Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мартаж болдоггүй Март боллоо, эрчүүд ээ

Сурагч байхаасаа л нэгэн баярт ач холбогдол өгдөг байлаа. Аав, ээжээрээ цэцэг, шоколад авахуулж ангийнхаа охидыг баярлуулна гээд хөөрцөглөнө. Энэ нь “Мартын 8” буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр л дөө. Одоогийнх шиг сүрхий бэлэг сэлт байсан ч биш, өөрсдийнхөө хэмжээнд хөөрхөн л бэлэг өгч байна гэж бодно. Үдээс хойш сургуулийн урлагийн зааланд баярын арга хэмжээ болж охидоо ёстой л ичтэл бүжгэнд урина. Соёлын төвийн том зааланд дээд тэнгэрийг энгэртээ зангидсан мэт цэнхэр алчуур хүзүүндээ зүүж гангарсан эгч нар бүжгийн талбайг хөндлөн гулд эргэж дуусдаг байсансан.

Урин хаврын хонх хэдийнэ жингэнэж бүсгүйчүүд, эмэгтэйчүүд баярын мишээл тодруулан алхацгааж байгаа нь нэн тодхон байна. “Зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан онцгой хямдрал 50-60 хувь”, “Гоо сайхны бараа бүтээгдэхүүнээ эрхэмсэг бүсгүй танд зориулав”, “Хайрт ээж, халамжит ханьдаа үзүүлэх цорын ганц шилдэг тоглолт болох гэж байна” гэсэн сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдийнэ цацагдаад эхэлчихэж. Энэ нь мэдээж “Мартын 8” буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ойртож буйн дохио хийгээд эрчүүд минь та нарт ийм боломж байна гэсэн битүүхэн сануулга өгч буй хэрэг юм. Улиг домог болтол тэмдэглэдэг олон баяраас зөвхөн эмэгтэйчүүдээ баярлуулна гэдэг утгаараа “Мартын 8”-ны баяр онцлог байдаг. Өдөр бүр биш ч гэсэн энэ л өдөр эрчүүд эмэгтэйчүүддээ үнэн сэтгэлээ дэвсдэг.

Эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрхийг хамгаалахын тулд жагсаал цуглаан хийж байсан нь уг баярын үндэс болж байжээ. Сонирхуулахад, хамгийн анхны жагсаал МЭӨ VII зуунд эртний Грекийн Лисстратагийн толгойлсон хөдөлгөөн юм байна. Түүнээс хойш олон зууны турш эмэгтэйчүүд үр хүүхэд, ажиллах орчин, цалин хангамжийнхаа төлөө тэмцэж ирсэн байдаг. Угаасаа эмэгтэйчүүд аливаа зүйлийг эхлүүлсэн бол ард нь гарч санаа нь амардаг улс. 1908 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд эрэгтэйчүүд 10 цаг ажиллаж байхад эмэгтэйчүүд 16 цаг хөдөлмөрлөж байгааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ. Энэхүү жагсаал ч тэдний хүссэнээр өндөрлөсөн байна.

1910 онд Орост эмэгтэйчүүд дайныг эсэргүүцэн жагссан нь улмаар бослого хөдөлгөөн болж тухайн үеийн Оросын Засгийн газраас дайныг зогсоох шийдвэр гаргах хүртэл оргилдоо хүрч байсныг тэмдэглэжээ. Үүний дараа 1910 онд интернационалийн хоёрдугаар хурал дээр Германы тэмцэгч эмэгтэй Клара Цеткин “Гуравдугаар сарын 8-ныг олон улсын эмэгтэйчүүдийн эв санааны нэгдлийн өдөр болгож зарлая” гэсэн санаачилга гаргасныг тус хуралд оролцсон 100 гаруй эмэгтэй дэмжсэнээр эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болсон түүхтэй юм. Харин 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлжээ. Монголын эмэгтэйчүүд 1924 онд анх удаагаа өөрсдийнхөө байгууллагыг байгуулсан байдаг. Энэ үеэс эхлэн монголчууд эмэгтэйчүүдийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэж эхэлсэн бол 1970-аад оны эхэн үеэс баяр ёслолын байдалтай тэмдэглэж эхэлжээ.

Эмэгтэйчүүдийн уг баярыг Польш, Болгар, Итали, Хятад, Югослав, Румын, Молдав, Литва, Тажикстан, Киргиз, Казахстан, Абхази, Гүрж, Монгол зэрэг орнуудад тэмдэглэдэг болсон юм. Түүнчлэн Узбекстанд гэхэд энэ өдрийг “Эхийн өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай гэнэ. Монголчуудын хувьд сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн баяр гэхээсээ илүүтэйгээр ээжүүдийн баяр болгон тэмдэглэж ирсэн юм. Их Британид гэхэд “Ээжийн ням гариг” хэмээн ээжүүдийн өдрийг тэмдэглэдэг байна. Уг баяраараа цэцэг, шоколад болон чихэр бэлэглэдэг аж. Серби, Маккедониа, Болгар, Словен, ОХУ болон Румын зэрэг орнуудад ээжүүдийн өдрийг гуравдугаар сарын 8-нд тэмдэглэдэг. Энэтхэг, Өмнөд Америк, Мексик болон Малайзад харин хоёр хоногийн дараа буюу гуравдугаар сарын 10-нд тэмдэглэж заншжээ.

НҮБ уг баярыг Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгох тогтоолыг 1977 онд гаргаж тэр өдрөөс эхлэн Ангол, Буркино-Фасо, Гвиней-Бисау, Камбож, Хятад, Конго, Лаос, Македони, Монгол, Балба, Хойд Солонгос, Уганда зэрэг орнууд төрийн баяр болгожээ. Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Төрийн тэргүүн байхдаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, зургадугаар сарын нэгэнд эх үрсийн баяраар нэг мөсөн тэмдэглэхээр зарлигдсан ч эрчүүд нь энэ баяраа харин ч нэг хамгаалж үлдсэн байдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Дэлгэрмаа нэгэнтээ “Орчин үеийн эмэгтэй бол морь шиг ажиллаж, хатагтай шиг харагдаж, зөвшилцөлд хүрч чадах боловч зарчмаа хамгаалж чадах асар их хүсэл зориг, оюуны хангалттай нөөц бүхий байх ёстой” хэмээн хэлсэн байдаг.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар “Өглөө, өдөр, орой ижийгээ бодож бай. Тэгж чаддаггүй юм аа гэхэд өдөрт ганц удаа ч болов ижийгээ бодож байгаарай, залуус минь” хэмээн нулимс дуслуулан хэлсэн нь бий. Гуравдугаар сарын наймны өдөр л амжиж ээжийгээ баярлуулчих юмсан гэх залуус олон болжээ. Бага байхдаа “Чамайг ээждээ хэлнэ дээ” гэж хэлж үзээгүй хүн бараг л ховорхон. Болж бүтэхгүй, арга мухардсан үедээ л бид “ээж ээ” гэж уулга алддаг. Энэ бүхнээс үзэхэд дан ганц гуравдугаар сарын наймны өдөр гэлтгүй бүхий л өдөр баярлуулж баймаар хүн бол ээж болж таараад байгаа юм. Эхийн ачийг хариулна гэдэг амаргүй л гэдэг. Яг үнэндээ шүүдрийн дусал цуглуулан цай чанаж өгвөл эхийнхээ ачийг хариулсантай тэнцэнэ хэмээн ярьцгаадаг. Үнэндээ яавал ээжийнхээ ачийг хариулна гэдэг хэмжигдэхүүн хаана ч үгүй. Түүнийг тооцож баталгаажуулсан хүн одоогоор энэ бөмбөрцөг дээр тодорч гийгээгүй л байна. Бурхан багш гэхэд л ээжийнхээ ачийг хариулахаар 90 хоногийн турш буян хийсэн тухай уншиж байлаа.

Алган дээрээ бөмбөрүүлсэн

Айлын хооронд үүрсэн

Азай буурал ээжийнхээ

Ачийг нь яаж хариулна даа…” хэмээн дэлхийн бүх ээжүүдэд дуулж өгмөөр өдөр байдаг даа. Монголчууд “Эхийн санаа үрд” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй юм. Орчлонгийн хамгийн гоо үзэсгэлэнг бүрдүүлж, саран мэт хөмсгөндөө аз жаргалын солонго татуулан явахдаа биднийг төрүүлж, мөнгөн сор тэргүүнд нь цайтал, сүмбэн цагаан хуруугаа моонийтол үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэдэг. Тэглээ гээд хэзээ ч “Чиний өмнөөс тэгчихлээ” гэж гомдлын үг унагаж байгаагүй юмдаг. Эмэгтэйчүүдээ, ээжүүдийгээ баярлуулъя, залуус аа.

Нэг үеэ бодоход нийгмээ дагаад манай залуусын бэлэг сонгох сэтгэлгээ ч өөр болж цэцэг, навч, хоолонд урихаас өөр болжээ. Тухайлбал, ээж, эхнэр хоёртоо эрүүл мэндийн цогц шинжилгээ өгөх эрхийн бичиг өгч байх жишээтэй. Мөн иог, фитнесст явах эрх гээд эрвийх дэрвийхээрээ л гүйцгээж байна.

Манайхны мөнгөгүй болохоор нүүрийг нь ч харж чадахгүй хэцүү юм гэдэг нэг нэрэлхүү зан байдаг. Ер нь бол бэлэг гэдэг сэтгэлийн л зүйл. 10 настайдаа Мартын 8-ны өдөр ээждээ зурж өгсөн зураг өдгөө ч манай гэрт байдаг юм. Ухаандаа бараг 20 жил үүнийг ээж минь хадгалжээ. Миний хувьд тэр зургийг харахаараа ичдэг хэдий ч үрийнхээ бэлэгнээс ичдэг ээж гэж байдаггүйг тэгэхэд ойлгож байлаа. Ажил ихтэй байгаа эхнэртээ ганц сарнай бариад ажил руу нь яваад оч. Яаж баярлахыг нь хар л даа. Төрсөн гэртээ очиж банштай цай хийгээд өг. Баярлана даа, тэр ээж. “Үр минь ямар ч байсан хоолоо хийгээд идчихдэг болчихжээ. Эхнэр нь ажилтай, байхгүй байсан ч аргалаад хоолоо хийчих юм байна” гээд л хөөрнө. Эх хүний сэтгэл хэдий тэнэгэр байх тусмаа урт удаан насалдаг гэдгийг эрдэмтэд нотолчихсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Оскар ба Леонардо” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ой энэ сарын 06-ны өдөр тохионо. Эл өдрийг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран өнөөдөр “Ил тод Нээлттэй Улаанбаатар 1000” сэтгүүлчийн форумаас хийсэн сурвалжлагыг уншаарай. Энэ талаарх дэлгэрэнгүйг IX нүүрнээс унших боломжтой.

“Нэг ангийнхан” буланд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн ангийнхан оржээ. Тэдний ангийг нэг өгүүлбэрээр “Хэлэх үгтэй, хийсэн ажилтай анги” дүгнэж байгаа юм. Та энэ талаарх дэлгэрэнгүйг VI нүүрнээс уншаарай.

Улс төрийн нүүрт Ерөнхийлөгч Хөвсгөл аймагт ажилласан талаарх сурвалжлага нийтлэгдсэн байна. Мөн цаг үеийн мэдээ мэдээлэл хэвлэгджээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг II нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч С.Алтанцэцэгийн “Оскар ба Леонардо” нийтлэл хэвлэгдлээ. Энэ нийтлэлд монголын залуус барууныхнаас ямар үлгэр дуурайлал авч байгаа талаар хөндөж бичжээ. Энэ талаарх дэлгэнгүйг та III нүүрнээс унших боломжтой.

“Дэлхийн хүмүүс” буланд Америк тивийг нээсэн Кристофер Колумбын талаар бичжээ. Та энэ талаарх сонирхолтой мэдээллийн дэлгэрэнгүйг VIII нүүрнээс уншаарай. Мөн “Өд, бэх” буланд “Диваажинд нар мандана” өгүүллэг нийтлэгдсэн байна. Энэ өгүүллэгийг та XI нүүрнээс унших боломжтой. Уламжлалт “Хэлэх эрхийн индэр”, “Амрах агшин” буланд сонирхолтой цаг үеийн мэдээллүүд хэвлэгдсэн байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Ланд Круйзер Клуб”-ын залуус сайн дураараа цасанд боогдсон иргэдэд тусалж байна

Монголын “Toyota Hilux 4Runner Tacoma” клуб, “Ланд Круйзер Клуб”-ын залуус байгалийн гамшигт үзэгдэл тохиолдвол хүн хүч техникээр туслахаа мэдэгджээ. Тэд онцгой байдлын албаны хүн хүч, техник хүрэлцэхгүй нөхцөл байдал хүндэрвэл сайн дураараа үнэ төлбөргүй туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Тэд Сэлх чиглэлд цасанд боогдсон иргэдэд тусалсан юм. Мөн ОБЕГ-аас ирсэн мэдээллийн дагуу зуслангийн чиглэл болон Төв аймгийн чиглэлд гарсан яаралтай тусламжинд явж байна. Тодруулбал, нэгдүгээр ээлжийн аврах баг Өндөр дов орчимд зам дээр дуудлага аваад ажиллаж байгаа бол замаас зайдуу ганц бие хөгшин байгаа гэрт машин хүрч чадахгүй байна, туслаач гэсэн дуудлагын дагуу хоёр машин хөдөлсөн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Д. Отгонбаяр: “Хурд” хамтлаг нэг өдөр хоёр тоглолт хийнэ

“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын найманд тоглолтоо хийх гэж байна. Энэ удаагийн тоглолт нь нэг өдөр хоёр удаа тоглохоороо онцлогтой гэнэ. Тодруулбал энэ сарын найманд 15:00 цагаас “Аса” циркт “Инээмсэглэ бүсгүйчүүд”, үдшийн 20:00 цагаас ”Ханиа дуулъя” тоглолт “Castle club”-т тус тус тоглогдох аж. Тус хамтлагын цоо шинэ “Нарлаг диваажин” цомог тоглолтын үеээр худалдаанд гарах юм байна.

“Хурд” хамтлагын гитарчин, ая зохиогч Д. Отгонбаяртай ярилцлаа.

-Энэ өдрийн мэндийг хүргэе. “Хурд” хамтлагын тоглолтыг хүсэн хүлээж байсан их олон хүмүүс байлаа?

-Манай хамтлагт тоглолт хийгээч гэсэн маш олон санал ирдэг. Бид аль болох зав цагаа тохируулаад жилдээ ганц удаа ч болтугай үзэгчидтэйгээ уулзахыг хүсдэг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон тоглолтоо хийж байна. Энэ жилийн тоглолтын маань бэлтгэл ажил дуусаж, сонсогчидтойгоо уулзахад бэлэн болоод байна.

-Тоглолтод ямар ямар уран бүтээлүүд дуулагдах бол?

-Бидний үе үеийн шилдэг дуунууд болон шинэ цомогт багтсан дуунуудаас дууоагдах болно.

-Хамтлаг шинэхэн цомгоо өлгийдөн авчээ. Шинэ цомгийн талаар мэдэлэл өгөхгүй юу?

-“Хурд” хамтлаг дөнгөж өчигдөр шинэ цомгоо хүлээж авлаа. Шилдгийн шилдэг хорь гаруй бүтээлээс сонгогдсон нийт 18 дуутай “Нарлаг диваажин” цомог маань сонсогчдод хүрэхэд бэлэн боллоо. Өмнөх цомгууд шиг Монгол түмэнд минь хүрч, дуулах дуртай дуунуудынх нь тоог нэмэх байх гэж найдаж байна.

-Цомог хэзээнээс худалдаанд гарах вэ?

-Манай хамтлагийн цомог зөвхөн бидний тоглолтод худалдаалагдагаараа бусдаас онцлогтой. Энэ сарын 8-нд тоглолтод хүрэлцэн ирсэнээр цомгийг худалдан авах боломжтой. Ямар нэг CD shop, дэлгүүрүүдээр зарагдахгүй.

-Энэ удаагийн тоглолтод урилгаар ямар хамтлаг дуучид ирж ая дуугаа хүргэх бол?

-Урилгаар “Аадар” хамтлаг болон дуучин Т. Солонго нар хүрэлцэн ирнэ.

-Яагаад нэг өдөр хоёр удаа тоглолт хийх болов?

-Бид үзэгчдийнхээ байр суурьнаас хандаж үзсэн л дээ. Эрчүүд маань ээж, хань хоёроо зэрэг баярлуулах гэж хэцүү шүү дээ. Тийм болохоор өдөр нь ээжийгээ баярлуулчихаад орой нь хайрт ханиа баярлуулах боломжийг олгож байгаа юм. Оройны тоглолт маань ерөнхийдөө party маягын болно гэж ойлгож болно.

-“Хурд” хамтлагын ихэнх сонсогчид эмэгтэйчүүд байдаг. Тэгвэл тоглолтод хүрэлцэн ирсэн бүсгүйчүүддээ ямар гэнэтийн бэлэг барих гэж байна?

-Тийм. Ерөнхийдөө зууны далан хувь нь эмэгтэйчүүд байдаг шүү. Бидний хувьд энэхүү тоглолт маань өөрөө гэнэтийн бэлэг юм болов уу? Мөн манай хамтлагтай удаан хугацаанд хамтран ажиллаж буй үндэсний үйлдвэрлэгч байгууллага бий. “Халгай” брендийн хамт олон тоглолтод хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүддээ гарын бэлэг өгөх юм билээ.

-Сүүийн үед юу хийж, ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Уран бүтээлийн хувьд шинэхэн цомог дээрээ ажилласан. “Хурд” хамтлаг өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод байдаг байсан. Харин одоо Солонгос, Өвөрмонгол гэх мэт олон орнуудаар явж тоглолтоо хийж байна. Тийм учраас цаг зав тун тааруу байгааг сонсогчид минь ойлгоорой.

-Тоглолтын тасалбар хэзээнээс худлдаанд гарах вэ, хаанаас худалдан авах боломжтой вэ?

-15:00 цагын тасалбарыг “Аса” циркийн билетийн кассаар. Харин “Castle club”-д болох партины тасалбарыг тухайн өдрөө энэ клубээс ирж авах боломжтой. Мөн 99117476 дугаарт холбогдон гэртээ хүргүүлэн авч болно.

Э.Ариунзул

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн журам батлагджээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталлаа.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан тус сангийн 2016 төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, сангийн 2016 оны төсвийг батлах хүртэлх хугацаанд хууль болон журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд заасны дагуу Монголбанктай гэрээ байгуулах, ипотекийн зээл олгох үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэвийн, тасралтгүйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгалаа.

Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулах, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Ипотекийн зээлийн хүүг таван хувьд шилжүүлснээр Улаанбаатар хотод 18 450 айл өрх найман хувийн зээлээс шилжин орох боломжтой болох юм.

Categories
мэдээ спорт

Бүх ард түмний спортын XIV их наадам эхэллээ

Монголын бүх ард түмний спортын XIV их наадам өнөөдөр Скай ресортод эхэлжээ. Энэ жил спортын 20 төрөлд 290 гаруй багц медалийн төлөө 5400 гаруй тамирчидөрсөлдөх бөгөөд Жүдо, Чөлөөт, Бокс, Шатрын төрлүүд аваргуудаа тодруулаад байгаа аж. Наадмын галт бамбарыг “Сочи-2014” өвлийн олимпод эх орноо төлөөлөн гүйлтийн цанын төрлөөр оролцсон Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нар буухиалан “Лиллехаммер-2016” залуучуудын өвлийн өвлийн олимпийн аварга Б.Сумъяад дамжуулснаар албан ёсоор бадамлан асчээ. Нээлтийн арга хэмжээнд ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, ардын багш Ц.Дамдин, ЭМСЯ-ны газрын дарга Х.Бакытжан, Монголын цанын холбооны хүндэт ерөнхийлөгч Р.Раш, Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцов.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна хэмээв

Байгалийн онц аюулт үзэгдэлтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар нар мэдээлэл хийлээ.

2016 оны гуравдугаар сарын 3-4-ны өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Увс аймагт цасан шуурга болж, зарим газарт салхины хурд 30 м/сек хүрч, цаг агаарын онц аюулт үзэгдэл боллоо. Нийт нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсантай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гамшгийн болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна гэж Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар мэдэгдэв. Мөн өнгөрсөн шөнийн байдлаар байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас 83 хүн шуурганд төөрч, сураггүй болсныг онцгой байдлын асуудал хариуцсан эрхэлсэн байгууллагын албан хаагчид, орон нутгийн удирдлагууд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах ажиллагааг явуулсны дүнд өнөөдөр 16.00 цагийн байдлаар 81 хүнийг эсэн мэнд олж, Архангай болон Баян-Өлгий аймгийн хоёр хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Сураггүй болсон иргэдийн дунд гадаадын 12 иргэн байсныг эсэн мэнд олсон гэдгийг онцоллоо. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд төвийн болон зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, цаг агаарын онц аюулт үзэгдэл болох төлөвтэй байгаа учраас Улсын онцгой комиссын хэсэгчилсэн хурлыг яаралтай хуралдуулж, Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисст байгалийн онц аюулт үзэгдлээс урьдчилах сэргийлэх талаар холбогдох үүрэг чиглэлийг өгч, удирдлагаар ханган ажиллаж байна гэж мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тэмээн полон улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Маргааш Өмнөговь аймгийн төв Даланзадгадад полон улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэнэ. Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Монголын тэмээн спорт, уралдаан, аяллын холбооноос зохион байгуулж энэ удаагийн тэмцээнд 20 бага оролцох юм. Үүнд Монголын зургаан аймгаас гадна ӨМӨЗО-оос ирж оролцоно.

Улсын тэмээн полон аварга шалгаруулах тэмцээнийг 2001 оноос эхлэн жил бүр зохион байгуулсаар ирсэн. Уг арга хэмжээ нь манай тэмээн сүргийг өсгөхөд чухал ач холбогдолтой юм. Энэ үеэр Өмнөговь аймгийн засаг даргын тамгийн газраас 1000 тэмцээний уралдааныг зохион байгуулна. Энэ нь Гиннесийн амжилтын номонд бичигдэх шинэ дээд амжилт юм. Тиймээс тус номын төлөөлөгчид уг арга хэмжээг үзэхээр Өмнөговь аймагт очих гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы нийтлэлч, сэтгүүлчид шагнал хүртлээ

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ой энэ сарын 06-ны өдөр тохионо. Эл өдрийг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран өнөөдөр “Ил тод Нээлттэй Улаанбаатар 1000” сэтгүүлчийн форумыг анх удаа Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Энэ баярыг тохиолдуулан “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Нийгэм эдийн засаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны дарга П.Хашчулуун Нийслэлийн хүндэт тэмдэг, Улс төр, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч Э.Энхболд, Нийгэм эдийн засаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны сэтгүүлч Э.Номин-Эрдэнэ нар Засаг даргын нэрэмжит жуух бичгээр шагнууллаа.

Categories
мэдээ спорт

“Мongolia open-2016” маргааш эхэлнэ

Чөлөөт бөхийн ”Mongolia open-2016” олон улсын уламжлалт тэмцээнийг зургаа дахь жилдээ Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулах талаар Баянгол зочид буудлын “Хүндэтгэлийн танхим”-д мэдээллээ.

Энэ сарын 5-6-нд Буянт-Ухаа дахь Спортын ордонд зохион байгуулна. Тус хэвлэлийн бага хуралд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тэмцээнийг удирдан байгуулахаар томилж ирүүлсэн, олон улсын шүүгч ноён Исао Окияма, МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, тэмцээний ерөнхий шүүгч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Энэ удаагийн тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөрмөнголын өөртөө засах орон, Индонези, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Кемерово муж болон хэд хэдэн хотын бөхчүүд хүрэлцэн ирээд байна. Тухайлбал, гадаадын 96, монголын 100 гаруй бөхчүүд ур чадвар, хүч чадлаа сорино. Манай нийслэлд ирээд байгаа газар газрын шилдэг бөхчүүдийн дотор дэлхийн хошой аварга Виктор Лебедев зэрэг алдартай тамирчид байгаа юм. Тус тэмцээний тэргүүн байр эзэлсэн тамирчинд 1000 ам.доллар, II байрт 700, III байрт 500 ам.долларын шагналын сантай аж.