Categories
мэдээ нийгэм

Шалган нэвтрүүлэх постуудад халдваргүйжүүлэлт хийж байна

Улсын хэмжээнд малын гоц халдварт хонь, ямааны цэцэг өвчин таван аймгийн 24 суманд гараад байгаа.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баянтүмэн, Дорноговь аймгийн Замын-Үүд-д цэцэг өвчин гарсан.

Тиймээс Багануур дүүргийн Хэрлэн, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Багахангай дүүргийн замын цагдаагийн пост, Сонгинохайрхан дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын дэргэд халдваргүйжүүлэлтийн постыг ажиллуулж эхлээд байна.

Ингэснээр өнөөдрийн байдлаар дүүргүүдийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг өвчний тохиолдол илрээгүй байна.

Categories
мэдээ спорт

“Дүнжингарав-2016” маргааш болно

“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдаан маргааш /II.28/ Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болно. Энэ жил тус уралдаан болох эсэх талаар яригдаж байсан ч Засгийн газраас зохион байгуулах шийдвэр гаргасан юм.

Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат Төв аймгийн нутагт хурдан морины уралдаан, сунгаа явуулахыг хориглосон захирамж гаргаад байсан. Харин Засгийн газрын шийдвэр түүний дээрх захирамжийг үгүйсгэх эрхтэй учир Төв аймгийн Засаг дарга “Дүнжингарав-2016” уралдааныг зохион байгуулах захирамж гаргажээ.

Тэрбээр Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/, Хүүхдийн төлөө үндэсний газрын төлөөлөгчдийг байлцуулан гурван талт уулзалт хийсэн байна. Уралдааны үеэр унаач хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг ММСУХ-ныхон хүлээж байгаа аж. Уралдаанч хүүхдийг хамгаалалтын малгай, хувцастай уралдуулах, болзошгүй аюул, ослоос сэргийлэхэд онцгой анхаарахаар тохиролцсон талууд тохиролцсон байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжиг өнөөдөр тайзнаа амилна

Улсын драмын эрдмийн театрт “Сонгодог жүжгийн өдрүүд” эхэлж байна. Өнөөдөр 18:00 цагт “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжиг тайзнаа амилна. Энэхүү жүжигт соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ц.Баясгалан /Антония эхнэр/, залуу жүжигчин Э.Тодгэрэл /Мамбретто/, Г.Дөлгөөн-Аюуш /Профессор нууц амраг/ нар дүр бүтээнэ.

“Чөлөөт хос” жүжиг маргааш /II.28/ мөн 18:00 цагт үзэгчдийн хүртээл болно. Жүжгийг тасалбарыг тасалбар Улсын драмын эрдмийн театрын тасалбар борлуулах цэгээс болон https://easyticket.mn/ хаягаар онлайнаар захиалан авах боломжтой. Тасалбар суудлаас хамааран 10-20 мянган төгрөгийн үнэтэй аж.

Categories
мэдээ нийгэм

Геометрийн олимпиад болж байна

Математик хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Геометрийн олимпиад гурав дахь жилдээ Архангай аймагт зохион байгуулагдаж байна. 14 сумын 250 гаруй оролцогчидтойгоор энэ удаагийн олимпиад “Тойрог” сэдвийн доор зохион байгуулагдаж буй юм.

Геометрийн олимпиадын нээлт өнөөдөр болсон бөгөөд аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ш.Нямдаваа, МУИС-ийн Математикийн тэнхимийн эрхлэгч доктор В.Адъяасүрэн нар оролцож мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.Олимпиад 2 өдөр үргэлжилж маргааш дүнгээ гаргана.

Categories
мэдээ спорт

Бүх оддын тоглолт Хандгайтад үргэлжилж байна

Сагсан бөмбөгийн үндэсний супер лигийн энэ улирлын бүх оддын тоглолт Эрдэнэт хотод эхэлсэн бол, өнөөдөр Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд үргэлжилж байна. Тоглолтод дэлхийн бага олимп гэгддэг Универсиад наадамд гурван тивийн багийн сөхрүүлсэн Монгол улсын залуучуудын шигшээ баг Үндэсний супер лигийн америк легионеруудын шигшээ багтай халз тоглолт хийх юм.

“Бүх Оддын Тоглолт”-н гарааны тоглогчид дасгалжуулагчдын саналаар тодорсон.

Тодруулбал Үндэсний Супер Лигийн найман багийн дасгалжуулагчдын санал асуулгаар

Сhris Jones – 6, Дархантөгс -6, Мөнхтүвшин – 6, Дорж-Арилд – 5, Билгүүн -6, Санчир – 6, Болортулга -7, Ууганбаяр -6, Очирбат -7, Онвукамучэ -7 санал тус тус авсанаар, ийнхүү гарааны тоглогчид болсон байна. Ур чадвар, Холын зайн шидэлт, Цагариган дээрээс довтлох тэмцээний аваргууд мөн энэ өдөр тодрох болно. Тухайлбал Үндэсний супер лигийг статистик үзүүлэлтээр 3-н шугамын араас хамгийн шилдэг найман тамирчин “Бүх Оддын Тоглолт”-н холын зайн шидэлтийн тэмцээнд оролцохоор тодроод байна. Супер лигтээ эргэн ирээд удаагүй байгаа Хүлэгүүд багийн Н.Золжаргал аваргаа хамгаалан оролцох бол хоёр удаагийн шидэлтийн аварга Ирвэсүүд багийн Э.Цэвэлдорж мөн шилдэг легионер тамирчдын хамт өрсөлдөх юм. Сагсан бөмбөг сонирхогч та бүхэн Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордныг зориорой.

Categories
мэдээ нийгэм

Бага зэргийн цас орно

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

2016 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд зарим газраар, 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 2-нд Алтайн уулсаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч суларч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн хорихын эмнэлэгт анхааруулга өгчээ

Булган аймгийн Прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран ШШГЕГ-ын харьяа онцгой дэглэмтэй хорих 439 дүгээр ангийн эмнэлгийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Тус хорих ангийн эмнэлэг нь зургаан ортой, нэг их эмч, дөрвөн сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд он гарсаар нийт 11 ялтан хэвтэн эмчлүүлсэн байна.

Шалгалтаар хорих ангийн эмнэлгийн үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангахгүй байгааг тогтоожээ. Иймд Хорих 439 дүгээр ангийг ялтны эрхийг хамгаалахтай холбоотой Олон улсын гэрээ конвенцын заалтыг хэрэгжүүлэх, ялтнуудад эмнэлгийн үйлчилгээ явуулахдаа эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, ялтнуудын эрхээ эдлэх боломжоор хангахыг анхааруулсан байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Бодисын дөрөв дэх төлөв: Устөрөгчийн плазмыг гарган авчээ

Үйлвэрээр гаргасан анхны устөрөгчийн плазм ингэж
харагдаж байна

Дэлхий дээрх бодисууд хатуу, шингэн, хий гэсэн гурван төлөвт багтдаг хэмээн Ерөнхий боловсролын сургуульд заадаг. Харин бодисын дөрөв дэх төлөвөөр эрдэмтэд плазм (сийвэн) буюу ионжсон хийг нэрлэдэг. Плазм нь ер бусын шинж чанарынхаа хувьд бодисын дөрөв дэх төлөв гэгддэг байна. “Ионжсон” гэдэг нь атом, молекулаас салсан нэг юм уу түүнээс дээш тооны чөлөөт электроныг хэлнэ.

Биеийг халаах тусам бөөмс улам хурдан болдог. Маш өндөр температурт халаавал бөөмс илүү хүчтэй мөргөлдөж эхлэх бөгөөд үр дүнд нь бөөмс бутран задарч нэмэх, хасах цэнэгтэй ионууд болно. Энэ төлөвийг плазм гэдэг байна.

Орчлон ертөнц дээрх хамгийн түгээмэл хэлбэр нь нар болон бусад одод дээр орших плазмын төлөв юм. Цахилгаан цахих нь дэлхийн гадаргуу дээрх плазмын нэг жишээ юм. Энэ үед температур нь ойролцоогоор 28000К хүрдэг байна.

Хийн атомууд ионжих шалтгаан олон боловч голдуу температураас хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл температур ихсэх тусам атомууд электроноо алдаж ионждог байна. Тэгэхлээр ионжлолын зэргээс (хэр сайн ионжсоноос хамаарч) плазмыг сул, хүчтэй ионжлогдсон гэж ангилж болно. Гал нь плазм төлөв дэх бодисын хамгийн сул нэг хэсэг юм. Плазм нь ийнхүү маш өндөр температуртай орчинд бий болж үүсдэг, барьж хадгалах боломжгүй учраас өмнө нь гаргаж авч чаддаггүй байв.

“Вендельштэйн 7х” халуун цөмийн реактор

Тэгвэл Германы эрдэмтэд энэ оны хоёрдугаар сард бодисын дөрөв дэх төлөвийг үйлдвэрлэлийн орчинд гарган авчээ. Тус улсын Балтийн тэнгисийн ойролцоо орших “Грийфсалд Их сургуулийн Макс Бланк хүрээлэнгийн плазм физикийн туршилтын лабораторид анх удаа устөрөгчийн плазмыг гарган авчээ. Шинжлэх ухааны түүхэнд тэмдэглэхүйц энэхүү явдал энэ сарын 3-нд болсон байна. Эрдэмтэд хүчилтөрөгчийн плазмыг гарган авахын тулд Вендельштэйн 7х халуун цөмийн реакторыг ашиглажээ.

Түүхэнд тэмдэглэхүйц энэхүү үйл явдлыг албан ёсоор зарлах үед ХБНГУ-ын канцлер Ангела Меркель тус их сургуульд зочлон эрдэмтдэд баяр хүргэсэн байна. Мөн тэрбээр үйлдвэрийн орчинтой танилцаж, анхны устөрөгчийн плазмыг харжээ.

“Вендельштэйн 7х” гэх уг халуун цөмийн реакторыг анх 2011 оноос барьж суурилуулж эхэлсэн байна. Энэ нүсэр тогоо нь дэлхий дээрх хамгийн том цөмийн хайлуулах тоног төхөөрөмж буюу ууршуулагч реакторын нэг юм.

Германы эрдэмтэд бодисын дөрөв дэх төлөвийг гарган авах туршилтын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сараас хийж эхэлсэн бөгөөд ийнхүү маш богино хугацаанд амжилттай ажиллан устөрөгчийн сийвэнгийн анхны гэрлийг гаргажээ. Устөрөгчийн сийвэнг амьдрал дээр гарган авахын тулд гели тэргүүтэй 300 гаруй ховор хий, бодисыг түүхий эд болгон ашигласан байна.

Ингэхдээ “Вендельштэйн 7х” халуун цөмийн реакторыг зургаан сая хэмийн хэмжээнд ажиллуулсан байна. Энэхүү хайлуулах реактор нь 80 сая хүртэл хайлуулах хүчин чадалтай аж.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газраас уг туршилтад зориулж 400 сая евро зарцуулаад байгаа аж.

Энэхүү төлөвийн шинж нь нарны гадарга дээрх нөхцөл шиг халуу шатаж байдаг бөгөөд бодисын молекул, атом алдагдсан бүтэц учир эрчим хүч ихээр ялгаруулдаг аж. Усны дусалтай дүйцэхүйц өчүүхэн жижиг устөрөгчийн плазм л гэхэд 6000 богино долгионы зуухнаас гарах дулаантай дүйцэхүйц дулааныг ялгаруулах аж. Гэхдээ одоогоор энэхүү төлөвийг шууд ашиглах боломжгүй.

Учир нь дэлхий дээр энэ төлөвийг ямар нэгэн саванд хадгалах боломжгүй бөгөөд халуун цөмийн реакторт цахилгаан соронзон талбайн тусламжтайгаар барьж байгаа юм.

Макс Бланк хүрээлэнгийн багш доктор, профессор Ханс Стефан Босч “Бидний өмнө маш том боломж нээгдэж байна. Мөн маш ихийг хийж бүтээх, судлах арвин их ажил ундарлаа” хэмээн мэдэгджээ. Эрдэмтэд цаашид энэхүү сийвэнг агуулж хадгалах, эрчим хүчид хэрхэн ашиглах талаар илүү нарийвчилсан судалгааг явуулах юм. Наран дээр байдаг сийвэнг дэлхий дээр гарган авснаар хязгааргүй эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Зөвхөн эрчим хүч гэлтгүй энэ төлөвийн тусламжтайгаар маш олон шинэлэг тоног төхөөрөмж, техник хэрэгсэл гарган авах эх үүсвэр бүрдэх юм.

Энэ туршилт амжилттай үргэлжилбэл таван жилийн дараагаас анхны эрчим хүчээ үйлдвэрлэж эхлэх юм байна.

Энэ 2016 оныг шинжлэх ухааны жил гэж нэрлэж болохоор байна. Учир нь шинэ он гараад удаагүй байгаа ч түүхэнд тэмдэглэж үлдэхүйц гайхалтай нээлт, үйлд явдлууд өрнөж байна. Тухайлбал, энэ сарын 11-ний өдөр АНУ-ын эрдэмтэд таталцлын хүчний долгионыг түүхэнд анх удаа долгион хүлээж авах асар хүчтэй төхөөрөмжийн тусламжтайгаар шууд бүртгэж авсан билээ. Германы нэрт эрдэмтэн Альберт Эйнштейн зуу гаруй жилийн өмнө энэхүү таталцлын хүчний долгионыг цэвэр хийсвэр математик сэтгэлгээний үндсэн дээр гаргаж ирж байсан нь ийнхүү бодитоор нотлогдсон юм.

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хувь заяаныхаа төлөө тэмцсэн Ася бүсгүй

“Миний Дагестан”-аараа уул нутгаа манант бөмбөрцөг даяар магтан дуулж чадсан Дагестаны их яруу найрагч, цуут Расул Гамзатовын 3864 мөр бүхий шүлэглэсэн туужийг шимтэн уншлаа. Шимтэхийн учир, сэтгэл зүрхийг булиглуулан булаах, басхүү гунин тунин яваа хонгорхон Асяг сэтгэлийн угаас өрөвдөн хайрлуулах шидтэй зохиол ажээ.

Ася хэмээх хонгорхон охин арван жилийн сургуулиа дөнгөж төгсөөд дэгж дэрвэн хөөрч явна. Гэвч түүний замд тохиолдох булсан хавх шиг гай барцадыг эцэг нь аль эртнээс зэхсэн байсныг тэр яахин мэднэ. Учир нь, Асягийн аав хоньчин Али архины халуунд охиноосоо үе мултархай ах Осман гэгч олхиогүй амьтны эхнэр болгохоор Османы аавтай сүй тавьчихсан байна. Хэлсэн бол хэлсэн, буцах аргагүй, булзах газаргүй гэсэн уулынхны шударга зан Алид нэвт шингэчихсэн юмсанжээ. Хэлсэндээ хүрдэг хатуу эцэг нь охиноо цэцэг цэврүү шиг насанд нь архичин Османы эхнэр болгон өгөхөөр зэхээд сургуулиа төгсөхийг нь хүлээж байсан аж. Гэвч Ася бол өөрийнхөө хувь заяаг өөрөө шийдэх эрхтэйгээ ухаарсан зоригтой, ухаантай охин байлаа. Османд дургүйгээ, оюутан болж суралцах хүсэлтэйгээ эцэг эхдээ учирлавч нэгэнт шийдсэн эцэг нь өөрийнхөөрөө зүтгэнэ. Арга мухардсан Ася богтлогдохынхоо өмнөх шөнөө ангийн багштайгаа уулзсанаар зориг шулуудан гэрээсээ явахаар шийднэ. Маргааш нь Османы тэрэг тэрэг инж өглөгийг орхиод өөрийнхөө хувь заяаны эзэн болж явахаар шийдсэнээ эцэг эхдээ дуулгахад аав нь түүнийг гэрээсээ хөөнө. Худ ураг бололцох хүмүүс нь хүүхнээ авахаар хоньчин Алигийнд ирэхэд Ася бүсгүй аль хэдийнэ гэрээсээ хөл нүцгэн хөөгдөөд явчихсан байна. Уул нутаг, Кавказ даяар ийм явдал урьд өмнө тохиож байгаагүй гэж үзсэн хүмүүс Алиг өрхийн тэргүүн шиг тэргүүн байсангүй гэж, эмс охидоо толгой дээрээ гаргалаа гэж элдэвлэн шившиглэнэ.

…Хүйтэн халуун хачиртай мэдээг

Хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгов

Зарим нь гар барьсан юм шиг саймшрав

Зарим нь гал гарсан юм шиг сандрав…

Расул Гамзатовтой уран үгийг уралдуулж утга санааг ягштал буулгасан Р.Чойномын гайхамшигт орчуулга хэн бүхний зүрх сэтгэлийг эрхгүй булаана вий.

Харин инжилсэн хүүхэн нь дайжаад явчихсанд хорссон Осман хөрөнгө цохиж эцэг эхтэй нь тохиролцоод долоогоо ч төгсөөгүй хөөрхий Сүпээг авч сууна. Анхны шөнөө Осман, Сүпээтэй нүүр учирч:

“…-Амар байна уу? За яамай даа хө!

Алив гутлыг минь чангаагаач

Хром байтлаа хөл нухаад байх юм

Хойш нь тат! хөл мулталчихуузай

Уухайс даа! Овоо юм л даа чи чинь

Уг нь чи бид хоёр таарах л юм байна

Ус хийчих хө тэр түмпэнд

Угаачих хө энэ хөлийг

Айлын авгай шиг хөдлөөрэй хө

Ай цэгий! Юунд нүүрээ буруулаа вэ!

Орой болгон хоёул хэвтэх

Ороо засахаа мартаагүй биз?

За, за! Гонжийтол битгий зогсоод бай!

Залхууралгүй хувцас сандал дээр тавь!

Дуусгаач…, шөнө богино. Өнгөрлөө.

Дуулав уу?, Дэнлүү унтраа!…

Сүпээ охин хэнтэй сууснаа сүүлд нь мэдэж хар нялхаараа үйлээ үзнэ. Харин үүнийг мэдээд гэрээсээ хөөгдсөн Ася бүсгүйн зам ч дардан байсангүй. Кавказ бүсгүй Ася маань хоосон нойтон, хээр хөдөө явсаар Москвад ирж зорьсон ёсоороо оюутан боллоо. Энэ хугацаанд түүний сэтгэлт Юсуп гэнэт гарч ирнэ. Ася бүсгүйн хувь тавилан цааш хэрхэн өрнөхийг “Кавказ бүсгүй” номноос эрхэм уншигч мэднэ биз ээ. Уул нутгийн бүсгүйчүүлийнхээ зовлон жаргалыг сайнтай муутай нь дэлгэн харуулж, хуучны бурангуй ёс заншлаа эсэргүүцсэнээрээ Гамзатовын энэ зохиол онцлог билээ. Манайд 2002 онд эл шүлэглэсэн тууж ердөө 300 хувь хэвлэгджээ.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хүмүүжилгүй, боловсролтой улсууд ихэссэн нь сөрөг үр дагавартай байна

ШУТИС- ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш, доктор Т.Улаанбаатар

Бүх нийтээрээ боловсролд анхаарч, хүмүүжил хоцрогдоод байна. Хүмүүжилгүй, боловсролтой улсууд их гарч байгаа учраас нийгэмд сөрөг үр дагавар гарч байна.

Тийм учраас боловсролоос түрүүнд хүмүүжлийг тавьж, боловсролын системийг өөрчлөх хэрэгтэй байна. Энэ асуудлыг дэмжих улсууд маш их байна. Зохиолчид, багш нар, нийгмийн сэхээлэг оюунлаг хэсэг дэмжиж байгаа учраас бид зохион байгуулалтад орохыг эрмэлзэж байгаа юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж, үзэл бодлоо илэрхийлж, дэмжиж байгаа улсуудаа нэгтгэх хэрэгтэй байна.

Хүмүүжил олгохын тулд хүүхдийг гуравдугаар анги хүртэл хүмүүжил олгох сургалт явуулж түүнээс дээш ангид хүмүүжил, боловсрол олгох зэрэгцэн орж, шаардлагатай бол дээд боловсрол олгох учиртай. Бүх хүн дээд боловсролтой байх албагүй. Харин хүн байх учиртай. Хүмүүжил гэдэг хүн байх гэсэн үг. Эхлээд хүн болгочихоод дараа нь амьдралын хэрэгцээ шаардлагын үүднээс боловсрол олгох учиртай. Гол нь хүн болгох хэрэгтэй.

Бидний үед боловсрол гэж айхавтар шуурдаггүй. Багаасаа эмээ, өвөөгийн гар дамжиж хүн болцгоосон. Хамтын хүмүүжлийн тогтолцоогоор орсон гэж болно.

Ахмад настай хүмүүсээс эмээдэг. Аав ээж, хамаатан садан, нутаг усныхан настай хүмүүс бүгд л хүүхдийг хүмүүжүүлж, хүн болгоход нөлөөлдөг байлаа. Одоо бол хүн болгохгүйгээр боловсрол олгоод байгаа юм.