Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдийг хэрхэн номонд дуртай болгох вэ

М.Монтень нэгэн эсээндээ Платоны “Одооны хүүхдүүд ном уншихаа байж” гэсэн үгийг ишилж авсан байдаг. Тэгээд “Түүний л эргэн тойрон дахь хүмүүс номтой нөхөрлөхгүй харагдаад байсан болохоос бусад нь уншиж л байсан шүү дээ” хэмээсэн нь бий.

Цаг үе болгонд л хүүхэд ном уншихгүй байгаагийн буруутан олддог. Өнөө үед интернэт, ухаалаг гар утас гол “дайснаар” цоллогдоод байна. Бидний багад ч гэсэн тэвэг, чарта гээд элдвийн л юм байлаа. Хамгийн гол нь ном унших бол дадал юм. Үүнийг аль болох эрт суулгах нь зөв байдаг. Сургуульд орохоос нь өмнө бичиг сургах нь номтой нөхөрлөх эхлэл болдог талтай. Олон хичээлд дарагдаад ном, дэвтрээс айдаг болоогүй сийрэг байгаа үедээ хүүхэд тогтож уншаад сурчихдаг. Энэ нь цаашид хэвшил болно.

Мөн еврейчүүдийн хүүхдийг номонд дуртай болгох арга бий. Аль болох ойр орчинд нь олон ном байлгах, өөрөө дэргэд нь ном унших, үдэш унтахад нь үлгэр ярьж өгөх зэрэг юм. Түүнчлэн анхны ном их чухал.

Америкт хүүхэд бичиг үсэг сураад хамгийн түрүүнд “Малгайтай муур” хэмээх зохиолыг уншдаг байна. Зохиолын хувьд ойлгоход хялбар бөгөөд сонирхолтой. Зөвхөн үүнийг уншиж байж л хүүхэд цаашаа ном унших өндөр дур сонирхолтой болно гэдгийг эрдэмтэд нь судлаад гаргачихсан байдаг аж. Манайд жишээ нь хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайн “Гэр” гээд үлгэр бий. Эв нэгдлийн тухай л даа. Унших явцдаа хотод өссөн хүүхэд бол унь, хана, тооно гэж юу болохыг бусдаас асууж өөртөө нээлт хийгээд байж болмоор санагддаг.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн жил уудаг байсан харшлын эм өнөө жил үйлчлэхгүй байж болно

Удахгүй дулаарч, харшлын улирал эхлэх гэж байна. Энэ талаар харшлын эмч Д.Батжаргалаас тодрууллаа.

-Харшлын улирал эхлэх гэж байна. Оргил үе нь хэзээ байдаг вэ?

-Монгол орны нөхцөлд харшлын улирлын чанар гэж байдаг. Энэ нь дөрөвдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын эхэн хүртэл үргэлжилдэг. Харшлыг амьсгалын замын болон арьсны хэлбэрээр гардаг харшил гэж ангилдаг. Амьсгалын замаар харшил хөдлөх нь ургамлын тоосжилтоос шалтгаалдаг. Гэхдээ тоосжилттой ургамлаас л харшил өгнө. Ургамал болгоноос харшил өгнө гэж ойлгож болохгүй. Тавдугаар сараас зургадугаар сарын 20-ны хооронд модны тоосжилтын үе буюу улиас, хайлаас, бургас, нарс гэх зэрэг модны тоосжилт явагдана. Зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 20 хүртэл бутлаг ургамал буюу өвсний төрөл болох согоовор, ерхөг, арвай гэх ургамлууд тоосоо гөвдөг. Долдугаар сарын 20-ноос хогийн ургамал буюу шарилж, буйлны тоосжилтын үе явагддаг. Тэгэхээр энэ үед ургамлын тоос агаарт байж байдаг. Яг энэ үед улиаснаас харшилтай, модлог ургамлаас, шарилжнаас харшилтай хүмүүсийн харшил ямар нэг байдлаар хөдөлдөг.

-Арьсан дээр тууралт гарвал харшил гэж ойлгож болох уу. Арьсны харшлыг яаж эмчлэх вэ?

-Саван, вок угаалгын нунтгаар юм угаах, эсвэл харшил өгөх магадлалтай хоол, хүнс хэрэглэснээс болж арьсан дээр юм туурч болно. Мөн эмнээс болсон харшил голдуу арьсан дээр тууралт өгдөг. Харшил өгч болзошгүй зүйл хэрэглэсний дараа биеэр нь юм туурвал харшлын эмчид хандаж болно. Эмч сорилоор гарсан үр дүнгээр эмчилгээ хийдэг. Харшил өгөөд байгаа хоол хүнс, эд зүйлээ хэрэглэхгүйгээр зовиургүй яваад байж болно. Тэгэхээр юу идэж, хэрэглэж болохгүй, ямар орчинд байж болохгүй гэдгээ мэдээд авчихвал заавал зовиуртай явах албагүй. Зарим хүн арьсан дээр гарсан юм болгоныг харшил гэж андуураад байдаг. Жишээлбэл, манай эмнэлэгт хайрст үлдтэй хүн ороод ирж байгаа юм. Эмч ээ, олон жил энэ өвчнөөр өвдөөд харшилтай болчихлоо гэдэг. Гэтэл хайрст үлд харшлын өвчинд ордоггүй. Арьсны бие даасан өвчин л дөө. Тэгэхээр үүнийг тусдаа арьсны эмчид үзүүлэх хэрэгтэй болчихож байгаа юм.

-Хүмүүс дархлаанаас болоод харшил хөдлөөд байна гэж ойлгодог?

-Долдугаар сарын 20-ноос шарилжны тоос ууршчихсан байдаг учраас харшил ихээр хөдөлдөг. Хүмүүс хэт дархлаа суларснаас болоод харшилтай болчихлоо гэж ойлгоод байдаг. Гэтэл тийм биш. Хүний биеийн дархлаа тэнцвэрт байдал алдагдаад ирэхээр гаднаас орж ирж байгаа цочролуудыг хэт мэдрээд өвчин үүсэх шинж чанараа хадгалдаг. Гэтэл манайхан дархлаа суларчихсан гээд дархлааны эмнүүдийг хэрэглээд байдаг. Энэ нь хэт мэдрээд байгаа зүйлээ дэмжээд байна гэсэн үг. Харшил хөдлөөгүй өвөл, хаврын үед дархлаагаа дэмжих зорилгоор дархлааны эмнүүдийг хэрэглэж болно. Харшлын эмч дархлааны эмийг ямар үед хэрэглэхээ сорилын дараа шийддэг. Өвдөхөөс өмнө, өвдсөн үед эсвэл бүр өвдсөний дараа дархлаагаа дэмжих эсэхээ мэдэх хэрэгтэй.

-Заавал эмчид үзүүлэх хэрэгтэй юм уу?

-Ямар харшилтай байна вэ гэдгээ мэдэхийн тулд мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ оношлогоо хийлгэж, харшлын сорилыг тавиулж үзэх хэрэгтэй. Сорилоо тавиад оношлуулчих юм бол миний харшил таван сарын сүүл, долоон сарын эхээр эхлэх юм байна гээд мэдээд авчихвал харшил хөдлөхөөс нь урьдчилан сэргийлж болно. Эмч дээрээ ирж зөвлөгөө авч, харшил хөдлөх үедээ шинж тэмдгийн эмчилгээг хийлгэх бүрэн боломжтой.

-Харшилтай хүнд ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?

-Энэ үед хүнд нийтлэг зовиур илэрдэг. Хамар нь загатнаж, нүд нь улайж, нулимс гардаг. Мөн хоолой нь сэрвэгэнэж ханиах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ байдал хүндрэхээр гуурсан хоолойн багтраа болдог. Энэ үед арьсаар тууралт гарч арьсны зовиур гарах нь бага.

-Яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Харшлаас урьдчилан сэргийлж байна гээд дархлааны баахан эм ууж болохгүй. Харшлын эмчилгээнд дархлааны эмчилгээ байдаг ч ямар үед яаж хэрэглэх вэ гэдэг нь эмчийн тактик болон харшлын үе шалтгаанаас хамаардаг. Одоо манайхан янз бүрийн сүлжээний шинжлэх ухаанаар нотлогдоогүй эмнүүд их хэрэглэдэг болсон байна. Тэгэхээр дур мэдэн харшлын эмчилгээг хийж болохгүй.

-Харшлаа эмчлүүлбэл бүрэн эдгэх үү?

-Харшлын эмчилгээг хийлгэлээ гэхэд 100 хувь харшилгүй болно гэсэн эмчилгээний стандарт одоогоор гараагүй байгаа. Гэхдээ тэр хүн харшлынхаа хугацаанд эмчилгээ хийлгэж зовиургүй байж болно.

-Энэ жил эмчлүүлсэн эмчилгээ нь дараа жил хэвээрээ байх уу?

-Үгүй. Хамраас нус гоожих, ханиах зовиур байж болно. Гэхдээ жил жилийн ургамлын тоосжилтоос болдог. Тэр жилийн тоосжилт зуншлага ямар байгаагаас болж харшил хөдөлнө. Зарим хүн энэ жил эм хэрэглээгүй ч гэсэн харшил хөдөлсөнгүй гээд байдаг. Нөгөө нэг нь энэ жил илүү харшил хөдөлж байна гэнэ. Эмчийн зүгээс харшил уушги, хамрын салстад яаж нөлөөлж байгааг харж байж эмчилгээний тактикаа гаргана. Өнгөрсөн жил уудаг байсан харшлын эм энэ жил үйлчлэхгүй байж болдог. Тэгэхээр жил болгон эмчдээ хандах хэрэгтэй.

С.Ариун

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Алдсан гар утсаа эргээд олж болно оо

Технологийн үсрэнгүй хөгжлийн үй олон жишээний нэг нь гар утас билээ. Харилцааны маш чухал зүйл болж, өдөр тутмын салшгүй хэрэглээ болон хувирсан гар утсаа хулгайд алдах, энд тэнд мартаж орхих гээд бас олон эрсдэл бий шүү дээ. Гэвч бидний дийлэнх нь утсаа алдсан бол тэгсгээд хэсэгхэн харамсаж байгаад л өнгөрдөг. Тэгвэл та утсаа алдсан бол эргэж олох боломж бий. Та самсунг брэндийн гар утастай бол samsungdive.com гэсэн сайтад бүртгүүлэх хэрэгтэй. Энэ сайтад бүртгүүлснээр таны утсыг олсон эсвэл хулгай хийсэн хүн ямар нэгэн байдлаар интернэтэд холбогдох үед хаа байгааг нь тодорхойлж болно. Харин I phone утастай бол “Apple” ID-гаа ашиглан google map-ийн тусламжтай олж болох юм.

Ер нь утсаа үгүй хийсэн үед интернэт ашиглан утсаа удирдах хэд хэдэн боломж бий.

Та самсунг аккаунттай бол дээр хэлсэн samsungdive.com сайт руу орж хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулаад нэвтэрнэ. Харин самсунг аккаунт байхгүй бол зааврын дагуу шинээр хэрэглэгч үүсгээрэй. “Locate my device” хэсэгт таны гар утас яг хаахна байгааг гүүглийн газрын зургийн тусламжтайгаар харуулна. Яг ямар тоотод байгааг харуулахгүй ч байр, гудамж зэргийг шууд харуулна. “Ring my device” хэсэгт байх хонх ажиллуулах товчийг дарвал таны утас минутын туршид хонх нь завсаргүй дуугарна.

Ингэснээр таны утсыг бариад сууж байгаа хүн ихэд сандарна. Юмыг яаж мэдэхэв. Тань руу эргэж хандахыг ч үгүйсгэхгүй. Харин “Lock my screen” хэсэгт та утсаа түгжих, шинэ код оруулах гээд олон боломж бий. Утас руугаа 100 хүртэлх тэмдэгтэд багтаасан богино шууданг ч илгээж болох юм. Мөн “Wipe me device” гэсэн тун чухал цэс байгаа. Та ийшээ нэвтрэн орсноор алдагдсан гар утсан дээрх нууц гэж үзсэн мэдээлэл, датагаа устгах боломжтой. За тэгээд энэ сайтад өөр маш олон боломжууд бий гэдгийг дахин хэлье. Та утсаа алдаад харамсаад өнгөрдөг байсан бол одоо ямар ч гэсэн энэ мэт аргаар утсаа олж авах бололцоо бий гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй.

Мөн самсунгийн гар утаснуудад “Tracker” гэдэг жижиг программ бий. Тэнд өөр нэг дугаар бичээд ямар нэгэн текст бичээрэй. Алдагдсан утсанд өөр сим карт орсон тохиолдолд өмнө сануулсан дугаарт богино шуудан ирдэг. Тиймээс мессэж ирсэн дугаараар нь хайгаад үзэхэд гэмгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал бол улсын асуудал юм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор, Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг одонтой эхчүүдийн 10 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд болов. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Их баярлалаа, ээжүүддээ. Бүгдэд нь баярын мэнд хүргэе. Хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Жил бүр одонтой мянган ээжүүдийн уулзалт их сайхан болдог. Алдарт эхийн одонтой буянтай ээжүүдэд зориулсан хамгийн сайхан арга хэмжээ энэ байдаг. Миний хувьд жил бүхэн энэ өдрийг хүлээдэг. Ээжүүдтэйгээ уулзах, бодол, саналаа хэлэх, зургаа хамт татуулах гээд их олон ажилтай байдаг.

Энэ өдөр бол бас миний хорвоод мэндэлсэн өдөр. Ээжүүдийн баяраар төрсөндөө их баярладаг. Ээждээ би айлын найм дахь хүү, нэгдүгээр одонгийн хүү, отгон хүү нь болж төрсөн. Олон ээжүүдтэйгээ хамтарч төрсөн өдрөө эргэж дурсахад үргэлж сайхан байдаг. Манайх хөдөө малчин айл байсан. Тэр үед сумын төвд, эмнэлэгт ирж нярайлна гэдэг бол ховор үзэгдэл байсан. “Чи бол эмнэлэгт, их соёлч, боловсон газар төрсөн хүн” гэж манайхан хэлдэг. Төрснөөс хоёр хоногийн дараа аав ирж намайг өвөртөө хийгээд мориор авч явсан гэж ярьдаг. Хүүхдүүд нь гэрт голдуу төрдөг байсан учраас аав маань хүүхдээ нэхий өлгийд өлгийдөж авдаг байсан. Намайг эмнэлэгт, соёлч, боловсон газарт төрснийг бодож аав маань цоохор даавуу бэлдэж, өөрөө хөвөнг нь тавьж өлгий оёж ирсэн. Хөвөнг нь зулж, тэгш тавьж чадалгүй их эв хавгүй, таслаад таслаад тавьчихсан байсан гэж ярьдаг байсан. Миний ээж хэлдэг байсан. Олон хүүхдийн отгон болоод ч тэр үү, ах нартаа гишгүүлсээр байгаад ийм намхан, бага юм төрсөн гэж хэлдэг байсан.

Намайг төрөх үед, 1960-аад онд төрсний гэрчилгээ эхэлж өгч байсан юм билээ. Гэрчилгээ авах гэж аав маань сумын төвд орж ирж байсан. Тэр өдөр гуравдугаар сарын 30 таарсан гэдэг юм. Иргэний үнэмлэх дээр миний төрсөн өдрийг гуравдугаар сарын 30 гээд биччихсэн байдаг. Ээж минь болохоор гуравдугаар сарын 8-нд төрсөн гэдэг. Яагаад ингэж зөрөөд байна вэ гэхээр аав миний төрсний гэрчилгээг авах гээд бичдэг хүн дээр нь орсон. “Танай хүү хэзээ төрсөн юм бэ” гэсэн. Аав “Энэ гуравдугаар сард, сая л төрсөн шүү дээ. Өнөөдрөөр биччих” гээд гуравдугаар сарын 30 болсон. Гуравдугаар сарын 8-нд сумын төвд хоёр ээж төрсөн. Надтай нэг өдөр төрсөн хүү надтай цуг сургуульд явдаг байсан. “Элбэгээ, чи гуравдугаар сарын 8-нд төрсөн. Чиний ээж, миний ээж хоёр хамт төрсөн шүү дээ” гэж ярьдаг байсан. Тийм надтай чацуу хүн одоо байна. Ийм түүхийг сонин болгож хэлье. Энэ сайхан өдрийг, энэ баярыг, энэ хүндэтгэлийн арга хэмжээг хүлээж, та нартайгаа уулзая гэж бодож байдаг юм. Эх хүний зовлонд, эмэгтэй хүний зовлонд ойрхон байгаасай гэж бодож ээж минь намайг гуравдугаар сарын 8-ны өглөө хүртэл тээж төрүүлсэн болов уу гэж боддог.

Бид нэг цугласных, өнгөрсөн жилүүдэд ямар амжилт гаргав. Юу болов. Хүндрэлтэй асуудал юу байна гэж ярьдаг. Өнөөдөр баярын өдөр гэдэг. Зарим нь эхчүүд, эмэгтэйчүүд үгээ хэлэх өдөр гэдэг. Сая зурагт харж байхад нэг эмэгтэй гараад “Ерөнхийлөгч өө, та одонгийн мөнгө нэмж өгнө шүү” гэж байсан. Манай ээжүүд мятрашгүй тэмцэгч улсууд шүү дээ. Миний мөрийн хөтөлбөр дээр одонгийн мөнгөнд тэр олон зуун мянган төгрөг, сая төгрөг өгнө гэсэн тоо байхгүй л байгаа. Гэхдээ ээжүүд, эмэгтэйчүүддээ хандсан нийгмийн дэмжлэг байх ёстой гэж хувьдаа боддог. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх энэ хугацаанд УИХ-аар Алдарт эхчүүдийн одонгийн болзлыг зөөллөж, 5-8 хүүхэд байсныг 4-6 хүүхэдтэй эхэд одон олгоно гэж багасгаж хуульчилсан. Нэг үеэ бодоход хүүхдийн мөнгөн дээр нэмээд Алдарт эхийн одонгийн мөнгө гэж анх удаа олгодог болсныг та бүхэн мэдэж байгаа. Нэгэнт эхэлсэн юм, цаашаа амны бэлгээр нэмэгдээд явах байх аа. Засгийн газар ээжүүдээ харж, хүндэтгэлтэй хандах байх аа. Та бүхний дуу хоолой хүрэх байх аа гэж найдаж байгаагаа энд хэлье.

Саяхан бас нэг сайхан мэдээ дуулдсан. ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан судалгаа байгаа. Түүгээр Монгол Улсыг эхийн эндэгдэл, нялхсын эндэгдэл хамгийн эрчимтэй буурч байгаа орноор нэрлэсэн байгаа. Энэ бол манай эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагад ажилладаг олон мянган эмч мэргэжилтнүүд, бүх хүний нөр их хөдөлмөр юм. Ард иргэд, төр, засгийн маань хамтарч бие биеэ дэмжиж хийж байгаа нөр их хөдөлмөр юм гэж хэлье.

Үүнтэй холбоотой хуулиуд гарч байна. Манай эхчүүд, эмэгтэйчүүдэд тохиолддог хүүхдийн цэцэрлэгийн асуудал байдаг. Бид УИХ-ын эмэгтэй гишүүд, бусад гишүүдийнхээ халуун дэмжлэгийг хүлээж, их олон хэлэлцүүлэг хийж, ярьж байж Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсан. Энэ хууль удахгүй хэрэгжих боломжтой. Ээжүүд, эмэгтэйчүүд, тэтгэвэрт гарсан хүмүүс хүүхэд хараад тодорхой стандарт, жишгийн дагуу үйлчилгээ үзүүлж байгаа хүүхдийнхээ тоогоор мөнгөө аваад, хүүхдээ өсгөөд явах боломжтой. Цэцэрлэг хүрэлцэхгүй байна гэсэн зовлонтой зүйл багасах байх гэж найдаж байна. Ажлын газрууд, хороо, гудамжинд ч гэсэн стандарт хангасан хүүхэд харах үйлчилгээ бий болох бүрэн боломжтой. Энэ бол сайхан мэдээ.

Хүүхдийн эрх, гэр бүл хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хууль гэж бид олон жил ярьсан. Энэ хуульд олон шинэ асуудал, уламжлагдаж ирсэн олон зүйл туссан байгаа. Үүнийг олон нийтэд ярьж, хэлж, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн байгууллага, хүмүүст хүргэх хэрэгтэй байгаа юм. Хууль гарлаа гэдэг нэрийг нь сонсоод баярлаад л байдаг. Түүн дотор ямар зохицуулалт байгаа юм. Хүүхдийн эрх гэж юуг хэлж байгаа юм. Ямар ажил хийлгэх юм. Ямар ажил хийлгэхгүй юм. Гэр бүлийн эрхийн баталгаа, хамгаалалт гэж юу вэ гэх зэргийг их сайн бодмоор байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль бас саяхан батлагдсан. Би санаачлаад Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гээд эхчүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн эсрэг голдуу гардаг буруу үзэгдлийг таслан зогсоох чиглэлд олон жил яригдсан хуулийн төслийг бүрэн хэмжээгээр нь хийгээд УИХ-д өргөн барьсан. УИХ энэ хуулийг хамгийн түрүүнд хэлэлцэх хуулиудын нэгээр батлах байх гэж ярьж байгаа. Үүнийг гаргаад хэрэгжүүлж чадах юм бол эхчүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн эсрэг гардаг хүчирхийлэл, зодуур, нүдүүр, хүнд байдлууд багасах, наад зах нь тэр этгээдүүдтэй хариуцлага тооцох тогтолцоотой болно. Энэ бол сайн алхам, сайн мэдээ гэж бас бодож байгаа.

Аливаа улс орны хамгийн эхний зохион байгуулалт, аливаа улс орны өсч хөгжих, дэвжих хамгийн гол эд эс нь гэр бүл байгаа юм. Гэр бүл дотор уур амьсгал сайн байх юм бол улс орон сайн байна. Гэр бүл дотор ажил, амьдрал сайн байх юм бол улс орны ажил, амьдрал сайн байна. Гэр бүл дотор хүмүүс зөв хүмүүжил, ёс суртахуунтай байх юм бол тэр нийгэм зөв ёс суртахуунтай байна. Ийм учраас энэ хууль бол их чухал хууль.

Жил бүхэн би ярьдаг. Эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй. Ээжүүдээ дэмжих хэрэгтэй. Аав хүний хамгийн сайн хийж чадах, хамгийн энгийн ажил бол хүүхдийнхээ ээжийг хайрлах гэж байгаа шүү дээ. Хүүхдийнхээ ээжийг хайрлаж халамжилж явах юм бол аавуудын, эрчүүдийн хамгийн энгийн, сайн хийж чадах ажил гэж боддог. Эрчүүддээ, бүх аавууддаа энэ ажлаа улам сайн хийх байх аа. Эмэгтэйчүүдээ, ханиа, охидоо хайр халамжаар дутаахгүй авч явахын төлөө бүгдээрээ ажиллая гэж аавууддаа, нийт эрчүүддээ энэ өдөр уриалъя.

Эмэгтэйчүүдийн асуудал бол улсын асуудал. Зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Хүүхдийн асуудал бол улсын асуудал. Хүн амаа олон болгох тухай ярьдаг. Өнгөрсөн жил Монгол Улсын хүн ам 3 сая болсон. Сайхан мэдээ байлаа. Намайг төрж байхад Монгол Улсын хүн ам дөнгөж 1 сая болж байсан юм билээ. Намайг 10 дугаар анги төгсч байхад Монгол Улсын хүн ам 2 сая болж байсан юм байна лээ. Ойролцоогоор 25-27 жил нэг сая хүн ам нэмэхэд шаардагдаад байгаа. Цаашаа 4 сая, 5 сая руу очиход арай богино хугацаа шаардагдах болов уу гэж бодож байгаа. Гэхдээ олон хүүхэдтэй байна, хүн амаа өсгөнө гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Энэ бол эмэгтэйчүүдэд ачаалал болох ёсгүй юм. Энэ ажлыг төр нь, улс нь, олон нийт нь, гэр бүл нь, аав нь, ээж нь, ах дүү нь бүгдээрээ зэрэг үүрэх ёстой. Ийм сайхан уламжлал бидэнд байдаг. Хүүхдийн хүүхэд, охины хүүхэд, өөрийн үр хүүхэд гараад ирэхэд эмээ, өвөө гээд гэр бүлээрээ тойрч байгаад, тойглож байгаад өсгөөд, газар гишгүүлээд цэцэрлэг, сургууль, соёл гээд явуулдаг энэ сайхан уламжлал бол монголчуудын уламжлал юм. Монгол уламжлалаа улам өргөжүүлж цаашаа авч явах ёстой гэж боддог.

Энэ удаагийн УИХ-д эмэгтэй гишүүдийн тоо урьд урьдаас олон байгаа. Бид бас их дэмжиж ажилласан. Чих халууцуулсан хүн ганц нэг байж магадгүй байх. Гэхдээ эмэгтэй гишүүд маань дүн ноён нуруутай, хариуцлагатай ажилласан шүү. Эмэгтэйчүүдийг нийгмийн, төрийн бүх түвшинд дэмжих хэрэгтэй. Цаашаа дэмжиж ажиллуулах хэрэгтэй. Олон нийт, бизнесийн байгууллага ч адилхан. Аж ахуй дээр ч адилхан. Хаана ч байсан эмэгтэй хүн ажилд оръё гээд ирэхэд хамгийн түрүүнд авдаг соёлыг, ийм сэтгэл зүйг нийгэмд нэвтрүүлэх хэрэгтэй. Бүх шатны, ялангуяа удирдах албан тушаалд ч ялгаагүй, эмэгтэйчүүдийг дэмждэг байх хэрэгтэй. Тэгэх юм бол нийгэм тэгш болдог. Яагаад би ингэж яриад байдаг юм бэ гэвэл эмэгтэйчүүд бусдыг боддог. Бусдыг энэрдэг. Зовлонтой, зүдгүүртэй байгаа тэр юмыг боддог. Хүүхэд нь өлсөөд, сүүгээ санаад уйлж байхыг эмэгтэй хүн хамгийн түрүүнд мэддэг шүү дээ. Хүүхдээ хөхүүлчихээд өөрөө дараа нь цайгаа уудаг жишээтэй. Ийм л явж ирсэн. Энэ бол эмэгтэй хүний төрөлхийн чанар юм. Тэгэхээр эмэгтэй хүнийг дэмжих юм бол нийгэм илүү хүнлэг болно. Дээрээс нь манай эмэгтэйчүүд ажилд чин сэтгэлээсээ ханддаг. Би олон эмэгтэй хүмүүстэй хамтарч ажиллаж байсан, дэмжиж байсан. Нийгмийн янз бүрийн үйл ажиллагаанд хамт оролцож байсан. Эмэгтэйчүүд нэг зорьсон зүйлдээ маш их тууштай байдаг. Чин сэтгэлээсээ хандаж, тэр ажлыг бүтээхийн төлөө явдаг. Тийм учраас нийгэмд хариуцлага бий болдог. Нийгмээ хариуцлагатай болгоё гэвэл эмэгтэйчүүдээ дэмжих ёстой гэж боддог.

Манай ээжүүд, эмээ нар, эмэгтэйчүүд дандаа хайр элбэрлийг, сайн сайхныг, зөвийг номлож явдаг хүмүүс. Тиймээс нийгмээ ёс зүйтэй болгоё гэвэл эмэгтэйчүүдээ дэмжих ёстой. Эмэгтэйчүүд аливаа юманд шийдвэр гаргахдаа аюулыг, эрсдлийг үргэлж тооцож байдаг. Хүүхдээ сургуульд явуулах гэж байхдаа л “Хүүхэд маань замдаа яах бол. Хувцас нь ямар байна. Салхи шуурга яах бол. Дулаалаад гар. Малгайгаа өмсөөд, хувцсаа давхарлаад гар” гэж байдаг шүү дээ. Энэ чинь өөрөө эрсдлийг бууруулж байгаа юм. Тухайн нийгмийг аюулгүй, энрэнгүй болгоё гэвэл эмэгтэйчүүдээ л дэмжих хэрэгтэй. Ингэвэл энэ нийгэм аюулгүй, зөв нийгэм болно гэдгийг хэлье.

Эмэгтэйчүүдийн олон сайхан чанар байгаа. Түүний нэг чанар бол эмх цэгц шүү дээ. Ямар ч эмэгтэй хүн бохир, хогтой байхыг тэвчдэггүй. “Гэр яагаад цэвэрлээгүй байгаа юм. Хоолоо одоо болтол хийгээгүй юм уу” гээд эмэгтэй хүн дуугарахад гэрт дэг журам тогтож байдаг. Тийм учраас нийгмээ цэвэр цэмцгэр байлгая. Эмх цэгцтэй байлгая. Дэг журамтай байлгая. Хариуцлагатай, хүнлэг байлгая, аюулгүй байлгая гэвэл эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй юм байна. Ингээд бүх нийтээрээ эмэгтэйчүүдээ дэмжие гэдгийг энд уриалъя.

Эмэгтэйчүүдээ, ээж нараа хайрлаж, дэмжиж яваарай. Баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Залуу зохион бүтээгчдийн улсын уралдаан зарлажээ

Залуу зохион бүтээгчдийн улсын уралдааныг зарласан байна. Уралдаанд 12-28 насны хүүхэд, залуус оролцож, 10 сая төгрөгийн төлөө ур ухаанаа сорих боломжтой юм.

Оролцогчид хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн, хүүхдийн эрүүл аюулгүй очинд сурч боловсроход чиглэсэн, байгалийн нөөцийн зохистой хэрэглээг дэмжсэн, байгаль орчны бохирдлоос сэргийлсэн 1-2 бүтээлээр өрсөлдөнө. Тэмцээний шалгаруулалтыг гурван үе шаттайгаар энэ сарын 11-12-нд нийслэл хотов явуулж, ялагчийг тодруулна.

Шилдэг бүтээлээр шалгарч гэмээнэ, 1-10 сая төгрөг, мөн МУИС, ШУТИС, ХААИС-д тэтгэлгээр суралцах эрх зэргийг гардах юм.

Categories
мэдээ нийгэм

Сарын сүүлээр дулаарч, шар усны үер бууж болзошгүй

Энэ сарын сүүлээр нийт нутгаар дулаарах төлөвтэй байгаа аж. Тиймээс шар усны үер энэ хавар эрт бууж болзошгүй гэж ОБЕГ-аас анхааруулж байна.

Өнөө жилийн өвөл манай орны ихэнх нутгаар цас ихтэй байсан. Мөн энэ сарын 4-6-ны өдрүүдэд нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Одоо зарим аймагт 30-80 см зузаан цастай байгаа. Тиймээс сарын сүүлээр дулаарч, улмаар шар усны үер бууж магадгүй тул малчид, иргэдэд анхааруулав.

Categories
энтертаймент-ертөнц

Д.Кёкүшюүзан Батбаяр: Төрсөн өдрөөрөө гэргий болон ээжүүдээ баярлуулахыг илүүд үздэг

Монголын сумочдынн алтан хараацай Д.Кёкүшюзан Батбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1973 оны гуравдугаар сарын 8-нд Ховд аймгийн Ховд суманд мэндэлжээ. Сумогийн 68, 69, 70, 71 дэх их аварга болон озэки цолтнуудыг мэргэжлийн сүмод уруу татсан гэгддэг Д.Батбаяр урах мэх, хурц дайчин барилдаанаараа яригдаж, “Мэхийн их дэлгүүр” хэмээгдэж байв.

Өнөөдөр тэрбээр төрсөн өдрөө гэр бүлийн хүрээнд даруухан тэмдэглэж байна хэмээн цахим хуудастаа бичжээ. Тэрбээр “Би гуравдугаар сарын 8-нд төрсөндөө баярлаж явдаг. Өөрийгөө бус өрөөлийг баярлуулна гэдэг сайхан хэрэг. Тэр утгаараа би төрсөн өдрөөрөө хайртай гэргий болон ээжүүдээ баярлуулахыг илүүд үздэг” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байж.

Categories
мэдээ нийгэм

ХЗЯ, Ханнс Зайделийн сан сургалт явуулна

Манай улсад Захиргааны байгууллагын үйл ажиллагааг нэг мөр зохицуулах, иргэнд ээлтэй, хүртээмжтэй байлгах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор УИХ өнгөрсөн онд Захиргааны ерөнхий хууль баталсан. Уг хууль энэ оны долдугаар сарын нэгнээс хэрэгжих юм. Үүнтэй холбогдуулах Хууль зүйн яам, Германы Ханнс Зайделийн сан хамтрөн төрийн захиргааны байгууллагынханд сургалт явуулахаар болжээ.

Ханнс Зайделийн сан нь захиргааны хэргийн шүүх байгуулах, түүний үйл ажиллагааг зохицуулж буй захиргааны хэрэг дахин хянан шийдвэрлэх тухай хууль боловсруулахад хамтран ажиллажээ.

Categories
мэдээ спорт

Боксчид “Химийн цом”-д өрсөлдөхөөр мордлоо

BOXМонголын Улсын боксын эрэгтэй шигшээ баг “Химийн цом”-д өрсөлдөхөөр Германыг зорилоо. Боксын шигшээ багийн ахлагчаар Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан,шүүгчээр О.Мандахбаяр нар ажиллана. Тэмцээн хуваарь ёсоор хэсгийн тоглолтууд өнөөдөр эхэлнэ.

Багийн бүрэлдэхүүнд:

• 49кг Г.Ган-Эрдэнэ /Говь ресорт/
• 52кг Х.Энх-Амар /Алдар/
• 56кг Э.Цэндбаатар /Хүч/
• 60кг Д.Отгондалай /Хилчин/
• 64кг Б.Чинзориг /Алдар/
• 69кг Б.Түвшинбат /Сүлд/
• 75кг Н.Шинэбаяр /Алдар/
• 81кг С.Эрдэнэбаяр /Хангарьд/

Categories
мэдээ нийгэм

Шатамхай шингэн бие дээрээ асгаж, түлэгджээ

Бие дээрээ шатамхай шингэн асгаж түлэгдсэн хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-нд “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Сэлбэ голын далан дээр өөрийгөө шатаасан хүн байна” гэсэн мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд суух 63 настай, эрэгтэй Б нь согтуурсан үедээ шатамхай шингэн зүйл бие дээрээ асгаж, биеийн 90 хувь түлэгдсэн байсан байна. Түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн эмчлүүлж байгаа аж.

Юуны учир өөрийнхөө бие дээр шатамхай шингэн асгаж түлэгдсэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.