Categories
мэдээ эдийн-засаг

Төсөв 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Сангийн яамнаас улсын нэгдсэн төсвийн энэ оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийг гаргажээ.

Гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 90.2 хувийн, нийт зарлага 63.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Ингэснээр төсвийн нийт тэнцэл 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан аж. Төсвийн орлого дутуу төвлөрөхөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 13.0 тэрбум, импортын барааны НӨАТ-ын орлого 10.6 тэрбум, төсөвт байгууллагуудын орлого 17.5 тэрбум, гадаад хандив тусламжийн орлого 63.9 тэрбум төгрөгөөр тасарсан нь голлон нөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Автобусны жолооч, шалгагчийн зөрчлийг баримтжуулан мэдэгдвэл 50 мянган төгрөгөөр урамшуулна

Улаанбаатар смарт карт компани, нийтийн тээврийн автобусуудын орлогын алдагдлыг бууруулах, бэлэн мөнгөтэй холбоотой зөрчлийг арилгах үүднээс “Иргэдийн хяналтыг урамшуулах аян” зарлажээ. Аяны хүрээнд, нийтийн тээврийн зөрчлийг илрүүлж баримтжуулсан иргэнийг урамшуулах журам баталсан байна.

Энэхүү аян 3-р сарын 1-нээс 5-р сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд жолооч болон шалгагчийн хууль бус үйлдлийг зураг, видео бичлэг зэргээр баримтжуулах хэрэгтэй. Дээрх баримтыг иргэн өөрийн биеэр Улаанбаатар смарт карт компанид авч ирэх ба урамшууллыг тухайн иргэний “Ю-Мони” картыг 30-50 мянган төгрөгөөр цэнэглэж урамшүуулахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн их суудлын хуралдаан болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1; 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 дугаар дүгнэлтийг гаргасан билээ.

Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдааныг энэ сарын 16-ны өдөр хийхээр товложээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 39850 алба хаагч хөрөнгө орлогоо мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газраас ХОМ-ын албан ёсны дүнг нэгтгэн гаргалаа. Улсын хэмжээнд 39853 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 39850 мэдүүлэг гаргагч буюу 99,9 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс заасан хугацаандаа 39848 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 2 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 3 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Тухайлбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэв, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Гэрэлт-Од нар мэдүүлгээ гаргаж өгөөгүй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, хүний нөөцийн газрын дарга А.Ундрах хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлгээ бүртгүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газар мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 277 албан тушаалтнаас тухайн албан үүргээ гүйцэтгэж байгаа 269 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд 100 хувь шинэчлэн мэдүүлсэн байна.

Өнгөрөгч онд мэдүүлгээ шинэчлэн гаргасан мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын ангилал, зэрэглэлийг судлан үзэхэд нийт мэдүүлэг гаргагчдын 12181 буюу 30,5 хувь нь төрийн захиргааны албан тушаалтан, 12047 буюу 30,2 хувь нь төрийн тусгай албан тушаалтан, 7515 буюу 18,8 хувь нь улс төрийн албан тушаалтан, 4226 буюу 10,6 хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалтан, 269 буюу 0,7 хувь нь төрийн өндөр албан тушаалтан, 3612 буюу 9,2 хувь нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон бусад албан тушаалтан байна.

Тайлан, мэдээнд дурдагдсан хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж өгөөгүй болон хугацаа хожимдуулж мэдүүлсэн албан тушаалтнуудад Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй санал солилцох “Өлөөний цай” уулзалтад оролцлоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо.

Жил бүр уламжлал болгон хийдэг уг арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулдаг билээ. Монголын эмэгтэйчүүдийн МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс жил тутам “Эмэгтэйчүүдийн нүдээр” гэсэн чуулган зохион байгуулдаг бөгөөд энэ удаа 11 дэх жилдээ “Эмэгтэйчүүдийн нүдээр: Иргэний нийгмийн оршин тогтнол” сэдвээр чуулжээ. Чуулганд оролцогчдын төлөөлөл жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өглөөний цайны уулзалт хийж, чуулганаас гарсан байр суурийг танилцуулан, санал бодлоо солилцдог уламжлал тогтсон юм.

Энэ жилийн чуулганд эмэгтэйчүүдийн болон хүний эрхийн байгууллага, бүлгүүдээс гадна иргэний нийгмийн бусад салбар, төрийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачид, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, хувь хүмүүс, залуус, орон нутгийн иргэд зэрэг нийгмийн олон талын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй оролцогч хамрагдсан байна.

Тус чуулганаар мөн Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох зайлшгүй нөхцөл болох иргэний нийгмийн оршин тогтнолыг иргэний оролцоо ба иргэний нийгмийн институцчилал, иргэний нийгмийн байгууллагуудын үр нөлөө, үүрэг роль, иргэний нийгмийн хөгжлийг хангах эрхзүйн орчин, санхүүжилтийн тогтолцоотой холбон хэлэлцсэнээрээ онцлог болжээ.

Өглөөний цай уулзалтын үеэр төлөөлөгчид байр суурь санал бодлоо илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтыг дүгнэн үг хэллээ. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг нар оролцов.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос цөмийн зэвсгээ үзүүлэв

Өнөөдөр өглөө Хойд Солонгос өөрсдийн бүтээсэн цөмийн зэвсгээ олон нийтэд үзүүлжээ. Тус улсын “Родон Шинмүн” сонины тэргүүн нүүрэнд Ким Жөн Ун өөрийн улсынхаа бүтээсэн цөмийн зэвсгийг үзэн сонирхож буйг харуулжээ.

Энэ нь хэмжээг нь багасгасан цөмийн цэнэг юм. Өөрөөр хэлбэл Хойд Солонгос өөрсдийн бүтээсэн KN-08 тив хоорондын баллистик пуужингаар тээвэрлэх боломжтой болтол нь хэмжээг нь багасгаж чадсанаа харуулж буй аж. Ингэснээр Ким Жөн Ун АНУ-ын баруун эрэгт цөмийн цохилт өгч чадахаар болсноо батлав бололтой.

Харин АНУ болон Өмнөд Солонгосын талууд санаа зовж байгаагаа илэрхийлсэн гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Хотын даргыг огцрохыг шаардаж, жагсав

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцрохыг шаардан өнөөдөр хэлмэгдэгсдийн хөшөөний урд иргэд жагсаал хийлээ. Тэд Нийслэлийн Засаг даргын орлогч хэт олон байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2-г зөрчиж байна гэж үзжээ. Тиймээс энэ сарын 9-ний дотор зургаан орлогчоо ажлаас нь чөлөөлөхийг шаардан иргэдийн гарын үсгийг цуглуулж, суулт хийж байгаа аж. Дээрх дурдсан заалтад аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байна гэж заасан байдаг ч нийслэлд зургаан орлогч дарга, дүүрэгт хоёр байгаа нь иргэдийг бухимдуулж байгаа гэлээ. Одоогоор 7,000 иргэний гарын үсэг цуглараад байгаа бөгөөд өгсөн шаардлагынхаа хариуг өнөөдөр 16:00 цагаас авна гэлээ.

Харин Хотын удирдлагын баг УИХ, Засгийн газраас баталсан хууль, журмын дагуу ажиллаж байгаа. Зургаан орлогчийн нэгнийх нь дундаж цалин 800 мянга. 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу орлогч бүр өөр өөрсдийн хариуцсан ажилтай. Иймээс тэднийг албан үүргээс нь чөлөөлөх боломжгүй гэсэн тайлбарыг Э.Бат-Үүл дарга өгчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн циркчид Монголд тоглоно

“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байна. Тус тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй А зэрэглэлийн шилдэг жүжигчид оролцох юм байна.

Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын агаарын нисэлтийн үзүүлбэр, циркийн амь эрссэн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээ БНХАУ-ын жүжигчид толилуулах аж. Испанийн жүжигчид илбийн үзүүлбэрээр, сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, ховор үүлдрийн нохойнууд сонирхолтой үзүүлбэрээ үзүүлэх бөгөөд Монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекордыг эвдсэн шидэх банзны үзүүлбэрээрээ оролцох ажээ.

“Дэлхийн цирк Монголд 2016” тоглолт энэ сарын 26-аас дөрөвдүгээр сарын 10 хүртэл Монголын үндэсний циркт болох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар 500 сая ам.долларын бонд гаргана

Канадын Торонто хотод зохиогдож буй Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол Улс “Уул уурхайн форум” зохион байгуулсан байна. Уг форумд Сангийн сайд, Ашигт малтмалын газрын дарга, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал нар оролцож, мөн хөрөнгө оруулагчдаас 100 орчим төлөөлөл оролцжээ.

Сангийн сайд Б.Болор уулзалтын үеэр Засгийн газар олон улсад 500 сая ам.долларын бонд гаргаж магадгүй талаар мэдээлжээ. Тэрбээр “Энэ асуудлаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай өнгөрсөн долоо хоногт Вашингтон болон Торонто хотноо уулзалт зохион байгуулсан. Засгийн газар ойрын хугацаанд шийдвэр гаргана” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Хөгжлийн чуулган болно

“Хөгжил-Ардчилал” ТББ, Монгол дахь Конрад-Аденауэр-Сантай хамтран Хөгжлийн чуулганы зохион байгуулахаар болжээ. Чуулганы зорилго нь Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар улс төр, эдийн засаг, банк санхүү, нийгмийн салбарын төлөөлөгчид нэг дор цугларч Монгол улсын эдийн засгийн ололт, түүний сорилт, боломжийн талаар хэлэлцэх юм. Мөн уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн яамны сайд Д.Эрдэнэбат “Үндэсний аж үйлдвэрийн сэргэлт” сэдвээр , МУИС-ийн багш, судлаач Г.Түмэннаст “Эдийн засгийн ардчилал ба баялагийн хуваарилалт” сэдвээр , Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган “Уул уурхайн салбар дахь сорилт боломж” сэдвээр, Монгол банкны Еренхийлөгч Н.Золжаргал “Дундаж давхарга ба эдийн засгийн тогтвортой өсөлт” сэдвээр, ”Голомт банк”-ны Ерөнхийлөгч Ө.Ганзориг “Эдийн засгийн реформ” сэдвээр” тус тус илтгэл тавьж оролцох юм байна.