Categories
мэдээ цаг-үе

Нанзадын Чулуунхүү гавьяаттай хөөрөлдсөн нь

Шинийн арваннэгний билэгт өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин Нанзадын Чулуунхүүгийнд өнжсөн юм. Гавьяат маань ер нь л их завгүй хүн. Цагаан сарын золголт ч хараахан дуусаагүй байлаа. Тэрээр хийх ажлаа өдөр бүр төлөвлөн, жижигхэн цаасан дээр бичнэ. Түүнийгээ харж байгаад л ажлаа амжуулдгаа ярьж өнөөх “ажлын тайлан”-гаа үзүүлэв. Биднийг очихын өмнө тэрээр уугуул нутаг Завхан аймгийн Тэлмэн сумын золголтод очиж амжжээ. Яриа хөөрөө маань монгол бөхийн дуунаас эхэллээ. Бөхийн өргөөнд болдог барилдаан

Хангарьдын дэвэлтээр дэвээд

Харцага шонхорын шүүрэлтээр шүүрээд

Хараа өндөр өө гараа сүрлэг ээ

Хавтай сайхан бахтай бардам аа

Монгол түмний цэнгэлийн манлай

Мохошгүй зоригт харьшгүй хүчтэй бөхчүүд минь ээхэмээх дуугаар эхлэх нь бий. Уг дууны шүлгийг ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав бичиж Н.Чулуунхүү гавьяат ая данг нь тааруулсан байна. Ерээд оны үе. Чулуунхүү гуай цэргийн 013 дугаар ангийн санхүү аж ахуй эрхэлсэн орлогчоор ажиллаж байснаа дурсан ярив. Картын бараанд шилжсэн, нийгэм зэврүүхэн байсан тэр цагт Сүрэнжав гуайн шүлэг сэтгэлд нь яваад л байсан хэрэг. Нэгэн өдөр өрөөнд нь улсын заан Ч.Гочоосүрэн, “Ерөнхийлөгчийн бөх” гэгддэг Ж.Чулуун начин нар ороод ирсэн байна. Тэдэнд дууныхаа тухай яриад “Алив та нар нэг дэвээд орхи, би дуугаа аялъя” гэхэд хариуд нь “Хурандаа нэг шил юм гаргавал ч болно” хэмээн тоглоом шоглоом хийсэн гэдэг. Байсан ганц хатуухан “юм”-аа гаргаж, хоёр хүчтэн ч сайхан дэвж дууны ая нугалаа ч зохирсон байна. Ц.Түвшинтөгс гавьяатаар дуулуулна хэмээн бодож байсан ч нэг танил нь С.Эрхэмбаяр начныг сайхан дуулдгийг шагшин магтаад гавьяатын сонорт хүргэчихэж. Ийнхүү бөхийн тухай дууг улсын цолтой бөх хүн дуулж олны хүртээл болгосон түүхтэй. 1993 онд улсын начин С.Эрхэмбаяр энэ дуугаар “Морин хуур” уралдаанд оролцсон нь бий.

НЭГДЛИЙН ДАРГА БОЛОХ МӨРӨӨДӨЛ

Н.Чулуунхүү сургуульд байхын л нийгмийн идэвхтэй, дуулна, бүжиглэнэ, шүлэг уншина бас ангийн дарга. Бөөн идэвх байсныг нь ангийн нөхөд нь уулзах бүртээ дурсан ярьдаг гэнэ. Зуны амралт эхлэнгүүт хүүхдүүд хөдөө гэр рүүгээ явна. Харин сурагч Чулуунхүү явах тун дургүй. Наадмын концертын бэлтгэл энэ тэр гээд л үлдчихнэ. Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн дунд сургуулийг төгссөн түүний хүүхэд нас хөдөө өнгөрсөн. Хүргэн ахыгаа дагаж аймгийн төвд ирж аравдугаар ангиа төгссөн аж. Сурлагаараа сайн байсан тул шалгалтаа өгч аль ч сургуульд сурах бүх болзлыг хангасан байна. Гэвч яагаад ч юм Хөдөө аж ахуйн дээд сургуулийн малын эмчийн ангид орох хүсэлтэй байж. Гадаадад суралцах бодол байгаагүй гэдэг. Хөдөөний хүүд малын эмч шиг том хүн үгүй. Малын эмч нь сум, нэгдлийн дарга болдог тул тэдэн шиг мундаг болно хэмээн мөрөөддөг байж л дээ. Тухайн үеийн хөдөөний хүүхдийн мөрөөдөл гэх үү дээ. Ингээд Хөдөө аж ахуйн дээд сургуульдаа ч орсон. Гэтэл 1964 оны арваннэгдүгээр сард гэнэт Улсыг агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн анги байгуулагдаж карантингүйгээр татагджээ. Дээд сургуулийн нэг, хоёрдугаар курс, тухайн үед техникумын төгсөх курсын оюутнуудыг татаж, Оросын офицеруудаар хичээл заалгуулсан байна. Пуужин, локатр, холбооны ангиуд байгуулж байсан тул зүгээр нэг цэргүүдийг бус оюутнуудаас шилж авсан байх хэмээн Чулуунхүү гуай ярив. Тэр үед түүнтэй цэрэгт цуг татагдсан залуучуудаас хожим нь олон генерал төржээ. Цэрэгт очоод хэдхэн сарын дараа гурван залууд бага дэслэгч цол олгосны нэг нь Чулуунхүү байсан гэнэ. Ингэж салаан дарга болон дэвшиж удаа ч үгүй ротын дарга болон мандаад өгч. Гэвч дуу хуураа орхиогүй. Хожим Ленинградын цэргийн академид элсэн орж оюутан байхдаа ч дуугаа дуулсаар. Гадаадын оюутнуудын дунд зохиогддог урлагийн үзлэгт орж гран при шагналыг хүртээд авсан удаатай. Түүний дүүргэсэн академи нь өнгөрсөн жил 105 жилийнхээ ойг тэмдэглэжээ. Энэ сургуулиас Монголын 12 генерал төрсөн гэнэ. Харин гавьяат жүжигчинтэй хамт цэрэгт алба хааж байсан залуучуудаас Улаанхүү, Жалбажав, Бямбажав, Дашзэвэг гээд нэлээд хэд нь генерал цол хүртсэн. Мөн галтай хэдэн хурандаа цолтон төрснийг он жав нь онцолж байлаа.

Хурандаа Н.Чулуунхүүд “Эх орны төлөө” шагнал гардуулж байгаа нь

Ж.ГҮРРАГЧАА БААТРЫН РОТЫН ДАРГА

Гавьяат жүжигчинг Ленинградын цэргийн академид явахын өмнөхөн түүний ротод Ж.Гүррагчаа хэмээх залуу ирсэн байна. Ердөө сар гаруй л ротынх нь дарга байсан гэдгээ дуучин маань дурссан юм. Ийнхүү Чулуунхүү гавьяат Монгол Улсын баатар, сансрын нисгэгчийг захирч байсан сайхан түүх бий ажээ. Гүрээ баатар тэр хоёр насаар тун ойрхон. Баатар ч гавьяатын ижил Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурч байсан гэнэ лээ. Ж.Гүррагчаа баатар гавьяаттай хаа чиг таарсан “Ротын дарга” хэмээн хүндэтгэн дууддаг гэнэ. Тэгэхэд нь нүүр хийх газаргүй болж ичдэг байснаа ярив. Тэр үед хөгжмийн зохиолч Сэргэлэн “Арван дүүгийн зулайг гишгэсэн” хэмээх нэгэн сайхан дууг зохиож, Чулуунхүү дуулжээ. Нэг удаа Ж.Гүррагчаатай таарсан чинь гэртээ аваачиж энэ дуугаа сансрын нисгэгчийн аавд дуулж өгч сонорыг нь мялаасан гэнэ. Ингэж суухдаа “Та намайг олон хүний дунд битгий ротын дарга аа гэж дуудаарай” хэмээн гуйхад өөдөөс нь “Үнэн юм чинь яадаг юм” хэмээн инээд алдсан гэдэг. Баатар Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байхдаа ротынхоо даргыг дуудаж нэлээд хэдэн удаа гуйж байж Цэргийн музейн дарга болгосон юм билээ.

Чулуунхүү гавьяат гитартай холбогдсон түүхээ ийнхүү сонирхуулсан юм. “Радиогоор дуучин Зоригоогийн гитар дарж дуулдаг дуу их явна. Түүнийг сонсох болгонд гитар дарж сурмаар санагдана. Цуг алба хааж байсан, хожим нь хурандаа болсон Батцэрэн маань Улсын филармонийн Нацагдорж гэдэг хүнтэй танилцуулж, гитар заалгаж байлаа. Ингээд л гитараас салахаа больсон доо. Эхэн үед надад хэн ч дуугаа өгч дуулуулах билээ. Тиймээс ардын дуугаар уран бүтээлээ эхэлсэн. “Юндэн гөөгөө”, “Өдтэй бичиг”, “Гандий мод” зэрэг дууг дуулж радиогийн алтан фондод бичүүлж байлаа” гэв.

Тэрээр олон жил дуулагдаагүй “Ванлий”-г дуулж радиод бичүүлсэн байна. Үүнээс улбаалан “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр сонсогчид заавал захиалдаг болсон гэнэ. Ардын дуунууд нь ийнхүү радиогоор цацагдаад эхлэхээр хөгжмийн зохиолчид ч дуугаа дуулуулах хүсэлт тавьжээ. Зохиолын дуунуудаас анх соёлын гавьяат зүтгэлтэн Р.Энхбазарын хөгжим “Ижилсэн жаргая хоёулаа” дууг олны хүртээл болгосон гэдэг. Уг бүтээлийг хүмүүс одоо хэр нь сонсох дуртай.

Хос гитартай, ятгатай, гобойтой, морин хууртай дуулснаа Чулуунхүү гуай сонирхуулж байв. “Ер нь гитартай хослуулах боломжтой бүх хөгжмийг ашигласан. Уран бүтээлийн амтанд орж ажлын хажуугар зав гарангуут л хөгжмөө барьж аваад л дуулна. Ямар сайндаа л гитараа тоглож байгаад тэврээд унтчихсан байдаг сан”.

ХӨГЖИМ ЗОХИОХ ИХ УЧИРТАЙ

Хэдийнээс дууны ая зохиодог болсныг гавьяатаас сонирхоход “Хөгжим зохиох их учиртай” гэв. Хөгжмийн зохиолчдоос хамгийн анх Төрийн шагналт Цэдэн-Ишийн Чинзоригтой танилцсан гэнэ. Нэг нь дуулдаг, нөгөө нь хөгжим зохиодог болохоор ихэд тохирно хэмээн дотнын найз нь танилцуулсан байдаг. “Нэрт хөгжмийн зохиолч маань тэр үед оюутан байсан, төгөлдөр хуур, гитар их сайхан тоглоно, зохиосон ая нь бүр ч сайхан. Тиймээс хэрхэн уран бүтээл туурвиж байгааг нь уулзах бүртээ анхааралтай ажиглана. Нэг удаа П.Сандуйжав гуайтай тааралдахад тэрээр “Настан буурал эмээ” шүлгээ барьчихсан “Үүнд хэд хэдэн хүн ая хийсэн юм. Тэгсэн мөртлөө гаргаж ирэхгүй юм” гэв. Би хүнээр ая хийлгүүлэхээр болж шүлгийг нь аваад гэртээ хариад харж суутал гэнэт ая нь ороод ирдэг байгаа” хэмээн өгүүлэв. Ийнхүү “Настан буурал эмээ” дуу төрж, Чулуунхүү ч анхныхаа аяыг зохиосон байна. Ая зохиосон гэдэгтээ бараг өөрөө ч итгэж чадаагүй гэнэ. Чинжиг найз дээрээ очиж түүнийгээ дуулж өгөхөд ихэд сайшаан дахин дахин дуулуулжээ. Нэрт хөгжмийн зохиолч нотыг нь өөрөө бичиж өгөөд зогсохгүй Хөгжмийн зохиолчдын холбоогоор хөөцөлдөж байж батлуулсан гэнэ. Цэрэнчимэд дуулж олон түмний сонсох дуртай дуу болсон. Дараа нь “Хүмүүс минь амьдрах сайхан” дуугаа зохиосон нь бас л хит болсон. Ингэж л дуучин, хурандаа Чулуунхүү ая зохиогч болжээ.

Ардын дууг зүгээр ч нэг бус маш олон бадгаар дуулж байсан гэнэ. “Гандий мод” дууг 14-16, “Юндэн гөөгөө”-гийн Сийриймаад зориулсан үгээр нь 15-16, “Сандуйтай мод” дууг 28 бадаг дуулжээ. Ардын дууны үг бичсэн хоёр, гурван том дэвтэр байдаг тухайгаа сонирхуулав. Нэг удаа аз таарч радиод “Сандуйтай мод”-ыг ардын хөгжимтэй дуулж бичүүлсэн байна. “Тэр үед бичлэгт орно гэдэг одоогийнх шиг биш. Компьютер энэ тэрээр бичдэггүй болохоор тун ярвигтай. Нэг удаа л алдахад дахиад л эхнээс нь эхэлдэг. Ингээд л бичлэгт орж “Сандуйтай мод” дууны 28 бадгийг зогсолтгүйгээр 30 минут дуулсан. Дуусахад хөлс минь дусалж байлаа. “Энэ цэргийн дарга чадах болов уу” гэж хоорондоо ярьж байсан хөгжимчид алга ташин баяр хүргэсэн юм даг” гээд инээмсэглэж суулаа.

Түүний дуулсан “Ванлий” дууг нэг хэсэг радиогоор явуулахаа больжээ. Нэлээд хэдэн сар хүлээсэн боловч нэвтрүүлэхээ больсонд ихэд гайхаж сураг тавьсан байна. Тэгтэл радиод хэн нэг нь завхай дууг олны хүртээл болголоо хэмээн алтан хошуу хүргэжээ. Үүнийг сонсоод ихэд гомдсон тэрээр ангийнхаа улс төрийн газрын дарга генерал Балжинням дээр оржээ. Чулуунхүүг хэл үггүй уйлаад эхлэхэд генерал ихэд гайхан юу болсныг нь асуув. Дуулсан дууг нь нэвтрүүлэхээ больсон тухай дуулгахад тэр даруйд нь арга хэмжээ авч “Балжинням генерал энэ дууг захиалсан юм” гэж хэлээрэй хэмээн радио руу утасдсан байна. Тэрээр уран бүтээлийнхээ төлөө ийм л хоёргүй сэтгэлээр зүтгэж өдий хүрсэн нэгэн.

Охин Мөнхжаргалын хамт

ААВ, ОХИН ХОЁР ХОЁУЛАА “МОРИН ХУУР”-ЫН ЭЗЭН

Чулуунхүү гавьяатын ээж нь өдгөө 94 настай буурай байдаг гэнэ. Залуудаа сайхан дуулдаг байжээ. Харин аав нь дуулахаас гадна исгэрнэ. Дүү нар нь ч дуулна. Ер нь авьяас гэдэг удам дамждаг гэдгийг өөрөөрөө мэдэрчээ. Түүний охин хөгжмийн зохиолч Мөнхжаргал аавынхаа авьяасыг өвлөсөн. Охин нь дуучин болох хүсэлтэй байсан боловч аав нь ятгасаар байж хөгжмийн зохиолч болгосон. Хөгжмийн багшийн сургууль, Соёл, урлагийн их сургууль, Санкт-Петербург хот дахь Хөгжмийн дээд сургуулийн дээд курс гээд хамгийн сайн л гэсэн сургуульд охиноо сургасан аж. Ийм олон жил мэргэжлээрээ сурчихаад симфони бичихгүй байна хэмээн охиноо зэмлэж байсан удаатай. Аавын зэмлэлийг Мөнхжаргал охин удаа ч үгүй хүлээн авч бүрэн хэмжээний хоёр симфони зохиосон нь Монголын хөгжмийн зохиолч эмэгтэйчүүдээс анхных гэнэ. “Морин хуур” хөгжмийн наадамд Мөнхжаргал 2010 онд түрүүлсэн бол аав нь 2015 онд тэргүүлсэн аж. Аав охин хоёр “Морин хуур” уралдаанд түрүүлсэн анхны тохиолдол.

“Морин хуур-2014” шилдэг дууны уралдааны үеэр

Чулуунхүү гуайнх таван хүүхэдтэй, ач зээ нь арав аль хэдийнэ гарсан. Нэг хүүхэд нь Бельгид, нэг нь Америкт, нэг нь Перуд амьдардаг. Техник технологи хөгжсөн энэ үед гадаадад байгаа хүүхдүүдтэйгээ бараг л өдөр болгон утсаар холбогддог гэнэ. Гадаадад амьдардаг монголчууддаа зориулж “Амин хайртай Монгол минь” хэмээх цомог гаргажээ. Авч явахад хялбархан, маш нимгэн хийгдсэн нь CD-ний нэг онцлог нь болсон. Цомгийнхоо ард “Амин хайртай Монголоо санагалзан эх орноосоо алс хол ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчууддаа зориулав” хэмээн бичжээ. Хамгийн сүүлд “Шилдэг дууны түүвэр клип” нэртэй DVD гаргаснаа бидэнд үзүүлсэн юм.

Гэргий М.Мөнхбуянтын төрсөн өдрөөр

ХАНИА ОЛНО ГЭДЭГ ХАМГИЙН ЧУХАЛ

Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү гуайн гэргий М.Мөнхбуянт хэмээх дөлгөөхөн эмэгтэй. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг дүүргэсэн. Дээд, дунд, тусгай дунд боловсролын улсын хороо, Монголын эмэгтэйчүүдийн хороо, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороо, МОНЦАМЭ агентлагт ажиллаж байжээ. Харин одоо бол гавьяаныхаа амралтанд сууж буй. Нэг ёсондоо гавьяат дуучны шадар туслах нь гэж болно. Ар гэрийнхээ бүх л ажлыг амжуулна, нөхрөө тоглолт хийх газар нь хүргэж өгнө, авна, ая хийлгүүлэхээр хүмүүсийн авчирсан шүлгийг нь янзалж өгнө. Гавьяаныхаа амралтанд суусныхаа дараа машин барьж сурсан гэнэ. Эхэндээ ихэд сандарч байсан бол одоо туршлагатай жолооч болжээ. Чулуунхүү гуай ярихдаа “Эхэндээ сандраад надаас яах уу гээд л асуудаг байлаа. Одоо бол би дөрвөн жил жолоо мушгиж байгаа хүн шүү гээд үг хэлүүлэхээ больсон” гээд бөөн инээдэм болж “Энэ маань л миний төлөө санаа тавьж, хүний биед сайн гэсэн бүхнийг л идүүлж уулгана. Ер нь ар талыг бүрэн хариуцдаг” хэмээн ярив. Чулуунхүү гуайн ээж, ах дүү нар нь бэрдээ хүүгээсээ илүү сайн гэнэ шүү. Ханиа олно гэдэг юунаас ч илүү чухал болохыг гавьяат маань дурдаж байлаа.

Н.Чулуунхүү бол манай соёл урлагийн нэртэй зүтгэлтэн төдийгүй улс орныхоо батлан хамгаалах салбарт өөрийн хувь нэмрээ оруулсан хүн. Тиймээс ч хурандаа Н.Чулуунхүүд Батлан хамгаалах салбарын дээд шагнал болох “Эх оны төлөө” шагналыг олгосон байна. Уг шагналыг ердөө зургаахан хүн хүртсэн юм билээ. Биднийг ярилцаж суухад утас нь дуугарч дуучин СТА М.Бямбажав багшийнхаа амар мэндийг асуухаар залгаж байлаа. Чулуунхүү олон ч шавьтай. М.Бямбажавтайгаа хамтран олон уран бүтээл туурвиж, хичнээн удаа тоглолт хийснийг ард түмэн мэднэ. Шавийгаа үзэгч сонсогчдын адилаар гавьяат жүжигчин цолыг авчихаасай хэмээн хүсэн хүлээдэг гэдгээ ч нуугаагүй юм. Удахгүй тэр хоёр хөдөө орон нутгаар явж уран бүтээлээ толилуулах гэнэ. “Явахгүй бол болохгүй. Биднийг сонсох дуртай малчид маань хүлээж байгаа шүү дээ. Олон ч сумаар орно, ядрах л байх даа” хэмээн ярив. Гавьяат далан насны даваан дээр гарч ирсэн гэхэд итгэмээргүй залуу сайхан харагдана. Өнөө л жавхаатай, гялалзсан хэвээр, гитараа бариад л

Ай даа хүмүүс минь амьдрал сайхан

Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээхэмээн дуулж олон түмнийхээ сонорыг мялаасаар л.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Дэлхий дахины болоод Монголын хүний эрхийн төлөв байдлыг танилцуулав

“Эмнести интернэшнл” олон улсын байгууллагаас өнгөрсөн 2015 онд дэлхий дахинд болон Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал ямар байсныг танилцууллаа. “Эмнести интернэшнл” олон улсын байгууллага дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд жил бүр хүний эрхийн байдал дэлхийн улс орнуудад ямар байгааг тайлагнадаг билээ.

Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тухайд, хүний эрхийг ноцтой зөрчсөн хамгийн чухал асуудал нь сэжигтэн яллагдагчийг эрүүдэн шүүх, тэдэнтэй хүнлэг бусаар харьцах асуудал байсаар байгааг онцолжээ. Ялангуяа улс төрийн томоохон албан тушаалтнуудтай холбоотой хэрэгт жирийн иргэдийг эрүүдэн шүүх ажиллагаа нь далд хэлбэрт байна гэж мэдээлэв. Харин ололттой тал нь, Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж байгаа нь хүний эрхийг хамгаалахад том дэвшил болж байгааг онцолжээ. Шинэчлэн батлагдаж буй Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 6.2-т эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субьектийн хүрээ болон уг гэмт хэрэгт холбоотой үйлдлийг нэлээд өргөн хүрээтэй оруулж өгсөн нь маш том дэвшил хэмээн үзэж байв. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар эрүү шүүлт тулгах субьект нь зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байхаар заасан байгаа бол есдүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх Эрүүгийн хуульд энэ нь төрийн албан хаагч гэдэг өргөн хүрээгээр орж ирснээрээ томоохон дэвшил болсон гэж үзэж байна. Дараагийн чухал асуудал нь шударга бус шүүх ажиллагаа байсаар байгааг шүүмжилжээ. Ялангуяа сэжигтэн яллагдагчийг гэр бүлийн гишүүдтэй нь уулзуулахгүй байх, гэр бүлийн гишүүдийг нь айлгаж, сүрдүүлж дарамтлах хандлагууд олон гарсныг онцлов.

Мөн 2015 онд иргэдийг албадан нүүлгэх, орон байртай байх энэ эрхийг нь зөрчиж байгааг анхааруулав. “Эмнести интернэшнл” байгууллагын олон улсын шинжээч манайд ирж гэр хорооллын иргэдийг албадан нүүлгэж байгаа энэ асуудлыг судалж байгаа гэнэ. Ирэх долдугаар сард энэ талаарх тайланг танилцуулах юм байна. Ялангуяа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх үйл ажиллагаанд иргэдийг хүчээр гарын үсэг зуруулж, худал мэдээлэл өгч хүний эрхийг ноцтой зөрчсөн тохиолдлууд гарсныг анхаарууллаа. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага болоод тэнд ажиллаж байгаа сэтгүүлчдийн эрхийн асуудал тулгамдаж байгааг онцлов. Монгол Улс цаазын ялгүй улс болсон нь сайн боловч 2015 онд насанд хүрээгүй этгээдэд цаазаар авах ял оногдуулж хууль зөрчжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан иргэн Ц-д цаазаар авах ял оногдуулж, алдаа гаргасныг олон улсын “Эмнести интернэшнл” байгууллагаас хүний эрхийг зөрчсөн ноцтой алдаа хэмээн мэдээлэв.

Харин дэлхий дахины хувьд 2015 он бол хүний эрхийн асуудал хурцаар зөрчигдсөн жил болсон гэнэ. Эх орноосоо дүрвэж байгаа хүмүүсийн тоо 60 саяыг хол давж, маш олон хүн сайн сайхан амьдралын төлөө, амьд байхын төлөө тэмцэн дүрвэж, далай тэнгист унаж, хүнд өвчин тусч үй олноороо нас баржээ. Хүний эрхийн төлөө, хүний амийг аврахаар манлайлж ажиллах ёстой Засгийн газрууд эдгээр дүрвэгсдийн эрхийг хуулиар хязгаарлах арга хэмжээ авч байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Улс орнуудыг бүс нутгаар нь авч үзэхэд, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Засгийн газрууд иргэдийнхээ хийсэн жагсаал цуглааныг нухчин дарж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг баривчлан хорьж, шийтгэх явдал олон гарсныг онцоллоо. Мөн эрүү шүүлт энэ бүс нутагт сүүлийн үед ихэсчээ. Тухайлбал, Индонези, Балба, Солонгос, Филиппин, Тайланд, Хятад, Монгол зэрэг улсад хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө баривчлан хорьж, шийтгэх, эрүүдэн шүүх зөрчлүүд гарсаар байгааг дурджээ. Ази, Номхон далайн бүс нутаг нь Ойрхи Дорнод юм уу Африктай харьцуулахад харьцангуй тайван гэгдэж байгаа ч 2015 оны хувьд зэвсэгт мөргөлдөөн гарсан байна. Тухайлбал, Афганистанд одоо ч гэсэн зэвсэгт мөргөлдөөн үргэлжлэн гарч, энгийн иргэдийн амь нас үрэгдэж байгааг онцлов. Дараагийн бүс нутаг болох Африкт мөн л олон сая хүний амь нас эрүүл мэндэд заналхийлсэн зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, иргэд сая саяараа дүрвэж байгаа энэ байдал нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал гэж үзэв. Мөн Африкийн хэд хэдэн улсад болсон сонгууль нь маргаантай, шударга бус болсныг энд дурдав.

Америк тивийн хувьд, Латин Америкийн улс орнуудад хүн амины ноцтой хэргүүд буурахгүй байгааг анхааруулжээ. Латин Америкийн улс орнуудад хүчээр хүмүүсийг сураггүй алга болгож, онц хэрцгий аргаар хөнөөх хэрэг их гардаг байна. Дэлхий даяар гарч байгаа дөрвөн харгис халдлага болгоны нэг нь Бразил, Колумби, Вэнэсуэль зэрэг улсад гардаг аж. Дээрх улсуудад гарсан зуун хүн амины хэргийн ердөө 20 хувьд нь хариуцлага оногдуулж чадаж байгаа гэнэ. Мөн Латин Америкийн орнуудад эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудлыг ноцтой зөрчих явдал байсаар байгааг онцолжээ. Энэ нь үр хөндөлтийг маш олон улсад хориглосон явдал юм. Эхийнх нь амь насанд аюул учирсан байсан ч үр хөндөлтийг хатуу хориглодгоос болж маш их эрсдэл бий болж байгааг анхааруулав. 2015 онд гарсан харамсалтай жишээ бол, арван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлж жирэмсэн болсон, амь насанд нь аюул учирсан байсан ч тухайн улсын Засгийн газар үр хөндөлтийг зөвшөөрөхгүй хэмээн хатуу байр суурь баримталж байж.

Европ, төв Азийн бүс нутгийн орнуудын хувьд дүрвэгсдийн эрх нэлээд ноцтой зөрчигдөж байгааг онцлов. Дээрх орнуудын 3700 гаруй дүрвэгч Европ руу хүрэх замдаа амь насаа алджээ. Одоогийн байдлаар Турк улсад Сирийн хоёр сая дүрвэгч байгаа бол Ливан, Иордан улсад Сирийн 1,7 сая, Европын холбоонд Сирийн нэг сая иргэн дүрвэж байна. Эдгээр улсын Засгийн газар дүрвэгсдийн асуудлыг шийдэх, хүний эрхийг хүндэтгэсэн, үр дүнтэй хариу арга хэмжээ авч чадахгүй байгааг буруушаажээ.

Харин Ойрхи Дорнод Умард Африкийн бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн, дотооддоо шилжин суурьшигчдын асуудал асар хүндэрснийг мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Шин Хаймин: Хятадын тал Монгол Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэхдээ өөрөө ихийг нь авч, өрөөлд багыг өгөх ёсгүй

Өчигдөр БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин МУИС-ийн оюутнуудад зориулан лекц уншсан юм. Тэрээр Улаанбаатар дахь Хятадын өдрийн хүрээнд “Гар гараасаа барилцан хөгжиж Хятад, Монгол хоёр улсын харилцааны сайхан ирээдүйг хамтдаа цогцлоох нь” сэдвийн хүрээнд тус сургуулийн багш, оюутнуудтай ярилцсан билээ. Түүний лекцийг товчлон хүргэж байна.

МУИС-ийн урилгаар ирж лекц унших завшаан олдсонд баяртай байна. Юуны өмнө миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс эрхэм хүндэт багш, оюутнууд та бүхэнд сар шинийн мэнд хүргэхийн зэрэгцээ шинэ онд сурлагын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье. МУИС бол танай улсын хамгийн эртний түүхтэй их ургууль, эрдэм судлалын хамгийн өндөр түвшин бүхий нэр хүндтэй эрдмийн өргөө. Өнөөдөр оюутнуудтай уулзан Монголын ирээдүйн удирдагчидтай санал бодлоо солилцох завшаан олдсонд туйлын баяртай байгаа билээ. Би энд өнөөгийн Хятад орны хөгжлийн байдлаас та бүхэнд таницуулъя. Хятадын коммунист намын XVIII их хурлаас “Хоёр 100 жил”-ийн хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь ХКН байгуулагдсаны 100 жилийн ой болох үед дундаж чинээлэг нийгмийг бүтээн байгуулах, БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой болох үед орчин үеийн социалист улсыг цогцлоон байгуулна хэмээн зорьсон. БНХАУ-ын дарга Си Жиньпин энэхүү зорилтыг Хятадын олон үндэстний аугаа их сэргэн мандлыг хэрэгжүүлэх “Хятадын мөрөөдөл” хэмээн хураангуйлан хэлсэн билээ.

Эдүгээ Хятад улсын дотоод, гадаад бүх бодлого энэхүү стратегийн чухал том зорилтыг нягт тойрон хүрээлж, тогтвортой хэрэгжиж байна. Бид улс орны дотоод, гадаад байдлын хөгжлийн хувьсгал өөрчлөлтийг нийтэд нь төлөвлөж дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах, өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх, улсыг хуулиар иж бүрэн засах, намыг иж бүрэн чанд хатуу засах дөрвөн төгөлдөржилтийн стратегийн зорилт дэвшүүлж байна. Төр улсыг засах шинэ үзэл баримтлал, шинэ сэтгэлгээ, шинэ стратеги бүрэлдэн тогтож олон талын ажил үйлсэд амжилт олж байгаа билээ. 2020 он буюу ХКН-ын 100 жилийн ой тохиох үед бид “Хоёр 100 жил” тэмцлийн зорилтын эхний 100 жилийн зорилгод хүрсэн байх болно. Хөгжлийн стратегийн энэхүү чухал боломж, цаг хугацааг угтан харж өнгөрсөн жил хуралдсан ХКН-ын тавдугаар бүгд хурлаар улс ардын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх XIII таван жилийн төлөвлөгөө боловсруулах тухай саналыг баталсан юм. Энэхүү төлөвлөгөө инновацийн хөгжил, зохицуулалттай хөгжил, ногоон хөгжил, нээлттэй хөгжил, хамтдаа хүрэх хөгжил гэсэн таван том шинэ үзэл баримтлал дэвшүүлж Хятадын хөгжлийн чин хандлагыг улам бүр тодотгосон. Эхний 100 жилийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэх тууштай баталгааг буй болгосон юм. Өнгөрсөн нэг жилд бид Хятадын эдийн засгийн хөгжлийн шинэ хэвийн байдлыг идэвхтэй танин мэдэж, дасан зохицож, удирдан залж, үйлдвэрлэлийн бүтцийн зохицуулалтыг түргэтгэн, олон түмний бүтээн байгуулалт, инновацийг урагшлуулан, эдийн засгийн тогтуун хурдацтай өсөлтийг баталгаажууллаа. 2015 онд Хятадын эдийн засгийн 6.9 хувийн өсөлтийн хурд хэвээр үргэлжилж, дэлхийд тэргүүлсээр, даян дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг бүтээж, Хятад улсын дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөтлөгчийн байр суурь урьдын адил өөрчлөгдөшгүй хэвээр байна.

Эрхэм хүндэт багш, оюутнууд аа, 2015 он Хятад улсын гадаад харилцаа бүх талаар урагшлан хөгжсөн жил байлаа. Хятад улс даян дэлхийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг олон талаар өргөн, гүн гүнзгий үр нөлөө бүхий дэс дараалсан Хятадын санал санаачилга, төсөл хувилбар дэвшүүлж ирлээ. Бид хамтран ажиллаж, хамтдаа хожих явдлыг гол цөм болгосон шинэ маягийн олон улсын харилцаа тогтоохыг Хятад улсын гадаад бодлогын чухал зорилт болгосон. Улсын дарга Си Жиньпин олон улсын чухал томоохон асуудлаарх Хятад улсын байр суурийг тайлбарлан, “хүн төрөлхтний нийтлэг хувь заяаны цогц нэгдэл”-ийг цогцлоох чухал томоохон үзэл баримтлалыг дэвшүүлээд байгаа билээ. Эрх тэгш харилцан оршсон нээлттэй, инновацийн, уужуу хүртээмжтэй, харилцан ашигтай хөгжлийн хэтийн төлөвийг эрэлхийлэхийг санаачлан дэвшүүлсэн. Хятад улс Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, даян дэлхийд энх тайван, шударга ёсны дуу хоолойг түгээлээ. Мөн НҮБ-ыг гол цөм болгосон дайны дараахь олон улсын системийг тууштай хамгаалж, НҮБ-ын дүрмийн эрхэм зорилгыг үндэс суурь болгосон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг тууштай сахин хамгаалж, хүн төрөлхтний нийгмийн энх тайван, шударга ёсыг баримтлах хэрэгт хүчирхэг эерэг эрч хүчийг бий болгож байна. Түүнчлэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон БРИКС-ийн шинэ хөгжлийн банк байгуулах санаачилга дэвшүүлж, хөгжиж байгаа орнууд олон талт санхүүгийн байгууллага байгуулах эхний шанг татаж, даян дэлхийн эдийн засаг, санхүүг удирдан засах, өөрчлөн шинэчлэх хэрэгт шинэ эрчим нэмж байна. Манай улс үндэсний мөнгөн тэмдэгт юанийг олон улсын нөөцийн валютын сагсанд багтаах ажлыг амжилттай хэрэгжүүлж, хөгжиж байгаа орны мөнгөн тэмдэгтийн олон улсын байр суурийг дээшлүүлсэн. Үүний үр дүнд өнөөгийн олон улсын валют, санхүүгийн систем улам боловсронгуй болж тэнцвэржиж байна. Хятад улс их гүрний өндөр үүрэг хариуцлагыг бүрнээ илтгэн харуулж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг даян дэлхийн хамтын ажиллагаанд чухал голлох үүрэг гүйцэтгэн 2020 оноос хойших цаг уурын өөрчлөлтийн тухай иж бүрэн, тэнцвэртэй, эрч хүчтэй, тогтоон барих чадалтай хэлэлцээр байгуулах хэрэгт чухал идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа.

Манай хоёр улс 4710 км газар нутгаар хиллэдэг. Монгол Улс бол Хятад улсын хуурай газраар хиллэдэг хөрш орнуудын доторх хамгийн урт хилийн шугам бүхий орон юм. Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдал өнө эртний уламжлалтай. Хөрш орнууд болохын хувьд, бид чухам нийтлэг хувь заяаны цогц нэгдэл мөн билээ. 2014 онд Си Жиньпин Монгол Улсад айлчлах үеэрээ, Хятад, Монгол хоёр улс хэзээ ямагт харилцан тусалдаг сайн хөрш байх, харилцан ашигтай, хамтдаа хожсон сайн түнш байх, үргэлж харилцан зочилдог сайн найз байх ёстой гэж тэмдэглэсэн билээ. Миний бие өмнө нь Хятад улсын ГЯЯ-нд удаан хугацаанд Монголын чиглэлийн ажлыг хариуцаж байсан юм. Си Жиньпин даргын дэвшүүлсэн Хятад, Монголын харилцааны хэтийн төлөвийг би улам гүн гүнзгий мэдэрч байна. Нэгдүгээрт, Хятад, Монгол хоёр улс хэзээ ямагт харилцан туслах нь чин үнэн сэтгэл мөн. Си Жиньпин дарга томилогдсоноосоо хойш Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй есөн удаа уулзалдсан бөгөөд хоёр орны удирдагчид бас ойр нягт харилцаатай байгаа. Си Жиньпин дарга Хятад улс Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал болон Монголын ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх болно гэдгийг удаа дараа онцлон тэмдэглэж байна. Монгол Улс АПЕК болон ШХАБ-д элсэхийг манай улс дэмжиж, Хятад, Япон, Солонгос улсын хамтын ажиллагаа зэрэг олон улсын олон талт механизмд Монгол Улс тохиромжтой хэлбэрээр оролцохыг дэмжиж байгаа.

Өнөөгийн дэлхийн эдийн засгийн байдал сайнгүй байна. Монгол Улсын эдийн засаг бас тодорхой бэрхшээлтэй тулгараад байна. Гэвч Хятад улс олон жилийн турш Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, хамгийн том хөрөнгө оруулагч орон хэвээр байна. Хятад улстай хийх худалдаа Монгол Улсын нийт гадаад худалдааны тэн хагасыг эзэлсэн хэвээр байгаа. Дэлхий дээр өдий төдий улсын Хятад улстай хийдэг гадаад худалдааны тэнцэл алдагдалтай байдаг бол Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл олон жилийн турш ашигтай байна. Си Жиньпин дарга Монгол Улсад айлчлах үеэр, Монгол Улс транзит тээвэр, далайд гарах гарц зэрэг салбарт ихээхэн анхаарал тавьж байгааг шийдвэрлэсэн билээ. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчлах үеэр, манай тал Монголын талын санал хүсэлтийн дагуу Монгол Улс БНХАУ-д үхэр, хонины мах экспортлох асуудлыг шийдвэрлээд байна. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын экспортолсон үхэр, хонины махны эхний хэсгийг Хятадын зах зээл дээр гаргаж, Хятадын ард иргэдийн зоогийн ширээн дээр тавиад байна. Эдүгээ хоёр тал хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, Хятад, Монголын чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээ зэргийг идэвхтэй урагшлуулж, эрчим хүчний экспорт, импортын ерөнхий хэлэлцээр байгуулахаар судалж байгааг дуулгая. Амгалангийн дулааны цахилгаан станц, Багануурын цахилгаан станц ээлж дараалан ашиглалтад орсон буюу бүтээн байгуулалтын ажил хэдийнэ эхэлжээ. Мөн Оюутолгойн зэсийн ордын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг Хятадын тал идэвхтэй дэмжиж, эрчим хүчний хангамж, төсөл хөтөлбөрийн бүтээн байгуулалт зэрэг салбарт ихээхэн дэмжлэг үзүүлж, хоёр тал Таван толгойн нүүрсний ордыг нээж олборлох хамтын ажиллагааны талаар нягт хэлхээ холбоотой ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улстай хүмүүнлэгийн салбарт харилцах иж бүрэн төлөвлөгөө дэвшүүлсэн билээ.

Хятадын тал Монгол Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэхдээ өөрөө ихийг нь авч, өрөөлд багыг өгөх ёсгүй. Өөрөө хожиж, өрөөлийг хохироох ёсгүй бөгөөд зайлшгүй харилцан ашигтай байж хамтдаа хожих ёстой.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Эрдэнэт ба…” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Тус сонины тэргүүн нүүрт үерт автсан айлууд гэртээ орж чадахгүй хоёр сар болж байгаа аж. Энэ айлуудаар явж сурвалжлага бэлтгэлээ. Энэхүү сурвалжлагын дэлгэрэнгүйг VI нүүрнээс уншаарай. Хоёр, дөрөв, тавдугаар нүүрт улс төрийн хүрээнд өрнөсөн сонирхолтой мэдээ мэдээлэл, тодруулга орсон байна. Тухайлбал, өчигдөр олон нийтийн анхаарлыг татаад байсан ХҮН-ын дотоод хурлын болоод тус намынхан хоорондоо хэрхэн талцаж, намын даргын суудлаа булаалцалдсан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү дугаараас унших боломжтой. Тус намынхны байр суурийг талаас талаас нь хүргэжээ.

Түүнчлэн тавдугаар нүүрт ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулгаас тодруулсан ярилцлага орсон байна. Тэрээр нийгмийн дунд хүлээлт үүсгээд буй түрээсийн орон сууцны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгчээ. Түүний ярьснаар бол түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй олон мянган иргэн байгаа бөгөөд тэднийг сугалааны журмаар сонгох аж. Мөн түрээсийн орон сууцанд хамрагдах айлууд заавал гэр хороололд амьдардаг байх шаардлага журамд заагдсан байсан бол үүнийг мөн үл хөдлөх хөрөнгөгүй байх гэсэн заалтаар өөрчилжээ.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт гуравдугаар нүүрт энэ удаа нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Эрдэнэт ба…” нийтлэл хэвлэгджээ. “MIBG” компанийн гүйцэтгэх захирал, шинжээч А.Билгүүнтэй хөрөнгө оруулалтын талаар ярилцжээ. Энэхүү сонирхолтой ярилцлагыг XI нүүрнээс уншаарай. Мөн уламжлалт ёсоор дэлхий дахинаа өрнөсөн үйл явдлын хураангүй мэдээлэл болон цаг агаар, валютын ханш зэрэг хэрэгцээт мэдээллийг та бүхэн тус сониноос авах боломжтой юм.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороо хуралдлаа

Ази, Европын дээд түвшний XI уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2016 оны хоёрдугаар сарын 12-ны 28 дугаар тоот захирамжийг үндэслэн Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хороо өнөөдөр анхны хуралдаанаа хийж, хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц байдлын талаар хуралджээ. Үндэсний хороог Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж ахалж буй бөгөөд тэрээр, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг гадаад харилцаа, улс төрийн агуулга, бэлтгэл зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулахыг хуралдааны үеэр чухалчилсан юм.

Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны хуралд УИХ-ын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Үндэсний хорооны гишүүн М.Сономпил, УИХ-ын гишүүн, Үндэсний хорооны гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Үндэсний хорооны гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн, Үндэсний хорооны гишүүн С.Оюун, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний хорооны гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалаг болон бусад албаны хүмүүс оролцлоо.

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарсан юм.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн С.Одонтуяа холливуудын кино уран бүтээлчидтэй уулзжээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр Америкийн кино зураглаачдын холбооны дарга Сол Молина болон Рикардо Стенли нарын уран бүтээлчдийг хүлээн авч уулзжээ.

Тус уран бүтээлчид “Атганд үлдсэн эрдэнэ” киноны нээлтэд уригдан ирсэн байгаа юм. Тодруулбал, дээрх уран бүтээлчид “Хувьсал“ продакшны жүжигчин МУГЖ У.Уранчимэгийн бүтээлд зөвлөгөө өгч, хамтран ажиллаж, киноны эцсийн шатны ажлыг Америкт хийсэн билээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа парламентын үйл ажиллагааны талаар товч танилцуулж, манай улсын кино урлаг болон уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлжээ. Сол Молина, “Монгол Улсад морин хуураас эхлээд дэлхийд таниулах маш олон үнэт зүйл байна. Ямар ч киног анхнаасаа зөв хийж чадвал түүний урт, богино, мөнгө их орсон эсэхээс үл хамаарч амжилтад хүрдэг. Хэрэв холливуудад гаргах сонирхолтой байгаа бол хамгийн гол нь стандартыг нь мөрдөх хэрэгтэй. Тэгж чадвал таван минутын кино ч дээд амжилт тогтоох боломжтой. Дэлхийн аль ч улсын уран бүтээлчид анхнаасаа Холливуудын стандартыг мөрдөж хийдэггүйн улмаас том алдаа гаргадаг. Монголын уул ус, байгаль үнэхээр сайхан, мөн уран бүтээлчид нь чадвартай. Тиймээс боломж их бий” гэжээ. Мөн Монгол Улсад ирж, амжилттай ажиллаж байгаа нь залуу уран бүтээлч Д.Ангараг, Э.Сант-Амарын хичээл зүтгэл их байгаа. Монгол Улсаа дэлхийд сурталчлан таниулах зорилготой залуучуудтай хамтран ажиллахад таатай байдаг хэмээн ярьсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жилд 5000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барина

“Зэс эрдэнийн хувь” ХК нь Эрдэнэтийн овоо ордын исэлдсэн хүдрийг түшиглэн зэсийн үйлдвэр байгуулахаар болжээ. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлын эхлэл болсон хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр талууд хамтран байгуулжээ. Тодруулбал, гэрээг “Зэс эрдэнийн хувь” ХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал, БльюМон группийг төлөөлж тус группын ерөнхий захирал Ц.Санжжав нар байгуулсан байна.

Ингэснээр жилд 5000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж байгуулах ажил ирэх тавдугаар сараас эхлэх болж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 45 сая ам.доллар аж.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ХБНГУ-ын “Ферростаал” компани, технологийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгчээр Финланд улсын “Оутотек” компани тус тус ажиллах юм байна.

“Зэс эрдэнийн хувь” ХК-ийн катодын зэсийн үйлдвэр ашиглалтад орсноор дөрвөн жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөж, шинээр 140 гаруй ажлын байр бий болж, 40 мянга гаруй хувьцаа эзэмшигчид жил бүр ногдол ашиг хүртэн, жилд доод тал нь 7.084 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тооцоо байна.

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ гэв

“Эрүүл-Монгол клуб”-ээс өнөөдөр мэдээлэл хийж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв. Тодруулбал, эрүүл мэндийн салбарын удирдлагууд хариуцсан ажлаа сайн хийдэггүй үүнээс болж уг салбар уналтад ороод байна гэж үзэж байгаа аж. Үүнээс болж эрүүл мэндийн салбарын нэр хүнд, ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмж огт байхгүй, хүний нөөцийн бодлого алдагдсан зэргээс үүдэж, үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон гэнэ. Тиймээс “Эрүүл-Монгол клуб”-ийнхэн дээрх асуудлуудыг нэн даруй шийдэх, эрүүл мэндийн салбарыг цааш үргэлжлүүлэн авч явж чадах эрхзүйн чадамжтай, мэргэжлийн, мэргэшсэн, салбарын менежерийг сонгон томилохыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шаардаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр

Тэтгэвэр тогтооход жишиг цалинг хэрэглэхээр болжээ

Улсын Их Хурлаас 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр баталсан “Нийгмийн
даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай” хуульд зааснаар:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу
тэтгэвэр тогтоолгож байгаа даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн
хөлс түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй байгаа
бол ажил, мэрэгжлийн жишиг цалинг үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж
хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохоор болжээ.

Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаж цалингийн баримт олдоогүйгээс
цалингүй тэтгэвэр тогтоолгон авч байгаа болон шинээр тэтгэвэр тогтоолгохоор
баримт бүрдүүлж байгаа иргэдийн цалинг “Ажил мэрэгжлийн жишиг
цалин”-г үндэслэн тэтгэврийг зөвхөн 1 удаа өөрчлөн тогтооно.

Энэ тохиолдолд даатгуулагч иргэний хөдөлмөрийн дэвтэр /архивын лавлагаа, шүүхийн
шийдвэр/-т бичигдсэн ажиллаж байсан байгууллага, ажил мэрэгжлээс
хамаарч 1995 оноос өмнөх жишиг цалинг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20
жилийн доторхи аль дуртай дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлснөөс сонгож
тэтгэвэр авагчийн хүсэлт гаргасан өдрөөс хамаарч өөрчлөн тогтооно.

Харин зөвхөн нөхөн даатгалд хамрагдсан хугацаагаар тэтгэвэр тогтоолгож
байгаа иргэдийн хувьд жишиг цалинг хэрэглэхгүй.

Мөн Засгийн газрын тогтоол шийдвэрээр тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн
хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг шинэчилэн баталсаны
дараа тэтгэвэр авагчийн хүсэлтээр анх тэтгэвэр тогтоолгосон 5 жилийн цалинг
зөвхөн нэг удаа сольж тэтгэврийг өөрчлөн тогтоож болно.

Тэтгэврээ өөрчлөн тогтоолгохоор хүсэлт гаргасан тэтгэвэр авагчийн 5 жилийн
цалин хөлсний тодорхойлолтыг түүний ажиллаж байсан байгууллагын болон эсвэл
архивын сан хөмрөгөөс гаргуулсан лавлагааг үндэслэх ба энэ нь тэтгэвэр
тогтоолгохоос өмнөх шимтгэл төлж ажилласан сүүлийн 20 жилийн доторхи хугацааны
цалин байна.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжинэ

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 99,5 мянган хүн бий. Нийт хүн амын 3.3 хувийг эзэлдэг эдгээр иргэдийнхээ ажиллаж хөдөлмөрлөх эрхийг нь хангахад Хөдөлмөрийн яам анхаарч, тодорхой бодлого барьж ажилладаг. Хөдөлмөрийн сайдын гуравдугаар сарын 1-ний А/50 тоот тушаалаар шинэчлэн байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийсэн байна.

Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд сайдад мэргэжлийн зөвлөгөө өгөх, санал, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий ийм зөвлөл байсан ч төдийлөн хангалттай сайн ажиллаж чадаагүй. Тиймээс Г.Баярсайхан сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ажиллах ёстой уг зөвлөлийг дүрэм журмынх нь дагуу ажиллуулахаар бүрэлдэхүүнийг нь шинэчлэн, үүргийг нь тодорхой болгон зааж өгсөн юм. Зөвлөлийг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж бүрэлдэхүүнд нь яамны газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоодын төлөөллийг багтаажээ. Тус зөвлөл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрт, арга хэмжээний хэрэгжилт, тэдгээрийг эрчимжүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх үүрэгтэйг зөвлөлийг ахалж буй Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт хуралдааны эхэнд танилцуулсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл анхны хуралдаанаараа зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмаа хэлэлцэхийн хамт УИХ-аар саяхан батлуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн арга хэмжээний талаарх танилцуулгыг сонсч, 2016 оны ажлын төлөвлөгөөгөө эцэслэн баталлаа.

Хөдөлмөрийн яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд бичил аж ахуй эрхлэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулах, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, зээлийн хүүг нөхөн олгох, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх, бичил аж ахуй эрхлэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний боловсруулсан төслийг сонгон шалгаруулж, санхүүгийн буцалтгүй тусламж олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг тусгай тоног төхөөрөмж, нөхцөл бүхий тусгайлсан сургалтын хөтөлбөрөөр зохион байгуулах, ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөтөч, дохионы орчуулгын үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

2013 онд хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд нийт 1,3 тэрбум төгрөгийг зарцуулж, 1180 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнгын болон тусгайлсан ажлын байртай болсон бол 2014 онд 2349 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулж 1,7 тэрбум төгрөг зарцуулснаар 1576 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болсон. Өнгөрсөн онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 2,7 тэрбум төгрөг гаргаж 3540 иргэнийг хамруулан 1988 байнгын ажлын байр бий болсон. Хөдөлмөрийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьдаг бөгөөд 2016 онд нийтдээ 3,0 тэрбум төгрөг төсөвлөжээ.