Categories
мэдээ нийгэм

Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/167 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлд Малын гоц халдварт цэцэг өвчин халдварлахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, Мал эмнэлэгийн газарт, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, Онцгой байдлын газарт тус тус үүрэг болгов.

“Хяналт шалгалт явуулах ажлын хэсгүүдийн хяналтын байр, ажиллах бүрэлдэхүүний тоо, нийслэлийн орчимд Хяналтын хөдөлгөөнт эргүүл ажиллуулах хуваарийг тус тус батлав.

Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлт хийх, эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 85 сая 032 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд өнөөдөр жагсана

Оюутнууд өнөөдөр 14.00 цагт төв талбайд тайван жагсаал хийх юм. Уг
жагсаалаар дамжуулан ажлын байрыг нэмэгдүүлэх, 70200 төгрөгийн тэтгэлэг,
нийтийн тээврийн асуудлыг зохицуулж өгөх шаардлагыг Засгийн газар,
БСШУЯ болон бусад холбоотой байгууллагуудад тавьж байгаа аж.

Монголд нийт 217 мянган оюутан байдаг. Тэдний 10 хувь буюу “21700
оюутныг ажлын байртай болгох нь” хөтөлбөрийг санаачилж, www.icv.mn
сайтад ажлын байртай холбоотой зар сурталчилгааг нээн ажиллуулахаар
болсон. Уг хөтөлбөрийн хүрээнд жагсаалд оролцож байгаа оюутнуудын
анкетыг авч, мэдээллийн бааз бүрдүүлэн, АСЕМ-д ажиллах бүртгэлийг
явуулж, холбогдох байгууллагууд руу анкетыг илгээх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 8-нд бүх нийтээр амарна

УИХ-аас баталсан “Нийтээр
тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу
энэ онд дараах өдрүүдэд бүх нийтээр амрах юм байна.

-Гуравдугаар сарын 8-Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр

-Зургаадугаар сарын 1-Эх, үрсийн баяр

-Зургаадугаар сарын 29-УИХ-ийн сонгуулийн өдөр

-Долоодугаар сарын 11-15-Үндэсний их баяр наадам

-Аравдугаар сарын 31-Үндэсний бахархлын өдөр

-Арванхоёрдугаар сарын 29-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тус тус амарна.

Categories
мэдээ нийгэм

Үхрийн махны үнэ буурчээ

Үхрийн махны үнэ буурчээМахны дундаж үнэ: 2016 оны 3-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5585 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7030 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 65 төгрөгөөр, үхрийн цул мах 0.9 хувиар буюу 80 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6100 төгрөг, харин “Номин”, “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.9 хувиар буюу 350 төгрөг, хонины цул мах 2.0 хувиар буюу 140 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 4950 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ: 2016 оны 3-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо: 2016 оны 3-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 4.6 хувиар буюу 85 төгрөгөөр, хятад сонгино 0.8 хувиар буюу 10 төгрөгөөр өссөн байлаа.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн Тээврийн хот орчмын чиглэлүүдийг хаалаа

Цаг агаарын хүндрэлтэй онцгой байдалтай холбоотойгоор Зам Тээврийн
сайдын тушаал гарч хот хооронд зорчих авто машины хөдөлгөөнийг
тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Тэгвэл ОБЕГ, нийслэлийн
Онцгой байдлын штабаас 03.04-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн хотын
орчимын зарим чиглэлүүдийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Үүнд:
ХО:7 “Туул тосгон-Био-120 мянгат”, ХО:6 “Өлзийт хороо-120 мянгат”, ХО:8
“Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг”, ХО:9 “Био комбинат-Сонсголон-5
шар”, ХО:10 “Эмээлт-Хархорин-Саппоро”, ХО:12 “Мал бордох-5шар-Саппоро”,
ХО:13 “Баруун туруун-10-р хороолол”, ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4-н
зам”, ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв” ХО “Жаргалант
тосгон-Хархорин”, ХО “Баруун туруун-СХД-н 32 дугаар хороо-Саппоро” зэрэг
чиглэлүүдийг хаагаад байна.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаар сайжиртал зам даваа нээхгүй

Ихэнх нутгаар их цас орж, хүчтэй цасан
шуурга шуурсны улмаас зам давааны нөхцөл байдал хүндэрсэнтэй
холбогдуулан бүх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг зогсоосон. Онцгой
байдлын ерөнхий газрын саналыг үндэслэн цаг агаар сайжиртал бүх
чиглэлийн зам давааг нээхгүй байх шийдвэрийг Зам тээврийн яамнаас
гаргасан.

Авто замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн
үеэр иргэнд хулгайн замаар зорчиж, улмаар автомашин цасанд суух,
эвдрэх, шатахуунгүй болох, мөн малчдын хувьд салхи шуурганы үеэр малаа
дагаж уруудах, төөрөх зэрэг эрсдэлд өртөж байна.Иймд, иргэд, малчид,
тээвэрчид, аж ахуйн нэгж байгууллага цаг агаарын мэдээ, мэдээллийг
тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг
үндэслэн цаг агаарын гамшигт үзэгдлийн үеэр хол, ойрын замд гарахгүй
байхыг онцгой анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нэг хүүхэд нэг нэмнээ” аян эхэллээ

Улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 70
гаруй хувь нь зузаан цасан бүрхүүлтэй, тухайлбал, Архангай, Баян-өлгий,
Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан,
Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл,
Хэнтий зэрэг нийт 18 аймгийн 98 сум цагаан зудтай, цасны зузаан 18-42 см
байна.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас
малчин түмэндээ туслах “Нэг хүүхэд -нэг нэмнээ”, “Малчин оюутан” аяныг
өчигдрөөс эхлэн 14-21 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

“Нэг хүүхэд-нэг нэмнээ” аяныг ерөнхий
боловсролын сургуулиуд зохион байгуулах юм. Аяны хүрээнд 9-12 дугаар
ангийн сурагчид технологийн хичээлээр өмсөхөө байсан хувцас, хэрэглэхээ
болисон хөнжил, бүтээлэг, машины суудлын бүрээс гэх мэт материалаар
малын нэмнээ оёно. Түүнчлэн сурагчид сайн дураараа эцэг, эхтэйгээ
хамтран гэртээ нэмнээ оёж малчдад туслах ажлыг сургуулиуд зохион
байгуулах юм байна.

Аяны хүрээнд бод, бог малын нэг буман
нэмнээг малчдад нийлүүлж, нэг түмэн оюутан хөдөө гэртээ очиж, мал
төллөлтөд туслах боломжийг бүрдүүлэх ажээ.

Categories
мэдээ спорт

“Хавай” спорт цогцолборын нэрэмжит тэмцээн болно

Баянгол дүүрэгт байрлах “Хавай” спорт цогцолборын нэрэмжит талбайн
теннисний анхдугаар тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 5-6-ны
өдрүүдэд болно. Тус спорт цогцолбороос зохион байгуулж буй анхдугаар
тэмцээн өсвөр үе болон насанд хүрэгчдийн ангиллаар болох юм. Тэмцээний
нийт шагналын сан 4 сая төгрөгт багтжээ.

Тэмцээний ангилал:

Өсвөр үе: 10-12, 13-15 нас

Насанд хүрэгчид: 32 хос

  • эрэгтэй, эмэгтэй хосын төрөл
  • холимсог хосын төрөл

“Хавай” спорт цогцолбор нь Баянгол дүүргийн ДЦС-4 урагш 400 метрт
байрлаж байна. Мөн тэмцээний талаарх мэдээллийг 9936-9628, 8817-7637
дугаараас лавлаарай.

www.facebook.com/Hawaii-SPORT-Center

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллах иргэдийн шалгалтын бүртгэл эхэллээ

БНСУ-д
хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин
тогтоох 12 дахь удаагийн шалгалт авах бүртгэл эхэллээ.

Шалгалтын
бүртгэл энэ сарын 04, 07, 09, 10, 11-ний өдрүүдэд 08:30-12:30,
13:30-17:30 цагуудад аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд болох юм.

Харин
бүртгүүлэгч нь 18-39 настай байх буюу 1976 оны гуравдуаар сарын 05-аас
1998 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн хооронд төрсөн байх ёстой аж.
Түүнчлэн хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт
холбогдоогүй байх, Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах
захирамж гаргуулж байгаагүй байх юм. Мөн Монгол Улсаас гарах эрхээ
хязгаарлуулаагүй байх гэсэн шаардлагыг хангаж байвал шалгалтад
бүртгүүлэх боломжтой юм байна.

Солонгос
хэлний төвшин тогтоох шалгалтыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа,
мэдээллийн үндэсний төвд байрлах Компьютерт суурилсан тестийн өрөөнд
онлайнаар авна. Шалгалт нийт 200 оноотой. Улмаар шалгалтад тэнцэгсдийн
шалгалтын оноо зарласан өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх
юм. Энэхүү төвшин тогтоох шалгалтад тэнцэх нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх
тогтолдооны дагуу ажил хайгчаар бүртгүүлэх баталгаа бөгөөд Солонгост
ажиллах баталгаа болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Playing love” тоглолт болно

Монголын Урлагийн Зөвлөл, Улсын Филармонийн Морин хуурын чуулга
хамтран дэлхийн болон үндэсний хөгжмийг олон нийтэд сурталчлах зорилгоор
“Playing love” тоглолтыг дөрөв дэх жилдээ шинэчлэн найруулж толилуулах
гэж байна.

Энэ удаагийн тоглолтоор дэлхийн киноны хөгжмөөс гадна Монгол хүний
түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн, сэтгэлд
хоногшсон Монгол киноны сонгомол баян урын сангаас дээжлэн хүргэх аж.

“Playing Love” киноны хөгжмийн тоглолт энэ сарын 4, 5-ний өдөр 19.00 цагт Corporate Hotel & Convention Center-т болно.