Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 53 нас хүрч байна. Тэрбээр 1963 оны энэ өдөр Ховд аймгийн Зэрэг суманд М.Цахиагийн найм дахь хүү болон мэндэлжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхээс наймуулаа, айлын отгон хүү юм. 2009 онд Монгол Улс тав дахь удаагаа Ерөнхийлөгчөө сонгох сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдож, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаанд ажилласан. Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, дахин ялалт байгуулан ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Гантулга: Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг сугалаагаар сонгоно

-ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ БАЙХ ГЭСЭН ШАЛГУУРЫГ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨГҮЙ ГЭЖ ӨӨРЧИЛСӨН –

Засгийн газраас Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулгатай ярилцлаа.

-Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байна. Уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Засгийн газраас Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх шийдвэр гаргасан нь маш оновчтой, зөв алхам боллоо. Манай улсын хувьд 1999 онд буюу тухайн үеийн УИХ-ын 25 дугаар тогтоолоор түрээсийн орон сууцны бодлогын тогтоол, шийдвэр гарч байсан. Харамсалтай нь, түүнээс хойш уг хөтөлбөрийг үргэлжлүүлэх асуудлаар ямар ч Засгийн газрын үед яригдахгүй байсаар Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэрэгжүүлж эхэлж байна. Саяхан Барилга, хот байгуулалтын сайд түрээсийн орон сууцны хөтөлбөртэй холбоотой журмыг баталлаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод түрээсийн орон сууцны эрэлт хэрэгцээ маш их байгаа. Нийслэлийн хэмжээнд 2013 оны байдлаар 17800 айл орон сууц түрээслэн амьдардаг байсан. Энэ тоо 2014 онд 22800, 2015 онд 28000 болж өслөө. Энэ нь өнөөгийн зах зээлд түрээсийн орон сууцны тоо жилээс жилд нэмэгдэж байгааг харуулж буй хэрэг. Уг хөтөлбөрийн тухайд 2013 онд анхлан батлагдсан. Тухайн үед нийслэл болон аймгуудын хэмжээнд 1300 айлын орон сууцыг түрээслэх тухай яригдаж байсан хэдий ч хэрэгжээгүй. Харин явсаар байгаад одооноос хэрэгжиж эхлэх гэж байна. Мэдээж хүний амьдралын анхдагч бөгөөд гол хэрэгцээ нь орон сууц шүү дээ. Өнөөдөр нийслэлийн аль ч дүүрэгт очоод “Та юу хүсэж байна вэ” гэж асуувал тав тухтай орон сууц гэж хэлнэ. Тиймээс Засгийн газраас уг бодлогыг хэрэгжүүлж байгаа нь маш оновчтой шийдвэр боллоо.

-Эхний ээлжинд хэдэн айлын орон сууц түрээслэх боломжтой байгаа вэ. Мөн хэрхэн хуваарилах тухай асуудал олны анхаарлыг татаж байгаа?

-Хэдийгээр эрэлт маш их байгаа ч гэлээ орон сууцны тоо цөөн байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд эхний байдлаар 350 орон сууцыг түрээсийн орон сууцаар ашиглах гэж байна. Засгийн газраас 350 өрхийг түрээсийн орон сууцанд оруулна гэж байгаа ч гэлээ орохыг хүсэж буй 28 мянган өрх байна. Тэдэнд хэрхэн хуваарилах вэ гэдэг асуудал нэлээн ноцтой яригдана. Иргэдийн хувьд янз бүрийн мэдээлэлтэй байх шиг байна. “Буянт-Ухаа-I” хорооллын 1764 айлын орон сууцыг ашиглалтад оруулах үед мөн л хуваарилалтын тухай асуудал хөндөгдөж байсан. Орон сууцанд орохыг хүссэн 15 мянган иргэн өргөдлөө өгч байлаа. Тухайн үед сугалааны аргыг сонгосон нь маш зөв шийдвэр болж байсан юм. Түүнтэй адил түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг сугалааны зарчмаар сонгохоор төлөвлөж байгаа.

-Иргэдийг хэзээнээс бүртгэж эхлэх вэ?

-Түрээсийн орон сууцтай холбоотой асуудлын ерөнхий журмыг Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан байгаа. Хэрэгжүүлэх журмыг ТОСК-аас гаргахаар болсон юм. Бид дотооддоо иргэдэд хэрхэн хүнд сурталгүй, шуурхай, тэгш хуваарилах вэ гэж ярилцаж байна. Манай зүгээс журмаа маргааш буюу баасан гаригт гаргачихна. Тэр үед хэзээнээс бүртгэж эхлэх, ямар шалгуур тавигдах тухай асуудлууд тодорхой болох юм. Ерөнхийдөө ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай дэлгэрэнгүй, тодорхой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацна. Мэдээллээ хүргэсний дараа бүртгэлийн ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Барилга, хот байгуулалтын журам дээр ирсэн дарааллаар бүртгэнэ гээд заачихсан. Манай зүгээс 14 хоногийн турш бүртгэл явуулна. Түүнийхээ дараа бүртгэлийн дарааллыг үл харгалзан сугалаа явуулж иргэдэд шударгаар хуваарилах юм. Нэг зүйлийг энд онцолж хэлэхэд, Түрээсийн орон сууцны хөтөлбөр ингээд зогсохгүй. Зөвхөн эхний ээлжийн иргэдийг түрээсийн орон сууцанд оруулж байгаа юм. Хөтөлбөр 2015-2021 он хүртэл хэрэгжинэ. Энэ хүрээнд нийслэлд 16 мянга, хөдөө орон нутагт дөрвөн мянган айлын орон сууц Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах юм. Өнөөдөр дэлхийн ямар ч өндөр хөгжилтэй улс орны үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь тухайн улс орныхоо 30-40 хувийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр хангадаг. Энэ бол маш өндөр тоо. Харин манай улсын тухайд барилга, орон сууц гэсэн үл хөдлөх хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой. Үл хөдлөх хөрөнгөөсөө эдийн засгийнхаа төсвийг нэмээд явах бүрэн бололцоо харагдаж байгаа. Тийм учраас Түрээсийн орон сууцны хөтөлбөр маш зөв алхам болсон. Ер нь түрээсийн орон сууцны эрэлт хэрэгцээ яагаад ийм их байна гээд судлаад үзэхээр Монголын ард түмний амьдралын түвшинтэй шууд холбоотой. Манайханд хуримтлал байдаггүй. Нүүдэлчин ард түмэн учраас хуримтлал хураах тухай ойлголт яс маханд нь шингээгүй. Барууны орнуудад өв хөрөнгө нь хэдэн үе уламжлагдан дамжиж ирсэн байдаг. Түүгээрээ өөрсдийнхөө ирээдүйг авч явдаг. Манайд тийм боломж байсангүй. Тиймээс бид орон сууцтай болох урьдчилгаа төлбөрийг багасгая, жилийн хүүг нь бууруулъя гэж яриад байгаа юм. Энэ бүхэн ард түмнээ дэмжиж буй Ардчилсан намын зөв бодлого, зөв шийдэл.

-Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-350 айлын орон сууцаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгч, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг эх, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд хуваарилахаар болсон. Урьд нь бид төрийн албан хаагч, төрийн бус албан хаагч гэж хоёр хуваадаг байлаа. Харин энэ удаа Монголынхоо бүх ард түмэнд нээлттэй байх үүднээс хувийн хэвшлийнхнийг ч хамруулж байгаа. Шалгуурын тухайд юуны өмнө насанд хүрсэн буюу 21-ээс дээш настай байх ёстой. Мөн Статистикийн төв хорооноос гаргасан орлогын хэмжээг харгалзана. Тухайлбал, 280 мянган төгрөгийн түрээстэй хоёр өрөө орон сууцанд амьдрах гэж байгаа өрх сарын 1.120.000 төгрөгийн орлоготой байх ёстой. Товчоор хэлбэл, түрээсийн байрны төлбөр өрхийн орлогын 25 хувь байна гээд заачихсан байгаа.

-Сарын өрхийн орлого сая гаруй төгрөг байна гэдэг арай өндөр босго биш үү. Сая гаруй төгрөгийн сарын орлоготой айл моргэйжийн зээлээр орон сууц худалдаад авчихна биз дээ?

-Өндөр босго биш л дээ. Уг тоог хэн нэгэн санаанаасаа гаргаагүй. Статистикийн байгууллагаас тооцоолж гаргасан. Дээр нь банкнаас зээл авъя гэхэд өндөр шалгууртай 28 босгыг давах хэрэгтэй болдог. Түүнийг давж чадаагүй хүмүүст түрээсийн орон сууцны боломж олгож байгаа юм. Мөн иргэд түрээсийн орон сууцны хөтөлбөрийн талаар буруу ойлголттой яваад байна. Тэр нь юу вэ гэхээр түрээсээ хэдэн жилийн турш төлсний дараа хувьдаа авна гэж ойлгоод байгаа. Тийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. 100 хувь түрээсийн орон сууц юм шүү.

-Ямар нэгэн байдлаар түрээслэх хугацаа зааж байгаа юу. Нэг өрх арван жил амьдраад гарна гэдэг ч юм уу?

-Хугацаа заагаагүй. Түрээсээ цаг тухайд нь төлөөд байгаа бол тухайн орон сууцандаа хэдэн ч жил амьдарсан болно. Хэдий хэрийн хугацаанд амьдрах вэ гэдэг тухайн өрхийн асуудал. Яваандаа амьдарч буй байраа моргейжийн зээлээр худалдаж авах боломж бий эсэхийг судалж үзнэ.

-Нийслэлийн хэмжээнд 350 өрхийг түрээсийн орон сууцанд оруулна гэдэг тун чамлалттай тоо. Цаашид уг тоог нэмэгдүүлэх боломж байгаа юу?

Засгийн газрын шийдэх асуудал. Хэрэв мөнгө төгрөгийг нь шийдээд өгвөл боломж бол байгаа.

-Түрээсээр амьдрах айлуудаас гурван сарын түрээсийн мөнгийг урьдчилгаа хэлбэрээр авна гэсэн. Энэ мөнгийг буцаан олгох уу?

-Түрээсийн байр учраас авна шүү дээ. Амьдарч байгаа айл нь түрээсийн байр юм чинь гээд хүнийрхүү сэтгэлээр цонхыг нь хагалаад, паркетийг нь хуулсан бол яах вэ. Тэгэхээр гурван сарын түрээсийн мөнгө буюу барьцаа хөрөнгөөр засвар хийж таарна. Харин цэвэрхэн суугаад, элдэв асуудал гаргаагүй бол барьцааг нь чөлөөлөхөөр байгаа.

-Уг хөтөлбөр орон нутагт хэрхэн хэрэгжих вэ?

-Орон нутагт мөн адил хэрэгжиж байгаа. Найман аймагт хэрэгжиж эхлэхээр болсон. Юутай ч журмаа батлаадахъя. Дараа нь асуудлыг илүү тодорхой, дэлгэрэнгүй мэдээлнэ.

-Түрээсийн орон сууцыг хэрхэн үнэлж байгаа вэ?

-Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах иргэдэд “Буянт-Ухаа-II” хороололд 350 орон сууц гаргаж өгч байгаа. Байрны хувьд 39-49 м2 талбайн сонголттой, хоёр өрөө орон сууц. 39 м2 талбайтай 250 ширхэг, 49 м2 талбайтай 100 ширхэг орон сууц бий. Түрээслэхдээ 1 м2 талбайг нь 5500 төгрөгөөр үнэлнэ. Тэгэхээр 39 м2 талбайтай, хоёр өрөө орон сууцыг 214.500 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн үг. Хөдөө орон нутагт 30-50 м2 талбайтай орон сууцны сонголт байгаа. Нэг м2 нь 4000 төгрөг байх юм.

-Шалгуур дээр гэр хороололд амьдардаг байх ёстой гэсэн шалгуур тавьж байгаа гэсэн. Гэтэл оршин суугаа хаягийн тодорхойлолтоор орон сууцанд амьдардаг ч гэлээ байр түрээсэлдэг олон өрх байдаг шүү дээ?

-Яамны зүгээс гэр хороололд амьдардаг байх ёстой гэсэн шалгуур тавьсан. Гэхдээ ТОСК-ийн зүгээс гэр хороололд амьдардаг байх ёстой гэдэг нь өрөөсгөл ойлголт гэж үзээд УБЕГ-т өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй гэсэн лавлагааг үндэслэхээр болж байгаа.

-Орон сууц түрээслэх үнэ өөрчлөгдөх үү. 214 мянган төгрөгийн түрээс төлж байгаа айл 10 жилийн дараа энэ мөнгөө төлсөөр байх уу?

-Түрээсийн төлбөр жил бүр харилцан адилгүй байна. Статистикийн хорооноос гаргасан цалингийн үзүүлэлтийг харгалзан түрээсийн төлбөр хэлбэлзэнэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бусад хүн намайг магтахад…

“Ихэнх хүн би өөртөө итгэлтэй гэж хэлдэг ч сайхан үг сонсож бусдаар магтуулахыг хүсдэг” гэж Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл зүйчид зөвлөж байна. Учир нь хүн өөрийн эерэг үнэлэмжээр амьдардаг бөгөөд түүнийгээ бусад хүний өгч буй таатай мэдрэмж, хайр халамж, эерэг үгсээс олж авдаг гэнэ. Эерэг үнэлэмж нь өөрийнхөө талаар таатай сэтгэгдэлтэй байх, өөрийгөө сайхнаар мэдрэх мэдрэмж ажээ. Өөрийнхөө талаарх эерэг дүгнэлтүүдэд төвлөрөх тусам сөрөг зүйлсийг өөрөөсөө холдуулж мартаж эхэлдэг. Тиймээс л бид эерэг зүйлст тэгтлээ татагддаг гэнэ.

Сэтгэл судлаач Маслоугийн “Хэрэгцээний шатлал”-ын онолд бусдаар хүндлүүлэх, хайрлуулах хэрэгцээ багтдаг. Энэ хэрэгцээ нь бусдад чухал хүн байх, анхаарал халамж хүртэх, өөрийн үнэ цэнээ мэдрэх зэргээр хангагддаг. Мэдээж хэрэгцээ нь хангагдсан учир хүн аз жаргалтай болдог. Тиймээс л бусдыг магтаж, хүүхдийг урамшуулах учиртай.

Харин урмын үг хэлэхдээ анхаарах юм бий. Хамгийн чухал үед нь хэл. Таны хэлж буй үгс үнэ цэнтэй бас утга учиртай байх ёстой. Тиймээс нөхцөл байдалд тохируулан чин сэтгэлээсээ хэл. Худал үгийг хүн ялгадаг учир үнэ цэнгүй болдог. Урмын үгээр шүүмжлэхэд суралцаарай. Ялангуяа хүүхдийг алдаа гаргасан үед нь “Чи үүнээс илүү хийж чадна шүү дээ” гэж хэлэх нь юу ч хийж чадахгүй гэж загнахаас илүү үр дүнтэй ажээ. Зөвхөн үгээр биш биеийн хэлээрээ ойлгуул.

Хэрэв та нөгөө хүнийхээ нүд рүү харахгүй эсвэл хайхрамжгүй байдлаар хэлбэл хичнээн сайхан үг байсан ч үр дүнтэй байж чадахгүй. Хүн бүрт бусдаар хүндлүүлэх, халамжлуулах хэрэгцээ байдаг. Бид бусдад түүнийг нь өгч чадвал хариуд нь сайхан үг сонсох болно.

Categories
энтертаймент-ертөнц

Кёкүтэнхогийн зодог тайлах албан ёсны ёслол тавдугаар сард болно

Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах албан ёсны ёслол ирэх тавдугаар сарын 29-нд болох тов гарчээ. Түүний зодог тайлах ёслолд дээд зиндааны бөхчүүдийн барилдаан болж, хүндэтгэл үзүүлэх юм байна. Мөн ёслолын үеэр Кёкүтэнхо, Кёкүшюүзан нар анх удаа хоорондоо барилдаан хийх гэнэ. Тэд мэргэжлийн сумод барилдаж явахдаа нэг дэвжээнд харьяалагдаж байсан учраас албан ёсны тэмцээнд хоорондоо барилдаж байгаагүй аж. Тиймээс ёслолын үеэр сонирхолтой барилдаан хийж үзүүлэхээр болсон бололтой.

Монголын сумочдын алтан хараацай Н.Цэвэгням зодог тайлж барилдахаа больсноос хойш дэвжээний багшаар ажиллаж байгаа билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Говь тал” чуулбар тоглолтоо хийнэ

Төрийн хошой шагналт Н.Жанцанноров “Говь тал” чуулбар тоглолтоо энэ сарын 28-нд толилуулах гэж байна. Тэрбээр “Дорнодын цэнхэр аялгуу”, “Оюу эрдэнийн говь” цомгуудаасаа түүвэрлэн энэхүү тоглолтоо хийх юм.

“Чихнээ яруу эгшиглэх энэхүү чуулбарыг сонсоход үзэсгэлэн төгөлдөр, тэнүүн говиор аялахын сацуу тэнд өрнөж буй эрин зууны бүтээн байгуулалтын анир мэдрэх буй за” хэмээн тоглолтынхоо талаар өгүүлжээ.

“Говь тал” чуулбарт гавьяат Г.Ариунбаатар, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, морин хуурч Р.Амарбаяр, Х.Батзаяа нарын уран бүтээлчид оролцох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх гэж “Сод Монгол” ШТС-ыг дээрэмдсэн хэмээн мэдүүлжээ

Өвөрхангай аймгийн харьяат таван залуу Төв аймгийн Аргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сод Монгол” ШТС-ийг дээрэмдсэн хэрэг өнгөрсөн долоо хоногийн ням гаригийн шөнө гарсан. Тодруулбал, энэ сарын 6-нд цагаан өнгөтэй суудлын автомашинтай таван залуу ШТС-ийн түгээгчийг нь зодож, орлогын 300 гаруй мянган төгрөг, гар утсыг дээрэмдээд зугтаасан байна.

Төв аймгийн цагдаагийн хэлтэс шуурхай арга хэмжээ авч, гэмт хэрэгтнүүдийг улс даяар эрэн сурвалжилжээ. Ингээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд залуусыг явж байхад нь саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээллээр 21 настай эрэгтэй Д, Б, О, Г,18 настай эрэгтэй Ч нар дээрх хэргийг үйлдсэн аж. Залуус “Сод Монгол” ШТС-ийн түгээгчийг дээрэмдсэн хэргээс гадна замдаа хоёр ч машиныг зогсоон эд зүйлсийг нь дээрэмджээ.

Цагдаа нарт “Эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх гэж дээрмийн хэрэг үйлдсэн. Найз охиноо баярлуулах гэсэн мөнгө олдохгүй байсан. Тэгээд дээрэм хийхээр тохиролцсон” гэх утга бүхий мэдүүлгийг өгсөн байна.

Categories
мэдээ спорт

Гүйлтийн цанын улсын аваргууд тодров

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдсон гүйлтийн цанын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Скай резорт”-д гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 35 багийн 120 гаруй тамирчид холимог, буухиа, хол, ойрын зай, сонгомол гэсэн төрлүүдээр өрсөлдлөө.

ДҮН:

Эмэгтэй 10 км сонгомол техникээр цуваа гараа

1-р байр: Э.Ариунтунгалаг (спортын мастер, “АЛДАР”)

2-р байр: Ч.Отгонцэцэг (ОУХМ, Алдар-1)

3-р байр: Ж.Халиунаа (спортын мастер, “Хилчин”)

Эрэгтэй 15 км Сонгомол техникээр уралдсан цуваа

1-р байр: Б.Бямбадорж (ОУХМ, “Хилчин”)

2-р байр: Б.Ачбадрах (ОУХМ, “Хилчин”)

3-р байр: У.Батжаргал (спортын мастер, “Алдар1”)

Xолимог спринт буухиа уралдаанд

1-р байр: Э.Ариунтунгалаг СМ, Б.Амарсанаа ОУХМ (Алдар 1)

2-р байр: Б.Дэлгэрмаа СМ, Б.Бямбадорж ОУХМ (Хилчин)

3-р байр: Ж.Халиунаа СМ, Б.Ачбадрах ОУХМ (Хилчин)

Эрэгтэй 20 км Тэших техникийн уралдаанд

  1. Б.Ачбадрах ОУХМ Хилчин
  2. Б.Бямбадорж ОУХМ Хилчин
  3. Б.Амарсанаа ОУХМ Алдар 1

Эмэгтэй 15 км Тэших техникийн бөөн гараатай уралдаанд

  1. Э.Ариунтунгалаг СМ Алдар 1
  2. А.Энхтуул СМ Алдар 1
  3. Ж.Халиунаа СМ Хилчин

Эмэгтэй 3х5км буухиа уралдаанд

  1. Алдар-1 баг (Ч.Отгонцэцэг, Э.Ариунтунгалаг, А.Энхтуул)
  2. Хилчин баг (Ж.Халиунаа, Б.Дэлгэрмаа, Ц.Мөнхчимэг
  3. Алдар-2 баг (Н.Ууганцэцэг, Э.Ариунзул, О.Уранбайгаль)

Эрэгтэй 3х7,5 км буухиа уралдаанд

  1. Хилчин баг (Т.Доржготов, Б.Бямбадорж, Б.Ачбадрах)
  2. Алдар-1 баг (С.Дүүрэнбаяр, У.Батжаргал, Б.Амарсанаа)
  3. Алдар-2 баг (Э.Бархүү, Э.Буяннэмэх, Б.Бат-Эрдэнэ) тус тус эхний байруудад шалгарлаа.

БАГИЙН ДҮН:

1-р байр: “Алдар” спорт хороо

2-р байр: “Хилчин” спорт хороо

3-р байр: Төв аймгийн баг орлоо гэж МЦХ-оос мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Багшлах эрхийн шалгалтыг энэ сарын 19-нд авна

Багшлах эрхийн шалгалтыг энэ сарын 19-нд авах юм байна. Багшаар ажиллах эрх олгох энэхүү шалгалтын бүртгэлийг хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 1 хүртэл сарын хугацаанд явуулсан аж.

Бүртгүүлсэн хүмүүсийн мэдээлэлд хяналт шалгалт хийж дуусгаад энэ сарын 19-нд орон даяар онлайнаар шалгалтыг авах болсон байна. Шалгалт авах байруудыг аймаг, дүүрэг бүрт бэлдсэн байгаа аж. Хуваарийг энэ сарын 17-нд олон нийтэд зарлах юм байна.

Categories
гадаад мэдээ

Малайзын Эйрлайнс компанийг шүүхэд өгсөн байна

Хоёр жилийн өмнө Малайзын Эйрлайнс компанийн Куала-Лумпураас Бээжин рүү хөөрсөн “МН-370” дугаартай нислэг сураггүй болсон билээ. Өнгөрсөн онд Малайзын Засгийн газраас онгоцонд байсан 239 хүнийг амиа алдсан хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Зорчигчдын дийлэнх нь хятад иргэд бөгөөд тэдний ар гэрийнхнээс өчигдөр гомдол гаргасан байна. Тухайлбал, шүүхэд гомдол мэдүүлсэн 12 зорчигчийн ар гэрийнхэн мэдэгдэхдээ “Болсон хэрэг явдлын хариуцлагыг агаарын тээврийн компани хүлээх ёстой” гээд 755 мянгаас 1.23 сая юанийн нөхөн төлбөр олгохыг шаарджээ.

Малайзын “Boeing” онгоцыг хайх ажил Энэтхэгийн далайд өдгөө ч үргэлжилсээр байна. Хамгийн сүүлийн мэдээгээр самналтыг 120 ам дөрвөлжин км талбайд явуулаад байна.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Нэг л сайхан бүсгүй байдаг хорвоо

Хайдавын Чилаажав

(Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт)

Нэг л сайхан цэнхэр өнгөтэй тэнгэр

Нэг л сайхан цэцэг ургадаг дэлхий

Нэг л сайхан учрал байдаг амьдрал

Нэг л сайхан бүсгүй байдаг хорвоо

Үл ялиг битүүхэн инээмсэглээд

Үг хэлэхдээ нүд нь хөдлөөд

Эгэл бусаар сэтгэлд минь оршиж яваа

Нэг л сайхан бүсгүй байдаг хорвоо

Тэр бүсгүйг хааяа би зүүдэлдэг

Тэр бүсгүйг олны дундаас хайж явдаг

Тэр бүсгүй хааяа нүдэнд үзэгддэг

Тэмүүлэл итгэлээр амьдралыг минь чимж өгдөг

Нэг л сайхан жаргал байдаг хорвоо

Нэг л сайхан хүсэл байдаг хорвоо

Нэг л сайхан бүсгүй байдаг хорвоо

Тэр бүсгүй уран зөөлөн гартай

Тэнгэрлэг намуухан ялдам харцтай

Тэр сайхан нүдээрээ намайг харах

Тийм азтай өдөр шиврээ бороотой

Тэр бүсгүй тунгалаг гэгээн царайтай

Тэгшхэн цав цагаан шүдтэй

Тэр сайхан шүдээ ярайтал мишээх

Тийм таатай өдөр шившээ салхитай

Тэр бүсгүй жавхаалаг, бардам алхаатай

Тэвхгэр мөр, нарийн гоо бэлхүүстэй

Тийм жаргалтай үдэш, цагаан гэгээтэй

Миний төлөө гоо сайхан төрсөн

Хүний орчлонгийн гэрэл гэгээ болсон

Нэрийг минь мэдвэл зүс нь гунддаг

Нэг л сайхан бүсгүй байдаг хорвоо