Categories
мэдээ цаг-үе

“Үнэний хорвоо”-гийн Жигжидийн Бямба багшийгаа дурсахуйд

Зураг дээр зүүн гараас С.Товуудорж,
эрдэмтэн зохиолч Д.Цэдэв, СГЗ Х.Зандраабайды нар

Хүнтэй дотно нөхөрлөж санаа бодлоо хуваалцан андын холбоотой болоход нэг бодлын сайхан нөгөө бодлын бас хэцүү үе тохиодог. Сайхны хувьд хүн бүр мэднэ. Танилтай бол талын чинээ танилгүй бол алгын чинээ гэдэг биз дээ. Хэцүү гэхийн хувьд дотно нөхөрлөсөн анд маань мөнхийн аяндаа явчихаар хэцүү. Хүн гэнэн буюу. Дотно анд маань мөнхийн аяндаа явчихаар үнэн болов уу худлаа болов уу гэж эргэлзээд, хүрээд ирэх юм шиг хүлээдэг. Уулзаж учирч санал зөвлөгөөг нь сонсож бүр дотно нөхөрлөж байсан өчүүхэн миний хувьд нэхэн дурсахаас аргагүй зохиолчийн нэг нь би багш хэмээн нэрлэсэн Жигжидийн Бямба болой. Завхан аймгийн төв Улиастайд ажиллаж, аж төрж байсан надад бичсэн нэгэн зурвастаа тэрбээр “Сайн байна уу? Би маргааш өглөө Баян-Өлгий нисэх гэж байна. 11 сард Очирбат дарга Сүрэнжав бид хоёрыг урина гэсэн.Чи намайг ирсэн хойно энд ирвэл сайн. Би 11 сарын 3,4-ний нэгэнд ирнэ. Чи номоо бэлдэж ир. Манай холбоонд элсэнэ биз. Номыг чинь оруулна. Одоо хүн царайчлахгүй,би өөрөө шийднэ. Манай холбооны салбар байгуулбал сайн шүү. Ж.Бямба” хэмээсэн зурвас миний хуучин тэмдэглэлийн дэвтрийн завсар байна.Түүний доод талд би “1990.ХI.5-нд авлаа. Би Улаанбаатар хот явсан учир нэлээд хоноод авав. Бямба багш Баян-Өлгий явсан учир уулзаж чадаагүй” гэж тэмдэглэсэн ажээ. Чөлөөт зохиолчдын холбоо 1990 оны есдүгээр сард албан ёсоор байгуулагдсан гэдэг. Ж.Бямба багш маань 1990 оны есдүгээр сарын сүүлчээр Чөлөөт зохиолчдын Холбоогоо байгуулалцаад л түүнийгээ өргөтгөх, аймаг хотод салбараа бий болгох, авьяастай хүмүүсийг гишүүнээр элсүүлэх талаар анхаарч байжээ.

1990 онд би хотод байж найрамдал нийгэмлэгийн их хуралд оролцжээ. Хуралдаа оролцчихоод үүнийг тэмдэглэгч Ж.Бямба багшийн гэрт очиж ярилцжээ.Тэрбээр саяхан Улаан-Үд хотод С.Дуламтай хамт яваад ирлээ гээд гол нь Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын холбооныхоо тухай ярьжээ.

Сониндоо гурван хүн ажиллуулна,нэг нь эзгүй байхад нөгөө нь сониноо гаргаж чаддаг байх ёстой юм. Гэхдээ одоогоор тийм чадвартай олигтой хүн олж чадаагүй байна. МЗЭ олон гишүүнтэй. Манай холбоо тэднийх шиг нүсэр биш байна.МЗЭ-ийнхэн манайхныг үргэлж гүтгэн дайрч байгаа. Бид тэдэн шиг сонин хэвлэлээрээ дайрч давшлахгүй. Харин бидний талаар тэдний ярьж бичсэн дайрч давшилсан зүйлийг сониндоо тавина. Бид ийнхүү ярьж тохирсон. Манай Чөлөөт зохиолчдын холбооны тэргүүн нь Ш.Гаадамба, орон тооны бус, түүнд сардаа 200-300 төгрөг өгөхийг бодно. Ш.Гаадамбын бие одоогоор муу байна. Ш.Сүрэнжав бид хоёр гол ажлаа хийж байна. Бид хоёр цалинжина байх. П.Пүрэвсүрэн “Ертөнц” сонины эрхлэгч болсон. Т.Галсан баахан залуус дагуулж ирнэ гэсэн. Т.Галсан одоо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авлаа. Тэрбээр МЗЭ-ээс гарах өргөдлөө өгсөн юм. Гэтэл нэртэй зохиолчийгоо болохоор гаргахгүй удаад хойшлуулаад байна.

Чиний номыг хэвлэх төлөвлөгөөнд оруулна. Одоо хүн гуйж царайчлахаа больсон шүү. Гадаадад нэлээд өргөн харилцаа тогтооно. Тэгэхдээ мөнгөтэй болно. Мөнгөө дэмий юманд сүйтгэхгүй гэсэн үндсэн гол зүйл ярилаа. Би Завхан аймгийнхаа Залуу зохиолчдын нэгдлийн ажлын талаар танилцууллаа. Багш: -За, чи хэр зэрэг юм бичиж байна.Сүүлийн үед бичсэн томхон юмнаасаа уншуул гэв.

-Би “Манан дундах уулс” гэсэн тууж бичлээ. Тэр л байна гээд түүнээ багшид өглөө.Тэрбээр “Зүйтэй” гээд авч уншиж байснаа: “Аанг, аанг” гээд л байв. Тэгснээ: -Үгүүлсэн зохиол бичих найдвар чамд тун их шүү. Миний шавь Намсрай, Баасанжав гэж зохиолч нар бий. Тэдэнтэй чамайг танилцуулна.Тэд авьяастай, чи ч бас… Чи энд их нуршжээ. Чи “Шөнийн ангуучин” гэдгээ сайн бичсэн шүү. Түүнийгээ дахин дахин уншаарай,яаж бичлээ гэдгээ бод. 1992.IҮ.10. Баасан гараг. 15.00 цагийн радиогийн мэдээ сонслоо.” МҮЧЗХ-ны хурал болж Завхан аймгийн Н.Лутбаяр, Ц.Бавуудорж, С.Товуудорж, Х.Бат-Өлзий нарыг гишүүнээр элсүүлэв.

Мөн О.Дашбалбар, Ж.Бямба нарт төрийн соёрхол олгуулахаар нэрийг нь дэвшүүлэв” хэмээн мэдээллээ. Үүнийг сонсоод сэтгэл сэргэн хөнгөрч байна.Зохиолч гэсэн нэр зүүлээ.Гэвч зохиолч байв уу үгүй юу гэдгийг бичсэн зохиол бүтээлийн чанар харуулна.Жирийн хүн биш жижүүр хүн гэгчээр би идэж уучихаад гэдсээ илэн тарвалзаж хэвтдэг хүн биш бүтээж туурвих гэж шаналж бодлогоширч бичиж суудаг зохиолч болов. Ингэж бодоход сэтгэл давчидна.Үүнд бодлоо шүүн тунгаана.Үүнд өөрийгөө дайчилна гэх зэргээр радиогийн мэдээ сонсчихоод сэтгэгдлээ бичжээ. Тэр үеэс өмнө хөдөөний бид нар зохиолчдын эвлэлд элсэнэ гэдэг одоогийнхоор бол Их хурлын гишүүн болох гэж буй мэт үнэхээр хэцүү даваа байлаа.Тиймээс Чөлөөт зохиолчдын холбоонд гишүүнээр элсүүлсэн тухай радиогийн мэдээ сонсоод сэтгэл хөөрч баярлаж байсан юм. Ийнхүү би Чөлөөт зохиолчдын холбоо гэсэн байгууллагын харьяалалтай хүн болжээ.

Улс орны тусгаар тогтнолоос өөр чухал юм үгүй. Бид бүхэн мөнх биш, Монгол Улсын тусгаар тогтнол мөнх байх учиртай. Тиймээс Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө зогсоно.Зулзган банди нараар улс орноо түйвээлгэж ханалаа. Улс орныг нас тогтсон,амьдрал үзсэн, эх орноо гэх хүмүүсээр удирдуулна гэх зэргээр ярьж байлаа. “Та сайн яруу найрагч. Улс төрөөр хөөцөлдөж байснаас шүлгээ бичээд суусан нь дээргүй юү?” гэж сонсогч асуулаа. “Эх орон эдийн засгийн тусгаар тогтнолоо алдаад байхад иргэн би зүгээр сууж чадахгүй. Шүлэг бичихээ орхиж болно. Эх орныхоо эдийн засгийн баттай суурийг бий болгож, тусгаар тогтнолоо баталгаажуулахын төлөө тэмцэнэ” гэж О.Дашбалбар хариулжээ.

Ж.Бямба багш: -Би УИХ-ын гишүүнд нэрээ дэвшүүлчихээд удахгүй эргээд ирнэ. Чамтай хамт сартуулынхаа хэдэн сумаар явж сурталчилгаагаа хийнэ. Намайг дэмжээд саналаа өгнө байх гэж ярьсан тухай миний тэмдэглэлд байна. Тэр үед Ж.Бямба багш мөнх бусаа үзүүлээгүй бол Их хурлын гишүүн болчих боломж байсан юм. 1992.Ү.21.Лхагва гараг.16.00 цагийн үед аймгийн захиргааны байшингийн гадаа хэдүүл ярьж зогстол,аймгийн төлөвлөгөө эдийн засгийн хэлтсийн дарга Баярлхагва ирээд:-Зохиолч Ж.Бямба гуай нас баржээ гэв.Миний бие зарсхийн гайхаад:

-Хэзээ тэр вэ? хэмээн цочирдон асуулаа.

-Тун сая хүлээн авагчаар ярилаа.

-Баттай мэдээ юү? -Баттай,Завхан аймгийн Ургамал суманд төрсөн гэж байна.Үнэн биз дээ гэв.

Миний үе мөч сулран хий нь гарсан бөмбөг мэт шалчийн сэтгэл хачин болов. Бид чинь бие биенээ мөнх юм шиг санаж явтал сайн анд нар маань гэнэт бурхны дуудлагаар биднээс холдон одох юм. Тэгээд Ж.Бямба багш ноднин 1991 оны ҮI сарын 22-нд хэсэг зохиолчдын хамт ирэхэд Отгонтэнгэр уулын тахилгат овоо, Бадар хундага нуурын дэргэд очсон, Отгон Шүлүүстэй, Цэцэн-Уул,Тосонцэнгэл сумаар явахад болон энэ оны IҮ сарын 21-нд ирэхэд нэлээд хугацаагаар цуг байж уран зохиолын болон аж төрлийн энгийн зүйлсийн тухай ярилцан хүмүүстэй уулзаж бас хүний хувьд хатуу цагааныг балгаж наргиж инээж хөхөрч явснаа дурслаа. Гэртээ ороод “ХУДЛАА…БАГШ АМЬД” гэсэн гарчиг тавиад Ж.Бямба багштай уулзаж байсныхаа заримаас тэмдэглэлийнхээ дэвтэрт дурсан бичжээ.Түүнийгээ МҮЧЗХ-ны 20 жилийн ойн үеэр өмнөх тэмдэглэлийнхээ дэвтрийг эргэн харж сийрүүлэх боломж олдлоо.

Тэрхүү “Худлаа… багш амьд” гэж гарчигласан бичвэрийн навтрагт: Миний дотнын багш маань ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэгээд л бид бүгдээрээ “Улиастай” зочид буудлын баруун өмнөх сувгийн жирэлзсэн горхинд дүрээ тольдоод,уснаас хааяа гараараа хутган самарч, ерөөл сонссон хүмүүсийн нүд мэт үдшийн од гялалазан түгтэл шүлгээ уншиж, хөх тэнгэртээ, хөрст эх нутагтаа,хүсэл нь биелэх арддаа сэржмээ өргөн өргөн нанчид хүртэх юмсан. Ж.Бямба багш минь О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёогийн хамт миний төсөөлдгөөр их далайн дундах шовгор хадан арал мэт цэлийсэн талын бяцхан уул Алтан овоон дээр мандах нарны өмнөхөн гарч хийморио сэргээн сэржим өргөсөн тухайгаа дахин дахин яриасай. Нэг нугалам сээр хүзүү мөчөөр биднээс илүү болов уу гэлтэй өндөр Түдэв даргаар газарчлуулан Шүлүүстэй уулын урд энгэрт Дилав хутагтын босгосон суварга, овоонд очоод Дилав хутагт Жамсранжав болон Нарванчин гэгээний тухай дахин яриулах юмсан. Бид Улиастай тийш буцаж дөрөө харшуулан Цагаанчулуут сумын малчин шүлэгч залуу Д.Сүхбатынд дахин очиж саатан хонь гаргуулж шинэ шөл ууж, таны дуртай бүхэл мах чануулах юмсан. Багш та:

-Хүүе,Товуу чи миний ханцуйн дээр тостой шөл асгадаг шүү. Болгоомжтой байгаарай гэж намайг ойртоход анхааруулаасай. -Тостой шөл хувцсанд асгахад буян хураад сайн гэдэг шүү,багш аа хэмээн би урьд нь Шүлүүстэйд болгоомжгүйдсэнээ цайруулах гэж булзааруулна.

-За тэгвэл ч яах вэ. Товуу чи бүхэл мах өөхийг ч овоо идчихдэг юм байна.За ид ид, май хэмээн хишиг огтлон надад дахин өгөөсэй.

Багш минь ганцхан сарын өмнө Улиастайд ирэхдээ яалаа. Бид зочид буудалд нэлээд сууж ганц нэг лонх хоослон ихэвчилэн уран зохиол, зохиолч нарынхаа тухай, улстөрийн тухай, “хайрт удирдагч” нар олхиогүй байгаа тухай зөндөө яриад би гэртээ ирээд унтсан шүү дээ. Дуг нойрон дунд хүн үүд тогшин тогшин чимээ чагнана. Тэгсэнээ “Би Бямба байна, үүд ээ” гэнэ. Эхнэр нойрмоглосоор босож үүдээ нээнэ. Багш Ж.Бямба орж ирээд:

-Хөөе миний шавь унтаж байна уу? Сэрээнэ ээ хэмээн урьдынхаа адил орны өмнө суугаад намайг татаж илэн оролдож эхлээсэй.Үдшийнхээ ууж идсэнд дарлуулан сэрье гэвч сэргэж чадахгүй, багш ирснийг дотуураа битүүхэн мэдрэв ч би хөрвөөн унтана. Багш:

-Хөөе, босоорой Товуу,би багш чинь байна. Би Бямба байна аа, босоорой босоорой хэмээн миний хөнжлийг ярж мөр хацар руу сэвж буй мэт зөөлөн зөөлөн алгадаасай. Хоёулаа манай нутгийн Л.Бат-Өлзий сэтгүүлчийнд очъё.Би Улиастайд ирчихээд Бат-Өлзийнд орохгүй бол тэд гомдоно. Би ганцаардаад байна. Тэднийхийг олохгүй.Хоёулаа явъя хэмээн хичээнгүйлэн аргадан гуйгаасай.

-За за гээд би хүлээтэй өнжин хэвтсэн амьтан мэт хүндээр арай ядан өндийхчөөн аядана.

Хоёулаа гадаа гарч Улиастай хотын од яралзсан шөнийн нам гүмд таалуулах мэт сугадалцан алхална.Гэвч хатуу ундаа биеэс бүрэн ууршиж арилаагүй тул толгой баглуулсан мэт хүнд оргин мангартана.Тэгээд л 60 айлын сууцныхны үүдийг эхнээс нь тогшино. Хаалганы цаана хэн нэгэн ирж хулгайч дээрэмчин тонуулчин уу биш үү хэмээн зүрх нь түгшин бүр нэг хаширлангуй:

-Хэн бэ? хэмээн дуугарна.

-Сэтгүүлч Бат-Өлзийнх аль хаалга вэ?

-Цаана чинь нөгөө орц.

-Хаалганы дугаар нь хэд вэ?

-Мэдэхгүй,мэдэхгүй гэж нойр хулжаалаа хэмээн дургүйцсэндээ мэдсэн ч мэдэхгүй гэж уцаарлан дуугараад цаашаа алхах хөлийн чимээ гарна. “Хорхойд хоргүй амьтад явж байхад зөвхөн нойрноос сэрээлээ гэж бид хоёроос айж байх ч гэж дээ. Ийм л болсон цаг үе дээ” хэмээн ярилцаад гаднын хүмүүс харвал галзуу юм уу гэлтэй шөнийн харанхуйг шуугдтал хөхрөлдөнгөө хөтчин алхална. Бүр чухал зарлал хүргэх гэсэн мэт, бид амьдарч аж төрж байна гэдгээ үзүүлэх гэсэн адил айл айлын хаалга тогшин уур уцаары нь хөдөлгөнө. Тэгсээр “Үнэн” сонины сэтгүүлч Л.Бат-Өлзийн хаалгыг заалган олж очно. Явсан нохой яс зуудаг гэж энэ буй за.

-Хэн бэ гэж гэрийн эзэгтэй нь асууна.

-Би Бямба байна…хөөш танайхыг арай гэж олж ирлээ гэж эрдүүхэн дуугарна.

-Өө зайлуул манайхыг гэсээр ирэлгүй яах вэ гэсэн дуу гаран хаалга онгойно. Бат-Өлзий гуай босоод маажигнан ирээд “За чамайг ороод ирнэ гэж мэдэж байсан юм. Харин шөнө ирэх нь үү өдөр ирэх нь үү гэж ярьж байсан юм гээд нэг нутгийнхан өнө эртний зүйлсээ ярьж хөөрөнгөө цай чанаж лонх юм гаргана.

Төрсөн нутгийнхаа андтайгаа уулзах гэж түнэр харанхуй шөнө тэмтчин бэдрээд, түүнээ олоод сэтгэлээ ханатал хүүрнэсэндээ олзуурхсан уу хажуулмагцаа хурхирч эхэлнэ. Гэтэл багшийг минь тэнгэрт хальсан гэж хэн хэлэв. Ээ худлаа даа, худлаа байгаасай. Хүн нас баржээ гэж андуурч ярих, сонсох сайн байдаг юм гэнэ билээ.Яагаав, нөгөө Улиастайд муу нэртэй луу данстай явсан одоо бол худалдаа арилжаа хийгээд хөл дээрээ босчихоод хүмүүсийг гайхшируулж нүдийг нь бүлтийлгэн горьдуулж буй хар Жадамба Тувад явж байгаад алуулчихсан гэнэ гэж өвөл зөндөө л яриагүй юу. Тэгсэн чинь тэр нь худлаа цуу яриа байсан шүү. Тийм цуу ярианд өртсөн хүн мөнхөрдөг юм гэнэ билээ.

Багш маань эндэх болоогүй, бие их сайтай шүү дээ. Тэрбээр орчлонгийн худал хуурмагтай,бузар булхайтай тэмцэн зүрх нь шаналан дотор нь бачуурч яваа. Тэгээд өөдгүй хүмүүст элдвээр далдуур гоочлуулавч юу ч болоогүй мэт анд найз нартайгаа инээж хөхрөн уулзаж учирч яваа. Харин Ж.Бямба багш минь Завханы Улиастайд удахгүй буцаж ирнэ гэсэн юмсан, яагаад ирэхгүй удаад байна вэ. Тэрбээр худал хуурмагтай тэмцэж яваагаас зайлахгүй хэмээн би Ж.Бямба багшийг нас барсан гэдгийг сонсмогцоо урьд уулзаж учирч ярьж хөөрч байсныгаа эргэцүүлэн тэмдэглэлийнхээ дэвтрээс заримыг нь хараад, өнгөрсөн бүхнээ санан, тэр хүн нас барсан гэдэг нь худлаа байгаасай. Тэгвэл урьд өмнө уулзаж явсан бүхнээ дахин давтахсан гэсэндээ харуусан бичжээ. Цаг хугацаа хурдан морьд адил зогсолтгүй довтлон яасан ч амархан өнгөрдөг юм бэ дээ. Манай Чөлөөт зохиолчдын холбооны нэг тулгуур асан Ж.Бямба багш мөнхийн амирлангуй орноод явчихсанаас хойш хорь гаруй жил өнгөрчээ. Гэвч түүнийг бид дурссаар, зохиол бүтээлийг нь анд найз нар төдийгүй залуу хойч үеийнхэн уншин талархсаар байна.Ингэхлээр багш маань бүтээл тууривлынхаа ачаар амьд байгаатай ялгаа юу билээ.

Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны шагналт зохиолч Самбуугийн Товуудорж

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сургуулийн цагдаа буянтай ажил

Нэг өдөр хүүгийн сурдаг сургуулиас залгаж байна. Сургуулийн нийгмийн ажилтан “Маргааш сургуулийн цагдаагаар ажиллана шүү” гэв. Хантааз өмсөөд зохицуулагчийн дохиур мод бариад зогсоно гэхээр санаа зовмоор ч юм шиг, ажлын хажуугаар юу ч билээ гэж бодогдох шиг. Одоо яая гэхэв. Мэдээж татгалзах эрхгүй.

School police гэж эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуулийн эргэн тойронд эргүүлээр ажиллахыг хэлээд байгаа юм. Ингээд маргааш ч боллоо, хичээл эхлэхээс өмнө эртээ гэгч нь сургууль руу очлоо. Сургуулийн жижүүрийн өмнө том хар дэвтэр байна. Цагдаагаар ажиллах эцэг, эхчүүд тэр өдрийнхөө тэмдэглэлийг хөтөлдөг аж. Хэдэн цагт ирсэн, хэдэн цагт буусан, ямар зөрчил гарсан, анхаарах зүйл юу байгаа талаар бичиж. Дэвтэрт бас тухайн өдрийн эцэг, эх хэрхэн ажиллах журам байна. Бидний эргүүл хийх сургуулийн орчин тойрны газрын зургийг мөн гаргажээ. Энэ өдөр надаас гадна хоёр залуу сургуулийн цагдаагаар ажиллахаар ирж. Бид үдээс өмнө ажиллана. Нэг нь дунд насны эр, нөгөөх нь хорь хүрээгүй болов уу гэмээр залуу. Дүү нь энэ сургуульд сурдаг гэнэ. Аав, ээж нь ажилтай болохоор ахыг нь явуулж. Ингээд бид гурав орчин тойрныхоо газрыг хуваарилж аваад жижүүртээ гарлаа. Сургуулийн цагдаа гэсэн бичигтэй тод өнгөтэй хантааз өмсөөд гартаа дохиур бариад ажилдаа шуудрах нь тэр. Гадаа хүйтэн гэж жигтэйхэн. Сургуулийн нийгмийн ажилтан “Та нар үнэгүй аньсны шүүс, аарц ууж болно шүү. Цайны газрынханд хэлэхэд л болно. Даарвал сургууль дотор орж ирээд дулаацаарай” гэлээ. Мөн “Ахлах ангийнхан хичээл хоцроод эсвэл таслахаараа хэд гурваараа нийлж энд тэнд орц юм уу буланд элдэв юм сэдэх гээд байдаг тал бий. Тамхи татаж байх вий. Багацуул нь гайгүй. Зам хөндлөн гарахад нь л анхаарч байхгүй бол машины урдуур гүйх гээд байдаг” гэж байна. Хичээлийн цагийн үеэр ер нь нам гүмхэн. 11 цагийн үед бага ангийн хүүхдүүд тарлаа. Заавал эцэг, эх нь ирж автал сургуулийн үүдний танхимд байх ёстой атал нөгөө хэд ер зүгээр байхгүй. Гарч гүйгээд, энд тэнд авирчихсан явах жишээтэй. Зургаан настай жаахан хүү зам гарах гээд гүйнэ. Хойноос нь хөөцөлдөж байж сургууль руу оруулав. Хамгийн анхаарах зүйл бол хүүхдүүд хичээлдээ ирэх, явах үе. Өглөөний ээлжинд ихэнх нь ахлах, дунд анги хичээллэдэг учраас арай л дээр. Гэхдээ л зам гарахдаа чихэвч зүүчихсэн ямар нэг хөгжим сонсч байгаа бололтой, утсаараа оролдоод зам хөндлөн гарах юм. “Хөөе” гэж дуудаад сонсохгүй байгаа хүн машины чимээ яаж сонсохов. Энэ сургуулийн баруун, зүүн талд машин замтай. Эцэг, эхчүүд хүүхдээ замын хажууд буулгаад л явчихдаг юм байна. Хүүхдээ эсэн мэнд хүргээд өглөө гээд яваад өгчихдөг бололтой. Угтаа сургуулийн хашаанд, сургууль руу нь оруулж өгөх хэрэгтэй юм билээ. Хичээл орох, тарах үеэр сургуулийн эргэн тойронд машинаас их юмгүй болох аж. Эхэнд ирсэн хүмүүс машинаа тавиад хүүхдээ сургуульд нь оруулж өгөх гээд явчихна. Дараагийн хүмүүс машины зогсоолгүй үлдсэн учраас хүүхдээ замын хажууд буулгаад явчихна. Үнэн хэрэгтээ тэрхэн богино хугацаа л хамгийн эрсдэлтэй байдгийг эцэг эхчүүд мэддэггүй. Бид гарцны хоёр талд зогсч, зам хөндлөн гарч байгаа хүүхдүүдэд тусалж, машинуудад анхааруулж зогсох зуур яг гарцан дээр нэг эмэгтэй зогсоод хүүхдээ буулгалаа. Сургуулийн хажуугийн туслах замд гэрлэн дохио байхгүй, гарцны хажууд хурд сааруулагчтай. Өнөөх эмэгтэй өндөр машинтай учраас машины эгц ард яваа жаахан хүүхдийг харалгүй ухрах нь тэр. Тэвдэхдээ машиныг гараа атгаж байгаад цохиод авлаа. Нөгөө эмэгтэй ч зогслоо, цонхоо онгойлгон ууртай гэгч нь харах зуур амандаа хараал урсгаж байна. Би ч тэсэлгүй “Болгоомжтой яваач ээ, ард чинь хүүхэд” гэж хэлж амжив. Түүнийг бухимдан явсны дараа машины ард явсан хүүхдэд ч тэр, жолоо барьж явсан эмэгтэйд ч тэр тус болсондоо сэтгэл хангалуун үлдлээ. Өнөөдөр энд ирж сургуулийн цагдаа болсондоо анх удаа маш их баярлав. Хэрэв би энд зогсч байгаагүй бол юу ч болох байсан юм. Сургууль руу ирж байхдаа тээршаах маягтай байснаасаа ичих ч шиг. Өглөө гарахдаа дохиур барьж, хантааз өмсөөд зогсохоосоо ичиж байсан маань өөр болж хувирлаа. Ингээд зогсч байтал нэг машин ирж бас л замын голд хүүхэд буулгаад явчихлаа. Хартал найзын маань хүүхэд өдрийн ээлжинд хичээлдээ ирж байгаа нь тэр аж. Охин нь машинаас буугаад гар утсаа шагайсаар алхах зуур нь би гараас нь бариад авлаа. “Сайн уу, чи яагаад зам гарч байж утсаа хараад явдаг юм. Замаар анхааралтай гарч бай” гэж зэмлэлээ. Өөдөөс нүдээ том болгож ирээд нэг харснаа Сайн уу, эгч ээ” гэж байна. “Дахиж гарцаар гарахдаа утас шагайж, анхааралгүй байж болохгүй шүү” гэлээ.

Эсрэг талын гарцны хажууханд хэсэгхэн газар мөсөн дээр хоёр ч дараалаад хүүхэд халтираад уначихлаа. Ер нь тэр талд гарч зогсъё, машин зам дээр хүүхэд халтираад уначихвал аюул болж мэднэ гэж бодон очиж зогслоо. Хүүхдүүдийг халтирч унахаас сэргийлж анхааруулсаар зам гаргав. Ингээд ээлж солигдох цаг болов. Дараагийн ээлжийн эцэг, эхчүүдэд анхаарах ёстой зүйсийг хэлж, мөн тэмдэглэлээ хөтөлчихөөд ажил ч өндөрлөлөө. Сэтгэл өег гэж жигтэйхэн. “Хонины ээлж” жилд нэг л удаа таарах учраас цааргалах хэрэггүй юм билээ. Ядаж л хүүхдээ ямар эрсдэл дундуур явааг мэдэж байх хэрэгтэй шүү дээ. Хэрэв та сургуулийн насны хүүхэдтэй бол энэ үүрэг нэг өдөр ирэх л болно. Ямар нэг шалтаг шалтгаан тоочихгүйгээр заавал очоорой. Учир нь хүн нүдээр харж байж л итгэхээс нааш тэрхүү эрсдэл, осол аюул, дээрэм, хүчирхийлэл ердөө таны хүүхдээ буулгасан замын хажууд хэдхэн секунд, хэдхэн минутын цаана л байдаг юм шүү. Танд сургуулийн цагдаагаар ажиллах ээлж ирвэл ажлаас тань цалинтай чөлөө өгөх ёстой. Чөлөө өгөхгүй бол байгууллага чинь хариуцлага хүлээх учиртай. Харин өөрөө татгалзвал торгуулийн арга хэмжээ авна. Үүнийг санаачилсан хүмүүст талархууштай. School police буюу ерөнхий боловсролын сургууль орчмын аюулгүй байдлыг сахиулах сургуулийн цагдаа гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд гурван зуун мянга гаруй эцэг, эх үүрэг гүйцэтгэжээ. Энэ арга хэмжээ эхэлснээс хойш сургууль орчимд үйлдэгддэг гэмт хэрэг 25 гаруй хувиар буурчээ.

Жилдээ ганцхан удаа үүргээ биелүүлэхээс бүү татгалзаарай, эцэг, эхчүүд ээ. Хариуцлагатай боловч буянтай, сайхан ажил. Хүүхдийн төлөө нэг өдөр цаг зав гаргасан сайн үйлсийн тань үр заавал танд болон таны хүүхдэд ирнэ гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 10 хэм хүйтэн

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Идэрийн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн голын эх, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нарантуул худалдааны төв ажиллаж эхэллээ

Олон улсын Нарантуул худалдааны төв өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Ингэхдээ галд өртсөн бөс барааны хэсгээс бусад худалдааны тасгууд нь хэвийн ажиллаж байгаа юм.

Нарантуул худалдааны төвд шөнө гуравдугаар сарын 3-ны 02 цагийн үед гал гарсан билээ. Тус төвийн задгай буюу торго бөс бараа, гадуур хувцас, комиссын бараа, туслах материал худалдаалах хэсэгт гал гарсан Галыг Онцгой байдлын газрын алба хаагчид бүрэн унтраасан юм.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүх нарын шүүх хурал товлогджээ

Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт шүүхээс 4.6 жилийн хорих ял оноогоод байсан. Анхан болон Давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх ялыг яллагдагч талын зүгээс эсэргүүцэн Улсын Дээд Шүүхэд хандсан юм. Уг хурал энэ сарын 10-нд товлогдсон байна. Уг нь энэхүү хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд болох байсан ч 14 хоногоор хойшилсоор ийн дахин товлогджээ.

Нэхэн сануулахад, өнгөрсөн оны намар болсон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх дээрх хэргийг хэлэлцээд ахлах зөвлөх асан Л.Гансүхэд дөрвөн жил зургаан сар хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг дөрвөн жилээр хассан бол Н. Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан юм. Харин Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянгөн төгрөгөөр торгох ял оногдуулсан билээ. Мөн Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс нийт 2.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг гаргасан байдаг.

Categories
гадаад мэдээ

Зика вирус ургийн гажигт нөлөөлдгийг тогтоов

Эрдэмтэд Зика вирус нь төрөлхийн тархины гажиг, ялангуяа хүүхэд жижигхэн толгойтой төрөх эмгэгийн шалтгаан эсэхийг судалж байна.

Энэ ойлголтыг дахин нотолсон хоёр томоохон судалгааны ажил анагаах ухааны сэтгүүлд саяхан нийтлэгдсэн байна. Лабораторид хүний эсийг гаргаж авахаар ажиллаж буй эрдэмтэд Зика вирус ургийн гажигт хэрхэн нөлөөлдгийг тогтоосон талаар “Cell Stem Cell” сэтгүүлд бичжээ.

Эрдэмтэд Зика вирус тархины хамгийн гадна талын хальсан дах эсүүдээс сонгон халдварлаж, эс хуваагдан, шинэ эсийг бий болгохгүй болгож, бүр эсийг үхүүлдэг болохыг тогтоожээ.

Гэвч нэг эрдэмтэн энэ нээлт нь Зика вирус, тархины гажиг хоёр шууд холбоотой гэж үзэхэд хангалтгүй гэж үзэж байгаа аж. “Тархины гадна талын бүрхүүл хальсыг бүрдүүлж буй эсүүд нь Зика вируст өртөмтгий учраас эсийн өсөлт зогсох шалтгаан болж байгаа юм” гэж туршилтыг явуулсан эрдэмтдийн нэг Гуо Ли Мин ярьсан байна.

Зика вирус хамгийн их тархсан Бразилийн 88 жирэмсэн эхэд явуулсан өөр нэг судалгаа Английн анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

Судалгааны дүнгээр жирэмсний үеийн Зика вирусын халдвар нь ураг амьгүй төрөх, эхсийн хомсдол, ургийн өсөлт зогсох, төв мэдрэлийн системийн эмгэг зэрэг маш хортой үр дагавар дагуулдаг нь тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм

16 газар цахилгаан тасарчээ

Цаг агаарын гамшигт үзэгдлээс болж өчигдөр нийслэлийн дөрвөн дүүргийн 16 газарт цахилгаан тасарчээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 1-25-р хороо, Тахилт орчим, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Сүхбаатар дүүргийн 1,2-р хороонд тус тус цахилгааны саатал гарсан аж.

Улаанбаатар Цахилгаан түгээх станцын ажилчид гэмтлийг завсарласнаар тухайн өдөртөө багтан цахилгааны түгээлт хэвийн болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурав болон наймаар төгссөн дугаартай машины жолооч энэ сард татвараа төлнө

Тээврийн хэрэгсэл эзэмшигч ААНБ, иргэн та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран 2016 оны 1-р сарын 1-ны өдрөөс 5-р сарын 31-ны өдрийг дуустал хуулийн хугацаанд төлөх ёстой. Хэрэв таны тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь:

1 болон 6 дугаараар төгссөн бол 1-р сард

2 болон 7 дугаараар төгссөн бол 2-р сард

3 болон 8 дугаараар төгссөн бол 3-р сард

4 болон 9 дугаараар төгссөн бол 4-р сард

5 болон 0 дугаараар төгссөн бол 5-р сард

тус, тус албан татвар, төлбөрөө төлнө. Гуравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн 1,2,6,7 дугаараар төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Харин энэ сард 3 болон 8 дугаараар төгссөн тээврийн хэрэгслийн жолооч нар татвараа төлөх ёстой юм.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгийн нөхөн тооллого үргэлжилж байна

Галт зэвсэг нөхөн тоолох арга хэмжээ энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Монгол Улсын хэмжээнд галт зэвсгийн бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх зорилгоор “Зэвсэг-2015” нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч оны 12 дугаар сард зохион байгуулагдсан билээ.

Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 13989 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас 11785 ширхэг галт зэвсэг буюу 84.2 хувь нь тоологджээ. Харин 2204 ширхэг буюу 15,8 хувь нь тооллогод хамрагдаагүй байна.

Иймээс тооллогод хамрагдаагүй 2204 галт зэвсгийг нөхөн тоолох арга хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 19-өөс эхлэн 21 хоногийн хугацаанд явуулахаар болжээ.

Иймд гал зэвсгээ тооллогод хамруулаагүй иргэдийг харьяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн хэлтэст хандаж, галт зэвсгээ бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ спорт

“Дэлхийн цом”-оос О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ

Тайландын Бангкок хотод болж байгаа буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээнээс О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ.

25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд нийт 29 тамирчнаас О.Гүндэгмаа 588 оноогоор финалд шалгарч, хүрэл медалийн болзол хангав. ОУХМ Ц.Мөнхзул 577 оноогоор 10 дугаар байрт орлоо.