин сууж, ажиллаж амьдарч байгаа иргэд сонгуульд оролцох боломжтой” гэв.

Categories
мэдээ нийгэм

Газар тариалангийн зориулалттай зарим техник хэрэгслийг татвараас чөлөөллөө

Төрөөс дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, иргэдээ
эрүүл, хямд үнэтэй газар тариалангийн бүтээгдэхүүнээр хангахад татвар, зээлийн
бодлогоор дэмжих зорилгоор импортоор оруулж ирж байгаа хөдөө аж ахуйн
зориулалттай зарим техник хэрэгслийг гаалийн албан татвар болон НӨАТ-аас түр
хугацаагаар чөлөөллөө.

Тодруулбал, шинэ трактор, комбайн, 37 нэр төрлийн
машин механизм, гурилын үйлдвэрийн 17, усалгааны тоног төхөөрөмж 21, ойн аж
ахуйн техник, тоног төхөөрөмж 39, долоон нэр төрлийн бордоо, дөрвөн төрлийн
ургамал хамгааллын бодис , бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг гаалийн
албан татвараас энэ оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл, НӨАТ-аас 2020 оны 12-р
сарын 31-ны өдрийг хүртэл тус тус чөлөөлсөн байна.

Өмнө нь 2011 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл
НӨАТ-аас чөлөөлж байсан бөгөөд уг хуулинд 2012 оны нэгдүгээр сарын 19-ний
өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг
хүртэл сунгаад байсан юм. Дээрх хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийг 45.7 тэрбум
төгрөгийн татварыг хөнгөлсөн байна.