Categories
мэдээ нийгэм

Нарны бүтэн хиртэлт болж байна

Ховор тохиолддог нарны бүтэн хиртэлтийг ажиглахаар одон орон судлаач, сонирхогчид Индонез улсад цугларч байна. Сар дэлхий болон нарны хооронд орох үед үзэгддэг энэхүү гайхалтай үзэгдэл Индонези улсад ажиглагдах юм байна. АНУ-ын Сансар судлалын агентлагийн мэдээлснээр нарны бүтэн хиртэлт Индонезийн хамгийн том арал болох Суматра арлаас эхлэн явагдах бөгөөд цаашлаад Сулавеси, Борнео болон Малуку бүлэг арлуудыг харанхуйлснаар дуусах болно гэжээ. http://www.ustream.tv/channel/nasa-educational

Индонезоос гадна Малайзын нийслэл Куала-Лумпур хот, Сингапур, Хавайн арал болон Австралийн хойд хэсэгт ч нарны хиртэлт хэсэгчилсэн байдлаар үзэгдэх юм байна. Хэрэв та бүхэн эдгээр газруудын аль нэгэнд байхгүй байгаа бол санаа зовох хэрэггүй. Учир нь нарны бүтэн хиртэлтийг НАСА-ийн зүгээс интернетээр шууд дамжуулахаар болжээ.

Дашрамд дурдахад, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ээлжит нарны бүтэн хиртэлт болох бөгөөд АНУ-д ажиглагдах ажээ. Нарны хиртэлтийг ажиглахын тулд тусгай гэрлийн шүүлтүүр бүхий шилийг ашиглах ёстой бөгөөд энгийн нарны шилийг ашиглахыг хориглодог байна.

Categories
мэдээ спорт

Монгол тэмээн сүрэг Гиннест бичигдлээ

“Монгол тэмээ-999” Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох тэмээний уралдаан Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж өндөрлөсөн билээ.

Уралдаанд 1115 тэмээ гараанаас гарч уралдан 1108 тэмээ барианд оржээ. Урьд нь Өмнөд Монголд 560 тэмээ уралдуулж Гиннесийн номонд бүртгүүлж байсан бол энэ удаа тэрхүү амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тэмээний уралдаанд:
• 1-р байрт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн Баянжаргал
• 2-р байрт Хүрмэн сумын Жанжин багийн Батчулуун
• 3-р байрт Цогт-Овоо сумын С.Эрдэнэ
• 4-р байрт Цогт-Овоо сумын Д.Алдарсайхан
• 5-р байрт Хүрмэн сумын Жанжин багийн Т.Дашнамжил нарын тэмээ хурдаллаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

Сүхбаатар дүүрэг

11:00-12:30 цагт: 8-р хороо Соёлын төв өргөө, УДБЭТ болон ойр орчимд

12:30-13:00 цагт: 8-р хороо Тролейбусны татах станц

13:00-13:30 цагт: 1-р хороо ГХЯ, 16-р цэцэрлэг болон ойр орчимд

13:30-14:00 цагт: 8-р хороо Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар, Туушин зочид буудлууд, 64-р байр, ХУИС, Монгол хэвлэл, Интер ном, Адмон хэвлэл, Мэдээлэл технологийн үндэсний парк, Спортын ордон болон ойр орчимд

10:30-17:30 цагт: 18-р хороо Сэлх зуслан

10:30-16:00 цагт: 8-р хороо Соёлын төв өргөө, УДБЭТ, Улаанбаатар хэвлэл констракшн болон ойр орчимд,

Баянгол дүүрэг

11:00-18:00 цагт: 16-р хороо Туулын 4-15-р гудамж, 356 айлын орон сууц болон ойр орчимд,

Хан-Уул дүүрэг

11:00-18:00 цагт: 13, 14-р хороо Худагууд,

Сонгинохайрхан дүүрэг

11:00-18:00 цагт: 7, 11-р хороо Зээлийн 4, 63-68, Мандалын 1-2, 13, ЗБУ5-6, Хөтөл, Овоо Баянхошууны гудамжууд,

Төв аймаг

09:00-18:00 цагт: Зуунмод сумын 016-р нэгтгэл орчмоор

09:00-12:00 цагт: Онцгой байдлын газар, Модны зах, УАА В хэсгээр

13:00-15:00 цагт: Зуунмод сумын 016-р нэгтгэл орчмоор

16:00-18:00 цагт: Зуунмод сумын 016-р нэгтгэл орчмоор.

Categories
мэдээ нийгэм

Гамшигт үзэгдэл давтагдаж магадгүйг анхаарууллаа

Өнгөрсөн долоо хоногт Монгол орон даяар цасан шуурга шуурч байгалийн гамшигт үзэгдэл тохион орон нутгийн замуудыг түр хасан. Тэгвэл дахин цаг агаарын гамшигт үзэгдэл давтагдаж магадгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна.

Гуравдугаар сарын 9-н буюу өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, нөгөөдөр зүүн,11-нд нутгийн хойд хэсгээр цас орох төлөв ажиглагджээ. Мөн үеэр зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Өндөр уулын болон голын ай сав дагуу нутгаар хүйтний эрч чангарч, тухайлбал Завхан голын эхээр шөнөдөө 39-44, өдөртөө 23-28 градус хүрч хүйтрэх юм байна. Харин говийн нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 1-6, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 9-14 градус орчим хүйтэн байх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Одонгийн мөнгийг өгч эхэлжээ

Алдарт эхийн одонтой эхчүүдийн мөнгийг уржигдраас өгч эхэлжээ.

Улсын хэмжээнд 208 мянган одонтой ээж байдаг бөгөөд 78 мянга нь нэгдүгээр, 130 мянга нь хоёрдугаар зэргийн одонтой аж. Тиймээс одонтой эхчүүдэд 25.6 тэрбум төгрөгийг зарцуулна хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд хэллээ. Учир нь нэгдүгээр одонтой эх жилдээ 200 мянга, хоёрдугаар одонтой бол 100 мянган төгрөг олгодог юм байна.

Categories
мэдээ нийгэм

ТОСК-оос мэдээлэл хийнэ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам баталагдсан байгаа. Харин зарим нэг журмыг ТОСК-оос нэмж батлахаар болсон байна. Хямдхан хэрнээ түрээсийн байранд орохыг хүсч байгаа иргэд бүртгүүлэхийн тулд ТОСК-ийн гадаа өнжин хонон дугаарласан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн тоймтой хариу өгөөгүй байгаа. Бүртгэл нь энэ сарын 15-наас эхэлнэ хэмээн мэдэгдсэн байгаа.

Харин түрээсийн байранд орох иргэдийн тоо олон бол орон сууц нь цөөн тооны байгаа учраас бүртгэсэн бүх иргэдийг сугалаа хэлбэрээр сонгон шалгаруулна гэж иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа аж. Тэгвэл өнөөдөр 15.00 цагт Төрийн орон сууцны корпорациас “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг танилцуулахаар болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээг тавдугаар сард багтаан шийднэ

“Оюу толгой” урд хөршөөс цахилгаан худалдаж авахад 200 орчим сая ам.доллар зардаг гэдэг. Нэг КВт/цаг цахилгааныг 12 цент орчмоор авч байгаа гэсэн тоо бий. “Марубени”-гийн хөрөнгө оруулах Таван толгойн цахилгаан станц ажиллаж эхэлбэл энэ мөнгө манай улсад үлдэх юм.

Өмнийн говьд ирэх жилүүдэд ажиллах уурхайнуудын хэрэглээ, орон нутгийн хэрэгцээ, цаашлаад яривал цахилгаан экспортлох эдийн засгийн ашигтай энэ станцын хүчин чадлыг 450 МВт-аар тооцоход л төслийн тооцоолсон зардал нь нэг тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. 30 хувийг нь хөрөнгө оруулагч болох “Марубени” бэлэн мөнгөөр гаргах бол, 70 хувийг нь олон улсын зах зээлээс босгоно гэсэн зураг гарчихсан. Засгийн газраас ямар нэг хөрөнгө гаргахгүй гэсэн үг.

Ойролцоогоор 30 жилийн хугацаанд цахилгаан нийлүүлэх гэрээ хийхээр төлөвлөж буй. Хамгийн том хэрэглэгч болох Оюу толгой 30 жилийн хугацаанд тасралтгүйгээр цахилгаан авна гэдгээ илэрхийлээд байгаа. Өдгөө компаниудын хувьд цэвэр бизнесийн хэлэлцээр хийгдэж байна. Тодруулж хэлбэл энэ өдрүүдэд “Марубени”, “Оюу толгой”-н төлөөллүүд Токиод хэлэлцээрийн ширээний ард сууцгааж байгаа юм. Хэлэлцээр дуусах дөхөж байгаа аж. Гурван жилийн өмнөөс эрчимтэй яригдаж эхэлсэн Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ ирэх тавдугаар сардаа багтаж шийдэгдэнэ гэсэн мэдээлэл байна. “Марубени”-гийн хувьд эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэрийн машин, ложистик, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийд танигдсан том компани. Токио, Нагоягийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. “Мүүдис” агентлагаас зээлжих зэрэглэлийн BBB гэсэн сайн үнэлгээтэй. 22 оронд нийтдээ 34870 МВт суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцыг эзэмших, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон эрчим хүч үйлдвэрлэгч.

Түүх сөхвөл Таван толгойн нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станц барих шийдвэр гарч, төслийн нэгж байгуулсан жил нь 2013 он. Эрчим хүчний яамны дэргэд байгуулсан төслийн нэгж байгаль орчин нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ, нүүрс, ус, агаарын чанар, станцын байршил, цахилгаан дамжуулах агаарын шугам, станцын ус хангамжийн шугам хоолой, үнсэн сангийн нөөц газар зэрэг холбогдох 20 гаруй судалгааг хийсэн байдаг. Үүнээс гадна Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Нүүрс, Ус нийлүүлэх гэрээ, Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ зэрэг 15 гэрээний төсөл гээд нийт 5000 гаруй хуудас бүхий олон улсын стандарт, шаардлагыг хангасан баримт бичгийг боловсруулж дуусгажээ. Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 11 тусгай зөвшөөрлөө ч аваад байгаа. Сүүлд гэхэд л эрчим хүч экспортлох, импортлох тусгай зөвшөөрлөө авч байсан юм. Төслийн нэгжийнхэн олон улсын практикийн дагуу хийгдэх үндсэн ажлуудынхаа ард гарсан хэмээн тухайн үед байр сууриа илэрхийлж байж.

Төслийн техникийн зөвлөхөөр Австралийн “Wor­leyParsons” ажилласан бол санхүүгийн зөвлөхөөр Японы “Sumitomo Mitsui Banking Cor­poration” , хуулийн зөвлөхөөр АНУ-ын “Shearman & Ster­ling”, Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээг Английн “Mott MacDonald” компаниуд хийж гүйцэтгэсэн юм.

Төсөлд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчийг сонгохоор дэлхийд нэр хүндтэй бие даан эрчим хүч үйлдвэрлэгч 25 компанид санал хүргүүлснээс арав нь төсөлд оролцох сонирхлоо илэрхийлжээ. Үүнээс дөрвөн компанид нь Техникийн болон Арилжааны ажлын даалгавар хүргүүлсэн байна. Таван толгой Цахилгаан станц төслийн Удирдах хороо өнгөрсөн сарын сүүлээр Японы “Maрубени” корпорацийг “Шалгарсан хөрөнгө оруулагч”-аар тодруулсан юм. Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах явцад олон улсын аудитын “Делоитт Онч” компани хөндлөнгийн хяналт тавьж ажиллажээ. Америкт төвтэй уг компани дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал 200 мянга гаруй мэргэжилтэнтэй олон улсын зөвлөх компани.

Таван толгойн орд долоон тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Гуравны хоёр нь эрчим хүчний нүүрс. Тодруулж хэлбэл 4.6 тэрбум тонн нүүрсийг эрчим хүч болгож хувиргах ажил бодитойгоор эхлээд байгаа нь энэ. Таван толгойн станц жилд 1.5 сая тонн нүүрс хэрэглэнэ гэсэн урьдчилсан тооцоо гараад буй. Уурхайн аман дээр станц барих учраас тээвэрлэлтийн зардал бага гарна гэсэн давуу тал бий. Цахилгаан станц усаа 55 км-т орших Наймандайн хөндийгөөс газар доогуур шугам татаж авахаар тооцоод байгаа юм. Усны хэрэглээний хувьд Өмнөговийн хүн, амьтан, мал хэрэглэдэг цэвэр усны нөөцөд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй аж.

Станц ажиллаад эхэлбэл жилд 55 орчим сая ам.долларыг татвар хэлбэрээр төсөвт оруулна гэсэн урьдчилсан тооцоо гарсан байдаг. Орон нутагт газрын, усны нөөц ашигласны төлбөр гээд өгөх ёстой татваруудаа төлнө гэхээр Өмнөговийн хөгжилд ч шууд утгаараа нөлөө үзүүлээд явчихна гэсэн үг. Таван толгойн станцын барилгын ажилд 2000 орчим хүн оролцоно, станц бүрэн хүчин чадлаараа ажиллахад 300 орчим хүн байнгын ажлын байртай болох багцаа тоо дуулддаг.

Таван толгойн цахилгаан станц урьдчилсан тооцоогоор 13 жилийн дараа өртгөө нөхөх судалгаа гарчээ.Таван толгойн станцын хувьд ойролцоогоор 15 жилдээ багтаж зээлээ төлж, хөрөнгө оруулалтаа нөхөөд ашгаа хийж эхлэх бололтой.

Categories
мэдээ цаг-үе

С.Жавхлан: Энэ аянаа амжилттай хэрэгжүүлж ард нь гармаар байна. Өөр юу ч бодох завгүй явна

Баруун бүсийн аймгуудад өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтранИлгээлтийн эзэдаяныг зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд энэ сарын сарын 14, 16, 19-нд Монгол бөхийн өргөөнд тоглолт хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин С.Жавхлантай ярилцлаа.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан та хоёр ямар учраас энэхүү аяныг санаачилж, хэрэгжүүлэх болов оо?

-Энэ жил өвөлжилт хүндэрч байна. Хавар сунаад, цаг агаар хүйтэрч, салхи шуурга болох магадлалтай байгаа юм билээ. Гэтэл төлийн дуу ойртоод байдаг. Хахир хүйтэн өвлийг арай гэж давсан малчид хүнд байдалд орно шүү дээ. Миний хувьд малчин удмын хүн. Би малын махыг нь идэж, дээлийг нь өмсч, хөдөө нутагт морин дэл дээрээ хийсч явсан хүний хувьд энэ асуудал малчдад ямар хүнд тусдгийг мэднэ. Яс махаараа мэдэрсэн хүн. Ганц С. Жавхлан ч биш, монгол хүн бүр малчин удмаас гаралтай. Тэгэхээр энэ аянд ард иргэдээ идэвхтэй оролцоорой гэж “Өдрийн сонин”-оор уриалмаар байна.

Тоглолтын бэлтгэл хэр хийж байна?

-Т.Баясгалан бид хоёр “Хонгорхон үр минь”, “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” гэх мэт хит дуунуудаа тоглолтод дуулах болно. Цаг үеийн байдал маш шахуу, малчдын байдал хүндээр эргэх магадлалтай байгаа учраас бид тоглолтынхоо бэлтгэл зэргийг огоороод ганцхан зүйл рүү л зүтгэж байна. Хүнд сэтгэл байхад болно. Бид ямар ч гэсэн хэдэн дуугаа эвлүүлээд чадлынхаа хэрээр дуулна. Бүх зүйл сайхан болох байх аа гэж найдаж байна.

Т.Баясгалантай хамт дахин хослон дуулсан нь үзэгчдэд их хүрч байгаа. Эхнэртэйгээ дуулснаас илүү хандалт ирж байх шиг. Цаашдаа эхнэртэйгээ уран бүтээл хийх үү. Эсвэл Т.Баясгалантай хамтдаа уран бүтээлээ хийгээд явах уу?

-Хийлгүй яахав. Уран бүтээл гэдэг бидний хувьд томоохон бодлого төлөвлөлт, ажил хэрэг шүү дээ. Тийм учраас тухайн үедээ тэр үеийнхээ мэдрэмжээс хамаарч зөв, түмэн олонд нийцтэй, хүмүүст хэрэгцээтэй тийм л уран бүтээлийг хэнээс ч хамааралгүй хийнэ.Хэрэгтэй гэсэн үед би үүн дээр нээлттэй ханддаг л даа. Жишээлбэл, би Г.Хайдав багштайгаа хамтран дуулсан байдаг. Мөн гавьяат жүжигчин Амаржаргал, Дэлгэрмаатай дуулсан байдаг. Олон сайхан уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Цаашдаа Баясгалантай ч, эхнэртэйгээ ч хамтдаа уран бүтээл хийнэ.

Бие даасан ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Одоогийн байдлаар яг энэхүү аяндаа л анхаарлаа хандуулж байна. Нэн шаардлагатай байгаа ажлаа л хамгийн түрүүнд хийе.

С.Жавхлангийнх гэдэг айл нэлээд өнөр өтгөн болсон байх. Хэдэн хүүхэдтэй болсон бэ. Ахиад бүл нэмэх бодол байна уу?

-Миний хувьд үр хүүхдийнхээ асуудлыг нууцалдаг. Яагаад гэхээр надад ирж байгаа янз бүрийн хэл ам их байна. Тэр дотор сайн ч юм байна, муу ч зүйл их байна. Монголын ирээдүй хойч гэдэг утгаар нь миний хүүхдүүдэд энэ муухай зүйл битгий очоосой гэсэндээ би хүүхдүүдийнхээ талаар мэдээллийг нууцалдаг. Энэ хэл ам надаар дуусаасай гэж боддог. Тэд том болоод угаасаа бурхны заасан тавилан төөрөгөөр өөрсдийнхөө амьдралыг зохиогоод явна шүү дээ.

Уламжлалт ёс заншлаа дээдэлдэг таны хувьд хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаарч байна. Уламжлалт гэдэг утгаараа бусад ааваас арай өөр арга барилаар хүмүүжилдэг байх?

-Ямар ч эцэг хүн үр хүүхдэдээ муу муухай зүйлийг хүсэхгүй. Би ч мөн адил. Аль болох зөв үзэл санаатай, шулуун шударга хүн болгож хүмүүжүүлэхийг хичээдэг.

Танай гэр бүл үндэсний дээл хувцсаар өдөр тутамд гоёдог гэдэг утгаараа бусдаас ялгардаг. Өдөр тутмын хувцсаа гэргий тань урлаж байна уу. Эсвэл захиалгаар хийлгэдэг үү?

-Миний эргэн тойрны хүмүүс бүгд л үндэсний хувцсаа оёцгоодог. Ээжийн минь дүү нар, төрсөн дүү гээд ихэнх нь л үндэсний хувцсаа өөрсдөө урладаг. Миний эргэн тойрны бүх хүн намайг, мөн миний хэрэгжүүлж буй хөдөлгөөн, өрнүүлж буй аян, уриалсан уриалгыг минь сэтгэл зүрхнээсээ сайхан дэмждэг. Ер нь эмэгтэй хүн үйл урлана гэдэг өөрийнхөө болон үр хүүхдүүдийнхээ энэ насны амьдралын үйлийн үрийг нимгэлж байдаг юм гэнэ лээ. Гэтэл сүүлийн үед бүсгүйчүүд үйлийн үрээ нуруундаа үүрч дийлэхгүй шахам болж. Магадгүй энэ үйл урлалаасаа холдсоноос болоод ур ухаанаасаа цааргалж, ташаараад байна. Ийм учраас Монголд өнөөдөр бидний амьдралд нөлөөлөөд байгаа эдийн засгийн хямрал ирж байгаатай ч энэ зүйл хамаатай шүү дээ. Бүх хүн энэхүү уриалгыг минь хүлээж авах хэрэгтэй. Энэ санааг минь амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй.

Та болон таны эхнэр олон нийтийн арга хэмжээ, аливаа газар үндэснийхээ хувцастай явж харагддаг. Үүнээс болоод ч гэх юм уу таныг эхнэрийнхээ юу хийх, юу өмсөх зэргийг хязгаарлаж, зааварладаг ч гэх яриа бий?

-Хүн юугаа хийнэ хүний эрх шүү дээ. Сэтгэлийг нь мэдвэл биеийг нь мэд, биеийг нь мэдвэл айлыг нь мэд, айлыг нь мэдвэл отгийг нь мэд , отгийг нь мэдвэл усыг нь мэд гэсэн үг байдаг. Хүн сэтгэл оюундаа юу тунгааж, юу хийнэ тэр хүний сэтгэл оюуны асуудал. Миний хувьд аль болох энэ төрлийн уриалгыг эхнэртээ зөвөөр ойлгуулахыг хүсдэг. Зөвхөн миний гэр бүлийн хүмүүс ч биш. Миний энэхүү уриалгыг зөв зүйтэй гэж боддог хүн маш олон болчихсон.

Өөрийнхөө үзэл бодлыг эхнэртээ тусгах бус харин ч эхнэр тань таны гаргаж буй үйл хөдөлгөөн бүрийг дэмждэг байх нь ээ?

-Тийм. Энэ бол хүний эрхийн асуудал. Би зөвөөр ойлгуулахыг хичээдэг. Оюундаа юу гэж тунгаах нь хувь хүний хэрэг. Иймэрхүү зарчмаар л эхнэртээ ханддаг даа. Би бусад хүмүүст ч ингэж л ханддаг.

Та намд элсч, улс төрөөр нэг хэсэг амьсгалсан. Удахгүй сонгууль болно. Та энэ талаар ямар нэг юм бодож, төлөвлөж байна уу?

-Би баттай шийдвэр гаргаагүй байна. Сонгууль болох дөхлөө гээд өмнөө хийж байгаа ажлаа хаяад сонгууль гээд хөөцөлдөөд явах нь утгагүй. Яг одоо энэ аяныхаа амжилттай хэрэгжүүлж ард нь гармаар байна. Өөр юу ч бодох завгүй явна. “Илгээлтийн эзэд” тоглолтоо хүргэх вэ, хүнд хэцүү байгаа аймаг, малчдад яаж олон хүмүүс, олон байгууллагыг хамруулж, яаж Монголын хэмжээнд бүх хүнийг оролцуулах вэ гэдэг талаар бодож байна. Магадгүй намрын бэлтгэл ажлыг хийх анхааруулга, сануулгыг энэ тоглолтоороо өгч, дараа дараагийн жилдээ бүгд анхаардаг байх ийм зүйлийг уриалж эхлүүлж буйгаараа онцлогтой байгаа юм. Ер нь монголчууд амин хувиа хичээгээд, нэг нэгнийхээ улыг шагайгаад, нэг нэгэнтэйгээ таарамжгүй байгаа зүйлийг өнөөдөр хаяж үлдэн хөөх хэрэгтэй. Бид бүхэн нэгдэж Монголынхоо төлөө ажиллах цаг нь ирсэн.

Хоёр гавьяатын санаачилсан аян нэлээд өргөн хүрээг хамрах шинжтэй байна. Телевизийн цуврал нэвтрүүлэг хүртэл хийнэ гэлээ?

-Аяны хүрээнд нэлээд олон цуврал дугаар нэвтрүүлгийг олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна. Тухайлбал, энэ жил хонь, ямаа буюу бог малын тухай, төллөлттэй холбоотой ч юм уу нэвтрүүлэг бэлтгэж хүргэнэ. Дараагийн удаад тэмээ, тэмээний төлийг яаж хүлээж авдаг тухай гээд төлөвлөсөн ажлууд байна. Үүнд хичнээн хүн яаж хамтарч ажиллах нь л хамгийн чухал. Олон нийтийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд яаж хамтарч ажиллахаас шалтгаална. Цаашаа үргэлжлэхийн хувьд үргэлжилнэ. Монголчууд малтайгаа л байвал “Илгээлтийн эзэн” аян үргэлжилсээр байх болно. Монголчууд юунаас үүсэл гаралтайгаа, юуны хүчинд өдийг хүртэл амьдарч байгаагаа мэдэх, хүүхэд залуучууд бахархах тийм нөхцөл бололцоог нь хангах талаар “Илгээлтийн аян”- аар дамжуулаад “Хамаг Монгол” төсөл хэрэгжих болно. Энэ бол мөнхийн сэдэв гэж хэлмээр байна.

Тоглолтын тасалбар хэзээнээс худ,алдаанд гарах вэ. Ямар үнэтэй байх бол?

-Тоглолтын дотоод бүрэлдэхүүний асуудлыг одоогоор ярилцаж байна. Боловсрол шинжлэх ухааны яамны дэргэдэх Соёлын газраас зохицуулж бидэнтэй хамтарч ажиллах чуулга, урлагийн байгууллагуудыг нэгтгэх талаар яриа хэлцлийг хийж байгаа. Тоглолтын тасалбарын үнэ 20-25 мянган төгрөгийн хооронд яригдаж байна. Тасалбар ирэх долоо хоногоос эхлэн Монгол бөхийн өргөөний кассаар худалдаалагдана. Тухайн үедээ олон нийтэд мэдэгдэнэ.

Та түрүүн тоглолтод ирэхдээ бэлэг хэрэггүй. Нэг нэмнээ, нэг боодол өвс ч болтугай авчраарай гэж байсан. Та бүхний аянд нэгдэх хүсэлтэй хүмүүс хүсвэл тоглолт дээр ч хамаагүй хандив өргөж болох нь ээ?

-Хоёр жилийн өмнө болсон миний “Монгол мэндэлсэн өдөр” тоглолт дээр хүмүүс ямар бэлэг тоглолт дээрээ авмаар байна гэж байсан. Тэгэхэд нь би монгол дээлээрээ л гоёод ирээрэй гэж хэлж байлаа. Тэгвэл Т. Баясгалан бид хоёр “Илгээлтийн эзэд” тоглолт дээр ямар нэгэн цэцэг, бэлэг авахгүй. Харин та бүхэн минь хадагныхаа оронд нэмнээ хийгээд аваад ир. Цэцэгнийхээ оронд нэг боодол өвс ч гэсэн бариад хүрээд ир. Хамаагүй, бид тайзан дээр өөрсдийн биеэр хүлээгээд авна. Тоглолтоос олсон ашиг шууд малчдад очно. Тэгэхээр албан байгууллага, хувийн компани, нутгийн зөвлөлүүд гээд бүх л малчин удмын Монголдоо хайртай, элэгтэй хүмүүсийг малчдадаа туслаасай гэсэнд бидний зорилго оршиж байгаа юм. Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүний хүчээр, бусад түмэн олны хүчээр тэнд хэцүүдэж байгаа газруудад яг гарт нь аваачиж хүргэж өгөх нь бидний нэн тэргүүний зорилго юм. Та бүхний авчирсан хандивын зүйлсийг бид тухайн нутаг усанд нь тоглолтоороо очихдоо нэр устай нь зарлаж, хүлээлгэн өгөх болно. Бүх хүн аянд идэвхтэй сайхан оролцоорой гэж уриалмаар байна. БСШУЯ-наас хөдөө орон нутагт амьдардаг оюутнуудыг хэрвээ өөрсдөө хүсэх юм бол мал төллөлтийн үеэр 7-14 хоногийн чөлөө олгож хичээлээс нь чөлөөлнө гэсэн. Арван жилийн сурагчид хүртэл нэмнээ оёх аян өрнүүлж өнөөдөр дээжээс нь бидэнд хүлээлгэн өглөө. Ер нь холбогдох газрууд дор бүрнээ л боломж бололцоогоороо хамтарч ажиллахаа мэдэгдсэн.

Орон нутгийн тоглолт хэзээнээс эхлэх вэ. Монголыг бүтэн тойрч тоглолт хийх үү. Зөвхөн өвөлжилт хүндэрсэн аймгуудад очих уу?

-Улаанбаатар хотын тоглолт дуусмагц орон нутагт хаана хэзээ тоглолтоор очихоо мэдээлнэ. Цаг хугацаатай уралдаж аль болох тусламж хэрэгтэй байгаа хүмүүстээ эхний ээлжинд хүрч ажиллах болно. Монгол бөхийн өргөөнд эцэж цуцатлаа тоглолт хийсэн ч цаг алдахгүйгээр орон нутгийг зорих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэн даруй хүндэрсэн аймгуудад очоод цугларсан зүйлээ хүргэж өгчихөөд шаардлагатай гэвэл цаашаа орон нутгуудаар явах төлөвлөгөөтэй байна.

Э.Ариунзул

Categories
мэдээ цаг-үе

Бидний аав Жамбын Пүрэв гуталчнаас ажлын гараагаа эхэлсэн түүхч-зохиолч

Зүрхний хилэн”, “Аянга”, “Хөгжмийн эгшиг”, “Манан буданзэрэг түүхэн романуудаараа уншигчдыг байлдан дагуулсан хорьдугаар зууны монгол романч, “Монголын Александр Дюмахэмээгддэг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Жамбын Пүрэвийн ууган хүү П.Эрдэнэбат, отгон хүү П.Эрдэнэсүх нартай уулзаж аавынх нь тухай хууч хөөрөлдлөө.

Аавын тань тухай сайхан дурсамж хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Бичгийн их хүмүүн Жамбын Пүрэв гуай аль нутгийн хүн байлаа?

П.Эрдэнэсүх: -Бидний хайрт аав Ханхөгшин овогтой Жамбын Пүрэв 1919 онд одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт Өргөнширэг хэмээх газар мэндэлсэн хүн. Аав маань өвөө дээрээ өссөн юм билээ. Өвөөгийнх нь сүүлд ярьснаар аав битүүний орой төрж, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болж золгоход хоёр нас хүрсэн сонин түүхтэй. Нүүдэлч удмын малчин Жамба гэдэг хүн бол өвөө нь. Аав тэр үеийнхээ заншлаар Өвөрхангайн Онгийн хийдэд шавилан, төвд ном үзсэн байдаг. Хийдэд шавилж байгаад тэнхимийн сурагч болсон гэдэг. Тэнхимээ төгсөөд арван долоон настайдаа эгч Солио даган Их хүрээнд орж ирсэн.

П.Эрдэнэбат:-Соль эгчийн нөхөр Лоохуузын хамсаатан гэж буруутгагдаж байсан, АИХ-ын депутатаар гурав, дөрвөн удаа сонгогдож байсан, Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга Амгаагийн Отгонбаяр гэдэг хүн. Архангай аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа САА-нуудыг Удирдах газрын дарга Ц.Лоохуузыг нутагтаа очиход чонын анд явж байхдаа буугаа зээлдүүлж буудуулсан хэргээр буруутгагдсан байдаг. Энэ Отгонбаяр ах, Соль эгч хоёрыг дагаж аав хотод орж ирээд Аж үйлдвэрийн комбинатын гутлын фабрикт гуталчин болсон юм билээ.

Аав чинь гуталчнаас ажлынхаа гарааг эхэлж байжээ?

-Удалгүй арван найман нас хүрч цэрэгт татагдаж, Офицерийн сургууль төгсөөд, курсийн ажил эрхэлж байгаад намын шугамаар алба хашиж эхэлсэн. Намын шинэ хүчний дээд сургууль төгсөөд Улаанбаатар хотын Намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, Монгол Улсын их сургууль төгссөнийхөө дараа сургуулийнхаа намын ажилтан болсон байдаг. Хожим Москва хотноо Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг төгссөн. Аав маань өндөр боловсрол эзэмшсэн офицер, нам төрийн зүтгэлтэн, түүхч, сурган хүмүүжүүлэгч, зохиолч сэхээтэн хүн байж дээ. Ажлын хувьд үргэлж өсөж дэвжин Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд, Сангийн аж ахуйнуудыг удирдах ерөнхий газрын дарга, МАХН-ын түүхийн институтийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Хэвлэл утга зохиолыг хянах ерөнхий газрын дарга, нам засгийн “Үнэн” сонинд утга зохиолын ажилтан, Соёлын яамны дэргэдэх намын хорооны дарга, Монголын зохиолчдын эвлэлийн хороонд мэргэжлийн зохиолч зэрэг ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан хүн.

Уран бүтээлийн гараагаа яаж эхэлсэн байдаг бол?

-Аав нэг сонин түүх ярьдаг сан. Сэнгийн Эрдэнийн “Салхитын голынхон” тууж хэвлэгдэхэд аав шүүмж бичиж утга зохиолын ажлын гараагаа эхэлсэн гэдэг.

-“Монте Кристо гүн”, “Шадар гурван цэрэгзэрэг алдарт романуудыг бичсэн Францын их зохиолч эцэг, хүү Дюма нар таван зуу гаруй роман бичсэн гэдэг. Аав чинь харин Монголын утга зохиолд роман, туужийн өвөөрөө нэлээд дээгүүрт орох байх шүү?

-Аав өнгөрөгч зууны тавиад оноос эхлэн хариуцлагатай албан тушаалуудыг хашихын зэрэгцээ гучаад роман, хорь гаруй тууж, хоёр зуу орчим өгүүллэг, найруулал, мөн дуурийн цомнол, жүжиг, киноны зохиол туурвисан. Аав маань туйлын хөдөлмөрч хүн байснаар нь бид бахархдаг. Монголын утга зохиолыг хөгжүүлсэн хувь нэмрийг нь мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид олонтаа бичсэн байдаг. Хувийн сахилга бат үнэхээр сайтай. Цаг зохицуулахдаа сайн. Өрх гэрийн тэргүүн хүнийхээ хувьд мундаг хүн байлаа. Эдгээрээс “Аянга”, “Зүрхний хилэн”, “Манан будан”, “Хөгжмийн эгшиг”, “Гурван зангилаа”, “Хубилай хаан” зэрэг романуудаараа түүхийн баримтыг уран зохиолын аргаар дүрслэх явдалд бие даасан дэг сургуулийг бий болгосон гэж утга зохиолын судлаачид дүгнэн үнэлсэн байдаг. Өөрөө бие даасан түүхч хүн. Архивт их сууна. “Зүрхний хилэн” романыг нь Монголын утга зохиолын хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж төрийн шагнал олгосон. Түүхийн сэдэвт бүтээлүүдийн зэрэгцээ шинэ цагийн амьдрал, үйл явцыг олон талаас нь харуулсан “Ундрах инженер”, “Аадар бороо” гэх мэт роман бичсэнийг уншигчид ихэд таашаадаг юм билээ. “Мянган захидал” романыхаа гол дүрийг бидний ээж, гэргий Дагвын Дулмаагийнхаа ажил амьдралаас сэдэвлэн багш хүний алдар гавьяаг дуурсгасан даа. АНУ-ын Блүүмонгтоны их сургуулийн монголч эрдэмтэн Хангины Гомбожав гуай аавын “Хөгжмийн эгшиг” романыг уншаад “Миний амьдралыг биччихсэн юм шиг ямар гайхамшигтай зохиол вэ” гэж хожим аавтай танилцаж, үй зайгүй найзалсан байдаг.

Та бүхний ээж ямар мэргэжилтэй хүн байв?

-Аав МУИС-ийн намын хорооны ажилтан байхдаа уран зохиолын ангийн оюутан Дагвын Тамара хэмээх охинтой танилцаж гэр бүл болсон нь бидний сайхан ээж байж. Ээж тэр үеийн заншлаар эх барьж авсан орос эмчийнхээ нэрээр нэрлэгдэж байгаад хожим Дулмаа хэмээн нэрээ сольсон түүхтэй. Өвөө маань Батмөнхийн Дагва гэж Дорноговь аймгийн Хар-Айраг сумын уугуул, намын хорооны дарга хүн байсан. Ээж маань монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжил эзэмшээд нийслэлийн тавдугаар дунд сургуульд хорин долоон жил багшилж байгаад тархинд нь цус харваж гэнэт нас барсан.

Нэрт зохиолчийнх маань хэдэн хүүхэдтэй айл билээ?

-Ууган хүү Эрдэнэбат. Эрхүүгийн Улс ардын дээд сургуулийг 1977 онд төгссөн эдийн засагч. Удаахь хүү Эрдэнэхүү ЗХУ-ын Киев хотноо барилгын инженерээр сурч байгаад Монголдоо ирж Политехникийн дээд сургууль дүүргэсэн. “Урлах эрдэм” дээд сургуулийг үндэслэн байгуулагч. Гутгаар хүү П.Эрдэнэбаяр Волгоградын мөрдөн байцаахын дээд сургууль төгсгөн, улсынхаа хууль-тагнуулын салбарт ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. Австрийн нийслэл Вена хотноо НҮБ-ын дотоод хяналтын албанд Монгол Улсаасаа шалгаран сонгогдож ажилласан төдийгүй Олон улсын улаан загалмайн нийгэмлэгт ажиллаж байсан туршлагатай хуульч байна. Отгон хүү Эрдэнэсүх Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын их сургуульд 1985-1990 онд суралцаж төгссөн утга зохиолын судлаач-шүүмжлэгч мэргэжилтэй нэгэн дээ. Эрдэнэсүх Ж.Лхагва, С.Оюун, Д.Чинзориг, Ж.Сарантуяа, Д.Намсрай, М.Баттөмөр, О.Чинбаяр, Анандбазар нарын нэрт зохиолч, яруу найрагч, орчуулагчидтай нэгэн үед суралцаж төгссөн аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн. Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд ажиллаж байгаад Германы Бонн хотод монгол судлалын мэргэжлээр төгссөн дөө.

Жамбын Пүрэв гуай шиг хөдөлмөрч зохиолчийнх тухайн үеийнхээ нийгэмд тасархай, тансаг амьдралтай айл байв уу?

-Манай аав ээж хоёр хүний амьдралын материаллаг талыг дээдлэхээс илүү оюун санааны хөгжил, боловсрол, хүмүүжилд голлон анхаардаг хүмүүс байлаа. Хаана л шинэ үзэсгэлэн гарна, шинэ жүжиг тавигдана, тэр бүхнийг үр хүүхдүүддээ үзүүлж харуулна. Аав ээж хоёр хоёул их ажилсаг хүмүүс байсан. Аав өглөө эрт босоод зохиолоо л бичиж сууна. Бид үнэтэй хувцас өмсөөд, ганган машин унаж тансаглаж явсангүй. Гэхдээ биднийг хэнээс ч дутуугүй өсгөж, орох оронтой болгоно гэдэг чинь бас л хөрөнгө оруулалт хэрэгтэй байж таараа. Хамгийн гол нь бидний гадаад хэлний боловсролд их анхаардаг байсан.

Та дөрөв үр үндэс хэд болж мөчирлөв?

-Аав ээжийн хүү нь болсон бид дөрөв бүгд хүү, охин хоёр хүүхэдтэй айлууд. Хэрвээ тэр хоёр маань мэнд сэрүүн сэн бол найман ач, таван гучтай болоод байна даа.

Нууц биш бол нэрт зохиолчийн бэрүүд ямар хүмүүс байдаг бол?

-Эрдэнэбатын гэргий Б.Туул Москвад төгссөн гутлын зохион бүтээгч. Одоо ч мэргэжлээрээ ажиллаж байна. Удаахь бэр Г.Тунгалаг Ленинградын их сургууль төгссөн философийн эрдэмтэн. “Урлах эрдэм” дээд сургуулийг ханийн хамт үндэслэн байгуулж, захирлаар нь ажиллаж байгаа. Гутгаар бэр А.Батцэнгэл Эрхүүгийн их сургууль дүүргэсэн орос хэлний багш-олон улсын орчуулагч мэргэжилтэй хүн байна. Дөрөв дэх бэр И.Оюун М.Горькийн утга зохиолын их сургуулийг ханьтайгаа хамт төгссөн орчуулагч хүн байна даа.

ЖАМБЫН ПҮРЭВИЙН ХЭВЛЭГДСЭН РОМАНЫ ЖАГСААЛТ

Романы нэр Зохиосон он Хуудасны тоо

1. Хөгжмийн эгшиг 1967 227 2. Аянга 1968 555

3. Гурван зангилаа 1971 583 4. Ундрах инженер 1975 315

5. Аадар бороо 1977 617

6. Мянган захидал 1980 647

7. Зүрхний хилэн 1983 996

8. Манан будан 1988 1050

9. Сэтгэлийн дуулал 1991 577

10. Сүмбэр хангай өршөөсөн заяа 1994 411

11. Алтан очирт титэм 1996 492

12. Гамшиг зовлон 1996 331 13. Бүргэд харьд үүрлэдэггүй 1998 279

14. Хөшөө чулууны захиас 1999 310 15. Чонын үүр 2001 261 16. Гэмшил ухаарал 2001 445

19. Буруу харсан хатиг 2001 160

17. Боржин цохио доргилоо 2002 413 18. Нууцалсан тайлан 2002 199

20. Хүн чулуу 2003 281

21. Хубилай хаан 2003 427

22. Ичих нүүргүй ертөнц 2003 246 23. Нүгэл нүглээ дагадаг 2003 255

24. Босоо ороолон 2004 258 25. Үхээрийн сүнс 2004 260

26. Мөхөлтэй өрсөлдсөн он жил 2005 265 27. Шуналын ян 2005 291

28. Их өргөөний голомт 2006

29. Үнэний эрэлд 2007

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хахир цагийн морин уралдааныг хэн ч тоож үзмээргүй байна

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүүхэд болон боолын хөдөлмөрөөр бүтсэн бараа бүтээгдэхүүнийг импортлохгүй байх хуулийн шинэ төсөлд гарын үсэг зурсан юм. Энэ талаар гадны томоохон хэвлэл мэдээллээр “АНУ 85 жилийн туршид үргэлжилсэн хуулийн цоорхойгоо бөглөж чадлаа” хэмээн онцолж байх юм. Урьд нь энэ талаар ярьдаг байсан хэдий ч дотоодын эрэлт хэрэгцээт бараа гэсэн шалтгаанаар хил гаалиар нэвтрүүлэх боломжтой байжээ. Харин одоо АНУ-ын Ерөнхийлөгч “Хэн нэгэн хүний хөдөлмөрийг мөлжин, хүнд хэцүү нөхцөлд багахан өртгөөр боолчлон бүтээсэн бараа бүтээгдэхүүнийг авч тэднийг дэмжихгүй ээ. Бас хүүхдийг хөдөлмөр эрхлүүлж, тэдний амь нас, эрүүл саруул өсөн бойжих боломжийг сүйтгэн байж бий болгосон юуг ч болов авахгүй шүү” гэж хатуу анхааруулж байна. Ингэснээр Зүүн Өмнөд Ази тэр дундаа Тайландаас авдаг далайн бүтээгдэхүүнүүд, Африкаас хүүхдээр олборлуулдаг алт алмаз, бангладеш, энэтхэг эмэгтэйчүүдийн хөлс цустай хамт нэхэгддэг даавуун эдлэл, хивс, Туркийн газрын самар гээд олон бүтээгдэхүүн хориотой бүтээгдэхүүн болж таарч байгаа юм. Мэдээж, зах зээлийн эрүүл тогтолцоот хөдөлмөрийн хуваариар үнэлж, хүүхдүүдээр хийлгэхээ байчихвал тэр бараа бүтээгдэхүүн урьдын адил зарагдаж ашиг олох боломжтой л доо.

Обамагийн гарын үсэг зурж баталгаажуулсан энэ шийдвэр, энэ чиг хандлага сүүлийн жилүүдэд дэлхийд маш хүчтэй яригдаж байна. Одоогоос хоёр жил гаруйн өмнө дөө, Австралийн Аделейдийн их сургууль дээр болсон нэгэн лекцэн дээр суусан юм. Тэр лекцийг хэд хэдэн мундаг багш нар нийлж хийнэ гэсэн зар тавьсан байсныг харснаас үнэндээ юуны тухай ярихыг нь ч мэдээгүй очлоо. Гэтэл тэд хүмүүсийн хөдөлмөрийг мөлжиж маш хямд үнээр их ажил хийлгэдэг явдал дэлхийд газар авч байгаа талаар онцолсон юм. Олон жилийн өмнө Хятадад ийм байсан бол одоо эдийн засаг нь хөгжөөд ажиллах хүчний хөлс өндөр болж, Бангладеш, Вьетнам руу энэ мөлжлөг шилжсэн. Цаашлаад Камбож энэхүү хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болох хандлагатай гээд ярьж өгч байна аа. Тэгээд 2013 оны дөрөвдүгээр сард Бангладеш улсад болсон оёдлын үйлдвэрийн ослын талаар ярьж, эзэн нь байшинг нурахыг мэдэж байсан боловч хүмүүстээ хэлээгүй. Тэр хүмүүс сарын хэдхэн ам.долларын төлөө ажиллаж, эцэст нь амиа алдсан. Хохирогчид нь дандаа эмэгтэйчүүд байсан гэхчилэн лекц маань үргэлжилсэн. Хамгийн сүүлд нь Австралийн ийм, ийм компани хямд хүчээр бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж нааш авчирдаг. Тиймээс та бүхэн тэнд боолын хөдөлмөр эрхэлж, мөлжүүлж байгаа ази эмэгтэйчүүдийн төлөө энд байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх ёстой. Хэрэв та нар энд худалдан авалт дээрээ бойкот хийж чадвал тэнд байгаа хүмүүст тусалж чадна хэмээн төгсгөсөн юм. Ерөнхийдөө эхэндээ жаахан хол санагдаж байсныг нуух юун. Гэхдээ бид өнөөдрийн мах сүүгээ ярьж, аль болох бараа бүтээгдэхүүн хямд байхыг шаардаж байдаг бол хөгжсөн орны хүмүүс эндэх амьдрал биш тэнд байгаа хүний төлөө сэтгэлээ чилээж дараагийн юманд санаа зовж эхэлдэг юм байна. Хэзээ бид ингэж өөрийнхөө биш өөр хүний төлөө санаа зовдог болох юм бол доо гэж бодож байж билээ.

Өнөөдөр дэлхий ийм л болж. Нохойн оромжоос дор нөхцөлд зөвхөн бор хоногийнхоо хоолны төлөө цаг наргүй ажиллаж байгаа хүн тэр дөнгөнөөсөө гарч чадахгүй учраас дэлхийн нөгөө бөөрөнд байгаа арай чадалтайхан нэг нь “Ийм барааг авахгүй ээ. Хүний хөдөлмөрийг үнэлсэн шиг үнэлсэн байвал танай барааг авъя ” гэж хэлж тусалж байна л даа. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар дэлхийд 20.9 сая хүн хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болж энэ хууль бус зах зээлээс жилд 150 тэрбум ам.долларын ашгийг зарим нөхөд олдог гэсэн тооцоо бий. Энэ олон сая хохирогчийн чамгүй олон нь хүүхдүүд байдаг. Сүүлийн жилүүдэд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрөөр бүтсэн байтугай хүүхдийн хөдөлмөр орсон бүгдийг эргэн харахыг ярих болсон нь ч учиртай.

Монголчууд Зааны ясан эргийнхэн шиг какаоны үйлдвэрлэлээ хүүхдэд даатгаж, Гана шиг алт олборлуулдаг аймшигтай улс биш. Гэхдээ манайхны уламжлал болгон ирсэн хурдан морины уралдаан бага насны хүүхдийн амь насыг эрсдэлд оруулдаг гэдгээрээ яах аргагүй анхаарал татах боллоо. Мэдээж, төрт ёсны уламжлал болсон наадмаараа хүлэг сайхан морьдоо уралдуулалгүй яахав. Гэхдээ хаврын хахир цагаар хөр цас, хөлдүү мөсөн дээгүүр морьдоо уралдуулж, тэр нь алгын чинээ хүүхдүүдийн амь насанд аюул дагуулж байна гэхээр аймшигтай. Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвийн судалгаагаар өнгөрсөн гурван жилд гэхэд зургаан хүүхэд ийм шалтгаанаар нас баржээ. Гэтэл энэ нь мориноос унасан гэж Гэмтлийн эмнэлэгт ирээд амь насаа алдсан хүүхдийн тоо шүү дээ. Түүнээс хөдөө орон нутагт багийн уралдаан, ургийн баяр гээд хамгийн их осол гэмтэл гардаг уралдааны үеэр хэд ч гэмтэж, хэд ч үрэгдсэн байдаг юм, бодохоос аймаар. Манайд Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжоор 7-гоос дээш насны хүүхдээр морь унуулна гэж заасан байдаг. Монголчууд морины нуруун дээр гурав, дөрвөн настайгаасаа гардаг гэж үзэхэд 7-гоос дээшээ гэж заасан нь их харж үзсэн юм шиг санагдаж болох юм. Гэвч олон улсын байгууллага, гадныхны нүдээр бол энэ бол аймшигтай л хэрэгт тооцогдоно.

Бид морио уралдуулдаг шиг арабууд тэмээгээ бас уралдуулна. Тэдний ганц бөхтэй тэмээний уралдаан бас сүртэй болдог гэдэг. Арабын баячууд тэмээн уралдааны үеэрээ манайхны морь мал гэдэг нөхдөөс илүүдэнэ үү гэдгээс дутдаггүй байж таарна. Гэхдээ Арабын орнууд тэмээгээ хүүхдүүдээр унуулдаг нь хэл ам дагуулж, олон улсын эсэргүүцэлтэй тулгарснаар 15-аас доош насны хүүхдээр унуулахыг хориглож эхэлжээ. Ямартай ч Катар, Арабын Эмиратад хориглосон байгаа юм билээ.

Манай сонин олон жилийн турш хүүхдээр уралдааны морь унуулахыг тэр дундаа хавар цагийн морин уралдааныг эсэргүүцэж, цөөнгүй олон нийтлэл, сонины зай талбайгаа зориулж ирсэн. Тэгвэл дэлхий нийтээр аливааг эсэргүүцэн зогсоохдоо өөр, өөрийн чадахаар арга хэмжээ авч байгаа шиг хаврын хахир цагт хүүхдээр морь унуулахыг эсэргүүцэхийн тулд ерөөсөө тэрхүү уралдааныг очиж үзэж, түүнийг нь хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилж сурталчлахыг байчихъя л даа. Өнгөрсөн ням гаригт болсон Дүнжингарав наадмын үеэр хүн малаасаа илүү машин тэрэг цугларч, наадмаас дутуугүй л хөл хөдөлгөөн боллоо гэж дуулдсан. Харамсалтай нь бас л арав гаруй хүүхэд мориноос унаж гэмтжээ. Бүр хоёр ч хүүхдийн шилбэний яс хугарсан гэнэ. Уг нь бүс, улсын чанартай уралдаанууд аюулгүй байдалд гойд анхаарч хичээдэг гэдэг. Гэхдээ л хүүхэд бол хүүхэд, давхиж яваа адгуусан дээр тэгээд цас мөстэй замд давхиж байгаа тохиолдолд ямар ч эрсдэл гарч мэднэ. Харин бид хаврын морин уралдааныг явуулж байгаа тэр газарт нь очихгүй, тэрнийг нь олон нийтэд мэдээлэхгүй гээд үл хайхарч эсэргүүцлээ илэрхийлээд эхлэх хэрэгтэй юм байна. Түүгээр үл барам тэнд очсон улсуудыг хүүхдийн эрхийг хүндэтгээгүй, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, хүүхдийг зугаа цэнгэлийн хэрэгсэл болгохыг зөвшөөрч байна гэж үзвэл таарах юм. НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад байгууллагуудын хамтран хийсэн “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” гэсэн судалгаанаас анхаарал татсан олон баримтыг харж болно. Монголд хурдан морины уяач хүүхдүүдийн 64 хувь нь 13-аас доош насныхан байна. Бас тэдний сурч боловсрох эрх ямагт зөрчигдөж, толгой болон мөчдийн гэмтэл, ясны хугарал, хөлдөлт осголт, амьсгалын замын өвчин, дотор эрхтний доргилт, өвчлөл, нүдний эвэрлэг бүрхүүлийн гэмтэл авдаг нь тодорхой болжээ. Энэ бүхэн нь олон улсын ойлголтоор хүүхдийн аюултай хөдөлмөр эрхлэлт гэж шууд тооцогдож байна. Түүнчлэн амь нас, боловсролд нь сөргөөр нөлөөлөхөөс гадна уралдаан тэмцээн нь бооцоот болоод ирэхээрээ тэвчишгүй хөдөлмөр болж байгааг дурджээ. Хүүхдүүд сонирхлоороо унадаг гэж хэлдэг ч цаанаа ар гэрээ авч явдаг, эдийн засгийн ашиг сонирхлоор эцэг эх нь хүүхдээ морь унуулж байгаа нь байдлыг ноцтой болгодог. Тэгэхээр бид хүүхдээ хаврын цагт хурдан морь унуулж байгаа эцэг эхийг, уяач эздийг шүүмжлэн тэдэнд нөлөөлж байж олон жил яриад дийлэхгүй байгаа асуудлаа шийдэж чадах болов уу.

Одоо АНУ-д Тайландын боолын мөлжлөгөөр далайгаас шүүрдэж импортолдог сам хорхой, далайн бүтээгдэхүүнийг борлуулдаг Costko сүлжээ дэлгүүрт их хэмжээний торгууль ногдуулах талаар яригдаад эхэлсэн байна. Бас сүүлийн үед дэлхийн хүнсний том гигант “Nestle” компанийг Зааны ясан эргээс какаогоо авч хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гээд шүүмжилж эхэлсэн нь ч учиртай. 2015 оны байдлаар Зааны ясан эрэгт 2.12 сая хүүхэд какаоны үйлдвэрлэлд ажиллаж байгаа бөгөөд өдөрт 40 центийн хөлстэйгөөр ажилладаг нь мөлжлөг гэгдэж буй. Тэгэхээр хүмүүс өөр орны хүүхдийн нулимсаар бүтсэн шоколадыг амтат гэж хүүхдэдээ авч өгөх нь буруу гээд эхлэхээр л тэр компанийн ч борлуулалт буурна, эргээд нөгөө компаниуд ч хариуцлагатай байж, өөр эх сурвалжийг хайж эхэлдэг. Тэгэхээр бид олон жилийн турш яриад дийлэхгүй байгаа асуудлаа шийдэхийн тулд энэ л аргыг хэрэглэе. Ерөөсөө хүүхдийн амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж өөрсдийгөө зугаацуулан, нэр алдар олж бас бооцоо, бай хожиж байгаа тэр хүмүүстэй нь ярьж, тэднийг үл тоож, бас тэдний үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг нь авахгүй, бизнесийг нь дэмжихгүй болцгооё. Тэрний тэр морь түрүүллээ гэдэг цол гуншинг нь дуудахыг үл тоож, хэний ямар морь түрүүлснийг хэвлэлээр зарлалгүй, хэн ч тоохгүй бол тэд ч бас тэгж шунан дурлаж, хөөрч тэмүүлдгээ больж таарна.