Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралтын хуваарийг баталлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас сурагчдын гуравдугаар улирлын амралтын хуваарийг батлан гаргажээ. Хуваарийг нийслэл болон хөдөө орон нутагт өөр өөр хугацаатай байхаар заасан байна. Тодруулбал, Улаанбаатар хотын ЕБС-ын 1-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 29-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын дөрөвнийг хүртэл амарна.

Харин хөдөө орон нутгийн сурагчид, бага ангийнхан 3-р сарын 29-нөөс 4-р сарын 04-ний өдөр хүртэл, дунд ангийн сурагчид 3-р сарын 23-наас 4-р сарын 04-нийг хүртэл, ахлах ангийн сурагчид 3-р сарын 16-наас 29-ний өдөр хүртэл амрахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүд тайван жагслаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаалыг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хөдөлгөөнийг “Хөөрхөн зүрх” ТББ, “Гүнж” төв, казак үндэсний цөөнхийн “Арулар” холбоо тэргүүтэй хүний эрхийн төлөө ажилладаг 17 байгууллага хамтран зохион байгуулсан байна.

Энэхүү үйл ажиллагааг олон улсын эрхийн өдрийг угтан жил бүр уламжлан зохион байгуулдаг бөгөөд энэ жилдээ дөрөв дэх удаагаа өрнүүлж байгаа аж. “Хувьсгалийн төлөөх тэмцэл” сэдвийн хүрээнд энэ жил зургийн урлагаар дамжуулан нэг тэрбум эмэгтэйчүүдийн хүчирхийллийг зогсоохын төлөө ирээдүйн сэтгэл зүйчид, олон нийтийг уриалан дуудаж Тусгаар тогтнолын талбайгаас Их дэлгүүр хүртэл жагсчээ. Нийтдээ 60 гаруй охид, залуу эмэгтэйчүүд хамрагдсан байна.

Олон улсын “Нэг тэрбумаараа тэмцье” буюу “One billion rising” хөдөлгөөн нь Урлагаар дамжуулж эсэргүүцлээ илэрхийлдэг онцлогтой дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн юм.

Categories
мэдээ нийгэм

Тэрэлжийг хятад жуулчдын аялах дуртай газраар нэрлэжээ

Хятадын “China Daily” сонин хятадуудын жуулчлах дуртай 10 газрыг тодруулжээ. Үүнд Тэрэлжийн байгалийн цогцолборт газар багтсан байна.

Хятадуудын орлого өсч дэлхийн хамгийн их аялагчтай улс болоод байгаа. Хятадын Аялал жуулчлалын үндэсний захиргааны мэдээгээр энэ 2016 онд гадагшаа аялах иргэний тоо өмнөх 2015 онтой харьцуулахад 2.5 хувь өсч 137 саяд хүрнэ гэж тооцож байгаа юм. Мөн гаднаас Хятадад ирэх жуулчдын тоо энэ онд 6.5 хувиар өсч тэднээс 121 тэрбум ам.долларын орлого олно гэж тооцоолж байна.

Хятадуудын очих дуртай 10 газрыг жагсаалтыг БНСУ-ын Сөүл хот тэргүүлжээ. Энэхүү жагсаалтыг толилуулъя:

10.Канадын Ванкувер

9.Сингапурын Сингапур

8.Малайзын Кула Лумпур

7.Филиппиний Манила

6.Монголын Тэрэлж

5.ОХУ-ын Москва

4.АНУ-ын Нью Йорк

3.Вьетнамын Ханой

2.Японы Токио

1.Өмнөд Солонгосын Сөүл

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 14-нөөс цахим гарын үсэг олгоно

Цахим гарын үсэг олгох техникийн бэлтгэл хийгдэж дууссан учир ирэх долоо хоног буюу гуравдугаар сарын 14-нөөс иргэд байгууллагуудад гарын үсэг олгох болсон байна. Цахим гарын үсгийг иргэдэд 5000 төгрөгөөр олгох ба дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж, гарын үсгээ авна. 2015 оны байдлаар Монгол Улсын интернет хэрэглэгчдийн тоо нэг саяд хүрсэн бөгөөд 100 хүнд 165 телефон утас оногдох болжээ. Иргэд ийнхүү интернет орчныг хязгааргүй хэрэглэх боломжтой болсон нь цахим гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлэх бүрэн боломжтой хэмээн албаныхан мэдэгдсэн юм. Ингэхдээ иргэн бүрийг цахим гарын үсэгтэй бол гэж шаардахгүй ба гэрээ хэлэлцээр, бичиг цаасны бүрдүүлэлт хийдэг, гарын үсэг зурах шаардлагатай иргэд хэрэглэх юм.

Categories
гадаад мэдээ

АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэлжээ

АНУ болон БНСУ-ын хамтарсан том хэмжээний цэргийн сургуулилт Солонгосын хойгт өнөөдөр эхэлж байгаа аж. Энэ жил “Key Resolve” болон “Foal Eagle” цэргийн сургуулилтад нэгэн зэрэг болж, Өмнөд Солонгосын 300 мянга гаруй цэрэг, АНУ-ын 15 мянган алба хаагч оролцож байна. Энэ нь өмнөх жилүүдийнхээс оролцох цэргүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Хаврын уламжлалт хамтарсан цэргийн сургуулилт нь Хойд Солонгосын зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулдаг. Хамтарсан цэргийн сургуулилтын өмнө өчигдөр Пхеньяны талаас Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн баазуудыг сөнөөнө” хэмээн сүрдүүлжээ. Пхеньян өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн туршилт хийж, дараа нь хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөсний хариуд АНУ болон Өмнөд Солонгос улс том хэмжээний хамтарсан цэргийн сургуулилт хийж байна.

Хойд Солонгосын цахим халдлагын эсрэг “Key Resolve” сургуулилалт долоо хоногийн хугацаатай үргэлжлэх аж. Энэхүү цэргийн сургуулилт Хойд Солонгосын цөмийн пуужингийн аюул заналхийллийн эсрэг “4D” стратегийн дагуу явагдах гэнэ. “4D” стратеги нь “detect-илрүүлэх, defend-хамгаалах, disrupt-таслан зогсоох, destroy-устгах” юм.

Харин “Foal Eagle” нь тэнгис, агаар, газраар хийгдэх цэргийн сургуулилалт бөгөөд дөрөвдүгээр сарын 30-ыг хүртэл үргэлжлэх аж. Энэ үеэр АНУ-ын “B-2” сөнөөгч, цөмийн шумбагч, “USS John C. Stennis”, “Nimitz” ангиллийн нисэх онгоц тээвэрлэгчийг ашиглах гэнэ.

Categories
энтертаймент-ертөнц

Б.Сумъяаг 40 сая төгрөгөөр шагнажээ

Саяхан болсон “Лиллехаммер-2016” залуучуудын өвлийн олимпийн холимог багийн төрөлд ОУХМ Б.Сумъяа түрүүлж, Монгол Улсын анхны өвлийн олимпийн аварга болсон билээ. Түүний энэхүү амжилтыг төр засгаас үнэлж, 40 сая төгрөгөөр, түүний дасгалжуулагч Д.Энхбаярыг 20 сая төгрөгөөр шагнажээ. Уг шагналыг энэ сарын 4-нд болсон Монголын бүх ард түмний XIV их наадмын нээлтийн үеэр гардуулсан байна.

Б.Сумъяагийн спортын амжилтыг сайшааж, хэдхэн хоногийн өмнө ЭМСЯ-наас Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан тэмдгээр мөн шагнасан билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс 28 сая ам.долларын алт экспортлов

ОХУ-ын Буриадын ARD сайтад мэдээлснээр 2016 оны нэгдүгээр сард Монгол Улс хоёр сая тонн нүүрс, 569 кг алт, 110,7 мянган тонн нефть олборлосон гэсэн мэдээллийг Монголын уул уурхайн яамны мэдээнд үндэслэн мэдээлжээ.

Нийтдээ 11,7 мянган тонн жонш, 134,2 мянган тонн зэсийн баяжмал, 23,2 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 6,2 мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэжээ. Харин 139,7 мянган тонн зэсийн баяжмал, 475,2 мянган тонн төмрийн хүдэр, 700 кг алт, 1,2 сая тонн нүүрс, 106,3 мянган тонн нефтийг Монгол экспортолжээ гэсэн байна.

Гуравдугаар сарын 3-ны байдлаар зах зээлийн алтны үнэ нэг унци нь 1239,3 доллар байв. Ингэхлээр Монгол 28 сая долларын алтыг экспортолжээ.

Үүний зэрэгцээ, Монголын Төв банк өнгөрсөн онд алт худалдан авахаа нэмэгдүүлсэн байв. Төв банкны мэдээгээр 2015 оны эхний 10 сарын дотор алт олборлогчид 12,8 тонн алт худалджээ. Тэр нь өмнөх жилийнхээс нь 19,9 хувиар илүү байв гэж ARD сайт мэдээлжээ.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын талаар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Их Хурал Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны гишүүд, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар өнөөдөр /2016.03.07/ Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй Гадаад хэргийн яаманд уулзаж, уг арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт энэ оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо болох бөгөөд энэхүү дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэд хэдэн хурал болно. Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт нь Монгол Улсад зохион байгуулагдах эхний арга хэмжээ бөгөөд Монгол Улсын Их Хурлын даргын 2016 оны 02 дугаар сарын 12-ны 28 дугаар тоот захирамжийг үндэслэн энэхүү уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулагдан ажиллаж байгаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулсан юм. Тэрээр, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын албан ёсны урилгыг түнш орнуудын парламентын дээд, доод танхимын дарга нарт Монгол Улсын Их Хурлын дарга илгээсэн гээд одоогийн байдлаар 20 орны 90 гаруй төлөөлөгч энэхүү уулзалтад оролцохоор бүртгүүлээд байна гэлээ. Түүнчлэн энэхүү 9 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд www.asep9.parliament.mn цахим хуудас ажиллаж байгааг дуулгасан юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд хандаж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг гадаад харилцаа, улс төрийн агуулга, бэлтгэл зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулахыг чухалчилж байгаа гээд Элчин сайд нарын дэмжлэг, өөрсдийн орны парламентын төлөөлөгчдөө идэвхтэй оролцуулна гэдэгт итгэж буйгаа уулзалтын үеэр онцолсон юм.

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарсан юм. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох аж. Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 21-23-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт, тавдугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, зургадугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болно. Харин долдугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус болох юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүн ам ихтэй том худалдааны төвүүдийн ойролцоо хөрсний бохирдол хамгийн их байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны Академийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган хамтран өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлгийн зорилго нь Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эх үүсвэр, бохирдлыг бууруулах асуудлыг шийдэх оновчтой гарцыг олох явдал юм. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эх үүсвэр, хөрсний бохирдлоос үүдэн хүн амын эрүүл мэндэд учирч буй хортой нөлөөллийн талаар эрдэм шинжилгээний байгууллагуудын гаргасан сүүлийн үеийн судалгаа, бохирдлыг шийдэхийн тулд практикт нэвтрүүлж эхэлж буй зарим боломжит арга замын талаархи судалгаа шинжилгээнд суурилсан үр дүнгийн тухай илтгэлүүд тавигдах юм.

Хурлаар ШУА-ийн Геологи-газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батхишиг, П.Оюунбат нар “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн түвшин”, НЭМХ-ийн Орчны эрүүл хор судлалын төвийн дарга А.Энхжаргал “Гэр хорооллын нүхэн жорлон, хөрсний бохирдол”, “ШУА-ийн Хими-химийн технологийн хүрээлэнгийн Инкубатор төвийн захирал Ч.Батсүх “Хөрсний бохирдлыг бууруулах зарим шийдэл” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ.

Судалгаагаар 2014 оны байдлаар Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдолтын ерөнхий түвшин дундаж хэмжээнд байгаа бөгөөд алаг цоог байдлаар тархсан хар тугалга, хром, цайрын бохирдолт ажиглагдаж байна. Арьс ширний үйлдвэр орчим хром зонхилсон хар тугалга, кадми, цайрын бохирдолт багагүй талбайг хамарч байна. Мөн хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт их байна. Тухайлбал: Нарантуул захын арын хаалганы орчмоос авсан хөрсний дээжинд аммони агууламж хамгийн их 21.07мг/кг гарсан ба бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байна.

Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байгаа бөгөөд энэ нь гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой юм. Бохирдлыг багасгахын тулд хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллыг багасгах, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, иргэд олон нийтийн ухамсрыг дээшлүүлэх зэрэг удаан хугацааны цогцолбор арга хэмжээ шаардлагатай байна.

Уг хэлэлцүүлэгт төр засаг, мэргэжлийн байгууллагын төлөөлөл болох Нийслэлийн Засаг даргын тамгын газар, БОНХЯ, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчлал хэмжил зүйн газар, иргэд, эрдэмтэн судлаачид болон ард иргэдийн төлөөлөл оролцоно.

Уг хэлэлцүүлгээс төр захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага, иргэддээ хандсан зөвлөмж гаргах аж.

Зөвлөмжид Улаанбаатар хотын хөрс үйлдвэрийн болон ахуйн бохирдол, автомашины тос, нүүрсний үнс, цэвэрлэгээний элдэв химийн бодис их хэмжээгээр хэрэглэж байгаа зэргээс шалтгаалан аюултай хэмжээнд хүртлээ бохирдсонтой холбоотойгоор хөрсний бохирдлыг бууруулахын тулд түүнийг эрүүлжүүлэх, нөхөн сэргээх, хөрсний эко-системийг сэргээх бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг хэрэглэх нь нийслэл хотын экологийг сэргээх гол анхдагч арга хэлбэр гэдгийг холбогдох байгууллагуудад уламжлах талаар тусгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

“Бүргэдийн баяр-2016” боллоо

“Бүргэдийн баяр-2016” өнгөрсөн амралтын өдөр Чингисийн хүрээ жуулчны баазад боллоо. Ес дэх удаагаа казах түмний бүргэдээр ан хийх соёлыг сурталчилан таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Манай улсад өвөл ирдэг жуулчдын тоог нэмэгдүүлэх, Казах түмний бүргэдээр ан хийх соёлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлах, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх зорилгоор Бүргэдийн баярыг тэмдэглэдэг юм. Энэ жилийн Бүргэдийн баярт BBC агентлагийн онцолсон бүргэдчин охин Айшолпан урилгаар оролцжээ.