Categories
мэдээ нийгэм

Оюутны 70 мянгыг олгож эхэлжээ

Монголын оюутны холбооноос Сүхбаатарын талбайд оюутнууд хөдөлмөрлөх эрх, үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийн төлөө тайван жагсаал хийх тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдээд байсан.

Тэгвэл удтал хүлээлгэсэн оюутны үндэсний тэтгэлгийг олгож эхэлжээ. Тодруулбал, энэ долоо хоногтоо багтаан оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг шилжүүлж дуусах юм байна. Түүнчлэн өнөөдрөөс МУИС-ийн зарим салбар сургуулиудын Төрийн банкны данстай оюутнуудад тэтгэлэг олгож эхлээд байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганбат: Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад ялын бодлогыг шинээр авч үзсэн

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-Намрын чуулганаар танай байнгын хорооноос оруулсан нэлээд хэдэн хууль батлагдсан. Тэдгээр хуулиудын гол заримаас нь дурдахгүй юу?

-УИХ-ын намрын ээлжит чуулган болон ээлжит бус чуулганаар Хууль зүйн байнгын хорооноос хийсэн ажлын талаар тайлангаа тавьсан. Нийтдээ байнгын хороо 19 удаа хуралдаж 55 асуудлыг хэлэлцсэн байна. Хуулийн төсөл 257, УИХ-ын тогтоолын төсөл 12-ыг хэлэлцэж зарчмын зөрүүтэй 324 саналыг тус тус нэгтгэж УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлүүлжээ. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гээд бие даасан гурван хууль гаргасан. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарим хоригийг хүлээж авсантай холбогдуулж, уг хуульд холбогдох өөрчлөлтийг оруулаад баталсан. Өршөөлийн хуулийн ажлын хэсгийн комиссыг би ахалж ажилласан байгаа.

-Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг шоронжсон бодлогыг халах алхам болсон гээд байгаа. Энэ хэр бодит вэ?

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад ялын бодлогыг шинээр авч үзсэн. Хуучин хуулиар хорих ялыг гол болгодог байлаа. Харин шинэчилсэн хуулиар зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх зэргээр ялын төрлийг олон болгосон. Түүнчлэн хуулийн этгээдэд ял оногдуулах тухай байдаггүй байлаа. Мөн өсвөр насны хүүхдийн гэмт хэргийг тусад нь авч үзсэн. Өмнө нь том хүн, хүүхдийг адилхан шийтгэдэг байсан бол одоо сургалтын байгууллагад хамруулж хүүхдээ аль болох хүмүүжүүлж авах тал руу анхаарсан. Онцлоход олон улсын эрүүгийн хуулийн чиг хандлагад нийцсэн хууль болсон. Урьдчилан гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах тэнсэх зохицуулалтыг хийж өгсөн. Бидний олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүрэг бий шүү дээ. Тэр утгаараа цаазаар авах ялыг халж, бүх насаар нь хорих болгож өөрчилсөн.

-Батлагдсан хуулиуд хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг ялуудыг хэрэгжүүлэх эрхзүйн зохицуулалт, журмууд нь гарсан уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг өргөн бариад ажлын хэсгийг нь байгуулаад байна. Энэ хуулийг хэлэлцээд явна. Бас Хууль сахиулах хуулийн хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлээд ажлын хэсгийг байгуулаад байгаа. Чуулганы завсарлагаанаар ажлын хэсгүүд ажиллаад дараагийн ээлжит УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлах төлөвлөгөөтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гээд процессын хууль бий. Нэлээд хэдэн удаа чуулганаар орж буцааж татаж авч ажилласан хууль. Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байсан. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг 2016 оны есдүгээр сарын 1 гэсэн байгаа. Түүний наана нь процессын хууль болон Цагдаагийн тухай хууль, Прокурорын тухай хууль, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хууль, Хохирлыг барагдуулах сангийн тухай хуулийг батална. Ингэснээр эрхзүйн шинэчлэл бүрэн утгаараа бий болох юм. Бид ЗХУ-ын дагуул маягтай, социализмийн үеийнхээ хуулийн инерциэр явж байлаа. Түүнийгээ “шоронжсон” хууль гэдэг байсан. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хууль гарлаа. Процессын болон хууль хүчний байгууллагын тухай хуулиудаа баталснаар олон улсын эрүүгийн эрхзүйн өнөөгийн чиг хандлагад нийцсэн хуультай болно.

-Хуулийн этгээдэд ял оногдуулах хуультай болсон тухай дээр дурдсан. Яг ямар учиртай юм бэ?

-Бид хөрөнгө оруулагчдыг эх орондоо ирэхийг уриалаад байдаг. Гэтэл хуучин Эрүүгийн хуулиар ямар нэгэн алдаа дутагдал гарахад хүмүүсийг нь бариад хорьчихдог байсан. Компани пүүсийнх нь ажил зогсоод, гадны хүмүүс гарч орж чаддаггүй байлаа. Тиймээс хөрөнгө оруулагчдын дунд “Монгол Улс шорон улс юм байна”, “хууль хүчнийх нь байгууллага ажиллаад шоронд оруулдаг юм байна” гэсэн хандлага үүсч зугтах байдалтай болсон. Компанийн захирал, гүйцэтгэх захирал, нярав, нягтлан бол хөлсөөр л ажилладаг хүмүүс шүү дээ. Цаад компанийнхаа бодлогыг л хэрэгжүүлдэг. Гэтэл нөгөө компанитай торгууль, шийтгэл ярилгүйгээр ажилладаг хүмүүсийг нь аваачаад мөрдөн байцааж байсан шүү дээ. Филиппин, Америкийн иргэдийг барьж хорьсон. Компани нь л хариуцлага хүлээгээд зардал чирэгдэл торгуулийг нь төлөх ёстой байтал нөгөө иргэдийг нь барьж аваад хорьчихоор гадагшаа буруу ойлголт төрж байна. Хөрөнгө оруулагчдыг үргээж байна. Зах зээлд шилжсэн Эрүүгийн хуультай, хүний эрхийг дээдэлсэн орон биш байна гэж хэлэх жишээтэй. Шинэ Эрүүгийн хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр дэлхийн жишигтэй адил болно. Тухайн хуулийн этгээдэд ажилладаг ажилтан хоригдоод эрүү үүсээд явдаг биш компани, пүүс нь хариуцлага хүлээгээд тодорхой хэмжээнд торгууль шийтгэл авдаг болж байгаа. Тухайн газар нутгийг сүйтгэж, экологийн хохирол учруулсан, хар тамхи зөөвөрлөсөн, зохион байгуулсан аж ахуйн нэгж гэх мэт хоёр, гуравхан тохиолдолд тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан. Мөн өмнө нь хохирол барагдуулах тал дээр асуудал байлаа шүү дээ. Хэрэгтэн тэртэй тэргүй ял авах учраас хохирол барагдуулдаггүй. Цаад хүмүүс нь хохироод үлддэг байсан бол одоо хамгийн түрүүнд хохирол барагдуулах, эдийн засгийн хор хохирлыг багасгах тал дээр түлхүү анхаарсан. Ийм давуу талтай өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн хууль гарсан.

-Зөрчлийн хуулиар ахуйн хүрээнд байсан асуудлуудыг зохицуулж өгсөн гэсэн. Тухайлбал, бөө бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал торгуультай болох юм гэв үү?

-“Хумсалсаар хумсалсаар хулгайч, хуурсаар хуурсаар худалч” гэж ярьдаг шүү дээ. Тэр болгон дээр манайхан хариуцлага оногдуулж чаддаггүйгээс олон нийт болон орон гэрийн амгалан тайван байдал алдагддаг байлаа. Жишээ нь дээд давхрынх нь айлд бөө ирчихсэн хэнгэрэг дэлдээд үсрээд байдаг. Эсвэл бөө болох гэж байгаа гээд өдөр шөнөгүй дуу шуу болно. Ингээд бусад айлын амгалан тайван байдлыг алдагдуулна. Өдөржин ажиллаад ядарсан хүн орой амарч чадахгүйн дээр бөөн стресст орох жишээтэй. Одоо энэ байдал бол алга болно. Нөгөөх хүнийг яаж ч чаддаггүй байсан бол амгалан тайван байдлыг алдагдуулсан учраас торгоно. Дахиад хоёр, гурав дахь удаагаа торгуулаад зогсохгүй бол цаашаа хариуцлага хүлээлгэдэг болж байгаа. Процессын хууль яригдаж байна. Энэ хууль шийдэгдсэнээр иргэдийн гомдлыг шүүх хурдан түргэн шийддэг болно. Прокурор, шүүх дээр асуудал уддаг байлаа шүү дээ. Байцаагчид сэжигтнийг урт хугацаагаар таслан хорьж шалгах зэргээр хохироодог байлаа. Энэ дурдсан зүйлсийн хугацаа нь багасна. Шүүх хуралдаан хойшилдог байсан бол шүүх хурлаас урьдчилаад шүүх хурлаа яаж хийх талаар өмгөөлөгч, прокурор, шүүгч нь байж байгаад тохиролцож шийддэг болно. Шүүхийн шийдвэр биелүүлдэг байгууллага шуурхай ажилладаг болох юм.

Мөн төр захиргааны удирдах ажилтан буруу шийдвэр гаргавал хариуцлагаа хүлээдэг болж байгаа. Жишээлбэл, хэн нэгнийг ажлаас нь халчихлаа гэхэд шүүх хууль бус байна гээд тогтоочихдог. Гэтэл нөгөө хүнийг ажилд авдаггүй. Авлаа гэхэд оронд нь ажилд авсан хүний цалинг ч давхар өгөх шаардлагатай болно. Одоо үүнийг буруутай этгээдээр төлүүлдэг болно. Татвар төлөгчдийн өмнө нь ажилд авсан хүн, шүүхээр тогтоосон хүнд цалин өгөөд байж болохгүй. Тэр чинь татвар төлөгчдийн буруу биш шүү дээ. Тухайн шийдвэр гаргасан захиргааны албан тушаалтан ямар ч хариуцлага хүлээхгүйгээр улсыг хохироогоод өнгөрдөг байлаа. Энэ байдлыг өөрчилж заавал нэхэмжилж буруутай этгээд нь хариуцлага хүлээдэг, нөхөн төлбөр төлдөг байх заалтууд нь одоо тодорхой болж байгаа л даа. Түүнчлэн гүтгэх заалтыг нэн тэргүүнд зөрчил гэж үзэж байгаа. Хэвлэлийнхний дуу хоолойг барих гэлээ. Эрүү үүсгэлээ гэдэг мэдээлэл гардаг. Үнэхээр гэм буруутай нь тогтоогдвол хоёр гурван тохиолдолд эрүү үүсгэнэ. Бусдаар бол Зөрчлийн хуулиар шийддэг болж байгаа.

-Мөн бусдыг архиар шахах зэргийг зөрчил гэж үзэхээр болсон байна лээ?

-Ер нь жолоо барьж байгаа болон албан үүргээ гүйцэтгэж яваа нөхцөлд архиар шахах чинь зөрчил шүү дээ. Тиймээс зөрчил гэж үзээд тодорхой хэмжээний шийтгэлтэй байгаа. Бид иргэншиж суурьшаад амьдарч байна. Хүн хоорондын харилцаануудыг хаа газар зохицуулсан байдаг. Нэг нь нөгөөдөө саад болохгүйгээр амьдардаг ийм хууль эрхзүйн орчин үйлчилдэг шүү дээ. Тэр нь байхгүйгээс бусдын эрх ашиг хөндөгдөж, амгалан тайван байдал алдагддаг. Үүнийг л зохицуулахын тулд энэ хууль гарч байгаа. 240 орчим хуульд янз бүрээр бичээд гаргачихсан байсныг нэгтгээд нэг Зөрчлийн хууль болгоод гаргасан.

-Ээлжит бус чуулганы ирц бүрдээгүй үед АН-ын гишүүд чуулганы танхимд үг хэлцгээсэн. Үүнийг МАН-ын бүлгээс “Чуулганы танхимд чуулганаас өөр үйл ажиллагаа явуулж болохгүй. Семинар хийж хууль зөрчлөө” гээд байгаа. Та Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд юу гэж үзэж байна?

-Тодорхой хэмжээний гишүүд цугларсан байсан. Тэгээд санал бодлоо илэрхийлсэн байх. Бүгдээрээ л ард түмний төлөөлөл шүү дээ. Ямар нэгэн хууль, дэг зөрчөөгүй гэж бодож байна. Зөвхөн санал бодлоо илэрхийлсэн. Тэр нь хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх нь Үндсэн хуулиар заагдсан эрх. Ажлын цагаар ажлаа л хийсэн гэж ойлгож байна. Парламентын танхимд ард түмний дуу хоолой болохоор сонгогдсон хүмүүс үгээ хэлэх нь нээлттэй л гэж ойлгож байгаа.

-МИАТ-ийн нислэгийг Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь та хэд саатуулсан талаар мэдээлэл цацагдсан. Энгийн зэрэглэлийн тасалбараар нэгдүгээр зэрэглэлийн суудалд суухаар зүтгэснээс 26 минут зогссон гээд байгаа. Яг юу болсон юм бэ?

-Биднээс болж нислэг саатдаг юм ч гэж юу байх вэ дээ. Онгоц саатвал хохирол гардаг. Эдийн засгийн хохирлыг саатуулсан хүн нь төлөх ёстой. Бүх юм хуулийн хүрээнд байх ёстой шүү дээ. Бид гурав тэр өдөр гадагшаа албан ажлаар явсан. Улаанбаатар-Москвагийн чиглэлд МИАТ-ийн онгоцоор ниссэн. Энгийн суудалтай байсан. Түүндээ сууж яваад л ирсэн шүү дээ. Тухайн үед цаг агаар бас таагүй байсан тал бий. Онгоц тав, арван минут хоцорсон байх. МИАТ бол төрийн компани. Сахилга хариуцлагын хэл ам байнга л гардаг шүү дээ. Нисэх эрхгүй, нисэхийн мэргэжилгүй хүн онгоцоор нисч байна. Баахан МИАТ-ийг хохироосон улсууд буцаад ажилдаа орсон байна гэх мэт. Монгол Улсын Шадар сайд бол Онцгой комиссын дарга шүү дээ. Тиймээс аюулгүй байдалд анхаарах ёстой. Онгоцны даргыг орж ирээд мэнд усаа мэдээч гэсэн хүсэлт тавьсан. Тэр өдөр онгоцны экипажийн дарга ч гарч ирээгүй. Дүрэм журмаараа ирээд мэнд усаа мэдэх бүрэн боломжтой. Монгол Улсын Шадар сайдад рапорт өгөх ёстой. Ажил байдал, цаг агаараа танилцуулах дүрэмтэй. Зам тээврийн сайд, МИАТ-ийн дарга руу залгасан. Маргаан бол гараагүй. Аюулгүй байдалдаа яагаад хариуцлагагүй хандаж байна вэ. Мэнд усаа мэдэлцэхгүй, хууль дүрмээ биелүүлдэггүй ийм л байсан. Дөрөв, таван хариуцлагагүй үйлдэл нийлээд том осол болдог. Энэ хүмүүс хариуцлагагүй хандаж байгаа юм байна гэдэг ойлголт л авсан. Түүн дээр эмзэглээд янз янзын зүйл ярьж байгаа юм байлгүй дээ.

-Чуулган завсарлаад гишүүд тойрогтоо ажиллахаар явж байна. Та Баянхонгор аймаг руугаа явах уу?

-Сар шинийн өмнө нэлээд явсан. Манай Баянхонгорт өвөлжилт боломжийн байгаа. Зарим нутгаар их цастай байсан. Одоо сайхан дулаарч байна. Мэдээж хэрэг одоо явна. Орон нутагт хууль сурталчлах, ард түмний санаа бодлыг УИХ-аас гарч байгаа шийдвэрт тусгуулах талаар ажиллана. Бид малчдын зээлийн хүүг буурууллаа. Бас малын хорогдол манай Баянхонгорын хувьд өмнөх жилүүдийн дундажтай адил байна. Ингээд сайхан дулаарчихвал болчих байх гэж бодож байгаа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ улс-төр

ХҮН дотоод асуудлынхаа талаар мэдээлэл хийнэ

ХҮН-ын Төв хороо өнөөдөр өглөө хуралдав. Өчигдөр ХҮН-ын зарим төлөөлөл Төв хорооны хурал зарлан, намын даргаар Б.Найдалааг томилж, тамга тэмдгийг нь гардуулсан.

Гэвч өчигдөр хуралдсан гэх Төв хорооны хурал нь албан ёсны хурал биш гэдгийг ХҮН-ын Удирдах зөвлөлийн зарим гишүүд хэвлэлүүдээр мэдээлсэн юм. Одоогийн байдлаар хоёр намын даргатай байгаа ХҮН-ын зүгээс дотоод асуудлаа шийдэхээр ийн хуралдаж Б.Найдалааг намын дэд даргын албанаас чөлөөлж, зарим гишүүдийг сольсон байна. Намын дотоодод өрнөж буй энэ мэт асуудлынхаа талаар ярихаар одоо 11.30 цагт хэвлэлийн хурал зарлав.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” зах гурав хоног ажиллахгүй

“Нарантуул” ОУХТ-ийн бөс барааны хэсэгт гарсан их хэмжээний галыг Онцгой байдлын албаныхан бүрэн унтрааж дуусгасан.

Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хөл хорио тогтоогоод байна. Үүнтэй холбоотойгоор “Нарантуул” ОУХТ-ийн үйл ажиллагааг гурван хоног зогсоохоор болсон аж.

Гал гарсан асуудалтай холбогдуулан тус захын эзэн Ш.Сайхансамбуу өөрийн твиттер хуудастаа “Хэн шатаагаад байгааг би мэдэж байгаа” гэх утга бүхий үгийг жиргэсэн байв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгааны хязгаарлалт хийнэ.

Сүхбаатар дүүрэг

10:30-16:00 цагт: 1, 2-р хороо 1А, 2Б, 26, 29-32, Усны 6, 7, 9-р байр, 31-р сургууль 143-р цэцэрлэг, Мон, Мөнх-6, Ахмадын өв, Говийн 44, Манайхан, Хос жигүүр, Өргөө, Эвсэг-30, Хонгор, Шинэчлэл-220 СӨХ-үүд, Шинэ андууд, Монголиан эйр транспорт, Төгс-Алтай, Транс мед ХХК-ууд, ОСНААУГ-ын ХҮТ-8, Капитрон банк, Ачит гар өрхийн эмнэлэг, Сити шоп, Алтангадас ассоциаци, Өзбебла сургууль, Говь газар, Монгол шаазан ХХК-ууд, Цэ Пү эмнэлэг, Баянгол зочид буудал болон ойр орчимд,

Баянгол дүүрэг

11:00-16:00 цагт: 2-р хороо 66-р цэцэрлэг, 55, 67/1-6-р байр, 25 айлын орон сууц, Силвер Ингот, Симс, Жей энд Би трейд, Монлимит, Мий сон, Ди Эй Ти Өү, Рийч пойнт, Шинэ Монгол хаад, Улаанбаатар сан, Пиэрл, Жонон хүү, Энхжин Инвест, Ах Бургатай, Сонголт холдинг, ВБМЦ, Инфинитиколор, Олл раунд, Пицца романо, Мазаалай трейд, Хүмүүн мед, Солонго лайн, Содмонгол групп, Илаарших, Гангажаргалан Марал импорт, Дэгд фарм, Э менд, Монмагнит, Бирокон, Симс, Си Ди Би ХХК-ууд, Монгол бизнес ДС, Хөрш-50 СӨХ, ТЗЭХУХ 1-р анги, Улаанбаатар ДС, Эрчим хүч хэмнэлтийн төв, Улаанбаатар СӨХ болон ойр орчимд,

Сонгинохайрхан дүүрэг

11:00-18:00 цагт: 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин, Мон Сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Найдварын өргөө ТББ, Зааки, Юнител, Хишиг арвин индустриал, Түмэн цагаан, Тэнгэрийн 7 дагина, Нью прогресс, Контейнерхаус, Амтатны дээж, Таван трейд, Петровис трейдинг, Цахиур ХХК-ууд, Петростар ШТС-15, Нефтийн байр, ХЦХ 1-12-р байр, ЗБУ 12-14-р гудамж болон ойр орчимд.

Categories
гадаад мэдээ

Индонезид цунамигийн аюул зарлав

Индонез улсад өчигдөр шөнө 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт Паданг хотын баруун өмнөд хэсэгт болжээ. Газар хөдлөлтийн дараа аврагчид Паданг хотоос 100 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж, ард түмнээ сонор сэрэмжтэй байхыг уриалан, цунамигийн аюул зарлажээ.Үүнтэй холбогдуулан Австралийн Кокосын арлын болон Зул сарын арлуудад цунамигийн аюул зарласан байна.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын зочдод өгөх бэлгийг танилцууллаа

Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 17 дугаар хуралдааны үеэр АСЕМ-ийн бэлтгэл ажлын албанаас дээд түвшний уулзалтад оролцох төлөөлөгчдийн тэргүүн, албан ёсны төлөөлөгчид болон ажлын хэсгийн гишүүд, сэтгүүлчдэд өгөхөөр компаниудын санал болгон ирүүлсэн бэлэг дурсгалын дээжийг үндэсний зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд сурталчлах зорилгоор бэлэг дурсгалын зүйлсийг хандивлах санал олноор ирж байгаа аж.

Дээд түвшний уулзалтын үеэр монгол үндэсний хэв загварыг хадгалсан, чанартай, өнгө үзэмжтэй, орчин үеийн стандартад нийцсэн бэлэг дурсгалын зүйлсийн нэгдсэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд зочдод гардуулах бэлгийг ажлын албанаас тусгай комисс гаргаж, сонгон шалгаруулж авах юм. Одоогоор 10 гаруй компани ноос ноолуур, арьс шир, Монгол орны зургийн цомог, модон хүүхэлдэй, ном, товхимол зэрэг дурсгалын зүйлсийг ирүүлээд байна.

Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн УАШТ болно

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 11-13-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд болно. Тэмцээнийг Монголын хүндийн өргөлтийн холбоо, Сүхбаатар аймгийн ЗДТГ, БТСГ болон ивээн тэтгэгч компаниуд хамтран зохион байгуулах юм. Тэмцээн эрэгтэй 8, эмэгтэй 7, нийт 15 жинд аваргуудаа тодруулна.

Энэ удаагийн тэмцээн хүндийн өргөлтийн спортыг орон нутагт сурталчилан таниулах, тамирчдын хүрээг тэлж, тамирчдын чансааг сайжруулах, “РИО-2016” олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдаа дэмжих зорилготой аж.

Тэмцээний хөтөлбөр:

03.11- 15.00 Техникийн зөвлөгөөн

03.11-18.00. Тэмцээний нээлтийн ажиллагаа /”Жаахан шарга” театрт/

03.12-13. Эрэгтэй 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, 85 кг, 105 кг, +105 кг

Эмэгтэй 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг, +75 кг

03.13 – 17.00 цагаас тэмцээний хаалтын ажиллагаа

Тэмцээн олон улсын хүндийн өргөлтийн дүрмийн дагуу зохиогдох бөгөөд нэг баг 15 тамирчинтай байх бөгөөд нэг багаас тухайн жинд хоёр тамирчин оролцоно.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” захад үүрээр гал гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд өнөө өглөө үүрээр гал гарчээ. Үүр шөнийн заагт буюу 03:00 цагийн үед тус захын бөс, барааны хэсэгт гал гарсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас “03:36 цагт галын дуудлага ирсэн. Дуудлагын дагуу анги бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй. Галыг унтраахаар найман ангийн аврагч, гал сөнөөгч нар ажиллажээ. Өглөөний 08:10 цагийн байдлаар Нарантуул захын галыг унтраасан ч бүрэн унтрааж задаргаа хийж шалгахаар гал сөнөөгчид ажилласан хэвээр байлаа.

Нарантуул худалдааны төв урьд хоёр ч удаа галд автаж байсан юм. 2013 оны наймдугаар сарын 22-нд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад буюу битүү дээвэртэй байранд гал гарч, уг хэсэг байгууламж бүхэлдээ шатаж, нэг эмэгтэй нас барсан золгүй хэрэг гарч байсан юм. Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд “Нарантуул” худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч нэлээд хэмжээний эд зүйл шатсан байдаг.

Categories
мэдээ цаг-үе

​Б.Лхагважав: Монгол Улс далд эдийн засгийнхаа 90 хувийг гэрэлд гаргачихлаа

Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважаваас Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт дууслаа. Анх төлөвлөж байснаас асар их хэмжээний орлого ил болсон. Үүнийг манай улсын хөгжилд томоохон түлхэц боллоо гэж харж байна?

-Бид анх 6-7 их наяд төгрөгийн орлого ил гарна гэж төлөвлөж байсан юм. 2015 оны арванхоёрдугаар сар гэхэд таван их наяд төгрөгийн орлого ил болгочихоод байсан. УИХ энэ хуулийн өгөөжийг ойлгоод алдагдсан хугацааг нь сунгаад 2016 оны хоёрдугаар сарын 20-нд дуусгахаар нэг сар 20 хоногоор сунгаж өгсөн. Он гарангуут НӨАТ-ын шинэ хууль үйлчилж эхэлж аливаа ажил, орлого ямар ч тохиолдолд бүртгэгддэг юм байна гэдгийг ойлгож иргэдийн идэвх нэмэгдсэн л дээ.

Одоогоор хичнээн төгрөгийн орлого ил болчихоод байна вэ?

-Хориод их наядын орлого, ажил үйлчилгээ гарчихаад байна. Гэхдээ үүнээс илүү ч байгаа шүү. Бараг 24 их наяд. 24 их наяд гэдэг бол манай ДНБ-ээс давчихсан гэсэн үг.

Сүүдрийн болон нарны эдийн засгийн харьцаа эн тэнцүү байгаа байхгүй юу. Энэ хоёр чинь нийлээд Монгол Улсын засаг. Тэгэхээр бид том юмаараа харж, бүх бодлого, статистик, явж байгаа системээ өөрчлөхөөс өөр аргагүй болж байгаа юм л даа.

Сүүдрийн эдийн засаг маань хэр хумигдав?

-Та бод л доо. 6-7 их наядын эдийн засаг ил болно гэж байсан чинь гурав дахин их хэмжээний эдийн засаг ил болчихож байгаа байхгүй юу. Одоо бол нэлээд сайн болж эхэлсэн. Манайх далд, сүүдрийн эдийн засгийнхаа 80, 90 хувийг бүгдийг нь гэрэлд гаргачихсан гэсэн үг л дээ. Аливаа эдийн засагт 5-10 хувь байдаг. Гэхдээ манай аж ахуйн нэгж, иргэд маань аль аль нь ойлгож байгаа. Энэ цаг мөчөөс хойш бид орлогоо бүртгүүлж, татвараа өгч байя гэж шударгаар ойлгодог болоод байгаа. Нөгөө талаасаа одоо батлагдах ёстой хэд хэдэн хууль байгаа шүү дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль гэсэн энэ гурван хууль батлагдчихвал НӨАТ-ын хуультайгаа нийлээд системийн маш том шинэчлэл бий болж байгаа юм. Энэ гурван хууль маань уг нь логикоороо бол оны өмнө батлагдчих ёстой байсан ч бид амжсангүй л дээ. Хэрэв нэгдүгээр сарын 1-нээс энэ гурван хууль маань НӨАТ-ын тухай хуультайгаа зэрэг хэрэгжиж, дээрээс нь Аудит болон Нягтлан бодохын хууль нэмэгдэн санхүүгийн бүртгэлийн хуулиудаа шинээр эхлүүлсэн бол өөр үр дүн гарах байсан. Гэхдээ одоо ч хоцрохгүйгээр дөрөвдүгээр сарын эхний чуулганаар батлах ёстой. Хэрэгжих хугацааг нь аль болох наашаа тавибал сайн байна.

Ил тод байдлын тухай хуулийг танин мэдүүлэх сурталчилгаа маш сайн байсан гэдэгтэй маргах хүн байхгүй байх?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хамгийн чухал гол нэг зүйл, УИХ-д өгсөн дохио юу байв гэвэл аливаа баталсан хуулийнхаа дараа танин мэдэхүйн сурталчилгааг хийх, хуулийн хэрэгжилтээ хянах. Хууль батлах, сурталчлах, хянах гэдэг гурван функц чинь УИХ-ын чухал ажил байдаг юм. Манайх хуулиа батлаад мартдаг байсан бол сүүлийн үед Ил тод байдлын тухай хуульд дээрх гурван функц маш сайн ажилласан. Үүнтэй адил бид бусад хуулиа яг энэ зарчмаар явуулж байх ёстой гэж би хувьдаа үзэж байгаа.

Манай танхимын хувьд аливаа бизнестэй холбоотой хууль болгоны танин мэдэхүй, хэрэгжилт, хяналтыг өргөнөөр явуулна гэсэн бодлоготой байна.

Гадны хөрөнгө оруулагчид Монгол Улс далд эдийн засгаа ил болгож, бизнесийн орчноо эрүүлжүүлж байгааг ихэд анхаарч байх шиг байна?

-Манай хувьд хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.доллараас 10 сая ам.доллар руу уналаа шүү дээ. Дотоодод ч ялгаагүй, саармагжсан. Яагаад ийм байдалд оров гэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зөвөөр унших санхүү, татварын тайлан байхгүй байсан байхгүй юу. Компанийн засаглал, шүүх засаглал нь тодорхой биш байхад хэн ч хөрөнгө оруулдаггүй байхгүй юу. Баялаг нь байгаа ч тийм нөхцөлд хэн ч хөрөнгөө гаргахгүй. Бид тун гэнэн хандаад, бидэнд баялаг байна, та нар хөрөнгө оруул гэхэд дээр дурдсан дөрвөн зүйл нь байхгүй, тодорхойгүй байвал хэн ч мөнгөөрөө тоглуулахыг бодохгүй шүү дээ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэхэд хамгийн том хөшүүрэг нь ил тод байдлын тухай хууль боллоо. Ийм процесс өмнө нь 2008, 2009 онд явагдсан. Тухайн үед эдийн засаг өсөхөд хамгийн сайнаар нөлөөлсөн нь 2008 онд батлагдсан Ил тодын хууль, Татварын өршөөл үзүүлэх тухай хууль байсан юм шүү.

Энэ хуульд аж ахуйн нэгж, компаниуд бүгд хамрагдаж чадсан уу?

-20 гаруй мянган компани хамрагдсан. Гэхдээ манай улсын төсвийг 1000-аад компани л бүрдүүлдэг. Ингээд бодохоор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд маань бүгд хамрагдчихсан байгаа.

Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх хамгийн том хөшүүрэг болох санхүү, татварын тал нь зөв болчихлоо. Одоо дээр нь Монголын компаниуд засаглалаа зөв болгох ёстой. Өмнө нь компанийн засаглал яагаад буруу байсан бэ гэхээр хуурамч тайлантай байсан. Хуурамч тайлантай үед компанийн засаглал байхгүй, хөрөнгө оруулалт байхгүй, компанийн өмч хөрөнгө тодорхой бус, эзэн нь тодорхой бус байдаг. Гэтэл энэ бүхэн нь одоо зөв болоод ирэхээр аяндаа компанийн засаглалаа зөв болгох шаардлага гарч ирж байгаа юм. Компанийн засаглалыг орчин үеийн институцийн хэлбэрт аваачаагүй бол хичнээн баялагтай байгаад тэр нь үнэ цэн болдоггүйг бид хангалттай ойлгосон.