Categories
мэдээ улс-төр

ХҮН-ын дарга хэн байх асуудлыг Улсын дээд шүүхээр хэлэлцэнэ

Хөдөлмөрийн үндэсний нам дотор хагарал үүсч дарга нь хэн бэ гэдэг асуудал тодорхойгүй байгаа. Иймд тус намынхан даргын асуудлаа шийдүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөдөл гаргажээ. С.Ганбаатарын тухайд Улсын дээд шүүхэд түрүүлж өргөдлөө өгсөн байна.

Түүний өргөдлийг хэлэлцэхээр хурлын тов гарсан байсан хэдий ч Г.Найдалаагаас мөн өргөдөл ирсэн тул хурлын товыг хойшлуулаад байгаа ажээ. Уг асуудлаар Улсын дээд шүүхийн хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

С.АЛТАН

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Дундговь аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга Дундговь аймгийн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Дундговь аймагт ажиллах үеэрээ /2016.03.08/ үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцав.
Дундговь аймгийн нийт 15 сумын хэмжээнд 78 үйлдвэр, цех хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, 255 гаруй хүн ажилладаг байна. Эдгээр үйлдвэрлэгчид орон нутгийн хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээний 45-50 хувийг хангадаг бөгөөд Улсын Их Хурлын дарга хүнсний үйлдвэрлэл эрхлэгч “Говийн гэгээ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн захирал Н.Эрдэнэбат 2003 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, 2011 онд компани байгуулан, үйл ажиллагааг нь өргөжүүлжээ. Одоо “Говийн гэгээ” ХХК 20 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, сард дунджаар 8 сая орчим төгрөгийн борлуулалт аймгийнхаа хэмжээнд хийдэг байна. Өнөөдрийн байдлаар 8 хүнийг тогтмол ажлын байраар ханган, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа талаараа тус компанийн захирал Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол байгаа хэдий ч санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан ажил хэрэг болгож чадахгүй байгаагаа хэлж байв. “Говийн гэгээ” ХХК-ийн захирал Н.Эрдэнэбат хэлэхдээ, 2014 онд ЖДҮХС-аас 15 сая төгрөгийн зээл авч үйлдвэрийн байраа завсарлан, шинэ байрны ажил эхлүүлээд байгаагаа дуулгаж байв. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид арилжааны банкнаас бизнесийн зээл авахад нэн тэргүүнд зээлийн шалгуур өндөр байдаг, цаашлаад зээлийн хүү өндөр учраас зээл аваад үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо тун бага байдгийг хэлж байсан. Тиймээс орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоход анхаарах, бичил бизнес эрхлэгчдэд татвар, нийгмийн даатгалыг хөнгөлөх зэрэг дэмжлэг үзүүлэх талаар төр, засгийн зүгээс судалж үзээсэй хэмээн хүсч байдгаа Улсын Их Хурлын даргад дуулгалаа.

Дундговь аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг бүртгэлтэй 500 гаруй иргэн, аж ахуй нэгж байдаг бөгөөд Улсын Их Хурлын дарга тус аймагт ажиллах үеэрээ модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг “Агь” мужааны цехийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мандалговь суманд 3 аж ахуйн нэгж модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа ба “Агь” мужааны цех 2007 оноос хойш гэрийн мод, модон эдлэл болон төрөл бүрийн тавилга үйлдвэрлэж байгаа юм байна. Тус цехийн захирал Г.Цэрэндаш Улсын Их Хурлын даргад үйл ажиллагааныхаа талаар танилцуулах үеэрээ “Манай аймгийн урчуудын хийсэн гэрийн мод эрт үеэсээ алдартай. Тиймээс аймаг орон нутгийнхаа нэрийг гаргах брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Үүний тулд бүтээгдэхүүний чанарт өөрөө хяналт тавьж, ажилчдынхаа ур чадварыг сайжруулахад анхаарч, мужаанууддаа зааж зөвлөн ажилладаг” гэв. Сард дунджаар 5-6 сая төгрөгийн борлуулалт хийдэг байна. Өнөөдрийн байдлаар 6 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа ч бүтээгдэхүүний захиалга нэмэгдэн, ачаалал ихсэх үед 4-5 туслах ажилчин нэмж ажиллуулдаг талаараа Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
“Агь” мужааны цех түүхий эдээ Улаанбаатар хотоос авдаг бөгөөд модны үнэ сүүлийн жилүүдэд өсч байгаагаас бүтээгдэхүүнийх нь үнэ ч өсөх хандлагатай байгаа гэнэ. Энэ нь бүтээгдэхүүний борлуулалтад сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч үйлдвэрлэлээ өргөжүүлэн, Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ борлуулах зорилготой гэдгээ тус компанийн захирал Г.Цэрэндаш хэлж байлаа.
Улсын Их Хурлын дарга Дундговь аймгийн МСҮТ-ийн шинэ байртай танилцав. Тус сургалтын төвд 2015-2016 оны хичээлийн жилд 400 орчим сурагч 16 төрлийн мэргэжил эзэмшиж байгаа аж.

Дундговь аймгийн болон Улаанбаатар хотын барилгын компаниудтай хамтран ажилладаг тус төгсөгчид нь 100 хувь ажлын байртай байдаг талаар тус сургалтын төвийн сургалтын албаны дарга Э.Эрдэнэбаяр Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. Тус сургууль энэ хавраас хичээлийн шинэ байрандаа сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэнэ.

Үүний дараа уурын зуухны тогоо үйлдвэрлэдэг “Ган илч” компанийн үйл ажиллагаатай танилцав. Тус компани аймгийнхаа ЖДҮ-ийн сангаас 800 сая төгрөгийн зээл авсан бөгөөд үйлдвэрийн байраа энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Үйлдвэрийн бүтээгдэхүүн, технологи, түүхий эдийнхээ талаар мэдээлж, Улсын Их Хурлын дарга “Танай хэрэглэж буй лист төмрийг Орхон аймгийн “Бэрэн” компани үйлдвэрлэж байгаа тул цаашид дотоодын түүхий эдээ ашиглах тал дээр судлах нь зүйтэй” гэсэн юм.
Мөн энэ өдөр Улсын Их Хурлын дарга Мандалговь сумын “Говийн ирээдүй” дунд сургуульд сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг фермийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус ферм нь аймгийн төвөөс 5 км-ийн зайд байрладаг, нийт 85 үхэртэй. Үүнээс төллөх 20-30 үнээтэй энэ фермийг Ц.Нарандэлгэр эцэг, эхийнхээ хамтаар эрхэлдэг байна. 2009 оноос мал аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд 2015 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ферм болгосон байна. Тус ферм өдөртөө 40-60 литр сүүг “Говийн ирээдүй” сургуульд нийлүүлдэг аж. Сардаа борлуулалтын орлого 2 сая орчим төгрөг байдаг талаар Ц.Нарандэлгэр хэлж байв. 2014 онд ЖДҮХС-аас 30 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зарцуулжээ. Дундговь аймгийн 2015 оны шилдэг байгууллагын нэгээр шалгарсан тус ферм малынхаа үүлдэр, угсааг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг талаараа Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү, Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зохиол бичихэд эерэг энерги авдаг

Хүүхдийн номын зохиолч П.Наранбаатар

Аав, ээж маань хоёулаа багш хүмүүс л дээ. Тийм болохоор манай гэрийн номын сан дүүрэн номтой байдаг байлаа. Тэр номуудын ихэнх хувийг нь хүүхдийн ном эзэлдэг байсан юм. Тэр зохиолуудын уншигч байсан бол одоо зохиолч нь болсон. Хүүхэд эерэг энергитэй болохоор тэдэнд зориулж зохиол бичихэд хүүхдийн ертөнцөд очсон мэт болдог. Анх 2006 онд “Дулаан уул” гээд өгүүллэгийн ном гаргаж байсан. Номондоо өөрт тохиолдсон болон найз нөхдөдөө тохиолдсон хөгтэй явдлаас сэдэвлэн бичсэн юм.

Тэр үед чинь жаахан байсан болохоор ном гаргахын л хүслэн байлаа. Энэ номоо “Интэр ном”-д худалдаалж байсан. Гэхдээ тийм ч олон хувь хэвлэгдээгүй. Заримыг нь найз нөхдөдөө дурсгаад л өнгөрсөн дөө.

Номоо гаргасан анхны сэтгэгдэл маш сайхан байсан. Ялангуяа миний номыг өхөөрдөм хөөрхөн дүү нар маань уншина гэж бодохоор үгээр хэлэхийн аргагүй байлаа. Түүнээс хойш ном гаргаж амжаагүй байна л даа. Яагаад гэхээр ажил, амьдралын шалтгаанаар номоо түр орхисон. Сүүлийн хоёр жилээс л зохиолоо эрчимтэй бичиж эхэлж байна.

Одоогийн байдлаар үлгэрийн ном гаргах гээд үлгэрүүдээ бичиж байгаа. Хоёр дахь номынхоо нэрийг одоогоор өгч амжаагүй л явна даа. Миний ном бичих үйлсэд хамгийн их тусалдаг гэр бүлийнхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Мөн хүүхдийн зохиолчдын “Эвт үзэг” төвийнхөө удирдлагуудад баярласан талархсанаа илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

Ойрын хоногуудад хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтэн байна.

2016 оны 03 дугаар сарын 09-нөөс 03 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд нутгийн өмнөд хэсгээр, 11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна.

Завхан голын эхээр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 23-28 хэм, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Хугацааны дунд үеэс хүйтний эрч суларна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд “Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдөр”-ийг тохиолуулан мэндчилгээ дэвшүүлэв

Монголынхоо нийт эмэгтэйчүүд та бүхэндээ Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг Өмнийн цэнхэр говиос хүргэн мэндчилье.

Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох 1000 тэмээний баярын арга хэмжээ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд болж байнаа. Монгол Улсын хөгжлийн салшгүй хэсэг нь мал аж ахуй бөгөөд малчин эмэгтэйчүүд маань үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөн, эр нөхрийнхөө халамжит хань, өрх гэрийнхээ тулгуур нь болж ирсний үр дүнд бид дэлхийд гайхуулах бахархалтай болж чадлаа. Энэ сайхан үйл явдалтай зэрэгцэн төр засгийн зүгээс малчидаа, малчин эмэгтэйчүүдээ дэмжин 8 хувийн орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгон буурууллаа. Мөн уламжлалт мал ахуйгаа эрхлэн суугаа малчдын үйлдвэрлэл эрхэлж, амьдралаа дээшлүүлэх боломжийг хангахын тулд малчны зээлийн хүүг жилийн 18 хувь хүртэл бууруулаад байгаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн дагуу малаа эрүүл байлгаж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, малчин дансаа ашигладаг сайн малчны зээлийн хүүг дахин бууруулж жилийн 10 хувь, сарын 0,8 хувь хүртэл бууруулахаар шийдвэрлэлээ.
1000 тэмээний баярт оролцож буй малчид маань бүгд сайн малчин болохын төлөө ажиллана гэдгээ ч итгэлтэйгээр хэлж байна. Цаашид малын гаралтай бүтээгдэхүүнээ дэлхийд данстай бренд болгож, эдийн засгийн хөгжлийн тулгуур болгох эх үйлсдээ малчин түмэн маань ихээхэн хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна.
Монгол орны өнцөг булан бүрт суугаа эхчүүд, эмэгтэйчүүд бүсгүйчүүд та бүхэндээ Эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА
ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
2016.03.08
Categories
мэдээ нийгэм

Ээжтэй хавар

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Болор цом-2015” наадмын тавдугаар байрын шагналт яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзулын ижийнхээ тухай бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Шувууны үүр шиг хонхортоо

Сумын төв минь анир гүмхэн

Шувууны үр шиг насны минь

Дурсамжийг хучаад дулаахан

Шуудангийн дүнзэн байшин

Хуучин эгэл янзаараа ч

Сургийг минь асууж ээж минь

Одоо даанч орохгүй

Манай сумын төв гэж шувууны үүр шиг хонхорт нэгэн ернийг гэтлэн оршиж буй жижигхэн ч эрхэмсэг, дулаахан суурин буй. Булган аймгийн Баян-Агт сум. Би тэр суурингийн эмнэлэгт хүнд тоогдохооргүй улаан нялзрай амьтан төрсөн гэдэг. Намайг төрөх үеэр ямар сайндаа л эх барих гэж байсан эмч маань зугтаад алга болсон гэхэв дээ. Ээжийгээ нэг их өвтгөлгүй төрсөн алгын чинээ намайг тоссон өөр нэгэн эмч нэрийг минь хайрласнаар би хүн нэрээ олж ангир уургаа амласан гэдэг. Эхээс есүүл унасны зургаа дахь нь би. Ээж, аав минь биднийг ялгалгүй хайрлаж хүн болгосон доо.

Аргал аргал, ухаарал хучаад эжий минь

Оддын буйдад дулаахан суугаа

Алсын зэрэглээнд хууртан харуулдах

Орчлонгийн биднийгээ санаж байгаа

Ээзгий ээзгий үгээ дэвтээгээд эжий минь

Тэнгэрийн оронд амгалан суугаа

Эндээ биднийг удаан суухыг ерөөгөөд

Тэндэхийн тэнгэрт залбирч байгааЭэжийгээ жаахан хүүхэд мэт сананам. Хаврын өдрүүд зэрэглээн дундаас тодрон тодрох ахуйд ээжээ санах минь улам нэмэгдэнэ. Энэ л цагаар ээж минь хотондоо хурга, ишигтэй хамт дуугаа цангинуулж байдагсан. Сааль нэвчсэн дээлийнхээ даргар энгэрт нялх хурга, ишиг тэврэн хонины хот, гэр хоёрын хооронд чөлөө завгүй гүйх ээждээ тус болох гэж бидний хүүхэд нас дагаж дэрвэдэгсэн. Өглөө оройгүй хотондоо тойг, цээг хадаах ээж минь хавар, хаврыг амсхийх чөлөөгүй туулсан даа. Үхэр, тугалын зэлэн дээр ч ээжийн минь өөвлөх дуу цангинаж байдаг хавраар ээжээ санахгүй байхын аргагүй. Хавар ер нь их чимээ шуугиантай улирал. Үндэс хөдөлж, дэлхий дэлэгнэх энэ улирлын сайхныг ээж минь мэдрүүлдэг байж. Сүүлийн жилүүдэд энэ хаврын өдрүүд нэг л өнгөрч өгөхгүй сажлаа болоо юу даа. Он цагийн тэртээд зэрэглээтэх хавруудаас ээжтэйгээ үдсэн хавруудыг илүү тодхон сананам. Сургуулийнхаа амралтаар булцгар хацартай цагаан гартай хүүхдүүд харьж, хаврын өдрийн уртад хонинд явж, мал төллүүлэлцсээр буцах болно. Энэ л үеэр өөрсдийгөө анзаарахтай болоход хацар гар саарьтаж харлаад, нүд, шүд нь гялалзаж яралзсан нөхдүүд болсон байдагсан. Явахын өмнө ээжээрээ зулга угаалгаж аваад л сургуульдаа мордоно доо. Ээж минь их ажлаас нь нугалалцаж өгсөн хүүхдүүдийнхээ хойноос сүү өргөж зогсохдоо дээлийнхээ хацуйгаар нулимсаа сэмхэн арчих харагдаад, сэтгэл үймсхийн шогшуулж холддогсон, бид. Түүнээс хойш оюутан болж, ажил амьдралд хөл тавихад ижий минь мөн л тэр дүр төрхөөрөө хоцордог байлаа…

2

Ижий минь бөөвөн бөөвөн суух шиг

Эмгэн улаан нарнаас үр хүүхдээ сүүдэрлээд

Эртний домог хайлан бүүвэй бүүвэй гуних шиг

Хаврын цагаан дэрс салхины аашинд гэхэлзэнэ

Хаан тэнгэрийн хормойд зэрэглээ асааж нойрмоглоно

Хатан газрын хэвлийд үндэс хөдөлгөж зүүрмэглэнэ

Ижий минь намайг санаад гуних шиг

Хээр талын дэрс гэнэ гэнэ исгэрнэ

Хэнхдэг чээжний цаанаа би бөн бөн нурнаСаяхны нэгэн хавраар ээжийгээ мөн үгүйлэхдээ ийн гуньсан билээ. Би ээждээ зориулж өдөр бүр шүлэг бичихсэн гэж боддог. Гэвч дэмий л сэтгэлдээ нурахаас цаашгүй. Миний ээж намайг сэтгэл булингартай үед хааяахан зүүдэнд эргэнэ, зэмлэнэ. Толгойг минь илнэ, зулай дээр үнэрлэнэ. Өглөө нь харин би сэтгэл хөнгөн сэрдэг. Ээж минь одоо ч надтай хамт байгаа нь тэр байх. Цаг хугацааны эрхэнд аливаа зүйл мартагдаж хуучрах ч ээж улам л үгүйлэгдэх аж. Хаврын хавсарганд хормойгоо салхинд туулган хурга, ишиг, тугалхантай хөөцөлдөн гүвээ давж яваад ирэх ээжийнхээ барааг алсаас ч болов харахсан гэж хүсэвч нэгэнт биелэхгүй мөрөөдөл минь болж дээ. Ээжийнхээ санааг мөн ч их зовоосноо бодохоор өөртөө зарим үед уур хүрнэ. Хаваржин ноцолдон байж олсон ноолуурынх нь мөнгөнөөс хувь хүртэхээр зорьдог оюутан байлаа. Албатай юм шиг мөнгөнөөс нь авчихаад юу ч болоогүй мэт хээв нэг үнсүүлчихээд хотыг зорино. Тэр өдрөөс хойш таг чиг болно. Ээж минь замын, явуулын хүмүүсээс хүүгээ асууж сурагласаар байгааг мэдэрсэн ч удаж байж мэнд сургаа дуулгадагсан. Миний мэт хүн цөөн байгаасай гэж бодсондоо л ингэж нуршиж сууна. Удахгүй ээжүүдээ баярлуулахаар хүн бүр дор бүрнээ бэлдэж байгаа. Холоос ярьж, хүнээр сургаа дуулгахын оронд өөрөө очоод үнсүүлбэл ээж нь илүү их баярлана даа.

Хайрлаад л санаж харьдаг нутаг минь

Хаврын үзүүрт бүртэлзээд

Нулимс болох цагаар

Хайлсаар одох цасны

Манан дунд л суугаа гэж

Харийн харьд одсон

Ээжийгээ би эндүүрсэн байнаБид л болсон хойно ээжийгээ мөнх юм шиг санаж, туньж гунихыг нь тоолгүй сэтгэлийг нь үймээж явдаг. Ээжийгээ тэнгэр болсны хойно л тэр бүгдийг ухаарч өөрөө даахгүй шаналан тээдэг гэнэн зантай.

3

Миний нагац өвөө, эмээ Булганы Тэшиг сумын хүмүүс байсан гэдэг. Бидний хэн нь ч хараагүй. Гоё цоохор морьтой ганган эрийн хар цагаан зураг, харцнаас нь энэрэл хайр гэрэлтсэн намбалаг эмэгтэйн цээж зураг л ээжид минь хадгалагдаж байдаг байлаа. Миний ээж Доржжанцан гэх айлын ганц охин байж. Эмээгийнхээ нэрийг үнэндээ би санахгүй байна. Ээж хэлж өгч байсан нь мэдээж. Багадаа ээж, ааваасаа өнчирсөн, садан төрлийнхнөөрөө дамжиж хүн болсон гэдэг юм. Дунд сургуулиа онц төгссөн гэж хүүхдүүд бидэндээ ярина. Өөрийг нь тэнгэр болсноос хойш авдрын булангаас жижигхэн үнэмлэх маягийн зүйл олж үзэж билээ би. “Доржжанцан овогтой Даваа нь долдугаар ангиа онц сайн дүнтэй дүүргэв.” гэсэн бичиг дурайж байхыг үзээд ээжээрээ бахархах сэтгэл төрсөнсөн. Тэгээд мөн өөрийгөө, ийм сайхан хүний хүү байж, дунд сургуулиа чардайж байж дүүргэсэн дээ хөөрхий гэж голсон юм даг. Ээжийг баярлуулсан минь тун цөөхөн. Төмөр замын дуу бүжгийн чуулгад, уран бүтээлч найз нөхөд, “Ган зам” сонины удирдлага хамт олон, төмөр замчдын дэмжлэгтэйгээр уран бүтээлийн цэнгүүнээ зохион байгуулж нэг баярлуулсан санагддаг. Мөн нагац өвөө эмээгийнхээ нутаг Тэшиг суманд очих үеэрээ тэнд яваагаа утсаар дуулгахад хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан сан. Хойно нь ханхайх том уулын өвөрт тоглож өссөн юм билээ. Одоо өнөөх хэл ам дагуулаад байдаг Тавтын алтны уурхайн ойролцоо. Хааяа яруу найргийн наадамд оролцож зурагтаар гарвал хараад баярладаг байсан байх. “Зурагтаар хүү чинь гарч байна билээ. Өнгөлөг сайхан харагдаж байна. Та санаа зовоод яахав гэж садныхнаас дуулгалаа… Ойрд сумын төв орж чадсангүй. Зурагт үзэж чадахгүй юм. Уг нь хааяа хүүгээ харчихаад байдаг юмсан” гэж ярьсан нь санаанд илхэн үлдэж дээ.

Амьдралд туугдсан хормойгоороо

Гундсан цэцгийн нулимс арчаад

Ай хөөрхий ижий минь

Ирж л яваа бодогдоно… Би хаврын улиралд хайртай. Ээжийн минь дуу энэ цагаар сэтгэл, бодолд цангинаад, нутгаадаа гүймээр санагддаг. Ээжийнхээ хадгалсан хэдэн бор ааруулыг өвөртлөөд хонинд явмаар, хонины дэргэд морио тушчихаад өвс зуугаад хэвтэж баймаар ер бусын сайхан. Ээж минь хавар малаа төллүүлж дуусгаад биднээс, орчлонгоос явсан юм. Ээжийг минь бодогдуулдаг энэ хавар, ээжийг минь авч одсон ийм улирлын цаанаас ээжийгээ ирнэ гэж хүлээдэг, би.

…Буудай буудай дурсамж түүгээд эжий минь

Бурханы өвөр дээр асгаж суугаа

Буурцган чинээ үрсээ бодоод эжий минь

Буцаад ирэхийг хүсэж байгаа

Тэвэр тэвэр жаргал өлгийдөөд эжий минь

Эрхэсийг дунд бүүвэйлж суугаа

Тийм уярам хайр болоод эжий минь

Эргэж төрөхөө хүлээж байгаа.

2016.03.01

Хонхор хотхон

Ээж минь саалийн үнэр ханхалсан дээлтэйгээ

зогсож байгаа нь.

Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: МАХН хамтарч сонгуульд оръё гэвэл бид татгалзахгүй

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой хийсэн ярилцлагыг “Өдрийн сонин”-ы №049(5314) дугаараас авч нийтэлж байна.

-Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган хуралдана гэсэн яриа гараад байна. Яг хэдэнд ээлжит бус чуулган орох юм бол?

-Миний хувьд Ховд аймагт тойрогтоо очиж ажиллаад өчигдөр (уржигдар) ирлээ. Энэ талаарх мэдээллийг дөнгөж сонсоод л байж байна.

-Ээлжит бус чуулган зарлачихвал МАН-ын бүлэг оролцох уу. Өмнөх ээлжит бус чуулганд оролцоогүй шүү дээ?

-Ээлжит бус чуулганаар аль асуудлыг хэлэлцэхэд ямар шаардлага байна вэ гэдгийг нь эхэлж сонсоно. Үнэхээр нэн яаралтай улс орны өмнө тулгамдсан, давагдашгүй хүчин зүйл бий болсон гэж үзвэл оролцоод явах байх. Түүнээс биш нөгөө л сандал ширээ, албан тушаалын асуудлыг ярина гэвэл ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй.

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барих гэж байна. Уг хуулийн төсөлд жагсаалтын 28 мандатын зургааг нь нийслэлд нэмэхээр тусгаад байгаа юм билээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг заалт Сонгуулийн хуулиас хасагдсан хэдий ч НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрт Монгол Улс нэгдэн орсон. Тэр утгаараа УИХ-ын тогтоол гарсан байдаг л даа. Уг тогтоолд сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалт өнөө хэр хэвээрээ байгаа. Ингээд үзэхээр нэг талаасаа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй.

-Нөгөө нэг тал нь юу юм?

-УИХ-ын гишүүн тус бүртээ өөрийн эрх ашгаа хангахын тулд өөрт таалагдсан байдлаар хуулийн төсөл өргөн бариад байх юм уу. Их хуралд сууж байгаа 76 гишүүн чинь тус бүртээ ийм хууль өргөн баривал яах юм. Тэгэхдээ хүрвэл би ч гэсэн 76 мажоритар тойрогтой болъё гэдэг хуулийн төслийг боловсруулъя гэж бодож байна. Хуулийн төсөл нь бараг бэлэн болсон байгаа.

-Одоо тэгэхээр яах ёстой вэ?

-Нэгэнт тогтсон жишиг, өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хууль эрхзүйн актууд үйлчилж байна. Сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж заачихаад байхад өөртөө тааруулж хууль өөрчлөх гээд “чичрээд” байх шаардлагагүй.

-Хуулийн төсөл санаачлагч Ш.Түвдэндорж гишүүнээс ярилцлага авахад “УИХ-аас баталсан хууль нь тогтоолоосоо илүү хүчин чадалтай гэж би ойлгож байна” гэж хэлсэн л дээ?

-УИХ-ын баталж гаргасан аливаа хууль, тогтоомж адил хүчин төгөлдөр байдаг. Тэгээд ч өмнө нь тогтсон жишгээ бодсон ч Сонгуулийн хуулийг өөрчлөх гээд зүтгэх ямар ч шаардлагагүй. Энэ нь өөрөө ёс зүйгүй л үйлдэл болох гээд байна.

-Сандал ширээ, албан тушаалын асуудлыг ээлжит бус чуулган зарлаж шийдэх гэж байгаа бол орохгүй гэдгээ хэллээ. Хэрэв Сонгуулийн хуулийг хэлэлцэхээр болбол танай бүлэг оролцох уу?

-Ийм утгагүй байж болохгүй. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй.

-Банкуудын зүгээс ипотекийн зээлийн хүүг таван хувь болгоно гэж улстөрчид яаран зарласнаар хүлээлт үүсгээд байна. Одоо ипотекийн зээлийг таван хувь руу шилжүүлэхэд ямар ч бэлтгэл алга гэдгийг банкуудын төлөөлөл хэлсэн. Та ямар бодолтой байна вэ?

-Ипотекийн зээл үндсэндээ 2006 оноос олгогдож эхэлсэн. Бид 2004 онд гэхэд л төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц хөтөлбөрийг ярьдаг байсан. 2008 онд 40 мянган айлын орон сууц хөтөлбөр ярьдаг байлаа. Харин 2010 онд Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөрийг УИХ-аар баталсан. Уг хөтөлбөртөө Монгол Улсын 21 аймгийг 5700 км хатуу хучилттай авто замаар холбоё, Монгол Улсын 330 сум, суурин газрыг шинэчилье, мөн 100 мянган айлын орон сууц барья. Түүний 80 мянгыг нь Улаанбаатарт, 20 мянгыг нь орон нутагт барьж байгуулъя гэдэг зорилт дэвшүүлсэн. Үндсэндээ ипотекийн зээл тэр үеэс олгогдож эхэлсэн. С.Батболдын Засгийн газрын үед зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгогдож эхэлсэн бол өнөөдөр найман хувийн хүүтэй болоод үргэлжилж байна. Үүний хүртээмж нь нэмэгдсэн. Тиймээс төрийн бодлого амжилттай хэрэгжээд явж байгаагийн жишээ энэ бөгөөд үндсэндээ 100 мянган айлын орон сууц баригдаад, ашиглалтад орчихлоо. Өнөөдрийн байдлаар 15 мянган айл орон сууцанд орох гээд хүлээгдэж байна. Ийм үед л бид зээлийг хурдан өгөх ёстой гэдэг төрийн бодлого хэвээрээ байгаа.

Өнгөрөгч оны наймдугаар сард нэг иргэн ҮХЦ-д өргөдөл өгснөөр ипотекийн зээл зогслоо гээд иргэдийн дунд бухимдал үүссэн. Энэ асуудлыг нь УИХ засч залруулан нэгдүгээр сард шийдвэрээ гаргачихсан. Тэр бүү хэл найм биш таван хувийн хүүтэй зээл олгох боломжтой гээд хуульд нь тусгаад тодорхой хэмжээний эх үүсвэрийг нь шийдээд өгсөн. Харин уг зээл олгогдохгүй цаг алдаад байгаа нь учир дутагдалтай байна л даа. Явж байсан зээлийг хэн зогсоолоо доо.

-ҮХЦ, МАН хоёр уу…

-Арилжааны банкууд, Банкнуудын холбоо, Монголбанк өөрсдөө зогсоосон. УИХ тэдэнд таалагдах хуулийг нь цаг алдалгүй шуурхай батлаад өгсөн. Аль нэг сард найм биш таван хувийн хүүтэй зээл олгож болох юм байна гэдгийг нь шийдэж өгчихөөд байхад Засгийн газар, Монголбанк маш удаан ажиллаж байна. Шинэ зүйл зохиогоогүй шүү дээ. Өмнө нь байсан зүйлийг л цааш нь үргэлжлүүлэх гэж байгаа юм. Яагаад энэ асуудлаа даруйхан шийдээд явахгүй хугацаа алдаад байна вэ гэдэгт л санаа зовж байна.

-Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулах нь буруу. Инфляци нэмэгдэх үед яах юм гэдэг асуудлыг эдийн засагчид тавьж байгаа. Сонгууль ойртсон болохоор улс төрийн намууд иргэдэд таалагдах шийдвэрийг гаргаж байна гэж шүүмжлэх юм?

-Монгол Улсын иргэн бүр өр зээлтэй болчихлоо. Тэр бүү хэл улсаараа өрөнд орчихлоо гэдгийг МАН-ын бүлэг эртнээс хэлж ирсэн. Дэлхийд өрөөрөө тэргүүлдэг хоёр орны нэг болчихлоо үүнийг шийдэх ёстой гэж бид байнга ярьдаг. Ховд аймагт иргэдтэй уулзаад явж байхдаа “Зээлгүй хүн байна уу. Гараа өргө дөө” гэхэд нэг ч хүн гар өргөөгүй. “Зээлтэй хүн байна уу” гэхэд бүгд гар өргөж байна. Бид улсаараа зээлтэй байгааг харуулж байгаа энгийн нэг баталгаа энэ юм. Зээл аваад хэрэглэсэн бол түүнийгээ заавал төлөх үүрэгтэй. Харин зээлийн хүүг нь тодорхой хэмжээнд буулгаж эдийн засгийн хямралтай үед ард түмнийхээ амьдралд жаахан ч гэсэн дэм болох ёстой гээд 2014 оноос хойш тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлага тавьсан. Мөн малчны зээлийн хүүг бууруулах шаардлагыг тавьсан ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл буурахгүй байгаа.

Мөнгөний бодлого баталж байхад Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “боломжгүй” гэж байсан ч он гарсны дараа УИХ-ын дарга “Ипотекийн зээлийн хүүг тав болгон буулга” гэхэд “Болно” гэж хэлсэн. Нэгэнт инфляци буурсан гэж үзээд ипотекийн зээлийн хүүг буулгаж болно гэж үзэж байгаа бол бусад зээлийн хүүг буулгах ёстой гэсэн шаардлага тавьсан. Тухайлбал, Монгол Улсад тэтгэврийн зээлтэй 216 мянган иргэн 438 тэрбум төгрөгийн зээлтэй байна. 20 орчим хувийн хүүтэй тэтгэврийн энэ зээл буух боломжтой. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 600 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад жилийн 10 хувийн хүүтэй байршиж байна. Арилжааны банкуудын нэмэгдэл зардлыг шингээгээд ахмадуудад 5-6 хувийн хүүтэй зээлүүлэх боломжтой. Харин орон сууцны зээлтэй 70 гаруй мянган иргэн гурван их наяд 300 тэрбум төгрөгийн өртэй байна. 82 мянган малчин 260 тэрбум төгрөгийн өртэй явж л байгаа юм. Хүү нь 31 хувь байх жишээтэй. Энэ бүхэн буух боломжтой. Гэтэл одоо ганцхан малчны зээлийн хүү буурах боломжтой гэж байгаа юм. Инфляци буурсан юм чинь ганцхан малчны зээлийн хүүг бууруулъя гэж асуудалд хандаж болохгүй.

-Гэхдээ банкныхан зээлийн хүүг бууруулах тал дээр тийм ч таатай хандахгүй байна. Магадгүй өөрсдийнх нь эрх ашгийн асуудал цаана нь яваа болохоор тэгээд байгаа юм болов уу?

-Банкууд өөрийн хөрөнгөөс гадна харилцагч, хадгаламж эзэмшигчдээс хөрөнгө татан төвлөрүүлдэг. Татан төвлөрүүлсэн хөрөнгийнх нь зардал өндөр байдаг. Хадгаламжийн хүүгийн зардал дээр өөрсдийн үйл ажиллагааны зардал, тодорхой хэмжээний ашгаа нэмээд иргэн болон аж ахуйн нэгжүүдэд зээл өгдөг. Гэтэл өндөр хүүтэй мөнгө татан төвлөрүүлснээс болоод боломж бололцоо бага байж болно. Гэхдээ яагаад өндөр хүүтэй мөнгө татан төвлөрүүлээд байгаа юм бэ гэхээр инфляцийн түвшинтэй тодорхой хэмжээгээр уялддаг.

-Ам.долларын ханш 2044 төгрөгтэй тэнцэж байна. УИХ дахь нам эвслийн бүлгүүд хамтарч хазаараа алдсан ноён долларыг аргамжих арга сүвэгчлэхгүй юм уу. Ингээд цаашаа өсөөд явах юм уу?

-Ам.долларын ханш төрийн бодлогын алдааны улмаас өсч байна. Тийм болохоор эдийн засгаа тэлэх, гадны хөрөнгө оруулагчдыг татах, тэдний итгэлийг сэргээх талын бодлогын асуудлуудаа шийдэх ёстой. Тэгж чадвал ам.долларын ханш тогтоно. Харамсалтай нь Монгол Улсад итгэж хөрөнгө оруулах гадныхан алга.

-МАН, МАХН хоёр хамтраад “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэлээ. Хүмүүсийн харж байгаагаар хоёр нам нэгдэх эхний алхам боллоо гэж байсан бол МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хоёр нам нэгдэх боломжгүй. Сонгуульд хамтран орох боломжтой” гэдгийг тайлбарласан. Сонгуульд хамтарч орох юм уу?

-Хоёр нам хамтарч “Эх орончдын баяр”-ыг тэмдэглэсэн юм биш. МАН-ын баяр буюу “Эх орончдын баяр”-ыг өчигдөр (3 сарын 1-нд) тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл 1921 онд МАН байгуулагдсан. МАН байгуулагдсан төрсөн өдрийг МАХН хамтарч тэмдэглэсэн. Энэ бол МАН-ын баяр.

-Сонгуульд хамтарч орох боломж байгаа юм уу?

-Манай зүгээс улс орны эрх ашгийн үүднээс эвсэж нэгдье, хамтаръя гэдэг саналыг тавьж л байна. МАХН хамтарч сонгуульд оръё гэвэл бид татгалзахгүй. Улс эх орныхоо том эрх ашгийг өмнөө тавиад явахад болохгүй зүйл байхгүй.

Categories
мэдээ цаг-үе

Ая зохиогчийн ээж

Ая зохиогч Б.Ангирмаа одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө тоглолтоо хийхдээ ээждээ зориулан зохиосон дуугаа үзэгч олондоо хүргэсэн билээ. Түүнд:

Орчлонд ганцхан ижийдээ

Оддын тоогоор үнсүүлэхсэн

Дусал нулимс шиг үр чинь

Духаа цоортол мөргөе дөө

гэсэн мөрүүд бий. Б.Ангирмаа, түүний ах сэтгүүлч, ая зохиогч Б.Долгионыг хүмүүс сайн мэднэ. Харин тэдний ээж, аавыг төдийлөн сайн мэдэхгүй л болов уу.

Б.Долгорсүрэн хэмээх жирийн нэгэн монгол бүсгүй, сайн ээж, гэргий гэхэд огтхон ч дэгсдэхгүй. Тухайн үедээ бусдынхаа л адил эгэл амьдралыг туулж өнгөрүүлсэн тэрээр үр хүүхдүүддээ бол хамгийн эрхэм, сайхан хүн. Архангай аймгийн Тариат сумаас гаралтай, Улаанбаатар хотод төрж өссөн. Б.Долгорсүрэнгийн өвөө Гомбо хэмээх хохь тайж хүн байсан. Аав Г.Барбаатар нь ардын хувьсгалын дараахан хөрөнгийг нийгэмчлэх үед байсан бүхнээ хураалгажээ. Б.Долгорсүрэн 13 хүүхэдтай айлын хамгийн отгон нь.

Түүнийг бага байхад хотжих үйл явц эхэлж Улаанбаатар хотод анх барилга баригдаж бүтээн байгуулалт ид өрнөж байсан тухай хүүхдүүддээ сонин түүхүүд ярьдаг байсныг хүү нь дурсав. Элдэв-Очирын нэрэмжит кино театр буюу одоогийнхоор Хөрөнгийн биржийн байшинг дайны үед олзлогдсон япон цэргүүд барьж байсан үе. Хүүхэд байсан болохоор их сониуч, эгч Б.Улятайхүүгийн хамт япон цэргүүд хэрхэн ажиллаж байгааг хашааны завсраар харж зогсдог байсан гэнэ. Хот байгуулах аян дөнгөж эхэлж байсан болохоор бүх юм сонирхолтой санагдана. Ээж нь ийнхүү ярихад тухайн үеийн Хүрээний охидын дүр зураг нүдэнд шууд л буудаг хэмээн Б.Долгион ярив. Тэр үед монголчууд бүгд хашаа байшинд амьдардаг байсан. Б.Долгорсүрэн одоогийнхоор Соёл урлагийн их сургуулийн тэр хавьд амьдарна. 1937 онд аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тул ээж ах хоёр нь түүнийг өсгөжээ. Ингээд удалгүй нутгийн залуу Ч.Балчинжавтай танилцаж, гэр бүл болоод таван хүүхдийн эх болсон байна. Том хүү Мандахыг ах Б.Ванчинд өргүүлсэн аж.

Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэсэн Б.Долгорсүрэн насаараа бичиг хэргийн ажил эрхэлсэн. Мөн арван хурууны бичээч байсан. 1990-ээд он хүртэл тун ч чухал гэгддэг байсан энэ мэргэжлийг маш сайн эзэмшжээ. Одоогийнх шиг компьютер энэ тэр байсангүй. Мастер бичээч маань Барилгын яам, Ойн аж ахуйн яам, Төлөвлөгөөний комиссын дарга асан Бат-Очир, сайд Тлейхан, Жамбал нарын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Б.Долгионыг хүүхэд байхад нь харах хүнгүй тул ээж нь хааяа ажилдаа дагуулаад явна. Ингээд л нарийн бичгийн даргын өрөөнд өдрийг өнгөрөөнө. Бяцхан хүүг харчихаад “Ажлын цагаар энэ хүүхэд энд юу хийж байгаа юм” хэмээх дарга нарын харц одоо болтол сэтгүүлч Б.Долгионы сэтгэлээс гардаггүй гэнэ.

Ер нь олны танил, түмэнд алдартай хүн л мундаг байна гэж юу байхав. Хүн жирийн амьдарна гэдэг хамгийн сайхан хэмээн олон алдартан хэлсэн байдаг. Ийм хүмүүс л амьдралын амтыг хамгийн ихээр мэдэрдэг.

Б.Долгионыг хүүхэд байхад аав нь Москвад ажиллахаар болж гэр бүлээрээ Оросыг зорьсон байна. Тэрээр Москва хотын 93 дугаар дунд сургуульд нэгдүгээр ангид оржээ. Тэр үед ангийнх нь орос хүүхдүүд “Танай ээж чинь ямар гоё хүн юм бэ” гэж хүүд нь хэлдэг байсан гэнэ шүү. Харин Б.Долгион бага байсан тул тэр болгон анзаардаггүй байснаа дурсав. Орос хүүхдүүд хүртэл ингэж хэлдэг байсныг бодоход үнэхээр сайхан эмэгтэй байжээ. Хүүхдүүд гэдэг хамгийн ариун, шударга, харсан бодсоноо шууд л хэлдэг. Тиймээс үүнээс илүү үнэн гэж юу байхав. Москвад байхдаа бяцхан хүүдээ маш их юм үзүүлж, нүдийг нь нээж өгсөн гэдэг. Тэр бүхэн одоо Оросын нийслэлд очих бүрийд нүдэнд нь харагддаг тухай дурсав. Эргээд бодоход үзүүлж харуулсан бүхэн нь их учиртай байжээ. За тэгээд Б.Долгион том болсон хойноо хааяа “сахилгагүйтэж” ээжийнхээ сэтгэлийг чилээж байснаа ярив. Хүний амьдралд тохиолддог нэг тиймэрхүү эвгүй үед ээж, эхнэр хоёр маань хөөцөлдөж татаж авсан даа хэмээн хүүрнэв. Д.Долгион ээжийгээ 41 настайд нь эмээ болгожээ. “Зарим эцэг эх бол ийм эрт эмээ, өвөө болохгүй гэдэг. Манай ээж бол ач хүүхдүүддээ бүхнээ зориулсан” гэв. Бэр С.Сэлэнгэдээ маш их хайртай. Үүнийг батлах баримтыг ч би мэдэх юм байна. Б.Долгионы охин Д.Тэнгисмаагийн багш Д.Маамхүү гуай Б.Долгорсүрэн, С.Сэлэнгэ нарын тухай магтаж ярьсныг сонссон.

Б.Долгионы аав, ээж нь урлагт нэлээд авьяастай, сайхан дуулдаг хүмүүс байсан гэнэ. Дунд ангийн сурагч байхдаа ээжийнхээ дуу аялж байгааг сонсоод маш сайн сонсголтой хүн юм байна гэдгийг мэдэрчээ. Б.Долгион, Б.Ангирмаа гээд хүүхдүүд нь авьяастай, урлагт сэтгэлтэй байдаг нь яахын аргагүй ээж, аав, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн гэдэг нь эргэлзээгүй. Дашрамд дурдахад аавынх нь аав хуурч Б.Чадраабал гэж авьяастай хүн байсан. Харин аав нь тенор хоолойтой хачин сайхан дуулдаг байжээ. Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Г.Хайдав нар хүртэл аавынх нь сайхан дуулдаг байсан тухай ярьдаг. Аав нь гэртээ үргэлж дуулна. Нэрт дуучдын дуутай пянзыг байнга тавина. Ээж нь хөгжим сонсох зэргийг нь хэзээ ч хориглож байгаагүй нь цаагуураа дэмждэг байсны нэгэн илэрхийлэл байжээ. Ийм гэр бүлд өссөн хүүхэд яаж ч хөгжим сонирхохгүй байх билээ. Б.Долгионы дүү Б.Оргил нь дуулаачдын тэмцээнд оролцож түрүүлж байсан гэнэ. Мөн Б.Ангирмаагийн эгч Б.Энхриймаа нь дуулах авьяастай нэгэн. Дүү нь ая зохиогоод эхлэхэд ах Б.Долгион нь төдийлөн тоогоогүй гэнэ. Харин ээж нь “Чи дүүгээ дэмжээч” хэмээн хааяа хэлнэ. Б.Долгорсүрэн хүүхдүүдээ загнадаггүй, заримдаа сахилгагүйтэхэд нь “Иш, энэний байж байгааг нь” хэмээн хамгийн хөдөлгөөнтэй байсан Б.Долгионыг зэмлэнэ. Өөр юм хэлдэггүй. Хүү нь урлагийн хүн болох гэхэд аав нь нэлээд эсэргүүцнэ. Харин ээж нь маш чимээгүйгээр дэмждэг байсан гэдэг.

Өнөөдөр хүмүүст хамгийн ихээр дутагдаж буй жудагийн талаар бид ярилцсан юм. Худлаа хэлэхгүй, хулгай хийж болохгүй, хүн чанартай байхыг Б.Долгорсүрэн гуай хүүхдүүддээ маш сайн суулгаж өгсөн. Ээжийнх нь бас нэгэн чанар бол маш цэвэрч, тэр үед л зөв хооллолтод анхаарч байжээ. Б.Долгион “Монгол масло идэхгүй орос масло иднэ хэмээн ихэд “томордог” байснаа одоо бодоод ихэд ичдэг” хэмээн ярив. Харин ээж нь хүүхдүүдээ идэх дуртай зүйлээр нь таслаагүй гэнэ. Эцэг, хүүхдүүдийн хоорондох зөрчилдөөн мөнхөд байсан, байсаар байх ч болно. Үүнийг ч ээж нь эмэгтэй хүний нарийн ухаанаар зохицуулна. Аав нь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж явсан. Гэтэл энэ бүхнийг хүүхдүүддээ огтхон ч мэдэгдүүлээгүй гэнэ. Энэ бол ээжийнх нь л гавьяа аж. Ямар ч хэцүү байсан давж гарч чаджээ. Хүүхдүүд нь энэ тухай бүр хожим мэдчихээд ихэд цочирдсон гэдэг. Энэ бүхнийг эргээд дурсахад ээж нь үнэхээр тэвчээртэй эмэгтэй. Хүүхдүүдээ бага насандаа аз жаргалтай байг гэж ихэд хичээсэн байдаг.

Б.Долгорсүрэн гуай тэтгэвэрт гарсныхаа өмнөх жилүүдэд Ан олдворын газарт боловсон хүчнээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суужээ. Гэвч зүгээр суухыг хүсээгүй. Тэр жил “Мандухай цэцэн хатан” кино хийгдэхээр болж зургийн даргаар нь гэр бүлийн найз Зинаамэдэр ажилласан. Б.Долгорсүрэнг киноны жижиг хэрэглэлийн нярваар авч ажиллуулжээ. Киноныхон “Догоо эгч” гээд анддаггүй юм билээ. “Естой сайн эгч байж билээ” хэмээн дурсахыг хүүхдүүд нь нэг бусдаа сонссон .

Хүмүүс аавынхаа хувь заяаг давтдаг гэдэг. Б.Долгион хэнз охинтой гэнэ. Д.Төгснаран охин нь одоо 14 настай. Тиймээс хэнз охин, дүү Б.Ангирмаа нь эцэг эхийнхээ хувьд ямар эрхэм хүүхэд байсныг өөрийн биеэр мэдэрсэн хэмээн ярив. Б.Долгорсүрэн гуайн хүүхдүүд бүгд л сайхан дуулдаг, урлагтаа үнэнчээр зүтгэсээр. Хэдийгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч үр хүүхдийнхээ сайн сайхан явааг тэнгэрээс харж байгаа байх.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Уранчимэг: Хүүхнүүд хайрыг л хүсдэг

Эстрадын нэрт дуучин гавьяат жүжигчин Ж.Уранчимэгтэй ярилцлаа. Дуулсаар яваа энэ эмэгтэй 60, 70, 80-аад оны эстрадын шилдэг дуунуудаас бүрдсэн “Хүүхэн хүний хүслэн” тоглолтоо гуравдугаар сарын 7-нд СТӨ-нд хийх гэнэ.

-“Хүүхэн хүний хүслэн” тоглолтынхоо тухай яриач?

-За баярлалаа. Миний сайхан ээж гуравдугаар сарын 7-нд төрсөн юм. Эмэгтэйчүүдийн баяр гэдэг бол миний хувьд маш том баяр. Би анх дуулж эхлэхдээ ээжүүдэд зориулсан дуугаар гарч ирж байсан. Д.Бэхбатын хөгжим, Л.Гаваасүрэнгийн шүлэг “Эх үрсийн элбэрэл” буюу ард түмний хэлдгээр Нарлаг хорвоогийн Урнаа гэсэн тодотголтой явж ирлээ. Эстрадын урлагт олон жил зүтгэлээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Батсүхийн хөгжим, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Сэрээнэн гуайн шүлэг “Хүүхэн хүний хүслэн” дуу миний дуулснаар “XX зууны шилдэг дуу”-гаар шалгарсан. Одоо үе үеийнхний уулзалтууд дээр “Хүүхэн хүний хүслэн”-г дуулдаггүй хүн байдаггүй юм. Ер нь би дуугаараа овоглож тоглолтоо хийдэг. Миний дуулсан дуу болгон ард түмэнд түүх болж үлдсэн. Би өөрөө ч түүх бичилцэж яваа. Сая “Хүүхэн хүний хүслэн” дуугаа шинэчиллээ. Зөвхөн энэ дуунд зориулж өөрийгөө өөрчилсөн. Энэ дууг дуулах болгондоо би догдолдог.

-Энэ дуу танаас ч өмнө дуулагдаж байсан болов уу?

-Манай ээж, аав багш хүмүүс. Улаанбаатар төмөр замын II сургуулийг төгссөн, би. Энэ дуу яагаад сэтгэлд хоногшсон гэхээр хүүхэд байхдаа Пионерийн ордны дугуйлан, Төмөр замын “Ган зам” чуулгын дугуйлангуудад 1 “А”-гаас 10 “А”-гийн дуучин болтлоо явсан. Миний ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одон авсан хүн. Багш нарын баяр, одонгийн найрыг тэр үед айлууд байрандаа тэмдэглэдэг байлаа. Багш нар цуглаад найрлахад “Хүүхэн хүний хүслэн”-г ганхаж найгаж ирээд л дуулдаг. Хүүхэд байхдаа “Энэ ямар гоё дуу вэ” гэж боддог байлаа. Эстрадын дуучдын уралдаанд ороод, “Баянмонгол” чуулгад дуучин болох эрхээ авсан. “Баянмонгол” чуулгын урын санд энэ дуу байв. Эхлээд энэ дууг Д.Цэцгээ гуай анх дуулсан. Би “Баянмонгол”-д ороод эстрад хэлбэрт оруулж дуулсан даа. 37 жил энэ дууг дуулчихжээ.

-Ер нь хүүхнүүд юу хүсдэг вэ?

-Хайр шүү дээ.

-Таны дуулснаар энэ дуу чихэнд хоногшжээ?

-Надаас гарч байгаа баяр догдлолыг ард түмэн мэдэрч байгаа. Хүүхэн хүн гэдэг чинь уян налархай, дөлгөөн, хайр шингэсэн харц, инээмсэглэлтэй хүмүүс. Энэ бүгдийг гаргаж байгаа учраас хүмүүс миний дуулсан дуунд хайртай байдаг гэж боддог.

-Нэг дууг удаан дуулах ямар вэ?

-Дуу хуучирдаггүй. Дуулах болгонд шинэ. Миний “Нарлаг хорвоо” надтай хамт 37 жил явж байгаа. Энд тэнд очиход “Нарлаг хорвоогоо дуулсангүй” гээд нэхээд байдаг.

-Энэ дууг сонсоод ээж тань их баярласан байх даа?

-Намайг “Баянмонгол” чуулгад ороод тайзнаа гарахад ээж маань “Монголын ээжүүдийг баярлуулсан сайхан дуу дууллаа даа” гэсэн юм. Гадаадад гурван сар аялан тоглож байхдаа “Мелоди” гээд тэр үеийн пянз тоглуулагч авчирч, ээждээ бэлэглэж байлаа. Миний ээж сайхан дуулдаг, пянзаа дэргэдээ тавьчихаад дуу сонсоод сууна. “Баянмонгол” чуулгын, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны пянз гараад тэр бүгдийг тавиад догдлоод дуулдаг байсан. Ээжийн маань зүрх сэтгэл, хайр, уярал бүхэн надад шингэж дээ.

-“Баянмонгол” чуулгынхан биднийг багад “бут авдаг” байсан. Тэр үеийн одууд яаж амьдардаг байсан бэ?

-Тэр үед од гэж нэрлэдэггүй байсан. Гэхдээ жинхэнэ одууд байлаа. Намайг филармонийн алтан босгыг алхахад Н.Оюунчимэг, Б.Нандинцэцэг, Н.Янжиндулам эгч нар маань байлаа. Д.Дуламсүрэн, Б.Баяраа, Х.Галхүү, Д.Галсанбат гээд одууд байлаа. Би Д.Галсанбат ахын “Ханийн дуу”, “Хайрын тэнгэр”, “Үйлчин бүсгүй”-г дуулсан. Одоо ч “Үйлчин бүсгүй”-нхээ найруулгыг шинэчлээд тоглолт дээрээ дуулна. Энэ дуучдаас би маш их юм сурсан. Тэр үедээ эд маань моод дэлгэрүүлэгчид байв. Химитэй үс эстрадын урлагаас л гарсан. Трапецан өмднүүд, платформ гутлыг тэд л моод болгосон. Цалингаа буухаар Улаанбаатар, Баянгол, Туул ресторанд ордог. “Чи цалингаа аваад шууд ээж, аавдаа өгөх гээд байна уу, ганц удаа таван төгрөгний хуйцаа идчих л дээ” гэж намайг шоолдог байлаа. “Баянгол” ресторанд урлагийнхан, спортынхон их очдог. Би тэдэнтэй хамт хоол идээд сууж байхдаа нүүр улайгаад, эмээдэг байсан. Том тамирчид, урлагийн томчууд, дуурийн мундаг улсууд тэнд л ордог байсан.

-Тэр үед моод болж байсан хувцсаа хаанаас авдаг байв?

-Өөрсдөө оёдог байсан. Үнэхээр мундаг оёдолчид байлаа. Манай Соёл-Эрдэнийн бөмбөрчин Б.Цолмон насаараа чуулгадаа уран бүтээл хийж байна даа. Тэр үед Цоомоогоор бид трапецан өмд, мини юбка оёулна. Одоо моод эргэчихлээ. Европ руу тоглолтоор явж ирэхдээ шинэ загварыг манай эстрадын дуучид л авчирч байсан даа. Өмссөн хувцсыг нь хүмүүс шохоорхоод, тоглолт тарахад араас хошуураад, хэв маягийг нь дуурайдаг. Би гэхэд л гурван сар гадаадад тоглож ирээд бичигтэй цав цагаан футболктой филармонийн гадаа зогсч л байсан. Хүмүүс урдуур хойгуур гарахдаа “Урнаа зогсч байна” гэж шивэгнэлдээд л.

-Дуучид хэдэн ч настай байсан үеийн фэнүүд нь байдаг л даа. Таны тоглолт дээр голцуу ямар насныхан ирдэг вэ?

-Аль ч насныхан ирдэг. Залуучууд маш их сонсоно. Миний насныхан бол бүгдээрээ тэр үеийн дуунд хайртай байдаг юм.

-Та хэнийг дагаж дуурайдаг байв?

-Тэр үед “Орбит” л үздэг, шугамын радио сонсоно. Монгол телевизээ үзнэ. Шинэ жил, Мартын найман, баярын үдэш бичлэгт ороод шөнөжин өдөржин болоод, үүр цайж байхад л гэртээ харьдаг. Тэр үед филармониос нэгдсэн журмаар туфль тавьж өгдөг. 45-ын туфль гээд лакан өндөр өсгийтэй туфль байсан. Даашинзууд нь сул ханцуй, хормойтой Пугачёвагийн стилийг л дуурайж байхгүй юу. Пугачёвагийн дуунуудаар концерт хийж байсан. АББА, Бони`м, Европын том хамтлагуудын дуунуудыг бүгдийг нь манай “Соёл-Эрдэнэ” хамтлаг тоглож байлаа.

-Тайзан дээр хэр удах нь хувь хүний онцлогоос шалтгаалдаг болов уу?

-Миний хувьд жил болгон уран бүтээлийн цэнгүүн, тайлан тоглолт хийдэг. Их бага хэмжээгээр хөдөө гадаа явдаг. Сая “Хоёр зууны хурд” гээд аялан тоглолтоор явсан. Морь дуулдаг Л.Нарантуяа бид хоёр 21 аймгаа бүтэн тойрлоо. “Хоёр зууны хурд” гэдэг нэрийг Завханы гавьяат С.Батсүх өгсөн юм. “Урнаа гавьяат эрч хүчтэй дуучин шүү дээ. XX зууны дуучин өнөөдөр яаж дуулж явна, гэтэл Л.Нарантуяа XXI зуунд морь дуулаад гараад ирлээ” гэж тэр хэлсэн юм.

-Таны дуу олон хүний залуу нас, дурсгалт мөчүүдийг санагдуулдаг байх?

-“Оюутны намар”-ыг дуулахад гарын үсгээ өгөөч, зургаа авахуулъя. Оюутны намраар ханьтайгаа учирч байлаа. Таны кассетыг манай сумынхан бүгд авсан. Сумын бүжиг дээр эхнээсээ дуустал таны кассет л явдаг байсан гэцгээдэг. Би 1998 онд кассетаа гаргасан юм. Анхны хуурцаг гарахад хөдөөнөөс “Нарантуул” явж байгаа жолоочид кассет их захидаг байсан гэнэ. “Ханийн дуу”-г чинь бид хоёр хуриман дээрээ дуулуулж байсан. Одоо миний хүүгийн хуриман дээр та “Ханийн дуу”-гаа дуулаач гэсэн үе дамжсан хүсэлт ч ирсэн. Би бас хүмүүнлэгийн тоглолт их хийж байгаа л даа. 2007 оноос хойш Монголын бүх хорих ангид очиж дуулсан. Одоо ч урилга, хүсэлт тасардаггүй. Тэд хүн шүү дээ. Хэн ч алдаж энддэг хорвоо. Дуулахаар уйлдаг, уярдаг. Нийгмийн ажилтан нь “Та нарыг тоглолт хийгээд явсны дараа нэг хэсэгтээ л хэрүүлгүй, ханиа, аав ээж, залуу насаа яриад, кино үзсэн юм шиг болдог” гэж хэлсэн.

-Тоглолтын бус цагт та юу хийдэг вэ?

-Миний хань урлагийн хүн. Бид хоёр хамтраад найман хандивын тоглолт хийсэн байна. Найман гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Хандивын тоглолт маш их хийсэн дээ. Өвчтэй хүмүүс их ханддаг. Бурхнаас өгсөн авьяасыг бусдад үнэгүйгээр өгөх үе байна. Дуулж өгөөч гэсэн хүсэлт тасардаггүй. Насны ой, хурим, цолны найр, аймаг, сумын наадам гээд л үргэлжилдэг.

-Таныг нүүрний тосны сурталчилгаанд тоглохыг хараад энэ дуучин сайхан хэвээрээ байна гэж хардаг?

-Баярлалаа. 2007 онд Солонгост тоглолтоор явахдаа нүүрнийхээ кремийг сольчихъё гэж бодсон юм. “Гранд” плазагийн доод давхарт “Октард” гээд салон нээгдчихсэн байсан. Зүгээр л анх кремийг нь авч хэрэглэхэд захирал эмэгтэй санаандгүй таараад, “Та сууриар нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Таны дууг сонсох дуртай шүү” гэсэн юм. Энэ салоны бүтээгдэхүүнийг өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Үр дүн нь гарсан. “Та манай хэрэглэгч учраас рекламанд ороод өгөөч ээ” гэсэн юм.

-Та урлагаар амьдарч ирсэн хүн. Оёж хатгаж, хоол хийж амждаг уу?

-Гурван сайхан хүүхэдтэй. Хоёр охиноо Соёлын яамны 24-ийн цэцэрлэгт өгөөд, сүүлд Хөгжим, бүжгийн дотуур байранд өгөөд явж л байсан. Одоо миний охин төгөлдөр хуурч, Хөгжим бүжигт багшилж байна. Хүргэн маань хийл хөгжим тоглодог. Том охин үндэсний хөгжимд суралцсан. Одоо СУИС-д суралцдаг. Хүү маань барилгын салбарт ажилладаг. Гурван сараар гадаадад тоглолтоор явах үе ч байна, хөдөө бригадаар 30-45 хоног явдаг байлаа. Одоо миний хүүхдүүд, хань маань бүгдээрээ намайг сайхан хоол хийдэг гэдэг. Хийж байгаа бантан нь хүртэл гайхалтай гэж магтана. Гурил бантагнах хүртэл урлаг. Хоолыг өөрөө зохиож хийдэг. Хүүхдүүдийнхээ уранхай цоорхойг нөхдөг байсан. Эхээсээ наймуулаа учраас шинэ форм өмсөхгүй дөрөв тавдугаар анги хүртлээ явсан. Онгорхой цоорхойгоо нөхдөг байсан л даа.

Categories
мэдээ нийгэм

“Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг 24 цаг байтугай 24 секунд ч хааж боох ёсгүй. Тийм эрх хэнд ч байхгүй” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигчдадаа хүрч байна. Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын гэр бүлийн академиас “Монголын Бахархалт Эмэгтэй-2016” хүндэтгэлийн арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд “Монголын бахархалт ээж”, “Хүндэт ээж”, “Ачлалт ээж”, “Манлайлагч эмэгтэй”, “Дархан бэр”, “Шилдэг залуу эмэгтэй”-г шалгаруулан хүндэтгэлийн батламж, дурсгалын зүйлс гардуулсан юм. Нийт 30 эмэгтэй Монголын бахархалт ээжээр шалгарчээ. Энэхүү үйл явдлаас бэлтгэсэн мэдээ сурвалжлагыг бид тэргүүн нүүрэндээ онцолж байна. Сурвалжлагын үргэлжлэлийг 11 дүгээр нүүрнээс уншаарай.
Хоёрдугаар нүүрнээс улс төрийн эргэн тойронд өрнөсөн мэдээ мэдээлэл болоод УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч уншина уу. Түүнтэй хүүхэд харах үйлчилгээ болоод гэр бүлийн хүчирхийллийн талаар ярилцсан юм.
Баримт, үзэл бодол буланд сэтгүүлч Н.Гантулга хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар юу гэж өгүүлснийг уншаарай. Ардчилсан чөлөөт нийгмийн гол амин судас нь хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдал билээ.
Улс төрийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг мэдээллийг дөрөвдүгээр нүүрнээс унших боломжтой бол тавдугаар нүүрт МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, судлаач Г.Занданшатартай Зөвлөлдөх ардчилал ба улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар хүүрнэсэн ярилцлагыг нийтэллээ.
Хаврын ядаргаатай хэрхэн тэмцэх тухай зөвлөмжийг зургадугаар нүүрний “Эрүүл мэнд” булангаас унших боломжтой.
Өнгөрсөн оноос эхлэн банк дээрэмдэх, өндөр настай болон ганцаараа явж байгаа эмэгтэйчүүдийг дээрэмдэх, буу болон хүйтэн зэвсэг тулган сүрдүүлэх гэмт хэрэг ихсэх болсон. Тэгвэл ийм төрлийн гэмт хэрэг дахин гарч өнгөрсөн амралтын өдрүүдэд “Сод Монгол” шатахуун түгээх станц болон, “Төрийн банк”-ийг зэвсэгтэй этгээдүүд дээрэмджээ. Энэ талаар дэлэгрэнгүйг долдугаар нүүрээс хараарай.
Соёл урлагийн мэдээ мэдээллийг наймдугаар нүүрнээс унших боломжтой бол спортын булангаа 15 дугаар нүүрнээс уншаарай. Мөн мягмар гариг бүр уламжлан гардаг утга зохиол булангаа 12 дугаар нүүрнээс уншина уу.
“Орчлонгийн сайхан ээж” булангаа 13 дугаар нүүрнээс сонирхоно уу. Эдгээр болон цаг үеийн мэдээ, мэдээллийг өдрийн сонины мягмар гаригийн дугаарт нийтэллээ.
Дашрамд дурдахад манай сонины хоёрдугаар улирлын захиалга явагдаж эхэлсэн тул та бүхэн захиалахыг хүсвэл 99112954, 91035588 дугаарт холбогдоорой.