Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Би Ерөнхий сайдтай бодлогоор мэтгэлцье гэсэн

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг энэ сарын 12-ны өдөр халз мэтгэлцээнд урьсан. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүний урилгыг зөвшөөрсөн эсэхээ өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй байгаа аж. Тиймээс О.Баасанхүү гишүүн өнөөдөр мэдээлэл хийв.

Тэрбээр “Ерөнхий сайд мэтгэлцээнд оролцохоо надад хариу ирүүлээгүй байна. Би бодлогоор мэтгэлцье гэсэн. Хуримтлалын сан бүрдүүлэх, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулиар мэтгэлцэнэ. Ерөнхий сайд хүн томилогдонгуутаа хоёр хөрш орон эсвэл хөдөө орон нутагт томилолтоор явдаг. Гэтэл энэ хүн аль алиныг нь хэрэгжүүлсэнгүй. Мянган тэмээний баяр болоход УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангайд очиж, 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хэрэгжилтийг танилцуулсан байна. Тиймээс Ерөнхий сайдын ажлыг Ч.Сайханбилэг биш З.Энхболд удирдан хийгээд байна уу гэсэн бодол төрж байгаа. Хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайд хариу өгөх ёстой. Хэрвээ хариу өгөхгүй бол түүнийг мэтгэлцээнд оролцохоо илэрхийлж байна гэж ойлгож хүлээж авч байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

“Реал” шөвгийн наймд үлдэв

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээгийн хариу тоглолтууд эхэллээ.

Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Реал Мадрид” клуб талбайдаа Италийн “Рома” клубийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авав. Эхний тоглолтод “Реал” өрсөлдөгчөө талбайд нь 0:2-оор хожсон. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:0-ээр хожиж, шөвгийн наймд үлдэж байгаа юм. Энэ удаагийн тоглолтын 64 дэх минутад Роналдо гоолдож, Аваргуудын лигийн энэ улирлын 13 дахь гоолоо оруулсан. Ингэснээр мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж байна. Харин “Реал”-ын хоёр дахь гоолыг 68 дахь минутад Хамес Родрегис оруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Татвараа төлөөгүй жолоочийн бичиг баримтыг хурааж байна

Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжид ИТХ-ын 28 дугаар тогтоолд үндэслэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь тооцож татварт хамруулна гэж заасан байдаг.

Тиймээс өнгөрсөн хоёрдугаар сард хоёр болон долоогоор төгссөн жолооч нар албан татвараа төлсөн. Харин энэ сард гурав болон наймаар төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч нар татвараа төлөх учиртай. Хэрэв тухайн жолооч заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд замын цагдаа нар зогсоож торгох, бичиг баримтыг нь хураан авах зэрэг арга хэмжээ авч байгаа юм байна. Ингэхдээ тухайн жолоочийн бичиг баримтыг зогсоосон дүүргийнх нь татварын хэлтэст аваачиж өгч байгаа аж. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт явж байхад цагдаа зогсоогоод татвараа төлөөгүй байвал бичиг баримтыг нь хурааж Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст аваачиж өгнө. Тухайн жолооч бичиг баримтаа авахдаа тэр дүүргээс л очиж авах юм байна.

Мөн гааль, татвар, Авто тээврийн үндэсний төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран сүүлийн дөрвөн жил ямар ч оношилгоо, шинжилгээнд ороогүй, татвар төлөөгүй, замын камерт өртөөгүй машинуудыг улсын бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн. Одоогоор 700 орчим машины дугаарыг улсын бүртгэлээс хассан байна.

Categories
гадаад мэдээ

Шараповагийн тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлэв

Талбайн теннисчин Мария Шарапова Австралийн нээлттэй тэмцээнд оролцох үеэрээ сэргээшийн шалгалтад унажээ. Өнгөрөгч есдүгээр сард түүнээс илэрсэн “мелдонум” хэмээх бодисыг допингийн төрлийн жагсаалтад оруулахаар болж, энэ шийдвэр нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн аж.

“Grand Slam” тэмцээний таван удаагийн аварга Мария Шарапова 2006 оноос хойш гэр бүлийн эмчийн зөвлөснөөр мельдоний гэх эмийг хэрэглэж байснаа хүлээсэн юм. Энэ талаар Шарапова өөрөө хэлэхдээ “Өнгөрөгч арванхоёрдугаар сард допингийн бодлого шинэчлэгдэж байгаа талаар и-мэйл ирсэн. Гэхдээ ямар төрлийн бодис шинээр нэмэгдэж байгаа талаархи жагсаалт ороогүй байсан” гэжээ. Олон улсын талбайн теннисний холбооноос түүний эрхийг түдгэлзүүлэхээ мэдэгдсэн байна.

Харин үүний дараа спорт хувцасны “Nike”, Швейцарийн цаг үйлдвэрлэгч “Tag Heuer”, Германы автомашин үйлдвэрлэгч “Porsche” брэндүүд Мария Шараповатай байгуулсан хамтын ажиллагаагаа зогсоож эхэлжээ.

Мария Шарапова Америкийн “Nike” брэндтэй 11 настайгаасаа хойш хамтарч ажилласан аж. 2010 онд тус брэндтэй хамтран ажиллах 70 сая ам.долларын хөлстэй найман гэрээнд гарын үсэг зурж байжээ. Харин “Tag Heuer” өнгөрсөн жил хугацаа нь дууссан хамтын ажиллагааны гэрээгээ сунгахаар Мария Шараповатай ярилцаж байжээ. Мөн Германы “Porsche” брэнд 2014 онд Мария Шараповаг анхны эмэгтэй төлөөлөгчөөр нэрлэж, гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ визний шаардлагаа өндөрсгөхөөр болжээ

Өмнөд Солонгосын Засгийн газар урт хугацааны визийн хүсэлт гаргагчдад сүрьеэ өвчний урьдчилсан шинжилгээ хийлгэх шаардлага тавихаар төлөвлөж байгаагаа зарлав. Тодруулбал, сүрьеэ өвчинтэй гадаад ажилчдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газар визний шаардлагаа өндөрсгөхөөр болсон байна.

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, тус улсад оршин суух гадаад иргэдийн дотор сүрьеэ өвчний илрэл 2009 онд 637 байснаа 2014 онд 1858 болж бараг гурав дахин өсчээ. 2014 онд илэрсэн өвчтөнүүдийн 63 хувь нь эрэгтэйчүүд аж. Насны хувьд 34.2 хувь нь 30 хүртэл насныхан, 19.7 хувь нь 40 хүртэл насныхан, 18.1 хувь нь 60 хүртэл насныхан, 17.3 хувь нь 50 хүртэл насныхан, 6.5 хувь нь 70 хүртэл насныхан байгаа гэжээ.

Мөн тус улсын эрх баригчдын сэжиглэж байгаагаар, гадаадын иргэд өвчнөө эмчлүүлэхээр Өмнөд Солонгост ирдэг байж болзошгүй. Учир нь Солонгост сүрьеэ эмчлүүлэхэд үнэ төлбөргүй байдаг аж. Хэрвээ ийм зорилгоор Өмнөд Солонгост ирсэн нь батлагдвал эмчлүүлж дууссаны дараа албадан гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд харах үйлчилгээнд 9000 хүүхдийг хамруулна

“Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч хүүхэд асрагч бэлтгэх, хүүхэд харах үйлчилгээний байрыг нэмэх зэрэг олон ажил хүлээгдэж буй. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-тай холбоотой ХАХНХ-ын сайдын хоёр тушаал гарч, яг өнөөдрийн байдлаар 1,8 тэрбум төгрөг Хүүхдийн төлөө газрын дансанд шилжсэн байна. Энэ улиралд багтаагаад хүүхэд харагчдад уг мөнгийг хуваарилан олгох аж. Үүнээс өмнө Сангийн яамнаас орон нутагт квот тогтоох юм байна. Цэцэрлэгт ороогүй бүх хүүхдийг хамруулах боломжгүй учраас эхний удаад 9000 орчим хүүхэд хамруулах болжээ. 1700 хүүхэд харагч бэлтгэхээс 1680 асрагч бэлтгэгджээ. Тэдний 1000 орчим нь стандартад нийцсэн байр саваа бэлтгээд, зөвшөөрлөө авч эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдөр гурван хүн нас баржээ

Энэ сарын 8-9-нд Цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 137, зөрчлийн 1337, согтуугийн 447, зам тээврийн ослын 280 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 21 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Улаанбаатар хотод золгүй байдлаар гурван хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 24, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 2, залилан мэхлэх гэмт хэрэг 2, зам тээврийн хэрэг 5, осол 10 гарч 5 хүн гэмтсэн байна.

Categories
мэдээ улс-төр

ИЗНН-ын 16 жилийн ой тохиож байна

ИЗНН байгуулагдсаны 16 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан тус намын Ц.Ганхуяг намынхандаа мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр мэндчилгээндээ “Хүний хувьд 16 нас нь аав ээжийнхээ гараас гарч амьдралын алтан босготой золгосон, улс орныхоо иргэний үүргээ биелүүлэх хариуцлага үүрч эхлэх цаг хугацааг харуулсан нэн чухал үйл явдал билээ. “Сайн цагийг бид авчирна” уриатай Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ынхан өнөөдрийг хүртэл бартаа саадыг даван туулсаар хэлэх үгтэй, хийсэн ажилтай, Ногоон хөгжлийг тугаа болгон намируулсан шигээ улс төрийн бусад хүчнийг манлайлж явна. Улс төрд хат сууж, наад захын доргилтод огт торохгүй хээв нэг буурь заах насанд хүрсэн намынхаа нийт гишүүд, дэмжигчдэд чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө улам их амжилт гаргахыг хүсье.Хөх Монгол минь мөнхөд мандан бадраг” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хавдартай иргэд галт тэргээр үнэгүй зорчиж эхэллээ

“Улаанбаатар төмөр зам”-аас өнгөрсөн сард хавдартай иргэдийг жилдээ нэг удаа төмөр замаар үнэгүй зорчуулах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ сараас хэрэгжиж эхэлж байгаа юм байна.

“Улаанбаатар төмөр зам”, “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ байгууллага хамтран энэ ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд төмөр зам дагуу байрладаг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймгийн хавдартай иргэд энэ үйлчилгээнд хамрагдах аж. Учир нь эдгээр аймагт жилд 800 орчим хүн хавдрын өвчлөлтэй хэмээн оношлогддог бөгөөд орон нутагт хавдрын эсрэг эмчилгээ, мэс заслын үйлчилгээ хүртээмж муутай байдгаас Улаанбаатарыг зорьдог байна. Иймээс эдгээр иргэдийг жилд нэг удаа галт тэргээр үнэгүй зорчих нөхцөлийг хангаж байгаа юм.

Үнэгүй зорчих иргэдэд тодорхой насны хязгаартай ба хорт хавдраар оношлогдсон 18 нас хүртэлх хүн, мөн 55-аас дээш насны ахмадууд багтах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчийг шүүх хурал өнөөдөр болно

Өнгөрсөн оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очсон байдаг. Улмаар нэг алба хаагч нь зодуулсны улмаас амиа алдсан хэрэг гарсан юм.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн байна. Шүүх хурал өнөөдөр болохоор товлогджээ. Хэрэгт Б.Өлзийбуянг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 10-15 жилийн хорих ял оноох хуулийн заалттай аж.