Categories
мэдээ нийгэм

14 улсын байцаагчийн эрхийг цуцлав

Мэргэжлийн хяналтын 14 улсын байцаагчийн
эрхийг цуцалжээ. Төрийн байгууллагын албан хаагчдын ажлын давхардлыг
арилгах, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах зорилгоор МХЕГ-ын
даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж Улсын ерөнхий байцаагчийн бүрэн
эрхийн дагуу 14 улсын байцаагчийн эрхийг цуцалсан байна.

Эрхээ цуцлуулсан байцаагчид нь МХЕГ-ын
захиргааны албан хаагчид бөгөөд аж ахуйн нэгж байгууллагад хяналт
шалгалт хийдэггүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг
гүйцэтгэдэггүй аж.

Иймд захиргааны албан хаагчдын ажлын чиг
үүрэгт хамааралгүйгээр олгогдсон эрхийг цуцалснаар, улсын /ахлах/
байцаагчдын эрхийг замбараагүй олгож байсан явдлыг таслан зогсоох эхний
алхам болжээ.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганд 27 иргэн төөрчээ

Байгалын онц аюултай үзэгдэл болж байгаатай холбоотойгоор хотоос гарах
автозамуудыг өчигдөр оройн 21.00 цагаас эхлэн тодорхой хугацаагүйгээр
хаав. Тиймээс иргэдийг хотоос гарахгүй, мэргэжлийн байгууллагаас
гаргасан зөвлөмж, анхааруулагыг мөрдөхыг албаны хүн санууллаа. Салхи
18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга
шуурч байгаа тул өчигдөр орой 21:00 цагаас Зам тээврийн сайд
М.Зоригт сайдын тушаалаар орон нутгийн замын хөдөлгөөнийг хаан зорчиж
байсан иргэдийг аюулгүй газарт хоноглуулсан байна.

Цасан шуурга шуурч эхэлсэн өчигдрөөс орон нутагт 76 иргэн төөрч, эрэн
хайх ажиллагааг эхлүүлжээ. Яг одоогоор Завхан аймгийн Асгат,
Баянхайрхан, Нөмрөг, Дөрвөлжин, Отгон суманд нийтдээ 26 иргэн,
Баян-Өлгийн Буянтад нэг иргэн сураггүй алга болсныг эрэн сурвалжилж
байна. Эдгээр хүмүүсийн гурав нь малаа хариулж яваад төөрсөн бол бусад
нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан бололтой.

Цасан шуурганаас болж Увс аймгийн Давст сумын нутагт 700 гаруй бог мал
цасанд дарагджээ. Аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас шуурхай
арга хэмжээ авч цаснаас ухаж гаргасан байна.

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас иргэд цасан шуурганы үеэр хол,
ойрын замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас,
халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй
явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган
замд гарах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг
агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас
өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг байнга авч, дагаж мөрдөхийг
анхааруулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Долгорын Батжаргал: Үзэг гээч зүйлийг амрааж болохгүй. Амраавал хөшчихнө

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч, МУИС-ийн доктор багш Долгорын Батжаргал гэж чимээгүйхэн уран бүтээлээ туурвиж явдаг их хүмүүн байх. Түүнтэй уулзаж, зохиол бүтээл болон залуу насных нь дурсамж дурдатгалаас хуваалцлаа.

-Юуны өмнө таны төрсөн нутаг ус, бага насны дурсамжаас яриагаа эхэлье гэж бодлоо…

-Миний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Баянзүрх сум гэж “Монголын нууц товчоо”-нд гардаг шиг цатгалан могой шургаж чадамгүй хөвч тайгатай сайхан нутаг бий. Тэр л нутагт би төрж өсөөд, дунд сургуулиа дүүргээд, ахлах ангийг Мөрөнд төгссөн юм. Түүнээс хойш олон он улирсан ч бага насныхаа дурсамжтай үргэлж биш ч үе үехэн учирч, шүлэг зохиолдоо оруулж тэр л гэнэн цайлган насаараа бахархан баясч, хөөрч догдолж явдаг юм аа. Манайх малчин айл байлаа. Ээж, эгч хоёр маань фермийн саальчин хийнэ. Манай нагац эгчийн хүү бид хоёр их ойрхон өссөн юм. Насны хувьд хэдхэн сарын зөрүүтэй үеэлүүд байхгүй юу. Тэр маань бас шүлэг зохиолд их дуртай учир бид хоёр сумынхаа номын сангийн идэвхтэн уншигчид байлаа. Оюундалай гэж номын санч эгч бид хоёрт их сайн, номыг цэвэрхэн уншдаг гэж зуны амралтаар унших ном өгнө. Тухайн үед манайх цөөн хэдэн хоньтой байсан юм. Гэвч айл айлаас нийлсэн нэгэн суурь хонийг үеэл бид хоёр л голлон хариулна. Хонио хариулангаа номоо уншина. Хонины бэлчээр бол ном ушихад их тохиромжтой байж. Яагаад гэвэл хонин сүрэг урт хөлийн мал шиг дэрхийгээд алга болчихгүй тогтуун сайхан идээшилнэ. Тиймээс зуны халуунд модны сүүдэрт, голын харгиан дээр гээд хонио дагаад л уншаад явна. Том том номуудыг хоёр, гуравхан өдөрт уншчихдаг байсан юм.

-Ер нь та багадаа уран зохиолд их хорхойтой хүүхэд байж ээ?

-Тийм. Миний “Шүлэг яаж бичих вэ” номонд ч орсон бий. Анх хоёрдугаар ангийн сурагч байхдаа Н.Банзрагчийн “Зам” романыг уншсанаа их сайн санадаг юм. “Хүн бүр өөр өөрийн замтай. Тэр зам бол эцэс төгсгөлгүй амьдрахын хүслэн оргилсон зам” гэж уншаад баярлан баясаж явж. Ер нь унших дур хүслийг ах маань өдөөж өгсөн юм шиг байгаа юм. Юу гэхээр хамт цөцгий тээгээд явж байхдаа ах маань А.Дюмагийн “Монте Кристо гүн” зохиолыг ярьж өгнө. Ном их ярьж өгнө. Дараа нь ахын ярьж өгсөн номуудыг өөрөө уншиж амт шимтийг мэдэрч байлаа. Мөн ээж маань их үлгэр мэддэг хүн байж билээ. Өвлийн шөнийн уртад үйл үртэс оёно, эсвэл бидэнд үлгэр ном, домог хууч ярьж өгнө. Тэр бүхнийх нь ач ивээлээр үг холбож хэдэн ном бичиж яваа хүн дээ, би.

-Таны анхны шүлэг бүтээл хэзээ төрсөн бэ?

Энэ их урт түүх ээ. Би чинь анх математикийн ангид байсан хүн шүү дээ. Математик, физикээр шалгалт өгч МУИС-ийн математикийн ангийн хуваарийг Мөрөнгөөс шууд авч ирсэн оюутан байлаа. Математик, физикийн факултет I байранд хичээллэдэг байхгүй юу,одоо ч хэвээрээ л байна. Тэгтэл одоо энэ II байран дээр “С.Дулам багшийн дугуйлан хичээллэнэ” гэсэн зарлал гарсныг дуулаад их хөөрч догдлон хүрээд ирлээ. Тэр дугуйлангийн анхны дугаарыг талийгч З.Түмэнжаргал ах хөтөлсөн юм. Тэр үед Түмээ ах “Ууган намар” шүлгээ уншихад,

“Аймгийнхаа хилийг алхаж чадаагүй банди

Англиар дуу дуулна, дэвхэцнэ…” гэсэн мөрүүд нь сэтгэлд хоногшиж байв. Дараа нь тэр дугуйланд тогтмол явж, олон ч шүлэг бичиж дээ. Манай Дан.Нямаа намайг “Алтрагийн хүү” гэдэг шүлгээр минь сайн мэддэг. Яагаад гэхээр анх тэр шүлэг маань сонинд хэвлэгдсэн. Тэгээд хүмүүс их тоосон юм шиг байгаа юм. Тэр нь:

Халгиаг нь дуурайн хөлд орж

Харгиаг нь сонсон хэлд орж

Шүүдэр тунгалаг усыг нь

Сүүдэр адил дагасан

Би Алтрагийн хүү

Мөрөнд нийлэх хүслийг нь өвөрлөн

Мөнхөд тэмүүлэх хүчийг нь өвлөн

Шүүдэр тунгалаг усыг нь

Сүүдэр адил дагасан

Би Алтрагийн хүү гэсэн аравхан мөр шүлэг аймгийн сонинд гарсны дараа ах маань шүдэнзний хайрцагнаас томгүй хэмжээтэй хайчилбарыг нь захидал дотор хийж надад илгээж. Тэрийг нь би дэвтэр дээрээ наагаад хүн амьтанд үзүүлж, найзууд баяр хүргээд л их хөгжилтэй байж. Тэгээд би тэр үед “Төмөр замын техникум”-д сурч байсан нэг дүүдээ үзүүлэхээр очиж нөгөөх маань бас нэг айлд байдаг. Тэгсэн надад баяр хүргэн шүлгийг маань мялааж нэг гамбир хайрч өгч байлаа. Тэрхүү хайчилбараа бариад би бараг бүтэн жил хөөрч гүйсэн дээ. Одоо болтол Дан.Нямаа маань надад ном бүтээлээ өгөх болгондоо “Авьяас билигт Алтрагийн хүү..” энэ тэр гэж бичиж өгдөг юм.

-Алтраг гэдэг чинь танай нутагт урсдаг гол бил үү?

Тийм ээ. Манай Баянзүрх сумын баруун зүүн талаар урсах Алтраг, Бэлтэс голууд домогт Бошлой хадны дор Дэлгэрмөрөнд цутган нийлж цааш урсдаг юм.

-“Намайг сансарт нисвэл” гэдэг шүлэг тань дөрөвдүгээр ангийн сурах бичигт орсон байдаг. Энэ шүлгийнхээ тухай ярихгүй юу. Мөн хүүхдийн зохиол руу шуудран орсон үе тань хэзээ вэ?

-1982 онд бичсэн байх шүү. 1981 онд Д.Гүррагчаа сансарт ниссэн шүү дээ. Тэрхүү сайхан үйл явдалтай холбогдуулан “Утга зохиол” сонин, ер нь их олон сонин хэвлэл хоёр шүлгийг их дээдэлж нийтэлсэн юм. Нэг нь их Нацагдоржийн “Од”, нөгөө нь Долгорын Нямаа гуайн “Шөнийн талд адуу янцгаана” шүлгүүд. Тэгээд яг Гүррагчааг сансарт нисэх үеэр яруу найргийн том үдэшлэг циркт болдог юм байна аа. Тэр үдэшлэгийг Ардын уран зохиол Д.Пүрэвдорж гуай хөтөлж олон ч сайхан яруу найрагч, зохиолчид шүлэг бүтээлээ уншсан юм. Миний санаж байгаагаар С.Удвал гуай “Арван төгрөг”, Б.Явуухулан “Сансрын хөлөг дахиад л хөөрнө”, П.Бадарч гуай “Эх орны хүлээлт” зэрэг шүлгүүдээ уншсан юм. Их гүн утга агуулгатай сайхан шүлгүүд байсан санагдана. Тэгээд сансар огторгуй, эх орны сэдэвтэй сайхан шүлгүүд сонссоны эрчим хүчээр нэг шүлэг бичье гэж Элбэгдаваа бид хоёр тэднийд очлоо. Тухайн үед тэр найз маань Зурагтад нэг шавар байшингийн зөвхөн гал тогооны өрөөнд нь нэг ортойгоо амьдардаг байлаа. Тэгтэл Элбэгдаваа маань

Асар тэнгэрийн долоон бурхан од

Асуултын тэмдэг шиг долоон бурхан од… гээд биччихжээ. Би харин хүнээс өөр л биччих санаатай яваад байлаа. Учир нь тухайн үед би гуравдугаар курсын оюутан юмны наадах цаадхыг мэддэг болчихсон байхгүй юу. Тэгээд бичсэн шүлэг болгон сэтгэлд хүрэхгүй явсаар 1982 онд “Намайг сансарт нисвэл” гэж хүүхдийн сэдэвтэй тэр шүлгийг бичсэн юм. Тэгсэн олон хүн намайг хүүхдийн шүлэг бич, хүүхдийн зохиолч бол гэдэг юм байна. Найзууд маань намайг “Чи ч нээрээ хаана ч нүүр бардам унших нэг шүлэгтэй болжээ” энэ тэр гэж хөөргөнө. Би ч зохиолч уншигчдын уулзалт энэ тэр дээр нөгөөхөө уншина. Тэгээд л 1982 оноос хойш одоо болтол хүүхдийн зохиол бичиж, шүлгийн ном гаргаад хүүхдийн зохиолч гэгдсээр 30 гаруй жил болсон байна.

-Тухайн үед ямар ямар хүүхдийн зохиолч байв. Тухайлбал, Д.Содномдорж гуайн бүтээлүүдийг уншдаг байв уу?

-Үгүй ээ үгүй, эхлээд бид чинь яруу найраг энэ тэр сонирхоно. Тухайн үед чинь гадаад дотоодын зохиолчид, яруу найргийн шилдэг сайн ном зэргийг сорчлон уншина шүү дээ. Хүүхдийн зохиол гэж тусдаа юм байна гэдгийг сүүлд ойлгож мэдсэн. Хүүхдийн зохиолч Д.Давааням гуай МЗЭ-ийн хүүхдийн зохиолын зөвлөл хариуцаж байсан үе. Д.Давааням гуай чинь бидний хэдэн нөхдийг, бараг бүлэг хүмүүсийг хүүхдийн зохиол руу оруулсан гэж боддог юм. Одоо энэ О.Сундуй, Г.Ганболд, бурхан болооч Ж.Жаргалсайхан, Ш.Энхбаяр зэрэг нэгэн үеийн арми гэж хэлж болохоор нөхдийг өрөөндөө хүлээн авч хүүхдийн шүлэг, өгүүллэг, тууж уншиж, бидний бүтээлийг сонсож, гадаад дотоодын сонин сайхнаас хуваалцаж биднийг бэлддэг байсан юм. Тухайн үед “Яаж муу сурах вэ” гэсэн хүүхдийн сэдэвтэй өгүүллэг бичсэнийг маань Д.Давааням гуай их тоож “Утга зохиол” сонинд хэвлүүлэх тухай ярьж байлаа. Гэвч тэр үед хүүхдийг яаж онц сургах вэ л гэдэг байснаас “Яаж муу сурах вэ” тухай ойлголтгүй гарчгийг нь солимоор байна гэнэ. Харин би солиулах бодолгүй байлаа. Өгүүллэгт онц сурдаг хүүхдийг ангийнхан нь илүү дутуу үзээд байхаар нь муу сурахаар шийдэж байгаа тухай гардаг юм л даа. Тэгсэн муу сурсан нь сайн сурахаасаа ч төвөгтэй аж. Учир нь дуртай хичээлдээ ч сууж болохгүй, мэддэг зүйлээ ч хуваалцаж болдоггүй тухай л даа. Гэвч сүүлд олон ном хэвлэл дээр “Яаж муу сурах вэ” гэдэг нэрээрээ л гарсан юм.

-Хүүхдийн зохиол бичээд их урам авч байсан үе тань хэзээ вэ?

-Оюутан байхдаа арван жилийн V сургуульд багшлах дадлага хийлээ. Тэнд дадлагажиж байхдаа нөгөө “Намайг сансарт нисвэл” шүлгээ ордог анги болгоныхоо хүүхдүүдэд уншиж өгсөн юм. Тэгсэн миний ордог ангийн бүлгийн удирдагч охин “Багш аа, та наад шүлгээ сонинд өгч нийтлүүлээч гэлээ”. Нээрээ тэгье байз гээд “Пионерын үнэн” сонинд аваачиж өглөө. Тус сонины эрхлэгч, хүүхдийн зохиолч Ч.Лувсандэндэв гуай гар бичмэлийг маань аваад үлдсэн юм. Тэгтэл долоо ч хонолгүй нөгөө шүлэг маань МУИС-ийн оюутан Д.Батжаргал гэсэн нэртэй сонин дээр хэвлэгдчихжээ. Нэг өдөр миний ордог ангийн хүүхдүүд “Багш аа, таны шүлэг, Багш аа, таны шүлэг гарчихсан байна” гэж шагшин шаагиж зарим нь сониноос арзайтал нь ураад авчихсан хэсгийг нь надад өгч, зарим нь бэх асган заваартуулснаа ч надад өгөхөөр сарвайж байлаа. Тэгэхэд л хүүхдийн гэнэн цагаахан сэтгэлийг ойлгож, тэднээсээ маш их урам зориг авч байсан даа.

-Шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу. Ер нь хүүхдийн сэтгэл зүй болоод өнөөгийн цаг үед ямар зохиол хэрэгтэй гэж үзэж байна?

-“Чулууны хэл” үлгэр өгүүллэг бичээд байна. Энд тэнд явж байхад хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн зүйл бол байгаль орчны асуудал байна шүү дээ. Тэр бүхний тухай энэ зохиолдоо тусгасан юм. Дараа нь “Усны нулимс” гэж хоёр өөр голын хоёр өөр дусал усны тухай тууж бичлээ. Мөн “Цэцгийн амь” гэж зохиолыг маань комикс болгоно гэсэн. Гэхдээ зохиолыг маань жаахан өөрчилнө гэнэ, би өөрчлүүлэх бодолгүй байгаа. Түүний дараа “Модны ганцаардал” гэж ном бичлээ. Бас л байгаль орчны сэдэвтэй юм. Сүлийн үед үгийн тоглоомын шүлгүүд бичиж байна. Үзэг гээч зүйлийг амрааж болохгүй. Амраавал хөшчихнө. Хүн ч бас хөгширч биш хөшиж үхдэг гээд байгаа биз дээ. Мөн “Дүрслэл” гэж ном 2014 онд гаргасан.

-Таныг орон гэргүй тэнэмэл хүүхдийг гэртээ оруулж ирээд хооллож байсан гэж сонссон юм байна. Хэр олон хүүхдэд буян болов доо?

-Буян гэж бодвол их том юм уу даа. Зүгээр хүн ёсны л үйлдэл юм. Нэг хүнд таван цаас өгчихөөд эсвэл ганц удаа хоолонд оруулснаа буян мэтээр ойлгоод өөрийгөө дөвийлгөөд явахыг би таашаадаггүй.

-Тэгвэл буян гэж юу вэ, таныхаар?

-Ерөөсөө бусдыг үнэн сэтгэлээсээ энэрч хайрлах, хариу нэхэхгүй тус хүргэх сэтгэлийг л буян гэж ойлгодог.

-Таны зохиолоос би нэлээд хэдийг уншсан. “Ганц улаан гамбир” гэдэг өгүүллэг чинь их таалагдсан шүү. Өнөөгийн нийгмийн үнэн дүр төрх, амьжиргааны түвшний ялгаатай байдлыг сургуулийн сурагчдын амьдралаар төлөөлүүлж харуулж чадсан гэж хэлэх гээд байна л даа…

-Зөв л ойлгосон байна. Тэр өгүүллэгээ болсон явдлаас сэдэвлэсэн юм. Нэгэн тааруу амьдралтай хүүхэд хичээл дээрээ идэхээр гамбир боогоод ирж. Ээж нь хайрч өгсөн байгаа юм. Гэтэл ангийнх нь дэггүй хүүхэд нөгөөхийг нь олоод самбарт өлгөчихөж. Tэp ч бүү хэл балаар цоо хатгаж нүд ам хийж эхэлсэн байгаа юм. Ангийнх нь хүүхдүүд хөөрхий хүүг шоолоод л. Харин гамбирын “эзэн” хүүд халуун галд нүүрээ минчийтэл хайрч өгсөн ээжийнх нь нүүрийг сийчих аятай санагдаж. Ичиж, гомдсон хүү тэр дороо хичээлээ хаяад гарсан гэдэг. Эргэж очсон эсэх нь бүү мэд. Ер нь хүүхдийн сэтгэл их эмзэг шүү дээ. Цэцгийн дэлбээ л гэсэн үг. Хайрлаж явахад тийм хэцүү гэж үү гэж зарим хүмүүсээс асуумаар санагддаг юм.

-Өнөө үед ямар сэдэвтэй зохиол бүтээл үгүйлэгдэж байна гэж та бодож байна даа?

-Өсч өндийж байгаа балчир үрст алаан хядаан, нус нулимс болсон бүтээл уг нь хэрэггүй. Аль болох гэгээтэй, өөдрөг тэмүүлэлтэй тийм л ном зохиол, кино, жүжиг олноор гараасай гэж хүсч явдаг даа. Энэ чиглэлээр “Цэцгийн амь”, “Чулууны хэл”, “Усны нулимс” цуврал ном бичиж байгаа. PC тоглоомын газруудыг цөөлж, сонгодог хөгжим, шатар даам, бүжиг, уран зураг, утга зохиол, биеийн тамир спортын дугуйланг хөгжүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

-Та гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу, хэдэн хүүхэдтэй вэ?

-Гэр бүлийн хүн маань тэтгэвэртээ гарсан. Эдийн засагч мэргэжилтэй. Дөрвөн хүү, нэг охинтой. Зарим нь тус туургандаа гарч, ач зээ нар ч өсч байна даа.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Б.Номин-Эрдэнэ: Байгаль, лус, монгол хүнийг зөөлрүүлэх, аргадах үүднээс “Этник момент” тоглолтоо хийж байгаа

“Шуранхай” хамтлагийн дуучин, Улсын филармонийн гоцлол дуучин Б.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр гуравдугаар сарын эхээр “Этник момент” тоглолтоо хийх гэнэ.

-“Этник момент” гэхээр өвөрмөц сонсогдож байна шүү. Энэ тоглолтоороо хүмүүст юу хэлэхийг хүссэн бэ?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы мянга мянган уншигчдадаа гал бичин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан амьдрахыг хүсье. Эдийн засгийн хямрал, нийгмийн стресс гээд хүнийг бухимдуулахад хүргэдэг олон нөхцөл шалтгаан байгаа ч хүмүүс амгалан бол нийгэм тайван байх болно гэж боддог. Нийгмийн амгалан аялгуунд хөг нэмэхээр бүүвэйн дуу буюу “Этник момент” тоглолтоо өргөн дэвшүүлж байна. “Этник момент” тоглолтынхоо үеэр монгол хүний язгуур, уламжлалт ахуй, зүрх сэтгэлд ойр хөг аялгуу, сэтгэл хөдлөлийг бүх л эрхтнээрээ дамжуулан дуугаргаж дуулж үзүүлэх гэж байна. Этник гэдэг маань язгуур, анхдагч гэсэн утгатай. Хүний төрөлх араншин, ертөнцийг үзэх үзлийг шингээсэн ойлголт. Хүний хамгийн анхны, хэнээс ч хуулаагүй, бурхнаас заяасан этник агшин бол богино хэмжээний уулга алдалт, дуу авиа учраас “Этник момент” гэж тоглолтоо нэрлэсэн. Байгаль, лус, монгол хүнийг тайвшруулах, зөөлрүүлэх, аргадах үүднээс энэ тоглолтоо хийж байгаа.

-Янз янзын эрхтнүүдийн оролцоотойгоор дуу авиа гаргана гэсэн үү?

-Манайхан дуулахыг л дуучин гэж ойлгож байна. Дуулахад хамар, дух, нүүрний бүх хөндий яснууд цуурайтаж дуугардаг. Энэ болгонд дотоод эрхтнүүд доргиж, мэдэрч, тархины цусан хангамж нэмэгдэж байдаг. Дуучны хөдөлмөрийг маш хүнд гэж ярьдаг. Дуулахад жирийн үеийнхээс илүү хүч, сэтгэл хөдлөл гардаг. Дээр нь маш их анхаарал төвлөрдөг. Ямар сайндаа дуулж байгаад хоолойнх нь судас хагарсан тохиолдол байдаг. Ёстой уурхайн гүнд найман цаг ажилласантай тэнцэхүйц хүч, энерги зарцуулж байдаг урлаг.

-Ийм тоглолт үзүүлэхээр зориход юу сэдэл болсон бэ?

-2008 оны “Шуранхай”-н тоглолтын дараахан Сони Би Эм Жи-гийн продюсер Абдул гэдэг хүн Монголд ирээд, дэлхийд гараагүй сонин авиа хөгжим хайж, бичиж явсан юм билээ. Гэхдээ би энэ тухай сүүлд мэдсэн л дээ. Тэр хүн “Энигма”-гийн А.Нэргүйтэй уулзахаар Монголд ирсэн гэсэн. Надад хэлэхдээ “Түүнтэй тохиролцож чадаагүй” гэж ярьсан. Харин би “Бүгдийг чадна” гэж хэлсэн юм. “Та ямар үедээ гоё дуулж чадах вэ” гэхээр нь “Халуун буцалсан ус уугаад, сайн унтаад бүгдийг нь чадна” л гэсэн. Тэгээд тэр хоолойг бичүүлсэн. Надад хэлэхдээ “Монголд том брэндийн дэлгүүр нээгдэх гэж байгаа, тэрний өнгө төрхийг тодорхойлсон хөгжмийн бичлэг хийх юм” гэж хэлж, зөвшөөрөл авсан юм. Дараа нь англи хэл дээрх гэрээгээ орчуулж уншсан чинь “Энэ бичлэгийг юунд ч ашиглаж болно” гэсэн утгатай заалт байсан. Гэсэн ч тэр тохиолдол надад урам өгсөн. “Монголын их хатдын нууц товчоо” номын зохиолч Жек Уэтерфорд гуай бидний тоглолтын дараа “Шуранхай үнэхээр гайхалтай” гэж магтаж байсан. Тэр хүн ч бидэнд сонирхолтой санал тавьсан. Тэр бүхний дараа “Дэлхийд гарах маш их боломж байна” гэж мэдэрсэн. Гэхдээ би одоохондоо хамгийн гоё кодоо тайлсангүй. Ярилцлагынхаа төгсгөлд энэ тухай ярья…

-Бүүвэйн дуу гэснээс Б.Номин-Эрдэнэ ээж болсон. Бүүвэйн дууг уран бүтээл гэдэг үүднээс бус ээж хүний сэтгэл зүрхээр мэдэрчээ?

-Ээж болсон ч өдөр тутам дасгал уншиж, хоолойн бэлтгэл хийдэг байлаа. Уртын дуу дуулна гэдэг лус баярлуулна гэсэн үг. Сайхан дуулбал нэг талаар бүүвэйн дуу. Гэсэн ч ээж болоод бүүвэйн дуу дуулах өөр мэдрэмж.Үүнийгээ олон хүнтэй хуваалцах юмсан гэж хорхойсч байлаа. Биднийг хөдөө айлд очиход хуучны учир мэддэг хүмүүс “Ээ бурхан минь, Төрийн түмэн эх, Дуртмал сайхан авшигтай дуунууд” гэдэг. Зул өргөөд, арц уугиулж, хүндэтгэлтэй хүлээж авна. Уртын дуу сонсдог хүмүүс их байна. Уртын дуу сонсдоггүй нь энэ талаар огт мэдээлэлгүй үлдээд байна. Гэтэл биднийг Германд очоод дуулахаар байгаль эхийн дуу шиг гайхаж хүлээж авдаг. Этник шинж нь хүмүүст илүү мэдрэгддэг юм билээ. Хамгийн сүүлд Америкт дуулж байхдаа “Үнэхээр лус савдаг байдаг юм байна. Ганцхан монголчуудад төдийгүй гадныханд ч хувь хүний язгуур шинжийг нь санагдуулдаг юм байна” гэж бодогдсон.

-Хэзээнээс уртын дууг сонирхож эхлэв?

-Би Баянхонгор аймгийн “Номуундалай” цогцолбор сургуульд сурдаг байсан. Багадаа хүүхдийн “Тэмүүжин” театрт хичээллэдэг. Дугуйлан дээрээ байх их дуртай байсан. Эхлээд жүжигчин болно гэж боддог байснаа Жульеттад тоглохоор нуруутай, хөөрхөн биш л юм чинь гэж бодсон. Дөрөвдүгээр ангидаа Японд Хүүхдийн урлагийн наадамд оролцохоор гадагшаа явснаасаа хойш “Би гадаад л явдаг хүн болох ёстой. Юу хийдэг хүн болох вэ“ гэж бодсоор байгаад уртын дуу дуулна гэж шийдсэн. Манай Ганчимэг багш бас маш дэмжсэн. “Танай ээж чинь хүүхэд байхдаа дуулдаг байсан юм чинь чи дуулж чадна” гээд долоо хоногийн дотор нэг уртын дуу сураад, тэрийгээ аймаар буруу дуулсан ч азаар шалгаруулалтад тэнцсэн. Дөрөвдүгээр курсын оюутан дуулдаг том дууг хотод ирж шалгуулахдаа сонгочихсон байсан. Д.Хорлоо гээд манай Баянхонгорын хүн, бас манай бэр эгч алдартай дуучин байдаг. Д.Хорлоо эгчээр заалгаад дуулсан. Азаар тэр үед сонголтоо зөв хийгээд, бүх юм болсон.

-Уртын дуу дуулж байх үед хүний дотоод сэтгэлд юу болж байдаг бол?

-Би аймгийн төвд өссөн, бөх үздэггүй, уртын дуу сонсч өсөөгүй болохоор уртын дуу дуулах гэсэн нэг л болдоггүй. Гэтэл Дундговийн хүүхдүүдэд цаанаасаа манер нь байдаг. Би яаж сэтгэлдээ уул, морь харж дуулах вэ гэж хичээдэг байлаа. Дуулаад байхаар өөрөө суудаг юм билээ. Уртын дууны судалгаа хийгээд авиа зүй дээрээ ажиллаад би ингэж дуугарах ёстой юм байна гэж хичээллэсэн. “Тэмүүжин”-д драмын дугуйланд сурч байсан болохоор суурь нь байсан л даа. Эхэндээ бол сэтгэлгүй, техникээр зодож дуулдаг байсан. Арвандолоон настайдаа анхныхаа CD-г гаргаж байлаа. Уртын дууг ямар ч хүн дуулж болох юм байна гэдэг мэдрэмжийг өгөхийн тулд одоо нэг CD гаргаад, төгсөхдөө бас CD гаргая гэж төлөвлөсөн юм. Анхны “Хөх толботны аялгуу”гэсэн нэртэй CD-гээ “Анир” студид бичүүлсэн. Нууцгүй хэлэхэд сургууль төгсөх үедээ л уртын дууны сайхныг мэдэрч, аялгуунд нь дурлаж эхэлсэн. Дуулах маш гоё. Дуулах, усанд сэлэх үед адилхан тайвширдаг. Дасгал уншаад, дуулчихаар өдөржингөө ямар ч юм бүтээгээгүй байсан ч сэтгэл хангалуун болчихно.

-Япон, солонгосууд стрессээ тайлах гээд караокед дуулаад байдаг нь учиртай байх нь?

-Нэг ёсны амьсгалын фитнесс юм даа.

-“Шуранхай”-н охидыг хүмүүс мэддэг. Бодоход Д.Үүрийнтуяа, Г.Эрдэнэчимэг хоёр өндөр охид. Клипний зураг авалтын үеэр хаанаа яаж зогсох вэ гээд тооцоолох уу?

-Бодолгүй яах вэ. Би аймаар шартай. Тийм гоё хоёр согоо шиг охинтой их л өрсөлддөг байжээ. Хүнээс дутах дургүй. Дуулахдаа хүртэл урагшаа алхах ёстой, их инээх ёстой, илүү хичээллэх ёстой гэх мэтээр зүгээр байгаа хүмүүсийг өддөг байж.

-Гэхдээ л чи илүү адтай харагддаг шүү дээ?

-Тэр үеийн миний сэтгэлгээгээр өндөр, хөөрхөн л байх хамгийн чухал санагддаг байж.

-Жижигхэн охидод маш олон давуу тал байдаг гэдгийг тэгсхийгээд ойлгосон биз дээ?

-Миний нөхөр л энэ тухай мэдрүүлсэн. Хань маань надад их юм ойлгуулж, ухааруулсан даа. “Өндөр хүүхнүүд эвгүй байдаг байхгүй” юу гэдэг. Тэгээд л өндөр намдаа ч биш юм байна, ухааны асуудал юм байна. Хүнийг хайрлах, хүнтэй харилцах гэдэг өөр асуудал юм байна гээд маш олон зүйлийг ойлгосон.

-“Шуранхай”-н бусад гишүүд урлагийн хүмүүстэй гэр бүл зохиосон. Б.Номин-Эрдэнийн хувьд ямар сонголт хийв?

-Нөхөр маань мэдээлэл, технологийн инженер. Тайван дөлгөөн, гэр бүлсэг хүн. Тиймдээ ч уран бүтээлдээ эргэж орох боломж өгч байна. Бид хоёр нэгээс дөрөвдүгээр анги хүртлээ нэг ангид сурч байсан. Даан ч тэр үедээ энэ миний нөхөр, эхнэр гэж харж байгаагүй. Манай нөхөр хамгийн ард суудаг өндөр, би хамгийн урд суудаг намхан байсан. Тийм залуу байгаа.

-Ингэхэд Номин яагаад филармонийг сонгочихов?

-Филармонийг сонгохоос өмнө ч зүгээр суугаагүй. Би нийт есөн CD гаргасан байна. Улсын филармони сайхан, амьд хөгжимтэй дуулах боломжтой. Бараг долоо хоног бүр шинэ дуу сурна.

-Уртын дуу сонсдоггүй хэсэгт хүрэх гэж хичээдэг үү?

-“Этник момент” тоглолт бол ерөөсөө л энгийн хүмүүсийн анхаарлыг татах, ардын дууны яруу аялгууг орчин үеийн хүмүүст илүү ойлгомжтой байхад анхаарсан. Жишээ нь түргэн хэллэгийг яаж хөгжим болгосныг эндээс харж болно. Манай хааны мянган мөнгөн бөмбөлөгийг манай хааны мянган мөнгөн бөмбөлөг гэхгүй юм бол …гэдэг бас репперийн нэг төрөл. Сайн уртын дуучид нэг амьсгаагаар “32 цагаан лонх” уншдаг. Жигд уншина гэдэг бас л репперийн нэг хэлбэр. Хөгжим л ганцхан хэмнэлтэй биш. Хүн ч бас ритмтэй аялгуу гаргадаг.Тэр талыг бас оруулсан. Энэ тоглолтыг маань эхлээд хүмүүс сонин гэж харна. Эцэст нь “Саруул тал байвч шаврыг нь мэдээрэй, сайхан амраг байвч санааг нь таниарай” гэх мэт ардын дуунаас ухаарлыг ч олж авах болов уу.

-Уртын дуу хэдэн зуун дамжиж дуулагдаж иржээ, уртын дууг зохиож дуулах боломжтой юу?

-Уртын дууг жирийн хүн зохиодоггүй байжээ. Ертөнцийг үзэх үзэл бүх юм нь өгөгдсөн, маш том уншлагатай лам нар зохиодог байсан. Хүмүүс зохиогчийг нь мэддэг дуунууд гэхэд л Данзанравжаа “Оломгүй далай”, “Өвгөн шувуу”, “Урьхан хонгор салхи”-ийг зохиосон байдаг. Энгийн хүний ажил биш. Зургаа дахь мэдрэхүйтэй хүмүүс зохиодог гэж үнэн байх. Тийм биш байсан бол XVIII зуунаас хойш уртын дуу шинээр төрөлгүй яах вэ дээ.

-Уншлагатай, увдистай гээд яриад байх юм. Өөрөө шүтлэгтэй хүн үү?

-Уртын дууг хүн болгон дуулахгүй. Тийм учраас зөвхөн уртын дуу дуулж сурахын тулд судлах мэдрэх юм их байдаг. Шүтлэггүй хүн хүртэл энэ огт өөр, тусдаа юм байна гэж хүлээн зөвшөөрөхөд хүрдэг. Түүнээс биш нэг их шүтлэгтэй эмэгтэй биш л дээ.

-Ямар хоббитой вэ?

-Сүүлийн хэдэн жилд фитнесст их хорхойсч байгаа. Фитнесст яваад их кайф авдаг.

-Ярианы төгсгөлд нэг код тайлна гэсэн байх аа?

– Хамгийн гайхамшигтай нь Сони Би Эм Жи-гийн хөгжмийн продюсер ирж бичсэн ажил маань “Аватар” кинон дахь аватаруудын хоолойны имижийг тодорхойлох бичлэг байсан. “Аватар” кинонд миний хоолой оролцсон. Өөр хүмүүсийн нэр дээр батлагдсан байдаг юм билээ. Эхлээд энэ киног үзээд “Ямар сонин над шиг дуугардаг юм бэ” гэж бодоод байсан. Тэгээд хэд хэд үзсэн чинь миний хоолой байсан. Монгол хүмүүс боловсрол, хуулийн мэдлэггүйгээсээ болоод олон боломжийг гадагшаа алдаж байна. Үүнийг алдсан гэхээсээ илүү ямар их боломж байгааг мэдрүүлсэн гэхэд болно. Хээр салхинд гараад “Монгол хүн яарахаараа яадаг юм бэ, мал аж ахуйтайгаа яаж харьцдаг юм” гэх мэтээр асууж байсан, “Аау, хааг, чүү” гээд энэ болгоныг бичүүлж бараг хоёр, гурван цагийн бичлэг хийсэн. Түүний дараа “Ингэж хийж болох юм байна” гээд CD-нүүдээ хийсэн. Харин “Аватар”-ын тухай саяхан мэдсэн. Монгол дэлхий дээр шинэ байна. Маш содон байна. Бүхэл бүтэн өөр ертөнцийг илэрхийлэхүйц өвөрмөц сонсогдож байна.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Нисгэгчийн буруугаас болж МИ-8 осолдсон гэх дүгнэлтийг ОХУ-аас ирүүлжээ

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны 21:00 цагийн орчимд осолдсон билээ. Онгоцонд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн 11 алба хаагч сууж явсан юм. Ослын улмаас ахмад Н.Батбаяр нас барсан. Хэргийг Мөрдөн байцаах газраас шалгаж байгаа. Онгоц юунаас болж осолдсон талаар ажлын хэсэг гарч, хэд хэдэн удаа хуралдсан. Ингээд ОХУ-ын мэргэжлийн газраар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах шийдвэр гаргасан юм. Өнгөрсөн сард ОХУ-ын Москва хотын Олон улсын агаарын хөлгийн ослын шалтгааныг тогтоох газарт осолдсон Ми-8 нисдэг тэрэгний хар хайрцаг болон ослын газарт үзлэг хийсэн шинжээч нарын хавтаст хэргийн хамт хүргүүлсэн юм. Харин Москва хотын Олон улсын агаарын хөлгийн ослын шалтгааныг тогтоох газрын мэргэжилтнүүд ослын газарт үзлэг хийсэн шинжээч нарын хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийсэн байна. Ингээд нисдэг тэрэг осолдсон талаарх дүгнэлтийг гаргажээ. Мөн онгоцны хар хайрцгийг бүрэн уншиж дууссан байна. ОХУ-аас хар хайрцагны бичлэг болон юунаас болж осолдсон талаарх дүгнэлтээ Батлан хамгаалахын яам, ЗХЖШ-т өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн гэнэ. Харин холбогдох яам болон ЗХЖШ-аас Ми-8 нисдэг тэрэг осолдсон талаарх ОХУ-аас ирсэн дүгнэлтийг ихэд нууцалж байна. Бүр хэргийг шалгаж байгаа Мөрдөн байцаах газарт ч өгөлгүй хэд хоног хав дарсан гэх мэдээлэл байна. Хар хайрцагны мэдээллийг тайлж уншихад манай улсаас Иргэний нисэхийн Ерөнхий газрын хоёр шинжээч, БХЯ-ны томоохон албан тушаал бүхий хоёр хүн байсан аж. Хар хайрцагны мэдээллийг тайлж уншсан баримт 20 гаруй хуудас болсон гэнэ. Ми-8 нисдэг тэрэг юуны учир осолдсон талаар албаны эх сурвалж бидэнд ийм мэдээлэл өгсөн юм. ОХУ-аас осолдсон нисдэг тэрэгний эд анги болон бусад техникийн нөхцөл байдал, хар хайрцагны мэдээлэл хэвийн байна. Нисдэг тэрэгний техникийн бүрэн бүтэн байдалд ямар нэгэн алдаа дутагдал гарсан зүйл ажиглагдаагүй. Хэвийн үйл ажиллагаатай байсан нь хавтаст хэрэгт авагдсан шинжээч нарын тайлбарт тодорхой харагдаж байна. Харин нисгэгч хэт доогуур нисэж явсан. Үүнээс болоод нисдэг тэрэг унаж осолдсон магадлал өндөр байна гэх утга бүхий дүгнэлтийг хүргүүлсэн гэнэ.

Мөн Мөрдөн байцаах газраас Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Отгонбаяр, осол гарах үед нисдэг тэрэг жолоодож байсан Ш.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн 217.1-д заасан “Төмөр зам, усан болон агаарын тээврийн байгууллагын ажилтан тухайн төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 217.2-д заасан. “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Онгоцны нисгэгч Ш.Батжаргал нь хоёр дахь удаагаа МИ-8 нисдэг тэргийг осолдуулж байгаа юм. Өмнө нь 2007 онд УИХ-ын гишүүн байсан “Симба” Батаатай үнэг хөөж яваад Ми-8 унагаж байсан аж. Дээрх хэргийн шүүгдэгчээр онгоцны дарга Д.Гансүх, II нисгэгч Ш.Батжаргал, портмеханикч Ц.Чимиддорж нарт Эрүүгийн хуулийн 217.2 дугаар зүйл ангиар ял төлөвлөж байсан ч Өршөөлийн хуульд хамрагдаж байсан юм байна. Ш.Батжаргал нь Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисэх багийн даргын албыг хашиж байхдаа ийнхүү дахин нисдэг тэрэг осолдуулжээ. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Улсын нисэхийн хэлтсийн даргыг хугацаа нь дууссан онгоцыг хууль бусаар сунгасан гэх мэдээлэл ирсний дагуу мөрдөн байцаалт хийгдэж байгаа гэнэ. Онгоцны нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг авахдаа хууль бусаар авсан байж магадгүй гэх хэргийг ч шалгаж байгаа юм байна.

Э.Баатар

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулах нь хамгийн бодитой байдаг

Өнгөрөгч оны сүүлээр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд Их хурлаар Сонгуулийн тухай хуулийг баталсан. Р.Бурмаа, Ц.Оюунгэрэл нарын гишүүдийн санаачлан боловсруулсан уг хуулиар Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж холбогдох харилцааг зохицуулсан байдаг. Үндсэндээ Монгол Улсын Сонгуулийн тухай нэгдсэн хууль юм. Тэрхүү хуульд сонгуулийн сурталчилгааг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэхийг тодорхой зааж өгсөн нь бий. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн “Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх тухай” хэсэгт “Нэр дэвшигч буюу нэр дэвшигчийн сонгуулийн штаб дараах хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг иргэдэд тараах эрхтэй. Үүнд: гурван хэвлэлийн хуудас сонин, гурван хэвлэлийн хуудас сэтгүүл, хоёр хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас, хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар, гурван хэвлэлийн хуудас хийсэн ажлын тайлан” хэмээн нарийвчилж заасан байна.

Мөн үүнээс гадна сонгуульд оролцогч нам, эвсэл буюу нам эвслийн сонгуулийн штаб сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан дөрвөн хэвлэлийн хуудас сонин эсхүл сэтгүүл, гурван хэвлэлийн хуудас бүхий сурталчилгааны материал олон нийтэд тараах эрхтэйг хуульчилсан. Нэг хэвлэлийн хуудас гэдэг нь Сонгуулийн тухай хуульд зааснаар А4 хэмжээтэй цаасны найман нүүрийг хэлж байгаа аж. А4 хэмжээтэй цаасны найман нүүр гэдэг сонины гурван нүүрийг хэлнэ. Сонины нэг нүүрт А4 цаасны 2.5 нүүр материал зураг хөрөг, дэглэлт дизайнтайгаар багтдаг юм. Тэгэхээр нэг хэвлэлийн хуудас нь тухайн сонины гурван нүүр байх нь. Гурван хэвлэлийн хуудас хичнээн нүүр талбайг эзлэх нь ойлгомжтой. Ингэж өнгөрөгч оны сүүлээс мөрдөж буй Сонгуулийн тухай хуульд тодорхой заасан.

“Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй” хэмээх хэвлэл мэдээллийн байгууллагынхан анхаармаар заалт ч бас бий. Уг хуулийг хэлэлцэж байх явцад манай сонин “Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хориглосон хууль хэлэлцэх гэж байна” хэмээн хэвлэл мэдээлэлтэй холбоотой заалт бүрийг нь тайлбарлан, эсэргүүцэж байв. “Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулж болно, болохгүй гэсэн заалт орхигджээ. Радио, телевиз, цахим вэб сайт, тараах материалаар явуулж болно гэсэн нь сонин хэвлэлийн бизнес эрхлэгчдийг ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхаж Үндсэн хуулийн заалтыг зөрчлөө” гэж эрх баригчдад хаяглан, Монголын өдөр тутмын сонины холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг сонинуудаа дэмжихийг уриалж байсан удаатай. “Өдрийн сонин”-ы дэвшүүлсэн уриалга, нийтлэл ажил хэрэг болж түүхэн үүргээ гүйцэтгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн сонин хэвлэлтэй холбоотой дээрх заалтууд юм.

Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж, санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана гэж заасан. П.Хашчулуун нийтлэлчийн бичсэнээр энэ нь өнөө “Хүн, хонь хоёроо ялгаж барагцаалахгүй 14 хоногийн хугацаа” гэдэг нь шүү дээ. Их хурлын энэ удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа нөхдүүд одооноос эхлэн сонин хэвлэлд, тэр тусмаа мянга мянган уншигчдын итгэлийг хөсөрдүүлэлгүй явж ирсэн өдөр тутмын тулхтай хэвлэлд ярилцлага өгч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийгөө нийгэмд таниулж эхлэх хэрэгтэй.

Нэгэн цагт төрийн төв хэвлэлд ярилцлага өгч байж улстөрч болох зам мөрөө тодорхойлж байсан шиг ард түмний оюуны индэр, үзэл бодлынх нь чиг шугам, нийгэм цаг үеийн хамгийн гол толь нь болсон өдөр тутмын топ хэвлэлд ярилцлага өгч, өргөн олон уншигчдаар өөрийгөө үнэлүүлэх нь чухал.

Сонины нүүр талбай, эн цараагаар монголчуудтайгаа уулзан бодол санаагаа хуваалцаж, өөрийнхөө зорьж буй зам мөр, хүсэл тэмүүлэл, улс орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн сайн сайхны төлөөх итгэл үнэмшлээ хуваалцах шиг үнэт зүйл үгүй билээ. Миний бие “Өдрийн сонин”-ы сэтгүүлчийн хувьд сонин хэвлэлийг онцлоод байгаа юм биш л дээ. Дэлхий нийтийн чиг хандлага, хөгжил дэвшлээрээ манлайлж буй улс орнуудын төр засгаа бүрдүүлж буй сонгуулийн үйл явцыг ажиглахад ийм л гаргалгаа харагдаж байна. Ухаандаа, Японд гэхэд улстөрчид нь хамгийн нэр хүндтэй сониндоо ач холбогдол өгч, тухайн сониноор дамжуулан мөрийн хөтөлбөрөө олонд хүргэдэг юм билээ. Ийм бэлээхэн жишээ дэлхийн олон оронд бий.

Өдөр тутмын сонинд гарсан мэдээлэл, нийтлэл, ярилцлага тэр чигээрээ түүх болж, тухайн сонины хуудсыг ураад шатаачихдаггүй л юм бол хичнээн мянган жил оюуны бүтээл болон хадгалагддаг. Мэдээллийн энэ эрин зуунд, цахим ертөнц хүчээ авч буй нийгэмд сонин хэвлэлийн гол үнэ цэн үүнд оршино. Бүр тодорхой хэлэх юм бол, сонинд нийтлэгдсэн хэн нэгний ярилцлага, тэмдэглэл тухайн хүний үзэл бодол, үйл хэрэг, амжилт бүтээлийн замнал, залуу насных нь хөрөг дүртэй хамт түүх болоод л архивлагдана. Үе удамд нь хэзээд ч он цагийн баримт болоод байж байна. Иймийн учир өдөр тутмын хэвлэлийг онцлоод байгаа хэрэг.

Их хурлын сонгуулийн жил олон зүйлийг хуулиар хориглодог. Сонгуулийн тухай хуульд ч энэ талаар тов тодорхой заасан байна лээ. Уг хуулийн 70 дугаар зүйлийн “Хууль бус сурталчилгааг хориглох” хэсэгт “мөнгө, эд зүйл тараах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулах ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт сувилалд амраах”-ыг хориглосон. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, хишиг хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах, амлалт авах зэрэг олон зүйлийг хориглосон байдаг.

Тиймээс 14 хоногийн хугацааг хүлээлгүй наана нь өдөр тутмын хэвлэлүүдэд өөрийнхөө явж ирсэн зам мөр, ижий аав удам гарлынхаа үүх түүх, ус нутгийн бахархал болсон хүмүүс, улс орны хөгжил дэвшил, Улаанбаатарын ирээдүй… юу эсийг ярьж болох билээ дээ. Зөвхөн Их хурлын гэлтгүй орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр бэлдэж буй эрхмүүд эл бүгдийг эртнээс сайтар тунгаах цаг нь хэдийнэ иржээ. Улаанбаатар хотоос Их хурлын болон орон нутгийн сонгуульд өрсөлдөх хүмүүс наад зах нь агаарын бохирдлыг багасгах төхөөрөмж хэрэгжүүлж буй инженерүүд, техник технологийн шинэ дэвшлийг бий болгож буй баялаг бүтээгчдээ сониноор дэмжсэн, сурталчлан таниулсан ажлыг хийх хэрэгтэй байна.

Мөн бизнес эрхлэн баялаг бий болгож, гадна дотнын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн залуус улс орныхоо хөгжлийн талаарх шинэ санал санаачилга, үнэн бодитой мэдээллийг сониноор дамжуулан олон нийтэд хүргэж, итгэл үнэмшил төрүүлэх нь чухал юм. Тэдний үг яриа улс төрийн хийрхэгчдээс илүүтэй үнэн, амьдралтай сонсогддог. Олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан, найр наадам, урлаг соёлын арга хэмжээг сонгуулийн жилд явуулахыг нэгэнт л хуулиар хориглосон учир нийгэмд иргэн таны өөрийгөө таниулах ажил чинь сонин хэвлэлд ярилцлага өгч үг яриа, үзэл бодлоо үнэ цэнтэй болгон баталгаажуулах юм биш үү. Тулаанд өөрийгөө сорих талбар, хүчээ төвлөрүүлэх гол цэг чинь энэ бус уу.

Суурь боловсрол мэдлэгтэй, үзэл бодолдоо тууштай, гэгээн зам мөртэй, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай тийм хүмүүс энэ удаагийн сонгуульд өндөр оноо авахаар харагдаад байгаа. Түүнээс “эх орон, газар шороо, ард түмэн минь” хэмээн хий хоосон орилсон хийрхэгчид, хэн нэгэн эрх мэдэлтэн, нам эвслийн гар хөл бологчид, нийгэмд үймээн таригч попууд нэг их сүрхий амжилт гаргах нь юу л бол. Учир нь одоогийн парламент боловсрол мэдлэггүй, ард түмнээ хуурсан хулхидсан, аман фигур мухар сүсгээр популизм хийсэн нөхдөөр дүүрчихсэн.

Тэдний хор уршгийг монголчууд ханатлаа амсаж, мэдэрлээ. Тийм хийрхэгч, популист, попуудыг өдөр тутмын тулхтай хэвлэл сониныхоо нүүр талбайд, ард түмний итгэл, оюуны индэр болсон талбарт гаргахыг хүсдэггүй юм. Эл бүгдийн эцэст өгүүлэхэд үзэл бодолдоо тууштай байж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, ард олныхоо сайн сайхан амьдралын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэхээр зориг шулуудсан нөхөд сонины гал тогоонд хичнээн ойртоно тэр хэмжээгээр амжилт олж, ард олны итгэлийг хүлээх нь дамжиггүй ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хахир цагийн морин уралдааныг хэн ч тоож үзмээргүй байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн дугаараас зарим онцлох материалыг тоймлон хүргэе.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа цаг үеийн чухал асуудлуудаар ярилцлага өглөө. Тэрбээр “Малчдад дулаан хувцаснаас илүүтэй сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байна” гэлээ. Ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрээс уншина уу.

Өчигдөр “Нарантуул” худалдааны төвийн бөс барааны хэсэг шатсан хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан таван хүнийг баривчилсан байна. “Нарантуул”-аас хийсэн өдрийн сурвалжлагыг нэг, зургадугаар нүүрээс уншаарай. Зах шатсан хэрэг өмнө нь ч гарч байсан бөгөөд захын эзэн Ш.Сайхансамбуу хэн шатаагаад байгааг би мэдэж байгаа гэсэн бол түрээслэгчид энэ хэрэгт удирдлагуудаа буруутай гэж үзэж буй юм. Үйл явдлын халуун цэгт яг юу болж байгааг сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог алдарт гуравдугаар нүүрт “Хахир цагийн морин уралдааныг хэн ч тоож үзмээргүй байна” нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн хоёр, тав, дөрөвдүгээр нүүрт өчигдөр болсон үйл явдлын мэдээллийг онцолсон бол Баримт, үйл явдлын долдугаар нүүрт олны анхаарлыг татсан зарим хэрэг, цаг үеийн үйл явдлын мэдээллийг нийтэлсэн юм.

Харин “Өөрөөс нь” буланд дуучин С.Жавхлангийн ярилцлага хэвлэгдлээ. Тэрээр өчигдөр хэвлэлийн хурал хийж Т.Баясгалантай хамтран малчдад туслах тоглолт хийх гэж байгаагаа дуулгасан. Мөн сонгуульд нэр дэвших эсэхээ шийдээгүй байна гэж ярьсан юм. Манай сэтгүүлчийн сонирхолтой асуултуудад тэр юу гэж хариулсныг 13 дугаар нүүрээс уншаарай.

Мөн соёл судлалын доктор Д.Бэхбатын ярилцлагыг “Хүмүүс” булангаас хүлээн авч унших боломжтой. Түүнчлэн “Орчлонгийн сайхан ээж” булангийн ээлжит дугаарыг уншаарай. Удахгүй мартын 8 болох гэж байна. Эмэгтэйчүүд, ээжүүдээ хүндэтгэдэг энэ баярын өмнөхөн ая зохиогчдын ээжийн тухай сонирхолтой сайхан материалыг хүргэж байгаа юм. Ая зохиогч Б.Долгион, Б.Ангирмаа нарын ээжийн тухай 12 дугаар нүүрээс уншаарай.

Эдгээрээс гадна бусад хуваарьт булангууд уламжлалын дагуу гарсан буй. Та манай сониныг шуудангийн салбарууд, сонин түгээх цэгүүдээс худалдан авах боломжтой. Мөн 99112954, 99190570 дугаарт хандан захиалгаа өгөөрэй.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн онц аюултай үзэгдэл болох тул хотоос гарах бүх замыг хааж байна

Замын цагдаагийн газраас байгалийн онц аюултай үзэгдэл болох тул урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр 21:00 минутаас хотоос гарах бүх замуудыг хааж байгаа тулд иргэд та бүхэнд хотоос гарахгүй байхыг зөвлөж байна.

Өнөө шөнө болон маргааш ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, орон нутгийн зам даваа хаагдах төлөвтэй байгаа учраас холбогдох албад яаралтай арга хэмжээг аваад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудын дунд 1500 ам.долларын тэтгэлгийн уралдаан зарлалаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлалаа.

Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцох аж. Өрсөлдөөнт тэтгэлэг энэ сарын 7-ноос эхэлж, сарын хугацаанд үргэлжлэх юм байна.

Оюутны санаачилгын төслийн уралдааны чиглэл:

нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;

оюутны суралцах орчныг сайжруулах;

оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;

дотуур байрны орчныг сайжруулах;

оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, болов;

дотоодын оюутан солилцоог дэмжих;

хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах зэрэг байна.

Оюутны шалгарсан төслийг гурван сая хүртэл төгрөгөөр 12 сар хүртэл хугацаанд хэрэгжүүлэх юм байна.

Төслийн баг бакалаврын хөтөлбөрт хамрагдаж буй гурваас доошгүй оюутнаас бүрдсэн баг байх бөгөөд багийн бүрэлдэхүүнд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан байх шаардлага тавьж байгаа аж. Төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтыг тухайн дээд боловсролын сургалтын байгууллага зохион байгуулах бөгөөд хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг олон талын төлөөлөл бүхий хороо зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар үг хэлгүй хэвлэлийн бага хурлаа орхин гарав

Монгол Улсын Намын тухай хуулийн дагуу дүрмээрээ хуралдсан ХҮН намын Төв хорооноос С.Ганбаатарыг намын даргаас нь огцруулсан билээ. Харин дараа өдөр нь буюу өнөөдөр ХҮН-ын дарга асан С.Ганбаатар “MN” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа. Бусад намын бууны нохой, явуулга гэж хариулахаас өөр хариулт өгч чадахгүй байсан тэрээр намын дүрмийн талаар ч хариулт өгч чадахгүй булзааруулсан байна. Намынхаа эв нэгдлээ ч хангаж чадахгүй асуудлыг энэ хүртэл даамжруулсан тэрбээр өнөөх л “Маш том” бүлэглэл гэх “мангасаа” гаргаж ирэн айлгах гэж оролдож эхлэв. Асуултын хариуг миний зөв дүрмийн бус үйлдэлд ард түмэн сонгуулиар дүн тавина гэж амлав.

Алтан дорнод компанийн хамгаалагчдаар хаалга үүдээ хамгаалуулж хийсэн хэвлэлийн бага хурлаа арайхийн дуусгаад хамгаалагчид дагалдагчдаараа хүрээлүүлэн зугтаан гарлаа. Хоёрхон сарын өмнө хамт зогсож, хамтарч ажиллах төлөвлөгөөгөө ярьж байсан тэр төрөл арилжсан мэт эсвэл Алтан дорнод компанид худалдагдсан мэт сэтгэгдэл үлдээн арилж одов. Жижигхэн намын дотоод асуудлыг шийдэж чадалгүй хувааж хаяад нэг талтай нь хүзүү сээрээ холбосон түүнд Монголын ард түмний хувь заяаг даатгах уу эс даатгах уу? Ард түмэн дүнгээ тавих нь тодорхой харин ямар дүн байх бол гэдэг нь асуулт болж үлдэв.

Харин ХҮН-ын дэд дарга Ж.Лхагвасүрэн хэвлэлийн хурлын үеэр үгээ хэлэх боломж олгоогүй учир хурлын танхимын үүдэнд сэтгүүлчдэд хандаж “ХҮН-д үүсээд буй энэ асуудлыг шийдэхээр Улсын Дээд Шүүхэд хандсан” хэмээгээд ХҮН-ын хэвлэлийн хуралд өөрсдийг нь оролцуулахгүй гээд танхимын үүдийг “Алтан Дорнод Монгол” компанийн хамгаалагч нараар хамгаалуулж байгааг хэлсэн юм.