Categories
гадаад мэдээ

Украинчууд ОХУ-ын Элчин сайдын яам руу дайрчээ

Москва өлсгөлөн зарласан украин нисгэгчийг суллахаас татгалзсан хариу өгсний дараа Киев хотод хорсож, хилэгнэсэн хүмүүс тус хот дахь ОХУ-ын Элчин сайдын яам руу өндөг, чулуу шидэж, яамны байрны цонхыг хагалжээ. Үүний өмнөх өдөр танхай этгээдүүд Элчин сайдын яамны гаднах машинуудын цонхыг хагалж танхайрсан байна. Түүнээс гадна хэдэн зуун хүн Элчин сайдын яамны гадна жагсч, Оросын хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй 34 настай украин нисгэгч Надя Савченког суллахыг шаардаж байгаа юм. Надя Савченко шүүх хурлыг хойшлуулсныг эсэргүүцэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн шоронд хуурай өлсгөлөн зарласан юм.

Киев хотод эсэргүүцэн жагссан олон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хөргийг өлгөж, алуурчин гэж бичсэн гэнэ. ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч Франсе-пресс агентлагт “Нөхцөл байдал маш хурцадмал байгаа” талаар ярьжээ.

ОХУ-ын Донецк хотод болсон шүүх хурлыг шалтгаангүйгээр хойшлуулсны дараа Надя Савченко өөрийг нь эх оронд нь буцаахыг шаардсан билээ. Надя Савченког Украинд 2014 оны дөрөвдүгээр сард эхэлсэн ОХУ, Украины сөргөлдөөний баатар гэж өргөмжилсөн юм.

Харин ОХУ Надя Савченког 2014 онд Украины сайн дурын батальонд байхдаа Оросын хоёр сэтгүүлчийн амийг хөнөөсөн гэж буруутгаж байна. Надя Савченко үүнийг няцааж өөрийг нь Оросын цэргүүд хулгайлж, авчирсан гэж үзэж байгаа юм.

В.Путины хэвлэлийн төлөөлөгч Надя Савченког өлсгөлөн зарласан тухайд “Энэ бол Кремлийн асуудал биш” хэмээн хариулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ой угтсан арга хэмжээнүүд болно

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ой энэ сард тохионо. БХЯ, ЗХЖШ-аас орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд хэд, хэдэн бүтээлч ажил зохион байгуулан ажиллаж байгаа аж. Энэ долоо хоногт гэхэд хэд, хэдэн арга хэмжээ нь зохион байгуулах ажээ.

Тухайлбал, энэ сарын 10-нд “Зэвсэгт хүчний сургалтын тогтолцоонд хийсэн шинжилгээ” эрдэм шинжилгээний хурал, “Монгол цэргийн музей”-д цэрэг эрсийн агшин гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэж, “Оюутан цэрэг”-ийн нээлт энэ өдөр нийслэл болоод Ховд, Дорнод аймагт нэгэн зэрэг болно. Нийслэлд болох “Оюутан цэрэг”-ийн нээлт гуравдугаар сарын 10-ны 10.00 цагт Нийслэлийн засаг, захиргааны тавдугаар байранд болох бөгөөд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны удирдлагууд, Монголын оюутны холбоо, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцоно.

Мөн энэ сарын 11-нд “Офицеруудын ордон”-д “Эх орны цэрэг” яруу найргийн наадам болон гадаад улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамдын ажилтнуудын “Нөхөрсөг-уулзалт тэмцээн”, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дундах тэмцээн болохоор товлогджээ.

УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Батлан хамгаалах бодлогын үндэс” бодлогын баримт бичиг шинэчлэгдэн батлагдсан билээ. Энэхүү бодлогын баримт бичигт орсон өөрчлөлт шинэчлэл, түүний онцлог, Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний ангиудад, яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын алба хаагчдад энэ сарын 11-нд танилцуулахаар бэлтгэлээ хангаж байгаа ажээ.

Мөн ойн хүрээнд Зэвсэгт хүчний 95 жилийн ойгоор Улаанбаатар цэргийн хүрээний Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нэгдсэн үлээвэр найрал хөгжмийн жагсаал Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбайд зохион байгуулж, ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, хүчит 256 бөхийн барилдаан болохоос гадна Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын талархалын хэсэгчилсэн тоглолтыг Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад зохион байгуулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт газар хөдөлсөн байна

Баянхонгор аймгийн Баянцагаан сумаас баруун тийш урд зүгт 14 км-ийн зайд “Эрээн дэрс” гэдэг газарт энэ сарын 5-ны өдрийн 07:32:21 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгээс мэдээлэв.

Сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн хэдий ч, айл өрхүүдэд учирсан хохирол байхгүй гэдгийг Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газраас аймгийнхаа Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн банкинд буутай этгээдүүд халджээ

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах Төрийн банкны тооцооны хоёрдугаар салбарт өнөөдөр зэвсэглэсэн хоёр этгээд халдаж, дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр гэмт этгээд буутай байсан бөгөөд үйлдэл дээрээ баригдсан аж.
Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Буу тулган танхайрсан этгээдийг баривчлав

Өнгөрсөн ням гаригт Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт “Toyota Crown” автомашинтай залуу гар буу гарган, танхайрсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн талаар мэдээлсэн. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны дүнд гэмт этгээдийг баривчилжээ.

Дуудлагын дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд суух 19 настай, эрэгтэй Т-г “Hyundai Accent” маркийн автомашинтай Дөлгөөн нуураас Өлзий төвийн уулзвар орох замд явж байхад нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд суух 31 настай эрэгтэй Ч гэгч нь “Toyota Crown” автомашинаараа шахаж зогсоон, хар өнгийн металл хийцтэй, үрлэн сумаар бууддаг гар буу гарган “ална” гэж айлган сүрдүүлжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар тоглоомон буу болон бууны цаасан хайрцаг хураан авч, уг үйлдлийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Дайран өнгөрөх ачаа эргэлтийн хэмжээ нэмэгдлээ

ОХУ-ын
Сочи хотод болж өнгөрсөн төмөр замаар тээвэрлэх олон улсын ачааны
хэмжээг тогтоох хурлаар ОХУ-аас БНХАУ руу Монголын нутаг дэвсгэрийг
дайран өнгөрөх ачаа тээврийн хэмжээг 4 сая 1 зуу гаруй мянган тонн
байхаар тогтлоо. Энэ нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс 2.5 дахин их юм гэж
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга
Л.Пүрэвбаатар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн
орлогч дарга Д.Жигжиднямаа нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт
танилцууллаа.

Монгол Улсаас БНХАУ
руу тээвэрлэх нийт ачааны хэмжээг 6 299 000 тонноор тохиролцсоноос
төмрийн хүдэр 5 сая тонныг гаргахаар болсон нь өнгөрсөн оныхоос 1 сая
тонноор илүү байна. Мөн ОХУ-аас
Монгол Улс руу тээвэрлэх ачааны хэмжээ 1 574 000 тонн байгаа нь
өнгөрсөн оныхоос 45 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ жил ОХУ-аас БНХАУ руу
гарах 2.5 сая тонн түүхий нефть манай орныг дамжин өнгөрнө. Улаанбаатар
төмөр зам дайран өнгөрөх ачаанаас нийт 50 сая гаруй ам.долларын орлого
олно.

Уулзалтын үеэр
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар
“Манайх жилдээ 28 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. 2017 онд 34
сая тоныг тээвэрлэх хүчин чадалтай болгох техник, зохион байгуулалтын
арга хэмжээнүүдийг авч байна. Таван жилийн дараа 48 сая тонн ачаа
тээвэрлэх хүчин чадлыг эзэмшинэ” гэдгийг Ерөнхий сайдад мэдээллээ.
Төмөр замын салбарт нааштай ахиц дэвшлүүд гарч байгааг Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг сайшаагаад, энэ эерэг үзүүлэлтүүдийг цаашид бататгаж, ачаа
эргэлтийг шуурхай ханган зохион байгуулах, хүчин чадлаа илүү
нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Улаанбаатар төмөр замын удирдлагуудад
даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өв соёлоо сурталчлан түгээсэн хүмүүсийг 100 саяар урамшуулна

Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Тодруулбал, биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагч, хувь хүн, бүлэг, хамт олныг тодруулж 100 сая төгрөгөөр шагнаж байх аж.

Монгол Улс даяаршил, хотжилтын үйл явцад татагдан орж, монголчуудын аж төрөх ёс, монгол хэл, аялгуу, ялангуяа угсаатан ястнуудын биет бус соёлын өвөрмөц өвийн амьдарч хөгжих, орон зай өөрчлөгдөн, орчин цагийн нийтийн соёл, урлаг түрэн орж ирсээр байгаа нь Монголын уламжлалт биет бус соёлын өвийг богино хугацаанд устган мөхөөх аюулд хүргэж болзошгүй байгаа тул соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг урамшуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэхээр энэхүү журмыг баталжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

26 мянга гаруй хувьцаа арилжжээ

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт /2016 оны хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 04/ таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 52.8 сая төгрөгийн арилжаа хийжээ. Энэ нь өдөрт дунджаар 10.5 сая төгрөгийн гүйлгээ хийсэн гэсэн үг аж. “АПУ”, “Говь”, “Тавантолгой”, “Газар сүлжмэл”, “УБ-БҮК” ХК-иудын хувьцаа хамгийн идэвхтэй арилжигджээ.

Мөн нийт 35 компанийн 26,632.00 ширхэг хувьцааг 46,316,042.00 төгрөгөөр арилжсан.

Харин Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн нэг удаагийн арилжаагаар 65 ширхэг үнэт цаасыг 6,500,000.00 төгрөгөөр арилжсан байна. Засгийн газрын үнэт цаасны арилжаанд “Би Ди Сек ҮЦК” /5,600,000 төгрөг/, “Новел инвестмент ҮЦК” /600,000 төгрөг/, “Голомт секьюритиз ҮЦК” /300,000 төгрөг/ ХХК-иуд идэвхтэй оролцжээ.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар зах зээлийн үнэлгээ 1,412,501,613,470.00 төгрөг болж өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.32 хувиариар буурсан бөгөөд “MSE ALL” индекс 850.01 нэгж болж 1.46 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Categories
энтертаймент-ертөнц

Р.Номин-Эрдэнэ цомог гаргав

Монгол улсын СТА, дуучин Р.Номин-Эрдэнэ 2015 онд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Бяцхан зүрх” ТББ-ыг санаачлан байгуулжээ. “Бяцхан зүрх” ТББ-ын анхны ажил нь БСШУЯ-тай хамтран “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд 20 гаруй хүүхдийн дуу бүтээхээр ажилдаа орсон бөгөөд “Бяцхан зүрх” цомгоо тун удахгүй гаргах гэж байгаа юм.

Цомгийнхоо анхны дуу болох “Бяцхан зүрх” дуугаа дүрсжүүлсэнээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

“Бяцхан зүрх” цомог нь хүүхдийн 20 дуунаас бүрдэх бөгөөд цомгийн нээлтийг ирэх дөрөвдүгээр сард багтаан хийхээр төлөвлөж байна. “Бяцхан зүрх” ТББ нь зөвхөн дуу төдийгүй нийгэмд чиглэсэн, хүүхдийн төлөө сайн дурын ажлуудыг хийх юм.“Би уран бүтээлийн шинэ аяллаа эхлэхээр зүрх шулуудан, ханцуй шамлан орж байна. Уран бүтээлчид бидний хувьд ил гарч нийгмийн сайн сайхны төлөө зоригтой, эрч хүчтэй хөдлөх цаг нь ирсэн” хэмээн дуучин Р.Номин-Эрдэнэ хэллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нарны хөдөлгөөнөөр өнгө нь солигддог дээвэр хийжээ

Америкийн уран бүтээлч Жэймс Түррелс “Rice” их сургуульд зориулан “SkySpace” нэртэй энэхүү дээврийн дизайныг гаргасан байна.

Энэхүү дээвэр нь нарны хөдөлгөөнийг мэдэрч, нар мандах, нар жаргахад өнгө загвараа өөрчилдөг байна.

Нар мандах үед уг дээвэр яг л мандаж буй нар мэт өнгөтэй болж хувирах ба харин нар жаргах үед жаргаж буй нарны туяаг танд мэдрүүлэх гэнэ. Энэхүү гайхалтай барилга нь урлагийн “Rice’s Shepherd School of Music”-ийн зүүн талын толгод дээр баригдсан ажээ.

.