Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтийн 1040 айлын орон сууц ашиглалтад орно

Гэр хорооллыг орон сууцаар солихоор нийслэлээс гэр хорооллын иргэдтэй хамтран “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч энэхүү дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд эхнээсээ орох оронгүй болж, хохирсон тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Г.Цэрэнбат, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ж.Туул нар барилгын компаниудад хулхидуулж, хүчээр газрыг нь чөлөөлүүлсэн тухай мэдээлэл байлаа. Тэгвэл өнөөдөр энэхүү эрхээ ноцтой зөрчүүлсэн гэх иргэдийн мэдээлэлд нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, холбогдох барилгын компаниуд хариу тайлбар, мэдээлэл өглөө. Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Г.Цэрэнбатын тухайд телевизэд өгсөн ярилцлагыг нь нэр бүхий зарим сайтууд мушгин хөрвүүлэн буулгаж нийтэлсэн гэж иргэн Г.Цэрэнбатын охин тайлбарлалаа.

Зарим сайтын мушгин гуйвуулсан гэх мэдээлэлд Г.Цэрэнбат нь 2013 оны аравдугаар сард “ЖиДи” компанитай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдахаар хоёр талт гэрээ байгуулсан. Харин өнгөрсөн намар буюу аравдугаар сард дахин гурван талт гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн. Гэвч “ЖиДи” компани өнгөрсөн хоёр жилд нэг ч удаа түрээсийн зардал өгөөгүй, хуучин хашаа байшингийн үүдийг таглаж, цахилгааныг нь тасалсан. Ингээд амьдрах газаргүй болж, гудамжид гарснаас болж хоёр хүүхэд нь нас барсан зэрэг дурдагджээ. Гэвч бодит байдал дээр иргэн Г.Цэрэнбатын газар төслийн эхний ээлжийн барилга угсралтын талбайд ороогүй учир газраа чөлөөлөхийг яаруулаагүй байна. Хэрэв газар чөлөөлсөн тохиолдолд түрээсийн зардлыг иргэн өөрөө хариуцна гэсэн тайлбарыг иргэн Г.Цэрэнбатад хийжээ. Дээрх тайлбарыг иргэн Г.Цэрэнбат зөвшөөрч хоёр талт гэрээ байгуулжээ. Харин цахилгааны тухайд иргэн Г.Цэрэнбат өнгөрсөн аравдугаар сард өөрөө Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээд хандаж, цахилгаан ашиглахгүй шалтгаанаар таслуулжээ.

Харин Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд оршин суугч Ж.Туулын тухайд “Бэрэн” компани бага үнээр газар үнэлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хүчээр газар чөлөөлөхийг шаардсан, орон байрыг нь нураан сүйтгэж, ноцтой хохирол учруулсан гэж мэдээлжээ. Гэвч Ж.Туул нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 96 тоот хаягт амьдардаг боловч тухайн байршилд газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших гэрчилгээгүй, хууль ёсны өмчлөгч биш аж.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөж, газрыг инженерийн шугам сүлжээтэй холбон орон сууцжуулах зорилготой. Үүнээс одоогоор 22 байршлын 57 хэсэгчилсэн талбайд үндэсний 39 барилгын компани шалгарч, орон сууц барих ажлаа эхлүүлсэн явж байна. Өнөөдрийн байдлаар нийт 1300 өрх барилгын компаниудтай тохиролцон нийт 78.3 га газраа чөлөөлж өгчээ. Харин тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 онд 588, 2015 онд 1651 айлын орон сууц ашиглалтад орж, нийт 2239 өрх хашаа байшингаа орон сууцаар сольсон байна. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй айлын орон сууцын барилгын ажил эхэлснээс 1040 айлынх нь ирэх зургаадугаар сардаа багтан ашиглалтад орох юм.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын гудамж, замуудыг цэвэрлэнэ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсэг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригуудад тогтмол хуралдаж, замын хөдөлгөөний нөхцөл байдал, нийтийн тээвэр, зам засвар, шинэчлэлтийн ажлуудын талаар танилцуулга, мэдээлэл хийж, шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт авч хэрэгжүүлдэг юм. Өнөөдөр болсон ажлын хэсгийн хурлаар хотын гудамж замуудад үүссэн халтиргаа гулгааг арилгах талаар хэлэлцлээ.

Сар шинийн баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ачааллыг бууруулах зорилгоор халтиргаа гулгаа ихтэй гудамж замуудыг нэг бүрчлэн шалгаж халтиргаа гулгааг цэвэрлэх шаардлагтай байгааг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас танилцууллаа. Энэ хүрээнд сар шинийн баяраас өмнө нийтийн эзэмшлийн зам талбай болон ялангуяа гэр хорооллын гудамж замууд, сургууль, цэцэрлэгийн орчмын зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Categories
гадаад мэдээ

Сирид энхийг тогтоох хэлэлцээр болж байна

Сирид энх тайван тогтоох яриа
хэлэлцээ албан ёсоор эхэлсэн болохыг НҮБ өчигдөр зарлалаа. НҮБ-ын зуучлал дор
дэлхийн их гүрнүүдийн оролцоотой зохион байгуулагдаж байгаа энэ хэлэлцээний гол
зорилго Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний босогчдыг гал зогсоох
тохиролцоонд хүргэх явдал юм байна. Баасан гарагт эхлэхээр төлөвлөж байсан тус
яриа хэлэлцээ ийнхүү өчигдөр албан ёсоор эхэлсэн. Харин энэ үеэр Сирийн Засгийн
газрын цэргүүд баруун хойд зүгт орших Алеппо хотыг босогчдоос чөлөөлөх
давшилтаа үргэлжлүүлсээр байна.

Өчигдөр ОХУ-ын агаарын цэргийн хүчний
дэмжлэгтэйгээр Асадын цэргүүд Алеппо хотын ойролцоох тосгоныг хяналтандаа
оруулж, сөрөг хүчний босогчдын хангамж тээвэрлэх гол зам руу гал нээж болохуйц
зайд дөхөж очжээ. Сирийн Засгийн газар энхийн яриа хэлэлцээг дэмжихээ
илэрхийлж, тус хэлэлцээнд төлөөллөө илгээсэн ч, босогчдын эсрэг ийнхүү давшилт
явуулж байгааг сөрөг хүчнийхэн шүүмжилж байна. Сирийн сөрөг хүчний бүлгүүд
бөмбөгдөлтөө зогсоож, бүслэлтэд орсон хот тосгодыг чөлөөлөх, олзны цэрэг
солилцох зэрэг Асадын Засгийн газарт тавьсан урьдчилсан нөхцөлийг биелүүлээгүй
тохиолдолд Женевийн хэлэлцээнд оролцохгүй гэдгээ өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн
юм.

Гэхдээ сөрөг хүчний төлөөлөл энэ мэдэгдлээ үл харгалзан өчигдөр энхийн
хэлэлцээ албан ёсоор эхэлсний дараа НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай
төлөөлөгч Стаффан де Мистуратай хоёр цаг уулзсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 20 сая ам.доллар, 5.5 сая юань арилжив

2016 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2009.00-2015.05 төгрөгийн ханшаар 64.85 сая ам.доллар худалдан авах, 304.36-305.00 төгрөгийн ханшаар 26.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2014.35 төгрөгийн нэг ханшаар 20.0 сая ам.доллар, 304.8 төгрөгийн хаалтын ханштайгаар 5.5 сая юанийг тус тус нийлүүлэв.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 5.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 30.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 5.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 30.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.

Categories
мэдээ эдийн-засаг

Он гарсаар 15.9 тэрбумын орон сууцны зээл авчээ

УИХ-аас
2016 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн
барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаас хойш нийт 11
банк 1,129 зээлдэгчид 68.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр
олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс зургаан банк 300 зээлдэгчид 15.9 тэрбум
төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгосон хэмээн Монголбанк мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Зика вирусийг дэлхийн хэмжээний аюул гэж үзэж байна

Хурдтай тархаж байгаа Зика вирусийн халдварыг дэлхийн хэмжээний аюул хэмээн зарлан онцгой байдлын дэглэм тогтоож буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Маргарет Чен мэдэгдлээ.

Тэрбээр эл асуудалд олон улсын нэгдсэн зохицуулалт хийх шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна. Юун түрүүн энэ нь иргэдийн шилжилт хөдөлгөөн, худалдаа арилжааг хамаарч байна. Бие даасан шинжээчдийн хороо ийм зөвлөмжийг ДЭМБ-д гаргаж өгчээ. ДЭМБ-ын шийдвэр нь вирустай хийх тэмцлийг эрчимжүүлэх арга хэмжээг шуурхай эхлүүлэн энэ асуудлаар шинжлэх ухааны судалгааг явуулахад туслах ёстой.

Зика вирус нь анх 1947 онд Угандад илэрсэн ч өнөөдрийг хүртэл аюултай гэж тооцогдож байгаагүй юм. Вирус 2015 онд Африк, Азиас Өмнөд Америкт эрчимтэй тархаж эхэлсэн байна. Вирусийг гол дамжуулагч нь шумуул. Харьцангүй аюул багатай гэгдэж байсан вирусийн халдварын улмаас төрөлхийн тархи, гавлын хэмжээ бага төрж, цаашдаа өсдөггүй учраас оюуны хомсдлын микроцефали гэх өвчин үүсдэг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 21 улсад энэ вирусийн халдвар тархсан хэмээн бүртгэгдээд байна. ДЭМБ-ын дүгнэлтээр вирусээр 3-4 сая хүнд халдварлах магадлалтай гэнэ.

– ГОНДУРАС УЛС ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА –

Гондурас улс зика вирусын улмаас орон даяар онц байдал зарласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр тус улсад зика вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын эрүүл мэндийн яам “2016 оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар 3896 хүн тус вирусын халдвар авч, эмчилгээ хийлгэж байна” гэж мэдэгджээ.
Халдвар авсан хүмүүсийн дунд жирэмсэн эмэгтэйчүүд байгаа хэдий ч албан ёсны тоог сэтгүүлчдэд хэлээгүй байна. Гондурас улсад жижигхэн толгойтой хүүхэд мэндлээгүй хэдий ч халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг ажиглаж байна гэжээ. Онц байдлын хүрээнд бүх сургууль, цэцэрлэг болон нийтийн спорт заал зэргийг хаасан байна. Засгийн газар вирус тарааж буй шумуулыг устгах ажилд 1.4 сая ам.долларыг төсөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Сяньбигийн үеийн түүхэн олдвор илрүүлжээ

Нийтийн тооллын 93 онд Хүннүгийн эзэнт гүрэн мөхсөн хэмээн үздэг. Үүний дараа зарим хүннүчүүд Хятадын хойд хэсэг, Өвөр Монголд очиж нутагласан. Чухам энэ үеэс хойш 200 жилийн түүхийг гэрчлэх археологийн олдвор өнөөг хүртэл олдоогүй юм. Тэгвэл Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн жилийн судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд энэ 200 жилийн хугацаатай холбогдох түүхэн олдворыг илрүүлжээ. 2015 оны 6-7 дугаар сарын хооронд Монгол, Францын хамтарсан судалгааны анги Баян Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт Сяньбигийн үе буюу нийтийн тооллын өмнөх 2-4 дүгээр зуунд холбогдох бүтэн оршуулгын газар, цөөн тооны эд зүйлс олжээ. Булшны хадгалалт сайн байсан учраас Хүннүгийн ясан дээр хийх бүх судалгаа боломжтой хэмээн тэд дүгнэжээ. Гол нь Хүннүгийн үеийн судалгааны нуугдмал байсан энэ үед холбогдох олдворыг илрүүлснээр бид эх түүхээ судлах тодорхой хэрэглэгдэхүүнтэй болж буйгаараа онцлог юм байна.

Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн 2015 онд чамлахааргүй түүхэн амжилттай ажиллажээ. Өнгөрсөн жил Монгол Улс гадаадын есөн улстай хамтарч 15 аймгийн 33 суманд судалгаа явуулсан байна. Энэ хүрээнд 100 орчим түүхэн дурсгал, 1000 гаруй эх хэрэглэгдэхүүнийг илрүүлжээ. Тухайлбал, өнгөрсөн жил Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Чингис хааны анхны нийслэл Аваргын балгасанд цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэдэг дархны зуух, алт мөнгөний бүрэн хэрэгслийг анх удаа илрүүлсэн байна. Мөн хүннүгийн үеийн шавар ваар сав, урлагийн шинэ олдворыг илрүүлсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол туургатнууд Москвад “Цагаалган” ёслол хийжээ

Өнгөрсөн долоо хоногт Москва хотноо ОХУ-ын Буриад улсын “Уряал” соёлын төвийн санаачилгаар “Цагаалган” ёслолын ажиллагаа болж өнгөрчээ.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол, Буриад, Халимаг, Тува, Өвөрмонголын уран бүтээлчид оролцож, үндэсний нэгдмэл соёлоо сурталчилсан байна. Тэд Москва хотын Ардын урлагийн театрт нэгдсэн тоглолт хийж, Оросын Шинжлэх Ухааны академийн “Академический” танхимд үндэсний хувцас, соёл, хоолоо сурталчилсан үзэсгэлэн гаргажээ.

Монгол туургатнуудын нэгдсэн тоглолтод Буриадын дуурь, бүжгийн театр, Халимагийн төв театр, Өвөрмонголын дуучин Цэцэгмаа, Бадамханд нараас гадна ОХУ дахь Буддын соёлын төвийн лам нар оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол үгсийн тайлбарыг гар утаснаасаа уншдаг боллоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар “Монгол хэлний их тайлбар толь” бүтээж, гар утасны хувилбарыг нээх нээлтийн арга хэмжээ Төрийн ордны Иргэний танхимд боллоо.

Энэхүү толь бичгийг Шинжлэх ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид 60 мянган гаруй толгой үг, 80 мянга гаруй холбоо үг оруулж бүтээсэн байна.

“Монгол хэлний их тайлбар толь”-ийн гар утасны хувилбар нь Андройд болон iOS үйлдлийн системд зориулсан хоёр хувилбартай бөгөөд өнөөдөр танилцуулж байгаа хувилбар нь Андройд үйлдлийн системд зориулсан хувилбар юм. Энэхүү хувилбарыг Андройд үйлдлийн системтэй утастай иргэд яг одоо гар утсандаа татаж аваад ашиглах боломжтой юм. Харин iOS үйлдлийн системд зориулсан хувилбарын эрхийг авахаар App store-т хөндсөн бөгөөд 14 хоногийн дараа олон нийтэд хүргэх аж.

Мөн иргэд өөрсдөө шинэ үг, нэр томьёо, үгийн тайлбар оруулахыг хүсвэл www.монголтоль.мон, www.mongoltoli.mn хаягаар хандах боломжтой юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намаас ИЗНН, МҮАН-д нэгдэх санал хүргүүллээ

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, Иргэний зориг-Ногоон нам болон Монголын үндсэний ардчилсан намуудад нэгдэх санал хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Үүний дагуу нэгдэх саналыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Янд гардуулан өгсөн байна.

Тус саналд “Монгол Улсад ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг байгуулах үйл хэрэгт Иргэний зориг-Ногоон нам чухал үүрэг гүйцэтгэж, бодит хувь нэмэр оруулан ажиллаж байгаа ардчилсан үзэл баримтлал бүхий улс төрийн нам гэж Ардчилсан нам үнэлж, дүгнэдэг. Иргэний зориг-Ногоон нам нь Монгол Улсын Их Хурлын удаа дараагийн сонгуульд амжилттай оролцож, тус намын гишүүд Улсын Их Хурал болон Засгийн газарт гишүүнээр хамтран ажиллаж ирлээ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнг үндэслэн Монгол Улсад хууль дээдэлсэн, ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх, Монгол Улсын улс төр, нийгмийн ирээдүйн хөгжлийг хангах зорилгоор Иргэний зориг-Ногоон намыг Ардчилсан намд нэгдэн ажиллах саналыг хүргүүлж байна. Иймд Улс төрийн намын тухай хууль болон тус тусын намын дүрмийн хүрээнд ажлын хэсэг томилон хэлэлцээр хийхийг Ардчилсан намаас Иргэний Зориг-Ногоон намд санал болгож байна” гэжээ. Иргэний Зориг-Ногоон Намын ЕНБД Б.Хүдэр-Ян “Саналыг хүлээн авлаа. Манай хоёр нам олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Энэхүү албан саналыг бид намын дүрмийнхээ дагуу хэлэлцэж зохих шийдвэрийг гаргах болно” гэсэн байна. Харин АН-ын дарга З.Энхболд МҮАН-ын Д.Батцэрэгт Ардчилсан нам МҮАН хоёр намын нэгдэх саналаа гардуулсан байна.