Categories
мэдээ нийгэм

МОХ-ноос мэдэгдэл гаргажээ

Монголын оюутны холбооноос мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд “Монгол улсад дээд боловсролын салбарт анхны оюутны өөрөө удирдах байгууллага эдүгээгээс 73 жилийн өмнө энэ өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ цаг үеэс оюутны эрхийн төлөөх дуу хоолой нийгмийн тогтолцооноос үл хамааран цуурайтсаар ирсэн.

Улс орны бүтээн байгуулалт, атар газар эзэмших хөдөлгөөн, оюутны барилгын сайн дурын бригад, ургац хураалт гээд улс эх орныхоо өнцөг булан бүрт хөдөлмөрлөж, сурч байсан Социализмийн үеийн, нийгмийн өөрчлөлтөд манлайлан оролцож Ардчилсан хувьсгалчдыг нуруун дээрээ суулган явсанАрдчиллын алтан үеийн, хийж бүтээх сурах эрмэлзлээр дүүрэн яваа энэ цагийн оюутнуудаараа Монголын Оюутны Холбоо өнөөдөр бахархаж байна. Тэдний дуу хоолойг төр засагт, ард иргэддээ хүргэж ирсэн МОХ-ны бүх үеийн удирдлагууд, оюутны өөрийн удирдлагын байгууллагад ажиллаж ирсэн мөнхийн цаг үеийн шилдэг оюутнуудаараа бид бахархаж байна.

МОХ-ноос оюутны хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтийн тогтолцоог оновчтой болгох, оюутны үндэсний тэтгэлэгийг ялгаваргүйгээр олгох, оюутны эрхийн тухай хууль эрх зүйн орчныг бий болгох талаар нийгэмд чиглэсэн эерэг ойлголтуудыг бий болгохоор ажиллаж байна. Цаашлаад эх орноо батлан хамгаалах, нийгмийн дэг журмыг хангах үйл хэрэгт оюутны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр оюутан цагдаа, оюутан цэрэг хөтөлбөрийн хүрээг өргөтгөн хөдөө орон нутагт хэрэгжүүлэхээр болоод байна. Төрөөс хуулиар бий болгосон үндэсний тэтгэлэг энэ хичээлийн жилд бүрэн зогсоод байсныг сэргээн олгуулах ажил үр дүнгээ өгч Засгийн газар хуулиа биелүүлэн уг тэтгэлгийг оюутнуудад олгож эхэллээ.

Монголын оюутны эрхийг хамгаалах өөрөө удирдах байгууллага бий болсон өдөр Монголын оюутны эрхийн талбайд цаг агаарын хүнд нөхцөлийг үл хайхран бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэсэн оюутан бүртээ талархаж байна.

Жич: Харамсалтай нь улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан байгаль цаг уурын гамшигт үзэгдэл энэ өдрүүдэд тохиож эрдэнэт хүний алтан амь эрсэдсэн харамсалтай мэдээг бид хүлээн авч төлөвлөөд байсан тайван жагсаал цуглаанаа зогсооход хүрлээ.

Монголы Улсын зүрх нь болсон нийт оюутнууд та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсч Улс оронд үүсээд байгаа цаг уурын хүнд нөхцөл байдалд малчдад чин сэтгэлээсээ тусалж байгалийн хүнд хатууг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна. Бид Монголын маргаашийг оюутны маргаашаар төсөөлдөг. Улаанбаатар хот 2016.03.04” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрхийг бодит болгоё” хурал Бангкок хотноо болж байна

“Ази, Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийн 2013-2022 оны арван жилийн зорилтын явцын тайлан, ажлын хэсгийн III дугаар хурал Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдаж байна.

Инчеоны Стратегийн зорилтын хүрээндэх хэрэгжилтийг тайлагнах “Ази, Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны арван жилийн ажлын хэсгийн III дугаар хурал”-ийн уулзалтад Монгол улсаас ХАХНХЯ-ны харьяа СЗХҮТ-ын дэд дарга Т.Мөнх-Очир “Монгол Улс дахь Инчеоны Стратегийн хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьж амжилттай оролцож байна. Уг илтгэлд Монгол Улс Инчеоны Стратегийн зорилтуудыг шалгуур үзүүлэлтийн дагуу өнгөрсөн хугацаанд хэрхэн биелүүлж байгааг салбарын яамд, хотын захиргаа болон холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн мэдээллүүд дээр үндэслэжээ.

Хурлыг дарга болон удирдлагын зөвлөлийн гишүүд “Монгол Улс Инчеоны Стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх эхний суурийг загвар болохуйц маш сайн тавьж байна. Мөн Монгол Улсын Засгийн Газар болон ХАХНХЯ түүний харъяа байгууллагууд, төр, төрийн бус байгууллагууд маш идэвхитэй сайн ажиллаж байна хэмээн цохон тэмдэглэлээ.

Categories
мэдээ спорт

“Mongolia Open-2016” эхэллээ

“Mongolia Open-2016” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт явагдаж байна. Тэмцээнд Монголоос гадна БНСУ, БНХАУ-ын Өвөрмөнголын өөртөө засах орон, Индонези, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Калининград, Кемерово мужууд, Пермь хотын бөхчүүд оролцож буй. Нийт 200 гаруй тамирчин оролцож байгаа “Mongolia Open-2016”-ын жин тус бүрт түрүүлсэн бөхөд 1000 ам.доллар, хоёрдугаар байр эзэлсэн бөхөд 700, гуравдугаар байрт орсон бөхөд 500 ам.долларын шагнал олгоно.

“Mongolia Open-2016” тэмцээнийг NTV телевизээр шууд дамжуулан үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн таван хуулийн зээлийг хэн авах вэ?

Засгийн газар ээлжит бусаар хуралдан ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэр гаргалаа. Гэхдээ энэ шийдвэр нь ипотекийн найман хувийн хүүтэй зээл авсан иргэдэд хамаарахгүй болж буй юм. Учир нь Засгийн газрын баталсан Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулах, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ. Ийм шийдвэрийг эхний ээлжинд гаргасан нь эдийн засгийн чадавхитай холбогдож буй бололтой. Учир нь эдийн засагчид болоод банкны холбооны зүгээс “Одоогийн нөхцөлд ипотекийн найман хувийн зээлийг таван хувь руу бууруулах боломжгүй” гэсэн анхааруулгыг өгөөд буй. Тиймээс эдийн засгаа агшаахгүйн тулд Засгийн газар эхний ээлжинд авах ёстой арга хэмжээгээ авсан нь энэ бололтой.

Барилгын салбарынхны зүгээс барьсан орон сууцаа борлуулах нь чухал байгааг онцолж буй. Эдийн засгийн хямралын уршгаар ипотекийн зээл авах иргэдийн тоо эрс буурсан бөгөөд урьдчилгаа төлбөрийн 30 хувийг хөнгөлөх хүсэлтийг ч олонтаа тавьж буй. Гэхдээ холбогдох албаны хүмүүс урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг бууруулсан нөхцөлд эргээд зээлдэгчдээ хүндрэл учруулж мөн санхүүгийн салбарт үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх учраас 10 хувь руу оруулах боломжгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн юм.

Иймээс байгаа боломж бололцоо энэ бүхнээ тооцон Засгийн газар эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан газраа байраар сольсон иргэддээ жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжийг олгоод байна. Мөн гэр хороололд баригдсан орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн хувьд ч ийм зээлд хамрагдах боломжтой. Гол нь өнөөдөр зах зээлд энэ шаардлагыг хангасан орон сууц хэчнээн байгаа вэ гэдэг ч мөн анхаарал татах асуудал юм.

Харин жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл авсан иргэдийн хувьд таван хувь руу шилжих боломжийг хүлээх л болж байна. Энэхүү зээлд хамрагдсан иргэдийн тоо 77 мянга орчимд хүрсэн. Хэрвээ 2013 оны зургадугаар сараас эхлэн ипотекийн найман хувийн зээлийг хэрэгжүүлээгүй бол ихэнх нь түрээсийн байранд амьдрах байв. Нөгөө талдаа гэр хорооллын яндангийн тоог бууруулах ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэсэн үг.

Categories
мэдээ спорт

“Тэмээн поло-2016” тэмцээн эхэллээ

“Тэмээн поло-2016” улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд долоон аймгийн 19 баг оролцож байгаа юм. Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөр Монголын өөртөө засах орноос мөн тэмээчид иржээ.

Албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр 14.00 цагт болно. Тэмээн пол улсын аварга шалгаруулах тэмцээний шагналын сан 11 сая төгрөг. Энэ жилийн хувьд зохион байгуулалт өндөр түвшинд болж байгаагаараа онцлог гэдгийг оролцогчид онцолж байлаа. Эрүүл мэнд спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Монголын тэмээн полоны холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс гарах хөдөлгөөнийг хэвийн болголоо

Монгол орны ихэнх нутгийг хамарсан их цас, хүчтэй шуурганы улмаас Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлд болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан.

Тэгвэл 2016 оны 03 дугаар сарын 05 буюу өнөөдөр өглөөний 09.00 цагаас улсын болон орон нутгийн чанартай зам, давааг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон 638 иргэнийг осгож хөлдөх аюулаас аварчээ

Өнгөрсөн хоногт Онцгой байдлын албаны 150 гаруй албан хаагч, 72 техниктэйгээр үүрэг гүйцэтгэж, төөрсөн, цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан, автомашин эвдэрсэн, хээр шатахуун дуусч саатсан зэрэг дуудлагаар ажиллаж, нийт 638 иргэнийг осгож хөдлөх аюулаас сэргийлж аюулгүй байдлыг ханган 152 автомашиныг цаснаас татан гаргажээ.

Их цас, цасан шуурганы үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, сураггүй болсон иргэдийг эрэн хайх, аврах, цасанд суусан, цасанд боогдсон, цасанд саатсан автомашин, техник хэрэгслийг татан гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажилласнаар олон хүний амь насыг авран хамгаалсан байна.

Улсын болоод орон нутгийн чанартай зам давааг нээж онгойлох ажилд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын албан хаагчид болон орон нутгийн зам арчлалтын компаниуд болон нутгийн захиргааны байгууллагууд иргэдтэй хамтран ажиллаж байна.

Байгалийн гамшгийн улмаас Баян-Өлгий аймгийн Буянт суманд иргэн Д (46 настай эмэгтэй), Говь-Алтай аймгийн Цогт суманд иргэн Ж (41 настай эмэгтэй) нар осгож нас баржээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Баярсайхан: Ур чадвартай үндэсний боловсон хүчин улс орны хөгжлийг нуруундаа үүрч явдаг

УИХын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай ярилцлаа.

Хүн нийгмийн харилцаанд байнга орж, ажиллаж хөдөлмөрлөдөг болохоор Хөдөлмөрийн яам хүн бүртэй л холбоотой. Таны хувьд сайдаар томилогдоод ямар ажлуудын ард гарсан бэ?

-Өнөөдөр Монголд хүндрэл авчирч буй бүхий л асуудал дэлхий нийтэд тулгамдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай орнуудын өнгө төрх ижил буюу эдийн засгийн өсөлт саарах тал руугаа орчихлоо. ОХУ-д гэхэд нефтийн үнэ буурснаас болж эдийн засагт нь цохилт өгч ажилгүйдэл нэмэгдэж байна. БНХАУ-ын эдийн засагт агшилт явагдаж ажилгүйдэл мөн л газар авах шинжтэй байгаа юм. Ийм нөхцөлд бид эдийн засгийнхаа нөхцөл байдлыг хэрхэн бодитоор үнэлж дүгнэх вэ, энэ асуудлаас хэрхэн яаж гарах вэ гэдэг нь чухал байгаа юм. Шийдэл нь энгийн бөгөөд хийж хэрэгжүүлэх тал дээр ямар ч саад тотгорыг даваад ард нь гарах л ёстой болчихоод байна. Асуудлын гол нь өнөөдөр бид яаж ажилгүйдлийн түвшинг тодорхой хэмжээнд барьж чадах вэ гэдэгт байгаа. 2015 оны дүнгээс харахад ажилгүйдлийн түвшинг бид 2014 оны хэмжээнд барьж чадсан.

Энэ салбарт нааштай гээд хэлчих ямар үр дүн байна вэ?

-Мэдээж хөдөлмөрийн салбарт эерэг нааштай үзүүлэлт олон бий. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд тааруу байгаа энэ үед ажилгүйдлийг хэрхэн бууруулах вэ гэдэг том зорилт өмнөө тавьчихаад явж байна. Эдийн засгийн салбар бүрт хамтран ажиллах механизмыг өргөтгөн бүх яамд хоорондын уялдаа холбоог сайтар хангаж чадвал бид үр дүнд хүрнэ.

Өөр нэг чухал асуудал нь бид эдийн засгийн томоохон мега төслүүдээ явуулах ёстой. Бидний хамгийн ихээр улстөржсөн Оюу толгойн гүний уурхай, Таван толгой гээд төслүүдэд манай олон компани ханган нийлүүлэгчээр ажилладаг. Тэр утгаараа манайхан ажлын байраар хангагддаг. Түүнчлэн барилга, төмөр зам, авто замын төслүүдийг хөдөлгөж байж ажлын байрны өсөлт хангагдана. Тухайлбал, барилгын салбарт бид ипотекийн найман хувийн зээлийг бий болгосноо таван хувьд шилжүүллээ. Үүний үр дүнд Монголын барилгын компаниуд болон Монголын ханган нийлүүлэгч компаниуд ажилтай болж тэр хэрээр ажлын байр бий болж байна. Энэ нь барилгын салбарт эерэг үр дүн авч ирнэ. Мөн салбартаа Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, Ажиллах хүчний чухал хуулиудыг ойрын үед зохих журмын дагуу хэлэлцүүлж, батлуулна.

Барилгын салбар одоохондоо зогссон гэхэд болох байх. Гэхдээ гаднаас ажиллах хүч авсаар байгаа шүү дээ?

-Тийм шүүмжлэл байдаг. Нэг үе бид мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр анхаарал хандуулаагүйн гор өнөөдөр гарч байна. Тиймээс бид мэргэжлийн боловсролын тогтолцоогоо дэмжих ёстой. Үндэсний мэргэжилтэй боловсон хүчнээ өргөн цар хүрээтэй эргэлтэд тулгуурлан шинэ тогтолцоогоор бэлтгэх шаардлагатай. Тэр утгаар нь Мэргэжлийн боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж батлуулсан нь тун ач холбогдолтой болсон. Ур чадвартай үндэсний боловсон хүчин улс орны хөгжлийг нуруундаа үүрч явдаг юм. Дэд бүтцээс эхлээд томоохон төслүүд дээр монгол залуучууд ажиллах ёстой. Тэр утгаар нь бид мэргэжлийн боловсрол сургалтын салбараа дэмжиж байгаа. Хууль батлагдсанаар МСҮТ-үүд эдийн засгийн хувьд бие дааж улсын нуруун дээр байгаа ачаанаас бодитойгоор үүрэлцэх боломжийг нээж өглөө. Мэргэжлийн сургуулийн сургалтын 70 хувь нь дадлага, 30 хувь нь онол байдаг. Өмнө нь дадлага хийж байгаа үед ямар нэгэн урамшууллын тогтолцоо байдаггүй байлаа. Одоо харин энэ боломжийг нь нээж өгсөн. Ингэснээр сургууль санхүүгийн хувьд бие дааж, тухайн суралцагчийн сурах хүслийг нь давхар урамшуулж байгаа хэрэг. Үүний дүнд чанартай боловсон хүчин төгсөн гарах боломжтой.

Мэргэжлийн боловсролын тогтолцоо нь уг хуулиар насан туршийн боловсролыг бий болгож, шат шатандаа суралцаад явах боломжийг нээж өгч байгаа юм. МСҮТ төгссөн залуус сурсан хугацаагаа үнэлүүлээд их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон. Гэхдээ их, дээд сургуульд суралцахын өмнө мэргэжлээрээ ажилласан байх шаардлага тавьж байгаа. Мөн МСҮТ-үүдэд зохих шатнаас нь орж суралцах эрх нь нээгдсэн. Ингэснээр хос мэргэжилтэй болж зах зээлд хэрэгцээтэй мэргэжлээр суралцах боломжийг нь нээж өгч байгаа гэдгийг хэлэх нь зөв байх.

Манайд чинь нэг хэсэг эдийн засагч, хуульч гээд нийгэмд илүүдэлтэй мэргэжлүүд байсан. МСҮТүүдийг зорих залуус хэр байна вэ. Нийгмийн салбарын мэргэжилтэй хүмүүсийн илүүдэл байна л даа. Энэ нь эргээд хөдөлмөрийн харилцаанд ороход ажлын байр олдохгүй байх гэх мэт сөрөг талууд ажиглагддаг?

-Нэг мэргэжлээр хэт олон боловсон хүчин бэлтгэснээр зах зээлд илүүдэл бий болох нөхцөл манай улсад тохиолддог. Нийгмийн чиглэлийн мэргэжилтнүүдийг бид өнгөрсөн хугацаанд дэндүү олныг бэлдсэн байна. Тиймээс Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулиар үндэсний зөвлөлийн ач холбогдлыг нэлээд өндөрсгөж өгсөн. Үндэсний зөвлөл нь тухайн сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах том үүрэг хүлээхээс гадна бүрэлдэхүүнд нь ажил мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэл, эцэг эхийн төлөөллөөс оруулахаар зааж өгсөн. Ингэж бид үндэсний ажиллах хүчнээ бэлдэж байж гаднаас ажиллах хүч ихээр авч байна гэдэг шүүмжлэлийг зогсоох боломжтой юм. Салбарын сайдын хувьд миний байр суурь гаднаас ажиллах хүч авахыг өөгшүүлэхгүй байгаа.

Ингэж барьснаараа дотоодын ажиллах хүчний бололцоог нэмэгдүүлж өгч байна. Цаашдаа бид үндэсний боловсон хүчнийхээ чадамжид тулгуурлан томоохон төслүүдээ явуулах ёстой. Гаднаас ажилчин авахгүй гээд шууд шийдчих боломжгүй. Жил жилээр тоог нь багасгаж үндэсний мэргэжилтнүүдээ байршуулснаар асуудлыг шийдэж болно. Түүнээс Засгийн газар хоорондын гэрээгээр ажиллах хүч орж ирж байгаа бол бид зогсоох боломжгүй. Жишээлбэл, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл дээр гэхэд стратегийн ач холбогдолтой гэдэг утгаараа мэргэжлийн хүмүүсийг нь ажиллуулахаас өөр аргагүй. Санхүүжилтийг нь урд хөршөөс авч байгаа дээр нь бид усан цахилгаан станц барьж байсан туршлагагүй болохоор тэдний инженерүүд гэрээнийхээ хүрээнд ажиллана. Ажиллах хүчний нөөц боломжийг ч мөн БНХАУ-аас оруулж ирнэ гээд гэрээнд заачихсан болохоор түүгээрээ л явна. Энэ мэтчилэн Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд зарим зүйл дээр гадны ажиллах хүч орж ирж байгааг хэлэх нь зөв. Гэхдээ гаднаас орж ирж буй ажиллах хүчний хураамжаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүждэг.

Манайхан гадаадад олон жил ажиллаж ирээд Монголд ажил олдохгүй байна гэдэг. Тэд гадаад орнуудад ажиллахдаа маш их туршлага хуримтлуулсан байдаг л даа?

-Яг наад асуудалтай чинь холбоотой нэг зүйлийг нэмж хэлэхэд Үнэлэмжийн төвтэй болж байгаа. Жишээлбэл, БНСУ-д ажиллаад мэргэжлийн өндөр ур чадвартай болсон хүн ирээд Үнэлэмжийн төвд ур чадвараа шалгуулаад хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд орох боломж бүрдэж байгаа. Бид Монголынхоо мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнийг бэлдэх хэрэгтэй. Гуравдугаар сард гэхэд Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын төсөл нээлтээ хийнэ. Энэ төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр МСҮТ-үүдийн сургалтын чанар, сургалтын материаллаг бааз, багш нарын чадвар гээд бүгд цогцоороо шинэчлэгдэх учиртай. Удирдах арга зүй нь барууных байх юм. Уг төсөлд хөдөө орон нутгийн 25 сургууль хамрагдана.

Мөн БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 25 сая ам.долларыг мэргэжлийн боловсролын салбарт техник тоног төхөөрөмж шинэчлэл хийхэд зориулна. Би сайдаар ажиллаж байх үедээ мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудыг бүхий л талаар дэмжиж, чанаржуулахад илүүтэй анхаарна.

Эдийн засгийн пирамидыг харахад ажлын байр хамгийн олноор бий болгодог нь бичил буюу өрхийн бизнес байдаг. Намайг томилогдон ирэхэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр таван төсөл хөтөлбөр хэрэгжиж байсан ч тавьсан зорилтдоо хүрээгүй байсан. Тиймээс төсөл хөтөлбөрийг задалж, хамрах хүрээг нь өргөжүүлэх ёстой гэж үзсэн. Тэр дагуу 2016 онд есөн хөтөлбөр төсөл болголоо. Бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн заалтуудыг сая батлуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд суулгаж өглөө. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаараа дамжуулан дэмжиж болох бүхий л зүйлсийг дэмжинэ. Бид эх үүсвэрээ олж санхүүжүүлээд 50 сая төгрөг хүртэлх үйлчилгээ, борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдэд бичил бизнесийн санхүүжилт олгох ажлыг ойрын үед эхлүүлнэ.

Ерөнхийдөө ямар шаардлага тавих вэ?

-Хамгийн гол нь залуусыг дэмжихдээ өөрсдийг нь бизнес эрхлэгч, ажил олгогч болгох ёстой. Өөрөө өөртөө ажлын байр бий болгохоос гадна бусдад ажлын байр гаргаж өгдөг болгох тал дээр анхаарна. 2016 онд залуучуудын бизнес эрхлэлтийг манай яам илүүтэй дэмжих бодлого барьж байна.

Залуучууд сургуулиа төгсөөд ажилд орох гэхээр гурван жил ажилласан дадлага туршлагатай байх хэрэгтэй гээд заачих юм. Үүнээс болоод ажилд орж чадахгүй байна гэдэг яриа бий?

-Үнэндээ энэ зах зээлийн өрсөлдөөнөөр бий болж байгаа нэг шалгуурын хэлбэрийг хувийн хэвшил тавьж байна. МСҮТ-д сураад дараа нь их, дээд сургуульд шилжин ороход мэргэжлээрээ гурван жил ажилласан байх ёстой гэдэг шаардлага тавина. Залуу хүн дадлага туршлага хуримтлуулахыг буруу гэж үздэггүй. Залуучууд ажил олдохгүй байна гэдэг.

Үнэндээ манай залуучууд хөнгөн амьдрахыг урьтал болгодог болжээ. Уг нь хүн ажлыг голох биш ажил хүнийг голдог. Манай Хөдөлмөрийн хэлтсүүд дээр ажлын байрны захиалга маш их ирдэг. Ажил хийе гэсэн хүмүүс тэнд очиж зуучлуулаад ажлын байртай болсон мянга мянган тохиолдол бий. Үнэхээр л ажилтай болъё гэж байгаа бол Хөдөлмөрийн хэлтэстээ ханд.

Эдийн засаг хүнд байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. 2012 оны сонгуульд АНАжилтай, орлоготой монгол хүнхөтөлбөр дэвшүүлж байсан. Өнөөдрийн нөхцөлд эргээд харахад үр дүн хэр харагдаж байна вэ?

-Би статистик л ярина. Манай орны ажилгүйдлийн түвшин бусад оронтой харьцуулахад хяналтаас гараад дордчихсон зүйл байхгүй. “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа гэж боддог. Манайх шиг архаг “Голланд” өвчтэй улсад хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь зөв явж байгаа. Засгийн газрыг галт тэрэг гэж үзвэл Хөдөлмөрийн яам хамгийн ард яваа хэрэгтэй цагт туслахад бэлэн түргэний тэрэг. Хангалттай олон тогтмол болон түр ажлын байр бий болгож буйгаар нь би ингэж зүйрлэж байна.

Та намрын чуулган, ээлжит бус чуулганыг юу гэж харж байгаа вэ. Ирцийн хувьд бүрдэхгүй байх асуудал сонгууль дөхөх тусам улам л лавшрах бололтой?

-Нэг ангид хичээл тасалдаг танхай нөхөд байдаг даа. Түүн шиг манай Их хуралд чуулганаа тасалдаг улс байна. Юм болгон дээр өөрсдийгөө үнэд хүргэхийг оролдож, явуургүй шантааж хийдэг хүмүүс байгаа. Манай Их хурал тийм хэдэн нөхөдтэй. Энэ Их хуралд дүн тавих нь чухал биш. Эдийн засгийн хүнд үед амжилттай ажиллаж, зөв шийдвэрээ гаргаж чадаж байгаа Их хурал. Тухайлбал, ҮХЦ нь эдийн засгаа унагах гэж улстөржиж, эдийн засгаа хорлож, залуу гэр бүлүүдээ орон сууцанд оруулахгүй байж чадлаа. Ийм нөхцөлд энэ Их хурал хэрүүлтэй ч гэсэн ирцээ бүрдүүлээд Ипотекийн хуулиа баталж чадсан юм.

Сонгууль дөхсөн гэдэг нь өдөр ирэх бүр улам тод болж ямар ч асуудал дээр тээг тавьж чадаж байна. Хэтэрхий их улстөржилт хөдөлмөрийн салбарт хэр нөлөөлж байна вэ?

-Улстөржилтөөс болж хөдөлмөрийн салбар буюу ард түмэн хамгийн их хохирч байгаа. Томоохон уул уурхайн төслүүдийг хэчнээн их улстөржүүлэв. Төмөр зам дээр гэхэд танайх хийнэ, манайх хийнэ гээд бөөн юм болж байна. Хөдөлмөрийн сайд болсноосоо хойш ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжинэ гэхэд “Хэдэн ажлын байр бий болох юм бэ” гэдгийг хамгийн түрүүнд асуудаг болсон. Улстөржилт, популизм улс орныг “алж” байна.

Хөнгөн жингийн намууд нь улс төрөө хийнэ л биз. Попууд нь жүжгээ тавина л биз. МАН-ынхан улс орныг удирдаж явсан тулхтай гэдгээ харуулах ёстой.

Хавраас төмөр замын ажил эхэлнэ гэж байсан. Үүндээ цэргүүдийг оролцуулна гэж мэдэгдсэн. МСҮТд сурч байгаа цэргүүд бий юу?

-Эх орны бүтээн байгуулалтад цэргүүд оролцох ёстой. Энэ тэдний үүрэг. Ямарваа нэгэн конвенци зөрчөөгүй. Монгол цэрэг эх орноо хамгаалахаас гадна мэргэжлийн боловсролтой болог л дээ. Өөрт нь, аав, ээжид нь, улс оронд л хэрэгтэй. Энэ ажлыг манай яам зохион байгуулж байгаа.

Одоогоор 600 гаруй цэргийн алба хаагчийг сургалтад хамруулж байна. Мөн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй залуучуудаа ч гэсэн мэргэшүүлнэ.

Та Чингэлтэй дүүрэгт нэр дэвших үү. Эсвэл намын жагсаалтад орох нь уу. Ямартай ч оны өмнө Сонгуулийн хуулиа батлаад авчихсан?

-Сонгуулийн хуулиа баталсан. Сурталчилгааны хугацааг 18 хоног болгочихлоо гэдэг шүүмжлэл байгаа. Үнэхээр нэр дэвших гэж байгаа бол 18 хоног байтугай хоногт л ард түмний дэмжлэг авна.

Миний хувьд Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшинэ. Би хоёр удаа тойрогт нэр дэвшин намдаа суудал авч ирсэн. Жагсаалтад орох эрх надад нээлттэй ч би намын даргад “Би Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшинэ” гэдгээ хэлчихсэн. Чингэлтэйд хэн ч ирээд нэр дэвшсэн тулаад өрсөлдөхөд бэлэн байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Дашбалбар багштай нэг ангийнхан

1990-ээд он гараад нэг хэсэг номыг 00 цаас шиг үзэх болсон гэдэг. Номыг машин, машинаар нь ачиж Хятад руу хаягдал цаас болгон гаргаад тэр нь буцаад 00 цаас болж орж ирдэг үе байж. Номыг хэн ч тоохоо больсон энэ цаг үед номонд дурлаж, хэн олон ном уншсанаараа нэг нэгэнтэйгээ нууцхан өрсөлдөж, тэмцэлдэж явсан оюутны нэг ангийнхан бол 1993-1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг Очирбатын Дашбалбар багштай төгссөн нэг ангийнхан юм. О.Дашбалбар багш ангийнхандаа “Халаасандаа байгаа таван зуун төгрөгөөр хоёр ном аваад алхаад харих уу, эсвэл биеийн амраа бодоод автобусанд суугаад харих уу гэдэг сонголтоо хийж чадсан цагт л та нар зохиолч болно” гэж сургадаг байжээ. Багшийнхаа хэлсэн үгийг алт шиг хүлээж авдаг оюутнууд автобусанд суух мөнгөөрөө ном аваад гэр рүүгээ харина. Тэр үед Бараа баазын хашаанд ачаатай машинаар ном авчраад асгадаг байж. Зүсдэг машинаар номыг хавтаснаас нь салгаж цаасны хаягдал нэрээр Хятад руу гаргана. О.Дашбалбар багшийн ангийнхан энэ үед отолт хийж, машин дүрэн ном ирээд буухад нь уралдаж очоод гартаа тааралдсан номоо чадахынхаа хэрээр аваад явдаг байсан гэдэг. Тэгж номонд дурлаж байсан оюутнууд өнөөгийн Монголын утга зохиолын нэгэн үеийн хүчтэй төлөөлөгчид болцгоожээ. Хэл бичгийн ухааны доктор, зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч П.Батхуяг, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, сэтгүүлч, орчуулагч Б.Номинчимэд, төвд судлаач Г.Ням-Очир, яруу найрагч Ц.Доржсэмбэ нарын алдартнууд оюутны нэг ангийнхан юм.

Тэд оюутан ахуйн бүх л дурсамжаа ангийн багш О.Дашбалбартай холбож ярина. “Ерөөсөө манай анги чинь багш төвтэй, багшаараа хөглөгддөг ийм л анги байсан. Багш юу гэж хэлнэ, ангийн бүх уур амьсгал тийшээ явдаг. Багшийнхаа амнаас унасан үгийг алт мэт хүлээж авдаг байсан. Тэр том хүнээр дөрвөн жил хичээл заалгаж байсан бид чинь барагтай хүнд оногдохгүй том хувь заяатай шүү” гэж байсан юм. Өрнө, Дорнын уран зохиолыг О.Дашбалбар багш заадаг байж. “Би та нарт хичээл заахаа болилоо” гэж ангийн багш хэлэх вий гэхээс бүгд айна. Ийм үг багшийн амнаас гарвал оюутнуудад аянга цахилгаан цахиж байгаа мэт хатуу сонсогддог байж. Учир нь нэг өдөр багшийнхаа унш гэсэн номыг тэд уншихгүй иржээ. Балбар багш илүү дутуу юм ярьсангүй. Гараараа үсээ хойшлуулчихаад цүнхээ үүрээд ангиас гарч. Гарахаасаа өмнө “Үүрд баяртай” гэж хэлжээ.

Багшийг гараад явсны дараа ангийнхан шуугилдаж шаагилдаад тоосонгүй. Тэгсэн гурван өдөр Балбар багш ирсэнгүй. Ангийн хүүхдүүд бүгд дуугаа хурааж эхэлжээ. Багш байхгүй бол амьдрал байхгүй мэт тэдэнд санагдаж, “За бүгдээрээ гэрт нь яваад очье гээд гарцгаажээ. Багш гэртээ их ууртай, тэднийг ирснийг харахгүй, тоохгүй байсан гэдэг. Ангийн хүүхдүүд багшдаа хадаг барьж, мөргөж залбиран, “Бид дахиж даалгавраа хийхгүй ирэхгүй” гэдэг амлалт өгсөн байна. Балбар багш далайх нь сүртэй боловч буух нь зөөлөн. “За та нар хэлсэн амандаа хүрнэ шүү” гэжээ. Тэр үеэс хойш ангийн хүүхдүүд нэг ч удаа даалгавраа хийхгүй ирж байгаагүй гэдэг. Балбар багш ангийнхаа хүүхдүүдээс юугаа ч нуудаггүй байсан нь тэдний хайр хүндлэлийг улам их татжээ. Зовлон жаргал бүх зүйлээ илэн далангүй ярьж хуваалцдаг байсан учир ангийн шавь нар нь багшийгаа юу юунаас илүү хүндэлж, багш шигээ л хүн болох юмсан гэдэг мөрөөдөл бүгдийнх сэтгэлд нь ургаж байж.

Ер нь тэдний ангид мундаг сайн багш нар хичээл заадаг байсан байна. О.Дашбалбар багшаас гадна монгол бичгийг Осор гэдэг сайн багш заана. Дунд, ахмад үеийн бараг бүх монгол хэл, бичгийн багш нар Осор багшийг андахгүй. Төвд хэлийг их төвдөч Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, бурхны шашны гүн ухааныг гавж Ш.Сонинбаяр, Монголын эртний уран зохиолыг доктор Далантайн Цэрэнсодном, Монголын уран зохиолыг доктор С.Байгалсайхан зааж байж. Бас Пүрэвийн Хорлоо багшаар аман зохиол, уран сайхны шүүмж судлалыг Чойсүрэнгийн Дагвадоржоор, утга зохиолын онолыг Хасбаатар, Санжмятавын Гаадамба гээд мундаг том сайн багш нараар хичээл заалгаж байжээ. “Сайн хүмүүсийн буян цаглашгүй их юм” гэдэг үгийг тэд багш нарыгаа дурсан ярихдаа хэлнэ. Өнөөдөр бидний амжилттай яваа мааньэнэ хүмүүсийн ач шүү дээ гэцгээнэ.

Энэ ангид сонин сонин зам мөрөөр орж ирсэн хүүхдүүд их. Жишээлбэл, Б.Номинчимэд Говь-Алтай аймгийн арван жилийн сургуулийг алтан медальтай төгсөөд илгээлтийн эзэн болж хэдэн жил мал малласан. Тэр үед хөдөө хонины бэлчээр дээр Б.Номинчимэд тэр цаг үеийнхээ хамаг сор болсон бүх номыг уншчихсан байж. Ажлаар явж байсан эрдэмтэд хөдөө очоод Б.Номинчимэдтэй уулзаад гайхаж, “Чи ийм авьяастай юм чинь хот газар орж сургуульд сур” гэж зөвлөсний дагуу иржээ. Харин Р.Эмүжин Ховдын багшийн их сургуульд сурч байгаад Дашбалбар гэдэг хүний л шавь болохын тулд сургуулиа хаяад ирж байсан гэдэг. Ер нь тэдний ангид багшаас гадна хоёр дахь үлгэр болдог хүн нь Б.Номинчимэд байж. Тэрбээр ангийнхнаасаа хэдэн насаар ах байсан болоод ч тэр үү түүний хэлсэн үг, унш гэж заасан ном нь бусад хүүхдэд үлгэр дуурайл болно. Жинтэй ч үг хэлдэг байж. Анх тэдний ангид 21 хүүхэд элсэн орж байсан бол төгсөхдөө арван долууллаа болсон байж. 17 оюутнаас тав нь эрэгтэй. Таван эрэгтэйгээс Дашдэмбэрэл гэдэг залуу газар тариалан, бизнесийн салбарт ажиллаж байна. Бусад нь мэргэжлээрээ утга зохиолын салбарт ажиллаж байгаа юм байна.

Шинэ юм нээнэ, шинэ юм сурна гэдэг маш гоё юм байна гэсэн тэр үеийн нийгмийн хандлага оюутнуудад хүчтэй нөлөөлж байж. Хэний ч олж нээгээгүйг олж нээж, хэний ч олж анзаараагүйг олж анзаарах тийм хүсэл эрмэлзэл дүүрэн оюутнууд байж. Тиймээс тэд өөр хоорондоо өрсөлдөнө. Хэн олон ном уншсанаар, хэн сайн шүлэг, зохиол бичсэнээрээ бие биетэйгээ өрсөлдөнө. Нэг нь гайгүйхэн шиг мөр шүлэг биччихэд нөгөө хэд нь шөнө нойр нь хүрдэггүй байсан гэдэг.

О.Дашбалбар багш ангийнхаа хүүхдүүдийг нэг өдөр бүгдийг нь шалгалтад унагааж байсан гэдэг. Нэг өдөр гадаадын уран зохиолын хичээлээр өвлийн шалгалт авчээ. Бүх хүүхдүүдээс нэг л асуулт асуусан байна. “Японы нобелийн шагналт зохиолч Асунари Кавата яаж үхсэн бэ” гэдэг ганц асуулт иржээ. Тэр асуултыг хэн ч хэлж мэдэхгүй ангиараа шалгалтдаа унажээ. Ээлж ээлжээрээ асуугдах гээд ороод янз бүрийн тайлбар хэлж байжээ. Бүгд амиа хорлож үхсэнийг мэдэж байгаа ч яг яаж амиа хорлосныг нь мэдэх оюутан байсангүй. Ангийн 20-иод хүүхэд нэг нэг хувилбар гаргаж, хэлсэн ч бүгд муу авчээ.Тэгээд дараа нь өвлийн даалгавар өглөө. “Асунари Каватаг яаж үхсэнийг мэдэж ир” гэсэн байна. Бүгд хичээл тараад номын сан явж. Тэгсэн хийн зуухнаас болж нас барсан юм билээ. Тэр үед хийн зуух гэж юм мэдэхгүй тэд шалгалтдаа хэрхэн унаснаа бодоод бөөн инээдэм болсон гэдэг. Ер нь тэдний ангийг сургуулийнх нь багш, хүүхдүүд хамгийн сахилгагүй анги гэж нэрлэдэг. Халуун цочмог халгиж, цалгисан, юу хүссэнээ айж ичихгүй хэлчихдэг. Бас багш нарыгаа хатуухан шүүмжилчихдэг байсан гэнэ. Ямар сайндаа л Г.Ням-Очир, П.Батхуяг хоёр сургуулиасаа дөрвөн удаа хөөгдөж байжээ. Аварч гардаг хүн нь ангийн багш О.Дашбалбар. Энэ хоёр юм дуулгах хүүхэд, байлгаж байя гээд бусад багш нартайгаа ярилцаад үлдээж байж.

Мөн ангиараа хоёрдугаар курсээсээ эхлэн давхар ажил хийцгээсэн байна. Тэр үед нийгэм хэцүү, картын бараанд шилжсэн, хүнсний хангамж муу цаг үе байсан учир хоёрдугаар курсээ төгсөөд сонин сэтгүүлд ажил хийж, олсон мөнгөөрөө амьдралдаа нэмэрлэж эхэлжээ. Эрдэм ном сураад давхар ажил хийж байсан нь тэдний амжилттай яваагийн бас нэг шалтгаан гэж тэд дурсан ярив.

Categories
мэдээ цаг-үе

Адель: “Album-21” цомог богино хугацаанд том амжилтад хүрсэн

Их Британийн нэрт дуучин Адель өнгөрсөн оны өмнөхөн шинэ бүтээлээ үзэгч олондоо толилуулсан. Оскар, Грэммигийн шагналт тэрээр ээж болж нэг хэсэг чимээгүй байсан. Харин саяхан шүтэн бишрэгчдэдээ шинэ клипээ толилуулж түүнийг нь олон нийтийн сүлжээгээр хэдэн сая хүн үзжээ. Аделийн “Zeit Magazin”-д өгсөн ярилцлагыг товчлон сонирхуулъя.

Адель, та бол фитнессийн цонхоор бүсгүйчүүд хэрхэн бэлтгэл хийж байгааг атаархан хардаггүй хүн. Ингэж биеэ зовоохын оронд цадталаа иднэ гэдэг байсан. Гэтэл гэнэт яагаад бодлоо өөрчлөв?

-Яагаад гэдгийг танд хэлж өгье. Маш хөдөлгөөнтэй гурван настай хүү гарч ирсэн. Цаашдаа түүнийхээ дэргэд байхын тулд спортоор хичээллэхээс өөр аргагүй болсон. Тэгээд ч би ээж хүн, ажил маань нэлээд хүнд. Байнга л хэзээ зав гарах бол хэмээн хүлээдэг. Тоглолтууд хэзээ эхэлдгийг та мэдэх байх.

Ер нь бол орой.

-Зөв. Гурван жилийн өмнөөс эхлээд тоглолтын үеэрээ би юу хийдэг болсон гээч. Унтдаг болсон. Хүүтэйгээ цуг яг 20:00 цагт орондоо орно. Ээжийн ажил гэдэг амаргүй шүү дээ. Орондоо орсон хойноо лэптоп дээрээ захидал биччихээд дараа нь унтдаг болсон. Ийм байхад хэзээ нь загвар өмсөгч шиг биетэй болох гээд дасгал хийх билээ.

Нэрт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд таныг тарган байна гэж шүүмжилсэн. Үүнд нь гомдсон уу?

-Үгүй. Надад бол үнэндээ хамаагүй байсан. Хамгийн их бухимдуулсан юм нь гэвэл надаас хүлцэл өчиж “Chanel”-ийн нэлээд үнэтэй цүнх явуулсан гэж хүнд ярьсан байсан. Тэрийг нь би аваагүй. Тэр цүнх явуулсан байж магадгүй, гэхдээ надад ирээгүй.

Таны шинээр гарсан “Album 21” цомгийн талаар нэлээд цуу яриа гарсан. Гэхдээ тэдгээрийг батлах нэг ч баримт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Энэ бүхнийг яаж хүлээж авав?

-Чин үнэнээ хэлэхэд хэцүү байсан. Өчигдөр орой орондоо хэвтэж байхдаа яагаад ийм яриа гарсан талаар бодоод ихэд гайхсан. Уг нь бол бүгдийг ямар нэгэн асуудалгүй хийхийн тулд нэлээд олон хүнийг хөлслөн ажиллуулсан. Тэд ам алдаагүй. Тиймээс яагаад ийм юм болсон гэдэг нь их чухал. Учир нь итгэл гэдэг маш үнэ цэнтэй зүйл. Би хэдхэн ажилтантай.

Та хэдэн ажилтантай вэ?

-Тав. Хоёр менежер, хоёр нийтлэлч, миний дуу бичлэгийн компанийн дарга. Ингээд л болоо.

Тэгвэл таны найзууд?

-Миний нууцыг бусдад тараадаг байсан тул найз байхаа больсон. Маш дотнын хоёр найз бүсгүй байсан. Тэд нууцыг задалсан хэрэгт холбогдсон. Бас дээр нь миний найз залуу.

Та фэйсбүк, твиттерт урьдынх шигээ идэвхтэйгээр орохоо больсон. Бодлогоор ингэсэн үү?

-Үгүй. Та миний талаар юу ч мэддэггүй юм байна. Чин үнэнээ хэлэхэд олон нийтийн сүлжээ үнэхээр хүчирхэг гэж боддог үе байлаа. Интернэтээр дамждаг бүх л үйлчилгээг авсан. Гэтэл хэн нэгний тусламжгүйгээр банкныхаа данс руу нэвтэрч чаддаггүй болсон шүү.

Та таван жил уран бүтээл туурвихгүй завсарлага авч тайван амьдарна гэж одоогоос хэдэн жилийн өмнө хэлсэн. Гэтэл тав биш гурван жил завсарласан. Энэ хугацаанд хүссэнээрээ тайван амьдарч чадсан уу?

-Таван жил завсарлага авна. Ингэсэн бол үнэхээр сайхан байх байсан. Маш сайхан. Гэхдээ би таван жил тэсэхгүй байсан байх. Би бараг хоёр жил бүх юмнаас хол байлаа. Хөл хүнд байхдаа “Жеймс Бонд-“Skyfall” киноны дууг дуулсан. Намайг төрөхийн өмнөхөн киноны нээлт болсон тул би оролцож чадаагүй.Төрснөөсөө хойш хоёр жил жинхэнэ амьдралаас таашаал авсан. Түүнээс нэг сарын өмнө би шагналаа гардаж авахаар Холливудад очсон.

Жишээ нь “Skyfall” киноны дуугаараа Оскар, Грэммигийн шагнал авсан.

-Гэхдээ энэ хоёр жил гэдэг бас ч бага хугацаа биш шүү.

Таны “Album 21” цомог нь нэлээд шуугиан тарьсан. Үүний дараа хэсэг чимээгүй байх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн үү?

-Маш богино хугацаанд том амжилтанд хүрсэн. Мэдээжийн хэрэг сайхан байсан хэдий ч бас амаргүй байлаа. Үнэхээр бүх юмыг орвонгоор нь өөрчилсөн үе байсан шүү. 2011 онд “Mercury Awards” шагналыг гардуулах ёслолоос хойш бүх юм өөрчлөгдсөн. “Album 21” цомог маань шагналд дэвшихэд бахархах сэтгэл төрж билээ. Би олон жил “Mercury Awards” шагнал гардуулах ёслолыг телевизээр үздэг байсан бол гэнэт өөрөө гол баатар нь болчихсон. Харамсалтай нь үүний дараа бие маань өвдсөн. Тиймээс хоёр тоглолтоо цуцалж, шагнал гардуулах ёслолд оролцоогүй. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа ч яахав, харин шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээж байгаа тоглолтыг цуцална гэдэг онцгүй . Дараа нь нэг тоглолт хийхэд намайг бөөн хүмүүс бүчин авч билээ. Би бүр цочирдсон шүү. Зөв ойлгоорой, тэд бүгд намайг хүндэтгэдэг, гоё үг хэлэх гэсэн хүмүүс байсан.

Та бол супер од болсон. Үүндээ дасч байна уу?

– Дасах ёстой. Тэгээд ч би уран бүтээлээ туурвимаар байгаа, үүнээсээ болих бодол байхгүй. Тодорхойгүй хугацаанд би алдартай байх болов уу. Тиймээс энэ бүхэнд дасахаас өөр арга алга. Өөрөөр хэлбэл арван жил чөлөө завгүй байна гэж бухимдаж суух эсвэл энэ бүхнээс таашаал авах хоёр л зам байна. Би хоёр дахийг нь сонгосон. Гэхдээ “Би од болсон. Гоё” гэж хэлэхгүй, бүх баярын арга хэмжээнд оролцож зургаа авахуулахгүй. Би тийм хүн биш. Улс орнуудаар явж тоглолтоо хийж энэ бүхэнд зохицож сурна, түүнээсээ таашаал авдаг болно.

Орчуулсан Ю.Дэлгэр