Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунбаатар “Би ямар ч гарын үсэг зуруулаагүй” гэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Шадар сайд Ц.Оюунбаатар мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад ингэж хариуллаа.

-Г.Шийлэгдамба сайд ярилцлагадаа таныг миний өмнөөс бланкин дээр өргөдөл бичиж, гарын үсэг зуруулсан гэсэн. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Би ямар ч бланкин дээр гарын үсэг зуруулаагүй. Тийм цаг хугацаа, боломж ч байхгүй. АТГ-аас байцаалтад ирсэн үед нь би хамгийн сүүлд ажил төрлийн асуудлаар санал солилцсон. Энэ асуудлаар Ерөнхий сайдад санал тавьж байсан. Энэ хүрээд миний оролцоо дууссан. Тэр гарын үсэг зурсан, өргөдөл хүсэлт гаргасан асуудал дараагийнх.

-Намын санхүүжилтийн тухайд?

-Намын сан хөмрөг хариуцсан хүн нь би биш. Санхүү мөнгөний асуудалд би хэзээ ч, хаана ч оролцож байгаагүй. Энэ талын мэдээлэл надад алга.

-Та хандив цуглуулдаг уу?

-Би өөрийнхөө цалингаар амьдардаг. Би 40 жил Монголын төрд ажиллаж байна. Хууль дүрмээ барьж ажиллаж байгаа. Хэн нэгнээс юм гуйж явсангүй. Хэн нэгэнд ч юм өгч явсангүй.

-Шадар сайдаар Н.Энхбаяр даргыг томилоод таныг Эрүүл мэнд, спортын сайдаар томилох тохироо хийгдсэн гэдэг. Үнэн үү?

-Наадахаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс асуу.

Categories
мэдээ эдийн-засаг

Зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулна

УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоолд заасан 2015 оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хавсралтад заасан, бодит гүйцэтгэл нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа, гэрээний дагуу үлдэгдэл төлбөр бүхий, мөн “Барих-шилжүүлэх” концессын хэлбэрээр хэрэгжүүлж, ажил нь дууссан энэ тогтоолын 1-2 дугаар хавсралтад заасан төсөл арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.

Векселиэр баталгаажсан хөрөнгө, векселийн хүүгийн зардлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу 2017 оны Улсын төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Болор, төсөл арга хэмжээний санхүүжилтийг вексель эзэмшигчдэд олгохыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг олгоно

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэд хэдэн асуудал шийдсэн байна. УИХ-ын 103 дугаар тогтоолд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох Засгийн газрын журамд өөрчлөлт орууллаа.

Хүүхдийн мөнгийг Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 нас хүртлэх бүх хүүхдэд олгоно. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө авах эрх үүссэн байгаа бөгөөд цагаан сараас өмнө нэг, хоёрдугаар сарын мөнгийг бүрэн олгоно.

Тухайн өрх, иргэн нь Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд шинээр хамрагдсан бол судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан сараас нь тооцон хүүхдийн мөнгийг олгоно гэж журамд заажээ.

Categories
мэдээ улс-төр

Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр барина

Засгийн газрын хуралдаанаар Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихад шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан байна.

Урьдчилсан ТЭЗҮ-гээр боловсруулах үйлдвэрийг Чойр, Сайншанд, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг байршлуудад газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр байх гэсэн үзүүлэлтээр харьцуулан судалж, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгуулахаар сонгосон байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлээс үзэхэд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Бүтээн байгуулалт 4 жил үргэлжилнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор 2021 оноос газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээ буурч гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдэх, ажлын байр олноор бий болох, газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 300 аж ахуйн нэгж, байгууллага, 1244 иргэнийг шалган 1194 зөрчил илрүүлж, 67 хувийг газар дээр нь арилгуулан, албан шаардлага, дүгнэлт, акт өгчээ. Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байгаа юм байна.

15 кг-аар савласан, шошгын зөрчилтэй бууз, 50 гр-аар савласан “Марио” цөцгийтэй тараг, “Нийслэл” нэрийн хэвийн боов, “Амин дэмийн бэлдмэл”, Өвөрхөнгай аймгийн Маргад цехийн үйлдвэрлэсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн гэх мэт 16 нэр төрлийн 219 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулжээ.

Мөн БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савласан цэлцэгнүүрээс мөөгөнцөр илэрсэн тул худалдахыг зогсоосон байна. Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад 400 гаруй хүнийг хамруулсан сургалт зохион байгуулжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараахь зөвлөгөөг хүргэж байгаа юм. Үүнд:

  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг шалгах
  • Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын бүрэн бүтэн эсэх
  • Хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалан худалдаалж байгаа эсэх
  • Өндөгний хальс нимгэрч өнгө нь өөрчлөгдөөгүй, хагарч цуураагүй, гадна тал нь бохирдсон эсэх
  • Шилэн савтай бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн эсэх
  • Лаазалсан бүтээгдэхүүний сав зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч төвийсөн, дарахад хонхолзож байгаа эсэх
  • Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж муудсан шинж тэмдэг илэрсэн бол худалдан авахгүй байх, ямар нэгэн зөрчил илэрсэн бол харьяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж байхыг зөвлөв.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд адлагдсан болгоныг гадныхан булаалдах юм

Монголд бүтэхгүй, болохгүй гэж газрын гаваар ортлоо муулуулж хөөгдсөн юм болгон гадаадад гараад үнэд орох юм. Угтаа муу юмыг гаргаж хөөсөн бол тэр нь муугаараа байх атал эсрэгээрээ байгаа жишээ олон. Францын “Арева” групп Монголд орж ирж ураны хайгуул, олборлолтод техникийн дэмжлэг үзүүлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Ингэхийн тулд олон тэрбумын хөрөнгө оруулалтыг зарцуулсан байдаг. XX зууны эхний хагаст хүн төрөлхтөн атомын хүчийг бүрэн эзэмшиж, цөмийн хүч, цөмийн зэвсэгтэй болчихсон. Цөмийн хүчийг ашиглаж байгаа орнууд л хүчтэйд тооцогдож, цахилгааны хомсдолын асуудлаасаа гарч байна. Монголчууд алт, зэс, нүүрсээрээ дэлхийд тодорч байсан бол цөмийн энерги, шар нунтгаараа гарч ирэх боломж байсан. Дэлхийн томоохон улсууд атомын цахилгаан станцыг олноор барьж ашиглалтад оруулж байхад Монгол оронд атомын ганц станц байгуулчихад гэмгүй гэсэн санал гарахад элдвээр хараан доромжилж “Биднийг дэлбэлэх нь. Хордуулж алахыг санаархаж байна” гэж муйхарласан. Цөмийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллая, Монголыг улс шиг улс болгоод өгье гэж АНУ, Франц, Япон зэрэг улсаас бидэнд санал тавьсан ч бүгдээс нь татгалзсан.

Манайд арав гаруй жил хөрөнгө оруулж, Азидаа хоёрт ордог Дорнодын Гурван булгийн ураны ордоор чинь дамжуулаад ураны салбарыг чинь хөгжүүлээд өгье гэж уйгагүй зүтгэсэн “Арева” группийг харин ч юман чинээ бодолгүй элдэвлэдэг. Захын нэг малчны хотонд хурга үхвэл “Ураны нунтгаас боллоо. “Арева” буруутай” гэж нүд үзүүрлэх нь элбэг. Гэтэл монголчуудын адлаад байгаа “Арева”-г Энэтхэг улс урьж нутагтаа оруулсан. Дэлхийд Хятад, Энэтхэг хоёр атомын цахилгаан станцын гол захиалагч гэгддэг. Энэтхэгчүүд “16 энергоблок бүхий атомын цахилгаан станц гурвыг бариулъя” гэхэд “Арева” хүлээн авч барууны, байгаль экологид ямар нэг хор хөнөөлгүй өндөр технологиор станциудыг барьж өгч байна. Мөн Хятад, Франц, Энэтхэг, Финланд, Казахстан зэрэг улсад байгаль болоод хүний биед ямар ч хөнөөлгүй технологийг ашиглан атомын цахилгаан станц барьсаар л буй.

Монголчуудын хувьд ямар нэгэн судалгаагүй, явцуу мэдээллийн хар гайгаар ингэж боломжийг алдсан тохиолдол зөндөө. Гадныхны найр тавин угтдаг компаниудыг манайхан ташуур далайн айлгадаг нь ямар ёсон юм бол.

Уул уурхайн салбарын тэргүүлэгч “BHP Billiton” компани манайд орж ирсэн ч монголчууд өнөөх тооцоо судалгаагүй, алс ирээдүйг хардаггүй өөнтөгч зангаараа хөөчихсөн. “BHP Биллитон”-ыг Таван толгойд битгий оруул”, “Дэлхийд нэр нүүргүй, луйварчин компани”, “Монгол орны баялгийг цөлмөх гэж байна” гэж олон сарын турш олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугиж хавчсан. Тэднийг өөр улс орнууд цаана нь “Нааш ир” гэж урьж залдаг юм чинь бидэнтэй нэг их зууралдаагүй. Тус компани Хойд Америкийн газрын тос, байгалийн хийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, өөр улс орнуудад ч салбараа нээсээр байна.

Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Америкийн “Пибоди Энержи” Австралийн зүүн хойд хэсэгт орших Квинсленд мужид найм, зүүн хэсэгт орших Шинэ өмнөд Уэльс мужид нүүрсний гурван орд эзэмшдэг том компани. Уг компани Таван толгойн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн ч тэднийг мөн л элдвээр хэмлэж, хазсан. Уг компани Таван толгойн сонгон шалгаруулалтад шалгараагүйгээс үүдэж Мянганы сорилтын сан Монголд үзүүлэх дэмжлэгээ зогсоохоор болсон талаарх мэдээ сэлт тухайн үед түгж байсан билээ. Энэ мэтээр гадны томоохон хөрөнгө оруулагчдыг үргээж, холдуулдаг гэм биш зантай болоод удаж байна, монголчууд. Гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргалаа гээд бидний юу өөрчлөгдөв. Ажилгүйчүүд, ядуу иргэдийн тоо нэмэгдэж, ам.долларын ханшийг хазаарлаж чадахаа байсан. Дэлхийн нэртэй эдийн засагч, бизнесмэнүүдийн дунд Монгол Улс “Гадны хөрөнгө оруулагчдад халтай орон” гэгддэг шошготой болоодохсон.

Монголд л алт, зэс, нүүрс, уран байдаг юм шиг загнаж, гадныхныг шилбүүрддэг. Газрын хөрсөн дороо баялагтай улс нь зөвхөн Монгол биш юм байна гэдгийг эдийн засаг хямарч, бүх юмны ирээдүй бүрхэг болоод ирэх энэ цагт л сая ухаарав бололтой. Ер нь аливаа зүйлд хэн нэгнийг дагаж хуйлардаг, гадны хөрөнгө оруулагчдыг боохой үзсэн мэт жигшдэг энэ байдлаа даруй засч, аливаад шинжлэх ухаанч үүднээс ханддаг болохгүй бол бид нүүрсээ түлж, тог цахилгаанаараа аль нэг улсаас хараат суусаар л байх болно.

Хөөж гаргахыг хичээж, нүүр буруулж байгаа компани, группуудыг нэг хар. Монголоос явлаа гээд тэд хоосорсонгүй, харин ч үйл ажиллагаа нь цэцэглэж. Харин гадныхныг хөөж гаргасан бид хямралаас өөр ярих сэдэвгүй л байж байна. Гадныхан өөрсдөө гүйгээд ирдэггүй. Тэднийг манай мундаг бизнесмэн, улстөрчид, эрдэмтэн судлаачид даллан дуудаж эх орондоо хөрөнгө оруулаач хэмээн хүсэлт тавьдаг. Ядаж л Монголын тэдгээр сэхээтнүүдийнхээ нэр нүүр, арыг нь бодож сурах хэрэгтэй. Бидний адлан хөөж туудаг юм болгоныг гадныхан шүүрэн авч, алтан боломж хэмээн булаалдаж байна, цаана чинь.

Categories
мэдээ соёл-урлаг

Нугараачид олон улсын наадмын тусгай байрт шалгарлаа

Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-31-нд Монте Карлогийн фестивалийн залуу циркчдэд зориулсан “New Generation” уралдаан болж өнгөрчээ. 2012 онд Моназогийн гүнж Стефанигийн санаачлан бий болгосон, 20 хүртэлх насны циркчдийн уралдаанд манай уран нугараачид оролцож тусгай байр эзэлсэн байна.

Тэмцээнд Монако, Герман, Англи, Этиоп, Итали, Испани, Канад, Америк, Орос, Швед, Хятад, Беларус, Унгарын циркчид оролцжээ. Монголоос “Циркус Монголиа Хадгаа”-гийн Ч.Энхчимэг, Х.Сарнай, Б.Анар, Г.Уянга нарын нугараач оролцож Герман улсын циркт тоглох урилга авсан аж.

Categories
мэдээ нийгэм

Зээр, бөхөн ихээр осгож үхэж байна

Энэ өвөл Монгол орны ихэнх нутгаар өмнөх жилүүдийнхээс харьцангуй хүйтэн байгаа. Цочир хүйтрэлийн улмаас Шарга, Хүйсийн говиор нутагладаг хар сүүлт зээр, монгол бөхөн ихээр хорогдож байгаа аж.

Тиймээс эдгээр нутгаар Говь-Алтай аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд нөхцөл байдалтай танилцсан байна. Шарга, Хүйсийн говийн нутгуудаар цасны зузаан сүүлийн таван жилийн дунжаас 2-3 дахин их буюу 14-17 см, битүү цасан бүрхүүлтэй, ажиллах үед өдөртөө 25-30 хэм хүйтэн, шөнөдөө 40-46 хэм хүйтэн хонож байгаа гэнэ.

Түүнчлэн энэ жил идэш тэжээл багатай байгаа тул хар сүүлт зээр, бөхөн хорогдоход нөлөөлж байгаа аж. Шаргын говь, Халиуны хоолой, Төгрөгийн хүрэн гол орчим нутгаар явж чадахгүй хөшсөн, хэвтэр дээрээ хөлдөж үхсэн зээр амьтад 20 гаруй тааралдсан байна. Хар сүүлтийн ооно, цагд /янзага/ ихээр хорогджээ. Иймд аймаг орон нутгийн зүгээс яаралтай дээрх газруудад биотехникийн арга хэмжээ авах зардлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын заан Ц.Баярсайханыг шүүх хурал болно

Улсын заан Ц.Баярсайханыг өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх юм. Түүнийг бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэх хэргээр анхан шатны шүүх хурлаас чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдох ял оноогоод байгаа.

Харин тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах хүсэлт гаргасан билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Болор цом”-ын эзэн тодорно

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом-2016” наадам өнөөдөр орой Соёлын төв өргөөнд болно.

Уламжлал ёсоор наадамд оролцох яруу найрагч өөрийн хоёр бүтээлээ МЗЭ-д ирүүлдэг. “Болор цом” наадам сүүлийн жилүүдэд аймаг орон нутагт болдог уламжлал тогтоод байсан бол энэ жилийнх нийслэл Улаанбаатар хотод болох юм. Энэ 2016 онд Монголын уран зохиолын хоёр агуу хүний мэндэлсний ой тохиож байгаа учраас ийнхүү Улаанбаатарт хийхээр шийджээ. Тухайлбал, Д.Сэнгээгийн 100, Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиож байна.

Наадмын дэгээр өмнө нь “Болор цом”-д түрүүлж байсан яруу найрагч урьдчилсан шалгаруулалтгүй наадамд өрсөлддөг.

Наадамд өрсөлдөхөөр 150 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 33 найрагч тунаж үлдээд буй юм.

“Болор цом” наадам энэ жил 33 дахь жилдээ зохиогдож байгаа юм.

Тунаж үлдсэн найрагчид:

Б.Алтанхуяг
М.Амархүү
Н.Батболд
Б.Батсайхан
Б.Баттулга
Л.Батцэнгэл
Б.Батхүү
Т.Баянсан
Б.Болорцэрэн
Б.Буянбадрах/Ховд/
М.Билэгсайхан
Л.Ганзул
Д.Гансүрэн/Хэнтий/
Э.Гантулга
Ц.Гончиг/Хөвсгөл/
Ч.Дамдиндорж
Н.Мөнхбаяр
Н.Минжинсайхан
С.Начин
П.Нямлхагва
М.Отгонбаяр
Б.Тогмид/Өвөрхангай/
Ай.Төмөр-Очир
Д.Түвшинцэцэг
Б.Чулуунцэцэг
М.Уянсүх
С.Ууганбаяр
Ч.Ууганбаяр
О.Цэнд-Аюуш
Ц.Эрдэнэбаатар
О.Эрдэнэбүрэн
Э.Уран-ӨМӨЗО
Т.Энххад-ӨМӨЗО