Categories
мэдээ нийгэм

Золбин муур, нохойг устгаж эхэллээ

Золбин нохой, муур устгах ажлыг эхлүүлээд байна. “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Налайх, Багануур хот, Багахангай дүүрэг нохой, муур устгалын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдэд хуваарилжээ. Устгасан нохойны арьс, ясыг боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулж ажиллах юм. Баянгол дүүрэгт нэг анчин бусад дүүрэгт тус бүр хоёр анчин ажиллаж байна. Иймээс иргэд гэрийн тэжээвэр муур, нохойгоо хүзүүвчгүй гадуур салхилуулахгүй байхыг албаныхан сануулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 18450 айл өрх найман хувийн зээлээс таван хувь руу шилжинэ

Засгийн газар өнгөрсөн баасан гаригт ээлжит бус хуралдаан зарлаж орон сууцны зээлийн найман хувийн хүүг бууруулж тав болгох журмыг баталсан.

Ингэснээр Монголбанк Засгийн газар, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагуудын хооронд гэрээ хэлэлцээр хийх ажил үргэлжилж байгаа юм. Эдгээр байгууллагууд ерөнхий гэрээ хэлэлцээр байгуулсны дараагаар Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг 21 аймагт орон сууцны зээлийн найман хувийн хүү тав болгож буурах юм байна.

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүрэгт эхлээд орон сууцны зээлийн хүүг тав болгохоор төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, нийтэд орон сууцны зээлийг хүүг бууруулах биш эхлээд алслагдсан дүүргийн иргэдийг орон сууцанд хамруулж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулсан шинэ суурьшлын бүсэд байр худалдан авах иргэд таван хувиар зээл авах боломжийг олгож эхэллээ. Гэхдээ урт хугацаандаа үе шаттайгаар орон сууцны зээлийн хүүг бууруулах бодлого барьж ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албаныханд үүрэг болгожээ. Дээрх заасан байршилд найман хувийн зээлээр байр худалдан авсан иргэд таван хувийн хүүтэй зээл рүү шилжих бүрэн боломжтой.

Таван хувь рүү шилжих иргэд тухайн зээл авсан банк болон эдийн засагчдадаа хандаж, гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай юм байна. Харин зээлийн журамд заагаагүй байршлуудад найман хувийн хүүгээр орон сууц худалдан авсан иргэд үе шаттайгаар хүү нь буурах аж.

Ипотекийн зээлийн хүүг таван хувьд шилжүүлснээр Улаанбаатар хотод 18450 айл өрх найман хувийн зээлээс таван хувь руу шилжүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

МИАТ анх удаа ашигтай ажиллажээ

Монголын агаарын тээврийн “МИАТ” компани өнгөрсөн онд анх удаа ашигтай ажиллажээ. Үр ашиггүй ажилдаг гэх зэргээр эрх мэдэлтнүүдийн шүүмжлэлийн бай болдог тус компанийн ажилчид нэрийн давхардалтыг арилгаснаас хойш ашигтай ажиллах болсон талаар ярих болжээ.

Нэрийн давхардалтаас шалтгаалж зорчигдын ачаа тээврийг буруу чиглэлд тээвэрлэх, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэх зэрэг олон бэрхшээл гарч байсан аж. Тухайлбал, шинээр байгуулагдсан “Монголиан Эйрланс” компанийн ижил нэрээс шалтгаалж Хонконгт онгоц мөргөлдөх эрсдэлтэй байдал үүсэж байсан юм. Учир нь тус хоёр компани ойролцоо нэртэй тул агаарын зам, өндөр гээд нислэгийн мэдээлэл өгдөг ажилтан МИАТ болон “Монголиан эйрлайнс”-ын онгоцны нисгэгчдэд ижил мэдээлэл өгсөн байжээ. Харин 2013 онд ШӨХТГ-ын дарга асан О.Магнай энэ асуудлыг цэгцэлснээр Монголын толгой баячуудын “Монголиан Эйрланс” компани нэрээ өөрчилж “Хүннү Эйрланс” болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Салбар бүрээ манлайлсан 21 эмэгтэйг хүлээн авав

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр салбар салбарын олон мянган эмэгтэйчүүдийг төлөөлөн, эрхэлсэн ажил үйлсээрээ манлайлагч 21 эмэгтэйг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч, мэндчилгээ дэвшүүлж, баярын мэнд хүргэлээ. Мөн “Энд хүрэлцэн ирээгүй ч улс эх орныхоо хөгжлийн төлөө, гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхан амьдралын төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, сэтгэл зүрх, эрч хүчээ зориулж байдаг эрхэм хүндэт ээжүүд, элбэрэлт буурай эмээ нар, Монголын мянга мянган эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүддээ та бүхнээр уламжлан халуун мэнд хүргэж байна” гэсэн байна.

Цаашид ч Засгийн газраас охид, эмэгтэйчүүдийн эрхийг бүхий л талаар хамгаалан, хангах талаар одоо байгаа болон цаашид ч авч хэрэгжүүлэх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрөө сайжруулан хэрэгжүүлэх болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.Английн анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тетчэр “Үр дүнг нь харъя гэж бодож байгаа бол эмэгтэйчүүдэд даатга” гэсэн үгийг Ерөнхий сайд тэмдэглээд айл өрх, улс орны гэрэл, гэгээ болсон эмэгтэйчүүд, эхчүүддээ хөгжил дэвшил, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Манай улсын нийт ажиллах хүчний 52.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тухайлбал, дээд боловсрол эзэмшигчдийн 56,8, магистр, докторын зэрэг эзэмшигчдийн 60,7, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдын 44,4, боловсролын салбарын нийт ажиллагсдын 79,3, эрүүл мэндийн салбарын 87,1, нийт малчдын 46,8, уул уурхайн салбарт ажиллагсдын 10,4, төрийн захиргааны байгууллагад ажиллагчдын 57,6,төрийн нийт албан хаагчдын 44, манай улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцогсдын 2,9, хилийн чанадад суугаа дипломатчдын 12, хууль тогтоох дээд байгууллага УИХ-д 14,4 хувь эмэгтэйчүүд байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дараахь эмэгтэйчүүдийг хүлээн авч баяр хүргэсэн юм.

1

А.Дулмаа

Биологийн хүрээлэнгийн Загас үржүүлгийн Эрдэм шинжилгээний төвийн захирлаар 50 жил ажиллаж байгаа. Шинжлэх ухааны доктор, Академич

2

Ч.Батчулуун

“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн анхны дарга

3

З.Цэцэгзул

“Шинэ үе” сургуулийн 10 дугаар ангийн сурагч, Монгол Оюун Ухааны Академийн тамирчин, Азийн мастер. 2015 оны Дэлхийн аваргын тэмцээнд 30 минутанд 3510 цифр тогтоож дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон бөгөөд 5 медаль хүртсэн нийлбэр дүнгээр Өсвөрийн дэлхийн аваргын 3-рт орсон. 2016 онд Дэлхийн шилдэг 24 тамирчны нэгээр шалгарч 6 дугаар сард Дэлхийн аваргын тэмцээнд орохоор бэлтгэж байна

4

С.Батцэцэг

2015 оны Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний алтан медаль,2015 оны Чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой Алтан медаль

5

Л.Алтанцэцэг

Канад Улсын Кебек хотноо 2015 онд болсон Дэлхийн Мастеруудын Өвлийн II наадмын тэшүүрийн төрөлд 500м, 1000м, зайд уралдаж Алтан медаль хүртсэн./62 настай/

6

Д.Хулан

“Лаймор”/Lhamour/ ХХК-ыг үндэслэгч, гүйцэтгэх захирал. Хонины сүүл болон жамц давс зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, баялаг бүтээгч

7

Ц.Гарамжав

“Монполимет” группын ерөнхий захирал. Дорноговь аймгийн Өргөн суманд 1 сая тн цементийн хүчин чадалтай “Монцемент” үйлдвэрийг бүтээн байгуулахад зөвлөхөөр ажилласан

8

Ш.Даваа

УДБЭЧ-т 30 жил шанз хөгжимчнөөр ажиллаж байна

9

Ж.Цэцэгмаа

Боловсролын салбарт 30 жил ажилласан, Их Засаг Их сургуулийн I проректор, Буриад Улсын гавьяат багш, түүхийн ухааны доктор, профессор. Шинжлэх ухааны 30 гаруй бүтээл бичсэн. Их Засаг лицей, Тэмүүжин цэцэрлэг үүсгэн байгуулсан.

10

Т.Нарантуяа

“Грийн-Элдорадо” ХХК-ийн захирал, “Үндэсний ногоон байгууламжийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн. Байгаль орчны хууль тогтоомж сурталчлах, сургалт явуулах, хөндлөнгийн хяналт, мониторинг хийж төрийн байгууллагатай хамтран ажилладаг. “Монгол улсын хэвтээ, босоо тэнхлэгийн дагуу мод тарих” төслийг санаачлан хэрэгжүүлэгч

11

Ч.Номин

Монгол HD телевизийн гүйцэтгэх захирал, “Авьяаслаг Монголчууд” цэнгээнт нэвтрүүлгийг удирдан зохион байгуулсан

12

Г.Ундрал

Ардчиллын боловсрол /DEMO/ төвийн тэргүүн, Иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн сулжээ, Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ, Нийгмийн хариуцлага ТББ-ын ерөнхий зохицуулагч, Иргэдийн онооны картаар Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд мониторинг хийж хамтран ажилладаг

13

Б.Мядагмаа

Алдарт эхийн II одонт. Улсад 35 жил ажилласан. “Ур ундрах” монгол үндэсний хувцасны үйлдвэрийн эзэн, оёдолчин, баялаг бүтээгч

14

Ц.Минжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Эрүүл мэндийн сайн дурын ажилтан. 2015 оны шилдэг сайн дурын зүтгэлтэн, жилд 1.600 хүн/цаг болон өөрийн зардлаар сайн дурын ажил хийдэг

15

Б.Солонго

Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХКомпанид хүний нөөцийн менежер ажилтай, “Оргил Өөд” клубын гишүүн, бөнөөд тус клубын 200 гаруй гишүүн хамт олноо эрүүл мэнд, спортын болон олон нитийн ажилд 7 хоног бүр удирдан зохион байгуулж, 512 км явган алхсан

16

Л.Нандинчимэг

Клиникийн 1-р амаржих газар 35 жил эх баригч эмчээр ажиллаж байна. 11600 гаруй хүүхэд эх барьсан Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан

17

Ч.Жавхлантөгс

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэрэг бүртгэгч, Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний залуу алтан медальт

Цагдаагийн ахмад цолтой, урлаг, спорт, ажлаараа тэргүүний

18

Б.Ганчимэг

Соёлын гавьяат зүтгэлтэн, “Open door” сонины эрхлэгч, нийтлэлч

19

Б.Дуламсүрэн

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч, 2004 оноос тус байгууллагад ажилласан тэргүүний албан хаагч

20

М.Хонгорзул

БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын БНХАУ, Азийн орнуудыг хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа. Дайчин алдар II, III, Цэргийн хүндэт медальтай, Эх орны төлөө 2,3 хүндэт тэмдэгтэн, Нийслэлийн тэргүүний ажилтан.

21

Р.Оюунцэцэг

“Аман хуур 2”, “Нэйшнл парк таун”, “Содон хорооллын I ээлж, Буянт-Ухаа 1, 2-1 дүгээр ээлж, Нарны хороолол хотхоны барилгын цахилгааны инженерээр ажилласан бөгөөд одоо Буянт-Ухаа 2-2 дугаар ээлж, Орбит төсөл, Содон хорооллын 2 дугаар ээлж, Аман хуур хорооллын барилга дээр ажиллаж байна

Categories
энтертаймент-ертөнц

Стивен Сигал өнөөдөр Монголд ирнэ

Холливудын алдарт жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал болон түүний гэргий С.Эрдэнэтуяа нар өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах аж. Тэрбээр хадам ээжийнхээ төрсөн өдрийг тохиулдуулан ийн Монголд газардах болжээ.

Түүний хадам ээжийн төрсөн өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог аж. Мөн гэргий С.Эрдэнтуяа нь “Монгол хатад” хүндэтгэлийн цэнгүүнд оролцохоор эх орондоо ирээд буй юм байна.

Стивен Сигал өөрийгөө Монгол гаралтай хэмээн үздэг. Тэр ч утгаараа хүүгээ Төгсбаясгалант /орчуулбал/ гэж нэрлэсэн байдаг. Тэрбээр Монголын Гандантэгчэнлин хийд, буддын дацанд болдог том хэмжээний хурал номыг даган баясаж, манз цавыг даадаг аж.

Categories
мэдээ спорт

Ой тогтоолтын ОУХМ Э.Энхмөнх түрүүллээ

Монголын Оюун ухааны академийн тамирчин, Ой тогтоолтын Олон улсын хэмжээний мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх Хятадын хамгийн олон үзэгчтэй томоохон тэмцээн болох “Super brain show”-д оролцон Хятад улсын хамгийн шилдэг багийг 2:0 харьцаатай буулган авчээ. Энэхүү тэмцээнд БНХАУ-ын урдаа барьдаг шилдэг мастерууд дэлхийн шилдэг мастеруудыг урьж, ТВ шоу зохион байгуулдаг аж. Хятадын тамирчид урьд нь Англи, АНУ зэрэг улсын хамгийн өндөр зэрэглэлийн тамирчдыг шоундаа урьж оролцуулаад ялсан аж.

Уг ТВ шоунд тамирчдыг урихдаа гэрээнд 21 хоногийн өмнөөс даалгаврыг танилцуулах журамтай юм байна. Гэтэл зохион байгуулагчид долоо хоногийн өмнө Монголын багт даалгавраа явуулсан бөгөөд улмаар Хятад руу нисэхээс нэгхэн хоногийн өмнө даалгаврыг дахин өөрчилсөн тухай мэдэгдэж, шинээр явуулжээ. Гэвч Э.Энхмөнх Хятадын багийг буулган авч, дэлхийн хамгийн “супер тархи”-тай хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцоогдож байна. Уаг шоу нэвтрүүлэг нь орон нутгийн “Jiangsu” телевизээр ирэх баасан гаригт гарах ажээ. Энэхүү нэвтрүүлгийг Монголд гаргах талаар Монголын оюун ухааны академийнхан ярилцаж байгаа аж.

Б.Эрдэнэцэцэг

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулбал хариуцлага тооцно

МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэл хийлээ. Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлын тайланг сонсож, байгалийн гамшиг, малын гоц халдварт өвчин дэгдсэн үед хэрхэн ажиллах талаар болон цаг үеийн тодорхой ажлын талаар үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, саяхан МХЕГ-аас Монголын морин спорт уяачдын холбоонд гуравдугаар сард болох хурдан морины уралдаанд насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй байх, хэрэв насанд хүрсэн унаачид оролцсон уралдааныг зохион байгуулсан нөхцөлд унаачийн болон уралдааны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон албан бичгийг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёрдугаар сарын наймны өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталсан.

Уг жагсаалтын 03.10.2-т “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ээс тавдугаар сарын 01 хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд морь унуулахыг хориглосон” байдаг. Иймд МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан аймаг, орон нутгийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад холбогдох хууль журмын дагуу ажиллуулахыг хатуу үүрэгдэж, сануулж зөвлөсөөр байхад хууль зөрчсөн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг сануулав.

Мөн “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяны хүрээнд хуурамч эм, жоргүйгээр эм олгох, хугацаа дууссан эм бэлдмэлээр үйлчлэх гээд тодорхой зөрчлүүдийг арилгах үүрэг даалгаврын биелэлтэд хяналт сайн тавьж, удаа дараа урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө хүргүүлээд байхад зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцохыг үүрэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Монголд Азийн бүсийн эмэгтэйчүүдийн ээлжит их хурал болно

Социнтерний олон улсын
эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал Монголд анх удаа болох гэж байна. Ирэх
дөрөвдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад
болох хурлаар “Азийн эмэгтэйчүүд ба
жендерийн эрх, тэгш байдлыг хангах” сэдвийн дор “Эмэгтэйчүүд ба эдийн засаг”,
“Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал хүний эрх”,
“Тогтвортой хөгжил-Ногоон хөгжил” зэрэг асуудлыг хоёр өдрийн турш хэлэлцэх аж.

Монгол Улсын хувьд нэг үеэ бодвол
эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдал хангагдаж байгаа ч, аль ч салбарт
бүсгүйчүүдийн эрх зөрчигдсөөр байгаа юм. Тиймээс Азийн бүсийн ээлжит хуралд
хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг
иргэний нийгмийн байгууллагуудын болон дэлхийн олон орны төлөөлөгчид оролцохоо
мэдэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Эхний ээлжинд алслагдсан дүүрэг, 21 аймагт таван хувь хэрэгжинэ

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогын чиглэлээр батлагдан гарсан дөрвөн хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, 2016 онд УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиудыг хэлэлцэн баталлаа. Эндээс Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд батлагдсанаар хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин бүрдсэн хэмээн онцлов.

Мөн тэрбээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсанаар 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хууль зүйн хүрээнд хангагдлаа гэж хэлэв. Сүүлийн үед үйлдвэрлэлийн осол, зам тээврийн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдэж байгааг сайд дурдаад ахуйн осолд хүүхдүүд олноор өртөж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмсээр байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна хэмээсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулиар хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхах явдлыг хориглосон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар нэгэн хэлбэрийн ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалсан хууль эрх зүйн хамгаалалт бий болгожээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлийн улмаас тулгардаг төрөл бүрийн саад бэрхшээлүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн олон талт харилцаанд эрх тэгш, бүрэн дүүрэн үр дүнтэй оролцох явдлыг дэмжих зорилгоор тэднийг тохирох хэрэгсэлээр нь хангах тухай тусгаж өгсөн гэсэн мэдээллийг салбарын сайд өгсөн юм. Түүнчлэн ерөнхий боловсролын бусад сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Бүрдүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүн бусадтай адил хүссэн ажлаа сонгож хийх, тухайн хүний онцлог хэрэгцээнд тааруулж ажлын байранд боломжит тохируулгыг хийж тэдний хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлэх. Тэднийг ялгаварлан гадуурхаж, хөдөлмөр эрхлэх эрхийг хасах, хязгаарлах аливаа үйлдлийг таслан зогсоох тухай тусгасан байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн талаар танилцуулсан юм. Тэрбээр, өнгөрсөн долоо хоногт Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан дээр гурав их наяд орчим төгрөгийн хуримтлалыг өгөх Засгийн газрын тогтоол гарсан хэмээгээд эхний ээлжинд гурав орчим их наяд төгрөгийн хөрөнгийг блансаас блансад шилжүүлсэн гэлээ. Ингэснээр нийгмийн даатгалын санд бодит мөнгөн хуримтлал бий болж, цаашид баталгаат тэтгэврээ авах, урт хугацааны тогтвортой найдвартай сангийн үйл ажиллагаа явуулах суурийг тавьж чадлаа гэж хэлсэн юм.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар орон сууцны зээлийн найман хувийг таван хувь болгох ажлыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон талаар С.Эрдэнэ сайд мэдээлсэн. Эхний ээлжинд алслагдсан дүүргүүд 21 аймаг, дахин төлөвлөлт хийгдсэн газруудад баригдсан орон сууцанд орж байгаа иргэдийн зээлийг таван хувь болгох, хоёрдугаар үе шатанд үлдэж байгаа бусад орон сууцнуудын зээлийг таван хувь болгоно хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр, дээрх хуулийн төслүүдийг боловсруулах явцад улс орон даяар иргэдээс санал авсан хэмээгээд иргэдээс ирсэн нийт 24.600 саналыг нэгтгэн төсөлд тусгасан гэлээ. Хуулийн төслүүд батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ гэж эрхэм гишүүн хэлсэн юм. Түүнчлэн, хүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах улсын байцаагчтай болж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг нийгмийн орчинд хуулиар хоригложээ. Хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага сайжирч, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, эрхийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудаар хариуцлага тооцохоор хуульчилсан хэмээн мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: “Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаал боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаалыг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хөдөлгөөнийг “Хөөрхөн зүрх” ТББ, “Гүнж” төв, казак үндэсний цөөнхийн “Арулар” холбоо тэргүүтэй хүний эрхийн төлөө ажилладаг 17 байгууллага хамтран зохион байгуулсан юм. Жагсаалын фото сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН