Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хуулийг чангатгаж, хүүхдийн эрхийг хамгаалъя

Жалханз хутагт Дамдинбазар сангийн тэргүүн Ц.Эрдэнэбат

Хүүхдийн эрхийг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хуулиар хатуу чанга шийтгэл оноож байж, хүүхдийн эрхийг хамгаалж чадна гэж би боддог. Хүүхдийн эрх сүүлийн үед маш их зөрчигдөж, сонсоход хирдхиймээр бусармаг хэргүүд их гарч байна. Тэдгээрийн талаар олон ч төрийн болон төрийн бус байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих болжээ. Төрийн бус байгууллагынхан “Хүүхэд асрах газар” олноор байгуулна гэж ярьж байгаа нь оновчгүй. Энэ нь нэгдүгээрт, хүүхдийг олноор нь гэр орноосоо дайжуулан эцэг эхгүй болгох эсвэл зарим эцэг эхчүүд биеийн амрыг бодон хүүхдээ асрамжийн газарт өгөх нөхцөл бүрдүүлнэ гэсэн үг. Хоёрдугаарт эцэг эхгүй ийм хүүхдүүд хүний наймаа болон бусад хүчин зүйлийн золиос болох магадлалтай. (Саяхан “Хүүхэд асрах төв”-ийн хүүхдүүдийг Хятадад хүчээр ажиллуулж байсан шүү дээ)

Өнөөгийн эцэг, эхчүүд үр хүүхдээ бидний багад эмээ өвөө нарын сургадаг шиг, ярьж тайлбарлаж зааж сургахгүй байна. Миний дэвшүүлэх санал бол эцэг эх болж үр хүүхэд төрүүлж байгаа хүмүүст хариуцлага ноогдуулан, хүүхдийн төрсний гэрчилгээг авахад нь 0-18 нас хүртэл нь эрүүл энх, өсгөж бойжуулна, улмаар энэ үүргээ биелүүлээгүй бол шат шатны арга хэмжээ авах, мөнгөн торгууль, эцэг эх байх эрх хасах гэх мэт хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгуулж, гарын үсэг зуруулдаг болмоор байна. Эцэг эхтэй нь хариуцлага тооцдог хуулийн заалт сул учраас эх эцэг, төрүүлсэн үр хүүхдээ гудамжинд орхих, өөрөөсөө зайлуулж асрамжийн газарт өгчихөөд эрх үүргээ мартаад байх шиг байна. Хүүхдийн халамжийн төв нэмж барих шаардлагагүй юм. Зайлшгүй бүтэн өнчин харж хандах хүнгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг халамжийн төвд өгөх нь зөв болов уу. Хүүхдийг шашны үйлд татан оруулж бүүр цаашилбал хүний наймааны золиос болох асуудал ар араасаа гарч байна. Манай төрийн бус байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүүхэд, архидалттай холбоотой хуулийн санаачилга хүргүүлж байсан. Хүүхдийн эрх зөрчигчдөд Эрүүгийн хуулиар хатуу шийтгэл ногдуулж байж л хүүхдийн эрхийг хамгаална.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Categories
мэдээ нийгэм

Буутай этгээдүүд дээрэм хийсэн байна

Өнгөрсөн бямба гаригийн орой 17-18 цагийн үед зураг дээрх хоёр этгээд баруун дөрвөн замд байрлах Төрийн банкны орчимд буу тулган дээрэм хийжээ. Тиймээс тэднийг галт зэвсэг ашиглан үйлдсэн дээрмийн гэмт хэрэгт сэжиглэн Эрүүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна. Цагдаагийн газраас эдгээр гэмт этгээдүүдийн талаархи мэдээллийг худалдан авна хэмээн мэдэгджээ. Мөн мэдээлэл өгсөн хувь хүний нууцлалыг чандлан хадгалах аж. Холбоо барих 102, 99059337, 89161155, 90092503

Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

2016 оны хоёрдугаар сарын хэвлэл захиалга

Categories
мэдээ нийгэм

“Монгол тэмээ-999” уралдаан боллоо

Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монгол тэмээ-999” уралдаан, тэмээчдийн зөвлөгөөнийг Даланзадгад хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Дэлхийд хоёр бөхт тэмээгээрээ гоёж, Гиннест бүртгүүлэх “Монгол тэмээ-999” арга хэмжээнд Улсын их хурлын дарга З.Энхболд, Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын төрийн түшээ эрхмүүд оролцож байна.

Их говийн тэмээчдийн наадамд Өмнөговь, Говьсүмбэр, Увс, Дорнод, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Төв аймгаас 1200 гаруй хурдан тэмээтэй тэмээчид хүрэлцэн иржээ. Нээлтийн арга хэмжээний дараа “Сайхан хос” шалгаруулах тэмцээн болж нэгдүгээр байранд Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын хос, хоёрдугаар байранд Мандал-овоо сумын хос, гуравдугаар байранд Ханхонгор сумын хос тус тус шалгарлаа.

“Тэмээчдийн зөвлөгөөн”-ий үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа хэлсэн үгэндээ “Дэлхийн хоёр бөхт тэмээний удмын гол цөм нь монгол үүлдрийн тэмээ тул манай төр, тэмээ судлаач эрдэмтэд, малчид тэмээнийхээ генефондыг хамгаалж, тоо толгойг нь өсгөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн 2015 онд Өмнөговь аймагт үржүүлж байгаа “Ханын хэцийн хүрэн”, Говь-Алтай аймагт үржүүлж байгаа “Төхөм тунгалагийн хүрэн” омгийн тэмээг тус тус үүлдрээр баталлаа” гэсэн байна.

Categories
гадаад мэдээ

Тэргүүн хатагтай асан нас баржээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Роналд Рейганы гэргий хатагтай Ненси Рейган 94 насандаа Калифорни муж дахь гэртээ таалал төгссөн тухай АНУ-ын хэвлэлүүд мэдээллэжээ. Тэрээр 1980-аад оны хамгийн цуутай хатагтай нарын нэг байсан бөгөөд Роналд Рейганыг жүжигчний замналаас улс төрч болон өсч хөгжихөд Ненсийг голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн хэлэлцдэг. Нэнси болон Роналд нар 1952 онд гэрлэсэн ба хоёул Холливудын жүжигчин байв.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалаанаас 11 хүн тус бүр дөрвөн сая төгрөг хожив

Энэ сарын 6-ны өдрийн ням гаригт НӨАТ-ын сугалааны зургаа дахь удаагийн тохирол явагдаж, нийт 17 мянга 447 азтан тодорсон байна. Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 350 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд 11 хүн тус бүр дөрвөн сая төгрөг хожжээ. Мөн 169 азтан 500 мянган төгрөг, 1524 азтан 100 мянган төгрөг хожсон бол 15 мянга 743 азтан 20 мянган төгрөгийн эзэн болсон байна. Дараагийн сугалаа энэ сарын 20-нд явагдах аж. Супар азтан 400 сая төгрөгийн эзэн болох боломжтой. ГТЕГ-ын НӨАТ-ын урамшуулал, сугалааны нэгжээс мэдээлснээр энэ оныг дуустал Супер азтан тодрохгүй бол жилийн эцсээр шагналын сан 950 сая төгрөг болж өсөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгийг нөхөн тоолж байна

Галт зэвсэг нөхөн тоолох арга хэмжээ энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын хэмжээнд галт зэвсгийн бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх зорилгоор “Зэвсэг-2015” нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч оны 12 дугаар сард зохион байгуулагдсан. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 13989 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас 11785 ширхэг галт зэвсэг буюу 84.2 хувь нь тоологджээ. Харин 2204 ширхэг буюу 15.8 хувь нь тооллогод хамрагдаагүй байна.

Иймээс тооллогод хамрагдаагүй 2204 галт зэвсгийг нөхөн тоолох арга хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 19-өөс эхлэн 21 хоногийн хугацаанд явуулахаар болжээ.

Иймд гал зэвсгээ тооллогод хамруулаагүй иргэдийг харьяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн хэлтэст хандаж, галт зэвсгээ бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Хааны Эрэлд-2016″-ын бэлтгэл эхэлжээ

“Хааны Эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага энэ жил уламжлал ёсоор Монгол Улсад болно. Олон улсын сургалт дадлагын салаа, хээрийн сургуулийн хичээлийн цэгүүдэд сургагч багшаар ажиллах бүрэлдэхүүнийг бэлтгэх сургагч багшийн дамжаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хичээллэж эхэллээ. Уг сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний 33, гадаадын 11 орны буюу Австрали, Сингапур, Малайз, Филиппин, Бангладеш, Шинэ Зеланд, АНУ, Индонези, Непал, Канад, Япон зэрэг орны 26 цэргийн алба хаагч хамрагдаж байна. Хичээлийг дэлхийн энхийн ажиллагааны санаачилга хөтөлбөрийн мэргэжилтэн багш нар Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн багш нартай хамтран зохион байгуулж буй аж.

Сургагч багш нарыг урьдчилан бэлтгэснээр ирэх тавдугаар сард явагдах салаадын хээрийг сургуулийг амжилттай зохион байгуулж, хичээлийг үр дүнтэй явуулах ач холбогдолтой юм. Дашрамд сонирхуулахад, ирэх тавдугаар сард болох “Хааны эрэлд-2016” олон энхийг дэмжих ажиллагааны сургуульд таван тивийн 47 улс орны цэргийн алба хаагчид оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Хууль сахиулах салбарын эмэгтэйчүүд хуралдав

Өнгөрсөн баасан гаригт “Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хурлыг зохион байгууллаа.

Уг хурлын нээлтэнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцон хурлын нийт төлөөлөгчдөд хандан үг хэлж салбарын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо өндөр ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. Мөн тус яамны ТНБ-ийн дарга Ж.Баярцэцэг, УИХ-ын гишүүн С. Оюун, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара болон албаны бусад төлөөлөгчид оролцож энэ чиглэлээр илтгэл танилцуулсан.

Хууль зүйн яамны харьяа хууль сахиулах байгууллагуудад ажилладаг нийт эмэгтэйчүүдийн 57 хувь нь цолтой, 43 хувь нь энгийн байна. Энэхүү хурлаар “Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо”, ”Хүчирхийллийн эсрэг тэмцэхэд эмэгтэйчүүдийн үүрэг роль”, “Цагдаагийн байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоо”, “Энхтайван ба аюулгүй байдлын асуудалд эмэгтэйчүүдийн оролцоо”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Хууль зүйн яамны төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад хийсэн жендерийн үнэлгээнийн тайланг танилцуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Нотариатчийн мэргэшлийн шалгалтыг хойшлуулжээ

Энэ сарын 5-6-ны өдөр товлогдоод байсан Нотариатчийн мэргэшлийн шалгалт цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлуулжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хоногуудад нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурч хот хоорондын чиглэлийн авто зам, замын байгууламжийг түр хаасан юм. Шалгалтыг энэ гуравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байна.